Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төмөр урхи-2
2009 оны 12 сарын 15 [Уншсан тоо: 39270]
Хөршүүд гомдов

Хятадын “Глобал таймс” сонины хариуцлагтай редактор Дун Жины “Монгол улс хөмхий зуусаар байна” өгүүллийг www.ganaa.mn сайтаас уншаад үзээрэй.  Өгүүлэл ингэж эхэлдэг.

“Хятадын хөгжил хөрш зэргэлдээ улс орнуудад нэгэнтээ олон талын сайн үр дүн авч ирснийг эдгээр улс орнуудын ард иргэд өөрсдийн ажил хөдөлмөр, амьдрал ахуйгаасаа илэрхий мэдэрч, хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүн үгүй биз ээ. Гэвч Хятадын хөгжлөөс зүгээр хүртэж суухын хажуугаар Хятадыг хааж боох, хянах сонирхолтой зарим улс байх юм. Ийм хандлага дэвэрч, газар авах нь Хятадад ч тэдэнд ч ашиггүй гэдгийг мэдмээрсэн.


Саяхан хятадын хилээс ердөө 200 километрийн зайд оршдог, дэлхийд нөөцөөрөө хамгийн томд тооцогдох алт зэсийн ашиглагдаагүй орд газар Монголын Оюутолгойн төслийн тендер зарлагдсан бөгөөд Хятадын “Aluminum” /Chinalco/ корпораци энэхүү төсөлд оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч “Бид хятадад яс махны дургүй улс, хятадын иргэдийг монголд тийм амар оруулахгүй” гэж Монгол улсын дээд албан тушаалтнууд нийтэд нээлттэй зарласан тухай Австралийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн билээ. Монголын дээд тушаалтан, сайд дарга нарын энэ мэдэгдэл Хятад хүний сэтгэл рүү хүйтэн ус цацсан хэрэг боллоо”

Оюу толгойн гэрээ батлагдсаны дараа Оросууд ч, Хятадууд ч дургүйцлээ илэрхийсэн юм. Оросын “Эксперт” сонин мөн л Оюу толгойг алдсандаа харамсаад Ерөнхийлөгч В.Путин сонгуулиас нь ердөө 10 хоногийн өмнө очиж эрх баригч намыг ялахад гүн туслалцаа үзүүлсэн гээд гэтэл “Монголчууд Оростой ойртох явдлаа ердөө л Хятадуудаас илүү их мөнгө салгахын тулд л ашигласан бололтой. Орд газарт хүрэх боломжоо алдсан Оросын эрс шийдэмгий үйлдлийг зөвхөн үүгээр л тайлбарлаж болно. Хэрэв Монгол энэ оны сүүлээр болох Парижийн клубын дараагийн хуралдаан хүртэл зохицуулаагүй байгаа 180 сая долларын өрөө төлнө гэж амлахгүй бол Москва зээлдэгчдийн энэхүү клубт хандахыг хүсч байгаа юм” гэж бичсэн байна. Энэ өгүүлэл мөн л дурдсан сайтад буй.

Монголын ардын зүйр үг байдаг даа, “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэж, Оюу толгойн гэрээ нэгэнт батлагдсаны дараа юун сүртэй юм гэж бодож болох авч үнэндээ тийм бус ажээ. Одоо Таван толгой үлдсэн. Зэсийн ордууд ч бий, бас нүүрсний олон орд олон улсын, тэр дундаа хоёр хөршийн анхаарлыг татаж байна. Эдгээр ордуудын төлөө чухамхүү хүйтэн дайны үеийг санагдуулам үзэл суртал, эдийн засгийн далд тэмцэл, өрсөлдөөн явагдаж буй. Монгол хэзээ хэзээнээс илүүтэй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон байна. Хоёр зуун жил Манж нар,  дараа нь далан жил Оросууд харамлаж хав дарсан асар их баялагтай энэ нутагт цөлжилт нүүрлэж малчид алгуур хойш шахагдаж байсан ч томоохон ордууд нээгдсэнээр өмнөд бүс нутгийн ач холбогдол өслөө. Чухамдаа Хятадуудаас л харамлаад байсан мэт. Манж нар хэзээ нэгэн цагт өөрсдөө унахдаа тулбал Хятадуудаас Монголчуудаар хамгаалуулна гэж тооцож Монголын газар нутгийг төдийгүй хүн амыг нь Хятадаас хамгаалж байлаа. Гэвч Манж нар уусаж арилаад өөрсдөө Хятад болчихсон ба Чин гүрэн унахад Монголчууд  түрүүлж тусгаарлажээ. Харин Оросууд энэ өргөн уудам нутгийг жийрэг улс болгон ашиглаж, тусгаар тогтноход нь бүх талаар туслахын зэрэгцээ хараанаасаа алдахгүйг байнга хичээж ирсэн юм. Халх голын дайны дараа ач холбогдлыг нь улам ихэр үнэлдэг болжээ.


Монголын амбиц


ХХI зууны эхээр малчид хомсдон буй бэлчээрээ дагаж хойш нүүснээр бэлчээрээ харамлах хүнгүй болж, өргөн уудам нутаг эзгүйрсэн ч уудам нутгийн зүүн хойд талд, улсынхаа зүрхэн тушаа байдаг Улаанбаатараас газар нутгаа хянамгай харж, хэрхэхээ шийдэж байдаг билээ л. Оросууд хаяад явсны дараа Монгол сүйрч баларна гэж бодож байсан ч тэсч үлдэхээр барахгүй  “Үлгэрлэвээс Стнгапур лугаа адил хөгжимуй” гэлцэн суудаг болжээ. Сингапурын хөгжлийн эцэг Ли Куан Ю дурсахдаа “Дэн Сяопинтай уулзахад хэрэв надад ганцхан Шанхай байсан бол Сингапураас ч хурдан хөгжих байсан” гэж хэлсэн гэдэг. Хэрэв Монголчуудад ганцхан Улаанбаатар байсан бол  бас л хурдан хөгжих байсан, гэхдээ Сингапур шиг цөөн хүн амтай, Хятад шиг өргөн уудам нутагтай Монголчууд аль алинтай адилхан байхыг эрмэлзэж байгаа нь бусдын гайхал, эгдүүцлийг төрүүлж байх шиг.


Хэдий дэлхий нийтэд жижиг улс гэж тооцох авч эртний их гүрнүүдийн амбицыг гендээ шингээсэн, жижигхэн арми нь шүдээ хүртэл зэвсэглэсэн, дипломатууд нь зальжин, зарим улстөрчид нь Гитлер ч гайхам үндсэрхэг, дорныхонд өрнө мэт, өрнийхөнд дорно мэт харагддаг нүүдэлчид эртнээс дэлхийд зартай хятад, жүүд шиг наймааны ухаанаар бус  геополитикийн ухаанаар сэтгэдэг нь гайхалтай хэрэг биш, ерөөсөө хэдэн мянган жил ийм л юм бодож, амьдарч, оршин тогтнож ирсэн.

 Дун Жин “Орд газар ашиглана л гэнэ, Хятадыг хар ажилдаа зарчихаад бас Хятадаас хөнгөхөн шиг байж байгаад их мөнгө олно гэх. Хэн ч хувьцаа эзэмшиж болно л гэнэ, гагцхүү Хятад компани л байж болохгүй гэх. Энэ хөх тэнгэрийн дор үүн шиг наймааны ёс гэж сонссон уу? Та минь ээ.” гэж уулга алдаж буй нь гурван мянган жил хөрш явсан улсаа мэддэггүй өмнөд Хятадынхны л араншин байх.  Монголчууд угаасаа наймааг нэг их тоодоггүй, бараг л үзэн яддаг улс, гэрээ байгуулахдаа ашгийг бус эрх ашгаа эрхэмлэж байгааг ойлгохгүй байх нь аргагүй. Чухам ийм тулдаа Монголчууд Хятадын найман их гүрнийг сөрсөн найман их гүрэн байгуулсан юм шүү дээ. Саяын гэрээ ч бас бидний энэ новшийн амбицтай холбоотой л доо.

Оросууд бухимдахаараа “Битгий дорнын зан гаргаад бай” гэлцдэг болсон гэх юм. Бас ч аргагүй, жишээ нь гэрээний үед бид Оросуудаар хуучирч байгаа зэвсгүүдээ засуулаад авчихсан байгаа юм, дээр нь газар тарилангийн салбарт 300 саяын зээл авна гэж тохирчихоод 10 хувийг нь авсан юм билээ. Учир нь Канадын илүү бүтээмжтэй, зардал багатай технологийг манай тариаланчид сонрхоод байсан юм чинь. Тэгэхээр дорнын л үндэстэн шүү дээ, гэхдээ саяхан Ноён уулын Хүннүгийн булшийг ахин судалсан археологчид эртний грекийн Артемида тэнгэрийн алтадсан дүр, Хятадын чийдсэн тэрэг олжээ. Монголчууд түүхэн туршдаа дэлхий дахины хамгийн сайныг хэрэглэж ирсэн, энэ удаад ч нүүрсээ зэсээ ухахдаа хамгийн сайныг нь сонгохыг хичээж байгаа юм. Энэ бол Монголчуудын менталитет. Нэг нүүртэй бай гэж биднийг хэчнээн загналаа ч угаасаа бид олон нүүртэй гадаад бодлого явуулна л гэсэн байгаа.


Оюу толгойн гэрээний дараа Оросуудын дотроос олон хүн яаж ч мэдэх зальжин Монголчуудыг ойлгож, коммунизмын үеийнх шиг хатуурхаад ашиггүй гэдгийг мэджээ, Монголчууд алдуурчихаж, харин эрхэндээ авсан гэж бодсон Хятадын зарим үндсэрхэг үзэлтнүүд боож үхэх шахаж байх шив. Оросууд Монголыг хаяснаар хятадад өгсөн гэж боддог хатуу сэтгэлгээтэй хүмүүсийн ойлгохгүй байгаа нэг л юм бол Монголчууд тийм ч дорой буурай, хүлцэнгүй ард түмэн биш, Оросын эриний дараахь 20 жилд бид Хятад руу гүйгээгүй л байхгүй юу. Энэ чинь бас өнөө амбицдаа учир нь байгаа хэрэг. Саяхан Оросын төмөр зам нийгэмлэгийн дарга Якунин “Вести”-д ярилцлага өгөхдөө “Монголчууд түүхий эд гаргах бус боловсруулсан бүтээгдэхүүн гаргах гэж зүтгэж байгааг бид хүндэтгэхээс гадна үлгэр жишээ авах ёстой. Коммунизм унасны дараа барууны зөвлөхүүд Орос бол олборлох үйлдвэрлэлээр хөгжинө гэж хэлж байсан нь худал болохыг бид өнөөдөр мэдэж байна. Бид бас боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн гаргахыг эрмэлзэх ёстой” гэж ярьж байна. “Төмөр зам бол геополитик” гэж хэлэх дуртай энэ нөхрийг маажвал татар гарч ирэх учраас ингэж хэлсэн болов уу?, эсвэл бүхнийг бодтой ойлгож байна уу?


Дун Жины өгүүллийн гол санаа нь Монголчууд ордоо хэнд ч өгсөн бай эцсийн эцэст Хятадууд л зарж таарна. Хэрэв бид авахгүй гэвэл Монголчууд өнөөх “гуравдагчидтайгаа” хаа холддог юм бэ? гэсэн агуулгатай. Хятад бол дэлхийн төв бүгд биднээс хамаарах ёстой гэсэн Кунзийн суртал орчин үеийн хэлбэрээр өндийж буй тухай Конрад Зайц авгайн ном гараад удаагүй л байна. Дун Жины өгүүллийг харвал цаад санаа нь үнэхээр Зайц авгайн хэлсэн үнэн аж гэж бодоход хүргэнэ. Тэр Хятадын хөрш 21 улс яг эртний Солонгос шиг Хятадыг түшиж амь зууна гэж бодож байгаа байхгүй юу. Ингэж бодож байгаа бол хятадууд нэг л зүйлийг гагцхүү Монголчууд л үүхэн туршдаа Хятадтай эн чацуу харьцахыг боддог байсныг, тэгээд санасандаа хүрдэг байсныг бодох ёстой.


Тэнцвэрт харьцаа


“Төмөр урхи-1“ өгүүллийг бичиж байхад одоогоос тав зургаан жилийн өмнө бидний эрхлэн гаргаж байсан “Монгол таймс” сонинд “2044-2045 онд 47 дугаар өргөрөгөөс өмнөх нутаг Хятадын мэдэлд орох тухай” Оросын зөн билэгчийн таамагт тулгуурлан Таван толгойн тухай бичиж байсан санаанд орж байна. Зөн билэгт нэг их итгэдэггүй л дээ, гэхдээ саяхан олсон баримтаас үзвэл Хятадууд үнэхээр 47-р өргөрөгөөс өмнөх нутгийг эрхшээх том төлөвлөгөө боловсруулсан байна. “Төмөр урхи” өгүүлэлд Оюу толгойн гэрээ батлагдахын өмнөхөн БНХАУ-ын төмөр замын дэд сайд Монголд айлчилж төмөр зам тавих тун аятайхан санал тавьсан тухай түүнийх нь хариуд манай зам тээврийн сайд Монголд зам тавьж болно, харин Хятадтай холбохгүй гэж хэлсэн тухай бичсэн. Монголчууд дотооддоо хэчнээн хямарч байвч гадаад улстөрийн бодлогодоо нэг хүн шиг байдаг нь манай үнэт зүйл юм. Дун Жин Монголын сайдууд үндсэрхэж, хятадын хөрөнгө оруулалтыг хаах “өндөр хэрэм” босгосонд гомджээ. Оюу толгойд Рио Тинтог оруулснаар Хятадын түрэлтийг зогсоох хөрөнгө оруулалтын “цагаан хэрэм” байгуулсан гэж “Дорноос зугтаахуй” цувралдаа дурдсан нь санаандгүй үг биш. Өмнөд Хятадууд “өндөр хэрэм”, хойд Хятадын “урт хот” гэж нэрлэдэг цагаан хэрэм лугаа адил хөрөнгө оруулалтын хаалтаа өндөрсгөх бус уртасгах тухай бодох цаг тулж ирээд байна. Түүхийг энэ агшинд бид зүрх алдаж, айх аваас “Үе хойч маань бидний үхдэл хүүрийг доромлох болов уу”


“Төмөр урхи-1“ өгүүлэлдээ Монголын нутаг дахь гадаадын өрсөлдөөн ба төмөр замын урьдчилан тооцсон төслүүдээр Монголыг тасчин Монголын хамгийн баялагтай нутгийг хянах гэсэн оролдлогыг илчлэхийг хичээсэн билээ. Оюу толгойн зэсийн ордод Хятад, “Рио Тинто” өрсөлдөж байсан ба бид олон тулгуурт бодлогын үүднээс “Рио Тинто”-г сонгосон ба чухам үүнд л хөршүүд маань боож үхчих гээд байна. Монголд 1990 оноос хойш 3 тэрбум ам.долларын хөрөнгө орж ирсэн ба түүний гуравны хоёр нь Хятадын хөрөнгө оруулалт байна. Үүний төлөө Хятадуудад гомдох хэрэггүй л дээ, талархах ёстой байх. Гагцхүү аюулгүй байдлаа хангах сонирхлоо хангахын тулд гадаадын хөрөнгө оруулалтын харьцааг тэнцвэржүүлэхэд “30:30:40” гэсэн харьцааг баримтлах нь зүйтэй гэж Ерөнхий сайд асан С.Баяр саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ ч бас зөв томъёолол. “Гадаад харилцааг эдийн засагжуулах” зорилго үүнд чиглэж байгаа болов уу? Ингэхдээ мэдээж Хятадын хөрөнгө оруулалтыг хаах нь зохисгүйг бид бүгд мэдэж байгаа. Хятад их хөрөнгө оруулбал Орос ба баруун бүр ихийг оруулах ёстой л гэсэн үг.

 

Хөрөнгө оруулалтын 70 шахам хувь хятад үлдсэн 30 хувь нь бусад гэсэн харьцааг Оюу толгойн гэрээ батлагдсанаар агшин зуур 4 /өрнөд/ : 2 /Хятад/ : 1 /бусад/ гэсэн харьцаанд оруулсан юм. Хувиар тооцвол 56:28:14 гэсэн үг. Өөрөөр хэлбэл аюулгүй байдал талаасаа баталгаажсан гэсэн үг. Ийм нөхцөлд яг урьдчилан таамаглаж байсанчлан Хятадууд эрх ашгаа хангахын тулд төмөр урхиа тавихыг хичээх болно. Гэхдээ энэ бол мөн л хөрөнгө оруулалт. Хятадын хөрөнгө оруулалтыг хоёр дахин, Оросын ба бусад орнуудын хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмэхэд тэнцвэр хадгалагдсаар л байна гэсэн үг.  


Хятадын сонирхол ба тэнцвэрийг хангах нь


Нэгэнт уул уурхайн асуудал учраас олборлох гэрээнд оролцож чадаагүй улсуудад боловсруулах болон худалдан авах гэрээнд оролцох боломж байгаа юм. Монголчууд Оюу толгойг Рио-д өгөхдөө боловсруулах үйлдвэрийн асуудлыг чухалчилж байсан билээ. Бидэнд хангалттай туршлага бий шүү дээ, “Эрдэнэт“-ийн уулын баяжуулах комбинатыг ашиглалтанд оруулснаасаа хойш боловсруулаагүйн улмаас ашгийн 95 хувийг алдаж байсан.


Чухам иймээс бидэнд өнөөх Якунины хэлсэн сонирхол бий юм. Бид Хятадад өгнө, өгөхдөө бүтээгдэхүүн өгнө. Харин Хятадууд өөнтөглөж байгаад түүхийгээр нь авах гээд байна. Тиймээс Хятад эрх ашгаа бодож Монголд төмөр зам барих өгөөмөр санал тавиад байгаа бололтой. Энэ саналаар бол Таван толгойгоос баруун зүг Шивээ хүрэнгийн боомт хүртэл төмөр зам тавьж өгөх санал тавьсан байна.



БНХАУ-ын төмөр замын сүлжээ нь Монголын улсын өмнөд хилийг эмжсэн байрлалтай бөгөөд хамгийн ойртсон өртөөд нь яг манай Оюу толгой, Таван толгойн харалдаа байдаг. Оюу толгойн гэрээг хэлэлцэхийн өмнөхөн Хятадын гадаад бодлогын монголын чиглэлийг хариуцдаг Хятад Улсын дэд дарга, ирээдүйн ХКН-ын дарга гэгдэж байгаа Си Цинпин “Монголын чиглэлд амжилт олохын тулд ямар ч ресурс хайрлахгүй” гэж байсныг ахин сануулахад илүүдэхгүй. Одоо Хятадуудын хувьд төмөр замын ресурс үлджээ.


Хятадын найман замын стратеги


Лав л надад байгаа баримтаар бол БНХАУ Монголын хилийг найман газраар сэтлэх төлөвлөгөө боловсруулж. Наймын тоонд дуртай Хятадын стратеги үргэлж иймэрхүү байдлаар томъёологддог “Найман замын цэрэг, найман тугийн цэрэг” гэх мэт хэллэгүүд нь Хятадын уламжлалт стратегид олонтаа тохиолддог томъёоллууд тул бараг л үнэн гэж бодож байна. Баруун талаас нь эхлэн тоочъё. Нэгдүгээр зам Монголын Ховдын Булганы Ярантын боомт руу Хятадын Такшкен боомтоор нэвтрүүлэн Үенчээр дайруулж Ховд хоттой холбосон хүнд даацын автомашины зориулалттай засмал зам тавьж байна. Булганы чиглэл бол бас их түүхтэй чиглэл, Манж нар Ховдыг хамгаалах цэргийг үүгээр илгээж байсан, дараа нь Богд хаант Монгол улсыг хавчин байлдах 2000 цэрэг үүгээр ирсэнд 700 Монгол цэрэг угтан цохисон. Хожим Байтагийн тулалдаан болж байсан. Алтайн энэ сүвийг эртнээс торгуудууд хамгаалж ирсэн юм. Энэ зам Хөшөөтийн уурхайн нүүрсийг татах зориулалттай юм. Хэрэв хөшөөтийн нүүрсийг алддаг юм бол энэ замыг хойш татаж Улаангомоор дайруулж Оростой холбож болох юм. Оросууд Тувагийн Кызыл руу төмөр зам татаж байгаа ба ингэснээр баруун аймагт босоо тэнхлэгийн замтай болж чадна. Гэхдээ Хятадууд хэзээ ч хойш нь зам тавихгүй, ганцхан тохиолдолд өөр орд нээгдсэн тохиолдолд сунгаж болно. Энэ замыг Шинжаан дахь Хятадын армийн инженерийн ангиуд тавьж байж болзошгүй. Ер нь баруун аймгуудад барьж буй бүхий л обьектуудыг армийнхан оролцож барьдаг юм билээ. Үүнийн хэдэн жилийн өмнө хятадын баруун бүсээ хөгжүүлэх стратегийг сурвалжилж явахдаа Хятадын армийн хурандаагаас сонссон билээ.


Хоёр дахь зам нь Говь-Алтай аймгийн Бургастайн боомтыг дайруулан тавьж буй засмал зам. Өмнө дурдсан сурвалжлагын үеэр Монголын талаас Ганьсу мужтай хиллэгдэг Бургастайн боомтыг нээх, урт хугацаатай ажиллуулах санал тавьдаг гэж тус мужийн намын хороон дарга ярьж байв. Нутгийн иргэдийн түүхий эдийг борлуулах, орон нутгийг мөнгөжүүлэх сонирхолтой холбоотой ийм санал тавьдаг байсан ба Хятадын тал тус боомтыг ийм өргөн хэмжээнд нээхийг хүсэж байгаа нь мөн л холын бодлогынх. Тус аймагт нээгсэн төмрийн ордоос хүдэр зөөх зориулалттай зам юм. Энэ төмрийн орд нь дэлхийд ховорт тооцдог Сэлэнгийн Төмөртэйн ордоос хоёр дахин их нөөцтэйг тогтоогоод байна. Хятадын дотоод муж Ганьсу яг чиглэлээр ӨМӨЗО ба Шинжаан Уйгурын автономит мужийг заагладаг. Нэмж хэлэхэд коммунизмын үед Монголын ардын арми яг энэ чиглэлээр ХАЧА-д цохилт өгч, Лоб нуур дахь цөмийн туршилтын талбайгаар дайран, Ганьсу мужийн төв Хятадын баруун зүгийн хамгийн том хот, эртнээс баруун зүгийг хянах тулгуур төв болж ирсэн, цагаан хэрмийн баруун үзүүр дэхь Ланжоуг эзлэх үүрэгтэй байсан ба армийн давшилтын зориулалттай байгууламжууд, худаг усны нөөц, хангамжийн агуулахууд олноор байгуулсан. Энэ чиглэлийн замыг мөн л Шинжаан дахь Хятадын армийн салбар тавьж таарна. ХАЧА-ийн долоон тойргийн дөрөв нь Монголын хилийн дагуу байрладаг. Байлдааны стратеги нь хэрэв ЗХУ довтолбол ХАЧА Монголоос асуулгүй, манай нутаг дэвсгэрт нэвтэрч байлдааны ажиллагааг манай нутагт өрнүүлэхэд чиглэсэн байна. Иймээс энэ чиглэлийн засмал зам нь цэрэг-дайны стратегитай нягт уялдаж байна.


Гурав дахь нь буюу Шивээ хүрэнгийн боомт нь Өмнөговь аймгийн баруун талд байх ба Таван толгойгоос энэ чиглэлд нарийн төмөр зам тавих саналаа ирүүлээд байна. Барилга хот байгуулалтын сайд яг энэ төмөр замыг урагш холбохгүй гэж гэдийгээд байгаа нь уутныхаа амсрыг эргүүлж гөвөхгүй гэж бодсоных. Хэрэв энэ цүлхгэрт л хоёр цоолбол хүүдий нь цоорсон буцалгасан аарц шиг л Монголын баялаг урсаад алга болно. Уг нь бид шар усыг нь шүүгээд аарцтай үлдэх учиртай. Монголд энэ төмөр зам хэрэгтэй. Гагцхүү Шивээ хүрэнгийн боомтоос ердөө 80 километрт хятадын төмөр замын Цэхэ өртөө бий. Төмөр замыг баруун тийш сунгаж байгаа нь хамгийн боломжит өртөө рүүгээ татаж буй хэрэг. Чухам үүний төлөө л урт зам тавих санал гаргаж байгаа билээ.


Зүүн Хойд Хятадын төмөр зам ачааллаа даахгүй байгаа тул баруун чиглэлийн төмөр замын ачаалал багатай хэсгээр нүүрс татах, Монголд нарийн төмөр зам тавьснаар урагш шууд холбох боломжоо нээж байна гэх нэг таамаг байна. Эсвэл энэ нүүрсийг шууд баруун зүгт зөөхийг хүсэж байна. Учир нь баруун талд нүүрсний нөөц ховор. Жишээ нь манай Ховд аймагт ганцхан нүүрсний орд байдаг нь Хөшөөтийн уурхай юм. Увс аймаг нүүрсгүй, Баян-Өлгий ганцхан ордтойг бодвол Шинжаанд судлагдсан нүүрсний томоохон орд байхгүй байж болох талтай юм. Тиймээс Хятадууд баруун бүсийг хөгжүүлэх стратегийн хүрээнд манай нүүрсийг, ялангуяа эрчим хүчний нүүрсийг ашиглахыг сонирхож байгааг үгүйсгэх аргагүй байна. Ингэвэл энэ цоорхойгоор эрчим хүчний нүүрс урсах болно. Таван толгойн ордын нөөцийн 40 хувь нь эрчим хүчний 60 хувь нь коксждог нүүрс гэдгийг тооцох ёстой.  


Дөрөвдэхь нь Таван толгойгоос ялигүй зүүн тийш хазайлгаж Гашуун сухайтын боомтыг дайруулсан төмөр замын шугам юм. Энэ шугамыг “Энержи Ресурс” татах гэж байна. “Энэржи ресурс” компани Таван толгойн ордын лицензийг Засгийн газарт тушаахдаа 400 сая тонн нүүрсний нөөцтэй Ухаа худгийн ордыг авч үлдсэн. Үүнийгээ урагш зарах сонирхолтой байна. Чухамдаа энэ сонирхол нь төмөр зам тавих шалтаг болжээ. Энэ замыг тавихдаа Германы компанийг оролцуулах болсноор халхавчлан өрнийн хөрөнгө оруулалт мэт харагдуулахыг хичээж байна. Яг энэ чиглэлд Хятадын төмөр замын Монголын хилд хамгийн ойр, Бугатаас чанх хойш салаалсан Баян-Овоо өртөө байгаа ба чанх урагш зуу гаруйхан километрт Бугатын металлургийн үйлдвэр бий. Энэ салааг Хятадууд Оюу толгой, Таван толгойн ордыг чиглүүлэн саяхан тавьсан. Наанаас Монгол, цаанаас Хятад тавьсан зам хил дээр нийлэхэд өнөөх Дун жиний бичсэнчлэн “... Хятадтай гар нийлэн хамтран ажиллах нь хүчтэй хөрөнгөтэй, баян чинээлэг болох нэгэн чухал гарц гэж хүлээн зөвшөөрч буйг үгүйсгэхгүй хүнгүй биз...” гэдэг л нотлогдох юм.  


Шивээ хүрэнгийн боомтоор гарах нүүрснээс ялгаатай нь үүгээр коксждог болон коксжсон нүүрс гарна. Энэ замыг тавьснаар Хятадууд Таван толгойн нүүрсийг хамгийн дөт замаар Бугатын металлургийн үйлдвэрт хүргэнэ. Эрээнээр нэвтэрсэн төмөр зам дорно зүгт алс дугуйрч Жинин өртөөнөөс баруун тийш салаалж 100 гаруй километр яваад Хөх хот, ахиад мөн ийм зайтай явахад Бугат хотод хүрдэг. Хэрэв Хятадын тал Шивээ хүрэн-Цэхэгийн богинохон төмөр замыг тавих юм бол энэ тойргийг Монголын нутгаар шулуухан тавьсан төмөр зам ба шууд урагш холбосон шулуун замаар товчилж чадна. Энэ замыг газрын зураг дээр хэмжиж үзэхэд Замын-Үүдээр дайруулснаас 4 дахин богино байна. Ингэснээр тээврийн зардал асар хямдрах юм.


БНХАУ бол нүүрсний экспортоор дэлхийд гуравдугаарт ордог. Асар олон уурхай ч уурхайчдын ажиллах нөхцөл хүнд, осол эндэгдэл ихтэй улс. Бугатын төмөрлөгийн үйлдвэрийг цаадтай орших Шанси мужийн нүүрсний ордын сайн чанарын нүүрсээр хангадаг. Энэ орд том орд, багцаалбал манай Таван толгойтой дүйх авч хамгийн ноцтой нь уулархаг нутагт байдаг тул олборлоход хүнд, зардал ихтэй. Чухам ийм шалтгаанаар манай Таван толгойг сонирхож байна. Хэрэв таван толгойгоос нүүрс татвал дээд зэргийн чанартай нүүрсийг дэлхийн зах зээлийн үнээс 2 дахин хямдаар татах юм. Ингэснээр 50 орчим долларын үнээр нүүрс татах ба Авсралиас татсан нүүрс нь 100 гаруй доллар болдог. Шансигийн нүүрс чөлөөлөгдөж Шанхайн наадтайх “Баостиль” алдаршсан үйлдвэрт хүрэх болно. Ингэвэл Монголын нүүрс Тянжин хүрэхгүй замдаа Бугатад буух болно.


Чухам энэ хоёр чиглэлд Хятад Улс ихээхэн анхаарч байна. Ордууд баримжаагаар Өмнөговь аймгийн тэхий дунд байгаа ба Хятадууд эндээс хоёр салаалан Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн чиглэлд төмөр зам тавьж өөрийн төмөр замтай холбох юм бол Монголын нутагт цүүцдэн орсон “Алтан гурвалжин” үүсгэж чадах юм. Энэ гурвалжингаас Хятад ямар их ашиг олохыг тооцошгүй. “Энержи ресурс”-ын орлогыг ордын нь тогтоогдсон нөөцөд үндэслэн тооцож болж байна. Хэрэв эзэмшиж буй ордынхоо тонн нүүрсийг 1 доллараар үнэлэхэд 400 сая ам.доллар, 10 доллараар зарвал 4 тэрбум ам.доллар, хэрэв дэлхийн зах зээлийн дундаж үнэ 100 орчим ам.доллараар тооцвол  40 тэрбум ам.доллар. Дөт замаар тээвэрлэж буй тээврийн зардлаа хаслаа ч овоохон ашиг унахаар байгаа биз? Нүүрс бол олборлолтын зардал багатай, хутгаад л ачина, гол зардал тээвэрт гардаг. Чухам иймээс Таван толгойн гэрээний өмнө төмөр замын асуудал гол хүчин зүйл болж босч ирээд байгаа юм шүү дээ. Таван толгойн орд 10 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцтэйг энэ жишгээр тооцвол бид өмнөд хилээ нэг сүрхий компанийн арван төгрөгийн тэрбумтны төлөө цоолоход л хэчнээн наймаанд муу байлаа гэхэд гаслаж ганирах “ашиг алдах” болно. “Энержи ресурс”-ын төлөөлөл хийгээд нөлөөлөл Н.Энхбаярын үеийнхээс ч, өмнөх парламентын үеийнхээс ч буураагүй. Хэрэв Сү.Батболд Ерөнхий сайд болсныг тооцвол, Г.Батхүү УИХ-ын дэд дарга болсныг тооцвол гэх мэт шалтгааныг дурдаад байвал харин ч нэмэгдсэн байна.  

 

Яг ийм шалтгаанаар УИХ, Засгийн газар дахь “Энержи ресурс” консорциумын төлөөлөл болсон улстөрчид өмнөд хилийг “цоолох” БНХАУ-ын сонирхлыг хамгаалан зүтгэж байгаа нь улсад орох орлогыг өөртөө авах гэснийх үү? Хятадууд заавал хоёр зам тавих гээд байгаагийн учир нь нэг нь коксждог нүүрс зөөх, нөгөө нь эрчим хүчний нүүрс татах бодлогынх нь илрэл гэж таамаглаж байна.


Дараагийнх нь Замын Үүд-Эрээний гарц юм. БНХАУ-ын тал, ялангуяа Эрээн хотын засаг захиргаа Чойр-Замын Үүдийн автозамыг сонирхож байна. Чойроос цааш 12 километрт гацчихаад байгаа босоо тэнхлэгийн автозамыг угтуулан Эрээнээс Замын-Үүд хүрэл 14 километр зам тавьсан билээ. Оросын Эрхүү муж ба ӨМӨЗА-ныг холбосон энэ шулуун автозам нь эдийн засгийн асар их ач холбогдолтой  юм. Зөвхөн Эрээний явцуу сонирхлоор тайлбарлахыг сонирхвол энэ зам Манжууртай өрсөлдөх гол хүчин зүйл болох ажээ. БНХАУ-ын Засгийн газраас Эрээний хотын дэсийг өөрчилсөн байна. Эрээн уг нь дээрээсээ зургадугаар дэсийн хот авч  дөрөвдүгээр зэрэгт дэвшсэн байна. Статус нь зүйрлэвээс Хөх хотын хэмжээнд очжээ. Ойрын хугацаанд Эрээн хотын хүн ам 400 мянга, XI таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж дуусахад сая гаруй хүнтэй хот болох учиртай ба Орос-Хятадын хил дээрх Манжуураас ч том хот болох ажээ. Энд мөн тусгай бүсийн эрх чөлөө ханхалж, хатуу тоталитар дэглэмд хүлээн зөвшөөрдөггүй зарим зүйлс ч ажиглагдаж байна. Эрээнд янханчлал хамгийн нээлттэй байна. Татварын таатай нөхцлөөр өмнөд мужуудаас хөрөнгө оруулалт татаж байгааг харвал тэрхүү нөхцөл нь өмнөд мужаас ч илүү гэсэн үг. Өнөөгийн хүн амд томдох эмнэлэг, сургууль барьсан байна. Мөн Монголд түүх болсон соёлын довтолгоо мэт үзэл суртлын ажил өрнөж, Эрээний хүн амын соёлын түвшинг өндөр хэмжээнд хүргэх нь тус хотын намын байгууллагын хамгийн гол чухал зорилт болон тавигджээ. Бас Монголчуудад хүндэтгэлтэй хандах, маргааныг Монголын иргэний талд аль болох шийдэх журам заавар ч гарсан байсан. Энэ бол хоёр жилийн өмнө Эрээн хотын намын хорооны даргын хэлсэн үг.


Ахиад дорно зүг явбал Сүхбаатарын Бичигтийн боомт. Энэ замаар Сүхбаатарын аймаг дахь Төмөртэйн Цайр-төмрийн ордоос хүдэр татах зорилготой юм. “Рио Тинто-ВНР” компани БНХАУ-д төмөр нийлүүлэхээ зогсоогоод байгаа ба харин Хятадууд одоо нөөцөөрөө үйлдвэрлэл явуулж байна. Энэ үйлдвэрийг Сэлэнгийн Төмөртэйн ордыг эзэмших эрх авсныхаа хариуд Зян Зимэн даргаас Монголд өгсөн 300 сая юаны зээлээр босгосон гэдгийг дурдах ёстой юм. Хятадын тусламж нь хүртэл манай улстөрчдийн гараар ороод гарахдаа Хятадын эрх ашигт нийцдэг болон хувирч байдгийн нэг тод жишээ бол энэ юм.


Дараагийнх нь Дорнод хилээр гаргасан боомтоор Дачин компани түүхий нефть татан авдаг. Эндээс татсан түүхий нефтийг Хөх хотын нефтийн үйлдвэрт нэрж, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол шатахуун нийлүүдэг ба энэ нь манай импортын шатахууны 5 орчим хувь болдог гэсэн мэдээлэл бий.  Бүр 1940-өөд онд Япончуудын тавьсан төмөр  зам Дорнод аймаг Халх голын цаахантайх “Халуун рашаан”-д хүрсэн байдаг. “Онцгой эрх” зэрэг тагнуулын түүхэн детектив зохиолууд, Халх голын дайны түүхэнд байнга бичигддэг “Халуун рашаан” хүрсэн төмөр  замыг Хятадууд ариглан хадгалснаар барахгүй, үр ашигтай байлгахын тулд “Халуун рашаан”-ы рашаан сувиллын газрыг ихэд дэмжин хөгжүүлж байгаа билээ.


Хамгийн сүүлчийн буюу найм дахь нь Хавиргын боомт. Энэ боомтоор мөн нефть, татаж авдаг байна. Энэ хоёр боомтыг идэвхжүүлж буй шалтгаан нь Монголчууд Чойр-Чойбалсан эсвэл Сайншанд-Чойбалсангийн өргөн төмөр замыг тавьбал амдан авах зорилготой юм. Ийнхүү Байтагийн өрнө үзүүрээс Орос-Моголын дорнод хил хүртэлх бүх баялаг бүхий бүсээс түүхий эд татан авах боломжоо хятадууд хангажээ.


Юу хийх вэ?


Хятад бол манай зэс нүүрсийг худалдан авах гол зах зээлийн нэг. Гэхдээ бид төр улс л юм бол ирээдүйн ашиг, ашиг сонирхлоо хангах талаар бодох ёстой. Оюу толгойн гэрээний дараа хоёр хөршийн зүгээс эгдүүцлээ илэрхийлэх шинж төлөв ажиглагдаж байгааг анзаарах ёстой юм. Хөршүүдийн маань хэвлэлийн эрх чөлөөний байдал ямар билээ? Нэг нь тоталитар, нөгөө нь авторитар дэглэмтэй улс. Хэвлэлд нь хэзээ ч төрийн оролцоогүй зүйл гарахгүй. Тиймээс энд ишлэн буй жижигэвтэр өгүүллүүдийн улстөрийн ач холбогдол нь миний бичиж буй нуршаа өгүүллээс хэд дахин богино хэрнээ хэд дахин илүү юм. “Хэрэв Монгол улсын “Тэнцвэртэй байлгах бодлого” гээч нь Хятадын хөрөнгө оруулагчдыг цаашид хаалганы гадна үлдээсээр байх аваас Хятадад хохиролтой байх нь мэдээж. Харамсалтай нь Монголд бүр ч хохиролтой байх вий. Хятадын компаниуд үргэлж “Тэнцвэртэй стратег”-ийн чинь золиос байх боломжгүй. Нэг л өдөр Хятадын компаниудын идэвхитэй оролцоо үгүй болж, Хятад гэх худалдан авагч чинь нүүр буруулах юм бол хичнээн их орд газартай байлаа гээд түүнийгээ хэнд зарна гэж?” гэсэн Хятадын өгүүллийг унших юм бол бид юунаас болгоомжлох ёстой нь харагдаж байна.

Тэртээ 1924 онд Үндсэн хууль батлахын өмнө Хүрээ-Хаалганы чиглэлд зам тавихыг дэмжсэн Солийн Данзанг “Энэ замаар чинь буутай цэрэг ирвэл яах вэ?” гээд буудчихсантай адил коммунист зан гаргамааргүй байвч бодох зүйл их байгаа юм. Хэрэв Таван толгойд Америкийн “Пибоди”-г голлох компаниар сонговол, эсвэл Оросын компанийг сонговол, магадгүй Япон, Өмнөд Солонгосыг оролцуулбал эрх ашгаа бодон Монголоос болвсруулсан бүтээгдэхүүн авахгүй гэж Хятад бойкотолбол бид яах вэ? Хятад Улс дотоод түүхий эдийн нөөц ба валютын нөөцөндөө дулдуйдан ийм алхам хийж чадна. Тэгвэл бүх хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаад Хятадудыг оруулах уу? Эсвэл бүх болзлыг нь хүлээн зөвшөөрөөд хямд үнээр боловсруулаагүй түүхий эд гаргах уу?


Монголын ноолуурын салбарт үнийн монополь тогтоогоод манай ноолуурын үйлдвэрүүдийг унагасан демпингийг би санаж л байна. Үүний улмаас Монголын, гадаадын хөрөнгө оруулалттай 45 үйлдвэрийн 40 нь хаалгаа барьж байсан билээ. Үүнээс гарах цорын ганц гарц бол Япон, Өмнөд Солонгосын зах зээл рүү гарц хийх ёстой юм. Энэ гарц нь Сайншанд Чойбалсангийн өргөн төмөр зам юм. Хэрэв Хятадын бойкотод орвол энэ төмөр замаар Оросын нутгаар дамжуулан бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой юм. Манай төв магистрал их хэмжээний нүүрс, зэсийн хүдэр, боловсруулсан нүүрс, зэс зөөх боломжгүй, энэ нь манайхаас бус юм гэхэд Оросын талаас шалтгаалах тул ОХУ-ын хамгийн ачаалал багатай Амарын төмөр замыг чиглэсэн зам тавих ёстой болж байна. Ингэвэл бид заавал Хятадад бүтээгдэхүүнээ гаргах гэж боогдохгүй юм...

                                                                                                           Үргэлжлэл бий

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив