Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зудны сургамж буюу үйлдэржилтийг юунаас эхлэх вэ?
2010 оны 1 сарын 27 [Уншсан тоо: 51009]

Монгол дахь хэт барууны сүйтгэл.


Монголчууд улс төрийн чиг баримжаагаа их зөв сонгодог хэрнээ эдийн засгаа хөтлөн явуулах тал дээр их алддаг. Энэ бол уламжлалаа үл тоодог, хэт шинэ юманд яардаг үндэсний сэтгэлзүйн онцлогтой нь холбоотой байх. Ардчилсан хувьсгалаас хойш эдийн засгийн чиглэлийн алдаанууд улс орныг ядууруулах эхлэлийг тавьсан билээ. Шинэ үеийн хувьсгалчид шинэ нийгэмдээ огт бэлтгэгдээгүй байснаас эдийн засгийг сүйрүүлэв. Олонх эрс алхамыг тэд ямар ч судалгаа тооцоо үндэслэлгүйгээр, сэтгэлийн хөөрлөөр, дээр нь коммунизмыг үзэн ядах хүйтэн дайны сэтгэлгээтэй, монголын онцлогийг үл мэддэг гадаадын зөвлөхүүдийн амаар хийсэн юм.


Оростой харилцаагаа илэрхий муутгаснаас улс орон цорын ганц уламжлалт зах зээлээ алдаж, эдийн засгийн хоригт орж, үйлдвэрүүд дампуурч эхэлсэн. Улс орны бодат байдлыг үл тооцон хэт барууны шинэ улс төрчид улсын өмчийг хэт яаран хувьчилсан нь 1930-аад оны эхээр хэт зүүнтнүүд хэт яаран нийгэмчилснээс огтхон ч ялгарах юмгүй үр дүнг эдийн засагт авчирсан билээ. Уг нь 70 жилд улсын хэмжээнд зөв зохион байгуулж, шинэ эдийн засагт зохицуулчих л юм бол өөрийгөө дажгүй аваад явчих бааз суурь, хуримтлал бий болгоогүй юм биш, байсан юм.


Үндсэндээ 50-иад жил нямбай тооцож, ул суурьтай бэлтгэж босгосон аж үйлдвэрийн салбарууд бүрэн сүйрлээ. Үнэхээр Азийн баруудын замаар явъя гэсэн бол бүтээгдэхүүнүүддээ гадаад зах зээл нээх ёстой байтал яг эсрэгээр нь өөрийн зах зээлийг гадаадынханд нээж өгснөөс эдийн засгийн сүйрэл сүйтгэл арай дэндүү хэмжээнд хүрч, үйлдвэрлэлийн салбарыг бүр сууриар нь устгав. Үүний ганц тайлбар нь манай зах зээл жижиг. Монголд “Эрдэнэт”, “Говь” хоёроос өөр үйлдвэр үйлдсэнгүй. Дайны дараа ч улс орон ийм байдалд ордоггүй байх. Хэт либерал зарим эдийн засагчид “Говь” японы технологитой учраас үлдсэн гэж тайлбарлаж байв. Өөрөөр хэлбэл бусад үйлдвэрүүд Оросын хоцрогдсон технологитой болохоор л сүйрчихсэн гэнэ. Хэрэв тийм бол “Эрдэнэт” УБҮ ч сүйрчихэж болох.  Гэтэл асуудал огт өөр шалтгаантай, тодорхой хэлбэл “Говь” экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байж л дээ. Эрдэнэт ч мөн адил. Зарим их мэдэгчид Оросууд уул уурхайн технологидоо сайн учраас Эрдэнэт үлдсэн гэж бултах гэж оролдож байна. Хэрэв бүх зүйл технологиос болсон юм бол яахаараа бусад уул уурхайн үйлдэрүүд сүйрчихдэг билээ?


Ш.Отгонбилэг агсан Эрдэнэтийг аваад үлдсэн. Хамгийн гол үнэт зүйл бол гадаад зах зээл, дээр нь үндэсний боловсон хүчний хангалттай нөөц юм. Үйлдвэрлэлийн салбарыг эргүүлж босгоход тулгарах хамгийн хүнд ажил бол бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц байх болов уу.


Улс орныг авч явах алсын хараагүй, чадваргүй хүмүүс төрд олноор орж ирснээс, дотоодын хөрөнгө оруулалт ба гадаад хөрөнгө оруулалтын харьцаа алдагдаж улсын эдийн засаг илэрхий Хятадын хавсарга болох зам руу оржээ. Мэргэжлийн удирдлага алдагдаж, үйлдвэрлэлд ч,  төрд ч тохиолдлынхон олноор гарч иржээ. Тэд салбараа мэдэхгүй тул сүйтгэлийг нь зүгээр л хараад сууж байлаа. Гадаадын хөрөнгө оруулалтанд хэт шүтсэнээс үндэсний үйлдвэрлэл бүрмөсөн зогсов. Үүнийг зохицуулах гэж хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Үйлдвэрлэлийг сүйрүүлснийхээ орыг худалдаагаар нөхөх гэж оролдож, дүүрэн бараатай лангууны үлгэр зохиож эхлэв.


Дотоод нөөц бололцоог шавхан дайчлах, нэгэнт бий болсон аж үйлдвэрийн бааз суурийг бэхжүүлэх, зах зээлийг нь өөрчлөх талаар юу ч хийсэнгүй. Харин ч хуучин аж үйлдвэрийн баазыг “социализмын материал техникийн бааз” гэж хочлон түүн шиг хэрэггүй юм байхгүй “хогны овоолго” гэж хийрхжээ. Социализм нуран унасан бол хуримлал нь ч, бааз нь ч устах ёстой. Энэ бол жинхэнэ хэт хувьсгалчдын хийрхэл байв.


Эцэстээ зарах юмгүй болоод газар нутгаа зарах эхлэлийг тавьсан 1997 оны ашигт малтмалын хуулийн уг үндэс нь энд л байгаа билээ.


Үйлдвэргүй улсын мал 50 сая хүрэх нь бахархал мөн үү?


Социализмын жилүүдэд олон жилийн туршлагад үндэслэн чиглэл нь тогтсон, түүхий эдийн баазад түшиглэн байгуулсан үйлдвэрүүд сүйрлээ. Яаж ч бодсон Монголд малын гаралтай түүхий эд боловсруулж бүтээгдэхүүн хийх үйлдвэрүүд л амжилттай ажиллах ёстой. Арьс ширний үйлдвэрийн нэгдэл бэлтгэсэн бүх малын арьс ширийг боловсруулж байв. Монгол мал аж ахуйн гаралтай түүхий эдээ түүхийгээр нь экспортлож байгаагүй юм, харин эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг эрмэлзэж, тун боломжийн төвшинд хүрээд байсан билээ. Арьс ширний үйлдвэрийг түшиглэсэн савхи савхин эдлэлийн, нэхий эдлэлийн, хивсний, гутлын, ноолууран бүтээгдэхүүний, ноосон эдлэлийн үйлдвэрүүд ажиллаж байлаа. Тухайн үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортод эзлэх хэмжээ тийм ч өндөр байгаагүй нь одоогийнхоос бага эрдэс баялаг экспортлож байсанд бус өөр төрлийн бүтээгдэхүүн олноор үйлдвэрлэж байсанд оршино.


Гадаад худалдаанд алдаа байсан, үнийн асуудал ч байсан. Сэхээтний төөрөгдөлд хамрагдсан сэхээтнүүд өөрийн бүтээгдэхүүнийг хямд, ЗХУ-ын бүтээгдэхүүнийг хэт өндөр үнээр авч байгааг эсэргүүцээд Зөвлөлтийн эсрэг үзэлтэн болж байсан. Гэхдээ л “ажилчин анги” бий болж, арьс, ширэн бүтээгдэхүүнээс гадна мах махан бүтээгдэхүүн, үр тариа экспортлож байв. Тэр үед аж үйлдвэрийн хөгжлийн ирээдүйг ЗХУ-аас хэт өндөр үнээр худалдан авч байсан машин, техник тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдэрлэхэд чиглүүлж байлаа. Гэвч нэгэнт хүрсэн энэ төвшнөө хувьсгалын хийрхлээр бүрмөсөн баллуурдан хаяжээ.


Одоо бүхнийг бүр эхнээс нь 1930-аад оны төвшнөөс эхлэх ёстой. Ардчиллын жилүүдэд мал 43 сая хүрсэн гэж ярих дуртай боловч Монголын мал ахуйн таваарлаг чанар туйлын доод түвшинд байна. Мал эмнэлгийн үйлчилгээ байхгүй болсноос гууранд цоорсон арьс, бруцеллёзтой сүү, махыг гадаадынхан, үнэндээ Хятадууд ч авахгүй байна. Цорын ганц таваарлаг мал ямааны тоо толгой хэтэрснээс /нийт мал сүлгийн 50 орчим хувь/ бэлчээр хомсдож, цөлжилтөнд хүч нэмжээ.


Өнөөгийн мянгат малчин саятны тоонд орохгүй байна. Малчид малаа чанаржуулахдаа их сайндаа л хурдан морь болгож байх шив дээ. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдээ хатуу бодлогоор авч үлдсэн бол мал аж ахуйг сүйрлээс гарч болох байв. Өнөөгийн 43 сая мал социализмын үеийн 28 сая малаас чанар, үр ашиг хийгээд таваарлаг чанараараа хамаагүй муу байна. Мал дагасан хүн мал болдог болжээ. Чухамдаа үхрийн хөөвөр, сүү, шир, адууны шир, ямаа, хонины нэхийг авахгүй байгаа учраас, үйлдвэрлэлийн түүхий эдийн хэрэгцээ бараг байхгүй болсон учраас малын тоо толгой ингэж өссөн болохоос ганцхан хувьд очсон шалтгаанаар өсөөгүй юм.


1990 онд савхин дээл, цамц 460 мянган ширхэг, савхин гутал 3.5 сая хос, нэхий дээл 300 мянган ширхэгийг үйлдвэрлэхдээ хэчнээн толгой малыг түүхий эд бэлтгэлд хэрэглэж байсан бол? Тэр үеийн статистик өнөөгийнхөөс хавьгүй үнэмшилтэй тул эргэлзэх хэрэггүй тоочьё. Хонины арьс 2 сая, ямааны арьс 1 сая, үхрийн арьс 0.5 сая, хурга ишигний арьс 0.7 саяыг бэлтгэж байжээ. Үүнээс зөвхөн хонины арьсыг дотоодод боловсруулаад 1.8 сая ширхэг нэхий үйлдвэрлэж байв. Баримтаас үзвэл богийн арьсны 90 гаруй хувь, бодын арьсны 80 хувийг дотооддоо боловсруулж, дийлэнхээр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.


АКА-ны сум нэвтэрдэггүй гэж шоолдог байсан Монгол нэхий Сибирийн Оросуудад хэрэгтэй байв. Өнөөдөр ч Монгол нэхий Солонгос, Түрк нэхийтэй өрсөлдөж, чанар чансаагаараа илүүрхэж байна. Анх Монголчууд Хятад явахдаа хонины натурал ноосоор герман технологиор нэхсэн хивс аваад явдаг байв. Өөрөөр хэлбэл Монгол улсын малын өсөлтийн хэмжээ өнөөгийнхөөс бага байсны шалтгаан нь үйлдвэрлэлийн зориулалтаар түүхий эд бэлтгэх замаар малын тоо толгойг зохицуулдагт л оршиж байжээ. Ингээд бодвол малын тоо толгойн өсөлт гэдэг өнгөц дүгнэлтээр сайрхаад байх үзүүлэлт лав биш болж таарах нь.


Аж үйлдвэрийн сүйрлийн дараа байдал ямар болов? 1990 онд үхэр, адууны шир 152.9 мянган ширхэгийг экспортлосон бол 2000 онд 1 334.8 мянган ширхэгийг буюу 9 дахин олныг экспортолжээ. Өөрөөр хэлбэл одоо бид ашигт малтмалын салбарын бодлого ярихдаа гадаадын хөрөнгө оруулагчдад “Ашигт малтмалаа түүхийгээр нь гаргуулахгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэ” гэж тулгая гээд бараг тохирчихоод байгаа. Даанч ичгэвтэр нь бид өөрсдөө өөрийн үндсэн баялаг мал аж ахуйд тулгуурласан үйлдвэрлэлдээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бүү хэл оргүй болгочихоод сууж байнам бус уу? Үнэнийг хэлэхэд хийж, хэлэх хоёрын заагийг харуулсан ийм жишээнүүдийг бодохоор л хэлэх үггүй болчих гээд байдаг юм.


Мал аж ахуйгаас экспортын ашиг харалтгүй болжээ, мэдээж эцсийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр зарна, харин түүхий ширийг бол хоногийн хоолны мөнгөөр л зарна. Монголчууд Ардчилсан хувьсгалаас 10 жилийн дараа үхрийн арьсаа 10 мянган төгрөгөөр буюу социализмын үеийн 10 орчим төгрөгөөр хятадуудад өгч байв. Гэтэл гутал болгоод, савхи болгоод гаргавал хэчнээн төгрөгөөр борлуулах байв гэж бодох нь байтугай авч байгаа нь их юм байжээ. Гэтэл удалгүй гуйгаад ч авахгүй болчих юм гэж хэн мэдлээ?


2003 оноос Монголд ойр ойрхон малын халдварт өвчин дэгдсэний дараа Хятадууд Монголоос түүхий арьс, шир авахаа зогсоов. Шүлхийний дэгдэлтийн дараа үхрийн шир бүрмөсөн авахаа болив. Их сайн эдийн засагч нь “Хятадууд бодлогоор манай үйлдвэрүүдийг дампууруулаад одоо түүхий эд авахгүй манайхыг боож байна” гэж дүгнэснээс бус алдаагаа өөрөөсөө олж хараагүй юм. Үүний дараачаас малын тоо толгой өсөж эхэлсэн. 2006 он гэхэд бодын түүхий арьс ширний экспорт 4.4 дахин буурсан бол хонины нэхийг бүр ор тас эспортлохоо больжээ. Энэ тэгээд амжилт мөн үү? Малын тоо толгой өсөхийн хэрээр, ашиг буураад л байлаа. Мал олшрох тусам нийлүүлэлт ихсэж, арьс ширний үнэ бас бууж байлаа.


Хэрэв Монголын арьс ширний үйлдвэрүүд ажиллаж байсан бол шүлхий нэг их асуудал биш байсан юм. Хамгийн гол нь үйлдэрүүд түүхий эдийн чанараа бодож мал эмнэлгийг тэтгэх ёстой тэр систем бий болж чадаагүйгээс өнөөдөр Монголын үхрийн шир ямар ч хэрэгцээгүй адсага болжээ.


Өнөөдөр дэлхийн гутал үйлдвэрлэгчид жилд 4.5 тэрбум ам.долларын үхрийн шир авч байна. Харин 40 сая малтай гэж цээжээ дэлддэг Монголоос шир авдаггүй. Учир нь Монгол үхрийн арьс гуурандаа баригдаад бөөн цоорхой болжээ. Манайхны “хагас” боловсруулдаг үйлдвэрт боловсруулж байгаа үхрийн ширийг хараад өрөвдмөөр юм билээ. Нөгөө жижигхэн гуурны нүх боловсруулаад ирэхээр хүний толгой багтам том нүх болчихдог юм билээ. Гэтэл үхрийн арьсны хээл нь бус зооны нь арьс л хамгийн хэрэгтэй юм гэнэ.


Ийм мал ахуй эрчимждэггүй юм.


Бодлогын алдаа дараагийн алдааны суурь болж байна. Өнөөдөр Монголын мал сүрэг  нүүдлийнх учраас ашиггүй байна, мал аж ахуй берэн биеэ дааж өөрийгөө  тэтгэх чадваргүй байна гэж шүүмжилж, фермержүүлэх зорилт тавьж байгаа нь маш их хөрөнгө үрсэн буруу чиглэл юм. Хэрэв фермерүүдийн бүтээгдэхүүнийг, түүхий эдийг нь худалдан авах үйлдвэрлэгч байхгүй бол мянган сайхан фермер байгаад дампуурахаас өөр гарцгүй. Судлаадын хэлэх нь Монголд Сэлэнгэ, Онон, Улзын сав газарт л фермер эрхэх боломжтой ажээ. Тэгэхээр асуудал фермертээ байгаа юм биш, үйлдвэрлэлдээ байна.


Ямааны ноолуур экспортын бүтээгдэхүүн үйлдэрлэдэг ноолуурын үйлдвэрүүдийн түүхий эд болж, харин ноолуурын үйлдвэрүүд түүхий эд цуглуулах мөнгөөрөө ямааны аж ахуйг тэтгэдэг битүү тогтолцоо л эдийн засгийн ач холбогдолтой болохоос дагнасан ямааны аж ахуй ямар ч ирээдүйгүйг ноолуурын үнэ бууж буй энэ үед малчид ойлгох ёстой.


Савхи, савхин эдлэл, гутлын үйлдвэрүүд байгуулбал үхрийн болон хонины аж ахуй сэргэх учиртай юм. Дотоод зах зээлээ эзэлсэн сүүний үйлдвэрүүд байхгүй бол саалийн фермүүд ашигтай ажиллаж чадахгүй. Гэхдээ үйлдвэрлэлийнхээ бааз суурийг бүрэн устгасан тул бүхнийг бараг нойлоос эхлэх болж байна. Наад зах нь боловсон хүчин бэлтгэх хэрэгтэй болно. 1980-аад онд бэлтгэгдсэн арьс шир, гутлын мэргэжилтнүүд одоо лангуун дээрээ байгаа гутлыг арьсаар хийсэн үү? дуураймал материалаар хийсэн үү? гэдгийг ялгаж чадахаа больчихсон байна.


Эдийн засгийн дагнасан бүтэц найдваргүй тухай


Цаашид дан ганц уул уурхайн салбарт түшиглэсэн эдийн засгийн бүтэц бий болгохыг оролдох нь улс орон тэр чигээрээ хараат, эмзэг эдийн засагтай болохын цондон. Баялгийн хараал гэгддэг ийм үзэгдлийг дэлхий дахин амсаад ирсэн. Ашигт малтмалын үнэ буурвал эдийн засаг хямарна, үнэ өсвөл луйвардуулна. Луйвардуулахгүй гэвэл хөрөнгө оруулахгүй, хөрөнгө оруулахгүй бол ашигт малтмал хаанахын ямар ч бирж дээр ямар ч үнэтэй байсан падлийгүй, булаатай хэвтэж байх болно. Ийм л чөтгөрийн тойрог дунд эргүүтсээр байх болно.


Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг шаардахын зэрэгцээ өөрсдөө хийж чадах салбарынхаа үйлдэрлэлийг бий болгож, мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг олноор бий болгоход дэмжлэг үзүүлэх ёстой болж байна. Үйлдвэрлэлийн хосолмол, гурамсан бүтэц хэрэгтэй. Технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтыг төр мэддэг юм биш, төр гадаад зах зээлийг нээхэд анхаарах учиртай. Хөөрхий Сү.Батболдыг хэдэн жил луйварчин, шулаачаар нь дуудсан, гэхдээ мань хүн гадаад хэргийн дэд сайд, үйлдвэр худалдааны сайд байхдаа Монголын 7200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын холбооны улсуудад татваргүй экспортлох хэлэлцээрийг байгуулж өгсөн гавъяатай амьтан. Хэрэв бид ашиглаж чаддаг л юм бол Монголд зарах үнийг хэд хугалсан үнээр бүтээгдэхүүнээ зарах бололцоо байгаа юм. Даанч үйлдвэрлэл хөгжөөгүй учраас Сү.Батболдын гавъяа юу ч биш, хэн ч анзаарахгүй хэлэлцээр болчихсон юм.


Одоо үйлдвэржилт сэргэлээ гэхэд бид цоо шинэ салбар бий болгож бараг л чадахгүй, тийм туршлага ч байхгүй, тийм нөхцөл ч харагдахгүй байна. Эрсдлээ бууруулах, амжилтаа ахиулахын тулд нэгэнт туршигдаж батлаглдсан уламжлалт үйлдвэрлэлийн салбаруудаа эхэлж сэргээх нь зөв бөгөөд амжилт олох магадлалтай.


ЗХУ ч Монголд асар их зээллэг олгож байхдаа “Дотоодынхоо эдийн засгийн ач холбогдлыг бодоогүй” гэж шүүмжлүүлдэг байсан ч гэсэн Монголоос ашиг олох тэр л салбарт хөрөнгө хаяж байсныг бид мэдэж болно. Улс орон хэчнээн үрэлгэн  байлаа ч эрх ашиг заавал байдаг бөгөөд зөв эрх ашиг нь шулуулж буй орондоо ч зөв үр дүн авчирдагт хөрөнгө оруулалтын гайхамшигтай чанар оршдог билээ. Хамгийн түрүүнд хэлэхэд өнөөгийн Оросын Сибирийн зах зээлд эдгээр уламжлалт үйлдвэрлэлийн хэрэгцээ, эрэлт бий. Оросууд Монголоос удаан хугацаанд олж болох тэр л ашгийнхаа төлөө Монголын эдийн засгийн бүтцийг сайтар судлаад хөрөнгө оруулж, зээллэг өгч байсанд эргэлзэх хэрэггүй. Мэдээж манайх шиг нурчихаагүй бол Монголын үйлдвэрийн салбартай уялдсан бүтцүүд нь байж л байгаа. Наад зах нь хойд хилийн дагуу Оросын махкомбинатууд амаа ангайгаад байж байдаг. Авсралиас мах авч байна ч гэх шиг.


Ахиад зудны тухай.


Өнгөрсөн үеийн туршлагыг 20 жилийн хойно мартжээ.   Улсын фондын өвс тэжээл бол зуданд нэрвэгдсэн бүх малыг тэжээж хавар өнгөрөөх зориулалттай зүйл биш. Өмнөх жилүүдийн зудыг давсан туршлагуудыг харж байхад фондыг өөрөөр, оновчтой байдлаар ашиглаж байжээ.


Цас их дарсан, малын бэлчээргүй болсон, хүйтэрсэн нутгийн малчдыг өнтэй газарт шилжүүлэн нүүлгэхэд фондын өвс хэрэг болдог байжээ. Малчдыг албадан нүүлгэж, өнтэй нутагт шилжүүлэх замд цэргийн техникээр зам гаргаж, бүр боломжгүй газруудад нисдэг тэргээр өвс, тэжээл хаядаг байжээ. Малчид замдаа тэр өвсөөр малаа тэжээсээр өнтэй газар хүрч чаддаг байв. Ингэж байж хохирол багатай гарна уу гэхээс байгаа фондоороо хоёр өдөр мал тэжээгээд сарын дараа хотоо харлуулчих айлуудад өвс, тэжээл өгдөггүй байна. Мэдээж энэ бол тэмээн дээр ямааны гарз, мал дээр тэжээлийн гарз болно. Бэлчээрийн мал аж ахуйг бэлчээрээр нь л авч гарна уу гэхээс тэжээж авч гардаггүй.


Газар нутгийн 70 хувь гантай байхад 43 сая толгой малыг тэжээх өвс тэжээл бэлтгэж авч чадахгүй. Хот орчмын айлуудыг харахад сүүгээр нь орлого олдог нэг саалийн үнээгээ онд оруулахын тулд дор хаяж нэг машин өвс бэлтгэсэн байна. Ийм хэмжээний хадлан тэжээл улс ч, мянгант малчин ч бэлтгэж чадахгүй юм.  Өнөөгийн  дарга нар дулаан өвөлжөөндөө байхад нь нисдэг тэрэг өвс хаяж өгдөг уран сайхны киноны маягаар зудыг хараад байна гэж туршлагатай хүмүүс халаглаж байна.


Өнгөрсөн 7 хоногт малчдыг ядаж мөнгөжүүлэхийн тулд задгай захууд нээгээч гэж хүссэн. Гэвч хот болоод, хөдөө аж ахуйн яамны махны ченжүүд нээлгэхгүй удлаа. Энэ бол төрийн халамж биш, боломж л олгож байна. 1.25 сая хүн мах иддэг зах зээлд малчид малаа нядлаад авчирвал сайн мадаа тэжээж үлдээхийн тулд улсаас ядаж өвс худалдаж авах мөнгөтэй болно. Гэхдээ цаг алдвал сар шинэ өнгөрөөд л мах борлогдохоо болино.


Дээрээс нь “Эмээлт”-д бэхэжсэн хятадууд зудын далимдуулан түүхий эдийн экспортын татварыг тэглүүлэхээр оролдож эхэллээ. Бас ирэх хавар малчдыг мөнгөжүүлэх ёстой гэж тулд ноолуурын татварыг тэглэх шаардлага тавих байх. Бас гайхалтай нь адууны ширний экспортын татварыг тэглүүлэх гэж мэдэгдэл гаргажээ. Адуу бол зуданд бага өртсөн урт хөлийн мал учраас хэдийд ч оторлоод хохирол багатай гарч болдог мал. Гэтэл тэгэхээс тэг гэж байгаа мэт адууны шир үнэд хүргэх гэж байгааг харвал Хятадууд Монголчуудаас илүү мал мэддэг болоо юу гэмээр байна. Энэ бүх дарамт шахалт, ар араасаа хөвөрсөн алдаанууд ганцхан зүйлээс мал аж ахуйн түүхий эдэд тулгуурласан боловсруулах үйлдвэр байхгүйтэй холбоотой.    


Өнөөдөр мал аж ахуйгаас ердөө л мах эрэлттэй байна. Үхсэн ч гэсэн ноолуурыг нь самнах гэж хуулдаг ямааны арьс үнээ хадгална. Бусад нь сэг зэм болох нь байна. Хэрэв бодтой алхам өнөөдөр хийхгүй юм бол Монголын говиос боссон нарийн шороо Тайвань, Өмнөд Сонлонгос, Хятадын өмнөд мужуудын компьютерийн үйлдвэрүүдийг баллаж байхад Оюу толгойн зэсээр компьютер үйлдвэрлэнэ гэх мэтийн солиотой юм яриад ахиад 10 жил явж болохгүй л байхгүй юу.


Нэгэн бодлогод нэгдэх чадвар л үндэсний үзлийн тулгуур болно гэж би хувьдаа боддог. Ингэсэн цаг л Монголд үндэсний либерал, үндэсний социалист намууд бий болж, баруун зүүний намууд үндэсний эрх ашигт нэгдэж, хоосон улстөржсөн хэрүүл зогсож, хөгжих зү тогтох байх. Түүнээс бус бид бараг 100 жил гадаадынхныг хөгжүүлэх гэж санаа тавьсаар өөрсдөө баларч байна. Харин Монголчууд л хөгжихгүй байна.


Үйлдвэржилт бол манай өнөөгийн нөхцөлд дэвшүүлэн тавих цаг нь болсон гол зорилт мөн байна. Бид худалдаагаар хол явахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Тиймээс үйлдвэржилтийн зорилтоо тодорхойлохдоо эдийн засгийн гол бааз болсон мал аж ахуйгаа ч давхар сэргээж, таваарлаг чанарыг дээшлүүлэх, малчдыг орлогожуулах, хамгийн гол нь өнгөрсөн зууны туршлагаар нэгэнт батлагдсан үйлдвэрлэлийн салбарыг ахин сэргээхэд анхаараасай гэж хүсэж байна. Ахин хэлэхэд Монгол мал таваарлаг бус байгаа нь бэлчээрийнхдээ ч биш, ашиг муутайдаа ч биш, үйлдвэргүйдээ л байна.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив