Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хувь заяаны сонголт
2010 оны 1 сарын 14 [Уншсан тоо: 43589]

Нэг гишүүн мянган хүний хишгийг хүртсэн түүх

Хятад хүн бүрийн хайртай дөрвөн хүн байдаг тэр нь хэн бэ? гэсэн шог асуулт байдаг. Тэр нь Мао удирдагч биш, Дэн авгай биш, Ху Жинтао ч биш, Ши хуанди бүр ч биш. Тэр бол 100 юанийн дэвсгэрт дээр байдаг үл мэдэгдэх дөрвөн хүн. Ажилчин, тариалчин, малчин, сэхээтэн. Бас дэлхий даяараа Франклинд хайртай, түүнийг мэддэг, учир нь түүний зураг 100 долларын дэвсгэрт дээр байдаг юм.

Социализмын жилүүдэд ард түмнээ шуналгүй болгох гэж үзсэн ч бүгд л Д.Сүхбаатарт хайртай байсан юм, түүний хөргийг төгрөгийн дэвсгэртүүдэд хэвлэсэн байв. Ардчилсан хувьсгал ялж, инфляц гэдэг юм хувьсгалтай зэрэгцэн орж ирснээр хөөрхий Сүх орос хувцсаа монгол хувцсаар сольсон ч “задгай мөнгө” болсон, оронд нь ард түмэн Чингис хаандаа маш их хайртай болжээ. 2004 онд сонгогчид “хүүхдийн мөнгө” 10 мянгыг сонгосон. 2008 оны сонгуулиар ард түмэн эх орны хишиг, эрдэнийн хувь 1,5 саяыг сонгосон. Түүнээс биш ардчилсан социализм, либерализм, ногоон марксизм, иргэний эрх чөлөө алийг нь ч сонгоогүй билээ. Тэр “–изм” ямар ч падлийгүй.

2004 онд Н.Энхбаяр “хаан” өөрөө гишүүн бүртээ 10 саяыг бодтоор хүртээж өгөөмөр хишиг тараасан хэрнээ хоосон амлалтын 10 мянган төгрөгт годройтчихсон. Дараа нь С.Баяр намаа аварч үлдэхийн тулд 1,5 саяыг хүн бүрт амласан юм. Тэгээд МАХН их л өндөр дүүжлүүрт савлаж байна. Ард түмэн яахав дээ, шажигнасан дэвсгэртүүдэд нугасгүй юм хойно. Нөгөө Бокасса шиг “Мөнгө өгвөл би сонгоно, их мөнгө өгвөл бүр олуулаа сонгоно” гэж бодоцгоосон. Муу нь юу байхав дээ. Авилга хээл хахуультай холбоотой тэрбум тэрбумын хэргүүд сөхөгдөх бүрт ард түмэн шуналтай болж байсан юм.

“Авилгачийг шоронд хийх эсэх нь хамаагүй, тэглээ гээд миний амьдралд юу унах вэ? Харин авилгачтай адилхан идэх боломж олгож аль” гэж шаарддаг болсон. Эрх баригчид энэ сэтгэл зүйг нь сайн мэддэг учраас та нарт ихийг өгнө гэж амлаж эрх аваад өөрсдөө бүр ихийг иддэг болсон юм. Сонгоод хоёр жил болсны дараа “Нөгөө ард түмэнд өгөх мөнгө яасан бэ?” гэхээр “Төсөв хүнд байна аа, дэлхийн санхүүгийн хямрал нэрвэчихлээ, Оюу толгой ашиглалтанд ордоггүй ээ, банкууд дампуураад хэрэг алга аа, алдагдал хэрээс хэтэрлээ...” гэж царай алдацгаана. Харин өөрсөддөө тэрбум, тэрбумыг аваад эхэлмэгц “Нөгөө өгөхгүй гэсэн олон шалтаг чинь яав? Зөндөө л мөнгө байна шүү дээ” гэхээр “ОУВС, хандивлагчид тусласан юм аа, өрийн бичиг гаргаад л эртэй сайндаа олж байна даг, Оюу толгойг урьдчилгаа ороод ирэхээр нь бид хуваачихлаа, жаахан юмыг олон хуваахаар аманд ч үгүй, хамарт ч үгүй болчих гээд байхаар нь ядаж 76-гаа өөд нь татах гэсэн юм, та нар битгий тамын тогооны үлгэр яриад бай гэх буюу дэлхийн зах зээлд дэх зэсийн үнийг ирэх жил тонн тутамд 1000 ам.доллараар өсгөх боллоо” маягийн юм яриад суугаад байна. Манай гишүүд зэсийн ханш өсгөчихдөг бол сайхан л байна. Өөрсдийгөө “Нефть экспортлогч орнуудын холбооноос /ОПЕК/ ч илүү үзэх юм гээч, манай УИХ-ынхан.

Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүд тэрбумыг авч ард түмэн саяыг хүлээдэг болжээ.  Тэрбум төгрөг гэгч 666,6 хүний эх орны хишиг гэсэн үг. Энэ жил 50666,6 хүний “эх орны хишгийг” 76 хүн хүртчихлээ гэсэн үг. Загалмайтанд бол их л муу ёрын тоо юм. Яаж ч үржүүлсэн бутархай 6 нь тасрахгүй юм. Та ч тооцоод үзээрэй. Ингээд бодохоор “Магадгүй бид андуурсан юм болов уу? Хэрэв би сонгогдвол өдөр бүр өөртөө “эх орны хишиг” хүртэнэ гэснийг нь бид буруу ойлгоод өөрсдөд маань өгнө гэж бодсон юм болов уу?” гэж бодох боллоо. Өнгөрсөн жил буюу сонгогдсон анхны жилдээ гишүүд 25333,3 хүний “хишгийг” хуваагаад цохичихсон. Хэрэв өгье гэсэн сэтгэл байсан бол өдийд 76 мянган хүнд хишиг хүртээж амжих байв. Өөрөөр хэлбэл хоёр жилд нэг гишүүн мянган хүний хишгийг цохичихжээ. Хэрэв гишүүний мөнгө энэ хурдаараа өсвөл хойтон нэг гишүүн 2 тэрбумыг, тэрний хойд жил дөрвөн тэрбумыг өөртөө авахад л гишүүн тус бүр 5000 хүний хишгийг хувааж залгина. Өөрөөр хэлбэл зөвхөн гишүүний мөнгийг хэмнэхэд нь энэ сонгуулийн хугацаанд 380 000 хүний хишгийг тараачихаж чадахаар байна.

Гээд яая гэхэв нэгэнт сонгогдчихсон юм чинь. Бурхан таалахгүй л бол гишүүн суудлаасаа ховхорно гэж байхгүй, сонгуулиар ховх цохичихъё гэхээр өөрийн талын хүн бүрт 1,5 саяыг амлаж, урьдчилгаа болгож 20 мянгатын “Чингис” тараагаад л болоо. Сонгууль гэгч улстөрийн үзэл бодол, хөгжлийн үзэл баримтлалын уралдаан биш тодорхой хэлбэл өлссөн хоёр хужаа нэгэндээ “Чи нэг сайхан хоолны нэр хэлваа, би савхадваа” гэдэг шиг л юм болоод өнгөрнө. Тэгээд л УИХ-д нэр дэвшигч нэг сайхан мөнгөний тоо хэлээд өөрөө савхадна. Нам нь томрох тусмаа тоо ихэсдэг гэж байгаа. “Хятад хүн халбагаар хоол иддэг болсон цаг дэлхий өлсгөлөнд нэрвэгдэнэ” гэж XX зууны эхээр өрнийхөн ярьдаг байсан гэдэг. УИХ-ын гишүүд эхлээд 10 саяыг савхаддаг байснаа өнөөдөр тэрбумыг халбагадахаар ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэлгүй яах вэ?

Мөнгийг хэрхэн зарцуулдаг вэ?

Ерөнхийлөгч ард түмэн хүсэж байгаа юм байна гээд хориг тавиадахсан биш өөртөө гай дуудав. Улстөрийн ямарваа алхам үргэлж ард түмний хүсэлд үндэслэдэг учраас хориг тавих нь Ерөнхийлөгчийн хувьд зөв улстөр. Гэтэл Д.Тэрбишдагва “Битгий улстөр хийгээд бай гэж улстөр хийж” Ерөнхийлөгчийг баалсаар баахан оноо цуглуулжээ. Тэр лав сонгогдоно доо. Жаахан ухаалаг хүн бол Тэрбишдагва ард түмний эрх ашгаас намын эрх ашгийг дээгүүр тавьсан үг хэлээд байна гэж шүүмжилэх ёстой. Гэтэл нөгөө тэрбумыг эсэргүүцээд байсан ард түмэн чив чимээгүй, харин ч манай намын Д.Тэрбишдагва дарга АН-ын Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг намтай нь нийлж байгаад мөн жаатай алж байна аа гэхчлэн цангаагаа тайлна. “Элбэгдорж ноднингийн 500 саяар 16-р хороонд худаг, 17-р хороонд худаг, 18-р хороонд худаг, 19-р хороонд бас худаг барьсан байна. (Яасан тэнэг хог вэ? Манай сонгогчид гол горхиноос ус уугаад л болж байна) гэхчилэн ярилцана. Ямар ч байсан Ерөнхийлөгч авсан мөнгөө өөрөө идчихээгүй худаг ч болохноо барьсан юм байна. Уг нь хотынхны хийх ажил, гэвч хотынхон нь МАХН-ын гишүүдийн тойрогт юм хийгээд бусад тойрогт юм хийдэггүй учраас яая гэхэв. Ядаж ард түмэн ядаж ойроос усаа авч уувал аятай юу. Ард түмэн ийм л юм нэхсэн.

Худагнаас өөр ажил хийсэн жишээ өгүүлье. УИХ-ын гишүүн З.Алтай ноднин авсан хагас тэрбумаараа Налайхын нэг, Баянзүрхийн таван эмнэлэгт орчин үеийн оношлогооны аппарат авч тавих болжээ. Тэгээд хоёр дүүргийн эрүүл мэндийн газрынхныг дуудаад “Хамгийн сайн, хамгийн найдвартай аппаратыг судлаад үнийн дүнг нь аваад ир” гэжээ. Эмч нар ч их баярлаж найдвартай, сайн аппаратыг бүр үйлдвэрлэсэн улс, маркийн нь заагаад үнийн дүнтэй нь өгчээ. Эмч нар ямар мөнгө идэх биш яг нь тооцоод өгсөн байж таарна.

Тун удалгүй дүүргийн Засаг дарга нь “Таны ажлыг хийх гэж ядарч байна, бараг л ингэж ядраасныхаа хөлсийг өг” гэж хөлсөө арчсаар давхиж орж иржээ. Гишүүн нь уурлаж “Юуны чинь миний ажил, уг нь эмнэлгээ тордох нь чиний ажил юм байгаа биз дээ, тендерээ зарлаад эдгээр аппаратыг ондоо багтааж авч тавь, би үр дүнг нь шалгана” гэжээ. Саяхан үр дүн нь “сайхан” гарчээ. Яаж “сайхан” гарав гэхээр нөгөө тендерт ялсан этгээдүүд нь хамгийн найдвартай, өндөр үнэтэй барууны оношлогооны аппаратын үнээр Хятадын дуураймлыг авчирч эмнэлгүүдэд өгнө гэж айлгажээ. Эмч нар нь пүү пай болж гишүүндээ ховлож, гишүүн нь боож үхэтлээ уурлаж, Засаг дарга нь эмч нараа хялайж юм юм л болсон байна. Гишүүний мөнгийг хамгийн сайн зарцуулсан жишээ энэ. Аягүй бусад гишүүд нь “Алтай одоо байдаг мөнгөөрөө сайн юм хийнэ гэж хайран мөнгөө яйран хийжээ, уг нь дээвэр засаад, худаг бариад, гүүр тавиад тэгээд өртгийг нь өндөрхөн бичээд хэдэн юм унагаад дуусгахгүй, тэгсэн бол ард түмэн нүдэнд харагдаж, гарт баригдах юм хийлээ гээд дахин сонгох л байсан, туршлага алга аа” гэж толгой сэгсэрч байгаа биз. “Тэр мөнгөө сонгуулиар ажиллах сүлжээндээ зарцуулах байсан юм, дөрвөн жил нүүрээ түлж авсан овоо мөнгөө хороо, дүүргийн дарга нарт унацтай ажилд хуваарилсан бол цаадуул нь дараагийн сонгуулиар дахин дөрвөн жил идэх мөнгө өгөх нүнжигтэй гишүүн юм байна гэж бодоод их л аятайхан зохицуулах байсан даа” гэлцэж байгаа. Гэвч бие даагчид намын анхан шатны үүр, элдэв сүлжээ энэ тэр байх биш. Тэгээд л хөөрхий хулхи анхан шатныхны хулхи аппаратад хулхидуулж байгаа байхгүй юу.

Ер нь бол төрийн захиргааны анхан шатны байгууллага хороо, дүүрэг гэгч дураараа дургисан улсууд байна. УИХ-ын гишүүн Батбаяр иргэддээ амласан байр барих газар олох гэж хагас сар ажлаа таслаж гүйгээд эцэстээ аргаа барж, анхан шатныхан дийлдэхээ байж гээд уураа барж суудаг нь юуных вэ? Гишүүн ингэж баларч байхад жирийн иргэд бол бүр сүйдэж байгаа, тэгээд ажлаа хурдавчлахын тулд хахууль өгч байгаа. Сонгогчиддоо нэг аятайхан юм хийе гэсэн гишүүний мөнгийг доогуур нь ингэж асгаж цутган идэж байна. Яагаад гэвэл З.Алтай гэдэг гишүүн намд ямар ч хамаагүй юм. Тэгээд элэг барьж байхгүй юу.

Шийдсэн гишүүд

Амлалт нэхэх ард түмний холбоо нөгөө мөнгийг нь нэхэхэд бас яалаа? Хэрэв энэ мөнгийг шууд бэлнээр нь өгчихвөл зах зээлд асар их мөнгө орж инфляци хэрээс хэтэрнэ гэж санаа нь зовоод ард түмэн авахгүй гээд байна, харин жижиг дунд үйлдвэр хөгжүүл гэнэ ээ, манай МАХН-ын гишүүд алсын хараатай, эх оронч сэтгэлгээтэй учраас мянганы зам тавь гэж захиж байна гэлцэх болсон. Харин нөгөө мянганы замын мөнгийг өөрсдөө хуваагаад цохичихоод “Мянганы сорилын сан”-гийн мөнгөөр мянганы замынхаа дутууг гүйцээх гэж байна. 2012 онд Говь-Сүмбэр, Дорноговийн гишүүд тайлан тавихдаа “Мянганы сорилын сан”-г ор тас мартаад бид тавьсан гэх байх л даа. Ингэхийн тулд одоо хайчаа хурцалж, тууз огтлоход бэлтгэж байгаа.

Зальтай нь айхтар АН-ын Д.Одхүү гишүүн манай нам мөнгө өгнө гээгүй, хувьцаа өгнө гэж аятайхан бултсаны дараа хамтарсан бүлгээр оруулж донгодно, “Би үхэхээр би үх” гэлээ гэж Э.Мөнх-Очир цамнасан байна. Яг тулгаад мөнгийг нь нэхэхээр “Би л лав тойрогтоо 1,5 саяыг өгнө гээгүй, нам л тэгж хэлсэн, би бол итгэхгүй л байсан, би мундаг учраас намтай намгүй сонгогдсон” гэж бултана. ЗГХЭГ-ын дарга болох мөрөөдөлдөө шатаж явсан Ч.Хүрэлбаатар “мөнгө нэхлээ” гэж сэтгүүлчийг шүүхэд өгнө гэж айлгасан. Хэрэв амласнаа ард түмэндээ өгөхгүй бол түүний бөхийн өргөөний урдхантай бариулсан хоёр өндөр орон сууцанд овоохон хөрөнгө оруулалт хийгдэх болохоор тэр. Тэгээд ч их цоролзсон жижиг хөдөлгөөн мэтийг 10 саяар л худалдаж авч сурсан хойно.

Дараагийн сонгууль дөхөх тусам намууд сандарч байна. Хэрэв үнэхээр ард түмэндээ амласнаа биелүүлье гэж боддог бол авсан мөнгөө “Хүний хөгжлийн санд” төвлөрүүлэхэд л энэ жил ядаж 50 мянган хүнд 1,5 саяыг өгч амжина. Өөр өгөх мөнгөний эх үүсвэр байхгүй, бусдыг нь төсөвт тараагаад тусгачихсан учраас өөрчилбөл “хууль зөрчсөн” хэрэгт унах магадлалтай. Бас нэг боломж нь оны эцэст хөрөнгө оруулалтыг нь шийдэж амжаагүй үлдэгдлийг энэ санд татаж болно. Дээр нь “Оюу толгой” төслийн урьдчилгаа 100 сая ам.доллар бий.

Гэхдээ л гишүүд энэ хэцүү замаар замнахыг хүсэхгүй. Харин цагаандаа гарч шийдчихсэн учраас сайд, эсбөгөөс байнгын хорооны дарга болж үзэх гэж зүтгэж байна. Зарим нь гишүүний мөнгөө сайн муу хэлүүлэхээс айлгүй яаж ийж аваад насаараа идэх мөнгөө цуглуулаад улстөрөөс зайсугай гэхчилэн боддог болжээ. Олуулаа зүтгэж авах учраас хэн нэгэнд нь хариуцлага оногдохгүй. Тэдний энэ өвчний халдвар Нийслэлийн ИТХ-д хүрчихэж, тэд хүртэл өөртөө мөнгө авах гэж зүтгэдэг болжээ. Улсад жил бүр алддаг 50 гаруй тэрбумаа өгөхөө больж, утаа, замаа зас гэж зөвлөтөл харин ч амар байна уу гэсэн биш гай болов гэгчээр улсад өгөх мөнгөө өөртөө авна гэж үзэж тарж эхэлдэг байгаа. Удахгүй аймгуудын ИТХ-ынханд ийм өвчин тусна. Ялгаатай нь хот ихийг олж багыг зарцуулдаг, Орхоноос бусад аймаг багыг олж ихийг зарцуулдаг, дотациар амь залгадаг тул одоохондоо нам жим байх шиг.

Гэхдээ гишүүдийн зовлонг тэд мэдэхгүй байна. Гишүүд яаж дахин сонгогдох вэ? гэж бодохдоо Сонгуулийн хуулийг өөрчилж үзэхээр зэхэж байна. Хувь тэнцүүлсэн системд орсон ч бай, жижигсгэсэн можаритар болгосон бай ямар ч өөрчлөлт хийсэн энэ өөрчлөлт нь өнөөгийн энэ томсгосон тойрог дахь гишүүдийн хариуцлагыг баллуурдаж байгаа байхгүй юу. Ингээд бодоход гишүүд бүр тэрбумаас татгалзах ямар ч шаардлага алга. Систем өөрчилчихвөл хэн тэдэнд хариуцлага тооцох юм? Тэр ч байтугай хувь тэнцүүлсэн системд орвол бусад жижиг намуудын орох босгыг өндөрсгөөд хаячихвал нэг мөсөн баллана, дээрээс нь жижиг улстөрийн намууд, бие даагчид орон даяар тоолж буй тооллогыг хянаж чадахгүй, орон даяар байтугай жижиг тойрогт ч хүч хүрдэггүй биз дээ. Ингээд дахиад л сонгогдоно. Дахиад л тэрбум тэрбумаар өөртөө мөнгө хуваарилна. Хяналтын ямар ч бололцоо байхгүй. 2008 онд амласнаа өгөхгүй хэрнээ 2004 онд амласнаа буцаагаад байхгүй болгож байна. “Мөнгө байхгүй”. Ингэлээ гээд сонгогчид, ард түмэн яах юм? Яаж ч чадахгүй.

Ингээд бодвол гишүүн бүр өөртөө тэрбумыг хуваарилах луйврыг зогсоох шаардлага аль ч намын ямар ч гишүүнд лав алга. 2008 онд намуудыг эцсийн амлалт руу, үлгэрлэж хэлбэл тэхийн зогсоол руу шахсан юм. Хэрэв тэд өгөхгүй бол өндрөөс унана, өгвөл... өгнө ч гэж байхгүй л дээ. Одоо яахав, энэ л бидний хувь заяаны сонголт байж. Тэднийг бид сонгосон, “вандан пад”. Тэд идэж, бид харж л байя. 2012 онд сонгууль болох л байх, тэр хүртэл багашиг идээсэй л гэж залбирч суухаас өөр шид алга болж дээ, ард түмэнд.  

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив