Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Коммунизмыг бүрмөсөн булшлах нь-2
2010 оны 3 сарын 16 [Уншсан тоо: 56616]

Хөшөө:


Кирилл бичгийг халж болдоггүй юм гэхэд ядаж “Щ” үсгийг хасаад хаячих нь Нэргүй докторын томъёолоод байгаа “неоколониализмаас” салж буйгаа харуулсан нэг том пиар болох юмсан. Энэ үсгийг заахын тулд Щорс хэмээх Зөвлөлтийн цэргийн жанжин, Монголчууд Төмөрбаатар жанжин гэж хүндэтгэдэг гэж пиарддаг Щетинкиний нэрийг сурах бичигт заавал оруулдаг. Энэ үсэг эрдмийн мөрөөр анх орж байгаа бүх багачуудад коммунизмын эхний албан ёсны суртал нэвтрүүлгийг суулгаж өгдөг юм. Их бодож хийсэн үсэг юм шиг билээ. Ядаж илүү энэрэнгүй тусламжийн бэлгэ тэмдэг эмч Щастины нэрээр солиогүй байна. “Ишчэ” үсгийн энэ гурвыг л дурсахын тулд цагаан толгойд байлгасаар, түүнд нэг хуудас зориулсаар, жил бүр хэдэн мянган хувь хэвлэсээр...  


Харин Щетинкиний хөшөө одоо хүртэл нэр нь аман яриа, автобусны хаяганд хэвээрээ үлдсэн Ленин клубын хажуугийн цэцэрлэгт байна. Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн “Хэрэв 30 дугаар зууны археологичид Улаанбаатарт малтлага хийвэл энд гарцаагүй орос хүмүүс амьдарч байжээ гэсэн дүгнэлтэнд хүрнэ” гэж ярьж байсан. Үнэн. Янхан цугладаг Ильичийн хөшөө, нэрэмжит болгосон гуравдугаар эмнэлгийн урдах Щастин эмчийн хөшөө, Жуковын хөшөө, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Монгол анх онгоц буусан газарт босгосон “Монгол ард” эскадрилийн хөшөө, “Хувьсгалт Монгол” танкийн бригадын хөшөө, хуучин пионерын ордон, одоогийн хүүхдийн урлан бүтээх төвийн урдахь Володькагийн хөшөө, Сталиний хөшөө, Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөө, төмөр замын төв вокзалын өмнөх орос гар хадуурын дор орсон соёмботой хөшөө... Ерөнхий сайд П.Гэндэний хэлсэн “улаан империализмын ёгт дүр. Коммунист хадуурт хяргуулсан монголын хувь заяа энэ хөшөөнд буй. Сталиний хөшөө бааранд орсон, танкийн хөшөөг Зайсан руу зөөсөн. Зайсан гэснээс бүх коммунист Оросуудын хөшөөг хотоос цэвэрлэж, Зайсан толгойн орчим бөөгнүүлээд “Коммунизмын парк” байгуулбал ямар. Хэдэн төгрөгөнд татганаж суухаар ард түмний тархи оюуны хордуулж байгаа эдгээр хөшөөнүүдийг яг зүүн Европ, Балти орчмын зарим улсууд шиг зөөж нэгэн дор цуглуулаад түүхийн сурах бичиг “коммунизмын үе” гэж орсон тэр бүлгийг заах үзүүлэн болгох ёстой юм биш үү? Тэгээд тэдний гавъяа хийгээд гайг тайлбарлавал сайнсан. Жуулчид ч гэсэн ирээд үзэх юмтай болно биз дээ.


Хамгийн сүүлд МАХН-ын хотын намын хорооны хойморт байсан том “толгой” хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Тэр хөшөөг яг Лениний нүүрнээс авсан хэвээр хийсэн гэдэг юм билээ. Хамгийн сүүлд фото зургийг нь сэтгүүлч Цэрэнжав авч хадгалсан байдаг. Устгаж зарах биш, бодат үзүүлэн болгоод коммунизмын цус жилүүдийн намтрыг хойч үедээ ойлгуулж болох юм. Ингэж шийдэмгий алхам хийж байж коммунизмыг Монголоос бүрмөсөн зайлуулж чадна. Түүнээс хэчнээн ч будаг цацаад нэмэргүй. Хажууд нь бурхан багш хойд зүгээс ирсэн аюулыг бясалгаж, үрэгдсэн 37 мянган хүний төлөө хойшоо хараад залбирч л байг.


Солонгосчууд ялагдаж, уйлж ханадаггүй баахан баатруудаа дэлхий дахинд сурталчлаад байдаг. Гэтэл бид хөшөөг нь босговол хотын хэдэн байшингаас ч олон  баатартай атлаа Оросуудын хөшөө харсан шиг  алхаж явахдаа, ард түмний оюун санаанд хуучин сөнөсөн нийгмийн үнс нурам дотроос “коммунизмын хий үзэгдлийг” амилуулсаар байдгийг анзаарахгүй байна. Оросын коммунистуудын хөшөөг зайлуулж амжаагүй байхад Монголын коммунистуудын хөшөө босч эхэлжээ. Ардчилсан хувьсгалын зүтгэлтнээс ганцхан С.Зоригийн хөшөө босчээ, харин МАХН сүүлчийн коммунист удирдагчид Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Ж.Самбуу нарын хөшөөг босгожээ. Гэвч яахав тэд Монгол хүмүүс, алдаа, оноо нь манайх.


Үүний дээрээс нийслэлийн гудамжнуудын нэрийг хэвшиж амжихаас нь өмнө өөрчлөхгүй бол бас болохгүй нь. Сүүлийн үед тээврийн товчооны орчим барих гүүрэн гарцтай холбоотой “Энгельсийн гудамж” гэсэн үг хүмүүсийн сэтгэлд хоногшиж байна. Хараач мань Фридрих Энгельс хүртэл нуугдаад үлдчихэж, Монголд. Энэ бол ёстой коммунизмын үед нэг гудамжаа маймаачны ч юм уу, зүүн дамнуурчны гудамж гэж нэрлээд орхисонтой адил хэрэг билээ. Гэтэл Жавзандамба хутагт, Д.Бодоо, С.Данзан, П.Гэндэн, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Тогтох тайж, Баяр гүний хөшөө алга, эд бол 20 зуунд амьдарч байсан, дүр нь үлдсэн хүмүүс.  


Ум толгойг ариутгасан түүх


МАХН нэр сүрээ ууланд хүртэл мөнхөлснөө саяхан баллуурдсан билээ. Ум толгойд маанийн үсэг байсныг “МАХН” болгосон байсан. Зэргэлдээх толгойн энгэрт одоо хүртэл ардын хувьсгалын ... жилийн ой гэсэн шохойлог бичээс байсаар л байна. 2006 оны дөрөвдүгээр сарын сарын тэмцлийн хаалт болгож “Ум” толгойн энгэр дэхь МАХН гэдэг бичээсийг баллуурдан арилгахаар төлөвлөж байв. Ум толгойг хайж Дугар гуай, Зандан, Магнай, Уянга бид хүүтэйгээ Зайсан, Их тэнгэрийн хооронд өдөржин бидэрч билээ. Цас дарчихаад олдохгүй байсан юм. Гэхдээ МХЗЭ гэсэн бичээс далдхан газар баларсан шахуу байсныг нээж билээ. МХЗЭ үхсэн, МАХН мандаж байна.


Дөрөвдүгээр сарын тэмцэл амжилтгүй болбол ядаж бичээсийг нь арилгая гэж тооцсон, амжилтгүй болж, бид бичээсийг арилгах гэтэл ХААИС-иас “боомтой үхэрнүүд алдагдаад” гүүрээр гаргахаа больчихдог юм. Үнэндээ бол боом алдуураагүй, МАХН-ынхан мэдээлэл аваад олны өмнө нэрээ арилгуулж балрах нь гэж айхдаа худал хөл хорио тогтоосон юм билээ. Бид голоор гараад бичээсийг арилгахыг завдаж, гарам хайж, замаа товлосон, хариуд нь МАХН-ын цагдаагаас “Хэрэв та нар гол гарвал бид халдвар тараахгүйн тулд та нарыг буцааж гаргахгүй хорино” гэсэн мэдэгдэл хүлээн авсан.  Дарга нар машинтайгаа гүүрээр гараад л байсан, Маршалын гүүр эвдэрсэн тэд өөр хаагуур ч явалтай билээ. Тэдний машины дугуйнд боомын нян наалддаггүй юм шиг л байсан. Хэрэв бид буцаад гарчихвал тэд иргэний хөдөлгөөнийхөн хотод боом орж ирлээ гээд түүнийгээ батлахын тулд боом тараахаас ч сийхгүй байж билээ. Ийм шалтгаанаар амжаагүй, гэхдээ хорионы дараа заавал нураана гэж тангарагласан ч Засгийн газар гэнэт “үндсэрхэг үзэл гаргаж” МАХН гэдэг бичээсийг дориун мөнгө зарж байж Чингис хааны дүрээр сольчихож билээ. МАХН үзэл суртлын объектоо аврахын тулд мөнгө хайрладаггүй уламжлалаа хадгалсаар байна. Гэхдээ бид баярладаг юм, айлгаж байгаад өөрсдийнх нь гараар өөрсдийн нь бүтээлийг сүйтгүүллээ гэж. Одоо өөрийн гараар намаа сүйтгэж байна. Үр дүн хамгаас чухал шүү.


Дараа нь Лениний хөшөөг унагая гэж ярьсан юм. Гэвч барьсан зургийг нь үзтэл асар хүнд тэр хөшөөний улнаас салтаа хүртэл нь дөрвөн том ган тулгуур шааж бэхэлсэн байв. Техникийн тооцоо хийж үзэхэд лав л өөрийн жинтэй нийлээд 32 тонн жинтэй машинаар маш бөх татлагаар л татаж унагах байв. Хөшөө ч, ойр орчмын цэцэрлэг, зассан байгууламж юу ч үгүй сүйдэх юм билээ, хүний аминд ч хүрч болзошгүй тул больсон. АН-д байхдаа Ц.Элбэгээ даргатай МАХН-ын байрны өмнө хэлмэгдэгсдийн хөшөө босгох талаар нэг ярьж байлаа. Тэгэхэд Элбэгээ сэтгүүлч Дашрэнцэнтэй машинаараа явж хөшөө байгуулах талбай үзсэн гэж ярьж билээ.  


Дашка бас Хамбын овооноос олдсон яснаас тээрэмдүүлэлгүй үлдсэн хохимойнуудыг сурвалжилсны эцэст Пүрэвбат ламд лав нэг контейнер толгой бий гэж ярьж байсан. Хэлмэгдэгсдийн музейд сум, сэлэмний шархтай 22 толгой байдаг. Болбол тэр толгойнуудыг пирамид хэлбэрээр өрөөд гадуур нь шилэн хорго хийж хөшөө болгохсон гэсэн төсөөлөл байв. Зургийг нь нэг зураачид захиалсан. Удалгүй би өөрөө АН-аас гарсан, тэгээд өнгөрөв. Харин одоо 7 сарын 1-нд үрэгдэгсдийн ар гэрийхэн Элбэгээ даргын үзсэн тэр газар хөшөө босгохоор хөөцөлдөж байна. Болбол МАХН-ын шинэ байрыг нээх өдөр давхцуулаад нээчихвэл үзэл суртлын өдөр ач холбогдолтой юмсан...


Ерөнхийлөгч Ерөнхий сайд байхдаа ордон тойрсон оршуулгын газруудыг цэвэрлэлээ гэж байсан. Индэр доорх Сүхбаатарын бунханд өөр хүний шарил байсан. Бунхант индэр дээр хамгийн сүүлч ЭНИХ-нийхөн гараад нурж, оронд нь их хааны хөшөө боссон нь өөрөө оюун санааны том шинэчлэл болсон юм. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын нэг том ажил бол яах аргагүй энэ. Хоржоонтой нь бунханыг МАХН-ыг үүсгэн байгуулагчдын бунханыг Арвины компани нураав. Одоо Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх үү? Хааны хөшөөнд цэцэг өргөх үү? гэдэг том асуудал байна. МАХН-ынхан Сүхбаатарт, харин АН-ыхан Чингис хааны хөшөөнд дуртай. Энэ эрс тэс байдлыг өөрчлөхийн тулд Сүхбаатарын хөшөөг л холдуулж таарах байх. Хаана байрлуулахыг нь мэдэх юм алга даа. Гэхдээ оросуудтай холихгүй нь лав.


3. Одон тэмдэг


Германы үндэсний социалист намын гишүүний дугуй тэмдэг ховор цуглуулгад тооцогддог юм. Яагаад нөгөө Шиндлерийн бүртгэл кинонд гол баатар нь бариад “... Хэрэв энэ тэмдгийг мөнгө болгосон бол зургаан хүний амийг аварч болох байсан...” гээд уйлж  байдаг тэр тэмдэг. Тэнэг хүн тэмдгэнд дуртай гэж нэг үг бий. Удах тусам тэмдэг үнэд ордог, тэр хирээр хүмүүсийн сэтгэлд үлддэг.


Одоо энэ олон коммунист одон, медалийг өөрчлөх ёстой. Эхний ээлжинд Ардын хувьсгалын ойн медалийг цувралаар гаргахыг зогсоож, оронд нь Ардчилсан хувьсгалын ойн медалийн цуврал гарах учиртай. Цусан гавъяаны одон байснаа байлдааны гавъяаны улаан тугийн одон болсон ба “Улаан тугийн” гэдэг нэр нь коммунист агуулгатай. Цус урсгаж авдаг цэргийн одон гэж мэтгэх байх гэвч бичгийн гавъяаны одон байгаад хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон болсон тэр одон ямар цуст хөдөлмөрийн өндөр бүтээлийн шагнал вэ? “Алтан гадас” чигийг заасаар л. Коммунизмын үед их гардаг нэг кинонд Армян бил үү, Гүржийн нэг хаан Түркүүдэд бутцохиулаад үхэхийнхээ өмнө “Алтан гадасыг чиглээд явцгаа, тэнд аугаа Орос бий” гэж гэрээслэдэг. Тийм ээ, Алтан гадас гийдэг тэр зүг Орос бий.


Урьд өмнө нь хүн алсан хүнд өгдөг байсан “баатар” цол саяхнаас Э.Бат-Үүлд очсоноор огт өөр агуулгатай болов. Азаар хөдөлмөрийн баатар цолыг Зөвлөлтийнх шиг “Социалист хөдөлмөрийн баатар” гэж нэрлээгүй байж, түүндээ ч амь бөхтэй байна. Одооноос энэ одон тэмдгийг түүх болгон үлдээвэл хэт хавтгайрлын дундаас таслаж, хүртэгсэд нь үнэ хүндтэйгээр түүхэнд үлдэх юм. Коммунист нийгэмд урамшуулал нь тэмдэг, харин капиталист нийгэмд ашиг. Харин орчин үед одон ашигтай болжээ. Улстөрийн ч, санхүүгийн ч. Гэхдээ ганцхан хүнд. Уг нь одон тэмдэг коммунизмтайгаа цуг зогссон бол дээр байсан юм. Дараа нь МАХН-ын нэрийг эвдэж өөрчлөх учиртай. Одоо бид коммунизмын сүүлийн үлдэгдэл, сүг сүнс рүү довтлох ёстой. Эргэж буцалтгүй, эрс шийдэмгий байх ёстой. Ингэснээр Монгол дахь коммунизмын хий үзэгдэл, бурхан шүтээд нөгөө ертөнц рүү тонилох болно.


                                            2010.03.09

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив