Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төрийн зуд дээр тэнгэрийн зуд
2010 оны 2 сарын 22 [Уншсан тоо: 35098]

Байгалийн зуд энэ жил хүндхэн нэрвэх нь. Тооцоогоор 8 сая орчим мал алдах төлөвтэй.  Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2009 оны жилийн  эцэст манай улсын малын нийт тоо 43 сая 657 мянган  толгойд хүрч,  2008 оныхоос 370 орчим мянгаар л өсчээ. Өнгөрсөн жил газар нутгийн 70 гаруй хувь гантай байсан юм. Ихэнх нутгаар зуншлага тааруу, өвөлжилт хүндэрэх төлөвтэйгээс малаа олноор нь нядалжээ. Хямралын улмаас мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнэ ханш өмнөх оныхоос буурсан тул малчид махаа борлуулахыг хичээжээ. Наадмын өмнө хотын орчим тууж ирсэн богийн тоо хэдэн арван мянга хүрч байсныг олон хүн санаж байгаа байх. Үнэндээ хонь ямаагаар хорхог боодог хийснээс өлөн 200, арьс 500 төгрөг байсан. Дотоодын боловсруулах үйлдвэр байхгүй, түүхий эд авагч нь дан Хятадууд учраас ингэж боолгосон хэрэг.

Махны үйлдвэрлэлт, нөөцийн болон экспортын мах бэлтгэлд хамрагдсан малын тоо толгой 2008 оныхоос 60 гаруй хувиар нэмэгдсэн нь харин овоо ашигтай дүн юм. Гэхдээ л өмнөх жилүүдэд бага хэмжээтэй мах экспортлож байсан тул өссөн дүнгийн өндөр хувь эдийн засагт төдийлөн ач холбогдолгүй. Том малын хорогдлоос гадна зуд нэрвэсэн аймгуудад төл авахгүй нь. Ийнхүү зудын эдийн засгийн хохирлийг 8 сая малаар хэмжих болох нь. Оросын “ОРТ” сувгаар зудны улмаас Монголд өлсгөлөн нүүрлэж байна гэж нэвтрүүлж байна. Гэхдээ яаж ч буурлаа гээд монголын малын тоо 35 саяас буурахгүй. Оросууд Монголчуудыг ердөө мах л иддэг гэсэн ойлголтоосоо салаагүй байна. Гэхдээ ингэж бодох үндэслэл байна. Яаж ч буурсан 30 сая гаруй толгой малтай байхыгаа мэдсээр байж малын түүхий эд боловсруулах үйлдвэрүүдээ сүйтгэсэн Монголын төрийн харалган алдааг энэ жилийн зуд илчилжээ. Үүнийг анзаарч, боловсруулах үйлдвэрлэлээ сэргээвэл том олз. Ингэлээ гээд өнөөгийн улстөрчид, эрх баригчид хариуцлагаас мултрахгүй юм.

Далд эдийн засаг

Эрх баригч намуудын амлалт энэ жилийн малын их хядлагын эхлэлийг тавьжээ. 2008 оны сонгуулиар том намууд 1-1,5 сая төгрөг амласанд малчид итгэсэн юм. Гэхдээ амлалтыг итгэл болгоход банкууд маш их үүрэг гүйцэтгэсэн байна. Монголын банкны салбарт зээл хэр олгосноор ажлын үр дүнг хэмждэг систем бий болсон байжээ. 2004-2008 онд эдийн засаг огцом тэлсэн бөгөөд үүний нэг шалтгаан нь мөнгөний хууль бус далд нийлүүлэлт байсан юм. Эдийн засаг тэлэх шалтгаан нь баян хоосны ялгаа хэт ихэссэнд байжээ. Улстөрийн бүлэглэлүүд эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх хэмжээний хуримтлалтай болсон байна. Энэ хуримлалаар бодат эдийн засгаас асар их ашиг олдгоос хүн ам ядуурчээ. Хуримтлалыг эдийн засгийн бодит өсөлтөөс биш эмиссээс босгосон. Өнөөдрийг хүртэл үүнийг лав л тав зургаан өгүүлэл дамнуулан бичиж байгаа авч улстөрчид нуусаар байна.

Улстөрийн бүлэглэл намын нөлөөлөлд байдаг Монгол банкны дээд удирдлагатай бүлэглэлийн толгойлогчид хэлэлцэн тохирч их хэмжээний цаасан мөнгө хэвлээд арилжааны банкуудаар дамжуулан өөрийн компаниудад олгожээ. Барилга, мах, ноолуур, хотын газрын худалдаа, ашигт малтмалын лицензийн худалдаа, газар тариалан, спиртийн үйлдвэрлэлийн салбаруудыг барьсан бүлэглэлүүд бизнесээ дэмжихийн тулд их бодит эдийн засагтай тэнцэх хэмжээний мөнгө нийлүүлжээ. Мөнгө хүүллийн  асар урт систем бий болоод байв. Системийг маш энгийнээр тайлбарлая.

Монгол банкнаас тэрбум төгрөгийн эмисс гаргууллаа гэж бодъё. Тэрбум төгрөгөө аль нэг арилжааны банкаар дамжуулан өөрийн компанид зээл болгон авна. Надад байгаа мэдээгээр Монгол банкнаас гарсан мөнгөний хүү ойролцоогоор 0.7 хувийн хүүтэй. Арилжааны банкууд мөнгийг хүлээж аваад барьцаагүй зээл олгож байв. Хүү нь 1.2-1,5 хувь. Бусад зээлдэгчдэд бол 1,7-2,0 хувь. Одоо эргэсэн системийг нь харъя. Нэгэнт зээл олгосон бол банкуудад ийм хэмжээний зээлийн эх үүсвэр хадгаламж байх ёстой. Энэ хадгаламжийг зээлийн төлөлтөөс бий болгож байлаа. Ингэхдээ сарын 1,5-2,0 хувийн хүүтэй хадгалуулдаг байв. Жишээ нь 5 тэрбум төгрөгийг валют болгоод 10 жилийн хугацаатай хадгалуулахад сарын 2 хувийн хүү авдаг байжээ. Энэ өндөр хүүг төлөхийн тулд банкууд зээлийн хүүгээ өсгөж, хөрөнгийн эргэлтийг нь хурдасгахын тул хугацааг нь богиносгож байв. Ингэсээр нийт хадгаламжийн 97 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3 хувь нь эзэмшдэг болжээ. Банкууд үүсгэн байгуулагч эздийнхээ мэдлээс гараад явчихсан байна. Ийм байдлаар 1,3-1,5 триллион төгрөгийг бүлэглэлүүд гартаа атгажээ. Энэ бол Монголын бодит эдийн засгийн хэмжээ юм. Далд эдийн засаг нь бодат эдийн засагтай тэнцүү гэсэн үг. 2008 оны 12 дугаар сард 2,6-2,8 триллион хүрсэн хадгаламжийг Монгол банк хоёр дахин бууруулж 1,3 триллион гэж мэдээлсэн нь шал худлаа мэдээлэл байсан юм. Өөрөөр хэлбэл бодит эдийн засгийн хэмжээнд тааруулж мэдээлэхдээ далд эдийн засгийг нуусан хэрэг.

Амлалт буюу зээлийг шингээх арга.

Энэ мөнгийг зээл болгон хувиргахын тулд банкууд зээл олгох уралдаанд орж, барьцаанд авч болох бүхнийг хамж байжээ.

Намууд 1-1,5 саяыг амлахдаа энэ системээ урт настай гэж бодож байсан юм. 1,3 триллионыг 2,6 болгож чадсан юм чинь 2,6-г 5,2 их наяд болгоход юухан байхав. Амлалтанд зарцуулах мөнгөний хэмжээ 4,6 триллион төгрөг байжээ. Мөнгөө ч амлав. Банкууд өөрт хуримтлагдсан их мөнгөө зээл болгох уралдаанд оржээ, гэхдээ хүү нь өндөр, хугацаа нь богино байх ёстой. Амлалт эхлэнгүүт намуудтай зэрэгцэн банкууд амлалт бодтой болох тухай сурталчилж эхэлжээ. Хотын бүх үл хөдлөх хөрөнгө барьцаанд ороод дуусан байв. Улстөрийн бүлэглэлийн хяналтанд байдаггүй жижиг барилгын компаниуд өмнө нь барьсан барилгаа барьцаалж, дараагийн эргэлтийн хөрөнгөө босгож байв.  Бүлэглэлүүдийн гарт байгаа мөнгөний хэмжээ нь бодат эдийн засагтай тэнцэх учраас Монголын бүх эдийн засгийг барьцаанд авахад элбэг хүрэлцсэн юм. Хот ийм байхад хөдөө ямар байв?

Ховд аймгийн Манхан сум жижгэвтэр хязгаарын сум. Гэхдээ энэ суманд “ХААН” банк нэг тэрбум төгрөгийн зээл олгож чадсан байна. Тус сумын банкны салбарын хананд Питер Морроугийн гарын үсэгтэй “тэрбум төгрөгийн зээл олгосон тэргүүний хамт олон” гэсэн том өргөмжлөл  хадаатай байна. Тэрбум төгрөгөөр Манхан сумыг барьцаанд авчихсан хэрэг.

Ийнхүү Монголын мал сүрэг банкных болж эхэлжээ. Гэтэл Манхан суманд зэрэгцээд “Монгол шуудан” банкны салбар байдаг ба тэрбум хүрэхгүй ч өрсөлдөөний явцад их хэмжээний зээл олгожээ. Хөдөө орон нутгийн зээлийн өрсөлдөөнд “ХААН” банкинд ялагдсан “Монгол шуудан” хүнд байдалд орсон тул дампуурах шахаж, эзэд нь “Хадгаламж” банкинд 14 тэрбумаар зарчихжээ. “Монгол шуудан” банкны эзэд эрхбиш Морроуг бодвол банкны менежмент муутай ч, Монгол амьдрал мэддэгийн хувьд зөв алхам хийсэн нь энэ.

Учир нь тэд малчид малаа давхар барьцаалж байгааг түрүүлж мэдсэн байна. Нэг гэр бүлийн хоёр тус тусын нэрээр байгаа бүх малаа хоёр банкны барьцаанд тавьж байжээ. Төвөөс зээл олгохыг шахдаг учраас банкныхан малчдад малын барьцаатай зээл олгохын тулд төвийнхөө банкыг ч хуурахаас буцдаггүй байжээ. Зээл л олгох ёстой гэсэн ойлголт авсан сумдын банкны ажилтнууд нь санхүүгийн мэргэжилгүй, сумандаа л боловсролтой гэгддэг багш голдуу хүмүүс байгаа нь  сүрхий нөлөөлсөн нь мэдээж. Тэдний зээл олгохдоо малчдын малыг  барьцаанд авдаг арга нь хөгийн. Өөр банкны давхар барьцаанд байгаа эсэхийг шалгадаггүй шалгахыг ч хүсдэггүй, тиймээс зээл авах гэж малчнаас жилийн эцсийн тооллогоор хэдэн мал тоолуулсныг батлах тодорхойлолтыг сумын засаг даргаасаа авчрахыг шаарддаг байжээ. Нэг сумын ард түмэн яаж ийгээд хамаатан болсон байдаг учраас ганц хоёр бодын хахуультай тодорхойлолтыг Засаг дарга нар ядах юмгүй гаргаж өгдөг ажээ. Ингээд нэг мал хоёр банкинд барьцаалагдав. Энэ бол барьцаагүй зээл өгснөөс ялгаагүй хэрэг…  

Зуд боллоо. Малчдын идэвх сулраад байв. Минийх биш банкны мал юм чинь махаа идэж тэжээх хэрэг байна уу? Мал хувьчлалын өмнө хэрэгжүүлж байсан гэрээ түрээсээр нэгдлийн малыг маллаад зуун эхээс бойжуулах төлийн тоог тогтоосон гэрээнээс илүү бойжуулснаа өөрийн болгодог байсан тэр систем бий болсон байна. Ялгаатай нь нэгдлийн малыг өсгөөд өгнө, харин банкны малыг өсгөлөө ч өссөн мал нь зээлийн хүүнд явчих юм. Зээлийн хүүгийн өсөлт малын өсөлтөөс бага байж чадах уу? Ай мэдэхгүй.

Ингээд банкууд барьцаагүй зээл олгож, дээр нь барьцаанд нь малыг нь хамдаг юм гэхэд тэр нь зуданд сүйдчихжээ. Одоо энэ зээлийн багцыг бүгдийг нь найдваргүй зээл гэж тооцох уу? Ийнхүү намуудын амлалт, намын эрхэнд гарсан бүлэглэлүүдийн мөнгөө угаах явуулга банкны системийг бүхэлд нь бүрмөсөн баллах шатандаа оржээ. Энэ жил хорогдох 8 сая мал бол Монголын банкинд маш хүнд цохилт болно.

Өлсгөлөн, бослого.

Малын түүхий эдийн ханш уналаа. Мах борлогдохоо болив. Мал туранхай байна, мах борлохгүй болжээ, дээр нь зуданд ширвэгдлээ. Малчид өвс тэжээлээ авч дийлэхээ болив. Бэлчээр хомсдсоноос бэлчээрээ булаацалдаж эхлэв. Малын хулгай замаа алджээ. Зээлээ төлөөгүй малчдыг луйврын хэргээр, эсвэл малын хулгайн хэргээр шоронд хийнэ гэвэл багтаах сав байхгүй, сүүлийн жилүүдэд шоронгийн багтаамжийг хоёр дахин нэмсэн хэр нь шүү дээ.

Мал их нядалснаас махны нийлүүлэлт өсөж, ченжүүд махыг нь хямдхан авч байна. Турсагыг нь хаяхаас өөр аргагүй. Малчид өлсгөлөн зовлонгоос гарах эцсийн найдвар нь амлалт.

УИХ-ын гишүүд эрхбиш нүүр буруулж чадахгүй учраас хөдөө орон нутагт очиж байна. Малчид ганцхан зүйлийг амлалтаа биелүүлэхийг л шаардан угтаж байна. Ховд аймгийн Манхан сум бол УИХ-ын дарга Дэмбэрэлийн төрсөн нутаг. Өнгөрөгч намар Ховд аймгийн банкны хашаанууд машин, мотоциклээр дүүрсэн байжээ. Тэр нь малчдын зээлийн барьцаанд хураасан эд хөрөнгө. Малыг нь аваад явахдаа 3000 төгрөгийн дутууд хэнз ишгийг нь бариад явж байсныг малчид нулимс дуслуулан ярьжээ. Манхан сумын банкны гадаа аюулын шинэ хоёр ч мотоцикль сойгоотой байжээ. Гэхдээ тэр малчдынх биш, банкныхны өр нэхэхдээ нуадаг унаа байжээ.

Манхан сумынхан Дэмбэрэл даргынхаа хөрөгийн духан дээр батламжийг нь наагаад амласнаа өг гэж шаардаж жагсчээ. Бас УИХ-ын гишүүн Д.Бямбацогтын сонгуулийн үед тараасан цагаа харж буй зурагтай, “Цаг болжээ” гэсэн уриатай плакатыг нь “яльгүй” өөрчилж, “Бямбацогт оо амлалтаа биелүүлэх ЦАГ БОЛЖЭЭ” гэсэн плакат болгосон байна. Энэ бол амлалт нэхэх хөдөлгөөнийхөн очиход болсон үйл явдал. Одоо тэднийг очвол яг энэ уриа лоозонгоо мандуулаад “баяр ёслолын байдалтай” угтана.

УИХ-ынхан тэрбум тэрбумыг идээд, дараа нь хоёр ч банк хоослоод хэхрүүлэх зуураа гэнэт байдал биш болсныг мэдээд цагаан сараас өмнө хөгшид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яаж ийгээд 70 мянган төгрөг өгөхийг Засгийн газраас шаардсаар санасандаа хүрсэн билээ. Гэвч энэ мөнгө малчдын гар дээр очихгүй. Мөнгийг банкаар дамжуулж өгнө. Харин банк тэр мөнгийг нь өрөнд суутгаад авчихна. Энэ хишгийг байтугай нас барагчийн ар гэрт өгдөг 56 мянган төгрөгийг хүртэл өрөнд суутгаж авсан тохиолдол гарчээ. Малчид туйлдаж цөхрөөд тэмцлийн шинэ арга эрэлхийлж байна. Ховдын Дуут сумын бүх мал барьцаанд  орсон бөгөөд сумаараа зээл төлөх ямар ч боломжгүй болжээ. Тиймээс амлалт нэхэх хөдөлгөөнийхнийг очиход “Ядаж зээлийг хүүг зогсоож өгөх талаар ярьж туслана уу? Бид дулаармагц бүх малаа хаяад алтанд гарахаас өөр арга алга” гэж уламжлуулжээ.

Хүний мөс чанар алдагдаж дууслаа гэж хөгшид халаглаж байна. Алтанд хамт явсан хоёр нэгнийгээ баахад хүртэл хажууд нь байж алт олоод залгичихаагүй байгаа гэж хардахдаа ялгадсыг нь модоор ухаж байсан тохиолдол гарсныг малчид ярьж байна. Ийм хар сэрээс болж нэгнээ алахаас буцахгүй болсон байна. Боловсролтой багш хүн хүртэл алтанд аваад ямар муухай хүн болж хувирсныг харсан малчид цочирджээ.

Баруун аймгуудад бараг сүм бүрт “Амлалт нэхэх хөдөлгөөний салбар” байгуулагдаад байна. Одоо өгч буй 70 мянга, энэ жил өгөх 120 мянга бол амлалтаа хэрэгжүүлж эхэлж буй хэрэг биш, харин амлалтаа өгөлгүй удаасныхаа хүүг төлж буй хэрэг гэж малчид ярьжээ. Тэд банкны зээлэнд ороогдсоныхоо дараа зээл, хүү гэгчийн учрыг голдоо ортол ухаарсан байна. Санхүүгийн ийм өргөн мэдлэгтэй малчдыг эрх баригчид одоо хурахаас өнгөрсөн. Сонгуулийн үед намынхаа төлөө ажилласан ухуулагчид, намын идэвхтнүүд нүүр хийх газаргүй боллоо гэж ярьж, хүний нүүр харж чадахгүй байгаагаа учирлажээ. Худал амлалтаар хуурахад оролцсондоо ичсэн тэд өнөөдөр эгэл малчдаас илүү намаа үзэн ядагчид болон хувирсан байна.

Зуднаас цатгалан, уснаас хуурай гарах мэх

Зуданд нэрвэгдсэн малчдад туслах төрийн аргаа барсан арга хэмжээнүүд үр дүнгээ өгөхгүй байна. Улсын фондын өвс тэжээлийг ямар ч үр дүнгүй зарцуулаад дууссан байна. Дараа дараагийн тусламжууд ч яг ийм замаар замхарна. Таван толгойн төлөө өрсөлдөж буй Оросын 10 сая рубль, хятадын 10 сая юаний тусламж ч энэ замаар алга болно.

Малчид барьцаж магадгүй гэж айснаас фондын өвсийг хавтгайруулан тараасаар байна. Мянган малтай айлд нэг шуудай хорголжин, хоёр боодол өвс өгчээ. Малд нь хүрэхгүй, гэхдээ малчин нь идвэл хавар болтол тэснэ гэж бодсон юм аятай. Улсын фондод 197 мянган тонн өвс үлджээ. Гэтэл бараг малгүй Дархан-Уул аймагт давын өмнө малаа үхүүлэлгүй хэд хоноход 1010 тонн өвс хэрэгтэй байна. Энэ жил сая тонн өвс нөөцөлсөн нь тэжээгээд өвөл гаргахад нэг сая малд л хүрнэ.

Монгол Улс 171 000 малчин өрхтэй. 43.6 сая малтай, нэг өрхөд дунджаар 250 мал оногддог. Найман сая мал хорогдоно гэдэг 32 мянган өрх хотоо харлуулж, модоо барина гэсэн үг. Нэг өрхийг дунджаар 5 хүнтэй гэж тооцдог. Хотод ам бүл цөөн, хөдөөд олон байдгийг үл харгалзан энэ дунджаар тооцоход 160 000 малчин амжиргаанаасаа салах нь байна. Энэ хүмүүсийг яах вэ? Мянган малд шуудай тэжээл, боодол өвс оноосон шигээ 120 мянгыг өгөхөд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй байна. Ахмад настанд сар шинийн өмнө өгсөн 70 мянган төгрөг малчдад хүртэхгүй нь.

Тэгээд аргаа барсан УИХ-ын гишүүд хөдөө малчидтай очиж уулзахад бүгдээрээ л “Элдэв сайхан яриа яахав ээ, амласнаа л өг” гэж шууд тулгаж нэхдэг болжээ. МАХН-ынхан “Муу Барсболд п...-гаас болж байгаа юм. Сонгуулийн үеэр давж амлах ёстой гэсээр байгаад ийм новшийн юманд оруулчихлаа” гэж хараахаас хэтрэхгүй байна.

Хэрэв малчдыг аврахын тулд давын өмнө малчдад амласнаа өгөхөд /170 000*5* 2.5 сая/ хоёр их наяд 125 тэрбум төгрөг хэрэгтэй болох нь. МАХН амласнаа биелүүлбэл 1 их наяд 175 тэрбум төгрөг хэрэгтэй, АН амласандаа хүрэхэд 850 тэрбум төгрөг хэрэгтэй. Гэтэл эрх баригчид 19 тэрбумаар л малчдыг хуурах гэж оролдож байгаа нь инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй юм. Гэтэл өөрсдөө зөвхөн 2010 оны төсвийг хэлэлцэх явцдаа АН-ын амлалтыг малчдад биелүүлэхэд хүрэлцэх мөнгийг хуваагаад цохичихсон юм. /Хяналтгүй төрийн балаг буюу баялгийн хуваарилалт өгүүллээс үзнэ үү/ Одоо УИХ-ын гишүүд орон нутагтаа ажиллахаар явах гэж байгаа бөгөөд тэд малчдад юу гэж хэлэхээ тохиролцжээ. “Бид удахгүй төсвийн тодотгол хийнэ, тэгээд та нарыг харж үзнэ”. Гэвч яг үнэндээ манайх шиг авах идэхийн агаар нэгэн 76 гишүүнтэй парламентад энэ зуднаар далимдуулж хууль зөрчиж авсан тэрбум тэрбум төгрөгөө яаж нуух нь чухал болохоос ард түмэнд мөнгө өгөх нь чухал биш ээ. Зудад асар их мөнгө зарцуулсан гэх тооцоо гарах ба ихэнх нь хуурмаг тооцоо байх болно.

Бас болохоо байсныг мэдсэн УИХ-ынхан сонгуулийн хуулиа өөрчлөхөөр ярилцаж байна. МАХН жижигсгэсэн мажоритар системийг шохоорхоод байгаагийн цаад утга нь нэг нэр дэвшигч нь ядуурч баларсан малчдыг хэдхэн тэрбумаар худалдаад авчихна гэж тооцож байгаагийнх. Яагаад гэвэл МАХН бүлэглэлүүд хуримтлалаа яг одоо л цацахгүй бол баларна гэдгээ мэдэж байна. МАХН сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд 4,6 триллионыг цацсанаас 355 сум тус бүрт тэрбум төгрөг буюу 355 тэрбумыг цацсан нь дээр гэж үзнэ. Энэ зэргийн цээжний тооцоог тэд хийчихэлгүй яахав дээ.

Жишээ нь УИХ-ын гишүүн Долцонгийн Дондогийн тухай онигоо. Хэрэв жижигсгэсэн мажоритар системээр сонгууль явуулбал гарцаагүй ялна гэнэ. Нэг сум нь өөрийн нь төрсөн сум, нөгөө нь эхнэрийнх нь төрсөн сум, гурав дахь хамаатнууд нь дүүрэн сум. Хэрэв порпорциональ системээр сонгууль явуулбал Долцонгийн Дондогийг гишүүн ээ гэх байтугай гөлөөг ч гэх хүн энэ улсад ховор. Намууд амлалтаа өгөхгүй, харин сонгуулийн систем гэгчээр дамжуулж хариуцлагаас мултрах гэж байна. Хүн бүрт 2.5 саяыг өгснөөс тойрог бүрт 2-3 тэрбумыг зарвал ялчихаа мэднэ. Сая хара биз дээ, ард түмэн 70 мянгын төлөө яаж амиа тавьж байгааг… Ийм ард түмэн дахиад хямдхан худалдагдахад бэлэн байгааг МАХН мэднэ.


Ийнхүү тэнгэрийн зуд дээр төрийн зуд нэрмэж баллах нь байна. Тэгээд хүмүүс “Яах гэж энэ хөдөөнийхөн МАХН-ыг сонгосон юм, өөрсдийнх нь сонголт, хохь гэлцэх байх даа”

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив