Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Төрийн терроризм
2010 оны 4 сарын 19 [Уншсан тоо: 43666]
Онгоцоор байшин мөр­гөх, машинаар гэр мөргөхийн хооронд ялгаа бий юу? Эс бөгөөс олон хүнтэй газар бөмбөг тэслэх амиа золиослогч фанат, олон хүнийг дайрч алахыг завдсан гажиг этгээд хоёр ялгаатай юу? Хүн үхчихээгүй л байна ямар сүртэй юм гэгчид байна. Үхчихсэн бол яах байсан юм бэ?


Дөрөвдүгээр сарын 5-ны орой "ММ" агентла­гаар ХЗДХ-ийн сайд Ц.Ням­­­дорж "Хэрэв ямар нэг юм болбол хариуц­лагыг нь зохион бай­гуу­лагчид нь шууд хүлээх ёстой" гэж мэдэгдсэн. Замын цаг­даагийн газ­рын хуран­даа...-ны "Ма­ши­ныг зэв­сэг болгон хэ­рэг­лэж хүний амь хөнөө­хийг завдсан хэрэг учраас замын цаг­даад хамаагүй" гэсэн богино ярилцлага гарсан ч түүнийг сайтаас ава­хуулчихсан байна. Харин энэ хоёр ярилц­­­лагын дунд юу бо­лов? УИХ-ыг тарах шаард­­лага тавьж суулт хийсэн хүмүүсийг хоёр дахь хоногийн үүрээр М.Маш­бат гэгч "Ланд круйзер-80" машинаар дайр­лаа. Хэд хэдэн үзүү­лэлт энэ бол зохион бай­гуулалттай хэрэг гэдгийг харуулж байх шиг санаг­даж байна.

Нэгдүгээрт хэрэг өг­лөө 05 цаг 02 минутад гарчээ. Төлөвлөсөн хэр­гүүд голдуу тэгш цагт гард­­­гийг туршлагатай мөр­­дөгчид андахгүй. Гэмт этгээдүүд голдуу цаг товлож хэрэг үйлддэгээс анхны сэжүүр өгдгөө анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өглөөний 05.00 цагт хэргийг үйлдэхээр төлөвлөжээ. Жишээ нь гэмт этгээд гэрээсээ 05.00 цагт гараагүй, төлөвлөсөн цагтаа очихын тулд эрт гарчээ. Санамсаргүй хэ­рэг бол тэгш бус цагт жи­шээ нь 02 цаг 26 минутад ч юм уу, 04 цаг 23 минутад гарч болох байсан. Гэмт этгээд НАХЯ-ны сургууль төгссөн, дараа нь Хан-Уул дүүргийн Замын цагдаад ажиллаж байсан тухай мэдээллийг ойр холбоотой цагдаад олон жил ажилласан  найз ахаас 08.00 цагт авсан. Замын цагдаад ажиллаж байсан хүн хамгаалалт яаж тавьдгийг мэднэ. Бас гэмт хэрэг үйлдэх цагаа  үүрээр сон­го­сон нь хүний биологийн цагаар хамгийн идэвхгүй үе юм. Урьд өмнө олон жагсаалын зохион бай­гуу­лалтад оролцож бай­сан учраас талбай дээр барьсан гэр нураах, жаг­сагчдыг баривчлах ажил­лагааг өглөөний 04-05 цагийн хооронд зохион байгуулдгийг сайн мэдэх юм. Манай цагдаа энэ өдөр тун шуурхай ажил­ласан. Өглөө 08.30 цаг гэхэд "сэтгэцийн өвчтэй, эмчийн хяналтад байдаг" гэд­гийг нь тогтоочихсон байв. Сүхбаатарын тал­байд хамгаалалтад зогс­сон цагдаагийнхан энэ халд­лагыг мэдээж мэдээ­гүй. Төрийн ордны баруун талаар жирийн хурдтай орж ирсэн машин "Го­ломт" банкны өмнүүр дөн­гөж өнгөрөөд гэрийг дайрахаар хурдаа нэм­жээ. Хамгаалалтад бай­сан цагдаагийн машины жолооч нормын шата­хуунаа хэмнээд машинаа унтраасан байжээ. Хоёр машинаа асаагаад ухас­хийсэн боловч хожимд­сон байна. Уг нь амжсан бол машинаараа замыг нь хаах ёстой. Энэ зуур гэрчүүдийн ярьж байгаагаар гэрийг мөргөөд гурван ч удаа ухасхийжээ. Гэрийн ба­руун хаяанд зургаан хүн унтаж байжээ. Харуулд зогсож байсан хүмүүс хашгирч, сэрж амжсан нь зөн­гөөрөө холдсон бө­гөөд хоёр нь дор нь орсон бол нэг нь гэрт шахагдаж, бас нэг нь зайлж амжил­гүй хөл дээгүүрээ машин гаргажээ. Азаар гэрийн баруун хаяанд тавьсан явган ширээ дугуйнд нь тээг­лэсэн тул дараа дараа­гийн мөргөлтүүд нь гэрийг нураасангүй. Олон хүн "Ланд -80" шиг хүчтэй жийп гэрийг үйртэл дайр­чихна гэж бодож байх шиг байна. Гэвч гэр тийм амар нурдаггүй юм байна. Хоёр­­дугаарт гэрийг мөр­гө­хөд ачаалал эсрэг талын ханануудад жигд очдог, учир нь гэр дугуй хэлбэртэй тул тэсэх чад­вар сайтай юм байна. Хаяаг нь шуучихад л үерт урсдаггүйн учир энэ. Гуравдугаарт гэрийн хана дотогшоо цөмөрч цохих хүчийг бууруулсан байна. Аз болоход гэрийг хө­дөөнийхөн яг номоор нь жимбийтэл барьсан байв. Хотынхон барьсан бол нурааж унах магадлал­тай юм. Гагцхүү гэрийн унинууд тоонын цамх­раа­наас мултарч гараад унахдаа дотор нь байсан хүмүүсийг цохиж гэм­тээ­жээ. Ингэж гэмтээснийг бодоход гэр их хүчтэй мөргүүлсэн байна. Дөрөв­дүгээрт шалгүй гэр байр­наасаа зүүн тийш 40 ор­чим сантиметр гулсчээ. Ханын эсэргүүцэл сай­тай, цөмөрч орсноос хүч буурсан, дугуйнд нь ширээ тээглэсэн хэр нь гэр ингэж гулссан нь ма­шин хэр хүчтэй мөргөс­нийг илтгэнэ. Энэ дүгнэл­тийг тааж ядаад байх юм­гүй, гэрийн голд байсан зуухны яндан хэр хазайс­ныг хараад тэгш өнцөгт гурвалжны нэг катетыг олох томъёгоор л гаргаад ирнэ. Хэрэв байшин бай­сан бол сүйд болох байв. Наад зах нь гэрийн ха­нанд шахуулсан хүн ня­царч үхнэ. Жолооч ши­лээ мөргөж бэртэнэ, дотор нь байсан хүмүүс дай­руулна. Найман хүний амь.

Тэгээд хэрэг мөрдөөд эхлэхэд жагсаал зохион байгуулагчдыг буруутган баривчлаад суулт тасал­даж, эцэст нь эрх баригчид жагсаалынхныг хүн ами­ны хэрэгт холбогдуулан яллаж дуусах байсан. Ард түмний холбоо­ны­хон гэрээ одоо болтол буулгаагүйн учир нь цагдаагийнхан хэмжилт хийх байх гэж хүлээснийх, хоёрдугаарт ард түмэнд болсон явдлыг сануула­хын учир. Уг нь гэрээ үл­дээгээд өөр гэр барья гэсэн авч хотын захиргаа зөвшөөрөхгүй байна. Бод­вол хотын захирагч Мөнхбаяр ямар нэг зүй­лийг мэдэж хэргийн улс мөрийг баллахыг хичээ­гээд байна, учир нь тэр өөр гэр баривал мөргүүл­сэн гэрээ заавал буулга гэж шахаад байгаа юм. Гэр мөргөсөн тухай мэдээллийг сайтад дөн­гөж тавьмагц баахан бэлт­­гэгдсэн хүмүүс сөрөг сэт­гэгдэл олноор нь оруулж эхэлсэн нь гай­халтай. Хэн ч мэдээгүй, тэр ч байтугай хотынхны хагас нь өдөр 13-15 ца­гийн үед л видео бичлэ­гийг хүлээн авсан. Өглөө 8 цаг өнгөрч бай­хад гарсан телевизүү­дийн мэдээ, сайтын мэ­дээг үзэж амжилгүй бүгд ажил руугаа яарцгаасан. Хам­гийн эхний сэтгэгд­лүүд "өөрсдөө зохион бай­гуул­сан" гэсэн нь ямар нэг зохион байгуулалтын үнэр өгч байв. Одоо цаг­даагийнхан үнэнчээр ажилладаг бол тэдгээр сэтгэгдлүүд хаанаас орж ирснийг сайтуудын ин­женерүүдийн тусламж­тай илрүүлэхэд л нэг юмны үзүүр баригдана. Дараа нь хүн үхээгүй л байна даг, юун сүртэй юм гэсэн сэтгэгдлүүд, бүр сүүлд нь алаад хаячихгүй хайран юм гэсэн сэтгэгд­лүүд. Ёстой нөгөө хэдэн адсаганаас болж хүн алах нь ээ гэдэг шиг хэдэн модон сандлаас болж хүн алахаас буцаагүй юм, эрх баригчид. Гэмт этгээд хоёр удаа хэрэг хийж ял авсан ч нэг удаад тэнсэн авч, нөгөө­дөхөд нь хугацаанаасаа долоон сарын өмнө сул­лагд­сан байна. Мөн түү­нийг яг жагсаал эхлэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд эмнэлгээс гаргажээ. Тэр өдөр Г.Уян­га жижүүр­лэж хонож бай­гааг мэдсэн байна. Суулт хийгчид гэрт, харин Уянга азаар зассан индрийн орчим жижүүр­лэж бай­гаад тэндээ унт­чихсан байж.

Гэмт этгээд хэрэг хийс­нийхээ дараа "Уянгааг алах гэж ирсэн" гэдгээ олонтаа давтаж байв. Тэр архи амсаагүй, бас ман­сууруулах бодис хэрэг­лээ­гүй байжээ. Гэрээсээ гарахдаа "Машинаа үз­лэгт оруулна" гэж хэлсэн нь итгэл төрүүлэхгүй бай­на. Хэзээ оношлогооны­хон өглөө 05 цагт ажлаа хийдэг болчихсон юм бол? Бас эмнэлгээс гараад удаагүй тэр "Ланд-80" машин унасан бай­на. Жолооны эрхийг мэд­рэ­лийн эмч оролцсон эмч нарын хяналтын бичгээр өгдөг бөгөөд тэрээр үнэм­лэхээ хожим биш, замын цагдаад байхдаа авсан байж таарна. Тэгэхээр эрүүл оноштой авсан байх нь.  Энэ бүхнээс дүгнэж үзэхэд зохион байгуу­лалт­тай аллагын шин­жийг бүрэн хангаж байна. Эрх баригчид долдугаар сарын 1-нд таван хүн буудаж алсан. Бууд­сан, тушаал өгсөн хүмүүс нь одоо болтол олдоогүй байна. Олдохгүй нь то­дор­хой учраас энэ удаа­гийн жагсаалд ахин хү­чир­хийлэл үйлдэж, мэд­рэл муутай этгээдэд то­хоод иргэний хөдөл­гөө­ний нэг удирдагчийг алж, ахиж сөрвөлзвөл ийм юм болно шүү гэж ард түм­нийг айлгахыг оролджээ. ХЗДХ-ийн сайд Ц.Ням­дорж жагсаалд оролцвол долдугаар сарын 1-нийх шиг юм болно гэж илт айлгаж заналхийлж бай­сан билээ. Олон хүн айд­саасаа болж ирээгүйг эрх баригчид мэдэж байсан юм. Бас алж чадаагүй ч алуурчин үүргээ гүйцэт­гэсээр байсан ба "Уянгааг алах гэж ирсэн, Уянгаа байсан бол шууд дайрах байсан" гэж олонтаа дав­тан заналхийлж байв. Мөн хөдөөнөөс ирсэн найман хүний амийг зав­сарт нь үрэх байжээ. Энэ найман хүний амь бол эрх баригчдын хугацаа­гүй засаглах хүслийн дэр­гэд юу ч биш бөгөөд хэрэв болдог бол үүнээс ч олон хүнийг алчихаж чадна гэдгээ нотлон харуулсаар байгаа билээ. Хуруун чинээ бүсгүй хүнийг ална гэж хийрхэж байгаа дөр­вөн цагдаа ноцолдоод дийлэхгүй байсан булиа эрийг тэд явуулжээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хойш эрх баригчид илэрхий дог­шир­сон, зөвхөн ард тү­мэн тэдэнд өсөрхөөд зогсохгүй тэд ч ард түмэн­дээ өсөрхсөн юм. Тийм­дээ ч тэд нэг хүнийг ала­хын тулд найман хү­нийг хоморголон алахаас бу­цаа­гүй юм. Ер нь сүүлийн үед төр илэрхий харгис болж байна. Гэх­дээ тө­сөөтэй юмс төсөө­тэй юм­саа л төрүүлдэг гэж нэг үг бий.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив