Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
1989 оны Румыны цуст хувьсгалыг өдөөгчид нь Коммунистууд өөрсдөө байсан
2010 оны 3 сарын 24 [Уншсан тоо: 45640]

2008 оны 7 дугаар сарын дугаарт гарсан “Сулла, тэгээд ярилцацгаая!” өгүүллийг уншсан олон уншигч Румыны Ардчилсан хувьсгалын үйл явцын талаар дэлгэрэнгүй бичихийг хүссэн юм. Бүгд Найрамдах Социалист Румын Улс хуучин коммунист дэглэмтэй орнуудаас хамгийн их цус урсгасан хувьсгалыг хийсэн юм. Румыны дэглэм хамгийн харгис бөгөөд хатуу дэглэм байсан, дарангуйлагч Николае Чаушеску ард түмнийхээ эсрэг армиа хөдөлгөж, эцэст нь өөрөө ард түмний шүүлтэнд орж, гутамшигтайгаар буудуулан үхсэн билээ. Хэрэв дарангуйлагчийн цаг нь болсон бол түүний хаанчлалыг арми ч тогтоодоггүй, Н.Чаушеску хэдийгээр Румыныг гадаад өргүй, хоёр иргэний нэг нь румыны үйлдвэрийн машинтай улс орныг үлдээсэн гэдэг ч түүний дарангуйллыг ард түмэн үргэлжлүүлэхийг хүсээгүй юм. Манай удирдагчид их өрийг цайруулсан, манай иргэдийн машин гудамжинд багтахгүй байна гэж ярих дуртай ч ард түмэн түүнийг нь үл тоож байна.


Зөвлөлтөд коммунист дэглэм нуран унасны дараа социалист гэгдэж байсан зүүн европын орнууд болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд ардчилсан хувьсгал хийхдээ коммунист дарангуйлагчдын эсэргүүцэлтэй  мөргөлдөж, өндөр үнээр  ардчилал шинэчлэлийг авчирсан түүхтэй. Ийм хувьсгалуудын нэг нь 1989 оны Румыны ардчилсан хувьсгал юм.


Энэ үнэт эрх чөлөөг гажуудуулж буй тоталитари дэглэмийн капиталист хувилбар авторитар дэглэмийг дахин хувьсгалаар унагах их хөдөлгөөн XXI зуун гармагц дахин гарлаа. Коммунизмаас бодат ардчилалд хүрэхийн тулд заавал дахин хувьсгал хэрэгтэй юу? Улс орон дорой буурай, ард түмэн харанхуй бүдүүлэг байх тусам хувьсгал давтагдах магадлал их байна. Хамгийн гол нь улс орны төрийн толгойд гарсан тохиолдлын улс төрчдийн улс төр-эдийн засгийн мэдлэг боловсрол хангалтгүй бол ардчилал гажуудаж, дахин хувьсгал гарч байна.


Дарангуйлагч төрөв


1965 онд Г.Георгиу-Деж нас барахад Румыны Коммунист Нам, Засаг төрийг хэн удирдах вэ? гэсэн асуудал тулгарчээ. Энэ эгзэгтэй мөчид Николае Чаушеску намынхаа арми, аюулаас хамгаалах байгууллагыг хариуцсан нарийн бичгийн дарга байснаараа түрээ барьж РКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга болж чаджээ. Н.Чаушеску 1967 оноос Төрийн зөвлөлийн дарга, 1968 оноос Румыны социалист нэгдлийн фронтийн дарга, 1969 оноос Үндэсний батлан хамгаалах зөвлөлийн дарга, 1974 оноос Румыны Ерөнхийлөгчийн өндөр хэргэм зэргийг гартаа дараалан төвлөрүүлж, хэмжээгүй эрхт дарангуйлагч-эзэн болж хувирчээ.


1989 оны байдлаар нам төрийн өндөр албан тушаалд дарангуйлагчийн төрөл төрөгсдөөс 324 хүн ажиллаж байжээ. Тухайлбал, Румыны Коммунист намын Улс төрийн Товчооны /УТТ бол тоталитар нийгмийг удирдах хамгийн гол институци юм/ байнгын хорооны долоон гишүүний дөрөв нь түүний гэр бүлийн гишүүд байв. Эхнэр Елине Чаушеску Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, ШУА-ын Үндэсний зөвлөлийн дарга, хүргэн Дэскелеску Засгийн газрын Ерөнхий сайд, хүргэн И.Динке Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, хүргэн В.Бэрбулеску НТХ-ны нарийн бичгийн дарга бөгөөд тэд цөм УТТ-ны байнгын хорооны гишүүд байж. Хүү Нику Чаушеску УТТ-ны орлогч гишүүн, Сибиу мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хүү Валентин Чаушеску ШУА-ын дэд ерөнхийлөгч, дүү Имя Чаушеску Армийн улс төрийн газрын дарга, дүү Ион Чаушеску ДЯЯ-ны нэгдүгээр орлогч байсан.


Ард түмний хөрөнгийг завшив.


Хөрөнгө зоорийн хувьд энэ гэр бүл ярилтгүй байлаа. Дарангуйлагч 50 орд харштай, гадаадын банкинд тэрбум долларын хадгаламжтай, хүү Нику, Валентин, охин Зояа нар 1,2-1,5 сая лейн мөнгөн хадгаламжтай байж. Коммунист дэглэмийн хатуу үнийн системд саяар тоологдох хөрөнгө хуримтлуулах ямар ч бололцоогүй байхад шүү дээ.


Румыны ард түмний эрх чөлөөт байдал туйлын хязгаарлагдмал байсан бөгөөд үүнийг Чау нууж хааж, гоёж чимэглэж өнгөлөн далдалж худлаа мэдээлж байв. Жишээ нь РКН-ын XXIV их хурал дээр дарангуйлагч 1989 онд 60 сая тонн үр тариа хурааж авсан гэж мэдээлж байсан бол үнэн хэрэгтээ гуравны нэгд нь ч хүрэхгүй дөнгөж 18,9 сая тонныг авсан байжээ. Румынд ард түмнийхээ тархийг угаах “ХАА-н шинэ хувьсгал” гэгчийг зарлаад түүнийгээ амжилттай яваа мэтээр итгүүлэхийг чармайж байсан нь энэ юм.


Тооцоо судалгаагүй авсан гадаад өр зээлийг төлөх гэж ард түмэн үнэнхүү туйлдаж, идэх хоол унтах нойроо хасаж харанхуй ертөнцөд  амьдарч байв. Гадаад өрийг төлөхийн тулд хатуу хэмнэлт тогтоож, цахилгаан хязгаарлаж, хүнсийг картанд оруулж байжээ. Румын иргэн хэн боловч гадаадын иргэнтэй албан бус харилцаа тогтоох эрхгүй байв. Иргэдийн гэр орон, албан контор, авто машин, зусланд хүртэл тагнах чагнах хэрэгсэл байрлуулжээ.


Н.Чаушескугийн дарангуйлал коммунист лагерийнхнй сэтгэлийг хүртэл зовоох хэмжээнд хүрч байв. Тэрээр хэнээс ч хараат бус байхын тулд гадаад өрийг яаж ийгээд цайруулжээ. Ингэхийн тулд заримдаа коммжнист лагерийн эрх ашгийг ч үл тоосон алхам хийж байв. Зөвлөлтөөс хамгийн сүүлийн үеийн загварын танк худалдаж аваад түүнийгаа Америкийн тусгай албадад асар өндөр үнээр зарсан ба түүнийг Зөвлөлтийн усан цэргийнхэн замд нь булааж авч байсан түүх ч бий ажээ. Чау хэмжээгүй эрхтэй байхын тулд Югослав, Хятад маягийн дэглэм бий болгохыг хичээсээр байлаа. Энэ хирээр ард түмэн туйлдаж байв.  


Чаугийн дарангуйллын 24 жилд ард түмэн ядуурал, зовлонгийн туйлд хүрч тартагтаа тулж туулсан ч зүүн Европ дахь социалист лагерийн орнуудын жишгээр дэлбэрэхэд бэлэн байв. Ард түмэн ямар ч зовлонг даагаад байдгийг Румыны жишээнээс бид харж болно, гэхдээ эрх баригчид ард түмнээ хэр дорд оруулнав түүнийгээ нугалсан хариу хүртдэгийг бас эндээс харж болох тул үргэлжлүүлье.


Чаугийн хүүхдүүд


Чаугийн "Ялалтын гудамжны хүүхдүүд буюу, Чаугийн баньд нар” гэгч 70 мянган мэдээлэгч, тагнуулууд төрийн хүчний байгуулагаас ч илүү эрх эдэлж  өчүүхэн зөрчил гаргавал дур мэдэн шийтгэж, алан хядаж байв.


Тэд 1966 онд батласан хүн амаа өсгөх хөтөлбөрийн золио болсон хүүхдүүд юм. Чаушеску төрийн эрхэнд гармагц Хятад маягаар хүн амаа огцом өсгөх бодлого барьжээ. Үр хөндөхийг хориглож, хүүхэдгүй гэр бүлээс цалингийнх нь 20 хувийг хүүхэдгүйн татварт суутгаж байв. Улсын эдийн засгийн нөөц боломж хомс учраас хүүхдийн төлөө их хөрөнгө гаргаж чадахгүй байлаа. Хүүхдээ тэжээх чадваргүй эхчүүд хүүхдүүдээ гудамжинд хаяж байв. Румынд анх 10 хүүхэдтэй эхэд баатар цол олгодог болжээ. Үнэндээ энэ хомс тарчиг нөхцөлд 10 хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нь жинхэнэ баатарлаг явдал байсан юм.


Румыны эхчүүл таван хүүхэд гаргаж байж улсаас өчүүхэн халамж хүртэх эрхтэй болж байв. Үр хөндөлт хууль бусаар хийлгэсэн, амьдралын боломжгүй айлууд тахир дутуу, оюуны хомсдолтой болон зүгээр хүүхдүүдээ гудамжинд хаяж байжээ. Харин тэднийг Чаушеску цуглуулж хүүхэд асрах газар буюу “Сигид” гэгчид өсгөж байлаа.


Хайр халамжаас хол, шоронгийн мэт нөхцөлд өсөж бойжсон тэд жинхэнэ араатнууд болж өсчээ. Тэд л 1989 оны хувьсгалын үеэр Чаугийн гол түшиг тулгуур болж, ард түмний эсрэг харгислал цуст хийсэн билээ.


Тимишоара


Хилэн нь буцалсан ард түмний хөдөлгөөн  1989 оны 12 дугаар сарын 16-нд  Румыны баруун хэсэгт орших Тимишоара хотноо эхлэжээ. Н.Чаушеску бослогыг хатуу гараар дарахыг оролдож эсэргүүцлийн хөдөлгөөнийхнийг буудах тушаал өгчээ. Хүмүүс алагдаж, баривчлагдсан боловч эсэргүүцлийн хөдөлгөөн нийтийг хамарч Арад, Брашев, Бухарест, Сибиу хотыг дамжин дүрэлзэв. Чаугийн хүүхдүүд хэдийгээр хариислаж байсан авч ард түмэн улам бүр эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсээр байв.


Өөртөө болон цэрэг цагдаа, аюулаас хамгаалах зэрэг хүчний байгуулагад итгэсэн  дарангуйлагч ард түмний хөдөлгөөнийг үл тоомсорлон Иран улсад айлчлалаар мордов. 1989 оны 12 дугаар сарын 20-нд Чау буцаж ирээд байдал ноцтой болсоныг мэдэрчээ. Тэгээд яаралтай арга хэмжээ авч үндэсний радио телевизээр  “Румынд болж буй эмх замбараагүй явдал  бол гадаадынхны оролцоотой, салан тусгаарлахыг хүсэгч, алан хядагчдын үйл ажиллагаа” мэтээр худал ярьж олон нийтийг итгүүлэхийг оролдов.  


Жагсаал эргэв


1989.12.21-ний өглөө Чаугийн дарангуйлагчид уламжлал ёсоороо Чау, эхнэр Чау нарын зураг хөргийг бариулж, өөрийн багшийг дагуулж, мөн алан хядагчид болох ялалтын гудамжныхнаар мануулаад төв талбайд цуглаан зохион байгуулав. Тэрээр ард түмний олонхи өөрийн талд гэж итгүүлэхийг оролджээ.


Жагсаалд эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн ирж нэмэгдсээр л байгааг Чаугийн хүүхдүүд анзаарсангүй. Коммунист орнуудад болдог Майн 1-ний жагсаалархуу цуглаан нь эхэлмэгцээд бүтэлгүйтжээ. Цуглагчид Чауг угтахдаа зааврын дагуу коммунист уриа хашгиран алга ташиж байлаа.


Н.Чаушеску индэр дээр гараад ердөө хагас минут хүрэхгүй хугацаанд хэдхэн үг хэлж чадсан юм. Түүний сүүчлийн бичлэгийг харвал тэр ихээхэн айдастай байгаа нь мэдэгддэг. Тэрээр улиг болсон үгээ дөнгөж эхэлтэл жагсагчид түүнийг эсэргүүцсэн уриа цуурайтуулж эхлэв. Телевизийн камер эсэргүүцлийн уриа хэлж буй хүмүүсийг олох гэж зэргэлдээх байшингийн цонхнуудын зургийг авсан боловч юу ч олоогүй байна. Дарангуйлагч эхлээд учрыг ойлгосонгүй, өөрийг нь магтаж байна гэж бодоод гараа даллах гэж оролдов. Харин араар нь хамгаалагчид нь сандран гүйлдэж байгааг харж болно. Байдал бишдэв...


Хүмүүс Чау болон эхнэрийнх нь зураг хөргийг  урж тасдан, “Чаушеску сөнөтүгэй” хэмээн хашгиралдаж эхэлжээ. Жагсагчдийн дундуур дайрч орсон Чаугийн хүүхдүүд эсэргүүцлийн уриа хашгирсан иргэдийг баривчлах гэж оролдсоноор асар том үймээн дэгдэв. Чухам эндээс эхлэн  дарангуйлагч дэглэм, эсэргүүцэн жагсагчдын хооронд цуст мөргөлдөөн эхлэж, шөнөжин  үргэлжилж хүчний байгууллагын зэвсэг техникийн  золиосонд  олон арван мянган хүн өртөв. Олны нүдэн дээр болсон энэхүү аллагыг дэлхий нийт эмзэглэн хүлээн авав.


Тулаан, онц байдал.


Танк,  хуягт тээвэрлэгч, ус шүршигч машинууд  жагсагчид руу хар хурдаараа дайран орж цусан зам татуулан одож байгааг бүгд харсан. Жагсагчдын дунд байсан гадаадын сэтгүүлчид ч амь насаа алджээ. Эрх баригчид шөнө болохыг хүлээж байлаа. Шөнөөр жинхэнэ цуст найр хийжээ. Армийг зэвсэглэн оруулав. Нисэх онгоцоор зарим барилга, орон сууцанд цэгэн бөмбөгдөлт хийжээ. Армийнхан жагсагчдийг алсуур бүслэж, метро руу шахжээ. Ингэхдээ гудамжны гэрлүүдийг буудн хагалж байжээ. Хүмүүс зөнгөөрөө гэрэл даган зугтсаар эцэст нь метроны буудалд орж цугламагц бүгдийг нь хяджээ. Хожим Румынд очсон хүмүүс метроны шат гулгамхай, тослог болоод их удаж арилсан гэлцдэг юм.


Ийнхүү 1989 оны 12 дугаар сарын 21-22-ны шөнө ард түмний хөдөлгөөнийг цус урсган дарсан ч “Онцгой байдал” тогтоосныг үл харгалзан  цуст яргаллыг жигшин эсэргүүцсэн ард түмний хөдөлгөөн улам хүчтэй өрнөв. Армийн зарим анги бүлэг жагсагчидтай нэгдэв.


12 дугаар сарын 22-ний шөнө энгийн номхон ард иргэдийг буудахыг эсэргүүцсэн Үндэсний батлан хамгаалах яамны сайд В.Миляг  дарангуйлагчид цаазалснаар арми тэр аяараа босогчдын талд орж  Чаушескийн дэглэм мөхлийн ирмэгт тулжээ. Арми ард түмэнтэй “Чаушеску сөнөтүгэй” гэсэн уриан дор нэгдэхэд Бухарест хот даяар хөдөлж төрийн зөвлөлийн ордон, Румыны Коммунист Намын Төв Хорооны байрыг чиглэв. Тэднийг ойртон ирэхэд НТХ-ны байрны дээрээс “1” дугаартай цагаан нисдэг тэрэг хөөрсөн нь дарангуйлагч зугтлаа гэдгийг бүгдэд ойлгуулав. Тэр онгоцонд Чау эхнэрийн хамт, УТТ-ны хоёр гишүүн, бие хамгаалагчид  явжээ.


Эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчид нисэгчдэд хандан “өөрсдийгөө авар”  хэрэв цааш зугтвал пуужингаар харваж устгана гэсэн өгсөн учир  Бухарестаас 60 км зайд орших  Титу хотын орчим арга буюу буужээ. Дарангуйлагчид хэд хэдэн удаа хүч хэрэглэн машин дайчилж ойролцоо тосгон, зарим үйлдвэрээр орсон боловч тэднийг хэн ч тоож хүлээн авсангүй. Ингэж явах завсар бие хамгаалагчид болон бусад хүмүүс зугатан  зайлжээ.


Цаазлав.


Румыны ард түмний хамгийн хайртай удирдагч гэгддэг улсын дөрвөн удаагийн баатар, Румыны социалист хөдөлмөрийн баатар, ХАА-н шинэ хувьсгалын баатар,  үндэсний удирдагч хэмээх  Чаушеску эхнэрийнхээ хамт  нохой явган, гахай нүцгэн үлдэж баривчлагджээ. 12 дугаар сарын 25-нд  тэднийг цэргийн хээрийн шүүхээр оруулж  цаазаар авсан билээ.  “Хэтэрхий яарч, хялбар шүүлээ” гэсэн үг ярианд Румыны шинэ Ерөнхий сайд Петр Роман хариулахдаа ”Энэ үе цэрэг дайны үүднээс авч үзвэл байдал ноцтой байлаа, дарангуйлагчийг хорьж байсан газарт Чау-д үнэнч Аюулаас хамгаалах хүчний десант буухаар бэлтгэж байгаа тухай мэдээг бид авсан.  Дарангуйлагч чөлөөлөгдвөл дахин их цус асгаруулж болохыг үгүйсгэх аргагүй байлаа” гэжээ.


Н.Чаушескуг үхсний дараа эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч Ион Илиескугээр удирдуулсан “Улс үндсээ аврах фронт” Засгийн эрхийг авснаа зарлажээ. Улс үндсээ аврах фронт Бухарестын төв талбайд цуглаж, ялалтаа тэмдэглэж байсан олон зуун мянган хүмүүсийн дотроос улс оронд нэр хүндтэй эрдэмтэд, нийгмийн зүтгэлтнүүдийг зарлан цуглуулж шинэ парламент, түр хурлыг байгуулжээ.


Нэмэлт: Яг энэ үеэр Улаанбаатар Монголын Ардчилсан Холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан юм. 1989 оны 12 дугаар сарын 10-нд анхны жагсаал болсон ба эсэргүүцэл улам бүр газар авч байгааг МАХН-ын төв хороо, Улс төрийн товчоо анхааралтай харж байв. Румынд болсон хэрэг явдал Монголын эрх баригчдын зүрхийг үхүүлжээ. Ж.Батмөнх агсан хэрэв хүч хэрэглэвэл ийм аймшигт цус урсгасан сөргөлдөөнд татагдан орно гэж болгоомжилсон бололтой. Тэр “Нэг Монгол хүний цусыг урсгахгүй” гэж хэлсэн гэдэг. Н.Чаушескугийн үхлийн талаарх телевизийн урт бичлэгийг тухайн үед Румынд байсан ЭСЯ-ны ажилтан Янжмаа гэдэг эмэгтэй цуглуулж, Улаанбаатарт ирүүлснийг Монгол телевизэд тусгай комисс гарган монтажлуулаад УТТ-ны гишүүдэд үзүүлсэн байна. Үүний дараа эрх баригчдын байр суурь зөөлөрсөн гэдэг юм. Энэ мэдээллийг тус комисст орсон хүний яриагаар орууллаа.


Бичсэн: Ц.Навагчамба

Редакторласан: А.Баатархуяг.

Улстөрийн сонины архиваас…

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив