Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нэгдлээс задрал руу...
2010 оны 2 сарын 22 [Уншсан тоо: 42532]

Ядарч өлссөн ард түмэн нь 70 мянган төгрөгийн төлөө цельсийн -40 градуст хорооны даргын үүдэнд хэд хонож байгааг анзаарах ч завгүй улстөрчид дараагийнхаа хорыг найруулж эхэллээ. Монгол банкинд АН-ынхан нэг хүнээ шургалуулсан тул МАХН-ынхны хяналтгүй идээд байдаг, булаг шиг ундрагатай их мөнгөний заримыг өөртөө авч чадна гэж  бодож байна.


Бас Засгийн газрыг мэдэлдээ авахын тулд бүлэглэлүүд нам нийлж, сэм хуйвалдаж эхэлжээ. Тулалдааны өмнөх нам гүм байдал үе үе алдагдаж, хүчээ хуваарилж буй “жанжид” үе үе чанга дуугардаг болжээ. Байлдах дайсангүй мэт нэг дор хуарагнаад байсан эрх баригчдийн зарим нь “ард түмний талд орохоор” шийджээ. Намуудын дотоод зөрчил, ямар байдлаар удахгүй болох тулаанд оролцох гэж байгааг шинжиж үзье.


МАХН


Өнөөгийн Засгийн газар МАХН-ын дүрмийг зөрчиж байгуулагджээ. Бүхнийг эзэрхэгч МАХН-ынхан дүрмийн зөрчлөө засахын тулд тангарагаа эвдэцгээж байна. Дүрмээр МАХН-ын дарга Ерөнхий сайд байх ёстой. Харин өнөөдөр намын дарга нь хуучин Ерөнхий сайд. С.Баяр намын даргын суудлаа хадгалахыг эрмэлзэж байгаа нь төрд буцаж ирэх төлөвлөгөөтэй нь холбоотой гэх таамаглал төрүүлдэг. Гэвч МАХН-д түүнийг бүү буцаж ирээсэй гэж залбираад зогсохгүй хүслээ ажил хэрэг болгохыг хүсэгчид цөөнгүй байна. Таван толгойн гэрээ батлагдахын өмнө С.Баяр түр сэлгээ хийж Сү.Батболдыг Ерөнхий сайдаар түр ажиллуулчихаад 2012 онд буцаж ирэх төлөвлөгөөтэй байх магадлал өндөр байна. “Оюу толгойн гэрээнд Монголчууд Оросуудыг хулхидсан, Оросыг ордоо үнэ хүргэхэд ашиглаад хаялаа” гэж Оросын хэвлэлээр шүүмжилж байсан ба Таван толгойг ямар ч үнээр хамаагүй авахыг эрмэлзэж байгаа нөхцөлд Оросын талыг баримтлагч гэгддэг тэрээр дарамт шахалтаас хол байхыг бодсон байх өндөр магадлалтай. С.Баярыг холдсоны дараа Х.Баттулга идэвхжсэний шалтгаан үүнд байж болзошгүй юм. Харин Сү.Батболд Таван толгойг үндэслэн байгуулаад сүйрүүлсэн консорциумдаа өгөхийг оролдоно, ингэснээр Оросын түрэлтийг хязгаарлах алхам хийнэ гэж таамаглаж байсан юм. Засгийн газар ордыг 100 хувь улсын мэдлийнх гэж зарласан нь С.Баярын ордын лицензийг хурааж авсан үйлдлийн үргэлжлэл мэт харагдаж байгаа ба ордыг нэгэндээ саад болохгүй дөрвөн хэсэг болгон ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гараад байгаа нь нэг улсын мэдэлд өгөхгүй гэсэн Монголын талын байр суурийг илтгэж байна.


С.Баяр У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр намын бага хурлаа арга саам хийж хойшлуулсаар байгаа ба нөгөө талаас бага хурлыг хуралдуулаад С.Баярыг нэгмөсөн шахан гаргахыг эрмэлзэгчид гар хумхилгүй ажиллаж байна. С.Баяр өдөр тутмын ажилд оролцохгүй байгаа боловч бодлогыг нь барьж чадаад байгаад сөрөг бүлэглэлүүд нь хорсож байна.

Н.Энхбаяр: Шүдгүй буйлаар хазах нь


С.Баярыг унагах ажлыг голлон зохион байгуулагчид нь Н.Энхбаярын бүлэглэл. Нөхөн сонгуулийн дараа нэр хүндээ бүрмөсөн алдсан Н.Энхбаяр намдаа үлдэх эсэхээ шийдэх сүүлчийн дайралтандаа тасралгүй бэлтгэж байна. Гэхдээ түүний хүч боломж сүрхий суларчихаад байгаа нь асуудал айхтар дэврэхгүй байгаагийн гол шалтгаан юм. Н.Энхбаяр бага хуралд 47 төлөөлөгчтэй, энэ бол 25 орчим хувь гэсэн үг. Харин парламент дахь бүлэглэл нь үндсэндээ задарч, тийм ч найдвартай бус 10 орчим хүнээс бүрдэж байна. Толгойлогч нь Д.Арвин, энэ боловсролгүй авгай зүтгэсээр байнгын хороон дарга болж чадсан ч бүлэглэл аваад явчих нэр хүнд ч, ухаан ч, нөлөө ч байхгүй юм. Өмнө нь хүчирхэг байсан энэ бүлэглэлийг Д.Тэрбишдагва  толгойлж байв, гэвч Н.Энхбаяр нөхөн сонгуульд нэр дэвшихийг оролдоод Д.Зоригт гэгч шар амт ангаахайд ялагдсаны дараа бүлэг нь тарж бутарчээ. Уг нь Д.Тэрбишдагва Н.Энхбаярыг нэр дэвшүүлээд ялуулсан бол Н.Энхбаяраар тулгуур хийж Засгийн газар тэргүүлэх амбицтай байлаа, хэрэв Н.Энхбаяр ороод ирсэн бол тэр хүчирхэг бүлэглэлийн хоёрдугаар хүн болон хувирах байв. Тиймээс С.Баяртай зиндаархахын зэрэгцээ хотын бүлэглэлтэй нөгөө гараараа заамдалцахуйц зоригтой байсан билээ. Нэг талаас тэр дайснуудаа мэдэж байж, нөгөө талаар энэ нь ухаангүй амбиц байсан ажээ.


Одоо Д.Тэрбишдагва бизнесийнх нь судсыг атгаж байгаа хотын бүлэглэлийн нууц ноён Т.Бадамжунайн дарамтан дор чимээгүйхэн сууж байна. Баз шадар сайд Н.Алтанхуяг тэдний харилцааны хүйтрэлийг тэнцвэржүүлж байгаагаас нидрүүлчихэлгүй тэсэж байна. Сайдын суудлаа Т.Бадамжунайд алдсаныгаа хүлээн зөвшөөрч чадалгүй далдуур төнхсөн түүний явуулга илэрч дарамтанд ороод, Н.Энхбаярыг дэвшүүлэх эцсийн явуулга нь нурсны дараа бүлэг толгойлохоос татгалзсан юм. Д.Тэрбишдагвын гэр бөхийн өргөөний хойно байдаг Д.Арвины компанийн барьсан байшингийн урд талын орцны дөрөвдүгээр давхарт байдаг ба энэ давхар хоёрхон хаалгатай. Нөгөөх нь Д.Арвиных. Тэр хөршөө бүлэглэлийн толгойд гаргажээ.


У.Барсболдын нам дахь үүрэг нөлөө суларч, намаас шахагдан гарсан ба бизнесээ эрхлээд завгүй байна. Засгийн газар дахь ганц тулгуур аймхай идэвхгүй зангаа дипломат мэргэжлээрээ халхалдаг Ё.Отгонбаярын идэвх ч суларчээ. Яг Н.Энхбаярын гарын дор хуучин МСДН-д байгаад дараа нь МАХН-д урваж орсон ногоон Төмөрөө, Удвал мэтийн жижиг урвагчид байгаа ба тэд хааяа нэг идэвхждэг авч тоож сонсох хүнгүй тул ач холбогдолгүй болжээ. Ядаж энэ бүх эмх замбараагүй тарамдсан хүчийг зангидан зохицуулагч байхгүй тул энэ бүлэглэл дангаараа асуудал шийдвэрлэх, нөлөөлөх чадваргүй болжээ, тиймээс өнгөрсөн наймдугаар сард эвсэх санал тавьсан залуучуудыг аргадаж байна. Харин хуучин МАСЗХ-ны залуус амбицаа У.Хүрэлсүхэд хаалгачихаад байна. Ийм нөхцөлд хоёр замаар намын эрхэнд хүрч болно. Нэгдүгээрт У.Хүрэлсүхийг хатгаж намын дарга болох амбицаар нь тоглох, нөгөө нь Сү.Батболдыг хатгаж намын дарга болгох. Энэ хоёр л намын даргын суудалд хамгийн ойр байгаа юм. Үүнээс өөр хувилбар гаргах боломж алга, тодорсон хувь улстөрч байхгүй.


МАХН-ын гишүүд лидергүй байна. Уламжлалаараа тодорсон лидер дагаж бэхэжсэн бүлэглэл бүх эрхийг барьдаг энэ нам шинэ нөхцөлд дасан зохицож чадахгүй байна. Тиймээс бүгдээрээ олз ашигт шунан дайрч, банкуудыг сүйтгэж, ингэхдээ намдаа хамгийн нөлөөтэй байгаа бүлэглэлийн эрх ашигт үйлчилж байгаагаа ойлгохгүй байх шиг. Сүүлийн үед “Төр /явцуу утгаар МАХН гэсэн үг/ тодорсон удирдагчгүй байна” гэсэн яриа идэвхтэй тархаж байна.


С.Баярыг унагахын тулд хоёр ч удаа дайралт хийсэн нь амжилт олоогүй. Нэгдэх нь 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын буруутнаар тодруулах оролдлого байв. Гэвч энэ нь эцэстээ Ц.Энхтүвшин нь Н.Энхбаярыгаа дуудаж уулзсанаар дуусав. Харин ТЕГ гарт нь байгаа цагт 7 дугаар сарын 1-ний хэрэг явдалд С.Баярыг буруутгах ямар ч оролдлого амжилтанд хүрэхгүй юм. Маш амархан асуудал Н.Энхбаяр руу эргэж болзошгүйг бид харлаа. Хоёр дахь нь эдийн засгийн хямралын бурууг С.Баярт тохох оролдлого байв. Гэвч санхүү, эдийн засгийн мэдээллээр хангагдаагүй, алсын зорилгогүй, бүлэглэл хоорондын зөрчил, нэгтгэлийг тооцоогүй ийм дайралт үр дүнд хүрээгүй юм. Гэхдээ үүнийг сайтар зохион байгуулж, хүчтэй санхүүгийн дэмжлэгтэй үргэлжлүүлбэл үр дүнд хүрч болох хувилбар билээ. Харин энэ дайралт Сү.Батболд намын даргын эрх мэдэл рүү гэтэж байгаа юм биш биз? гэх ойлголтыг бий болгоод замхарлаа. С.Баяр Ерөнхий сайдаар Сү.Батболдыг санамсаргүй сонгоогүй бөгөөд хэдийгээр Сү.Батболд сүрхий бизнесмэн боловч нам дотроо сүүдэрт явдаг улстөрч билээ. Н.Энхбаярыг дагаж байсан, С.Баярыг дагасан. Улстөрийн имиж нь ингээд л гүйцээ. Намдаа бүлэггүй, ганцаардмал хүн. Ийм хүн намын даргад гэтдэггүй л байхгүй юу. Тиймээс Таван толгойг зохицуул, үүрэг чинь энэ.


У.Хүрэлсүх: Цаасан бар.


Намын бага хурал дөхөх тусам МАХН дахь бүлэглэлүүдэд сулхан идэвхжил ажиглагдаж байна. У.Хүрэлсүхийн мэдлийн “Зүүний хүчний холбоо” хуралдлаа. Зүүний хүчний холбоо бол Моагийн хэлдгээр “цаасан бар” юм. Байгуулагдаад дөрвөн жил болохдоо улстөрийн нэг ч том акц хийгээгүй энэ байгууллага айлган сүрдүүлэх хэрэгсэл төдий юм. МАСЗХ-г нурсны дараа орыг нь эзлүүлэх төлөвлгөөтэй байсан ч У.Хүрэлсүх Н.Энхбаярын занаагаар хэрэгт холбогдсон гэсэн манипуляцийн үр дүнд, бүгд нийтийн дайсан Н.Энхбаярын эсрэг нэгдэхэд МАСЗХ аврагдсан юм. Тиймээс хоёр байгууллага хэрэггүй болжээ. Зүүний хүчний холбоо хуралдсаны дараа МАСЗХ-г хуралдуулахаар төлөвлөж байсан ч хойшлуулаад байна. Хэрэв МАХН-ын бага хурал гарцаагүй болбол хуралдана.


У.Хүрэлсүх хоёр морь зайдан унаад байна. МАСЗХ-г тэрээр Г.занданшатарт үлдээгээд явсан ба “хадгаламж” банкны хэрэг явдлын дараа сүнс нь зайлсан энэ хөдөлгөөнд өөр хүмүүс идэвхжиж байна. УИХ-ын гишүүн Жа.Энхбаяр, Д.Бямбацогт, О.мөнх-очир нар идэвхжиж байгаа ба тэд У.Хүрэлсүх, Т.Занданшатар нараар заалгахгүй. Гэхдээ тэд яаж ч амбицлаад МАСЗХ-г дагуулж чадахгүй тул мөн л хий хашгичихаас хэтрэхгүй байна. МАСЗХ-нд У.Хүрэлсүхийг намын даргын суудал руу зүтгүүлэх санаархал бий боловч мөн л хүч дутна. У.Хүрэлсүх Н.Энхбаяр хоёрын улстөрийн нэгдэл яагаад ч бүтэхгүй үлгэр учраас бас шийдэлгүй болжээ.  


М.Энхболд. Бадамдоржтонгууд


С.Баярын тогтож буй шалтгаан нь хотын бүлэглэл юм. Гэхдээ М.Энхболд байгаадаа сэтгэл хангалуун байна. Хотын бүлэглэл хэзээ хэзээнээс илүү баян байна. Зээлээ төлөхгүйн тулд “Анод” банкыг дампууруулжээ. Дараа нь бүх хадгаламжийг нь төрөөс өрийн бичиг гаргуулан дарсан тул “Анод”-аас нугалсан ашиг олсон юм. Төрөөс гаргасан өрийн бичиг 150 тэрбум. Хадгаламжийн ихэнхийг хотынхон эзэмшиж байсан ба нэг талаас авсан зээлээ хэрэгсэхгүй болгож 150 тэрбумыг хожоод нөгөө гараараа хадгаламжиндаа тэр 150 тэрбумыг аваад 300 тэрбумыг цохичихжээ.  Энэ мөнгийг татвар төлөгчид төлчихнө. Энгийнээр өөрийн мөнгийг өөртөө зээлээд түүнтэйгээ тэнцэх мөнгийг засгаас авчихсан гэсэн үг. Т.Бадамжунай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийг авснаар тэдний хөрөнгө арвижиж, газар тариалан махын бизнесийг атгажээ. Өмнө нь газар тариалангийнхан Засгийн газрыг шахаж байгаад хураасан тарианыхаа тонн тутамд 50 мянган төгрөг авчихдаг байсан бол одоо Т.Бадамжунайг хахуульдаж байж мөнгөө авна. Эсвэл өгөхгүй ч байж болно. Багахангайн махкомбинат хотын мэдлийн учраас мах бэлтгэх нэрээр их мөнгө суйлдаг газар байсан, одоо бол бүрэн гарт нь оржээ. Д.тэрбишдагвыг шахаж гаргаснаар Н.Энхбаярын бүлэглэлийг даржээ.


Барилгын салбар уналаа гэж шалтаглаад бас 200 тэрбумыг хусах гэж оролдсон ч түр гацаад байна. Энэ мөнгийг орон сууцны санхүүжилтийн корпорацийн мэдэлд өгснөөр О.Чулуунбат болон банкныхны орлогыг хаажээ. Улстөрийн арга ухаан дулимаг авч мөнгөний луйварт гаргуун энэ бүлэг одоо МАХН-ыг тас базаж байна. Бүх бизнесийг гартаа атгажээ. Асар их хуримтлалтай болсон тэд Хятадын Засгийн газраас мал аж ахуйн салбарт 300 сая ам.долларын зээл тусламж татах гэрээ байгуулсан ба энэ нь С.Баярыг дэмжихийн тулд ОХУ-аас газар тариалангийн салбарт өгсөн мөнгөтэй яг тэнцүү байгааг анзаарч байгаа биз дээ. Гэтэл газар тариаланд орж ирэх ёстой Оросын зээлийн 10 хувийг л ашигласан. Харин хятадын зээл тусламж махны бизнесийг тэдний гарт оруулах болно. Ингээд Н.Энхбаяр махны бизнесээс шахагдан гарлаа.


Нийтдээ тэрбус шахам ам.долларын хуримтлал энэ бүлэглэлд байгаа гэж тооцоолж байна. Энэ хөрөнгө одоо Хятад руу гарах гэж байна. Замын Үүдийн чөлөөт бүсийг бүрмөсөн үлгэр болгох хөрөнгө оруулалтыг тэд БНХАУ-ын Тянжин боомтод оруулах гэж байгаа ба Хятадууд Монголын чөлөөт бүс нэрээр томоохон хэмжээний газар олгожээ. Тэнд мах боловсруулах, нүүрс угаах үйлдвэр байгуулах гэнэ. Ингэвэл Х.Баттулгын зүтгээд байгаа Сайншандын аж үйлдвэрийн парк ч домог болно. Монголын нутагт барьж байгуулах учиртай үйлдвэрүүд одоо Хятадын нутаг руу шилжиж байна. Энэ бүлэглэл Монголын улстөрийн эрх мэдэлд хүчтэй нөлөөгөө хадгалж үлдвэл Монголын бүх баялаг мах, нүүрс Хятад руу урсах болно. Гэтэл үүнийг анзаарч буй хүн алга.


С.Баяр буцаж ирэхэд энэ бүлэглэлийн нөлөө хамгаас чухал. С.Баярын алдаа нь бодат байдлыг тооцоод энэ бүлэглэлд тулгуурлахын тулд уяаг нь хэт уртасгаж, угаадсыг нь хэт их өгчээ. Яг Гобсек шиг МАХН-ыг,  тэгээд төрийг эрхшээж байгаа энэ бүлэглэл хүсвэл С.Баярыг намын даргаас нь унагаж чадна. Тиймээс бүх эрх энд л байна. Тэд чимээгүй, ховдог, гадаад дэмжлэгтэй. Гэхдээ М.Энхболд дахин намын дарга болно гэж амбицлахгүй байна, далд байсан нь дээр, тэгэхгүй бол улстөрийн гэрэл цохивол бүх бизнес нь балран унах болно. Тиймээс тэд асуудлыг шийдэж чадна, гэхдээ улсад, намд бус зөвхөн өөрт нь ашигтай нөхцлөөр...


Түнжингийн Бадамжунайн үйлдэл яг Г.Бадамдоржийн сүнс амилсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Н.Энхбаярт учиргүй сайныг нь эс тооцвол МУНН-ын дарга Батболд “Танай нам толгойдоо эрлийзүүдийг залчихаад байна” гэсэн нь чухам үнэн үг юм.  

 

АН:

   

Хотынхонтой ойр сүлбэлдсэн АН-ын бүлэглэл бол “Алтан гадас” юм. Хэдийгээр намын дарга, шадар сайдын хувьд Н.Алтанхуяг хамаг булайг өөртөө үүрч байгаа боловч идэхийг нь С.Баярцогт идэж байна. Ч.Улааны 10 жил идсэнийг С.Баярцогт ганцхан өдөрт идчихлээ гэдэг бол үнэн үг. Тэр банкуудыг дампууруулах, бүлэглэлүүдийн идсэн мөнгийг төлөх өрийн бичгүүдийг гаргах, банкны барьцаанд байгаа үнэ цэнэтэй барьцаануудыг булаан авч худалдах, “Хөгжлийн сан”-гийн 400 гаруй тэрбумыг зувчуулах, мөнгө идэх боломжтой салбаруудад хөрөнгө хуваарилах, УИХ-ын гишүүдийг хахуульдах ажлуудыг гардан гүйцэтгэж байгаа билээ.


Одоо АН-д улстөрийн лидер нь Н.Алтанхуяг, санхүүгийн лидер нь С.Баярцогт болсон байна. М.Энхболд бүлэглэлийнхээ мөнгийг намдаа зарцуулдаг, энэ нь алсын хараатай луйврын сэдэлтэй бол С.Баярцогт мөнгийг өөртөө л шингээж байна. Чухам иймээс МАХН түүнд Г.Занданшатараас хайртай. Харин АН-ынхан шавхруу ч олдохгүй байгаа тул С.Баярцогтыг МАХН-аас илүү үзэн яддаг юм.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив