Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ямар мэргэжилтэй болъё доо
2010 оны 5 сарын 24 [Уншсан тоо: 39648]

Ирээдүйгээ харах нь

Хятадын Засгийн газар Төвдийн Лхас хүртэл төмөр зам тавьсны дараа Оросууд туршлагыг нь ихээхэн шохоорхож одоогоос гурван жилийн өмнө Тувагийн Кызыл хүртэл төмөр зам тавихаар болсон юм. Энэ шийдвэр гармагц ОХУ-ын БНТуваУлсын Засгийн газар 47 оюутныг ядуу Засгийн газрынхаа хөрөнгөөр Москвад төмөр замын дээд сургуульд сургах шийдвэр гаргасан юм. 1944 онд ЗХУ-д дагаар орсон жижигхэн Тува улс доторхи улс хэрнээ өөрийн эрх ашгаа их гүрнийхээ дотор хамгаалах гэж оролдож буй нь энэ.

Тувагийн төмөр замд “өөрийн хүмүүс” ажиллах ёстой. Харин Монголын Засгийн газар Оюу толгойн орд газрыг нээснээс, ашиглах гэрээ байгуулах хүртэл найман жилийн хугацаанд юу хийв? Энэ хугацаанд лав л зэс олборлох, боловсруулах, үгүйдээ л уул уурхайн чиглэлийн олон арван инженер бэлтгээд гаргачих хугацаа өнгөрчээ. Мэдээж гүний уурхайд ажиллах хамгийн сүүлийн үеийн технологийн инженер бэлтгэж амжихгүй л дээ, яагаад гэвэл энэ технологийг хэрэгжүүлэх инженерүүд баруунд ч ховор юм билээ. Гэхдээ л дотооддоо ТИС-д, бүр Эрдэнэтийн технологийн коллежид үгүй ядахдаа гадаадад оюутан сургах гэрээ хэлэлцээр хийхдээ энэ чиглэлээр хэдэн инженер бэлтгээд авсансан бол өнөөдөр тэд “Оюу толгой” төслийн гэрээнд заасны дагуу өдийд эхнээсээ ажилтай болж байх учиртай юм. Өнөөдөр магадгүй компанидаа хамгийн доод цалинтай ажилд орох байх, гэхдээ л цалингийн дундаж нь улсынхаас өндөр байх болно, 10-20 жилийн дараа тэд туршлагатай үнэтэй боловсон хүчин болно.  Инженер мэргэжилтэй тэднийг төслийн хөрөнгөөр давтан, нарийн мэргэжлийн сургалтанд хамруулах болно. Ингээд Монгол улс 30 жилийн дараа дэлхийн хамгийн туршлагатай, үнэтэй уул уурхайн инженерүүдтэй улс орон болж чадна. Оюу толгой төслөөр дамжаад “Рио Тинто”, “ВНР”-ийн дэлхийг хэрсэн том, том уурхайдад ажиллах чадвартай инженерүүд төрөх ёстой юм.

Ямарваа статистикт нэг ажилтай хүний ард таван ам бий гэж тооцдог уламжлал тогтчихож. Энэ бол Монголн нэг өрхийн ам бүлийн дундаж тоо. Хэрэв Монголын Засгийн газар алсын хараатайсан бол өдийд ТИС-д цэвэр зэсийн уурхайн чиглэлийн, бүхэл бүтэн тэнхим биш юм гэхэд ядаж нэг ангийг улсын хөрөнгө оруулалтаар бий болгочихож болох л байж. Яадаг ч байлаа гэсэн Монголчууд “Оюу толгойн” ордыг ашиглах л байсан шүү дээ. Эрдэнэтийн ордын нөөц дундарсан ч сорчлоогүй үлдсэн асар их нөөц бий. Нөөцийг шинэчлэн тогтоовол Эрдэнэтийн зэсийн орд баруун хойш сунасаар Хөвсгөл хүрдэг юм билээ. Наад зах нь Эрдэнэтийг бид 40 жил ашиглаж байна, “Оюу толгой” “Эрдэнэт”-ээс дөрөв дахин том орд юм бол, хэрэв гэрээгээр гучин жилийн дараа Монголын мэдэлд 100 хувь ирэх юм бол Монголд өнөөдөр зэс олборлох боловсруулах үйлдвэрийн инженерүүд бэлтгэх шиг хэрэгтэй юм алга. Өнөөдөр сорчиллоо гэж хэрэлдэж байхын оронд ирээдүйд тэр үлдсэн ордыг ашиглах бэлтгэлээ хийж байх нь наад зах нь муу санаа, цаад зах нь нэгэнт сүйдсэн байгалийнхаа төлөөсөнд баялгаа шавхан ашиглах ухаан юм. Дараа нь Оросуудын их шохоорхож байсан “Цагаан суварга” дахь асар том биш ч, цомхон хэрнээ агуулга сайтай орд бий.

Энэ бүхнийг дан ганц улстөрийн бодлого, хэдэн хуудас гэрээгээр хангахгүй. Үүнийг Монгол хүн шийднэ, гэхдээ тэр шийдвэрлэгч хүч нь улстөрчид ч биш, эдийн засагчид ч биш инженерүүд л байх болно. 1990 оны хувьсгалын дараа эдийн засгийн хүндрэлээсээ болоод Оросууд Эрдэнэтийг хаяад явахад Ш.Отгонбилэг агсан УБҮ-ийнхээ материал техникийн бааз, боломжиндоо тулгуурлан техникийн коллеж байгуулж, мэргэжилтнээр өөрийгөө хангах бодлого барьсан, дараа нь нэгэнт бакалаврын зэрэгтэй болсон чадварлаг, авъяаслаг залуусыг хямд төсөр зардлаар баруунд богино хугацааны сургалтанд явуулж, боловсон хүчнээ бэхжүүлсээр үйлдвэрээ босгоод авсан. Нэг хүнд сэтгэл, санаачлага зүтгэл байвал улсаас ч ихийг хийдэг жишээ энэ. Тэгээд Оросууд манай мэргэжилтэнгүй “Эрдэнэт” нь баларч байгаа юм бодож байтал харин ч Монголчууд үйлдвэрээ босгоод дэлхийн зэсийн зах зээлийн үнийг тодорхойлогч 10 том үйлдвэрлэгчийн нэг болсон байсан шүү дээ. Үүний дараа Оросууд Эрдэнэтийн 51 хувийг авъя гэж хэлж зүрхлээгүй, өнөөдөр Монголчууд давуу эрхтэй үйлдвэр болчихоод байна.  

Хөгжиж буй улс орныг төрийн өндөрлөгт ямар мэргэжлийн хүн гарч байгаагаар нь тодорхойлж болно. Хэдийгээр шүүмжилдэг ч гэсэн 1990 оны хувьсгалын өмнө төрийн дээд өндөрлөгт инеженерүүд олон байсан юм. Энэ нь хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болох зорилт тавьсан нь биелж байсны нэг илрэл. Анхны төрийн тэргүүн-Ерөнхийлөгч уул уурхайн инженер хүн байв. “Хүнд үйлдвэржүүлэлт дээр цахилгаанжуулалтын нэмбэл коммунизм болно” гэсэн үзэл санаа нь Монголд хүнд үйлдвэр, тэр тусмаа олборлох үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон юм. Нүүрсний болон зэсийн, алтны олборлох үйлдвэрүүд олноор бий болсон ба салбартаа амжилттай ажиллаж байсан инженерүүд улам олноор төрийн дээд албанд томилогдож байсан юм.

1990-ээд онд Азид, тэр дундаа Хятадад технократ удирдагчид төрийн эрхэнд гарч ирж байв. Гэхдээ технократ нь инженер гэсэн шууд утга агуулахгүй, гагцхүү удирдах арга барил нь нарийн системчилэгдсэнд л байгаа юм. Ийм арга барилыг инженерүүд сайн эзэмшдэг юм билээ. Шилжилт хямралын үед манайд инженерүүд байр сууриа алдаж байх зуур Хятадын эдийн засгийн хөөсөн өсөлт, зарим замбараагүйтлийг Зян Зимэний дэмжлэгтэй Шанхайн бүлэглэлийн инженерүүд засч, дараагийн, өнөөгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавьж байсан билээ. Эдийн засгийн өсөлт 10 хувиас давж байсныг хянаж, 7-8 хувьд барих, улстөржсөн, суртал нэвтрүүлгийн чанартай үр ашиггүй хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн өсөлтийг хийрхлээс холдуулж бодат байдалд оруулах, хөгжлийн төлөө хөрөнгө оруулагчидтай, дэлхийн гүрнүүдтэй прагматик харилцаанд орох алхамууд ач тусаа өгсөн нь Жу Рунжи нарын инженерүүдийн гавъяа гэлцэх юм билээ. Тиймээс Хятадад өнөөдөр амьд байгаа Зянь Зимэнийг Мао, Дэн Сяопиний дараагийн үеийн удирдагч хэмээн “шүтэж” байна.

Өнөөдөр харин Монголчууд энэ чиглэл рүү эрчтэй орох ёстой. Алдаа оноо нь Азид, тэр дундаа хөршид, ер нь бол манайд өөрт бэлэн байна. Үүний тулд инженерүүд бэлтгэх л ёстой.

Дээд боловсролын үнэ цэнэ

Өнөөдөр жил бүр 40 шахам мянган залуус Ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Их дээд сургуулиудад 190 шахам мянган оюутан сурч байна. Гэтэл хууль, эдийн засаг, сэтгүүл зүйн чиглэлийн сургууль тус бүр 20 шахаж байна. Техник технологийн чиглэлийн сургууль хуруу дарам цөөн, байгаасаас ТИС-ийг урдаа барьж байна. ТИС тийм ч муу сургууль биш ээ, гэхдээ энэ сургууль хөгжлийн захиалга гүйцэтгэгч болж чадах нь уу? Их дээд сургуулийн нүүлгэнэ нэгтгэнэ гэх мэтийн юм ярьж, газрын маргаан хийсээр боловсон хүчний бодлогоо алдаж байгаа юм биш биз?

Хүүхэд залуус зардал багатай, сурахад амраар нь хуульч, сэтгүүлч, эдийн засагч болоод хийх ажилгүй баларч байна. Нөгөө талаас техникийн чиглэлийн сургуулиудын сургалтын бааз, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт их байдгаас хувийн хэвшлийнхэн технологийн чиглэлээр оюутан бэлтгэж чадахгүй байна. Технологийн хөгжил, тоног төхөөрөмж хямдтайгаар нь харин сүүлийн үед компьютер-менежмент гэсэн хос мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг болжээ. Бүгд л дарга болох хүсэлтэй учраас “цагаан гартны мэргэжил” эзэмшээд худалдагч, таксины жолооч болж байхад инженерүүд өнөөдөр хамгийн өндөр цалинтай, хамгийн чухал мэргэжил болсныг анзаараагүй байна.   

Нэг үе хүн дуртай сургуульдаа сурч, боловсон хүчний эрэлт нийлүүлэлтээс сургуулийн төрөл чиглэл аяндаа тогтоно гэж хэт задгай хаяснаас дээд боловсролын салбарт гажуудал үүсч, дээд мэргэжилтэй худалдагч, таксины жолооч бэлтгэдэг, нэр хүндгүй салбар болон хувирсан байна. Боломж бол асар их байсан. Наад зах нь нэгэн үед цалин хангамжаа голоод төрийн албанд ажиллах хүн олдохоо байсан тэр үед төрийн албан хаагчийг тогтоохын тулд нэг хүүхдийг нь төрийн зардлаар их дээд сургуульд сургах тухай хууль гарч, “Сургалтын төрийн сан” бий болгосон.

Улс орны хөгжил дэвшилд өнөө үед технологийн салбарынхан хамгийн их үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Оюу толгой, Таван толгойн асуудал босч ирж байхад л төрөөс “төрийн албан хаагчийн нэг хүүхдийг заавал инженерээр бэлтгэнэ, тиймээс суралцах хүсэлтэй хүүхэд энэ чиглэлийн хичээлүүддээ шамдах ёстой” гэсэн дохио өгчих байсан юм. Одоо нийт суралцагчдын 20 орчим хувь төрийн сангийн тэтгэлгээр суралцаж байна. Хувийн сургуулиуд “магадлан итгэмжлэгдэх” сонирхолтой байдгийн учир нь төрийн сангийн зардлыг төвөггүй авдагт байна. Гагцхүү төрийн зардлаар суралцагчид гараад ажлын байргүй, үүнээс болж төрийн сангийн зээллэг эргэн төлөгддөггүйгээс асар үрэлгэн тогтолцоо болон хувирчээ. Ганц ашиг нь эрх баригч нам сонгуулийн өмнө тэртэй тэргүй эргэн төлөгдөхгүй төрийн сангийн төлбөрийг нь “тэглэж” оюутнуудыг худалдан авах замаар сонгуулийн оноо цуглуулдаг болчихоод байна. Ийм нөхцөлд манай улсын хөгжлийн бодлогод байтугай, дээд боловсрол эзэмшигчийн амьдралаа авч явах ухаанд ч нэмэр болохгүй болчихож.

Төрийн албан хаагч гэдэгт цэцэрлэг, сургуулийн багш, эмч, сувилагч, цэргийн албан хаагч, цагдаагийн хүүхдүүд олноор бий. Энэ хүүхдүүд дээд боловсрол эзэмшиж гэмээ нь, эзэмшсэн мэргэжил нь ажлын байртай, тэр тусмаа өндөр цалинтай болох боломжтой байж гэмээ нь насаараа бага цалинтай ажилд цаг наргүй зүтгэж хоолны захад хүргэсэн эцэг эхийн ачийг хариулах учиртай. Дорнын уламжлал шүү дээ. Ер нь бол олонх төрийн албан хаагч нэг хүүхдээ хүний зэрэгтэй гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэе гэсэндээ бага цалинтай төрийн албанд зүтгэдэг болсон байна. 145 мянган төрийн албан хаагчийн 30 мянга нь дарга, дэд дарга тэргүүтэн улстөрийнхөн. Тэд чадал боломжтой учраас хүүхдүүдээ голдуу гадаадад сургачихаж байна. Цаана нь 110 мянган эгэл жирийн албан хаагчид хоногийн хоол, өдрийн хүнсний төлөө ажиллалаг. Тэдний үр хүүхэд инженер болж гарвал ирээдүйд тэд зүтгэсэн төрдөө талархахаас бус насаараа зүтгэж сургасан ганц хүүхэд нь сургуулиа төгсөөд ажилгүй болбол амьдралынх нь олон жил утга учиргүй өнгөрч байгаа юм. Дээд боловсролын үнэ цэнэ зөвхөн төлж буй төлбөр биш. Өнөөдөртөө жилдээ дунджаар сая төгрөг төлж байгаа ч жинхэнэ үнэ цэнэ нь энэ олон төрийн албан хаагчийн олон жил бага цалинтай ажилд зүтгэсний төлөөс, үнэнч байсны төлөөсөөр хэмжигдэх учиртай юм.

Хэрэв төрийн албан хаагчийн “толгойтой” хүүхдүүд өнөөдөр инженер болоод төгсөж байсан бол тэд аав ээжийнхээ төлсөн энэ үнийг хэдхэн жилд л нөхчих байсан юм шүү дээ. Өнөөдөр бид найман жил алджээ, гэхдээ алдлаа гээд суугаад байх бус өөрчилбөл зургаан жилийн дараа анхны инженерүүд гараад ирнэ. Түүнээс 10 жилийн дараа бид туршлагатай инженерүүдтэй, туршлага багш, эрдэмтэдтэй болчихсон байвал их сайн. Мэргэжил үнэтэй болох тусам төлбөр нь өндөрсөж л таарна. Гэхдээ өнөөдөртөө төр ирээдүйд асар өндөр үнэ хүрэх мэргэжлийг байгаа бололцоогоо шавхаад эзэмшүүлбэл улс орны ирээдүйд хийж буй хамгийн зөв хөрөнгө оруулалт, зөв бодлого байх болно. Тиймээс энэ бүлгийн дүгнэлт нь “төрийн сангийн бүх тэтгэлгийг зөвхөн хөгжил авчрах инженер технологийн чиглэлийн сургуулиудад” хөрөнгө оруулалт болгон ашиглах ёстой. Тэр бололцоо нөхцөл орчин нь Оюу толгойн гэрээгээр бий болчихоод байна.

Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг

Өнөөдөр манай ТИС дэлхийн хэмжээний боловсон бэлтгэх чадваргүй гээд гараа хумхиад суугаад байвал яг энэ чигээрээ үлдэнэ. Том том ордуудыг ашиглах компанийн боловсон хүчний цөмийг гадаадаас бэлтгэхээс өөр аргагүй болно. Магадгүй хямдаар нь өмнөд хөршөөс сайн мэргэжилтэн хөлсөлж ажиллуулах байх. Ингэвэл Монгол арай гэж хөрөнгө оруулалтынхаа мөнгийг төлсөн 34 хувийн ноогдол ашгаа хүртээд илүү харахгүй үлдэх нь байна. Харин “Оюу толгой” төслийн санал болгосон 10 мянган ажлын байрыг “эзэлбэл” бид тэр ажиллагсадаар дамжуулан асар их ашгийг улс үндэстэндээ авч үлдэх болно.

Цаашдаа төмөр зам, нүүрс олборлох боловсруулах, алтны уурхай, зэс боловсруулах үйлдвэрүүдэд инженер техникийн ажилчин, ажилтан хэрэгтэй. Өнөөдөр 4 жилд сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж бэлтгэж байгаа хүүхдээс нь 45 хоногт 300 мянган төгрөгөөр “Белаз”-ын курс төгсөж  байгаа хүүхэд нь ирээдүйд сайхан амьдарна гэдгийг хэн ч хараад хэлэхүйц болжээ.

Мэргэжилтэн бэлтгэх бас нэг хөрөнгийн эх үүсвэр нь амлалтаа биелүүлэх. АНАТХ-ны шахалтаар хагас саяыг бэлнээр үлдсэнийг нь бэлэн бусаар тэр дундаа боловсрол эрүүл мэндийн үйлчилгээнд зориулах болсон байна. Цаана нь ахиад сая төгрөгийн асуудал бий. Энэ хөрөнгө оруулалтыг цэвэр ул уурхайн, ажлын байртай, эргэн төлөгдөх бололцоотой инженер техникийн ажилтан бэлтгэхэд чиглүүлж болно. Ингэвэл энэ их хөрөнгө салхинд хийсэхгүй, ирээдүйд бодтой ашиг өгөх учиртай. Ингэж гэмээ нь “Хүний хөгжлийн сан” гэдэг нэрийн утга агуулга бүрэн гарч байна.

Оюу толгойд галт тэрэг хөдөллөө, удахгүй Таван толгойг ашиглана. Араас нь Олон овоот, Цагаан суварга орно. Төмөр замууд тавьж эхэлнэ. Эдгээр ордуудад шаардлагатай мэргэжилтний захиалгыг өнөөдөр аваад дотоодын их дээд сургуулиуд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мэргэжилтэн бэлтгэж эхэлбэл ажилгүйдлийг ч давхар шийднэ. Их дээд сургууль, МСҮТ-үүд ч хөрөнгө оруулалтаа авна. Ирээдүйд олон мянган хүн хангалуун амьдарна. Энэ бол НХХЯ-ны мэдэх асуудал биш. Ажлын байрыг зөвхөн ядуурлыг бууруулах гэсэн өчүүхэн явцуу өнцгөөр харвал бид ядууралтай л байлдахаас хөгжлийн төлөө тэмцэхгүй болчихоод байна. Өөрөөр хэлбэл стратегиа буруу тодорхойлж байна гэсэн үг.

Өнөөдөр Монгол бүртгэлтэй ажилгүйчүүд 40-50 мянгаас хэтрэхгүй байгаа ч бодат байдлаар нь тооцвол 129 мянган хүн ажилгүй байна. Ажил идэвхтэй эрж байгаа нь 50 мянга болохоос 80-90 мянган хүн албан бус секторт алдаг оног орлоготой хөдөлмөр эрхэлж байна. 171 мянган малчин өрх байгаа ба таваарлаг чанар муутай мал аж ахуйгаас 850 гаруй мянган хүн амьжиргаагаа залгуулж байна гэсэн үг. Энэ жилийн зуднаар 8,5 сая мал хорогдоход 30 шахам мянган өрх, 150 шахам мянган иргэн амьжиргаа залгуулах юмгүй үгээгүйчүүд болон хувирч байна. Тэд хот руу албан бус сектораас тогтвортой бус орлого олж ходоодоо тэжээхийн төлөө тэмцэн ирж байна. Цаашид энэ цуваа тасрахгүй, цөлжилт газар авахын хэрээр малчид хотод ирээр байх болно.

2,75 сая хүний 800 мянга нь мал аж ахуйаас  амжиргаагаа залгуулж байна гэж үзвэл цаана нь 1,9 сая хүн хот суурин газарт амьдарч байна. Нийт хүн амын сая орчим нь хүүхэд. 145 мянга нь баялаг бүтээдэггүй төрийн албанд ажиллаж байна. Үүнээс гадна 250 орчим мянган хүн мөн л баялаг бүтээдэггүй, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Үйлчилгээний салбарын болон төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж жил ирэх тусам буурч байна. 300 орчим мянган тэтгэврийн насныхан байна. Ингээд бодоход өнөөдөр ажлын байр, тэр дундаа баялаг бүтээх чиглэлд, ялангуяа Монголд нөхцөл бололцоо нь бүрдээд байгаа уул уурхайн салбарт ажиллах хангалттай нөөц хүч бий. Үүнийг зөв чиглэлд оруулж, олон талын ашигтай бодлого явуулбал уул уурхайн салбар энэ улсыг дор нь өөд нь татах болно. “Баялгийн хараал” гэх мэт хийсвэр ойлголттой зууралдан маргахын оронд бодат байдлыг дүгнэж цэгнээд давын өмнө ажлын байраар иргэдээ хангахын зэрэгцээ төслүүдийн ажлын байрыг эзлэх, цаашилбал үнэ цэнэтэй ажлын байруудад боловсон хүчнээ байршуулах замаар хөрөнгө оруулалтын үр өгөөжийг улсдаа татах нь чухал байна. Түүнээс бус Багабанди, Цагаан, Ганболд гурав ажилд орсноороо баахан мөнгө цүнхэлж авчраад хувааж өгдөг юм биш шүү дээ.

Өнөөдөртөө Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэр болоод хуучин нүүрсний уурхайнуудаа хангахуйц инженерүүдтэй л байна. Гэхдээ инженерүүдийн олонх нь 50-иас дээш настай, тэдний араас түрж буй залуучууд нь мэргэжилтэй ч туршлага багатай байна. Энэ улбааг таслахгүйн тулд өнөөдрөөс боловсон хүчний бодлогыг гартаа авах ёстой. Хууль, эдийн засаг, сэтгүүл зүйн чиглэлээр суралцагчдад төрийн сангийн тэтгэлэг олгохыг хязгаарлаж, ирээдүйд үнэ хүрэх, шаардлагатай мэргэжлүүдэд хөрөнгө оруулбал олон хүүхэд тэр чиглэлээр Ерөнхий боловсролын сургуульд байхдаа л өөрийгөө бэлтгэж эхлэх болно. Ирээдүйд бас төмөр замын, нефть-химийн техногич инженерүүд чухал болно. Алтны уурхайнуудад улирлын чанартай ажиллаж практик мэргэшилтэй болсон, туршлагатай ажилчин гэгдэх үйл олон залуус, ялангуяа 30-40 насныхан албан ёсны мэргэжлийн үнэмлэхтэй болох хүсэлтэй байна.

Бодит байдал ба зөв гарц

Саяхан “Оюу толгойн гэрээ” батлагдсаны дараа манай төрийнхөн бужигнаж 10 мянган ажлын байрны захиалга гүйцэтгэх болоход юун инженер мэргэжилтэй ажилчин ч олдохгүй балрав. Унхиагүй НХХЯ-ыг удаа дараа шахаж, захиалсан ажлын байранд хүн олж ирэхийг даалгаад ч тусыг эс олжээ. Т.Ганди муу нөж, Оюу толгойоосавилга авах гэж санаатай ажил саатууллаа гэж хардан харааж ч үзэв. Уг нь бол нийслэлд хэдэн арван мянган ажилгүй хүн байгаа. Тэд ажлын байрны сургаар Солонгос явах гэж тэмцдэг шигээ шавчихна гэж бодтол үгүй ажээ. Үүний өмнө “Оюу толгой” компани өөрсдөө ажлын байрны захиалга авч, тендер зарлахад шаардлага хангах хүн тун ховор иржээ. Хамгийн гайхалтай нь эдийн засагч, менежер /дарга/, хуульч, хэвлэл мэдээллийн албанд ажиллах хүн олноор хандсан ч шаардлага хангахгүй байжээ. Хамгийн гол захиалга эзгүй, чухал бус салбарт хэтэрхий олон хүн шалгуулсан ч тэнцэхгүй байгаа нь эмгэнэл. Наад зах нь энэ нь л манай улс томоохон төсөл хэрэгжүүлэхэд бэлэн үү? гэж асуухад хүргэж байна. Ингэлээ гээд бид төслүүдээ хойшлуулах аргагүй. Тэглээ ч гэсэн байдал энэ хэвээр үргэлжлээд л байх янзтай байна.

Эцэст нь төслийнхөн ажлын байраар хангах амлалтандаа хүрэхийн тулд Улаанбаатарт гурав дөрвөн мянган ажлын байр бий болгох болжээ. Тэднээр хог цэвэрлүүлж, “нийгмийн тустай хөдөлмөр” хийлгээд хэр таарсан хөлс олгох. Уг нь энэ олон мянган хүн “Оюу толгой”-д очиж ажиллая гэх ёстой биш үү? Гэтэл олонх нь хотоос холдохгүйг бодож байна, бас олонх нь уул уурхайд ажиллах шаардлагатай мэргэжил эзэмшээгүй байна, мэргэжил эзэмших гэхээр мөнгөгүй гэж байна, дээрээс нь бэлэнчлэх сэхүүн зантай. Үр дүнд нь бүгд яг мэргэжилгүй хүмүүсийн адилаар хөдөлмөрөө хямдхан үнэлүүлээд ирээдүйгүй алдаг оног ажил олж авч байна. Эд нар бол “люмпен пролетариуд”, ажил эрж, амьдралаа залгуулах гэж байгаа “пролетариудаасаа” огт өөр хүмүүс. Тэд бүхнийг бэлэн шаардаж байна, ажил хийхийн төлөө тэмцэхгүй, мэргэжил эзэмшихийг хүсэхгүй, утаатай хотоосоо салахыг бодохгүй, ирээдүйгээ харахгүй байна гэсэн үг. Гэтэл сайн ч муу ч бай гэрээг Монголын төр ийм бэлэн юмны төлөө  байгуулаагүй, тэр ч байтугай иргэний хөдөлгөөнүүд ийм ажлын байрны төлөө тэмцээгүй шүү дээ. Бүгдэд боломж нээсэн, харин ашиглахгүй байна.

Дагалдах ажлын байрны гүйцэтгэгчдийг шалгаруулахад бас ийм байдал давтагджээ. Хүнсний ногоо авах гэрээ хийх болоход нийлүүлэх хүнсний ногооныхоо үнийн саналыг зах зээлийн үнээс хоёр дахин өндөр тавьсан байжээ. Яагаад гэвэл том баян компани учраас. Гайхалтай нь энэ нийлүүлэгчдийн ард дандаа улстөрчид байсан ба тэд гэрээ батласан гавъяагаа ингэж үнэлэхийг хүссэн байх юм. Ажлын хувцасны захиалга авах болжээ. Шаардлага нь гэрээнд заасны дагуу цэвэр дотоодын үйлдвэрлэгч байх ёстой. Гэтэл гэрээ хийхээр очсон хүмүүс нь Хятадаас ажлын хувцас импортоор оруулж ирээд нугалж шахах зорилготой байжээ. Төслийнхөн гайхаж хоцорчээ. Монголчууд дээрээ нэг юм яриад, доогуураа болохоор хулхидах гээд байна. Өөрөөр хэлбэл шахаж батлуулсан гэрээгээ Монголчууд өөрсдөө зөрчих гээд байгаа нь хамгийн гайхмаар юм болжээ. Гэрээнд зааснаар төслийнхөн ажлын хувцасны нийлүүлэлтийг Монголоос л авах ёстой, үүний цаад бодлого нь Монголчууд ажлын хувцасны үйлдвэр байгуулаад олон зуун хүнийг ялангуяа эмэгтэйчүүдийг /оёдолчин, мастер гээд юу эс байхав/ ажлын байраар хангаад тэр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ бэлэн зах зээлд боломжийн үнэлгээгээр нийлүүлэх учиртай юм л даа. Гэтэл үйлдвэр байгуулснаас Хятадаас авчихсан нь амар, тэгээд ч өмнөд хөршид ажлын хувцас хямд хийдэг, нийлүүлэгч хайж байгаа учраас түүнд нь зуучлаад, нугалж шахаад хоёр гурван хүн цөм баяжина л гэж тооцож байгаа хэрэг. Нэгд бэлэнчлэх сэтгэлгээ, хоёрт бас л улстөрийн шахаа. Монголчуудтай ийм гэрээ байгуулбал 10 мянган ажлын байрны тэн хагас нь болж байгаа дагалдах ажлын байранд монголчууд биш хятадууд ажиллаж таарах гээд байгаа юм. Өнөөдөр Монголын хамгийн том үйлдвэр “Эрдэнэт” яг ийм зарчим шахаан дээр ажиллаж байгаа ба үүнийг давтахыг хүсчээ.

Өнөөдрийн манай эн тэргүүний амин чухал зорилт нь хэрэгжих гэж буй томоохон төслүүдийн ажлын байрыг эзлэн авахад чиглэх ёстой. Бодож бодож хамгийн зөв бөгөөд тууштай арга бол үргүй цацах гэж буй асар их хөрөнгөөр мэргэжилтэн бэлтгэх л юм байна. Нэгэнт мэргэжилтэй болсон бол түүгээрээ л хоолоо олж идэхээс аргагүй болно. Харин тэр хоол нь Монголын өмнийн говьд даргилан буцлаад байна. Гэтэл олон арван мянган Монголчууд тэр хоолыг тавган дээр тавиад Улаанбаатарт авчирч өгөөд, төр үлээж хөргөөд аманд нь хийж өгөхийг хүсэж байна. Ингэж бичлээ гээд үзэн ядвал ядтугай, гэхдээ л байгаа царай маань л энэ. Аргаа бараад өнөөгийн туршлагыг амьдралд хэрэгжүүлье гэвэл УИХ-ын гишүүд ажлын байрны захиалга аваад хүмүүсээ шах. Өөр юм шахах гээд яахав. Солонгос явснаас энд ажиллах боломж байгааг хэлээд өгвөл зүгээр санж. Энэ хүмүүс та нарын л явуулсан бодлогын /бодлого байсан бол шүү дээ/ үр дүн шүү дээ.

Тиймээс өгүүллээ 20 жилийн дараа андуураагүй бол социализмын үеийн Оросын хүүхдийн зохиолч, Монголд ч алдартай байсан Корней Чуковскийн бяцхан шүлгээр нэрлэлээ. Нэгэн үе үнэндээ энэ шилжилтийн 20 жилийн явцад сүйрчээ, харин өнөө үеийнхэн мэргэжлээ сонго, ажил байна, тэгээд сайхан амьдарч болох л шиг байна.

 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив