Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цуст үндсэн хууль
2010 оны 1 сарын 5 [Уншсан тоо: 119581]

1924 оны 11 дүгээр сарын 26-нд Монголчууд феодализмаас татгалзаж, хаант ёсыг, тэр дундаа дорно дахины улсуудад хадгалагдсаар байсан төрийг удирдах хос ёсны уламжлалыг таслаж, басхүү зэрэгцэн хөрөнгөт ёсыг халах коммунист үндсэн хуулийг коминтернийн шахалтаар баталсан өдөр юм. Түүхэн ач холбогдлын хувьд дэлхий дахинд хэвшин байсан үндсэн хуульт төрийн ёсыг анх удаа авч хэрэгжүүлсэнд л баяр бахдал болгох цорын ганц утга учир нь оршиж байгаа юм.

Хос ёсны уламжлалыг Монголоор маш сайхан томъёолсон нь Богд хааны цолонд туссан ба “Шашин төрийг хослон баригч” хаантай байв.  1911 онд Чин гүрнийг унасны дараа тусгаар тогтнолынхоо төлөө шаргуу тэмцсэн Монголчуудаас Ар Монгол тусгаар тогтнох замдаа шуударч буйн илэрхийлэл нь энэхүү анхдугаар үндсэн хууль байв.  Энэ өдөр төрийн засаглалын ардчилсан Бүгд Найрамдах хэлбэрийг ёс төдий тунхагласан ба орчин үеийн улстөрийн шинжлэх ухааны үүднээс харвал тоталитар дарангуйлал, ёс төдий ардчиллыг тунхаглажээ.  Хамгийн ардчилалгүй хэрнээ “ардчилсан хэмээх тодотголтой” 20, 21 дүгээр зууны төр улсуудыг бид мэднэ. Хойд Солонгос өөрийгөө Ардчилсан гэдэг, зүүн Герман ч ардчилсан гэсэн тодорхойлолттой байсан.

Бидний өдгөө тэмдэглэдэг аман ярианд “улс тунхагласны баяр” гэж нэрлэдэг өдөр нь “Анхдугаар үндсэн хууль батласны ой” гэдгийг Ерөнхийлөгч асан Багабанди хэлсэн үгэндээ тэмдэглэсэн нь түүхэн үнэн юм. Гэвч тухайн үед Монголчууд үндсэн хууль батлаж буйн цаад учир утгыг тусгаар улс болж буйн нэг илэрхийлэл, бусдаас үл хамаарах төр, засгийн тогтоож буй хэрэг гэж үзэж байсан юм. БНМАУ нь нийт Монголчуудын тавны нэг, халх дөрвөн аймаг, богдын шавь, дөрвөд хоёр аймаг, Ховд, Хөвсгөлийн хязгаарыг хамарчээ. Энэ бол тэр үеийн статистик тоогоор 651 700 хүн ам, 93,7 мянган өрх байлаа.

Анхдугаар үндсэн хууль нь түүхэн баримтуудаар нотлогдсоноор ЗХУ-ын 1922 оны үндсэн хуулийн хуулбар, зарим судлаачийн хэлдгээр Зөвлөлтийн Бүгд Найрамдах улсуудад ёс төдий хэрэглэж байсан үндсэн хуулиудыг хуулбарласан байв. Энэ хуулийг Коминтернээс Монгол хүчээр тулган хүлээлгэсэн байна. 1924 оны Улсын анхдугаар их хурал олон хоног үргэлжилсэн боловч үндсэн хуулийг хэлэлцэхэд ердөө хоёр өдрийг зориулжээ.

Коминтерн Монголд коммунист үндсэн хууль тулган хүлээлгэх бэлтгэл хийж байх зуур 1924 оны хоёрдугаар сард Бээжин хотноо Зөвлөлт-Хятадын хэлэлцээр болж, Монгол бол Хятадын салшгүй нэг хэсэг болохыг Зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрч байсан юм. Энэ гэрээг ЗХУ-аас Бээжинд сууж байсан элчин сайдын нэрээр Караханы гэрээ гэж нэрлэсэн байна.   

Энэ жил бид анхдугаар үндсэн хуулийн 85 жилийн ойг тэмдэглэв. 85 жилийн өмнө буюу 1924 онд болсон түүхэн зарим үйл явцуудыг албан ёсны түүхэнд дурддаггүй буюу балархай орхидог тул сэргээж үзье. Эдгээр үйл явцдлууд нь үндсэн хуулийн үзэл санаа, үзэл баримтлалтай холбоотой тул дурдаж байна.

Үндсэн хууль батлагдахын өмнө Монголд юу болж байв. 1922 онд хувьсгалын удирдагчдын нэг Догсомын Бодоог Ерөнхий сайдаас огцруулж, дараа нь Ерөнхи сайд асан Чагдаржав нарын 15 хүнтэй хамт буудан алжээ. 1923 онд жанжин Сүхбаатар учир битүүлгээр цэл залуугаараа нас барав. Үүний дараа 1924 оны тавдугаар сарын 20-нд Монголын хэмжээт эрхт хаан, VIII Богд Жавзандамба хутагт 55 насандаа сэжигтэйгээр гэнэт таалал төгсжээ. 1924 оны наймдугаар сард түшмэдийн бүлгийн толгойлогч, Ерөнхий сайдын орлогч Солийн Данзанг Монголын Ардын Намын гуравдугаар их хурлаас баривчлан буудан хороов.

11 дүгээр сарын 26-ны олон нийт тусгаар тогтнолын баяр гэж ойлгожээ, гэвч үндсэн хуультай болж байгаа нь тусгаар улсын шинж гэсэн уламжлалт ойлголтоос өөрөөр энэ баяр тусгаар тогтнолтой огт холбоогүй юм. Энэ өдөр тусгаар тогтнолоо зарлаагүй, бас олоогүй. Угтаа бол Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ба 1946 оны 1 дүгээр сарын 6-нд тусгаар тогтнох эрхээ олж авч, 1961 онд НҮБ-ын гишүүн болсноор бүрэн баталгаажсан юм.

Өмнө дурдсан 1924 оныг хүртэл болсон аллагууд анхдугаар үндсэн хуулинд ямар хамаатай болохыг авч үзье. Зөвлөлт Хятадын 1924 оны Бээжингийн хэлэлцээр нь Монголыг тусгаар улс биш болохыг баталсан Хиагтын 1915 оны гурван улсын гэрээг байгуулахад Хаант Оросын баримталж байсан байр суурийг дахин батласан юм. Харин Монголчууд өөрсдөө 1911 онд Манж нарыг хөөн гаргасан ба 1921 онд гаминг хядан устгасан тул хятадаас эзэрхэх зүйлгүй, Монгол улс бол бүрэн эрхт тусгаар тогтносон улс хэмээн үзэж байв.

Богд хаант Монгол Улсын цэрэг 1913-1915 онд Хятадын өнгөлзлөгийг няцаахаар барахгүй, Хөх хотыг өнгөртөл давшсанд Оросууд монголд зэвсэг нийлүүлэхээс татгалзаж цэргээ буцаан татахыг шаардаж, зэвсэг нийлүүлэхээс татгалзжээ.  Монгол Улс арга буюу цэргээ татсаны дараа Хиагтад гурван улсын хэлэлцээр болж Оросууд Монголыг Хятадын автономит муж гэж үзэж байгаагаа баталжээ. 1915 оны гэрээгээр Монголыг Хятадын автономи гэж үзэхээр болсныг Монголчууд бүрэн тусгаар тогтнол гэж ойлгож, автономитын үе гэж нэрлэдэг болжээ. 1919 онд генерал Сүй Шү Жан Хүрээнд цэрэг оруулснаар тусгаар тогтнол түр алдарсныг 1921 онд Ардын нам байлдан олов гэж бодож байлаа. Хятад Монголд цэргээ оруулсныг Монголчууд ойлгохдоо хөрш улсаа эзлэн түрэмгийлсэн хэрэг гэж үзэж байсан юм.

Ардын түр Засгийн газар Хүрээнд орж ирээд Богд хаантай тангарагийн гэрээ байгуулахдаа эрх мэдлийг хязгаарлаж, хэмжээт эрхтэй болгож, төрийн эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлээд байв. Үүний дараа Монголчуудад засаглалын хэлбэрээ сонгох нь тулгамдсан асуудал болжээ.  1911 онд тусгаар тогтнохдоо хэмжээгүй эрхт, дээр нь шашны удирдагчийн эрхийг давхар олгосон  Хаант засгийн хэлбэрийг сонгосны учир нь Богд Жавзандамба хутагтыг хаанаар өргөмжилсөнд байв. Энэ хүн бол Монголын түүхэн дэхь Чингис хааны угсааны бус цөөн хүний нэг.

Чингис хааны угсааны болон шашны том феодалуудын маргаан нь эцэстээ гаминг хүрээнд байлдалгүй орж ирэх нөхцлийг хангасан байна. Гамингууд Богд хааныг барьж хорьсон ба 1919 оны эхээр Барон Унгерн Монголд орж ирээд Богд хаан Хүрээг эзлэж, гаминг хөөгөөд хааны хэмжээгүй эрхийг сэргэжээ. Энэ үед үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчид Хиагтад Оросоос зэвсэг авч гаминг бутцохисныхоо дараа улаан армийн ангиудын тусламжтай цагаантныг бутцохин Монголоос хөөжээ.

Үүний дараа тусгаар тогтнолоо алдсан хэмээх муу нэрд унасан Богд хаан  Ардын Засгаас эрхийг нь хязгаарласныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд оржээ. 1921 оны 9 дүгээр сард “Уриа” сонинд гарсан баримт бичгээс үзвэл “Засгийн газар… хэргийг явуулахад Богд хааныг хэмжээт эрхэт улсын хаан гэж хүндэтгэн ардын эрхийг бадруулахыг хичээнэ” гэжээ. Богд хааны зүгээс Засгийн газрын тогтоосныг эвдэх зүйлгүй гэжээ.  

Харин үндсэн хуулийг боловсруулах ажил нэлээд эрт эхэлсэн байлаа. Түүхэн баримт бичгүүдээс үзэхэд 1914 оноос өмнө эрдэмтэн Жамсраны Цэвээн Ерөнхий сайд Намнансүрэнгийн дуртган даалгасны дагуу дэлхийн олон оронд төрийн эрх барих дээд байгууллага хэрхэн үүсч төлөвшсөн, уламжилсан байдлыг нэлээд  тод тусгасан “Улсын эрх” хэмээх томоохон бүтээл туурвиад байжээ. Түүний гар бичмэлийг 1924 оны эхээр Хүрээнд тусгай ном болгон хэвлэжээ. Энэ нь шинэ үндсэн хууль боловсруулахад тус болох зорилготой байлаа. 1924 оноос өмнө Англи, Норвеги, Япон, ЗОУ-ын 1918 оны үндсэн хууль, бас бус гадаад орны эрх зүйн хэд хэдэн бүтээлийг Монголоор орчуулсан байв.

Хэдийгээр батлагдаагүй боловч 1924 оноос өмнө Ерөнхий сайд асан Д.Бодоо, эрдэмтэн орчуулагч Ж.Цэвээн нар  тус тус Үндсэн хуулийн төсөл боловсруулсан байжээ. Д.Бодоогийн боловсруулсан хуулийн агуулгад Богд хааны хэмжээт эрхийг нэлээд нэмэгдүүлсэн ба Засгийн газрын хуулинд одоогийнхоор бол нэг удаа хориг тавих эрхтэй болгожээ. Жишвэл өнөөгийн Ерөнхийлөгчийн хоригтой адил.  Засгийн газрыг дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх таван яамтай байхаар тогтоож өгсөн байна. Засгийн газрын дэргэд Улсын их хурал байх, Засгийн газрын үл зөвшөөрснийг улсын хурлаар дахин хэлэлцэх ёстой гэж заасан байжээ. Төсөлд  Засгийн эрх гүйцэтгэх засаглалд төвлөрөхөөр тусгасан байжээ.  

Эрдэмтэн Жамсраны Цэвээний төсөлд “Монгол Улсын харъяат түмний сонгож олсон төлөөлөгчид цуглаж бүх улсын хуралдаан байгуулан улсын дээд эрхийг баримуй” гэснээс үзвэл параментын засаглалын хэлбэрийг түлхүү сонгожээ. Богд хааныг хэмжээт эрхт хаанаар хэвээр үлдээх ба хуралдааны бусад цагт дээд эрхийг Засгийн газар хадгалахаар заажээ. Мөн үндсэн хуулийг санаатай зөрчвөл “Ард түмний шударга эрчүүл зэвсгийг барин босож, эрх чөлөөгөө хамгаалах эрхээ хадгална” гэсэн заалт орсон нь өнөөгийн Германы үндсэн хуульд оруулсан заалтыг санагдуулж байгаа юм.

Ямар боловч 1924 он гэхэд Монголчууд дэлхийн олон орны үндсэн хуулийг судлан орчуулж, түүнээс сайн бөгөөд зохихыг тусган авсан хоёр ч эхтэй болсон байв. Хуулиудад Англи, Японы үндсэн хуулийн санаа, хаант засаг, парламентын ёсыг хослуулсан байв. Гэвч энэ хоёрын алийг ч аваагүй юм.

Монголчуудын боловсруулсан үндсэн хуулийг гацаасан нөлөөллүүдийг шинжлэхийн тулд түүхийн он цагийн дараалал ба Засгийн газрын шийдвэрүүдийг эргэн сөхөх нь зүйтэй байх. 1921-1924 онд Засгийн газарт бүх эрх мэдэл төвлөрч байсан ба Ардын хурал зэрэг парламентын элементүүд байгуулагдаагүй байв.   Ерөнхий сайд Догсомын Бодоог бүх албан тушаалаас нь халж, намын гишүүнээс хөөсний дараа Монголчуудын бие даан үндсэн хуулиа боловсруулах ажилд саад тотгор учирч эхэлжээ. 1922 оны дундуур үндсэн хууль боловсруулах тусгай комиссыг шүүх яамны сайд Магсар хурц буюу Магсаржаваар удирдуулан, эрдэмтэн Цэвээн, түшмэл Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулав.  

Мөн оны наймдугаар сард Ерөнхий сайд асан Бодоо, дотоод яамны сайд да лам Пунцагцэрэн, түр Засгийн газрын Ерөнхий сайд асан Чагдаржав нарыг буудан хороожээ. Тэднийг ардын засгийг устган Богд хааны эрхийг сэргээхийг завдсан гэж хожим дүгнэх болно. Ингэх дүгнэх шалтгаан нь Бодоо агсны боловсруулсан үндсэн хуулийн төсөлд хааны эрхийг нэмэгдүүлэх заалт туссанд байна гэж таамаглаж болохоор байна..

Үүний дараа буюу 1922 оны 9 дүгээр сард Засгийн газраас “Үндсэн хууль” боловсруулах ажлыг яаравчлах шийдвэр гаргажээ. Европын олон улсын хууль дүрмийг орчуулж, нийцүүлэн хянан гүйцэтгэхэд их удах тул ардын эрхт хэмжээт эрхт цаазат Англи мэт улсын хуулиас товчлон авч, эдүгээгийн байдалд явуулан буй Засгийн байдалд нийцүүлэн зохиовол зохимой”  гээд мөн өмнөх улсын үед хэрэглэж асан хууль заалтыг нэмэн дуусгахыг даалгасан байжээ.

Үүний зэрэгцээ үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссыг Засгийн газрын хэлтэс болгон өргөжүүлжээ. Гэвч анхнаас комиссыг даргалж байсан Магсар хурцыг  Шүүх яамны сайд байхдаа улстөрийн сонор сэрэмж алдсан хэмээн 1923 оны 3 дугаар сард баривчлан хорьжээ. Дүгнэвэл энэ комиссын боловсруулсан хууль нь мөн л коминтерны санаанд нийцээгүй ажээ. Тиймээс шууд Засгийн газрын мэдэлд авсан байна.

Хамгийн сүүлд Зөвлөлт-Хятадын Караханы хэлэлцээр явж байх үед буюу 1924 оны хоёрдугаар сард “Үндсэн хууль” боловсруулах ажлыг эрчимжүүлэх, гадаадаас хууль цаазад нэвтэрсэн хүнийг урьж ирүүлэх ба сар бүр 140 лан мөнгөний цалин олгож, орон сууц, гэрэл үнэгүй хэрэглүүлэх“ шийдвэр гаргаснаас хойш үндсэн хуулийн төсөл бэлдэх ажлын сураг тасарчээ. Гэхдээ үүнийг анхаарвал зохино. Чухамхүү энэ шийдвэрийн дагуу коминтернээс үндсэн хууль боловсруулах ажилд оролцох төлөөлөгч илгээх боломж гарсан байна. Ийм шалтгаантай тул үндсэн хууль боловсруулах ажил бараг зогссон байна.

1924 оны тавдугаар сард Богд хаан сэжигтэйгээр таалал төгсчээ. Түүнд 1923 оны хоёрдугаар сард таалал төгссөн жанжин Сүхбаатарт туссантай адил өвчин тусчээ. Богдыг эмчилэхэд ордны эмч нарыг нь оролцуулалгүй тусгаарласан бөгөөд Засгийн газраас томилсон европ эмнэлгийхэн эмнэх ёстой гэсээр таалал төгсчээ. Богд хаан одоогийн Удирдлагын академийн ойролцоох Хайстай ордонд хорионд байсаар таалал төгссөн байна. Харин түүнийг хэрхэн оршуулсан тухай баримт байдаггүй билээ. Мөн Сүхбаатарын шарилыг хэд хэдэн удаа ЗОУ-д аваачиж, үхлийн шалтгааныг олох задлан шинжилгээ хийлгэсэн нь түүний үхлийн шалтгаан эргэлзээтэй байсныг харуулдаг.

Ийнхүү Богд хаан ханиадаар жанч халснаар “Үндсэн хуулинд” Бүгд Найрамдах засаг ба хааны эрх хэмжээг хэрхэх тухай асуудал үндсэндээ байхгүй болж Бүгд найрамдах засаг тогтоох үндсэн хууль батлагдах нь тодорхой болжээ.  1924 оны наймдугаар сард Монголд улстөрийн хямрал нүүрлэж, коминтерны Монгол дахь ажиллагаа идэвхжлээ. МАХН-ын гуравдугаар их хурлын үеэр Солийн Данзанг  баривчлан буудан хороожээ. Солийн Данзан улс орныг хөрөнгөтний замаар явуулахыг санаархаж байсан хэмээн зарлав. Ийнхүү өнөөдөр харахад анхны үндсэн хууль ямархуу хууль байх нь бараг тодорхой болжээ. 1924 оны наймдугаар сард хуралдсан МАХН-ын 3 дугаар их хурлаас “Тус улс хөрөнгөтний бус хөгжлийн замаар социализмд хүргэнэ” гэсэн шийдвэр гарсан байв. Намын энэ жанжин шугам гэгч үндсэн хуульд тусгалаа олох учиртай байв. Энэ бүхэн Коминтернийн шууд оролцоотой хийгджээ.

1924 оны 10 дугаар сард Коминтернээс МАХН-ын төв хороонд байнга ажиллах төлөөлөгч томилогдон ирснээр үндсэн хууль боловсруулах ажил эрчимжжээ. Үүнээс хойш гурван долоо хоногийн дараа буюу 10 дугаар сарын 24-нд “…Үндсэн хуулийг зохиох даруйхан төлөвлүүлэн” улсын хуралд батлуулахын тулд Ерөнхий сайд Цэрэндорж,  Эрдэмтэн Цэвээн, Ринчино, Всевятский, Гомбобадамжав нарыг тусгай комисс болгон томилжээ. Энэ комисс өөр боловсронгуй хүнийг урин ажиллуулах ба үндсэн хуулийг ердөө гуравхан долоо хоногийн дотор боловсруулах үүрэг хүлээжээ.

Ингэхээр энэ бол ёс төдий зүйл бөгөөд 1924 оны 11 дүгээр сарын 2-ны өмнө Монгол Улсын үндсэн хуулийг боловсруулжээ. Гайхалтай нь хуулийн төслийг Коминтернд хүргүүлсэн байна. Үүнээс үзэхэд урьд 1914 оноос хөөж үзвэл 10 жил боловсруулж амжаагүй үндсэн хуулийг энэ комисс ердөө долоохон хоногт боловсруулсан болж таарч байна.

Коминтернийн суурин төлөөлөгч Р.Т.Рыскуловын 1924 оны 11 дүгээр сарын 2-нд Коминтернийн тэргүүлэгч гишүүн Мануилский, Войтинский нарт илгээсэн захидлаас үзвэл “Ерөнхий сайд Б.Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг баталсан төв комиссын хуралдаан дээр үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авсан билээ” гэсэн боловч уг захидлынхаа дотор “Үндсэн хуулийн төслийг  Всевятскийтэй хамтран боловсруулсан юм” гэжээ. Үүнээс үзвэл Монгол Улсын анхны үндсэн хуулийг эцэслэн боловсруулахад Монголын улстөрч, эрдэмтэд бараг оролцоогүй ба Коминтернээс голлон боловсруулжээ.

Үүний нэг жишээ... Комиссын удаа дараагийн хуралдаан дээр эрдэмтэн Жамсраны Цэвээн “Либерал үзэл баримталсан хуулийн төсөл оруулахыг эрмэлзсэн” тул дараагийн хуралдаанд түүнийг зориуд уриагүй байна. Рыскулов Коминтерн, ЗХУ-ын удирдагчдын зааврыг ягштал мөрдөж, Монголын төрийн уламжлал, ёсыг үл тоосон ба нэлээд хатуу чанд заалттай үндсэн хуулийн төсөл боловсруулснаа Монголчуудад тулган хүлээлгэжээ.

Ийнхүү Улсын анхудгаар хуралаар үндсэн хууль батлах болов. Үндсэн хууль батлах Улсын анхдугаар их хуралд Рыскулов хэд хэдэн удаа үг хэлж, санал гаргасныг төлөөлөгчид мөн л үг дуугүй зөвшөөрөн баталжээ. Энэ үндсэн хууль бол ядаж Зөвлөлт Оросу Улсын 1918 оны нэлээд зөөлөн үндсэн хуулиас огт өөр байв.

Анхдугаар их хурлын үеэр зарим цөөн төлөөлөгч өөрийн бодлоо илэрхийлжээ. Төлөөлөгч Лувсанчойн “ Жавзандамба хутагтыг тодруулах асуудал үндсэн хуульд холбогдох мэт” гэсэн саналыг хүлээн аваагүй байна. Ингэсээр 1929 оны эхээр хуралдсан улсын 5 дугаар их хурлаас “Богд зэрэг хутагт хувилгаадыг залах тодруулах гэхийг бүрмөсөн зогсоох” шийдвэр гарсан. Анхдугаар “Үндсэн хууль” хэт хатуу чанд байснаас ард түмний дургүйцэл 1932 он гэхэд туйлдаа хүрч хурцдан улс орон даяар хамарсан бослого дэгдэхэд хүрсэн байна. Харин уг хуулийг батлуулсандаа эрэмшсэн коминтернийн төлөөлөгч Рыскуловын дураар аашлах нь хэрээс хэтэрсэнд буцаан татжээ. Нийслэл хүрээний нэрийг Рыскуловын  саналаар Улаанбаатар болгон өөрчилжээ.

1948 онд МАХН-аас гаргасан “Чингис хааныг харгис алуурчин” гэж тодорхойлсон түүхийг Марксист үзлээр харж байх тухай тогтоолын дагуу анхудгаар үндсэн хуулийг юу гэж үзснийг эцэст нь тодруулъя. “Улсын анхдугаар их хурлаас ардын Засгийн газрын үйл ажиллагааг сайшааж, 11 дүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаад БНМАУ-ын анхдугаар үндсэн хуулийг санал нэгтэй батлав. Тус улсыг хөрөнгөтний бус хөгжлийн замаар социализмд хүргэнэ гэж МАХН-ын гуравдугаар их хурлаас тодруулан заасан намын жанжин шугам үндсэн хуульд тод тусгалаа олжээ. Монгол улс бол феодалын дэглэмийн үлдэглийг бүрмөсөн устгах, шинэ маягийн ардчилсан засаг төрийг бэхжүүлэх зорилго бүхий бүрэн эрхт, тусгаар тогтносон Бүгд Найрамдах улс мөн гэж үндсэн хууль тунхаглажээ.

Үндсэн хуулийн ёсоор  урьдын ноёд, хутагт, сүм хийдэд байнга суудаг лам нар, худалдаачид, мөнгө хүүлэгчид болон бусад мөлжимтгий этгээдүүдийн улстөрийн эрхийг хасчээ. Ардын ардчилсан шинэ улсын феодал хөрөнгөтний эсрэг мөн чанар нь үүгээр хурц тод илэрч байв” гэжээ. Энэ бол Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан товхимолын үг билээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив