Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Санхүүгийн детектив
2010 оны 1 сарын 4 [Уншсан тоо: 50456]

Монголд юу болоод байна?

Монголын эдийн засагт 1998 оны хямралын өмнө Оросод ажиглагдаж байсан шинж тэмдэгүүд илэрч эхэллээ. Төсвийн нэгдсэн сангийн данс хоосорч, гадаад дэмжлэг буурч, төв банк тасралтгүй мөнгө хэвлэн далдуур нийлүүлж, дотоод өр замаа алдаж, эдийн засаг-санхүүгийн бүлэглэлүүд хоорондоо зөрчилдөж, Ерөнхий сайдууд солигдож байна. Орос 1998 оны Азийн хямралаар сүйрч байхад Монгол танагтай гарсан. Тэгэхэд Монголчууд эдийн засгийн шинэтгэлээрээ арай түрүүлж яваа юм байна гэж бодохоор байсан юм. Нефтийн үнэ 25 ам.доллараас буухад Оросууд баларч байгаа юм. Гэвч сүүлийн жилүүдийн гажуудлын улмаас Монгол буцаж, хагас тойргоор будаа тээгээд Оросын 1998 онд давхиад орчихож. Одоо бодоход тэр үед Оросын эдийн засаг олон улсын эдийн засгийн интеграцид орчихоод байсан, харин Монголчууд ДХБ-д элсэнийг эс тооцвол бараг л гадна нь байсан учраас танагтай гарчээ. Дээр нь Монголын түүхий эдийг худалдан авагч гол зах зээл Хятад эдийн засгийн хямрлаас Азийн авч гарсан тул Монголд аюул нь бага тусчээ.

Бараг социализмын үеийг санагдуулахаар төсвийг хэт төвлөрүүлснээс засаглалын дээд түвшинд хэрээс хэтэртэл дураараа дургиж байна. 2,7 сая хүнтэй улсын төсөв ба 1,2 сая хүнтэй хотын төсвийг харахад л энэ төвлөрлийн гажиг мэдэгдэнэ. Улс 2,3 триллионы орлого олно гэж тооцож байхад манай улсын бизнес, санхүү, улстөр, соёлын төв Улаанбаатар хот ердөө 120 миллиардыг олох ажээ. Гэтэл энэ 120 тэрбумаас 55 тэрбумыг улс булааж аваад 60 гаруйхан тэрбумыг зарцуулах эрх хотод үлдээв. Бүр тэнэг нь үүний тэн хагасыг автобусаар үнэгүй зорчдог иргэдийн мөнгөний нөхөн олговорт автобус баазуудад тараах юм. Өөрөөр хэлбэл нийслэлийн нийтийн тээвэр л бүх төсвийнх нь хагасыг залгичихаж байна. Ийм марзан төсөвтэй хот гэж байх уу? Гэтэл үнэндээ “Монгол Улс гэж юу байхав, дөрвөн уулын дунд л оршдог” гэсэн үг бий. Мэдээж экспортын орлогын голыг бүрдүүлдэг “Эрдэнэт” Монголын хагас байх, гэхдээ үйлдвэрийн тал нь Оросынх.

Төсөв батлах үед алдагдлаа хуурамчаар багасгаж байна. Жишээ нь төсвийн алдагдал хагас триллионд дөхөөд ирмэгц “Хойтон жил зэсийн үнэ 6300 болно, бид тонн зэсийн үнийг 5000 гаруй ам.доллар гэж даруухнаар тооцсон” гэж төлөгдөөд  орлогоо зохиомлоор нэмж, алдагдлаа зохиомлоор багасгав. Хойтон жил зэс ямар үнэтэй байхыг манай сангийн сайд мэддэг бол мөн лутаа. Дээрээс нь банкуудыг аврах гэж 270 тэрбумыг зарцуулна. Ийнхүү төсвийн далд алдагдал замаа алджээ. Бодат байдалд төсвийн алдагдал хагас их наядаас яавч бага биш.

Засгийн газарт зээл олгох сонирхолтой гадаадын хандивлагчид цөөрснөөс гагцхүү дотоод зах зээлээс олдог нэмэлт эх үүсвэртээ найдахаас өөр гарцгүй болжээ. Өнгөрсөн жилээс дотоод өр тавих моод дэлгэрлээ. Нэг хэсэг их мөнгөнд цатгалдаад ОУВС-г тоохоо ч больсон ба сантай, сангүй бид явна гэж аархаж байлаа. Тиймээс ОУВС-гаас шаардаж байсан стандартыг үл тоон төсвөө асар ихээр тэлсэн тул, алдагдал замаа алдаж, сонгуулийн амлалтаар халамжийг хэтрүүлж, намууд эвссэнээр төсвийн байгууллагуудын орон тоог замбараагүй нэмжээ. Зөвхөн захиргааны зардалд төсвийн бараг хагасыг буюу их наяд гаруй төгрөгийг зарцуулна.

150

Нэг ийм реклам коланы реклам таавар болж байсан. Одоо өөр 150-ын тухай өгүүлэх болно. УИХ-ын гишүүд тулгаж байгаад Засгийн газраас хагас тэрбумыг авахаар зүтгэж байтал гэв гэнэт тус бүрт нь нэг тэрбумыг өгөх болжээ. Гишүүд энэ гэнэтийн бэлгийг “Муу хийсэн төсвөө батлуулах гэж өгөв” хэмээн андуурчээ, Хуулиар УИХ оны гарахаас өмнө төсвөө батлахгүй бол огцорч тарахдаа тулах учраас төсвийг уг батлах л байсан, гэтэл их мөнгө ороод ирэв. Энэ юуны төлбөр вэ? Яагаад ингэж зуйрав? Хариуд нь Засгийн газар 270 тэрбумын бонд гаргах эрх өг гэж шаардлаа.

УИХ-ын гишүүд авснаасаа 3,5 дахин их мөнгө Засгийн газарт “өгөх” болов. Гэхдээ үүний 100 тэрбумыг л 2010 онд зарцуулах ба 170 тэрбумыг “2009 онд зарцуулчихсан”. Гишүүдэд ирэх оны төсвийг батлах гээд байгаа юм уу, өнгөрсөн оны төсвийг батлах гээд байгаа юм уу? гэж асуух ёстой байсан юм. Санхүүгийн “А”-тай хүний элэг хөшөөд уначих байх л даа. Гэхдээ элгээ гамна, цаана нь бүр хөгийн юм хүлээж байна. УИХ-ын гишүүн К.Батбаяр Монгол банкны мөнгөний бодлогыг хэлэлцэж, хэлэлцэж хөлсөө арчин гарч гарч ирэхдээ найз гишүүнээсээ “Хөгшөөн энэ эмпляац гэж юу юм бэ, нэг сайхан  тайлбарлаад өгөөч” гэсэн онигоог ярих гээгүй байна.    

 “Зоос” банкны асуудлыг хэлэлцсэн эдийн засгийн байнгын хороон дээр хэрүүл болох үед “Та нар 150 тэрбумын эмисс хийсэн чинь ямар учиртай юм” гэж асууснаас бүх юм эхэлсэн ажээ. УИХ-аас гадуур хууль бусаар нийлүүлсэн мөнгийг албан ёсны болгохгүй бол Монгол банк тэр чигээрээ Сангийн яамтайгаа баларна. Харин сая 150 тэрбум нь 170 болоод ороод ирэв. 20 тэрбумаар нь магадгүй “Анод”-ын хувьцаа эзэмшигчдийн мөнгийг төлөх байх. Гишүүд хэрэв энэ 270 тэрбумыг чинь баталбал алдагдал 360 тэрбум ахиад хагас триллионоос давлаа гэж хэдэрлэв. Хариуд нь С.Баярцогт “Энэ бондын өрийг төсвийн алдагдал гэж үзэхгүй байх талаар ОУВС-тай тохирсон” гэж шал тэнэг онигоо ярив. Энэ нөхөр нэг бол төсвийн талаар юу ч мэддэггүй, эсвэл цагаандаа гарсан луйварчин. Хэрэв төсөвт тусдаггүй юм бол ямар юмны нь Засгийн газрын өрийн бичиг байх юм. Төсөвт тусахгүй юм бол энэ өрийн бичгийн үндсэн төлбөр хүүг хэн төлөх юм? Гэвч үүнд үнэний ор бий, яагаад гэвэл лав л “Анод”-ын 170 тэрбумыг 2010 оны алдагдалд тооцохгүй, ахин хэлэхэд энэ мөнгө өнгөрч байгаа 2009 онд зарцуулагдчихсан. Үүнийг ОУВС-тай тохирдоггүй, яс юман дээрээ ОУВС-д 170 тэрбумын алдагдлыг өнгөрсөн оных гэж тайлбарлах байсан биз.

Тиймээс асуудлыг ярихдаа тулбал 2009 оны төсвөө буцааж сөхөх хэрэг гарна. Гэхдээ үүнийг хэн хүсэхэв дээ, гишүүд залхуурч, тэгээд л замарна. Их сайндаа л 2009 оны эдийн засгийн үзүүлэлтүүдийг засах хэрэгтэй, тэртэй тэргүй статистик худлаа мэдээ гаргадаг юм чинь хамаа байж уу? Асуудлын хөгийн нь 2009 онд зарцуулчихсан мөнгөө 2010 онд олох гээд байгаад л байгаа юм. Ингэж бодоод үзвэл өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг сөхвөл алдагдал 150 тэрбумаар нэмэгдэх ёстой.

Энд нэг л гайхалтай юм болоод байгаа биз? Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж сандарч “Энэ мөнгийг хууль бусаар “Анод”-д өгснийг би мэдээгүй, А.Батсүх асан л тэгсэн байна лээ” хэмээн бултсан. Монгол банкны Ерөнхийлөгч болсноосоо хойш энэ хүн дараалсан ярилцлагууддаа ч өмнөхөө эрс үгүйсгэсэн, эргэж буцсан санаануудыг байнга оруулж байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. Ер нь юу хийгээд байна? Ингээд 170 тэрбумын луйврын сэжим гарч байна. Өөрөөр хэлбэл Монгол банк, Сангийн яам хуйвалдаад өнгөрсөн онд УИХ-д мэдэгдэлгүй зах зээлд нийлүүлсэн 150 тэрбумын луйвраа булах гэж оролдож, ингэхдээ дахин хууль зөрчиж байна. Энэ шалтгаанаар л Засгийн газрыг огцруулах бүрэн боломж бий. Луйврын халхавч нь “Анод” банкин дахь хадгаламж эзэмшигчдийн мөнгийг тавьж олгосон” баатарлаг үйл явдал юм. Монгол банкнаас томилсон этгээдүүд хувьцаа эзэмшигчдийн асуудалтай зууралдаж байгаа нь мэдэгдсэнээс хадгаламжийг хэрхсэн нь олон нийтээс далд байсан. “Анод”-ын хадгаламж эзэмшигчид яагаад ч юм босоогүй, банк дампуурахад хамгийн их хилэгнэдэг хүмүүс бол хадгаламж эзэмшигчид байдаг. Яагаад тэд чимээгүй байсан юм бол? Нэг сонин урвуу порпорцыг эргэн санацгаая. Нийт хадгаламж эзэмшигчдийн 97 орчим хувьд хадгаламжийн ердөө 3 орчим хувь оногддог. Тэд дээд тал нь 10 саяын хадгаламжтай. Үлдсэн нь 97 хувийн хадгаламж нь 3 хувийг бүрдүүлдэг том хадгаламж эзэмшигчид. Эд хэн бэ? Хүн үү? Нам уу?

Одоо гаргах гээд байгаа бондын 150 сая энэ гурван хувьд оногдсон байна. Гэхдээ цаадуул нь хадгаламжийн 150 тэрбумдаа Засгийн газрын өрийн бичиг авахгүй байх л даа. Гэтэл гайхалтай бас нэг байгаа нь Засгийн газрын ийм их хэмжээний 270 тэрбум төгрөгийн өрийн бичгийг тэгээд хэн аваад байна аа? Төсвийн алдагдал нь хэрээс хэтэрчихсэн, бүр гайхалтай нь өрийн бичгийг төсөвт тусгахгүй гэж сангийн сайд нь мэдэгдээд байхад авах хүн олдоно л гээд байгаа юм. Энэ юуг харуулж байна вэ?    

УИХ-ын зарим гишүүн хэрдээ үзэлцэв. “Зоос банк” дампуурах гол шалтгаан болсон Олон овоотын алтны ордын лицензийг зараад мөнгөө олох боломж байгаа гэж УИХ-ын гишүүн О.Чулуунбат хэлсний дагуу шаардахад Сангийн сайд “Тэр лиценз чинь “Голден сакс”-ын мэдэлд очсон” гэж хэллээ. Иймээс аргагүй 100 тэрбумын өрийн бичиг гаргах болж гэнэ. Монгол банк, Засгийн газрын энэ нэг нууцлаг луйврын эсрэг гайгүй сайн үзэлцэж байгаа хүн нь О.Чулуунбат. Асуудал ноцтой байгаа ба оны өмнөхөн О.Чулуунбатын бие айхтар муудсан тухай, Оросууд дарамталж байгаа тухай яриа дэгдэв. Энэ тоглоомноос О.Чулуунбатыг холдуулах ноцтой шалтгаан тэр дээр байгаад байх шиг байна.  

1998 оныг саная

1998 оны хямралын үед яг ийм арга хэмжээ авсан Ц.Элбэгдоржийн Засгийн газар унаж байсан юм. Дампуурлын ирмэгт тулж, эдийн засгаа сүйтгэж эхэлсэн арилжааны банкууд энэ үеийг хүртэл улсын мэдэлд байсан. МАХН-ынхан эдийн засгийн шинэтгэлийг ямар ч аргаар хамаагүй улдан чангааж гацаахыг хүсдэг байсан. Тэд өөрийн мэдэлд байсан арилжааны банкуудаас захиргаа замбараагүй зээл авч, түүнийгээ чанаргүй зээл болгон их хэмжээний мөнгө луйвардсанаас эдийн засаг балран унах шахсан юм.

Арилжааны банкуудыг улсын мэдлээс гаргаж, хувийн банкинд нэгтгэхийг оролдсон Сангийн сайд Баабарын шийдвэр МАХН-ынхныг галзууруулсан. Нэг зүй тогтол байнга давтагдсаар байгаа ба өнөөдөр үүнийг таслахгүй бол цаашид энэ гай гамшиг Монголыг сүйрүүлсээр байх болно. Хэрэв 1998 онд “Сэргээн босголт” банкыг “Голомт”-той нийлүүлсэн бол МАХН-ын улстөр-санхүүгийн асар том луйвар илрэх байсан. Учир нь АН-ынхны байгуулсан “Голомт” банкны зээлийн бичиг баримтуудыг гартаа оруулж авсан бол МАХН бүрмөсөн сүйдэх байв. МАХН-ынхан яаж ийгээд Засгийн газрыг огцруулж, бүх өр зээлийн булхайг далдалсан. Асуудлын гол нь бүх эрсдлийг улсад л үүрүүлэхэд байсан. Улсын мөнгө бол эзэнгүй, тиймээс хэн ч нэхэхгүй. Ингэж улайрч зүтгэснээрээ МАХН хэдэн зуун тэрбумын хохирлоор оршин байх эрхээ олж авсан. Хэзээ хойно МАСЗХ-ны нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн 100 гаруй сая долларын зээлийн асуудал банкны өр барагдуулах албанаас илэрч байсан юм.

Үүний дараа улсын мэдэлд үлдсэн цорын ганц банк “Хадгаламж” банкыг хувьчилсны дараа МАХН-ынхны 1998 оны болгоомжлол ил болж 14.3 тэрбумын луйврыг Оросууд илрүүлснээр золиосонд нь МАСЗХ сүйрсэн билээ. Ахиад төстэй үйл явдлыг сөхвөл хадгаламж зээлийн хоршоодын дампуурал. Улсаас 30 тэрбумыг төлж байж, өөрөөр хэлбэл улсыг 30 тэрбумаар хохироож байж энэ хэргийг бас дарсан. Өнөөдрийн үйл явцыг харцгаая.

Наад зах нь 270 тэрбумаар улсыг хохироож байж энэ луйвраа далдлахыг хичээж байна. МАХН-ын ийм луйврыг Ардчилсан хүчин Засгийн эрхэнд байхдаа ч илрүүлж чаддаггүй, одоо ч бас алдуурч байна. 2008 оны сонгуулийн өмнө олонх арилжааны банкууд Ан-ынхны мэдэлд очоод байсан юм. МАХН-ын мэдэлд цөөхөн банк үлдсэний нэг нь “Зоос” банк. Хадгаламж банкыг 14.3 тэрбумын луйврын дараа  нийгмийн даатгалын сангийн мөнгөөр аварч үлдсэн нь тус болсон. Одоо нийгмийн даатгалын сан баларчихаад байна. Хямрал эхэлмэгц МАХН-ын хотын бүлэглэлийн мөнгөө шилжүүлэн байршуулсан “Анод” дампуурсан. “Хадгаламж” банкны  сүйрлийн дараа мөнгөний урсгал “Анод”-ыг чиглэсэн ба албаны зарим мэдэглээс үзвэл “Анод” хадгаламжийн хэмжээгээр улсад дөрөвт ороод байсан юм.

Гэхдээ бас “но” бий. “Анод” 150 биш 200 тэрбумын хадгаламжтай байсан. Нийт актив нь 300 тэрбум байсан. Анодын захирал Энхтөр хэдхэн хоногийн дараа 100 сая ам.долларын зузаатгал орж ирнэ, бүү дампуурал зарлаач гэж гуйж байхад нь Монгол банк цохиж унагасан. 100 сая ам.доллар гэдэг тэр үеийн ханшаар 150 тэрбум орчим төгрөг байсан юм шүү дээ. Энэ мөнгө хэзээ ч “Анод” банкинд орохгүйг Монгол банк мэдэж байсан бололтой.

МАХН-ынхан их хэмжээний хадгаламж байршуулаад түүнийгээ зээл хэлбэрээр авч эргэн төлөөгүйгээс энэ банк сүйрсэн. Өөрөөр хэлбэл Энхтөрийн хэлж байсан 100 саяын зээлээ “Анод”-д эргүүлж төлснөөс шууд дампууруулаад зээлээ найдваргүй болгох илүү ашигтайг харсан байж. Авсан зээлийн ихэнх сонгуульд үрэн таран болсныг таахад бэрх бус. Эздийг нь барьж хорив. Эздээс гадна зээл авсан этгээдүүд хоригдох ёстой байсан. Гэвч зээлийг буцааж төлүүлэх ёсгүй тул хадгаламжийг улсын мөнгөөр, гэхдээ далдуур төлжээ. Ингэснээр “Анод”-аас их хэмжээний зээл авсан этгээдүүд гэмгүй мултарч чадлаа. Харин тэднийг мултлахын тулд “Анод”-ыг зохиомлоор дампууруулсныхаа дараа хадгаламжийн даатгалын хуулиар бүх хадгаламжийг улсаас төлөх болгосон билээ. Үүний дараа улсын мэдлээс ямар нэг шугамаар нэг үл мэдэгдэх /ЖАСТ групп/ компанийн мэдэлд очсон “Хадгаламж” банкинд бусдыг нь нэгтгэх замаар луйвраа хэрэгжүүлэх гэсэн авч амжилт олоогүй юм.

Бүхий л тоо, тооцоог хараад байхад 220-250 тэрбумын луйвар явагдаад байна. “Анод”-ын хадгаламж эзэмшигч 3 хувьд 150 тэрбумыг төлөхийн өмнө дутуу барьсан барилгын фондыг улсад шахахын тулд 220 орчим тэрбумыг төсвөөс гаргуулахаар шахсан ч үнэ тохироогүйгээс мөнгөө авч чадаагүй юм. Одоо энэ сүйрсэн төслийг амь голтой төдий үргэлжлүүлсээр байгаа нь луйвраа далдлах зорилготойнх.

Одоо МАХН-ынхан АН-ыхантай хуйвалдаад буцаагаад 1998 оныхоо аргыг хэрэглэж  луйвраа далдлах гэж байна. Ингэхийн тулд л арилжааны банкыг улсын мэдэлд авч байгаа юм. Улсын мэдлийн банк гэдэг эрх баригч МАХН-ын мэдлийнх бөгөөд нэгэнт улсын мэдэлд орсон л бол улсын мөнгөөр тэтгэж байгаад МАХН-ын сонгуулийн санхүүжилтийн бүх балгийг баллуурдан арилгана. Арилжааны банк хэзээ ч улсын мэдэлд байж болохгүй, гэвч МАХН хуучинсагаар сэтгэж, төсвийн мөнгөөр дураараа дургих гэж байгаа юм. Яаж ийгээд 150 тэрбумыг хуулиас гадуур цайруулжээ, ингэхийн тулд өмнө өгүүлсэн шиг өрийн бичгийн алдагдлыг төсөвт тусгахгүй гэж ОУВС-тай тохирсон ч гэх шиг тэнэг тайлбар хийж байгаа юм.

Хэрэв АН үнэхээр МАХН-тай сөргөлдөж байгаа л юм бол наад зах нь С.Баярцогтыг Сангийн сайдаас нь зайлуулж байж МАХН-ын луйврын хам хэрэгтэн болохоос аврагдана. Энэ хэргийн баллуурдахын тулд өөрийнхөндөө ч итгэхгүй байгааг Занданшатарыг Сангийн сайд болгохгүй гэж АН-тай далдуур тохиролцож байснаас харж болно. Үүнээс өмнө МАХН-ын санхүүгийн луйврын талаар хэд хэдэн өгүүлэл бичиж байсан ч үндсэндээ дарагдаад өнгөрчээ. Бүр өнгөрсөн оны 4 дүгээр сард л анхааруулж байсан, Хөгжлийн сангийн хөрөнгө 450 тэрбум төгрөгийг үрэн таран хийх нь гэж. Одоо хөгжлийн сан байхгүй, алдартай 68 хувийн татварыг тэглэх нэрээр энэ санг устгаж, оронд “Хүний хөгжлийн сан” гэгчийг байгуулсан ба хөгжлийн сангийн 450 тэрбум хаачсаныг хэн ч асуугаагүй. Сайн санаж байна, “Хүний хөгжлийн сан” эхэндээ “Эх орны хишиг, эрдэнийн хувь” нэртэй байхаар УИХ-д орж ирэхэд МАХН-ын бүлэг хуралдаад нэрийг нь одоогийнхоор сольсныг. Ямар их мөнгө төлж байна аа, ард түмээн, энэ МАХН-ын луйврын төлөө… Зарим гишүүд “Анод”, “Зоос” банкны дампууралд зөвхөн банкыг бурутгаж байна, гэвч зөвхөн банк л буруутай байсан бол эрх баригчид юунд ингэж улайрах вэ, асуудлын гол нь намд нь байгаа.

2010 онд яах вэ?

Их хэмжээний мөнгөний эмисс хийсэн учраас Засгийн газрын дотоод өр өсөх тусам ирээдүйд инфляци жолоо цулбуургүй алдарна гэх айдас төрж байгааг хэлээд яахав. Хэрэв инфляцийг хяналтаасаа алдвал удахгүй Засгийн газар дотоод өрөө төлөхөөс татгалзаж магадгүй. Хэрэв ингэвэл арилжааны банкуудыг сүйрлийн хоёр дахь давалгаа нөмөрнө. Таамаглаж байгаагаар, бас уламжлал ёсоор Засгийн газрын бондыг авдаг нь банкууд л байдаг. Сая дампуурсан хоёр банк хоёулаа хөрөнгийн биржээс мөнгө босгосон ч дампуурчээ.

Өнгөрсөн оны 3 дугаар сарын үеэр төрийн сангийн данс гэнэт улайсан нь гарцаагүй давтагдана. Учир энэ жил банкнаас аж ахуйн нэгжүүдийг зээлээр дэмжээгүй. Монголын санхүүгийн жил оны эхээр эхэлдэг. Татварынхан тайлангаа авч, хураах татвараа багцаалж, эхний татвар төрийн санд орж иртэл буюу оны эхний улиралд Засгийн газар модоо барьдаг.

Гэтэл сая бондын барьцаанд УИХ-ынхан зүтгэж байгаад өнөөх хишгийн эхний хэсгийг тараа гэж Засгийн газарт тушаалаа. Мөнгө нь байдаг бол хамаатай юу. Энэ нь УИХ Засгийн газраас хорон муухайгаар хариугаа авч байгаа хэрэг л дээ. Гишүүн бүрт өгсөн тэрбумын төлөө Засгийн газар биш УИХ бүх муу нэрийг дуулсанд гишүүд багтарч үхэх гэж байна. Ахин сонгогдох найдвар алга гэж. Гэвч үнэндээ Засгийн газрын хөгийн барьцаанд тоглуулж байгаагаа одоо болтол мэдээгүй, сая барьсан хариу нь үнэндээ байдлыг улам муутгана уу гэхээс сайжруулахгүй. Байдал тайван мэт харагдаж байгаа ч Засгийн газар хутганы ирэн дээр гүйж явна. МАХН-ын дарга хэн болохоос Засгийн газрын хувь заяа хамаарахгүй, харин энэ санхүүгийн хүндрэлээс, УИХ-ай зөрчилдсөнөөс болоод явихаж магадгүй байна. Энэ удаад 1998 он эргэж ирэхдээ МАХН-ыг багалзуурдаж байна. Эхэнд хэлсэнчлэн нөхцөл байдал Оросын 1998 онтой төстэй байна, тэр үед Орос дарангуйлал руу халтирч орхсон юм, харин манай энэ удаагийн төстэй байдал нь дарангуйллаас гарахад тохиож буй бэрхшээл юм. Одоо Ерөнхий сайдуудын эрин эхэлнэ. Хэдэн Ерөнхий сайд тодорохыг одоо таашгүй.

Оросыг авраад М.Касъяанов явсан, харин тэр үед элчин байхдаа М.Касъяановыг сайтар ажиглаж байсан С.Баяр Монголыг нэг сайн Касъяановдаад орхисон чинь 1998 он руу авааччихдаг байна. Яахав үр дүнгүй ч гэсэн бичээд л байя, ядаж хожим тавлах гэж…

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив