Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Саудын Араб болох уу?
2010 оны 1 сарын 13 [Уншсан тоо: 57372]

Сауд Монгол хоёр

Олон зууны турш хоёр талаасаа хавчигдан шахагдсаар 1,5 сая хавтгай дөрвөлжин километр газар бидэнд үлдсэн, далайгаас хол, эрс тэс уур амьсгалтай, үржил шим муутай, хагас нь цөл, наймхан хувь нь ой, бүх гол мөрөн гадагш урсгалтай, газар тариалангийн үржил шимт нутаг багатай, фермерийн аж ахуй эрхлэх нутаг бага, хагас зэрлэг мал малладаг нүүдлийн мал аж ахуй л эрхлэх боломжтой. Мөн гайтай яа. Дээр нь Монгол буурай байна. Дөрвөн зууны давтамжтай агаарын хэм 1-2 хэм дулаарахад гол мөрнүүд сэргэж, бэлчээр тэлж, овог аймгууд холилдсоноор эзэнт гүрнүүд бий болдог, дараа нь хуурайшил эхэлж, говь хангай зааглагдахад овог аймгууд алс тасарч бутран доройтдог байлаа. XX зууны эхээр цаг уурын таатай нөхцөл бүрдсэн, жам ёсоор Монголчуудsy мандлын үе ирж байв, тэгээд төрөө сэргээжээ, гэвч  дулаарлын таатай үеэ богино байж, хуурайшилд нэрвэгдчихлээ. Уг нь таатай уур амьсгал 200 жил үргэлжлэх ёстой, гэвч үйлдвэржилтийн нөлөөгөөр уур амьсгалын дулаарал 4 хэмээс давжээ. Ингэвэл дулаарал аюул дагуулдаг. Үндэсний сэргэн мандлын үзэл санаа сэргэж, идэвхтэй оргилуун хүмүүс үй олноор төрж байна, гагцхүү энэ уур амьсгал, ландшафтын эерэг орчингүй бол  сөрөг нөлөө үзүүлнэ. Орчны таагүй нөлөөлөл үндсэний оргилолтой давхцвал сэргэн мандал эвдрэл бутрал болдог. Удахгүй газар нутгийн 90 хувь цөлжинө. Ингээд л хүссэн хүсээгүй газар нутгийн нь  90 хувийг цөл эзэлдэг Саудын Араб болчихож байгаа юм.

Саудын Араб бол дэлхийн хамгийн сүүлийн виваангирдич Мухаммед исламын шашныг үндэслэсэн газар. Жил бүр Мекка, Мединад исламийнхан цуглаж ариун шашны шүтээнд мөргөөд “хаж” болоод буцдаг. Үүгээрээ лалын ертөнцөд Ватиканы үүрэг гүйцэтгэдэг. Католик, протестант ялгаагүй Ватиканыг хүндэтгэдэг шиг шийт, суннит ялгаагүй Саудын Арабыг хүндэтгэдэг. Хэдийгээр Иран, Ирак, Түрэгийг бодвол ойрхи дорнодын хүчирхэг цэргийн гүрэн биш авч улстөр, шашны нөлөө нь тэдэнтэй зүйрлэшгүй. Монгол гутал шиг энэ хойгийнхон тэмээ нь нэг бөхтэй болохоос бас л нүүдэлчид.

Монгол ертөнцийн хамгийн аугаа гүрнийг байгуулагч Чингис хааны төрсөн нутаг. Ач хүү Хүлэгүгээс Саудыг хамгаалсан мамлюкууд, Айн жалутэд Найманы Хитбухыг ялснаар Монголчуудад шашны ариун газраа сүйтгүүлсэн гэх өсөрхөл түүхэнд үлдээгүй юм. Дараа нь Хүлэгүгийн үр ач лалын ариун үйл хэргийн төлөө тулалдаж байлаа. Харин Монголчууд буддын шашныг авчээ. Улаанбаатарын тухайд манайхан өөрсдөө ойшоодоггүй болохоос XX зууны эхээр Лхас, Өргөө хоёр Мекка, Медина байсан юм. 1905 онд XIII Далай лам Түвдэнжамц ирэхдээ үүнийг ойлгоод буцсан байдаг. 1990 онд Зөвлөлтийн коммунистууд Монголоос гарсны дараа шашин сэргэж байна. Удалгүй Монгол Буддизмын шарын шашны төв болох байх. Учир нь Лхаст Хятадын коммунистууд шашныг сүйтгэж байна.

Хамгийн гол нь худалч хүний хэлдгээр Саудад гадас хатгахад л нефть олгойддог гэнэ лээ, харин бид зиндаархаж жаахан давсалбал Монголд хүрзээр гишгэхэд л нүүрс гялтганаж байдаг. Зөвхөн өмнөд бүс дэхь судлагдсан нүүрсний нөөц 152 тэрбум тонн, энэ үзүүлэлт цаашид өсөх нь магад. Айвенхоугийн Роберт Фрийдланд “Монгол бол нүүрсний Сауд Араб болох нь” гэжээ. Түүнийг сонссон “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Том Албаниз Сиднейд “Тэгвэл бид Монголд нүүрсний салбарт хөрөнгө оруулах ёстой юм байна” гэж мэдэгджээ. Монгол нүүрснээс гадна шатдаг занарын гайхамшигт нөөцтэй. Саудын Арабын нефтийн нөөц 25 тэрбум баррель гэдэг юм билээ. Тэртээ 1939 онд Квантуны армийн танкуудыг Хятадын Фушуны ордын занарыг нэрж гаргасан шатахуунаар цэнэглэж байсан юм билээ. Манай занар маш сайн чанартай, тосон занарын арвин нөөцтэй, нефть болгох технологийн дагуу ашиглахад 40 орчим тэрбумын нөөц байгаа юм билээ. Яагаад гэвэл манай газар нутгийн 70 хувь занараар хучигдсан. Энэ талаарх судалгааг хийсэн химич залуу тэр жил Н.Багабандиас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардсан.

Дээр нь зэсийн асар их нөөц бий. Монгол Эрдэнэтийн ордыг ашиглаж байна. Нөөцийг нь сорчилсон болохоос дуусах яагаа ч үгүй, геологчидын хэлэх нь ордын баруун үзүүр Хөвсгөл хүрдэг. Саяхан Эрдэнэтээс хоёр дахин их нөөцтэй Оюу толгойн ордыг ашиглах гэрээг баруунхантай байгуулж, Орос, Хятадын цухлыг хөдөлгөв. Оросууд тэгвэл бид Буриад дахь “Удган” ордыг ашиглана гэж шаралхав. Харин Хятадууд Төвд дэхь “Юлон” ордыг ашиглаж байх шив. Гэвч Монголд цаана нь судлагдаагүй нөөц асар их бий, наад зах нь Оросууд захиж, захиж үлдээсэн  Цагаан суваргын зэсийн орд ашиглаж байгаа болон, ашиглаж эхэлж буй ордуудтай өрсөлдөх нөөцтэй. Тэгэхээр бид авч үлдсэн газар нутгаа голох бус өвлүүлсэн эцэг өвгөдийнхөө сүнс сүлдэнд талархах ёстой бус уу? Одоо харин энэ баялгаа яаж зөв ашиглаж, бүгдээрээ Саудын Арабынхан шиг амьдрах вэ? гэдгээ шийдэх цаг. Нөхцөл байдал хүндэрч буй авч үндэсний сэргэн мандах гол нөхцөл нь уур амьсгалтаас хамааралтай цаг уур биш харин орчин үеийн технологиор ашиглаж болох ашигт малтмал болжээ. Гэв гэнэт  асар том ордууд нээгдэж байгаа нь мухар сүсэгт автсан хүнд бол одоо юу ч гэмээр юм бэ? Дээд тэнгэрийн бэлэг байх, гэвч энэ бол зүй тогтолт үзэгдэл юм.

Гайт агшин буюу түүхийн давтамж.

Лев Николаевич Гумилевын онолд түүхийн гайт агшин гэж ойлголт бий. Олон хүн үл анзаарагдан өнгөрөөдөг ч энэ гайт агшинд түүхийн дараагийн үед нөлөөлөх эргэлт гарчихсан байдаг. Өмнө цухас дурдсан Айн Жалут дэхь Монгол-Мамлюкийн, Хивчааг Бейбарс Найман Хитбухын тулаан нь түүхийн гайт агшин байсан агаад үүнээс хойш Монголчууд Кайр төвтэй Мамлюк султаныг эрхэндээ авахаас өнгөрчээ. Монголчууд лалынхнаас анхны энэ ялагдал Хорезмтэй байлдаж эхэлснээс хойш 20 гаруй жилийн дараа тохиосон юм. Ингээд лалын ертөнц аврагдаж, Багдад сүйрснээр соёл мянган жил харанхуйлсан европ руу гулсаж, дахин сэргэлтийн үе эхэлжээ. Энэ дэлхийн түүхийн том эргэлт.

Түүх үл нуршин өгүүлэхэд саяхан Хөршүүд Оюу толгойн гэрээний үед гайт агшинд өртсөн. Хятад “Рио Тинто”-той муудалцсан яг тэрхэн завсарт Монголчууд Оюу толгойн гэрээг баталсан. Ердөө л дөрөвдүгээр сард муудалцаан эхэлж 20 тэрбум ам.долларын гэрээ нь цуцлагдсан хагас жилд Оюу толгойг алдсан байв. Яг энэ агшныг хүлээж найман жил саатсан мэт. Монголд хангалттай туршлага бий, Эрдэнэтийг ахтай хувааж эзэмшиж байна гэж бодсоор 11,8 тэрбум ам.долларын өртэй үлдэж байсан учраас энэ удаад Хятадаас амархан бултсан юм. Оросууд ч гэсэн Таван толгойд хүч тавьж байтал дэлхийн санхүүгийн хямралд өртөж, олигархууд нь толгой баячуулаас өрийн тулам болов. Яг энэ зуур Таван толгойн гэрээ орж ирж байна. Тэдэнд гайт агшин бидэнд алтан боломж ажгуу.

Одоо Таван толгойн гэрээг батлахдаа энэ агшныг ашиглах ёстой. Өнөөгийн Монголд буй болсон таатай нөхцөл нь олон талын хүчний тэнцвэрт оршино. Оюу толгойд унаж тустлаа хууртсан хоёр хөрш энэ удаад ул суурьтай өрсөлдөж байгаа ба энэ ул суурьтай өрсөлдөөн нь бидний хожоог нэмж байгаагаас багасгаагүй юм. Баялаг Монголынх. Үүнийг нь авахын тулд хөрөнгө оруулалт татах ёстой, харин тэр хөрөнгө оруулалт нь өндөр өртөгтэй дээрээ өрсөлдөөнөөр улам өсч байна. Одоо мөнгөний тоо биш бодат зүйл-төмөр зам амлаж байна.

Алтанбулагаас Замын-Үүд хүртэл засмал зам тавих гээд л бэл хүрэлгүй Чойр хүргээд удсан Монголчуудын хувьд одоо юу санасан есөн хүсэл нь сэтгэлчлэн бүтдэг болчихож. Одоо бол автозам биш төмөр замын тухай маргаж байна. Чойр Замын-Үүдийн засмал замыг барих мөнгийг АНУ-ын мянганы хөгжлийн сангаас өгөх болжээ. Ингэснээр Монголын нутаг дээрх ганц босоо урсгалтай төмөр замтай зэрэгцсэн засмал зам бий болох гэж байна. Одоогоос арван жилийн өмнө төмөр замын тухай саналууд орж ирсэн бол бид яаж баярлаж дэвхцэх байсан бол... Н.Энхбаярын Засгийн газар “330 сая ам.долларын зээл тусламж олж ирлээ” гэж хагартлаа баярладаг байсан бол өнөөдөр 5 тэрбумын хөрөнгө оруулалтын гэрээг “зөв, буруу” гэлцэн маргаж байна. 10 жилийн өмнө “Танай улсад таван тэрбумын хөрөнгө оруулалт хийе” гэсэн бол уухайн тас ямар ч хамаагүй нөхцлөөр шүүрэн авах байсан.

Харин өнөөдөр энэ агшныг үндэсний дотоод оргиллоос болж сөргөлдөж маргалдсаар алдвал түүхийн давтамж өөрөө цаг хугацаатай, хэмнэлтэй. Дараагийнх олон зууны дараа л ирнэ. XVII зуун бол оргиллын үе байсан, Монголын оргилуун идэвхтэй хүмүүс эрч хүчээ дотоодын зөрчилдөөндөө шавхаад нэгнээ хядаад дууссан. Халх-Ойрадын хагаралдааны үе бол уг нь сэргэн мандлын үе байсан, гэвч бүх эрчим оргилол буруу үйлчилснээс цусан далайд живж, Манж нарт санаачлагаа алдчихсан юм шүү дээ. Зуун жилийн дайны дараа Монголчууд бүгд Манжийн эрхэнд байлаа, тэгээд 200 жил өнгөрөөж байж тусгаар тогтнолоо сэргээсэн юм. Зуун жилийн дараа өөрөөр хэлбэл 400 жилийн дараа Д.Бямбасүрэн гуайн томъёолсноор “Сэргэн мандлын үе” ирлээ. Онож байгаа нь их авч алдах магадлал өндөр байна.  

Оростой шинээр түншлэх нь

1911 онд Хаант Орос Монголын тусгаар тогтнолыг дэмжсэнийхээ хариуд Монголд төмөр зам тавих онцгой эрхтэй боллоо гэж АНУ-ын диломат мэдээнд дүгнэж байв. Орос дэмжлэгээ Ар монголын автономиар хязгаарласан. Хэзээ хойно Манжуур дахь нарийн төмөр зам БНХАУ-ынх болсны дараа буюу БНХАУ байгуулагдсан 1949 оноос л Монголын төмөр зам ажил хэрэг болсон нь Алтанбулаг-Замын-Үүдийн зам. Үүнээс өмнө Налайх-Улаанбаатарын хооронд нүүрс зөөх 45 километр нарийн төмөр зам тавьсан байв. Оросууд төмөр замын царигаа дэлхийгээс өөр стандартаар тогтоохдоо хаа нэгтэйгээс авч хаясан 45 километр замыг Монголд тавьсан байна. Тэр замын далан одоо ч эдгээгүй хэвээр байгаа.

Номхон далайгаас Тэнгэр уул хүртэлх газар нутгийг Оросуудаас илүү мэдэх улс нэгээхэн ч үгүй. Хятад дахь Манжуурын төмөр замын онцгой эрхээ алдаад Оросууд Монголд төмөр зам тавьжээ. Бас тоглоомын Дорнод Түрэгстанаар дамжуулж баруун чиглэлээр төмөр зам тавих байсан ч түүнийг нь хожим Хятадууд тавьсан юм. Монголын баруун зүүн этгээдэд тогтоосон хяналтаасаа татгалзсан ЗХУ Монголд төмөр зам тавьсан билээ. Оросууд дорно өрнийг холбосон торгон замын эзэн болохыг хичээж байсан, Монголын төмөр замыг тавьснаар санасандаа хүрсэн. Гэхдээ энэ замаас Монголын олох ашиг бүр алс өрнийн Брестэд л огцом буурдаг, яагаад гэвэл тэндээс төмөр замын өөр стандарт эхэлдэг. Уг нь адилхан нарийн төмөр зам байсан бол Монголын төмөр замын ачаа эргэлт одоогийнхоос хамаагүй илүү, 49 хувьд ноогдох ашиг ч зэгсэн ахиу байхсан. Гэтэл саяхан Орос энэ замаа золтой л алдчихаагүй юм.  Монголчууд АНУ-ын мянганы сангаас авсан зээлээрээ дангаараа “Монгол төмөр зам” байгуулах гэжээ. Оросууд бужигнаж, Путин, Медведев дараалан ирж тэвдүүлж, баахан эвдэрхий вагон өгч аргадсаар Мянганы сорилын сангийн хөрөнгө оруулалтыг цуцалж дөнгөлөө. Оросууд “Улаанбаатар төмөр зам”-ыг буцаан авсан ч Америкчууд энэ босоо тэнхлэгээс холдох дургүй байна, тиймээс төмөр замаас шахагдсан хөрөнгөө засмал замд оруулахыг хүссэн Засгийн газрын хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт зөвшөөрлөө.

Монголын Засгийн газар мянганы сорилын сангийн зээлээр “Монголын төмөр зам” байгуулж, хэдэн шинэ зүтгүүр аваад Оросууд 51 хувийг нь эзэмшдэг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт түрээслэх замаар хөрөнгө босгох, цаашид томоохон хөрөнгө оруулалт хийж төмөр замын зэрэгцээ урсгал барихаар бэлтгэж байсан. Ингэснээр босоо тэнхлэгийн төмөр замын хоёр урсгалтай болох ба яаж ийгээд энэ замыг тавьчихсан бол манай нутаг дээрх төмөр зам дахь Монгол-Оросын эзэмшлийн харьцаа 149:51 болох байв. 100 хувьд тэнцүүлж тооцвол 74,5:25,5 гэсэн үг. Дорнынхон бас муухай улс шүү... тэгээд Оросууд “Битгий дорнын зан гаргаад бай” гэж хэлэх дуртай болчихсон юм шиг билээ. Үүнийх нь хариуд бид Оросуудад талархах ёстой юу?

Тэгтэл Монголчууд зүгээр суухгүй өмнөд райондаа хэвтээ тэнхлэгийн нарийн төмөр зам тавих гэж байна. Ингэвэл Оросууд Оюу толгой, Таван толгойн районд эрх ашгаа алдана. Тиймээс Оросуудын сонирхол нь энэ төслийг бас АНУ-ын мянганы сорилын сангаас санхүүжүүлэх гэж байсан замын төсөл шиг яаж ийгээд зогсооход чиглэж байж магадгүй.

Өнөөдөр харин олон нийт нарийн ба өргөн төмөр замын аль нэгийг сонгох ёстой юм шиг талцаад байгаа нь ойлгомжгүй байна. Ингэж эв нэгдэлгүй байж болохгүй ээ, Монголчууд аа. Бидний зорилго бол нэгээр нь нөгөөг цохиж болиулах биш, харин хоёуланг нь бариулахад л чиглэх ёстой байхгүй юу. Хэрэв Оросууд нүүрсний бизнес сонирхож байгаа бол, үнэхээр Япон ганц Хятадын гарцаас хамааралгүй болохын тулд сая хөлдөж тэвдүүлсэн Ванино боомтод 7,2 тэрбум долларын хөрөнгө оруулж байгаа нь үнэн юм бол хөндлөн тэнхлэгийн дорнод чиглэлийн төмөр зам тавих сонирхолтой байж таарна. Өөрөөр хэлбэл Оросууд дорно зүгт зам тавих шалтгаан нь Ваниногийн хөрөнгө оруулалтыг чулуу болгоход чиглэж байна. Бас шуудхан хэлэхэд Орос манай “нүүрсний ченж” болох хүсэлтэй байна.

Таван толгойд хөрөнгө оруулахыг сонирхож байсан “Внизарубежгеология” компанид 2,5 тэрбум ам.долларын өртөгтэй Чойр, Чойбалсангийн замын зураг байсан. Үнэндээ энэ хөрөнгө оруулалт нь бодат зардлаас хоёр дахин өндөр байсан. Дөрөвдүгээр станцыг байгаа өртгөөс нь гурав дахин өндөр үнээр авч хаширсан, дээрээс нь шилжих рубль долларыг 1:1 гэсэн харьцаагаар тооцож дахиж хожсон тул өртгийг шалгаж байх шаардлагатай юм. Тэр үед Таван толгойн ордод Монгол 49 хувь, Орос 51 хувийн эрхтэй оролцох нөхцөлд энэ замыг тавина гэж байв. Ийм нөхцөлд бид дотоодын бодлогоо нарийн томъёолж, Оростой дорнын ухаанаар, Хятадтай өрнийн тооцоогоор хандаж гэмээ нь илүү ашигтай гарах бололцоо бий.

Нүүрсээ яах вэ?

Дэлхийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн тэн хагас БНХАУ-д оногддог. Дэлхийн коксын экспортын 39 хувийг буюу ойролцоогоор 12.3 сая тонн Хятадад оногддог. Хятад бол нүүрсний томоохон импортлогч төдийгүй томоохон экспортлогч юм. Монголын нүүрсгүй бол Хятадын эдийн засаг сүйрэхгүй ч экспортын овоохон ашгаа алдах байх. БНХАУ 2008 оны байдлаар 28 сая тонн коксжих нүүрс импортолжээ, ганц тонн ч түүхий нүүрс экспортлоогүй байна. Хятад түүхий нүүрс импортлож боловсруулаад экспортод гаргаж ашиг олдог гэсэн үг. АНУ-ын нүүрсний толгой компани, “Таван толгой”-д хөрөнгө оруулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа “Пибоди” компанийн гүйцэтгэх захирал Грег Бойс “Хятад нүүрсний цэвэр импортлогч болж байгаа нь тус улсын нүүрсний зах зээл бүтцээ өөрчилж байгаагийн илрэл…” гэжээ. Тиймээс БНХАУ Монголоос кокс биш нүүрс авах сонирхолтой байна.

Монгол Улс кокждог нүүрсээ кокс болгож боловсруулж эхэлбэл БНХАУ-ын шинэ өрсөлдөгч болно. Гэхдээ төмөр замаас нь хараат болно. Монгол Улс кокс үйлдвэрлэсэн тохиолдолд БНХАУ, ОХУ-аар дамжуулан бусад зах зээлд зарахаас өөр гарц байхгүй. ОХУ-д дэлхийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн 8 хувь оногддог, коксын экспортын 13 хувь, коксжих нүүрсний экспортын 6 хувь оногддог. Боловсруулах үйлдвэрүүд нь өрнө талдаа байгаа тул ОХУ коксждог нүүрсийг түүхийгээр нь гаргадаг гэсэн үг. Дүгнэж үзвэл Монголоос импортолсон нүүрсийг БНХАУ бүрэн боловсруулахыг эрмэлзэх бол ОХУ төмөр замаараа дамжуулан худалдахыг сонирхож байна. Ямар ч тохиолдолд Монгол Улс нүүрсээ боловсруулснаар хоёр хөрштэйгээ өрсөлдөх болно.

Харин үүний тулд хөрөнгө оруулалт, бас элдэв хориг саадыг давах шаардлага тулгарч байна. Япон өнгөрсөн жил 57.4 сая тонн, Өмнөд Солонгос 24.1 сая тонн коксжих нүүрс авсан, БНХАУ 10.3 сая тонныг авсны гуравны нэгийг Монголоос авсан ба ирэх жил Хятадын импорт огцом өсөж 33 сая тонн хүрэх таамагтай байна. Таван толгойг сонирхож байгаа Энэтхэг 2008 онд 28.8 сая тонн нүүрс импортоор авсаныг тооцвол нүүрсний гол зах зээл Азид байгааг харуулах ба коксждог нүүрсний дэлхийн импортын нийт дүнгийн 60 гаруй хувь энэ дөрвөн улсад оногдож байна.  Тиймээс Таван толгой-Сайншанд-Чойбалсангийн төмөр зам тавилаа гэхэд бүгд Монголоос түүхий нүүрс авахыг сонирхох болно.

Нөхцөл байдал ийм байхад Монголчууд дотооддоо “сургаар хямраад” хэрэггүй л болов уу. Дахин хэлэхэд бид хөршүүдийнхээ түүхий нүүрс авах сонирхолд нь дулдуйдан аль алинаар нь төмөр зам тавиулаад авахад асуудлын гол нь байгаа юм. “Энержи Ресурсын ард Хятадууд байна, Х.Баттулга сайдын ард Оросууд байна” гэсэн хөнгөн таамаг л Монголчуудыг шууд хоёр хуваачихаж байна. Дотоодын улстөрд ийм таамаг ач холбогдолтой байж болно, харин бизнесийн салбарт, ирээдүйтэй хөрөнгө оруулалтын шийдэлд ашгаа өгөх нь юу л бол. Байгаа мэдээлэлдээ тулгуурлаж шинжлэхэд л Х.Баттулгын ард Оросууд байх боломжгүй. Оросууд Чойр-Чойбалсангийн замын төсөлтэй байна. Харин Х.Баттулга сайд Таван толгой-Зүүнбаян-Сайншанд-Чойбалсангийн зам тавих гэж зүтгэснээрээ Оросуудыг ч бас шахаж байна. Нөгөө талаас сайд ганцхан “Энэржи Ресурс”-ын замыг тавиулахгүй гээд байгаа юм биш. Баруун зүг Хятадын төмөр замын сайдын санал болгосон Таван толгой-Олон Овоотын замыг барихыг зөвшөөрсөн атлаа Шивээ хүрэнгээр урагш нэвтрүүлэхгүй гэж гөжөөд байгаа юм. Ингэсэн тохиолдолд олборлосон бүх нүүрс Сайншандад төвлөрнө гэж тооцжээ.

Хэрэв “Энержи Ресурс” олборлосон нүүрсээ боловсруулаад экспортолбол заавал Сайншандаар дайруулж өртөг нэмэх шаардлагагүй. Монгол Улс дотоодын компанийн захиалгаар төмөр зам тавиулахгүй гэж гөжсөнөөрөө түүхий нүүрсний экспортыг хаачихна гэдэг юу л бол. Ийм нөхцөлд Хятадууд хүнд даацын автомашинаар урагш зөөсөөр байх болно. Энэ оны эхний 10 сард БНХАУ Монголоос 3,3 сая тонн коксждог нүүрс, 1,7 сая тонн эрчим хүчний нүүрс нийтдээ 5 сая тонн нүүрс автомашинаар  зөөгөөд авчихсан байна. Гэтэл бид төмөр замыг, экспортыг хаалаа гэхэд жилдээ таван сая биш гэхэд 3.3 сая тонн коксжих нүүрсийг боловсруулах боломжтой бил үү?

Таван сая тонн нүүрс зөөхийн тулд 100 тоннын даацтай машин 50 000 рейс хийсэн гэсэн үг ба байгаль орчныг хангалттай сүйтгэж байна. Төмөр зам урагш холбохгүй байхаа гээд орон нутгийн мэдлийн Таван толгой, Гашуун сухайт, Нарийн сухайт, Олон Овоотын дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай уурхайнуудаасаа машинаар нүүрс татсаар байхаас гадна хэмжээг нь нэмсээр байх болно. “Саут Гоби энержи ресурс” компанид хагас тэрбум ам.долларын хувьцаа гаргах эрхийг олгосон Хятадын хөрөнгө оруулалтын корпораци энэ мөнгөө олж авах л болно. Шанд нь бид байгалиа л сүйтгүүлээд дуусах нь. Тэртэй тэргүй олон уурхайгаас нүүрс татаж байгаа хятадууд “Энэржи ресурс”-ын ард байна гэж үзэх нь бас л алдаа. Харин ч “Энержи ресурс”-т хаалт тавьснаар Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад давуу боломж олгож байна гэсэн үг. Нэг ялгааг анзаарах ёстой, “Энержи ресурс” өөрсдөө төмөр зам тавья гэж байна, харин бусад уурхайнуудад Хятадууд зам тавьж өгье гээд байгаа шүү дээ.

Хоёр замын хоёр хувилбар

Бүх зүйлийг шийдэж болно, гэхдээ ганцхан проблем байдаг гэсэн үг бий. Тэр нь мөнгө. Одоогоор мөнгөний хоёр хувилбар яригдаж байна. Нэг дэхь нь өмнөд районд зам тавиулалгүй хааж байгаад өөрсдөө таван толгойгоос дорнод хил хүртэл төмөр зам тавих, Сайншандын аж үйлдвэрийн паркийг байгуулах ойролцоогоор 15 орчим тэрбум ам.долларын томоохон төсөл боловсруулан хэрэгжүүлэх зам байна. Энэ бол Х.Баттулга сайдын хувилбар. Зөвхөн төмөр замын тухайд БНХАУ Таван толгой-Зүүнбаян-Сайншандын төмөр замд хөрөнгө оруулахгүй нь лав, тиймээс дорнын чиглэлийн замыг Таван толгойгоос өргөн царигаар тавих болох нь. Гэтэл Оросууд энэ замд хөрөнгө оруулах боломжтой юу? Сайншанд-Чойбалсангийн төмөр замын төсөл бий юу? Зам тавих газрын судалгаа хийсэн үү? Хамгийн гол нь энэ замыг тавих наад зах нь 1,5 тэрбум ам.доллар бий юу?

Нөгөө нь эхний хөрөнгө оруулалтаа хийж нүүрс олборлож экспортлох замаар дараагийн хөрөнгө оруулалтаа хуримтлуулах зам. Энэ бол “Энержи ресурс”-ын дэвшүүлж буй хувилбар. Эхнийх нь стратегийн хувьд зөв, удаах нь тактикийн хувьд зөв, хоёулаа зөв, гэхдээ энэ “зөв”-үүдийн зөрчил нэг нэгээ цохиод унагах юм бол бүрмөсөн буруу замаар орчих эрсдэлтэй байна.

Энэ оны эхний 9 сарын байдлаар БНХАУ Индонез, Австрали, ОХУ, Монгол болон бусад орноос 60 шахам сая тонн эрчим хүчний нүүрс импортолж авсан ба оны эцэс гэхэд 70 сая тонн, ирэх жил мөн ийм хэмжээний эрчим хүчний нүүрс авах төлөвтэй байна. Дэлхийн дүнгээр жилд 264.5 сая тонн коксжих нүүрс экспортод гардаг.  Монгол Улс нүүрс олборлоод экспортолбол Австрали, ОХУ, Канад, АНУ-тай өрсөлдөж шууд эхний тавд орж ирнэ. Ялангуяа жилдээ 100 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс шингээх зах зээл дэргэд байгаа нөхцөлд бид нүүрсний экспортоос асар их ашиг олж болно. Өнөөдөртөө Монгол Улс энэ зах зээлийн ердөө таван хувийг л хангахдаа байгалиа сүйтгэж байна. Таван толгойн ордын нөөц 10.6 тэрбум тонн гэж үзвэл Хятадын бүх хэрэгцээг 100 жил өлхөн хангана. Манай тогтоогдсон нөөц 152 тэрбум тонныг тооцвол 1520 жил хангана. Гагцхүү Монгол Улс эхний ээлжинд нүүрсний экспортоос олсон мөнгөөрөө боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулбал ойрын хэдхэн жилд дэлхийн коксын зах зээлд өрсөлдөгч болох юм.  

Өнөөдөр БНХАУ автомашинаар жилдээ 5 сая тонн нүүрс авч байгаа ба хэрэв дотоодын компаниудаа яаралтай дэмжихгүй бол Хятадын компаниуд нүүрсний ордуудыг мэдэлдээ авч болзошгүй байна. Хятадын хөрөнгө оруулалтын корпораци “Саут гоби энержи ресурс”-т хагас тэрбумын хөрөнгө оруулалт хийх эрх олгосон ба “Чинхуа МАК” хамтарсан компани нүүрсний экспортод томоохон байр суурь эзэлж байна. Үүний зэрэгцээ манай ирээдүйн өрсөлдөгч Австрали, Канадын компаниуд, мөн ОХУ, Энэтхэг, АНУ-ын компаниуд томоохон хөрөнгө оруулалт хийх саналаа ирүүлээд байна.

Ийм нөхцөлд дотоодын компаниудаа дэижихгүй бол нүүрсний экспорт хүссэн хүсээгүй гадныхны мэдэлд очих болно. Бид тэдний хөрөнгө оруулалтын дүнд хоосон цадаж суух хооронд тэд ашгаа аваад арилбал яах вэ. Хятадын эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн хэрэгцээ ихсэх тусам Хятадууд Монголоос, ойроос нүүрс авах давагдашгүй сонирхолоо хамгаалахыг хичээх болно, ийм нөхцөлд нүүрсээ бид олборлоод зарах уу? эсвэл тэд олборлоод авах уу? гэдэгт тулах болно.

Ийм нөхцөлд Хятадууд Монголын хилийг сэтлэх үй олон гарц гаргахыг хичээх ба хэрэв бид болгоомжилж байгаа бол эртнээс төмөр замын нэг гарц нээгээд түүндээ бүх экспортоо төвлөрүүлж, хатуу хяналт тогтоовол ашгаа бүрэн авах боломж бий юм. Түүнээс бид эдийн засгийн интеграцаас хаашаа ч холдохгүй. Наад зах нь дорнод чиглэлийн төмөр замаар нүүрс гаргахад ашигтай байх нөхцөл нь өмнөд чиглэлийн төмөр зам юм. Хэрэв өмнөд чиглэлийн замыг хаагаад дорнод хилээр Оросоор дамжуулж нүүрсээ экспортлоно гэж зүтгэвэл бид буцаад Оросоос хараат болно. “Тангуд улс байгааг өглөө бүр сануулж бай” гэж их эзэн хэлсэн шиг асуудлыг бид харахдаа дан ганц Хятадаас болгоомжилохоо хэтрүүлж болохгүй, хойд талд Орос Улс бийг санаж байх хэрэгтэй. Бид хоёр талын ижил хүчтэй тэнцвэрийг л нутаг дээрээ бий болгох ёстой гэж бодож байгаа билээ. Асуудал буруу замаар явахын эхэнд байна. Монгол менталитетаар, идэвхтэй оргилуун сайд болон консорциумын оролцогчид удах тусам нэгэндээ бууж өгөх нь байтугай бүр ч өргөн хүрээг хамарсан дайнд орж, нэгнээ мохоол мушгилгүй болгож санаа нь амрах болно. Хэн хэн нь өөрсдийгөө л зөвтгөнө. Үүнийг дагаад нийгэм хуваагдана. Ийм нөхцөлд улстөрийн шийдвэр гаргах эрх хадгалагдаж байгаа парламентын үүрэг бол хоёр талыг эвлэрүүлэх, улс үндэстний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад оршино. Маргалдаж буй хоёр талын нэгнийг нь дэмжих, хэн хэний чинь зөв хэрэлдээд бай гээд хараад гайхалтай сонин дайралцаан шохоорхон уншиж суух, эрх ашгийн бус улстөрийн шалтгаанаар хандах нь сул төрийн шинж, хүчтэй төр бол аль алинийг нь тактикийн бөгөөд стратегийн эрх ашгаа хангах чиглэлд боломж олгож, дэмжин ажиллуулах ёстой юм. Үүний тулд цаг алдалгүй шийдвэр гаргах ёстой. Засгийн газырн гишүүн ба бизнесийн зөрчил яваандаа манай эрх ашгийг унагаж болзошгүй, ирэх жил Таван толгойн ордод хөрөнгө оруулагчийг зарлах болно, тэр цагт энэ маргаан цаг хүч барсан ажил болж, үндэсний хөрөнгө оруулагчдаа нүүрсний салбараас шахан гаргасан үр дүнтэй байвал ичмээр. Тэгвэл манай баялгийг өөр улс үндэстэн ашиглах болж, бид хуваагдмал ашиг хүртэх болно. Учир нь үндсэний компани баялаг эзэмшиж буй нөхцөлд л ашиг 100 хувь Монголынх байдаг.  

Эрхбиш ардчилсан төр учраас Х.Баттулга сайд энэ суудлаа хална, би л лав дараа дараагийн сайдууд түүний зоримог бодлогыг тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэхгүй байна, Ийм нөхцөлд төр эртхэн хамгаалах аргаа бодох л учиртай. Тэгвэл бид Саудын Араб болно.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив