Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үхэхэд хучих шороо үлдэх нь үү?
2010 оны 4 сарын 16 [Уншсан тоо: 67109]

     Бэртэгчин үндэстэн

Монголын төр бол цэвэр зуучлагч юм. Гагцхүү хомхой нь дэндүү учраас зуучлалынхаа хөлсийг үргэлж хэтрүүлэд байдаг. Кыргызийн хуучин Ерөнхийлөгчийг “Арав ерийн Акаев” гэдэг байсан. Арвыг авдаг байсан уу, ерийг нь авдаг байсан уу бүү мэд. Манай төрийн хувалзнууд бол 90-ийг нь хусна шүү дээ.

“Ард түмний холбоо” амлалтыг нь нэхэж эхэлмэгц эрх баригчид хоёр жил буюу 104 долоо хоногт хийх гээд амжаагүй ажлаа ганцхан долоо хоногт амжуулчихдаг юм байна. Тэрбум төгрөг өөртөө хувааж, банк дампууруулж мөнгийг нь хусаад л сайхан байсан нэг л биш болоод явчихсан. Монголчууд ч гэж Монголчууд та нар тэмцээд мөнгө өгчихвөл сайхан л байна гэсхийгээд хүйтэн гэртээ хугацаагүй өлсгөлөнгөө үргэлжлүүлээд л хэвтээд байх юм. Өгнө л гэж байна, авч ч орхино. Өгч байвал яаж өгөх нь хамаа байж уу, мөнгөө авна, түүгээрээ мах, архи аваад хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах огтлоно гэж бодож байгаа. Монголчуудын жаргал энэ. Гэтэл нэг л өдөр дорсгой хужаа, доёгор жүүд орж ирээд “Хай явбаа, чиний хэвтэж байгаа газар минийх шоо, би ногоо тарив аа, дор нь алт байна, түүнийг авбаа” гэвэл Монгол хүн их сайндаа л агсарна. Тэр цагт “Танай төр  миний өгсөн мөнгөөр чамд өгсөн амлалтаа биелүүлсэн, чи мөнгийг нь аваад идчихсэн, хэрэв газраа өгөхгүй гэвэл миний мөнгийг буцааж өг” гэнэ. Мах, архиар түүхий эд хийгээд үйлдвэрлэсэн нөгөө үндэсний бүтээгдэхүүнээ өгөлтэй биш, яах юм юм. Тэгээд нэг бол өгөхгүй гээд үхэх, эсвэл шившигтэй хөөгдөх л байх даа. Ийм хүмүүсийг бэртэгчин гэдэг юм. Өөрийгөө болж байвал, өнөөдөр цатгалан байвал маргааш яах, бусад нь яах огт падлийгүй. Төрийн төлөө оготно боож үхэв гэгчээр тэр оготно шиг жижигхэн шар хүүхэн миний төлөө өлсөөд үхвэл үхнэ л биз, харин үхэхээсээ өмнө надад мөнгө өгүүлэхээр болчихоосой л гэж бодож байгаа.  Үндэстэн тэр чигээрээ амиа хувь хувиа бодож, өөрсдийн төлөө, үндэстний ирээдүйн төлөө хийж буй тэмцлийг элдэвлэн гутааж, олонхиороо дарахыг оролдож байвал үндэстэн ирээдүйгүй болно. Оргилуун идэвхтэй хүмүүсээ гадуурхан хавчиж, одоо байгаагаа улайран хадгалахыг хичээгчид үндэснийг алгуур мөхөөдөг болохоос үндэстэн хэмээх амьд оргонизм нэг л дөрө мөхдөггүй. Хөгширч идэвхгүй болсон үндэстэн аливаа рэсдлээс байгаа зайлсхийж, өмнөх үеийнхний хурааж хуримтлуулсан бүхнийг идэж уугаад дуусдаг. Одоо хөгшин Монгол үндэстэн газар нутгаа зарж идэж байна. Дэлхий нийтээр хөгшин Европ л гэдэг, үндсэндээ 800 жилийн түүхийн асуудал. Чухамдаа угсаатны идэрмэг үедээ Монголчууд хөгжин цэцэглэж байсан лалын ертөнцөд бурхны хараалыг биелүүлснээс газар дундын тэнгисээр дамжсан соёлын шилжилт Европыг босгосон гэвэл Монголчууд Европоос ч хөгшин байх нь. Гэхдээ та энэ өгүүллийг тэвчээр гарган уншаарай.

Дахин хулхидав

Энгийн тоо бодъё. Намууд иргэн бүрт 2,5 сая төгрөг бэлнээр өгөхөөр амласан. 2010 оны дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсын хүн ам 2 751 543  байна. Сургуулийн хүүхдүүдийг хордуулж, малчдыг турааж, хортой архиар угжиж, хорт хавдраар хядаад, угаарын хийгээр утаад, хэвлийд нь алаад байгаа хэр нь хүн ам өссөөр. Уг нь нэг хүн чад хийхэд төр 2,5 сая төгрөг хэмнэдэг юм. Амьд байгаа Монголчуудад амласнаа өгнө гэвэл 6 878 857 500 000 төгрөг хэрэгтэй.

Мэдээж эрх баригчид бултаж байна. МАХН-ын 1,5 саяыг өгөхөөр болжээ. АН-ыг үл тоов. Хамтарсан нэртэй болохоос хоймор харж суугаад идэж ууж байгаа хоноц. 2012 оноос наана банкны хэргээр тав зургаан этгээдийг барьж хорихоор төлөвлөж байгааг мэдээгүй. 2003 онд төв талбайд баруун талд “Амлалт сануулах сар” гэгчийг зарлаж, “Худал амлаж хуухнагаа хөүүлэв” гэсэн зураг хадаж байсныхаа шанг хүртэх ёстой. Бухын хуухнаг хөхөж буй тугал бол өнөөдөр АН-ынхан өөрсдөө.  АН нь харин өөрөөр бодож байна. Хоёр харамчаас гуйлгачин хишиг хүсэхэд нэг нь халаасаа ухаж ухаж сохор зоос өгчээ. Харин нөгөө харамч нь “Бид хоёр дундаасаа өгч байгаа юм”... Ард түмний хувьд АН хэлдэг харамч нь.

Эрх баригчид амлалтаасаа ухарлаа. Бэлнээр өгөх ёстой мөнгөнийхөө тавны нэгийг л өгнө. Иргэн бүрт 500 мянгыг өгнө гэж байгаа, иргэд нэг зүйлийг анзаарахгүй байна, одоо 70 мянгыг авчихаад дээр нь 500 мянгыг авна гэсэн шүү юм бодож байгаа бол үгүй. Эрх баригчид яг үнэнээ хэлсэн бол та нарт 2012 он хүртэл 430 мянган төгрөг өгнө гэх учиртай юм. Гэвч тэд хэзээ ч үнэн хэлдэггүй. Бас тавны хоёрыг бэлэн бусаар өгнө гэжээ. Яаж өгөхийг бүү мэд, авснаа мэдээгүй байхад 2012 онд өгчихсөн болсон байх вий. Харин үлдсэн тавны хоёрыг таг мартсан МАХН АН-ын амлалтыг бид биелүүлэх ёсгүй гэж “дипломат маягаар” хэлж байна. МАХН яаж ийгээд хагас саяыг өгч, бас саяыг өгсөн гэж тайлбарлаж чадвал амалсандаа хүрсэн нэр зүүж 2012 онд дахин ялах болчихлоо. АН МАХН-ын суга цавинд хавчуулагдсанаараа сонгуулийн системээ яаж ч өөрчилсөн 2012 онд ялагдах болзлоо хангачихлаа гэдгээ ойлгож байгаа болов уу?  Одоо худалч нь АН болов.

Бэлнээр олгох хагас саяыг тооцож үзье. Өмнө тооцсоны тавны нэг буюу 1 375 771 500 000 төгрөг. Энэ хэр их мөнгө вэ? 1,4 их наяд төгрөг нь 2010 оны улсын төсвийн орлого 2,3 тэрбумын 60 хувь. Мөнгийг 2012 он дуустал өгнө гэж байна. Ингээд МАХН 1,5 саяыг амлаад 500 мянгыг өгч, АН саяыг амлаад юу ч өгөлгүй хулхидлаа.  

1,4 их наядыг яаж олох вэ?

Төсвийн орлогын 60 хувь гэдэг их тоо юм. Төслийн алдагдал 360 тэрбум төгрөг хүрээд байна. Далд алдагдлыг тооцвол 500-800 тэрбум төгрөг байна. Үүнийг УИХ-ын гишүүд хуйвалдаж идсэн. Тиймээс дотоод эх үүсвэр байхгүй гэж тайлбарлаж байна. Монгол банк асар их зээллэг олгосон, нэмж олговол инфляци хэрээс хэтэрнэ гэж тооцоод хаширлаад байна. Өрийн бичиг гаргалаа ч арилжааны банкууд авахгүй, учир нь эрх баригчид өрөө дарахын оронд банкыг нь дампууруулдгийг мэддэг болсон. Дотоод эх үүсвэр үндсэндээ хаагдсан. Гадаад эх үүсвэр ч тааруу байна. Япон, Энэтхэгээс 64 тэрбумын зээл авч алдагдлынхаа нэг хэсгийг хаахаар төлөвлөснөөс өөр тусламж байхгүй. Дэлхий нийтээр хямралд автаад байна. Ганцхан гарч байна. Дотоодод хэрэглэж байсан аргаа гадаад зах зээлд хэрэглээд үзье. Өөрөөр хэлбэл гадаад өрийн бичиг гаргаж мөнгө босгох.

Эдийн засгийн хямрал эхэлж байхад Засгийн газар Оюу толгойн ордын ХОГ байгуулахын өмнө “Рио Тинто”-гоос 1,2 тэрбум ам.долларын зээл авахаар тохирч байсан юм. “Рио Тинто” 14 000 мянган ажилчнаа халж мөнгийг босгохыг завдсан авч өөрөөр шийдсэн. Гэрээгээр “Рио Тинто” 250 саяыг урьдчилгаа болгон бэлнээр өгөх, тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх болсон билээ. Тухайн үед С.Баярын Засгийн газар УИХ-аар хямралын эсрэг төлөвлөгөө батлуулаар шахсан төлөвлөгөөг баталсан авч хэрэгжээгүй. Дараа нь тэрбумын хахуулиар төлөвлөгөөг мохоол мушгилгүй болгон дарсан.

“Рио Тинто”-гоос авсан 250 сая ам.доллараа эрх баригчид тарааж байна. 250 сая ам.долларыг өнөөгийн дундаж ханш 1400 төгрөгөөр тооцвол 350 тэрбум төрөг болж байна. Үүнийг 2,75 сая иргэнд хувааж үзэхэд нэг хүнд 127 мянган төгрөг оногдож байгаа.  Ингэхээр иргэн бүрт 120 мянган төгрөг өгөх боломжтой болсон ба үүний төлөөлсөнд “Оюу толгой”-н ХОГ-г баталжээ. Харин хөрөнгө оруулагчид мөнгийг нь тараах болов уу яах бол гэж түшиж байсан ч Засгийн газар энэ удаад амласандаа хүрсэн. Амлалт нэхэх ард түмний холбоо 2009 оны эцсээс орон нутагт ажиллаж эхэлсэн тул арга буюу тараасан билээ.

Энэ удаад 4 дүгээр сарын 5-ны жагсаал болон түүний дараа үргэлжилсэн суулт, өлсгөлөнд шахагдаж тус бүр 500 мянгыг өгөх болоод байна. Тэгэхдээ өмнөх аргаа дахин хэрэглэхээр зэхэж байна. Дэлхийн хөрөнгийн зах зээлд 1,2 тэрбум ам.долларын өрийн бичиг гаргахаар бэлтгэж байна. Өрийн бичгийг нэр бүхий 10 орчим банк авна. Гэхдээ банкууд шууд мөнгө өгөхгүй, зуучлана гэж байна. Авах нь гадны уул уурхайн компаниуд байх болно. Зуучлагч банкуудыг тодруулсан  байна. Үүнд: 1/ Goldmen sachs, 2/ HSBC, 3/ Deutsche bank, 4/ Credit Swiss, 5/ Morgan Stanley, 6/ Barclay’s, 7/ ING, 8/ BNP Paribas, 9/ Nomura.

Төсөв нь асар их алдагдалтай, үйлдвэрлэл хөгжөөгүй, төсвийн орлого нь 1,6 орчим тэрбум ам.доллар, гэтэл гаргаж буй өрийн бичиг нь 1,2 тэрбум доллар буюу нийт төсвийн орлогынх нь 75 хувьтай тэнцэж байна. хэрэв энэ өрийн бичгийг худалдан авбал Монгол Улсын гадаад өр төсвийн орлоготой тэнцэж шууд найдавргүй ангилалд орох болно. Хэн ч итгэж зээл тусламж өгөхгүй, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй. Монгол Улсын ДНБ-ны хэмжээ нь албан ёсны дүнгээр 7,1 их наяд төгрөг буюу 5,0 орчим тэрбум доллар гэж үзвэл ДНБ-ных нь дөрөвний нэгтэй тэнцэх өр. Үүнийг тэгээд хэн авах вэ? Ядуу гуйлгачин Монголчуудаас юуг нь авах юм. Ёстой чихийг нь огтлолтой биш. Ингээд өгөх боломжгүй болжээ.

Наймаа

Гэвч юм бий. Монголын нутагт нээгдсэн зэс, алт, нүүрс, ураны асар том ордууд бий юм. 10 банк зээлийг зуучлахдаа 10 том ордыг барьцаанд авах юм. Хамгийн ил байгаа жишээ гэхэд л “Голдман сакс”-т Монголын олон Овоотын алтны ордын лицэнз бий. Энэ ордыг барьцаалах үнэ нь 130-150 сая ам.доллар гэж Монгол банкны Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн, манай урдаа барьдаг санхүүчдийн нэг О.Чулуунбат хэлсэн. Тэгэхээр өрийн 10 хувьд шууд Олон Овоотын лицэнз явж байна. “Дойчэ банк” Монголын нутагт тавих төмөр замын төслүүдийг санхүүжүүлэх сонирхолтой байгаа ба томоохон нүүрсний ордуудыг сонирхож байна. Хятадын HSBC буюу “Хонгконг-Шанхайн Банкны Систем” банк эртнээс манай Таван олгойн ордыг сонирхож байсан билээ. Тус банкаар дамжсан мөнгөтэй холбоотой асуудал нэг үе дуулиан дэгдээж байсан бөгөөд удалгүй Тагнуулын тухай хуульд өөрчлөлт орвол бэлэн бус гүйлгээс хянах эрхтэй болсон ТЕГ энэ асуудлыг нэг тийш болгох байх.

Зуучлагч талаасаа ингэсгээд орхиё, харин хэн авах бол? Оюу толгойн өрсөлдөөнд ялагдсан “Чайналкоа” юу, Таван толгойн өрсөлдөөнд бэлтгэж буй “Шинхва” юу? Эсвэл Дерипаско юу? Якунин уу? Ямар боловч манай эрх баригчид булхайгаа нуухын тулд цаад захиалагчийн санал болгосон банкуудыг бүртгэн аваад хэлэлцээрээ эхлүүлчихсэн байна. С.Баяраас С.Батболдод үлдсэн өв бол энэ юм. Ямар ч аргаар хамаагүй, газар нутгаа барьцаалж байгаад ч хамаагүй амлалтаа биелүүл. 2012 онд МАХН ялж байвал түүнээс цааш газар тэнгэр нийлсэн ч яахав. 1.2 тэрбум ам.доллар нэг их наяд 680 тэрбум төгрөгтэй тэнцэнэ.  

Хамгийн гол аюул нь МАХН амлалтаа хэрэгжүүлэхийн тулд улс орноо ломбарданд тавьж байгаад байна. Эхний 70 мянгыг хөгшид хүүхэд авчихсан. Одоо гэрээ буцах тухай асуудал байхгүй болжээ. Хүн бүр “Рио Тинто”-д 120 мянган төгрөгийн өртэй болоод байна. Монголчууд аа, газар нутгаа буцааж авцгаая, бүгдээрээ 120 мянган төгрөг буцаагаад өгье гэж уриалбал хэдэн Монголд ийм мөнгө барьж ирэх бол? Эсвэл төр л өгсөн, төр л дарна биз гэж бэртэгчин зан гаргах уу? Та яах бол гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Миний бодохоор 10 орчим мянган хүн л мөнгөө барьж ирнэ, тэд 4 сарын 5-ны жагсаалд ирсэн. Ингээд бид гэгээн төрдөө итгэж, харин төр маань бидний газар нутгийг гадныханд барьцалж, бидэнд мөнгө олж өгч манийгаа гялайлгаж байна. Өнөөдрийн 2,75 сая монголчууд эх орноо зарж идэж байна. танд ямар санагдаж байна вэ?

Өлсгөлөнгийн тухай

АНАТХ эрх баригчдаас мөнгийг нь шаардсанд тэд маш түргэн биелүүлсэн билээ. Арай ч ийм хурдан шийдэхийн чинээ бодоогүй юм. 2009 оны эцсээр мөнгө нэхэхэд манай дансанд 100 сая ам.доллар орчихоод байсан. Олон хүн, жишээ нь Ховдын АНАТХ-ны тэргүүн, МАХн-ын гишүүн хүмүүсээ дагуулаад “Бид мөнгөө л авах гэж жагссан, мөнгөө ч авлаа, УИХ-ыг унагах гээгүй” гээд УИХ-ын гишүүн Бмябацогтоос мөнгө аваад бэртэгчин зан гаргаад нисээд явчихсан. Ядаж бие амар харихад хүртэл бэртэгчин зан хэрэгтэй юм байна.

Уг нь “Ард түмний холбоо”, “Тусгаар тогтнол” эвсэл, ММГШ хөдөлгөөн, Үндэсний “Соёмбо” хөдөлгөөн 4 дүгээр сарын 5-ны цуглаанаар ялалтаа тунхаглаад яваад өгч болох байсан. Яг ийм зөвлөгөөг олон хүн өгч байсан. 4 сарын 5-нд шаардлага тавих биш ялалтаа тэмдэглэсэн цуглаан хийж болох л байсан. “Ард түмээн бид та нарт 1,5 саяыг авч өглөө, бид хамтарвал чаддаг юм байна” гээд төрийн дуулал эгшиглүүлээд нэр хүндээ өсгөөд явчихсан бол гайхалтай сайхан “улстөр” болох байсан юм шүү. Тэгээд 2012 онд дэвшээд ялих ч байсан биз. Гэтэл яагаад энэ боломжийг ашиглаагүй юм бэ? дэмжигчид гайхаж байна.

Нөгөө талаас яагаад төрийн терроризм хийж Уянгыг алахыг завдав? Ердөө л амлалт шаардсаны төлөө юу? Амлалт биелчихээд байсан шүү дээ. Тэгээд үзэн ядах ямар шалтгаан байв? гэж асуух ёстой. Эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавих ямар шаардлага байв?

Байсан юм, эрх баригчид эх орноо худалдаад иргэн бүрт мөнгө өгөхөөр тохирсныг мэдсэн. Засгийн газар мөнгө өгөхөө 4 дүгээр сарын 5-ны жагсаалаас гуравхан хоногийн өмнө гаргасан. Хөдөлгөөнүүд ялалтаа байгуулчихаад байсан. Гэвч удалгүй цусан тангараг тавьсан. Энэ удаад мөнгөний төлөө биш, газар нутгийнхаа төлөө тэмцэх ёстой болсон тул ухарч няцахгүй гэж цусан тангараг тавьсан юм. Хэдийгээр үүнийг тайлбарласан авч хүмүүс олйгоогүй, ойлгохыг хүсээгүй. Яг үүнтэй зэрэгцэн Тагнууын хуулийг өөрчлөх асуудал УИХ-д орсон. Гадаадын тусгай албадын үйл ажиллагааг зогсоохын тулд хөөн гаргах эрх хүссэний зэрэгцээ бэлэн бус мөнгөн гүлйгээ хянах эрх хүсээд байна. Хуулийн тайлбарт “Засгийн газрын гаргаж буй шийдвэрт ТЕГ-аас санал дүгнэлт гаргах, түүнийг харгалзан үзэх шаардлага байгаа” тухай бичсэн байв. Засгийн газрын гишүүдийн дотор гадны тусгай албадын захиалгаар ажилладаг хүмүүс бий болсон нь эдгээр тайлбаруудаас ил болоод байгаа юм. Харин УИХ энэ хуулийг хэлэлцэхийг арга саам хийж хойшлуулсаар байна. Бүгд бизнестэй болно, бүгд баяжина гэж бодсон УИХ-ын гишүүд нэр төр, газар нутаг, ирээдүй хойчоо үл бодон суудалтайгаа зуурч байгаагийн цаад учир энэ юм шүү.

Тэд газар нутгаа худалдахыг завдаж байна. Түүнийг Засгийн газраас зохион байгуулж байна. хэрэв энэ УИХ-ыг яаралтай тараахгүй бол бид наад зах нь хамгийн баялагтай 10 ордоо барьцаанд тавиад туух гэж байна. Олон зуун тэрбум долларын үнэтэй баялгаа өнөөдрийн өчүүхэн хэдэн тэрбум төгрөгөөр арилжиж болох уу?

МАХН ч тэр, АН ч тэр эдийн засгийн тооцоо судалгааг хийсэн, өгөх бүрэн боломжтой гэлцэж байсны цаад учир нь газар нутгийн барьцаанд байсан юм. Стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиглах замаар иргэдэд бэлэн мөнгө олгоно гэсэн мөрийн хөтөлбөрийн заалт наана их сайхан санагдавч далдуураа бол маш аюултай эд байсан юм. Одоо эрх баригчдаас та нар хэнд үйлчлээд байна гэж асуух ёстой.

Ард түмнээ өрөнд оруулж, газар нутгаа барьцаалчихаад ямар өчүүхэн ашиг олохыг бодоод байна вэ? Яг энэ асуудлыг хөндөж эхэлмэгц Х.Баттулгын “С1” телевиз, Г.Батхүүгийн “НТВ” хамгийн их эсэргүүцсэнийг гайхаад байх хэрэг байна уу? “Ийгл” телевизэд албан бичиг явуулж, хэрэв жагсаалыг дамжуулбал сувгийн эрхийг чинь хураана гэж сүрдүүлсэн байна. Бүлэглэлүүд өдөр тутмын сонинуудыг үнэ цохин худалдан авч, том медиа группууд байгуулж эхлээд байна.

Сүүлчийн шаардлага

Ард түмний холбоо амласнаа өгөхийг шаардахдаа газар нутгаа барьцаалж мөнгө өгөхийг шаардаагүй юм. Тиймээс мөнгөө өгөхдөө өөр эх үүсвэрээс өгөхийг шаардаж байна. Иргэн бүрт хагас саяыг өгөхөд 1,375 их наяд төгрөг хэрэгтэйгээс одоогийн байдлаар 350 тэрбум төгрөгийг Оюу толгойгоос босгоод өгчихсөн байна. Үлдсэн нь нэг их наяд 25 тэрбум төгрөг.

Энэ жил “Оюу толгой” төсөл, төслийн урьдчилгааны дүнгээр 1 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирсэн байна. Энэ дүнтэй дүйцүүлбэл 1,4 их наяд төгрөгийг дотоодын зах зээлд нийлүүлэхэд инфляци онолын хувьд одоогийнхоос өсөхгүй байж болох юм. Тиймээс эрх баригчид амласан мөнгөө өгчихвөл инфляци хэрээс хэтэрч улс орон төгрөгт живээд амьсгаа хураачихна, .дийн засаг сүйрнэ гэж тайлбарлаж, цэцэрхэж байгаа нь огт худлаа юм. Амлалтыг биелүүлж иргэддээ бэлэн мөнгө олгоход үнийн ямар ч томоохон өөрчлөлт гарахгүй. Наад зах нь “Айвенхоу майнз”-аас авсан 250 сая ам.долларын урьдчилгаагаар баталгаа хийгээд 350 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлж болно. 70 мянгыг өгснөөр үнэ өссөн нь цэвэр сэтгэл зүйн шинжтэй үнийн өсөлт байсан бөгөөд эрх баригчид сэтгэл зүйн энэ болгоомжлолыг чадлаараа дэвэргэсэн билээ. Үнийн өсөлтийн шалгаан нь Монгол банк төгрөгийн нийлүүлэлтийг огцом татснаас зах зээлд төгрөгийн хомсдол үүссэн. Зах зээлд бэлэн мөнгө орж ирмэгц түүнийг булаацалдаж үнэ нэмэгдсэн. Аж ахуйн нэгжүүд худалдаачид төгрөгийн хуримтлалгүй болсон учраас үнэ өсгөх замаар хуримтлал бий болгохыг оролдсоны л илрэл юм. Төгрөг валютын харьцаа тэнцвэртэй байгаа нөхцөлд л ханш, барааны үнэ тогтовортой байх учиртай, төгрөгийн хомсдол үүсгэснээрээ инфлцийг барина гэж бодож байгаа бол ноён Д.Пүрэвдорж том алдаж байна. Эдийн засаг, санхүү коммунизмын үеэс хамаагүй хол тасарчихаад байна. Гэтэл та анхан шатны мэдэгдэхүүнтэй л ажиллаж байна шүү дээ.    

Өлсгөлөн зарлагчид одоо “УИХ-д итгэл үзүүлэх” эсэх асуудлаар санал хураалт явуулахыг шаардаж байна. Ийм УИХ-д итгэж болох уу? Мөн амлалтын мөнгөө өөр эх үүсвэрээс өгөхийг шаардаж байгаа билээ. Өөр эх үүсвэр бий юу?

Бий, маш энгийн, олон тайлбаргүй товчоор дүгнэе. УИХ-ын гишүүдийн 76 тэрбум + “Зоос” банкнаас хожсон 195 тэрбум + Анодын 170 тэрбум + Ахмадуудад өгөх орон сууцнаас /500 гаруй ахмад тус бүрт 35 саяын байр гэж тооцвол/ 20 шахам тэрбум + 4000 сууцнаас 200 тэрбум + УИХ-ын гишүүдийн тусгай хангамж, дээрээс нь хөгжлийн санд байсан, хүүхдийн мөнгөнд тавих ёстой 435 тэрбум төгрөг хаашаа ч юм гулсчихсан. Энэ мэтээр 1,1 их наяд төгрөгийн эх үүсвэр байгааг олонтаа хэлсэн. Үүний дээрээс зэсийн үнийн өсөлтөөс дор хаяж 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болно. 68 хувийн татвар 2011 оноос хүчингүй болох учир алт, зэсээс татвар авах бололцоо байсаар байна. Тиймээс эрх баригчид шаардсаны дагуу идсэн мөнгөө буцааж тушаагаад ард түмэнд амласнаа өгч дуусгах ёстой.

2044-2045 он.

Энэ тухай ахиж бичхээс өөр аргагүй боллоо. Оросын алдартай зурхайчийн энэ таамаг хамгийн биелэх магадлалтайд тооцогддогийг шинжээчид тодруулжээ. 2044-2045 онд Монгол-хятад хоёр газар нутгийн маргаанаас болж дайтна. Бүтэн жил дайтсаны дараа Монголчууд 47 дугаар өргөрөгөөс урагших газар нутгаа алдана. Оросууд эрх ашгаа хамгаалахын тулд дайнд орсноор хоёр тал 47 дугаар өргөрөгөөр хилээ тогтооно.

Энэ 47 дугаар өргөрөгөөс урагших нутагт манай судлагдсан баялгийн 80 хувь байдаг билээ. Энэ тухай бүр 2004 оны намар бид бичиж, тэр үед таван олгойн лицензийг эзэмшиж, “Бороо гоулд”-ыг арилжсан одоогийн Ерөнхий сайд Сү.Батболдыг зэмлэж байсан. Тэр цагаас газар шорооны төлөөх их тэмцэл эхэлсэн билээ. Одоо үүнийг дахин сануулж байна.  

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив