Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Нэгдлээс задрал руу... үргэлжлэл
2010 оны 3 сарын 10 [Уншсан тоо: 61068]

АН-ын солигддог тэмдэг

АН-д бодитой хагарал нүүрлээд байна. Ардчилсан хүчний холбоог аман ярианд Барууны хүчний холбоо /БХХ/ гэх болж. АН доторх бүлэглэл учраас тэр. Энэ бол АН-ыг 2012 онд аюулаас аврах зорилготой босгосон аянга зайлуулагч юм. Гэвч энэ аянга зайлуулагчаа АН-хан өөрсдөө нураачихгүй бол.

Амлалт нэхэх ард түмний холбоо АН-ыг засгийн газарт хамтарсны нь төлөө 2,5 саяыг нэхэж байна. АН Засгийн газраас гарч сөрөг хүчний байр сууринд очсоноор нэг саяын амлалтын дарамтаас салж, 2012 онд ялна гэж тооцож байна. Жорлондоо МАХН л Юлддэг юм байга биз. Одоо ихэд алдаршаад буй “2012 он” киноных шиг сүйрэл МАХН-д ноогдох болтугай, бурхан минь. Ерөнхийлөгч дараагийн намын дарга бол З.Энхболд гэж үзсэн юм. Уг нь Э.Бат-Үүл байж болох авч түүний энгэрт гялалзах болсон баатрын одон түүнийг бэлгэ тэмдэг болгон хувиргажээ. Хувьсгалын бэлгэ тэмдэг. Түрүүчийн удаад намын даргын төлөө З.Энхболд, Н.Алтанхуягтай өрсөлдсөн. Гэвч ялагдсан юм. Учир нь АН-ын доторхи прагматик бүлэглэлүүд Н.Алтанхуягийг намын дарга болгоод, МАХН-тай эвсэж ядаж гурван жил эрх барилцахыг илүүд үзжээ.


Гэхдээ БХХ Засгийн газраас намаа салгаж авахыг яарахгүй. Тэд 2011 оны дунд үе хүртэл Засгийн газарт байж болно гэж үзэж байж магадгүй. Тэгээд идэвхийлэн дайрна. Гэхдээ тэр үеийг хүлээж зүгээр суулгүй ажлаа эхэлж байсан нь дээр. Энэ холбоо томоохон дуулиан дэгдээлгүй алгуурхан ажиллаад л байхад нэр хүнд нь цаг цагаар өссөөр байх болно. Учир нь 2012 онд АН МАХН-аас салж гэмээ нь ялалт байгуулна. Хэрэв салахгүй бол өнөөгийнх шиг парламент бүрдэнэ. Товчхондоо БХХ АН-ын өмнө хоёр сонголт санал болгож байна. Нэгд БХХ-г дагаж МАХН-аас салаад Засгийн эрхийг бүрэн авах, хоёрт Алтан гадасыг дагаж 2012 онд ч өнөөгийн статусаа хадгалах.


АН дахь хувьсгалчдын эрин төгсөж байна. Засгийн эрхийг хүчээр биш, аргаар авах хэрэгтэй. Үүнийг прагматик удирдагчид л хийж чадна. Н.Алтанхуяг Ардчилсан хувьсгалыг гардан хийлцсэн, гэхдээ тэр хоёрдугаар эгнээнд байсан. Тэр хоёрдугаар эгнээнийхэнд зам гаргаж өгсөн, одоо үүргээ гүйцэтгэлээ, явж болно. АН-д яг түүнтэй адил статустай хоёрдугаар эгнээний З.Энхболд одоо намын дарга болно. Нэгдүгээр эгнээнийхнээс улстөрд тэсч үлдсэн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, Д.Дорлигжав түүний тамгын газрын дарга. Гурав дахь буюу Э.Бат-Үүл одоо хөшөө болсон. Гэхдээ тэр дүрээ голж байх шив. Гомдсондоо ч байж магадгүй “дахин хувьсгал” ярьж явна. Нэг хүн хоёр хувьсгал хийж болох уу? Парижийн коммуны дараах Францад л боломжтой байсан байх. Нэг, хоёр, гуравдугаар БНУ гээд л... Харин одоохондоо ард түмний нүдийг солигддог тэмдэгээр хуурах хэрэгтэй. Шинэ хүн... гэхдээ нэг л тэмдгийн хоёр зураг. АН-д 20 жилийн дараа үе солигдож байгаа нь энэ юм.


Завсрын үеийнхэн

“Алтан гадас” урдаа  Р.Гончигдоржийг барьж зүтгэсээр Н.Алтанхуягийг гаргаж ирсэн билээ. Цаашдаа АН-ын удирдлагын төлөөх тэмцэл энэ үеийнхний дунд үргэлжлэх төлөвтэй болжээ. МоАХ-оос Х.Баттулга, Алтан гадасаас С.Баярцогт гэх мэт. Гуравдугаар эгнээнийхэн хаана байна? Баабар “Бидний үеийнхний чадах ба чадахгүй зүйлс” өгүүлээс ишлэе. Өнөө үеийнхэн болох социализмын сайн санаат үлдэнгэрүүд, тэдний араас залган гарч ирсэн луйвар булхайд гаршсан завсрын үеийнхэн аль болох багыг санаачилж, байгааг улам дордуулалгүй дараа үедээ халаагаа хүлээлгэж өгөх тэр цагийг тэсвэрлэн хүргэвэл хожмын хор холбогдол нь хавьгүй бага байх болно. Дахиад хорьхон жил тэсэх хэрэгтэй байна. Уг нь ч юу байхав дээ.


Ахиад хорин жил засаглахыг энэ үеийнхэн бодож байна. Тэд 1960-аад оныхон. Завсрын үеийнхэн нь 1970-аад оныхон. Шинэ үеийнхэн нь 1980-аад оныхон буюу одоо боловсорч буй хэсэг. Энэ үеийнхэн /1960-аад оныхны үр хүүхдүүд/ боловсортол тэсэх хэрэгтэй, ард түмэн бид тэд өөрсдөө. Тэрээр 1970-аад оныхныг “луйвар булхайд гаршсан завсрын үеийнхэн” гэж нэрлэжээ. Тийм ээ, үнэн, тэдний дэргэд удагсад ийм л амьтад болж хувирсан. Эрчүүл нь өмнөх үеийнхээ банди, эмс нь дэвсгэр. Намын гичийнүүд... Одоо боль, наад шавхруугаа, гинжээ хаяцгаа.


Харин тэднээс холдсон, хол байсан, хол байгаа 1970-аад оныхон “Өнгөт хувьсгал” хийхээр тэрслэн боссоноороо “луйвар булхайд гаршсан гондом” гэгдэх байсан өөрийн үеийн нэр төрийг аварч байна. МАХН-АН-ын 2008 оны хамтрал нь үе хоорондын тэмцлийн явцад уналгүй үлдэхийн төлөөх эвсэл байсан юм. 7 дугаар сарын 1-нд тэд золтой л хөмөрчихөөгүй юм. Дараа нь эвсэж байж тэсч үлдсэн. Өөр арга байгаагүй. Ийм үед шийдлийг С.Баяр шиг хүн гаргаж чадна. Харин тайван цагт энэ үеийн суртал нэвтрүүлгийг Баабараас өөр хэн ч хийж чадахгүй. Эдний үе одоо тэдний нуруун дээр тогтож байна. Тэгсэн атлаа тэсч үлдэхийн тулд намаа ч хаяад тааралдсанаасаа зууралдан дэнжигнэж байгаа юм. Олонх нь сүйрлээ мэдрээд амжиж хахаж үхтлээ цуслаж байна. АН-ын Л.Гансүх, МАХН-ын Ё.Отгонбаяр нар сая долларын үнэтэй байрандаа айлсаад л...


Хятад, Монгол, Орос.


Мао Зедуныхаар бол Хятадын төрийн удирдлагад үе солигдох үйл явц найман жилийн давтамжтай ажээ. Бүлэглэлүүд дараагийнхаа үеийг гаргаж ирдэг. Харин Баабарын өөрийнх нь гайхалтай  орчуулсан “Сталин” номыг үзвэл 1990 оны хувьсгалыг гардан хийгчид арчуулах цаг ирсэн байна. Номонд яг ийм дүгнэлт бий. 1937 оны хядлага бол 1917 оны хувьсгалчдыг цэвэрлэх зорилготой байсан. Сталин Лениний намыг устгасан. Яагаад гэвэл Ленинтэй хамт хувьсгал хийгчид ажилд саад бологч, завхайрагч, ижил хүйстэн лугаа явалдагч, идэвхгүй өвгөд болсон байв. Тэд өнөөгийн ажлаар бус урьдын гавъяагаар алба хашиж, дараа үеийнхэндээ гай болж байв. Тэднийг яг борог өвс шиг хадан устгавал шинэ тэжээлтэй өвс ургана. Тэднийг хядан устгаад нийт удирдах ажилтны 90 хувийг 40-өөс доош насныхнаар бүрдүүлснээр ЗХУ айсуй дайнд ялах боломжоо олж авчээ. Армид Гамарник, Егоров, Тухачевскийг алснаар Жуков, Рокоссовкий, Васильевский гарч ирсэн. Тэд ялалт авчирчээ.


Гайхалтай нь түүний зөв гэдгийг Гитлер баталсан. Тэр үхэхийхээ өмнө “Би хэтэрхий зөөлөн байснаасаа болоод ялагдлаа. Та нар /генералуудаа хэлж байна/ ширээний ард хутга сэрээ барихаас өөр шидгүй амьтад, хуучирсан новшнууд. Би та нарыг бүгдийг нь цэвэрлэх ёстой байсан юм... Энэ дайнд ялагдсан Германы ард түмний хохь, одоо ялагдсаныхаа шийтгэлийг хүртэх ёстой”.  


Харин өнөөгийн Монгол ахиад өмнөх үетэй хорин жил тэсэх гээд ялагдах уу? эсвэл өөрчлөх үү? гэдгээ шийдэх цаг. Хэдийгээр 1960-аад оныхон төрийн удирдлагад шигдээд энэ улсыг баллаж байгаа боловч 1970-аад оныхон ид ажиллаж байна. Хэрэв ахиад 10 жил өнгөрвөл 1970-аад оныхон хэнд ч хэрэггүй үе болж хувирна. Энэ бол байгалийн хууль.


Монголд ч үе хоорондын тэмцэл явж л байсан. 1920-иод оны үндэсний хувьсгал хийгчид 1929 онд баруунтан гэгдэж дараа үеийнхэндээ ялагдсан. Энэ үеийнхэн хуугаараа 1937-1939 онд устгасан. Лосол хамгийн сүүлд явсан юм. Дараа нь 1950-иад оны эхээр “Рабфакийн боловсролтой” хууччуулыг авч хаяхыг оролдогсод “сэхээтний төөрөгдөл” гэгчид хамрагдан сүйрсэн. Н.С.Хрушёвын дулааралд итгэсэн тэд Зөвлөлтийнхөн туслана гэж итгэж байсан. Дараа нь 1960-аад онд Москвагийн Их Сургуулийн оюутнуудад тулгуурласан намын эсрэг бүлгийнхэн тэрслэн боссон. Тэднийг ч дарсан. Ингэж байж Ю.Цэдэнбал 44 жил засагласан. 1980-аад оны эхээр Жалан-Аажавын хэрэг мандсан, ардчилсан хувьсгалын өмнөхөн Ц.Намсрай нар идэвхжээд 1990 оны хувьсгалын дараахан цэвэрлэгдсэн.


Харин 1990 оны хувьсгал хийгчид 2004-2008 онд золтой л сүйтгүүлчихээгүй юм. Одоо аьсгаа авч байна. Жижиг сэлгээ хийж байна. тэгээд тэсч үлдэх хэрэгтэй, ахиад хорь биш 10 жил л тэсэх хэрэгтэй. Тэгээд Засгийн эрх угсаа залгамжлах байдлаар алгуур шилжинэ. Ийм алсын бодлогыг Баабар л томъёолж чадна. Гэхдээ энэ үе бүхэлдээ айдаст автан, тэсч үлдэх тулаанд оржээ. ҮШН-д хоргодогсод өөрсдөө ч огт ойлгохгүй “Үндэсний үзэл” гэгч малгайгаар нүүрээ хаахыг оролдож байна. Тэд хос костюмтай, отго жинстэй малгай өмссөн хүүхэлдэй шиг шог харагдаж байна. Олимп үзлээ. Оросууд ялагдсанд харамсаад сүйд, монголчууд. Гуч, дөчин мянгаар нь хядаад явсан тэдэнд юун ч хайртай юм. 1960-аад оныхон яг ийм байхгүй юу. Чех биш ч Словак нь Оросыг ялсан нь юутай сайхан. 1968 оны хариуг нь өгч байна. Хэрэв коммунизмд байсан бол хамтдаа ЗХУ-д бууж өгөх байсан.


Хуурамч хувьсгал


Одоо энэ үеийнхэн хувьсгал хийх юм гэнэ. Тэгээд үндсэн хуулиа өөрчлөх ажээ. МАХН, АН-ын хамтарч хийсэн үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт бол ордны эргэлт байсан, одоо хоёр дахь эргэлтээ хийх гэж байна. Хоёр танхимтай парламент /Э.Бат-Үүлийн яриа, гэхдээ Баабарын л санаа байх/, Засгийн газраа ерөнхийлөгч нь толгойлно /М.Энхсайханы санаа/.


Тааж ядах юмгүй, энэ бол коммунизм. Жилдээ нэг цуглаад гар өргөх ажил хийдэг АИХ гэж  хүүхэлдэйн цуглуулга, АИХ-ын тэргүүлэгчид гэж шилмэл хүүхэлдэйн үзүүлэн байсан. Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй хавсарсан нь байтугай хавсраагүй Ерөнхий сайд төрийг яаж зайдалж, парламентыг яаж гутааж байсныг бид мартаагүй л байна. Ерөнхийлөгчийг тойрсон Засгийн газар бүх эрхийг гартаа авна. Н.Энхбаяраас ч хүчтэй, дураараа аашлах эрх мэдэл нэг хүнд очно. Тэр нь хэн байх вэ? Үүн дээр л “өнөө үеийнхэн” цусаа юүлцгээнэ. Энэ хувилбарыг эртнээс бэлтгэсэн, шууд дарангуйлал руу алхах гэж байна. Тэгээд үүнийгээ хувьсгалын гоё бүтээлгээр далдлах гэж оролдоод л...


Тэгээд хувьсгал хийлээ, одоо та нар амарцгаа, бид ололтоо бататгана гэлцэнэ. Гагцхүү хувьсгалд нь хэт итгэсэн өлсгөлөн, бүдүүлэг ард түмэн нь толгойдоо залахын оронд толгойг нь авчихвал яахав…? Биеийг нь оршуулаад толгойноос нь хэв авч баримал хийгээд хотын энд тэнд хөшөө босгох уу? Би лав дөрөв таван жил ийм хувьсгалын тухай бичээгүй.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив