Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ай аллах, та монголыг ивээсэн үү, хятадыг ивээсэн үү?
2010 оны 4 сарын 27 [Уншсан тоо: 63826]

          Зээлийн сураг

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Хятадын тал махны үйлдвэр барих 300 сая ам.долларын зээл олгох болсон тухай их ярьж байсан ч одоо намжчихаад байна. таваарлагч чанараа алдсан Монголын малаас гарч буй хамгийн чухал бүтээгдэхүүн нь мах бөгөөд махны экспорт “баялгийн хараал”-д өртөн бусдын мэдэлд очих гэж байна. Хэрэв ямарваа сэдвийг бичих гэж байгаа бол өнгөрсөнд болсон бүх мэдээллийг нэгтгэн дүгнэж, одоо байгаа байдлыг нэмээд ирээдЮйд яах гэж буйг гаргах нь чухал учраас энэ өгүүллийг бичиж байна.

Өнгөрсөн жил ОХУ манай газар тариалангийн салбарт 300 сая ам.долларын зээл олгох болсон. Атрын гутгаар аяныг чухамхүү энэ зээлийн ачаар л амжилттай эхлүүлсэн гэж Монголчууд боддог авч тийм биш. Зээлийн дөнгөж 10 хувийг авч ашигласан ба өндөр өртөгтэй, зардал их гаргадаг, бүтээмж багатай Оросын техникийг манай тариаланчид авах дургүй байв. Дээр нь зээлийн хүү өндөр байсан тул арилжааны банкууд баталгаа гаргахаас татгалзсан ба  Оросын тал Засгийн газраар баталгаа гаргуулахаар шахсан тул зээлийн ашиглалт тун тааруу дүнтэй гарсан юм. 10 хувь нь 30 орчим сая ам.доллар. Энэ зээлийн цаана мэдээж ашигт малтмалын сонирхол байсан.

Үүний хариуд Оросын тал АНУ-ын мянганы сорилын сангаас Монгол өгөх 185 сая ам.долларыг төмөр замын салбарт оруулж, “Монгол төмөр зам” байгуулах төслийг буцаасан ба “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг дэхь 51 хувийн эзэмшлээ бататгав. Үүний төлөө 30 жил ашигласан 1000 вагоны чиргүүл амлаад эхний 50-иадыг үзүүлээд нам жим болчихов.

Оросын зээлээс үл хамааран Засгийн газраас анхаарал тавьсны хүчинд энэ оны улаанбуудайн хэрэгцээний 80 гаран хувийг дотоодоосоо хангах боломжтой болсон нь үгүйсгэмгүй амжилт. Үүнд тариаланчдын зүтгэл, гавъяа их бий. Монгол Улсын импортын барааны 90 орчим хувь, хүнсний барааны 70 гаруй хувийг өмнөд хөршөөсөө авдаг нь шууд хараат байдалд байна гэсэн үг юм. Өнгөрсөн жилийн атрын аяны үр дүнд улаанбуудай, гурилын хараат байдлаас гарч эхэлсэн ба төмс, хүнсний ногооны хувьд  дотоод хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа билээ.

Монголын хөдөө аж ахуйн газар тариалан ба мал аж ахуй гэсэн хоёр салбартай. Баруунд бол уул уурхаг ч хөдө аж ахуйд хамруулдаг ч ийм хуваарийг Монголчууд төсөөлөхгүй, уул уурхайг үйлдвэр л гэж боддог. Олборлох сабар бол түүхий эд бий болгодгоороо хөдөө аж ахуйд хамрагддаг юм л даа. ДНБ-ны 10 гаруй хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэдэг. Ю.Цэдэнбалын үед хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилт дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд хөнгөн үйлдвэрийг олноор байгуулснаар мал аж ахуй таваарлаг шинжтэй болж байв. Малын гаралтай түүхий эдээ 100 хувь дотооддоо боловсруулж, экспортод гаргадаг байсан нь сүүлийн 20 жилд алдагджээ. Коммунизм Монголд сүйрэн унатлаа малын тоо толгойг 30 сая хүргэх гэж их чармайсан авч төлөвлөсөн амжилтандаа хүрч чаддаггүй байсан юм. Үүний шалтгаан нь үйлдвэрлэлийн түүхий эдэд ихээр ашигладгаас гадна гадаад худалдааны үнийн тэнцвэргүй байдалд оршиж байсныг одоо ч шүүмжилдэг. Малыг хэт хямдаар үнэлж экспортлож байсан ба махны үйлдвэрлэл дотоод хэрэгцээнд зориулагдсан, харин экспортод малыг хөлөөр нь гаргадаг байжээ. Эдийн засгийн шилжилтийн үед боловсруулах хөнгөн үйлдвэр сүйрч, уламжлалт зах зээл ОХУ Монголоос мал авахаа больсноор малын тоо толгой 2009 оны тооллогын урьдчилсан дүнгээр 43657.1 мянган  толгойд хүрчээ. 2008 оныхоос  368.6 мянга буюу 0.9 хувиар  өсчээ. Энэ жил мал цөөн тоогоор өссөний шалтгаан нь зуд болохыг малчид урьдчилан мэдсэнтэй холбоотой байжээ. Малчид малаа олноор нядалжээ. Урьдчилсан дүнгээр тэмээ  275.1 мянга, адуу  2206.7 мянга, үхэр 2579.6 мянга, хонь 19125.2 мянга, ямаа 19470.5  мянга болжээ. Ямааны тоо толгой хагас саяар 2002 оноос хойш анх удаа буурсан юм. Учир нь ямаа зудад тэсвэргүй мал билээ. Мал аж ахуй таваарлаг бус, гагцхүү ноолуур үнэтэй учраас ямааны тоо толгой хэт өсөж нийт малын 50 шахам хувь болжээ. Ноос угаах, арьс ширний, савхи, савхин эдлэлийн, шевро, шевретийн, гутлын, хивсний, нэхий эдлэлийн үйлдвэрийг коммунизмын үеийн хэмжээнд  богино хугацаанд эргүүлэн босгох боломжгүй тул Засгийн газраас малын таваарлаг чанарыг дээшлүүлэхийн тулд махны экспортод ихээхэн анхаардаг болж байна. Ер нь бол мал өсөхөд ардчиллаас илүү Оросын эдийн засаг хориг гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Автсралиас хонь, Монголоос үхэр

ОХУ мал эмнэлгийн шинжилгээгээр түрий барьж Монголын махны экспортод хориг тавьсан хэвээр байгаа ба гаалийн хэт өндөр 35-45 хувийн тарифаар боомилсоор байна. Үйлдвэрлэл бүрэн сүйрснээр мал эмнэлгийн тогтолцоо ч үндсэндээ устсан бөгөөд голдуу өмнөд хилээр орж ирдэг үхрийн шүлхий хэд хэдэн удаа Монголыг нэрвэсний дараа Монголын үхрийн махны чанарт ихээхэн эргэлзэж байгаа мэт дүрийг Оросууд үзүүлдэг болжээ. Оросууд хөрш Монголоосоо хонины мах авахын оронд Авсрралиас авдаг. Үхрийн мах авах сонирхолтой гэдэг ч тэр тун бага хэмжээтэй. Гэтэл үнэндээ Тувагийн хулгайч нар нь бэлчээрт байгаа малыг огт шинжлэлгүй туун одох ба цааш нь Монголын хойд хилийн дагуу барьсан 10 орчим махны үйлдвэрүүдэд зардаг сүлжээ бизнестэй тул Тувагийн хил дээр бараг л дайн болж, Берлиний хана, цагаан хэрэм босгохдоо тулж байв. Дашрамд 1944 онд буюу хэзээ хойно Орост дагаар орсон Тувад салан тусгаарлах үзэл хүчтэй дэгдэхээс болгоомжилж, Оросын тал нутгийн иргэдийн харилцааг эрс муутгадаг малын хулгайг таслах сонирхол багатай байдаг юм шиг билээ.

Ер нь бол Монголоос ОХУ-д экспортлох бүх бараанд энэ хориг хамаатай юм. ОХУ-ыг ДХБ-д элсүүлэхийг их дэмждэг, түүнийг удаан хүлээж байгаа ч Монголчууд санасандаа хүрэх яагаа ч үгүй бололтой. ОХУ-ын Засгийн газар олиргархуудынхаа лоббигоор дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах нэрээр ДХБ-д элсэхээс цааргалсаар байна. Хэрэв ОХУ ДХБ-д элсвэл гаалийн татварын хэмжээгээ даруй хоёр дахин бууруулах ёстой юм. Монгол малын махыг Оросод оруулъя гэвэл маш хямдаар үнэлж, энэ хэрээр татвар багатай орулж болно, ер нь ажаад байхад Оросууд Монголыг түүхий эдийн бааз гэж үзсэн хэвээрээ, Монголоос “коммунист үнэтэй” мах авна гэж бодоод байх шиг байна.

Монголын ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглаж эхлэх гэж байгаатай холбоотойгоор ОХУ Монгол дахь үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэллээ. Гэвч тэд хоригоо цуцалж, гаалийн татвараа буулгахгүй байгаа, нефтийн бүтээгдэхүүнд ноогдуулсан экспортын татвараа байнга нэмж байна. Мөн сүүлийн үед экспортын цахилгааныхаа үнийг байнга нэмж байна. Эдгээр бүтээгдэхүүнээр ОХУ-аас бүрэн хараат Монголд хүчтэй дарамт болж байна. Гэхдээ энэ татвар нь зөвхөн Монголд ч хамаатай юм биш, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаад тусгаар тогтносон бүх улсад ижил үйлчилж байгаа ба энэ татвараар эдийн засгийн нягт интеграцид орсон уламжлалт зах зээлийг нь хааж боох замаар тэднийг хараат байдалд удаан барих гэсэн Оросын хатуу зан үйлчилж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр Оросын төрийн засаглал “монархи” маягийн төвлөрсөн удирдлагаас салахгүй харин ч төвлөрөл нь улам сэргэх шинжтэй байгаа ба түшмэдийн асар том арми, нүсэр зэвсэгт хүчин, нийгмийн хамгааллын хүнд ачаагаа татвараар санхүүжүүлэхийг эрмэлздэг уламжлалт ойлголтоосоо салж чадахгүй байна. Энэ нь Монголыг ОХУ-тай нягт холбосон эдийн засгийн интеграциас түлхсэн ба Монголчууд бие даасан хөгжлийн зам сонгохоос өөр аргагүй болгожээ. Харин Иван дурак “улаан империализмаасаа салаагүй л байна.

Мал аж ахуйн сүйрэл


Монгол малын тоо толгой өссөн боловч сүргийн бүтэц эвдэрч ямаа голдуу болсноос энэ жилийн зудад их хохирлоо. Одоогоор 7,0 сая мал хорогдоод байгаа, жилийн өмнө 8,0 сая шахам мал хорогдох төлөвтэйг гэж таамаглаж байсан маань үнэн болов. Саяхан Хятадын төв телевизийг харж байхад Өвөрмонголд ч мал олноороо үхсэн байна. Боодолтой өвсөөр өндөр хашаа хийж, өдөр бүр цатгаж байгаа хэр нь мал нь үхжээ. Учир нь бэлчээрийг нь төмөр тороор хашиж хуваарилснаас малчид өвөлдөө уулын өвөр, дулаан нөмөр газарт нүүж очиж өвөлжөөгүйгээс задгай талын жаварт мал нь хөлдөж үхээд байжээ. Одооноос  Хятад, Монголд бэлчээрийн мал аж ахуйг тээршааж эхлэх нь байна. Бэлчээр хувьчилж, фермерийн аж ахуйтай болно гэлцэж байгаа эрхмүүд Өвөрмонголын эмгэнэлийг анхаарч үзээсэй. Гэхдээ малын тоог багасгаж, үүлдэржүүлэх замаар ашиг шимийг нэмэхийн тулд нарийн ноост хонь, их сүүт үнээний түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах л хамгийн чухал.

Мал таваарлаг биш учраас 5 ам бүлтэй өрх дор хаяж 300 толгой малтай байж гэмээ нь өрхийн хэрэгцээгээ хангадаг. Коммнуизмын үеийн төвлөрсөн фонд бараг устсаны учир нь мал хувьд очсоных юм. Боловсруулах хөнгөн үйлдвэрүүд сүйрснээс малчдын орлогынхоо голыг ямааны ноолуур, Монголчуудын уламжлалт хүнс хонины махнаас олдог юм. Бүх малын 50% нь ямаа атал хэрэглэсэн махны 24% ямааных байгаа нь ямаа өсгөх сонирхол, бас ямааны мах их иддэггүтэй холбоотой. Манай хүн амын жилд хэрэглэж байгаа махны 95%, сүүний бараг 97% нь үйлдвэрлэлтийн ямар ч боловсруулалтгүй байна. Шууд малаас гарснаар нь хэрэглэж байна.

Жилийн махны нөөц, дотоод хэрэгцээ 180-200 мянган тонн. Сүүлийн жилүүдэд махны экспотргүйгээс Монголчууд хэрэгцээнээсээ 8,0-8,5 хувиар илүү мах бэлтгэж хүнсэндээ хэрэглэсэн байна. Экспорт 10,0-20,0 мянган тонн мах гаргаж байна. Монгол улс жилдээ 7-8 сая толгой буюу 450-500 мянган тонн амьд жин бүхий мал нядалдаг. Үүнээс тэмээний мах 3.1% хувь буюу 7.0 мянган тонн, адууны мах 14,5% буюу 30.0 мян.тн, ямааны мах 24,5% 50.0 мянган тонн, хонины мах 33,8% буюу 70.0 мянган тонн, үхрийн мах 24,1% 50.0 мянган тонн бэлтгэдэг. Нийт үйлдвэрлэж байгаа үхрийн мах нь махны экспортын 90 орчим хувийг эзэлдэг.

2009 онд Монголоос экспортлосон малын тоо, махны хэмжээ 2008 оныхоос нэг дахин өсч, 7-8 мянга орчим толгой мал амьдаар нь гаргажээ. 20 мянга орчим тонн мах экспортлосон байгаа. Монгол улс жилдээ 10.0 сая бог мал экспотлох боломжтой. Монголын талаас хийсэн өндөр хэмжээний айлчлалууд, хамгийн сүүлд ОХУ-д айлчилсан УИХ-ын дарга, Ерөнхий сайдуудын түвшинд малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох асуудлыг байнга ярьж байна. Мөн тарифын хөнгөлөлтийн асуудлыг байнга тавьж байгаа ч Оросууд боомилсон олсоо амар тавихгүй байна. Гүржүүд хараат байдлаас гарахад дарсны импортыг нь хориглож байсантай ялгаагүй нөхцөлд Монголчууд 20 жил болоод байна. Ийм нөхцөлд яах вэ? зудад малаа бараад байх уу, үйлдвэрлэл сэргэтэл хөрөнгө хугацаа хэрэгтэй. Махны экспорт сэргэвэл мал аж ахуйд том үсрэлт гарч, сүргийн бүтэц зүй зохистой болох юм. Европт адууны мах, Япон, ОХУ-д үхрийн мах гаргаж болно. Харин тоогоороо хоёрт орж буй хонины махыг Монголоос өөр хүн иддэггүй гэж үү? Импортлогч орнууд гар аргаар бус үйлдвэрийн аргаар нядалсан мах авахыг хүсдэг Багахангайд Финляндын технологиор барьсан адууны махны үйлдвэр бий. Хуучин Махкомбинат дотоодын хэрэгцээг ч бүрэн хангаж чадахгүй байна. Тэгээд яах вэ?

Аллахын ивээл


Дэлхийн дулаарал, цөлжилттэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газар бэлчээрийн мал аж ахуйг хумих бодлого барьж байна. Эрээн хотод барьсан 2000 орон сууц бол малчдад зориулсан, хэрэв мал маллахаа боливол малчдад байр өгнө гэсэн үг. Малжих орон буюу ӨМӨЗО 100 гаруй сая толгой малтай тул Монголчууд өмнөд хөршдөө мах экспортлох асуудлыг бараг л ярьдаггүй, бусад нь халим, наймаалж энэ тэртэй ноцолдоод ам сулгүй тул хавар бага малын засааг Дорнын эрчүүлийн чалхыг сайжруулах зорилгоор л экспортлож байна. Ингээд хөгжин буй дорнын зах зээл будаа. Харин амархан ургадаг шар буурцгаа Монгол оруулж, цагаан хоолтон бэлтгэх замаар монгол махыг хэрэгцээгүй эд болгож байх шив. Нэг Солонгос тогооч “Морь үхэр зэрэг өвсөн тэжээлтэн насаараа өвч идээд эрүүл сайхан амьдарч байгаа учраас махан хоолноос татгалзах ёстой” гэхчлэн авч өгдөг байгаа.

 

Харин Хятадын засгийн газрын дэмжлэгтэй ноолуурын үйлдвэрүүд Монголын ноолуурын зах зээлийг эрхэндээ авахын тулд байнгын демпинг хийж, ноолуурын үнийг хэт хөөрөгдөж Монголын үйлдвэрүүдийг түүхий эдгүй болгож унагаад дараа нь хямдаар авах бодлого барьсаар байна. Цагтаа 50 шахаж байсан АНУ, Итали, Японы хөрөнгө оруулалттай ноолуурын үйлдвэрүүдийн олонх нь Засгийн газрын унхиагүй байдлаас болж сүйрээд байгаа билээ. Яг энэ үед Монголд махны гуравдагч зах зээл өөрөө бий болсон юм.


Араб, ойрхи дорнодынхон Монголын мал, ялангуяа олон тоотой хонины махыг их сонирхож эхэлжээ. Тэр тусмаа тахилын сар эхлэх үеэр үнэ хайрлалгүй авсан олон зун хонийг онгоцоор авч явдаг болсоор уджээ. Лалын домогт өгүүлснээр Аллах бурхан шүтлэгтнээ өөрт нь хэр үнэнчийг шалгах гэж хүүгээрээ тахил өргөхийг зарлигджээ. Тэр хүн бурхандаа үнэнч тул хүүгээ алахыг завдтал хутга нь даасангүй, хутга нь мохож гэж бодоод дэргэдээ байсан чулууг цавчтал яг бяслаг шиг хоёр хуваажээ. Бурхан түүний үнэнчийг мэдээд хүүгийн нь оронд хониор тахил өргөхийг   зарлигдсан домогтой. Жил бүр ислам шажинтнууд хонь төхөөрч тахил өргөдөг ба хонины махыг ядууст тараан өгч буян үйлддэг. Загалмайн ба исламын шашин нэг угшилтай тул хониор тахил өргөдөг ёстой. Энэ ёслолд хэрэглэдэг хонийг сүүлийн жилүүдэд  Кыргызстан, Казахстан улмаар Монголоос авах болжээ. Мэдээж Монголын ислам шашинт казахууд анхны хэлхээ холбоог тогтоосон ба энэ зах зээл улам өргөжих хандлагатай байна. Хонийг эхлээд зөвхөн тахилын зорилгоор авдаг байснаа удалгүй хүнсний зориулалтаар импортлохыг хүсдэг болжээ.

Орос, европуудыг бодвол ойрхи дорнодынхон яг Монголчууд шиг хонины маханд дуртай, уламжлалт хүнс юм. Профессор Л.Дамдинсүрэн монгол малын махны шинж чанарыг дараахь байдлаар тодорхойлжээ. Уурагт нэгдлийн хэмжээгээр бусад орны малынхтай ойролцоо хонь, адууны хувьд ялимгүй илүү. Монгол хонины маханд төгс уургийн амин хүчил-триптофан, холбогч эдийн аминхүчил-оксипролиний харьцаа дунджаар 7.5 байгаа ба энэ үзүүлэлт нь 5-аас доошгүй байвал махыг сайн чанартайд тооцдог. Хүн хоногт хонины ясгүй мах 210 граммыг идвэл уураг, аминхүчлийн холбоотой ямар нэг сөрөг нөлөөлөл гарахгүй. Монгол хонь, үхэр, адууны булчингийн липидэд эссенциал тосны хүчлийн агууламж бусад орны ижил төрлийн малынхаас илүү байдаг учир мах уян, зөөлөн, үнэр амт нь  өвөрмөц байдаг. Усанд уусдаг В-ийн бүлгийн болон РР аминдэмийн агууламжаар бусад орны малынхаас илүү ажээ. Хамгийн гол нь хүнд металл, цацраг идэвхит бодис, химийн хорт бодисын агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс бага, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэжээ.

Монгол үхэр өвсийг хэлээр ороож иддэг тул дээд тал нь 20 орчим төрлийн ургамал иддэг бол хонь 370-400 төрлийн ургамал иддэг. Энэ онцлогоороо Монгол хонины мах хурц үнэртэй ч шим тэжээлтэй, Европ, оросууд зүгийнхэн үүнээс нь болоод хонины мах авах дургүй байдаг авч хамгийн шимтэй мах бол хонины мах юм. Германы судлаач Монголчууд малынхаа махыг огт амтлагчгүй иддэгийн учир нь угаасаа хурц амттай, амтлагч хэрэглэх шаардлагагүйгээс болдог гэж маш гярхай ажигласан байдгийг энд дурдах ёстой. Монгол мал бэлчээрийн маллагаатай тул бараг л ангийн мах юм. Энэ бол ёстой манай “монгол малын мах” гэгч “брэндийн” гол “имиж” юм. Өглөө хотноосоо гараад өөрөө өвс усаа сонгож идээд, орой хотондоо өөрсдөө цувж ирдэг элдэв тэжээл хэрэглэдэггүй хагас зэрлэг амьтан. Дээд зэргийн чанартай ийм махыг Ойрхи дорнодод мэддэг болсон нь Монголчуудын хувьд том олз юм. Ингээд ойрхи дорнодын баян орнууд мах импортлох гэрээ хийхийг сонирхож эхэлжээ. Ингэж “Али Баба” азаар алт эрдэнэсийн агуй олсон шиг махны зээлд шинэ түнш гараад ирэв.

Чоно борооноор

Монголын хувьд өнөөдөр олон улсын хэмжээний түвшинд хүрсэн үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, үйлдвэртэй болох асуудал, түүнийгээ зах зээлд нийлүүлэх асуудал чухал байна. Өрнийн орнуудад малыг нядлаад махны чанарыг муутгахгүйн тулд өндөр температурын хөлдөөгчид шууд хийж хөлдөөх технологийг өргөн ашиглаж байна. Энэ нь зарим талаар манай уламжлалт технологи, монголчууд мал гаргахдаа голдуу цас орны дараа хүйтэнд нядалдаг ба махыг эвдээд шууд хөлдөөхийг боддог. Мөн цасанд булж, удаан хадгалах үүцээ арьсанд нь боогоод цасаар битүү хучаад хавартаа шинэ мах иддэгтэй адил юм.


ОХУ монголчууд улаан буудай, гурилын хараат байдлаас гарахыг эрмэлзэж байгааг ашиглан 300 саяын зээл олгосноос яг жилийн дараа БНХАУ-ын Засгийн газраас махны үйлдвэрийн зориулалтаар 300 сая ам.долларын зээл олгох болсон юм. Монголын хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай Бээжинд айлчлах үеэр Монгол малын махыг амжилттай сурталчилсан ба тэр зуур ойрхи дорнодынхон мах авах сонирхлоо илэрхийлжээ.


Гайхалтай нь Монголын хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд тэр айлчлалынхаа үеэр Тяньжин боомтын орчимд нээсэн Дунзяны чөлөөт бүсэд хөрөнгө оруулах гэрээ давхар байгуулсан юм. Тухайн үед Монгол малын махыг гадаад зах зээлд хүргэх хамгийн боломжит хувилбар нь Тяньжин боомтоос усан онгоцоор хүргэх байв. Байдал нэг л биш болоод явчихсан ба махны үйлдвэр энэ чөлөөт бүсэд байгуулагдаж болзошгүй болмогц Монголын элчин сайдын яамны ажилтнууд дургүйцэж эхэлжээ. Зөвхөн мах боловсруулах үйлдвэр ч бус, нүүрс угаах, коксжуулах үйлдвэр ч байгуулах юм болоодохжээ. Өөрөөр хэлбэл яг уутны амыг боогоод авах гэсэн ямар нэг санаархал ажиглагдаж эхэлжээ.


Сайдын айлчлалын өмнөхөн Монголын сэтгүүлчдийг, дараа нь залуучуудыг Тяньжин боомттой танилцуулах хоёр ч аяллыг МАХН-ын залуучуудын байгууллага зохион байгуулсан байв. Мөн Монголын нутаг дахь баялаг ордууд руу чиглэсэн найман замын асуудал ч босч ирээд байсан ба нүүрсээ Тяньжинаар дайруулах уу, Ванино, Находкагаар дайруулах уу? гэсэн усгүй цаасан дээрх цусгүй дайн дөнгөж намжаад байсан билээ. Мөн саяхан өвөлжилтийн асуудлаар УИХ-д хэлэлцүлэг явагдаж байхад Т.Бадамжунай сайд үйлдвэр байгуулах асуудлыг 2010 онд багтаах чиглэлийг тусгай газар барьж байгаа. Энэ утгаараа Хятадын Хөдөө аж ахуйн сайд, Хятад, Монголын Засгийн газрын хороорондын асуудал хариуцсан дэд сайд нартай уулзахдаа энэ асуудлыг хөндөж ярихаар нэг дэх өдөр уулзалт хийнэ. Тэгээд энэ 2010 онд нэлээн урагшаа ахих байх гэж бодож байгаа гэж хэлжээ.


Ингээд эцэст нь Дунзяны чөлөөт бүсийн баримт бичгийг олохоор хөөцөлдөж, түр журмыг нь олж авсан ба түүний заримаас өмнө бичиж байсан билээ. Дунзяны чөлөөт бүсэд ложистик, импорт экспортын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэхэд санхүүгийн тусламж дэмжлэг авах, санхүүгийн офшор үйл ажиллагаа явуулах, татварын хөнгөлөлт эдлэх, худалдааны таатай нөхцөл бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжин урамшуулах талаар 10 бүлэг 58 зүйл журам байна. Ойгоход дөхөм болгох үүднээс жишвэл түр журам манай гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуультай тун төстэй юм. Энэ бол нэн таатай нөхцөл гэсэн үг. Тэгээд хардах нь БНХАУ-аас олгож буй 300 сая ам.долларын  тусламжаар байгуулагдах мах боловсруулах үйлдвэр Дунзяны чөлөөт бүсэд байршиж магадгүй ба энэ гогцоогоор Монголоос Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Зүүн өмнөд Азид экспорлох кокждог нүүрсийг боловсруулах үйлдвэр мөн тэнд байрлах магадлалтай болоод явчихаж байна.


Ингэвэл Хятадууд манай экспортын шинэ бүтээгдэхүүнүүдийн гарах замыг яг бариад суучихаж байгаа хэрэг юм. Магадгүй нүүрс угаах, боловсруулах үйлдвэрийг ч тусламжаар, эсвэл хөрөнгө оруулалтаар барьж болзошгүй юм. Ингэх нь БНХАУ-д эдийн засгийн өндөр ашигтай билээ. Нүүрс угаах үйлдвэрийг Сайншандад байгуулахад нэг дутагдалтай тал нь усны хомсдол бөгөөд харин дайлайн эргийн Дунзян боомтод ийм асуудал байхгүй юм. Зөөгөөд очиход л ус нь АНУ-ын баруун эрэг хүртэл цэлэлцэж л байна.


Хятад лугаа дайсагналцаж, наймаа боож байгаа ч хэрэг биш, манай эрх ашиг бол бүх боловсруулах үйлдвэрийг Монголд байгуулах, нэмүү өртгийг Монголд шингээх, ажлын байр бий болгох, үйлдвэржүүлэхэд чиглэх ёстой юм. Ядуу Монгол баян хятадад хөрөнгө оруулалт хийж байна гэвэл дэлхий гайхна, гэхдээ болно л доо. Монголчууд тэрбум хүнтэй зах зээлд нэвтрэх нь өөрөө хөгжлийн ирээдүйг нээсэн хаалга юм. Тэр хаалгаар олон монголчууд биш цөөхөн бүлэг орох гэж багаад л асуудлын гол байна. Гэвч гуравдагч зах зээл рүү гаргах мах, нүүрсийг бусдын нутагт боловсруулахаар бэлтгэх нь яавч оновчтой шийдэл биш юм. Нүүрсний талаар хэрэв уншигчид хүсвэл жичид сэдэв болгож болох юм.


Зах зээлийг эзэгнэх туршлага


Хэдийгээр мал мэддэггүй хотын хүн, мал хариулж яваагүй, машин зохицуулж явсан диспетчер авч Т.Бадамжунай махны зах зээлд шинэ хүн биш юм. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайддаа ч асуудал нь байгаа юм биш. Монголын махны хэрэглээний гол зах зээл нийслэл бөгөөд энэ сувгийг “хотын бүлэглэл” атгаж байсан юм. Жишээ нь жилдээ нөөцийн мах бэлтгэх нэрээр төсвөөс тэрбум төгрөг гаргуулж аваад бүтэн жил банкуудад өндөр хүүтэй хадгалуулаад дараагийн санхүүжилт орж ирмэгц мах бэлтгэдэг систем бий болгочихсон л байсан. Тэрбум төгрөгийн сарын 2,5 хувийн хүү гэдэг жилийн 30 хувийн хүү буюу 300 сая төгрөг юм л даа. Тэгээд М.Энхболдын үед шүлхийгээр далимдуулан түүхий эд, махны бөөны цэгүүдийг хотоос алслуулсан бөгөөд тэндээс тосч авдаг сүлжээ байгуулсан.


Энэ жил лав орон нутгаас явуулын худалдаачид килограмм махын 800-1000 төгрөгт аваад ирэхэд тосч авч дараад хавар болмогц 5000 төгрөгөөр зарж дундаас нь  тав нугалсан ашиг одог сүлжээ бол хотынхны сүлжээ юм. Хотынхон хөдөөд туслахгүй кило махаа 5000 төгрөгийн үнэтэй өгдөг гэж адлах, хөдөөнийхөн биднээс 1000 төгрөгөөр мах авч тэжээлгэчихээд ач санасангүй гэж гомддог хагарал нь энэ хотынхны ченжийн системээс үүдэлтэй. Энэ өвлийн эхээр зуд болно гэж болгоомжлоод нядалсан махаа хямд өгөхгүй гэж байсан малчин худалдан авагч хоёрыг шууд холбосон махны зах нээхийг санал болгоход илэрхий оромдож, сүүлд нь цагаан идээний захархуу юм түр ажиллуулаад хаасан хотын бүлэглэл зах нээгдлээ гэж итгээд махаа чирч ирсэн малчдын махыг хямд аваад өнөөдөр зудаар далимдуулж тав нугалж зарж байгаа юм. Ийм мөлжлөгийг улстөрийн бүлэглэлүүд гайхалтай сайн хийдэг бөгөөд энэ туршлагаа одоо улсын экспортод нэвтрүүлбэл Номхон далайн лус атаархам баячуул болох юм.


Өөрөөр хэлбэл малчдаас махыг хямдаар аваад Тянжинд хүргэж, цааш нь өндөр үнээр гуравдагч зах зээлд зарвал маш их ашиг олох боломжтой юм. Хөрөнгө оруулалт ба чөлөөт үйлдвэрлэлийн бүс, эдийн засгийн таатай орчныг БНХАУ бүрдүүлж өгөх ба алсдаа таатай нөхцөл дуусмагц Монголын мах, нүүрсний экспортоос хятадууд овоохон ашиг олох юм. Ингэж чадна гэсэн баталгаа нь  хөдөө, аж ахуйн салбарыг гартаа авсан хотынхны бүлэглэл билээ.


Чухамхүү ийм зорилгоор шадар сайд М.Энхболд С.Баярыг бүх хүчээрээ дэмжиж, Т.Бадамжунай С.Баярыг амралтын өдрөөр зусландаа урьж /цуу яриагаар хагас тэрбум төгрөг эмчилгээний зардал гэж өгсөн гэдэг/ байгаад Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг авчээ. М.Энхболд бүлэглэлийн толгойлогч бөгөөд Т.Бадамжунай гол санхүүч юм. Ийнхүү тэд тос хөрөнгө оруулалтаар том хөдлөх гэж байна. Урьд өмнө бичиж байсан өгүүллүүддээ барилгын салбарын хямрал, банкны дампуурлаас хэрхэн асар их мөнгөн ашиг босгосон тухай бичиж байсныг сөхөж уншихыг та бүхнээс хүсэж байна.


Одоо УИХ-аар хэлэлцэхээр бэлтгэж байгаа “Монгол мал” хөтөлбөрийг анхааралтай уншвал малын түүхий эдийг боловсруулах үйлдвэр барих замаар таваарлаг болгох тухай нэг ч санаа байхгүй байгаа юм. Харин Монгол малыг эрүүлжүүлэх, мах, сүү, ноолуурын гарцыг дээшлүүлэх тухай асуудлууд голлон орсон байна. Уг нь мал аж ахуйг таваарлаг ашигтай болгохын тулд арьс шир, ноос зэрэг бүтээгдэхүүнийг нь үнэтэй болгоход анхаарах учиртай юм. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрөөр МАХН-ынхан Монголын дахин түүхий эдийн, тэр дундаа чанартай махны яндашгүй эх булаг болгох зорилт дэвшүүлээд байгааг харж болохоор байна. Хятадууд монголын мааннаг 76-гаас илүү мэдээд багаа юм биш үү?

 

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив