Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Коммунизмыг бүрмөсөн булшлах нь-1
2010 оны 3 сарын 15 [Уншсан тоо: 67053]

Оршил буюу хуучны сайхан цаг аа гэж...


Нийгмийн сэтгэл зүйд өөрчлөлт гараагүй байна гэлцсээр 20 жил болж. Хүн амын 85 хувь нь яг хуучнаараа сэтгэдэг гэнэ. Шал худлаа 1990-ээд оноос хойш төрөгсөд нийгэмд үүнээс олон бий, тэд өөрөөр сэтгэдэг гэж мэтгэгчид ч байдаг. Гэвч МАХН яагаад сонгуульд дандаа ялаад байдгийг, энэ намынхан нэртэйгээ яагаад зууралдаад байдгийг хэн ч ойлгодоггүй. Пост коммунист олон оронд хуучин коммунист намууд нь нэрнээсээ айдгаар барахгүй олонхийг нь устгачихсан билээ. АН олон жилийн турш оюутнууд өөрийнх төлөө санал өгнө гэж итгэдэг байсан, тэгээд санал хураалтад оюутнуудыг оролцуулах гэж үхэн зүтгээд эцэст нь тэр оюутнуудын саналаар ялагдчихаад гайхаад байдаг байв. Ардчилсан хувьсгалд тэр үеийн Монголын оюутны холбоо ардчиллын төлөө тэмцэгч өмнөд Солонгосын оюутнуудаас дутахгүй үүрэг гүйцэтгэсэн, гэтэл өнөөгийн оюутны холбоо МАХН-ын дайчин туслах болжээ. Яагаад?


Нийгэмд хуучнаа санагалзах үзэл хүчтэй байв. Судлаад үзэхэд ялангуяа хөдөөгийн оюутнууд өвөө, эмээ, эцэг эхээсээ хуучин сайхан нийгмийн тухай сайхан яриа сонсож өсдөг ажээ. Их дээд сургууль төлбөргүй байсан тухай, бүр дээр нь оюутнуудад цэвэрлэгчийн цалингаас илүү тэтгэлэг өгдөг байсан тухай, бүгд дотуур байртай байсан тухай, сургуулиа төгсөөд бүгд ажилтай болдог тухай, ЗХУ, зүүн европын орнуудад олон зуугаараа үнэгүй сурдаг байсан тухай, их дээд сургууль төгссөн хүмүүс нэр хүндтэй байсан тухай. Яагаад гэвэл жилийн жилд намар болохоор оюутны төлбөр, суулгах айл, бүтэн жилийн хоол хүнс, зардлын асуудал малчдын толгой дээр буухад зовж шаналсан тэд шинэ нийгмээ хараангаа хуучин цагаа дурсдаг байна л даа. Магадгүй хүүхдүүдийг нь оюутан болгох хувь заяа олгосон нийгмээсээ төвөгшөөдөг байх.


Тэд хэзээ ч хүүхдүүдийнх нь олонх хотод очих эрхгүй цөлөгддөг байсан тухай, сурлага муутай нь “мал дээр гардаг” тухай, нялх биетэй эхнэртээ шөл уулгах хонины мэдэлгүй байсан тухай, нэгдлийн олон зун мал маллаад сардаа 17 төгрөг 20 мөнгөний цалин авдаг байснаа ярьдаггүй байж. Ярилаа гэхэд 20 мөнгө ч мөнгө байж, хоёр хайрцаг дотоодын шүдэнз авчихдаг билээ, гэтэл өнөөдөр 20 төгрөгөөр шүдэнз авч байна /2000 оны ханш шүү/ гэдэг байж. Хүн бүрт амьдарч байсан үе нь сайхан. Тэр үед МАХН улс орныг удирдаж байсан. Тэгээд 200 мянган хүнтэй оюутны арми МАХН-ын дайчин туслах болон хувирсан юм. Ард түмэн 30 мянган оюутанд зориулсан сургалтын бааз энэ 200 мянгад яагаад ч хүрэлцэхгүй гэдгийг бодож чаддаггүй юм. 2000 оны МАХН төрийн сангаас даасан оюутны сургалтын төлбөрийн өрийг цайлгаж дахин оюутнуудын саналыг “худалдан авч” үнэмлэхүй ялж байв. Хуучнаа санагалзах гэгч ийм аюултай байдаг билээ. Үүнээс үүдэн дараагийн санаа гарч байна.


1. Баяр.


Санжаагийн Баярыг өөрчлөх гэж хөл алдахаасаа өмнө энэ баяруудыг өөрчлөх нь зөв. Монголчууд жил тойрон коммунист баяр тэмдэглэдгээ анзаардаггүй юм. Шинэ жил бол импортын баяр, гэхдээ дэлхий дахинд тэмдэглэж байгаа учраас яая гэхэв. Оросод үндэсний үзэл нь сэргэж хуучин тооллоороо шинэ жилээ тэмдэглэгсэд олширчээ. Харин европчууд католик уламжлалаар зул сарын баяраа тэмдэглэж байна.


Дараагийн баяр нь цагаан сар. Коммунизмын жилүүдэд тэмдэглэхийг хориглодог байсан. Уламжлалаасаа салах дургүй хүмүүс шинэ жилээр золгодог байсан. Дараа нь нэгдэлчдийн баяр гэж нэрлэж үзсэн. Одоо бол цагаан сарын шинийн нэгний өдрөө тогтоож чадалгүй сар шинэ бүрээ хэрүүл, хараалаар угтаж байна. Энэ ч бас нэг шинэ жил, уламжлал сэргэсний шинж.  


Үүнээс бусад нь дан коммунист баяр. 3 дугаар сарын 1. МАХН энэ өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн сүржин нэрлэжээ. “МАХН-д л эх орончид байдаг юм”. Оросууд Зөвлөлтийн тэнгисийн цэрэг байгуулагдсан өдрийг “Эх орноо хамгаалагчдын өдөр” болгон сэргээснээс үлгэр авсан. Энэ бүр яг үнэн шүү. Өнөөгийн Орос энэ өдөр нил улаан өнгөөр гангардаг. Хуучин сайхан цаг эргэж ирж байна. Орох оронгүй архичид нь эзэнт гүрнээ санагалзана. Энэ жил Монголчууд Оросын эх орончдын өдрөөр цөлөгдсөн танктай хөшөөнд цэцэг өргөв. Элчин сайд нь мэргэжлийн дипломатч учраас болгоомжлов бололтой цэцэг өргөхөд очсонгүй. Харин Монголын БХЯ-ныхан, генералууд Оросын эх орончдыг ёслон хүндэтгэнэ. Коммунизмын үеэс ялгаатай нь Өвөр байгалийн цэргийн тойргийн согтуу хурандаа нар биш ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе нар зогсож харагдана билээ. Хуучин сайхан цаг ирсэн ч юм шиг.


Энэ гуравдугаар сарын нэгний баярт үйл явдал бол Иргэний хөдөлгөөний “нэрт зүтгэлтэн” М.Ичинноров МАХН-д элссэн явдал байлаа. Иргэний хөдөлгөөнүүд бууж өгч байна. МАХН цус сэлбэж байна. Бид шинэчлэгдэнэ. Улс орноо удирдсаар байх болно. Нөгөө талд нь Зандан, Магнай нар жагсана гэж хэвлэлийн хурал хийгээд л. Ард түмэн “эд нар иймшдээ...” Энэ өдөр МАХН бусдын нутгийг эзлэн түрэмгийлэгч, Оросыг 200 жилийн талхидалд оруулсан Чингисийг үл тоон, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.


“Мартын 8” болов. Намайг тавдугаар ангид байхад сургуулийн пионерийн ахлах удирдагч Нагваан хүмүүжлийн ажлын цагаар бидний үзэл суртлын бэлтгэлийг шалгах гэж орж ирээд “ОУ-ын эмэгтэйчүүдийн баяр гэдгийг оросоор хэл” гэж асуудаг байж билээ. Международный женский день. Онц. Хожим Баабар Копенхагений янхан хүүхнүүд журамлах гэсэн цагдаа нартай үзэлцээд түүнийг нь Клара Цеткин ч билүү хараад “Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө” тэмцийн өдөр болгон коммунист хүрээнд мандаасан тухай бичихэд эрх баригчид ичиж үхэнгээ алдаад эмэгтэйчүүдийн ба хүүхдийн баярыг хамтатган эх үрсийн баярыг тэмдэглэдэг болгож билээ. Хүүхдийн төлөө за гэж хэлье гэж дуулаад л, яг нөгөө бүхнийг хүүхдийн төлөө гэсэн социалист уриа, 1980-аад оны “сурагчийн жил” энэ тэр шиг. Үүнд буруу юу байхав…


Гэхдээ хүүхдүүдийг хүндэтгэсний учир нь удалгүй тодорхой болсон. “Хааны төрсөн өдөр” байсан юм билээ л дээ. Н.Энхбаяр хүүхэд хөтлөж клипэнд тоглоод нөгөө сайхан инээмсэглэлээрээ хүүхэд эмэгтэйчүүдийг шагнаад, гэр хорооллын голдуу хүүхдүүдэд плов хийж өгдөг болсон. Тэгээд түүнийг уруудаж эхэлэхэд эх үрсийн баяр буцаад салсан, гэвч бизнесийнхэн, тэр дундаа архи, гоо сайхны барааны худалдаачид ашгаа бодоод Мартын 8-ныг мартаж байхад нь сэргээчихэж билээ. Цагдаагийнхан өдөр бүр янхан эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж байснаа энэ өдөр арай гайгүй болдог болов. Эхнэрийнхээ эрх ашгийг хүндэтгээд гэлтэй ч биш.


2. Армигүй яамны тухай


Удаахь баяр нь хуучнаар бол цэргийн баяр, одоогоор бол эрчүүлийн баяр. Эрчүүл Мартын 8-наар шатсаныхаа хариуг авч, алба хаасан сэхээ ч үл тоож 10 хоногийн шараа тайлна. Мартын найманд ч гэсэн эрчүүл нь илүү шартдаг л даа. Тэмдэглэх шалтгаан нь Хиагтад гаминг хиар цохисон өдөр. Уг нь бол дурсах ёстой өдөр мөн. Гэхдээ энэ бол Монголын Ардын Арми байгуулагдсан өдөр. Асууя. Өнөөдөр манай арми ардын арми нэртэй бил үү? Бас нэг зөрөө бий. БХЯ байгуулагдсан ой, арми байгуулагдсан ой 10 жилийн зөрүүтэй. Армигүй яам 10 жил юугаа хийсэн юм бол? Энэ зуур шинэ тулгар Монголчууд Чин гүрний уламжлалыг өөртөө эзэрхэх гэсэн Хятадуудтай гарамгай нүдэлдсэн 10 жилийн баатарлаг түүх баларч оддог. ХХ зууны коммунист нууц товчоон. Коммунистууд Богдын цэргүүд айлын мод хөрөөдөж, захаас мах үүрч, хашаа шүүрдэж голоо зогоодог байсан тухай, муудсан үхрийн махаар хооллов хэмээн цэргийн яамнаа заргалдсан тухай, Д.Сүхбаатар энэ бослогыг толгойлсон тухай үзэл суртлын домог жил бүр сэргэдэг байв. Тэгээд Орос Сүхбаатарт хор өгч алсан Богдын тухай “Сүхбаатар” кино гардаг.


Тэгээд яг энэ өдөр гаминд зэвсгээ хураалгаж байгаа Автономитын цэргүүдийн шившигт дүрс бүхий БНМАУ-ын “Ардын элч” гэх мэт кино гарна. Хатанбаатар нь ч юугаа хийж байсан юм, Манлайбаатар яагаад босоогоороо үхсэн юм. Тэд хэзээ баатар болсон юм? Ийм армид баатар яагаад төрөв? Бүү мэд. Уг нь “Хатанбаатар” гэж сүрхий кино бий, гэхдээ энэ киног армийн ойгоор гаргадаггүй байсан юм. Саяхан “400 монгол 10 000 гаминг ялж чадна” өгүүлэлдээ Богд Хаант Монгол Улсын армийн ялгуусан байлдааны тухай бичсэнд Монголчуудын гайхаж, бахархаж байгаа гэж... Ховдыг чөлөөлсөн, цагаан хэрэм хүртэл давшсан тэр арми.  Хатанбаатар, Манлайбаатар, Сүхбаатар, Сумъяа бэйс, Бавуужав, Тогтох, Баяр гүн, Дамбийжаа нарын 99 баатар төрүүлсэн тэр арми. Богд хааны зарлигаар “баатар цол” шагнуулсан 99 хүн, нэг их буу байдаг юм билээ. Гүүглээр нэрээ бичээд хайхад 40 мянга орчим илэрц буйн олонх нь зөвхөн энэ өгүүллийн зохиогч гэдгээр тархсан байна. Манай түүхийн сурахад байхгүй, Орос, Хятадын түүхэнд байхгүй баримтууд нь Япон, Тайваний судлаачдынх. Яагаад Бээжингээс хол Төвд, Шинжаан биш Монгол тусгаарлаж чадсаны нэг учрыг эндээс харж болно. Харин коммунистуудад Богд Хаант Монгол Улсын арми цахиур буугаа зэвсгээ хураалгаж байсан нь чухал байв. Тэгээд Оросууд винтов, дөрвөн пулемёт, их буу өгсөн.  Ийм сайн зэвсэгтэй бол малчид ч хувьсгал хийнэ гэж ойлгуулах гэж. Тэгээд Хиагтын цэргүүдийн олонх хуучин армийн туршлагатай цэргүүд байсныг баллахыг хүсдэг байсан. Тэгээд хүмүүс одоогийн Сэлэнгийнхэн хувьсгал хийчихсэн мэт боддог, гэтэл судлаач Тамирын судалгаа гайхалтай, Хиагтын тулаан, хувьсгалд оролцогчдыг одоогийн засаг захиргааны хуваариар тоолоод үзэхэд тун жигд тэнцүү тоотой гардаг юм билээ. Харин коммунист дэгэмийн үед Монголын арми бол цоо шинэ арми. Чингисийнх биш, Богд хааных ч биш, коммунист арми гэж ойлгуулахад энэ баяр тун их хэрэгтэй байжээ.


Богд хаант улс тусгаар тогтнолоо зарлаж таван яам байгуулсан. Гадаад явдлын яам, Цэргийн яам, Шүүх яам, Сангийн яам, Дотоод яам бас шанзавын яам бий, энэ нь шашны хэрэг эрхлэх газар маягтай, шашнаа амжилттай сөнөөсөн учраас мартдаг. Дотоод яам нь хожмын цуст До яам биш, одоогоор бол ЗГХЭГ юм уу даа. Энэ таван яам ойгоо албан ёсоор Богд хаант улсынхаар тэмдэглэдэг. Тун саяхан л, 2009 онд ХЗДХЯ нөгөө дөрвөн яамтайгаа адил ойгоо арван жилээр урагш түлхэж байна билээ. Манай үеийн тэргүүний коммунист Ц.Нямдорж удаан цахадсан, магадгүй Дотоод хэргийн яамны нэрнээс эргэлзээд байсан байх л даа, гэхдээ шүүх яамны улбаа нь өнөөгийн ХЗДХЯ гарцаагүй мөн болохыг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн дараа л “хүлээн зөвшөөрч” байна.


3. Ажилчингүй үйлдвэрчний эвлэл


Майн баяр сэргэх нь ээ. Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр. Пролетарийн гол баяр. Хэдийгээр Монголд дөнгөж өсөж бойжиж байсан ажилчин анги, гинжнээс өөр алдах зүйлгүй пролетариуд нь байхгүй ч “Коммунизмын сургууль” гэж магтсан Үйлдвэрчний эвлэл нь үлджээ. Толгойлогч нь мөн л иргэний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Ганбаатар. Тэрээр дарга болсноосоо хойш 5 сарын 1-нд ямар нэг акц явуулах дуртай болчихож.


7 дугаар сарын 11. Ардын хувьсгал ялсан өдөр. Энэ жил Монголчууд жилдээ хоёр удаа сар шинэ гаргадаг шигээ хоёр хувьсгалын баяр тэмдэглэв. Үхэгсэдийн эмгэнэлд хүндтэй баяр суурь эзэлдэг “ойн медалиуд” гэдэг нь голдуу Ардын хувьсгалын ойн медалиуд байдаг юм. Энэ жилээс харин “Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль” түүнд нь багтаж эхэлсэн байх. Их Монгол Улс байгуулагдсаны найман зуун ... жилийн ой гэж хэлүүлэх гэж Баабар мөн ч их зүтгэсэн дээ. 800 жилийн ойгоос хойш энэ уламжлал тогтож байна. Гэхдээ Ардын хувьсгалын гэж эхлүүлэх тухай зааврыг наадмын комиссоос хэвлэл мэдээллийн байгууллагуудад заавал явуудаг юм. Хятадууд дургүйцдэг гэнэ ээ. Гэвч наадуул нь 11-ний өглөөнөөс Их монгол Улс байгуулагдсаны... гэж хэлээд л эхэлдэг. Зуны дэлгэр цагийн гол баяр учраас 100 жилийн дараа ардын хувьсгал нь мартагдаад чухам яагаад 7 сарын 11-нд тэмдэглэдэг болсны учрыг судлаачид тайлбарладаг болоосой гэж хүснэ.


Дараагийн баяр нь 11 дүгээр сарын 26. Коммунист үндсэн хууль баталсан өдөр. Өнгөрсөн жил харин энэ баярыг шургуу атакласны дүнд “ач холбогдлыг нь бууруулж” эхэлсэн гэж найдна. Тэдний толгойд О.Магнайн ээж МУИС-ын багш, түүхч Отгонжаргал, түүхч Батсайхан, Лонжид нар байсан. Харин тэр завшаанаар 12 дугаар сарын 29 буюу Богд Хаант Монгол Улс байгуулагдсан өдрийг сайтар товойлгож чадсан юм. Хуучинсаг МАХН-ист түүхчид хамгийн сүүлд “1924 оны үндсэн хуулиар эмэгтэйчүүдийн эрхийг хуульчилсан” гэдэг үгтэй л үлдэх шив. Гэхдээ тэд ангийн тэмцлийн онолоор хар шар феодал, чинээлэг этгээдийг хядах “эрх зүйн орчин бүрдсэнийг” мартаад байсан. 11 дүгээр сарын 26-нд бөх барилдуулна, бас С.Данзанг буудаж алдаг “Намрын халуун өдрүүд”, Д.Бодоог алдаг “Тэмцэл”, “Өглөө” гэх мэт киног гаргана. Хөөрхийсийг киног бүтээснээс хойш даруй гуч дөчин жил энэ өдөр цаазалсаар л...


Хуучин баярын өдрүүд ард түмний оюун санаанд коммунизмыг жил бүр сэргээсээр байна. Хуучин сайхан цагийн тухай, эх оронч МАХН-ынхны тухай, ер нь бүхий л тэмдэглэн дурсахуйц ололт амжилт бүхэн коммунизмын үеийн түүхтэй холбоотойг ард түмэнд сануулсаар байна. Энэ бүхэн эргээд МАХН бол “Монголын ард түмний ялалт амжилт бүхнийг зоригжуулах зохион байгуулагч хүчин мөн” гэсэн коммунист цуурайг сэргээж байна. Өнөөгийн 40, 50 настан үхэж дуусахыг хүлээхээс өмнө коммунизмын үлдэгдлийг ирээдүй хойч үе, үр хүүхдийнхээ тархинаас авч хаяхын тулд энэ баяруудыг арилгах нь чухал. Бодвол 7 дугаар сарын 11 үлдэх байх. Мөн албан ёсны суртал нэвтрүүлгийн он тооллоо коммунист хувьсгалын ойгоор биш, Ардчилсан хувьсгалын ойгоор хэмждэг бол сайн. Армийнхаа ойг 10 жилээр урагшлуулж, Богд хаант Монгол Улсынхаар тэмдэглэж эхэлбэл сайн. Тэр өдөр таван замын байлдаан, Хиагтын тулаан, Халх голын дайн, чөлөөлөх дайн, Байтагийн тулааны түүхийг дурдаж байвал сайн.


6 дугаар сарын 1-нд эх үрсийн баярыг тэмдэглэж байвал сайн. Коммунист үндсэн хуулийн бус ардчилсан үндсэн хуулийн баярыг тэмдэглэж, 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиудын алдаа оноог шүүж байвал сайн. Түүхээ урагшлуулж, хожмын түүхийг түүндээ багтааж, коммунистуудын нууцлаж, товчоолсон түүхээ сэргээж явах ёстой.  


                                                2010.03.08    

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив