Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төмөр урхины ардах дотоодын хүйтэн дайн
2010 оны 1 сарын 22 [Уншсан тоо: 49980]

Геополитик...  геоэкономик ...

Асуудлыг цэвэр геополитик буюу улстөрийн газарзүйн талаас нь харвал дайсагналцал л бий болно. Геоэкономи буюу эдийн засгийн газар зүйн талаас байдал арай өөрөөр харагдана. Дээрээс нь ментаполитик талаас нь харвал бас нэг шалтгаан гарна. Мэдэмхийрэх гээд байгаа юм биш “Асуудлыг олон талаас нь хараач ээ…” л гэж байгаа царай.

Геополитикийн урьдчилсан таамаг, дүн шинжилгээ 100 хувь онодоггүй. Тэр тусмаа жижиг улс хэзээ ч санасандаа 100 хувь хүрдэггүй. Геополитикийн өгүүлэл ч их мундаг эд биш, муу нийтлэлчийн хоргодох сүүлийн орон зай бол геополитик гэж үг бий. Яг эсрэг хоёр гаргалгаа гаргасан ч хоёулаа зөв байдаг тийм л зүйл. Ийм захиалгыг 35 үсэг мэддэг хэн ч бичнэ. Өнөөдөр яг ийм л байна. Маогийн хэлдэгээр өнөөдөртөө “Геополитик бол цаасан бар”.

Манай үзэл суртлын систем үндсэндээ нуран сүйдсэн, 1990 оноос өмнө тун сүрхий ажилладаг гадаад, дотоод суртал нэвтрүүлгийн систем бий болгоод байсан ч хууччуул коммунист үзэл суртлын аппаратыг үндэсний эрх ашигт үйлчилдэг бүтэц болгон хадгалж үлдэж чадаагүй юм. Яагаад? Учир нь гүйцэтгэгч сайн аппараттай байсан ч толгой нь Москвад байсан. Ийм учраас сүүлийн жилүүдэд манай бүх иргэний оюун санаа, тархи гадныхны өмнө нээлттэй байсан. Нэгэнт төрийн үзэл суртлын систем алдарсан учраас нэг талаас үндэсний компаниуд нөгөө талаас сайд зөрчилдөж байхад нөгөө бүхнийг зохицуулагч “төр” үүнийг нь зохицуулж чадахгүй байгаа нь инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй. Хоёр талын дайчилж буй санхүүгийн эх үүсвэр, мэргэжилтэн, багийн дэргэд УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн хэвлэлийн албад юу ч биш. Тэгэхээр хэн үүнийг зогсоох вэ?

Өмнө гарсан “Төмөр урхи-2” өгүүлэлд хүйтэн дайны үеийн ЗХУ-Хятадын цэргийн номлол дахь зарим стратегийг цухуйлгасан. Хоёр хөршийн аль аль нь дайн эхэлбэл цэргээ Монголын нутаг дэвсгэрт түлхэн оруулж, Монголыг дайны талбар болгох стратегитай байлаа. Монгол бол буфер улс, жийргэвч гэдгийн нэг учир нь үүнд байдаг.

Дайсагналцлын эхлэл

Орос-Хятадын стратеги бодат байдлаар хэрэгжиж байна. Асуудал нь Таван толгойн ордыг тойрсон, тэр орд нь Монголын нутагт байдаг ч суртал нэвтрүүлгийн гол тэмцэл Монголд өрнөх ёстой юу? Өнөөдөр Орос-Хятадын суртал нэвтрүүлэг Монголын нутгийн зүрхэнд, Улаанбаатарт өрнөж байгааг олон нийт ойлгож байна уу? Монголчууд талцан тэмцэлдэж, тэр улстөр-эдийн засгийн хямралтай уялдан шатлан өргөжих хандлагатай болжээ. Монголыг нэрвэсэн байгалийн гамшиг, үүнийг даван туулах бэлтгэл хангалтгүй байгаагаас малчид өлсгөлөнд нэрвэгдэхэд ойртсон, банкууд зарим талаар хөрөнгө оруулалтын урсгалыг хянах гэсэн Орос-Хятадын өрсөлдөөнөөс шалтгаалж ээлж дараалан дампуурч байхад манай улстөрчид тогтоохын оронд сүйдэж байгаа санхүүгийн ситемээс том луйвар хийхийг оролдож улам унагаж байгаа нь асуудал хэр өргөжсөнийг харуулж байх шиг. Дээр нь эрх баригчид хэзээ мөдгүй гал асахыг мэдээд үндсэн хуулиа өөрчлөх замаар тогтсон системээ эвдэж тогтож үлдэхийг оролдож эхэлсэн зэргийг тооцвол энэ төмөр замын асуудал аймшигтай хор хөнөөл дагуулж мэдэхээр байна. Үндсэн хуулиа задалсан, эрх баригчид нь засаглах чадвараа алдсан, банк санхүүгийн систем нь дампуурч, мэдээлэл хэт задгайрсан оронд гаднын хэн ч, юу дуртайгаа хийж чадна. Тагнуулын албад олж буй мэдээллийнхээ 70-80 хувийг хэвлэлээс олдог бол өнөөгийн Монголд 90 хувьд хүрч байгаа биз.

Асуудлын гол юунд байгааг эрх баригчид ойлгож томъёолж чадахгүй байна. Наад зах нь УИХ төмөр замын асуудлаар шийдвэр гаргахын оронд “Засгийн газар бодлогоо тодорхойлж ир” гэж өөрөөсөө зайлуулж байна. Нэгд Оросоос, хоёрт Хятадаас, гуравт ард түмнээсээ айж байгаа энэ парламент уг нь бодлого томъёолох ёстой. Хэрэв Сү.Батболдын Засгийн газар бодлого томъёолж гаргах л юм бол тэр чигээрээ улстөрийн золиос болох тул хөдлөхгүй. Дээрээс нь тэр “Энержи ресурс”-ыг үндэслэгч учраас гаргасан ямар ч бодлого нь нийгэмд буруугаар ойлгогдоно, эсбөгөөс буруугаар ойлгуулна.  Тайван амгалан Монгол нэг бол Нигер болж танагаа алдана, эсбөгөөс дарангуйлалд шилжинэ.

Аливаа улс орныг эзлэхийн өмнө суртал нэвтрүүлгийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулдаг. Энэ нь нийгэмд эмх замбараагүй, талцал, хагарал бий болгож, гадныхны эсрэг нэгдмэл хүчээр тэмцэх чадвараа алддаг. Дэлхийн нэгдүгээр дайны дараа үзэл суртлын дайралт маш хор уршигтайг мэдсэн учраас Европын орнууд энэ системээ ихэд анхаардаг болсон. Хамгийн гарамгай нь Марксистууд тэднээс үлгэр авсан фашист, национал-социалистууд байсан. Францаас бусад орнууд суртал нэвтрүүлгийн системээ төрийн мэдэлд авсан байна. Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд цэргийн хүчин чадлын хувьд Их британиас дутахгүй Францчууд Германы армид шившигтэй ялагдаж, харин эх оронч, хувьсгалчаараа алдартай Парисын ажилчид хориглолт босгосон ч Гудерианы танкийн блицкригт няцлуулсан байна. Гол нь үүнээс өмнө Францын арми Геббельсийн суртал нэвтрүүлэгт нидрүүлсэн байв. Геббельсийн эхнэр номын сан ухаж байгаад нэг ном олжээ, түүн дээр нь Франц эзлэгдэхийг Нострадамус хэлсэн байжээ... Ялагдлын шалтгаан нь Францын үзэл суртлын систем нь хувийн компанид тулгуурлаж байжээ.

Хүйтэн дайны төгсгөл үед улс орнуудын, хоёр системийн гадаад улстөрийн суртал нэвтрүүлгийн системийг нарийвчлан шинжилсэн Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгч Бегловын цагаан номонд энэ тухай бичсэн байна.

Үүнийг нуршихын учир нь өнөөгийн Монголд өрнөж буй талцсан суртал нэвтрүүлгийн голыг хувийн PR агентлаг, компанийн реклам сурталчилгааны баг зохион байгуулж байна. Ийм компаниуд алсын зорилт бодлого биш өнөөгийн амжилтыг эрхэмлэдэг. Ээлж дараалсан амжилтууд нь эсрэг этгээдээ төдийгү нийгмийг задлаж байдаг юм байна. Уг нь асуудал нь өндөр хэмжээнд гарч ирж, нийгмийн хэлэлцүүлэгт оруулсан төмөр зам өнөөдөр ердөө л хоёр талын аргаа барсан, улайрсан, яахаас ч буцахгүй тулаан болон хувирчээ. Хоёр тал хоюулаа туйлдаж ядраад, эцсийн хүчээ шавхан сүүлийн цохилтоо хийх гэж байна. Энэ цохилт нь Оросод ч, Хятадад ч хамаагүй, ердөө л Монголчууд монголоо хорлоод дуусах болно.

Емилья, Чений хүслээр…

Орчин үед цэрэг дайны номлол өөрчлөгджээ. Сүүлийн 10 жилд улс хоорондын дайн тун цөөрч, харин цэрэгжсэн бүлэглүүд хоорондоо, арми-бүлэглэл хоорондын тулалдаан голдуу болсон байна. Тиймээс Монгол эзлэгдчихнэ гэж айх нь тийм ч бодтой биш бололтой юм. Харин бид 1990 оны хувьсгалын зорилтоо эргэн саная. Бид шинэ колоничлол /неоколониализмаас/ салахыг оролдсон. Шинэ колоничлол бол өнөөгийн яду буурай орнуудыг төрүүлсэн, ялангуяа газрын баялаг ихтэй орнууд өртөн баларсан түүхийн өнгөрсөн үе.  Хүйтэн дайн бол цэвэр үзэл суртлын дайн бөгөөд эхлээд үзэл суртал дараа нь танк, сөнөөгч ордог байв. Үзэл суртлын суурьтай бэлтгэлгүй орсон Оросууд Афганистанд байдлыг засах гэж оролдоод чадаагүй.

Өнөөдөр Монголчууд нэгд Оросын орон зайг Хятад дүүргэх вий гэсэн, хоёрт Оросууд буцаад ирэх вий гэсэн айдастай байгаа юм. Төмөр замд гуравдагч хөршийн тухай асуудал байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл төмөр зам бол илүү бодат зүйл, Орос, Хятадтай л залгана. Өмнө нь Оюу толгойн гэрээ батлагдах явцад Хятадын түрэлтийг өрнийхөөр хаах нь зүйтэй гэсэн санаа сүрхий нөлөөтэй байсан юм. Харин өнөөдөр яг адилхан хоёр хөршөөр айлгах тактик адилхан нөлөө үзүүлж, хэн нь ч ялахгүй сөрөг тэнцвэр бий болгочихоод байна.

Төмөр замын маргаан хийж буй хоёр тал нэгнээ илэрхий Орос-Хятадыг баримтлагч болгон дайрч эхэллээ. Ингээд асуудал нийгмийн шинжээ алдаж, тэдний хувийн өсөрхөл, толхилцоон л болохоос өөр үр дүнд хүрэхгүй. Ингэж ширүүссэн үед ухаан биш сэтгэл үйлчилдэг. Ухаан ихэдвэл сэтгэл багадна, сэтгэл ихэдвэл ухаан багадна гэдэг дорнын үгээр л үүнийг тодорхойлох байх. Нэг талаас Хятадын үзэн ядагч, ямар ч хохирлыг үл тоон хятадыг хааж, аюулгүй байдлаа хангах ёстой гэсэн үзэл санаа бүхий хэсэг, нөгөө талаас эдийн засгийн ашиг олох, хөгжил дэвшилд хүрэхийн тулд хятад лугаа наймаалцах нь зүйтэй гэсэн хэсэг зөвхөн энэ үзлээ хамгаалж нүдэлдэнэ. Ийм үед Оросыг баримтлагчид Оросуудад бүхий л таатай нөхцөл олгохыг хичээж, нөгөө талд Оросыг эсэргүүцэгчид барууныхнаар халхавчилсан Хятадын компаниудад мэдсэн нүдээ аньж байгаад таатай боломж олгохыг чармайх болно. Аль аль тал нь уран гоё санаа, хийрхэл, уриагаар л тэжээгдэж, эрүүл уханнаа алдах цаг. Сонгуулийн төсгөл үетэй их адилхан. Үзэл суртлын тулалдаан эцэстээ тулж, нэг талд Оросын талыг баримталж, нүүрсний ордод Оросуудтай хамтарсан хяналт тогтоох гэж улайрч байгаа Ж.Баттулга, нөгөө талд Хятадуудад нүүрс зарж баяжих сонирхолтой  Ж.Оджаргал, П.Батсайхан, Оюунгэрэл нарын “олигархи” төржээ.

Харин төр яаж байна вэ? Тэдний ард нь байгаа гэгддэг Орос, Хятадаас айж, болгоомжилж байна. Энэ бол дотоодын суртал нэвтрүүлэгт автсан жижиг орны улстөрчдийн мунхаглал. Төр бол ердөө энэ аймхайчууд. Хэт төвлөрсөн бүхнийг шийддэг малнуудаас бүрдсэн унхиагүй тогтолцоо тэднийг ийм байдалд оруулж байгаа юм. Ердөө сурталчилгааны хоёр группын овоохон мөнгө зарсан толхилцоонд төрийн эрх баригчид автсан нь энэ. Мэдээж үүнд хоёр тал сэтгүүлчдийн хөлсний армийг дайчилсан бөгөөд дээрээс нь санаанд оромгүй цуурхлуудыг нэмэхдээ Монгол менталитет цуурхалд итгэхдээ амархан гэдгийг тооцжээ. Ерөнхий дүр зургаар нь үзвэл үзэл суртлын бүхий л хэрэгслийг ашиглан их мөнгөөр богино хугацаанд “хүйтэн дайн” хийсний дараах дүр зураг. Хар, цагаан, саарал суртал нэвтрүүлгүүд бүгд холилджээ.

Яг үнэнийг хэлэхэд хоёр талын ард хэн ч байхгүй. Ердөө тийм болгож харагдуулах зорилтыг тавьсан хоёр тал санасандаа сүрхий хүрсний л шинж. Сүүлдээ энэ нь гэнэн итгэгчдийн итгэл үнэмшил болон удамшвал урхаг нь илүү хүнд тусна. Гайхалтай нь энэ нь Орос-Хятадын Монголын нутагт тулаан явуулах стратегийг л хөгжөөж байгаа юм. Монголчууд яг феодалын бутралын үе шиг хоорондоо үл эвлэрэн дайтсаар байна.  

Өрнөл

Энэ хүйтэн дайн цаашдаа яаж өрнөх бол? Миний үзэхээр дараах байдлаар өрнөнө. Асуудлаас хол байхын тулд яг Понти Пилат шиг гараа савтай усанд угаагаад “Би цэвэр” гэх хэрэг байна уу? Олон нийтэд асуудал ийм байдлаар үргэлжилбэл үнэн хийгээд бодтай бус цэвэр мэдээллийн явуулга гэдгийг мэдэж байг л гэж бодсон юм. Магадгүй хэрэв би өөрөө аль нэг талд нь ажиллах юм бол ялалтын төлөө ийм л зөвлөгөө өгөх байх. Асуудал ийм төвшинд хүрсэн тул одоо ялъя л гэвэл ёс суртахуун, үнэн зэрэг огт хэрэггүй.

Хэрэв Х.Баттулга сайд амжилт олъё гэвэл ийм зам байна:

Ухаа худгийн зам Оюу толгойгоор дайрч байгаа ба Хятадын далд санаа нь Ухаа худгийн чиглэлд зам тавихдаа нүүрс биш завсарт нь байгаа Оюу толгойн баяжмалыг зөөхөд чиглэж байна. /Ингэснээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний нэг чухал заалт, боловсруулах үйлдвэр барих асуудал үндсэндээ байхгүй болох нь гэсэн сэтгэгдлийг олон нийтэд төрүүлнэ/

УИХ-ын гишүүдэд “Энержи ресурс” 20 сая ам.долларын хахууль өгөх болсон. АН-ын бүлгийн хурал дээр Х.Баттулга, Н.Алтанхуяг нар сүрхий маргалдсаны дараа ийм цуурхал дэгдэж байна. /Хэрэв УИХ-аас консорциумыг дэмжсэн шийдвэр гаргавал нэр хүнд унасан тэднийг нэрвэхэд амар, тиймээс УИХ-ынхан Хятадаас мөнгө авсан гэгдэхээс айж шийдвэр гацна. Ийм нөхцөлд УИХ хөдөлгөөнгүй царцана/

Сү.Батболд эхнэрээсээ салж байгаа ба эхнэртээ Ухаа худгийн хувьцааг өгсөн тул консорциумын талд шийдвэр гаргахад бэлэн байгаа. /Энэ бол Засгийн газрыг царцаах арга хэмжээ/

Монголын хилийн цаана байгаа Хятадын боловсруулах үйлдвэрүүд /гангийн, зэсийн, эрчим хүчний г.м/ Монголын ашиг малтмалын нөөцийг тооцож байгуулагдсан тул Монголд ямар ч үнээр хамаагүй зам тавихыг хичээж  байна. /Үүнийг  алсдаа Монгол Хятадын түүхий эдийн хангагч болно гэсэн санаагаар чимбэл олон нийт дургүйцнэ/

Хятадууд “Энержи ресурс”-ын хувьцааны 40 хувийг эзэмшдэг. /Консорциумд итгэх итгэл алдарч, Хятадын эрх ашиг орж буйг батална/

“Энержи ресурс”-тэй Германы төмөр зам хамтарч байгаа нь Хятад-Германы сонирхол нэгдсэнийх. Германы геополитикийн бодлого нь хятадыг Монголд аль болох лав оруулах тусам Оросыг дорноос хүчтэй шахаж, анхаарлыг нь дорно зүгт эргүүлээд өрнө зүгт өөрсдөө чөлөөтэй ажиллах боломжоо олж авахад чиглэсэн байна. /Хятадаас өөр улсууд хөрөнгө оруулж байгаа гэсэн халхавчийг нь бутниргэнэ. Австралийн компаниуд төмөр зам барих ажлыг эрхэлж байгаа нь Австраличууд нүүрсний зах зээлээ хамгаалж буй хэрэг г.м-ээр баяжуулж бас болно/

Дээрээс нь 2044-2045 онд Хятадууд Монголд цэрэглэж, 47 дугаар өргөргөөс урагш нутгийг эзлэх ба Монголын арми нэг жил хүнд хэцүү байлдаан хийсний дараа Оросууд орж ирж тусласнаар газар нутгийнхаа талыг алдаад дуусна гэх мэтийн домогжуулалт гайхалтай үр дүнд хүргэнэ. Ийм домогжуулалтыг хүлээн авах оюун санааны хөрс бэлэн байгаа. “Улстөрийн сонин”-ы хуучин дугааруудыг ухаад л гаргаад ирнэ.  

Оросууд мянганы сорилын сангаас төмөр замд оруулах гэж төлөвлөсөн 187 сая ам.долларыг хаах, Таван толгойд сонирхлоо тусгахын тулд хөдөө аж ахуйд тэр дундаа газар тариалангийн салбарт 300 сая ам.долларын тусламж амласантай  яг адил БНХАУ-ын Засгийн газар Монголын хөдө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйд томоохон тусламж үзүүлэх болсныг мушгин ашиглавал тун ончтой харьцуулалт болох юм.

Хэрэв “Энержи ресурс” амжилт олъё гэвэл:

Боловсруулах үйлдвэрийн парк байгуулах хөрөнгө хаана байна? Нийтдээ 13 тэрбумын өртөгтэй энэ парк бодтой юу? Харьцуулбал Оюу толгойн гэрээ 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай. Хэрэв бид ийм мөнгөтэй юм бол энэ 13 тэрбумаар /Оюу толгойн 5.5 тэрбум + Таван толгойн 5.0 тэрбум + Чойбалсан Сайншандын төмөр замын 1.5 тэрбум + Ухаа худаг-гашуун сухайтын төмөр замын 140 сая + Олон овоот-Шивээ хүрэнгийн төмөр замын+Таван толгой-Зүүнбаян-Сайншандын төмөр зам/ гэх мэтээр бүгдийг нь барьчихаж чадах байсан.

Энэ хэзээ бий болох бүтээн байгуулалт вэ? Оюу толгойн гэрээ байгуулагдтал 8 жил болсон. Тэгэхээр энэ парк байгуулагдтал хэдэн жил шаардлагатай вэ?

Энэ паркад хөрөнгө оруулах сонирхол Хятадад байхгүй. Тэд түүхий нүүрс авахыг бодож байна. Тэгээд хэн байх вэ? Ядуу Орос уу, тэднийг даваад Япон, Солонгос уу?

Сайншанд-Чойбалсангийн чиглэлийн замыг тавих 1.5 тэрбум ам.долларыг РЖД-ын дарга Якунин хөөцөлдөөд олохгүй байна.

Оросууд дан төмөр зам тавьснаар эрх ашгаа хангахгүй тул төмөр зам тавьсны дараа Таван толгойн ордоос хэсэгчлэн өгөхөөс аргагүй болно. Ухаа худаг 400 сая тоннын нөөцтэй бол Таван толгой 10 тэрбум үүнээс эрчим хүчний нүүрс 4.0, коксждог нүүрс 6.0 тэрбум тонн. Төмөр зам тавьж байгаа шалтгаан нь Монголын нүүрсийг зөөж туслах гэсэндээ биш, Таван толгойг авахад байна

Оросууд нийт 5.0 тэрбум ам.доллар босгож байж энэ бүхнээ хэрэгжүүлэх бөгөөд энэ мөнгийг гаргах чадвар одоо байхгүй. Нефтийн үнэ буурч байна. Дотоод улстөрийн зөрчил идэвхжиж байна. Ингэхээр Оросуудыг хүлээх нь “Бухын доодохыг харж үнэг турж үхэв” гэгч болно.

Х.Баттулгын Оросуудтай холбогдсон тухай өгүүллүүдийг “Улстөрийн сонин” ухаад гаргаад ирж бас болно.

Үр дүн:

Энэ бол салаавчилсан, эсрэгцсэн 14 цувралын санаа байгаа биз? Нэг бүр нь овоохон үнэ хүрнэ. Зарим санааг нь сэтгүүлчдийн жаргонаар “хавагнуулаад” бүр олон өгүүлэл болгож болно. Энэ цусгүй алалдаан дунд сүнс нь зайлсан улстөрчид шийдэл гаргаж чадахгүй харсаар улам даамжруулна. Ингэлээ гээд яах юм?

Монголчууд улам талцаж, нэгнээ үзэн ядаж, үүнийг дагасан улстөрийн талцаан эхэлж, улстөр-эдийн засгийн хямралтай уялдвал сүйрэл болно. Яг энэ цагийг анаж байгаа хоёр хөрш өөрсдийн тоглоомын хүнийг олоод төрийн эрхийн төлөө зүтгүүлнэ. Хувьсгал, сүйрлийн дараа танагаа алдсан Монголчууд тэр цагт одоогийнх шиг цамаан загнаж чадахгүй, ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөх болно. Тэгээд аль нэг нь Монголыг бүрэн эрхшээх юм биз дээ. Тэгвэл Монголчуудын дайны булай уламжлал сэргэж, ялагдсан талаа мохоол мушгилгүй болгож санаа амрахаар дайрах болно. Мэргидийг, Татарыг яалаа, Ойрадыг яалаа? Ай мөн аюултай ирээдүй еэ?

Сэтгүүлчид гэхээ больё нэр төрд нь муу болно, жишээ нь би хөндлөнгийн ажиглагч ба хоёр талынхны үзэж байгаагаар хямдхан худалдагдаад, өөрөө ойлгохдоо “аугаа санаагаа үнэ хүргэж зараад” хоёр талын зөрчилдөөнөөс хэдэн саяыг шаачихъя гэвэл “Хэн хэний чинь зөв, хэрэлдээд бай, хэрэлдээд бай” гээд яваад байж болно. Ухаант сармагчин барсын тулааныг уулын орой дээрээс харж… гэж дорнын үг бий яа. Аюултай нь эцэстээ тэр ухаант сармагчин нь бид биш Орос, Хятад хоёрын нэг болбол яахав? Тэртээ хойно бид мэт жижигхэн амьтад шүү дээ, шийдвэрийг та нар л тэр үед гаргаа биз дээ гээд муухан заль гаргаад мултарчих л байх. Гэхдээ хэцүү, хэцүү.

Тодруулж хэлэхэд өнөөг хүртэл аль алины нь талд хүчтэй дэмжлэг үзүүлэгч Хятад, Орос байгаагүй. Бүгд пиар. Харин цаашид даамжирвал тоглоомонд гаднынхан  орж эхэлнэ. Магадгүй дотоодоос тэдэнд хандаж тусламж дэмжлэг хүсэх ч юм бил үү? Дайснаа ялж л байвал чөтгөртэй эвссэн ч хамаагүй гэж богино харж эхэлбэл гадныхныг тоглоомондоо шууд татан оролцуулах үүдийг нээнэ. Одоохондоо харин үүндээ тулчихаагүй байгаа ба хэрэв дээр бичсэн бүхэн хэрэгжвэл гарцаагүй ийм байдалд орох байх. Хэрэгжвэл, байх гэсэн нь мэдээж магадлал муутайг илтгэж байгаа хэрэг.

Асуудлын гол нь энэ төмөр замын цаана “Таван толгой” хэмээх асар их баялаг бий. Тиймээс хоёр талыг хэлэлцэн тохиролцохыг уриалах ёстой болов уу. Аль аль нь эхлээд Монголын эрх ашгаа томъёолох ёстой. Хэлэлцээрийн дараа нэгнээ ялахад зарцуулсан мөнгөө улсын эрх ашгийн төлөө зарцуулж, хоёр талын эрх ашгийг хаахыг оролдох нь зөв юм шиг байна. Одоо тоормослох цаг болсон.

                                             2010.01.20

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив