Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үргэлжилсэн хувьсгал
2010 оны 6 сарын 2 [Уншсан тоо: 70791]

Юу өөрчлөгдөв?

Эрхэмүүд ээ, та нар ингээд л үргэлжлүүлээд баймаар байна уу? Та нарын хорин жилийн ажлын үр дүн албан болон албан бусаар амжилттай илэрсээр л ...

Хэдийгээр та нар суртал нэвтрүүлгийн бүх хэрэгслээ дайчлан “Амьдрал сайхан байна” гэж итгүүлэхийг оролдож байгаа ч амьдрал муухай байна аа. Хорин жилээс цаашихи амьдрал муухай байсныг тоо баримтаар илчилсээр л байна. Би ч илчлэлцэж байсан. Үхэр мал шиг л амьдарч байсан. Толгойгүй байсан. Зөвхөн фермийн мал шиг тэжээлгэж байсан. ЗХУ-ын хагас колони, хараат улс байлаа. Нэг ямааг резинэн ямаагаар сольдог байсан. ТЭЦ-4 станцыг байгаа өртгөөс нь дөрөв дахин өндөр өртгөөр авсан. Мардайг Оросууд эзэмшиж байсан. Эрдэнэтийг бараг 50:50 хувиар байгуулсан гэх авч үнэндээ ашиг хуваахад Монголд 5 : ЗХУ-д 95 хувь нь ноогддог байсан. Гуулингийн талд усжуулалтын систем байгуулж асар их хөрөнгө үргүй цацсан. Эдийн засаг нэг улсаас 100 хараат болсон. Ганцхан ЗХУ-ын түүхий эдийн бааз. Дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн орнуудын “хөдөлмөрийн хуваарьт” хөдөө аж ахуйн түүхий эд нийлүүлэгч статустай байсан. Хүн ам ядуу байсан.

Саяхан хойд Солонгос яваад ирсэн нэг сэтгүүлч бичжээ. Солонгосчууд хар царайтай юм. Нүүрээ угаахгүй байж вокзалынхаа талбайг савандаж угааж байна гэнэ. Социализмын үед Монголчууд яг тийм байсан. Тарган хүн байдаггүй, хойно сургуульд яваад ирсэн залуусын нүдэнд дандаа хар царайтай хүмүүс явж харагддаг байсан. Яагаад гэвэл бүгд тэжээлийн дутагдалтай байсан юм. Өнөөгийн хотын захиргаанаас өндөр хахуулиар олгодог “найман нэрийн барааны” дэлгүүрийн эрх гэдэг нь социализмын үеэс эхтэй. Тэр үеийн хүн амын үндсэн хүнс- бараа, мах, гурил, будаа, хүнсний ногоо, цай, тамхи, архи зарах эрх. Гэхдээ дэлгүүр нээгчид найман нэр төрлийн бараа биш архи зарах л гэж энэ зөвшөөрлийг авдаг.

Банкууд дампуурахад хадгаламжийн хэмжээний талаар асуудал орж ирэхэд Төв банк нь өөрөө 1,3-2,6 их наядын хооронд асар их зөрүүтэй мэдээлж байсан. Гэхдээ нэг л зүйл тодорхой болсон нь нийт хадгаламжийн 97 хувийг хадгаламж эзэмшигчдийн 3 хувь нь эзэмшдэг. Үлдсэн 3 хувийн хадгаламж буюу арав хүртэл сая төгрөгийн хадгаламжтай хүмүүс нийт хадгаламж эзэмшигчдийн 97 хувь болж байсан. Хуулиар хадгаламжийн хүүнээс татвар авдаггүй. Учир нь энэ заалтыг хадгаламжийн 97 хувийг эзэмшдэг 3 хувьд зориулан гаргасан. Ганцхан энэ харьцаа нийгмийн баялгийн хуваарилалтыг ил тод харуулж байна.

Монголд өнөөдөр 3 хувийн баячуул, 97 хувь ядуус амьдарч байна. Өнөөдрийг өмнө бичсэн социализмтай харьцуулъя. Бид өнөөдөр бас л үхэр мал шиг эрх мэдэлгүй амьдарч байна. Социализмын үед нэг хүний нэрийг “дэвшүүлээд” сонгохыг шаарддаг байсан. Өнөөдөр хоёр хүний нэр бичээд хорин мянгыг өгснийг нь сонгосонд тооцож байна. Тэр үед фермийн мал шиг байсан Монголчууд өнөөдөр бэлчээрийн мал шиг амьдарч байна. Ялгаа нь хагас эрх чөлөө. Араатан довтолсон ч, зуд нэрвэсэн ч, малын хулгайч буудсан ч эзэн нь тоодоггүй нүүдлийн 2,7 сая мал.

Нэг ямааг резинэн ямаагаар сольдог байсан нь үйлдвэрлэл хөгжөөгүйнх. Өнөөдөр ч гэсэн ийм л байгаа. Хонь 20 мянгаар зардаг малчин хотын дэлгүүрт резинэн тоглоом 20 мянган төгрөгийн үнэтэйг анзаардаг уу? Бороо гоулдыг 100 сая ам.долларын гадаадынхөрөнгөөр ашигласан. Юун 5 хувь, нэмээд 2,8 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байсан. Харин Монголын цорын ганц ололт нь ДНБ-ны хэмжээ 6 хувь өссөн. 2,8 тэрбумын өрөнд ороод ДНБ 6 хувь өсөх тийм сүрхий ололт уу? 1970-аад оны сүүлчээр Эрдэнэт ашиглалтанд орвол БНМАУ-ын үндэсний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өснө гэж сурталдаж байсан ч бодат байдалд алдагдалд орж, Монголын тал үйлдвэрт дотаци өгч эхэлсэн ба тэр дотациа ЗХУ-аас авсан зээлээр санхүүжүүлдэг байсан. Ялгаа байна уу?

Мардайг Оросууд дураараа эзэмшиж ураныг чөлөөтэй зөөж байсан. Өнөөдөр Сүхбаатарын төмөртэйн цайрын орд, Сэлэнгийн төмрийн баялаг ордууд, нүүрсний ордуудыг хэн чөлөөтэй эзэмшиж байна. Вагон төмрийн хүдрээс 7000 төгрөг, цайрын хүдрээс 7000 төгрөг, нүүрснээс 5000 төгрөг /галийн бүрдүүлэлтийн хураамж/ аваад ямар ч татваргүй өдөр шөнөгүй зөөж байна. Ялгаа байна уу? Социализмын үед ураны хариуд зээллэг орж ирж, социалист Монгол Улс өрөнд орж байсан. Өнөөдөр харин энэ түүхий эдийн орлого гадаадад байршиж, гадаадад хөрөнгө оруулалт болон хувирч байна. Дорнодын нефть БНХАУ-ын ӨМӨЗО-ны нефтийн үйлдвэрт очоод манай нийт шатахууны хэрэгцээний 4,2 хувьтай тэнцэх хэмжээний шатахуун болон ирж байна. Ялгаа байна уу?

ТЭЦ-4 станцыг бодат өртгөөс нь дөрөв дахин өндөр өртгөөр авсан бол өнөөдөр гадаадын бүх хөрөнгө оруулалт үүнээс ч өндөр өртгөөр бүртгэгдэж байна. Гуулингийн талын усжуулалтын системээс ч ашиггүй хөрөнгө оруулалтууд жил бүр хэдэн арван тэрбумаар УИХ-ын гишүүдийн багцаар дамжин салхинд хийсч байна. БНХАУ-ын түүхий эдийн бааз. Ноолуур 30 мянга, үхрийн шир 10 мянга, адууны шир 10 мянган төгрөгийн үнэтэй. Ноолуурын үйлдвэрүүд Хятадын дэмпингд өртөн хүнд байдалд орсон. 

Өмнөх 70 жилийн алдааг гадаадынхнаас хайдаг байсан. Харин сүүлийн 20 жилийн алдааг бас л гадаадаас хайх уу? Ардчилсан, бүрэн тусгаар тогтносон, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн, Азид төдийгүй дэлхий дахинд улстөрийн болоод эдийн засгийн хосолмол шилжилтээрээ үлгэр жишээ болж байгаа орон шүү дээ. Энэ бүх гавъяаг манай эрх баригчид өөртөө оноодог. Бид дэлхийд гайхагдсан мундаг хүмүүс гэдэг. Харин та нар Монголдоо гайхуулахгүй л байхгүй юу. Дотооддоо бол эсрэгээрээ ялыг тэд өөрөөсөө зайлуулахын тулд бүхнийг хийж байна. Эхний 10 жилийн шилжилтийн үе гэгчээр хайцаалсаар өнгөрөөсөн. Харин одоо юу гэх бол?

Ардчилсан хувьсгалын үеэр уул уурхайн салбарт гурван томоохон шаардлага тавьж байсан. Нэгд Эрдэнэтийн ашгийг эзэмшдэг хувь хэмжээндээ хүртэх, Мардайн ашиглалтыг зогсоох, Заамарын алтны, Асгатын мөнгөний ордыг ашиглахыг зогсоох. Өнөөдөр Эрдэнэтийн баяжмалын мөнгөөр төсвөө дүүргэж байна. гэхдээ энэ бол ухаанаар биш азаар олдсон боломж. ЗХУ ашгаа дагалдах баялаг, алт, мөнгө, газрын ховор элементүүдийг өөрийн боловсруулах үйлдвэрт ялгаснаар олдог байсан. Харин өнөөдөр энэ их ашиг урьдын адил шороогоор урссаар. Мардайг зогсоосон авч өнөөдөр Оросууд авчихлаа. Хэрэв Оросууд аваагүй бол Хятадууд авах байсан. Монголын тал Канадуудаар оросуудын консервац хийгээд явсан хуучин уурхайг сэргээлгээд Оросуудад буцаагаад өгчихлөө. Кириенко үүнд сэтгэл хангалуун байна. Харин үүнийг мэдсэн Канадууд компаниа Торонтогийн биржээр дамжуулан Хятадуудад хувьцаагаа зарах замаар алдагдлаас бултах гээд амжаагүй, одоо ч үхэн зууралдсаар байна.

Заамарын алтны ордыг Паушок гэгч төнхөөд одоо Монголын Засгийн газрыг Олон улсын шүүхэд өгөөд дэлхий даяар Монголыг муулаад харайж байна. Дээрээс нь Асгатын мөнгөний орд Оросууддаа “жинхэнэ эзэддээ” буцаад оччихсон байна.

Ийм нөхцөлд нийгэмд санаатай, санаагүй нь бүү мэд “хятадын эсрэг үзэл” тархаж байна. Муу байгаагийнхаа шалтгааныг гадаад руу түлхэх оролдлого мөн үү? Хямралын үеийг тэсч гарсан хөнгөн үйлдвэрийн сүүлийн салбар ноолуурын үйлдвэрүүдийг Хятадын демпинг унагалаа гэлцэж байна. Үнэндээ Монголын эрх баригчид түүхий ноолуур экспортлохгүй гэсэн шийдвэртээ тууштай зогсож чадсан бол өнөөдөр ийм юм болохгүй байсан. Өмнө н үйлдвэрлэдэг байсан малын түүхий эд боловсруулах үйлдвэрүүдээ сүйтгээд хаячихсан. Алдаагаа бас л хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Хятадуудад чихэж байна. Үнэндээ дотоодын үйлдвэрүүдээ аварч үлдэхийн тулд, тэдний бүтээгдэхүүнтэй адил төрлийн бараанд дэлхийн худалдааны байгууллагын зөвшөөрсөн дээд хэмжээнд импортын татвар оноох замаар зах зээлээ хамгаалсан бол байдал харьцуулшгүй дээр байх ёстой.

Эдийн засаг сайжирч байсан үе бий. Энэ бол 1996-1998 онд илэрхий сэргэлт ажиглагдаж эхэлсэн. Бүгдээрээ эрвийх дэрвийнхээрээ ажиллаж, амьдралаа цогцлож, ардчиллын үр шимийг хүртэж байна гэлцэж байсан. Гэвч энэ амжилтын инерц өнөөдөр бүрэн шавхагдаж дуусчээ. Үүний учир юу вэ? Бүхий л үр дүнг нь тооцож үзье. Социалзмын үед зөвхөн эрх баригч бүлэглэл тусгай хангамжинд сайхан амьдарч, бусад нь ядуу зүдүү амьдарч байжээ. Өнөөдөр Монголын хүн амын 3 хувь тансаг хангалуун амьдарч, үлдсэн нь ядуу зүдүү амьдарч байна. Чанарын ямар ялгаа байна гэж?

Монгол дахь авторитаризм

2000 оноос Монголд мэдэгдэм гажуудлууд үүсч эхэлсэн. Бүхнийг МАХН-тай, Н.Энхбаяртай холбон тайлбарладаг байсан. АН үүнийг засах болов уу гэж хүлээсэн авч талаар болж, харин ч ардчиллыг гажуудлаас буцааж гаргахын оронд өөрсдөө хамтран гажуудлыг өөгшүүлж эхэлсэн. 2004 оноос буюу МАХН, АН хамтарсны дараа иргэний улстөрийн хөдөлгөөнүүд бий болж, идэвхжсэн нь нийгмийн захиалгаар эрх баригч намуудыг сөрөх сөрөг хүчин бий болсон гэсэн үг.

Ямар боловч  ардчилсан тогтолцоо ажиллаж байв. Гэвч удаан хугацааны ужгирсан тэмцлийн эцэст ардчилсан тогтолцоо өдрөөс өдөрт нуран, гацаж эхэллээ. Ардчилсан нам ардчиллыг худалдав. 2006 оны 1 дүгээр сарын 12, 2008 оны 7 дугаар сарын 1-нд улс оронд үүссэн гажуудлын ганц буруутан нь МАХН гэж олон нийт үзэж байсан юм. Тийм ч учраас МАХН-ын гантиг цагаан ордон 80 жилийн түүхэндээ хоёр ч удаа дайралтад өртөж, бүрмөсөн сүйрчээ. АН-ын доторх ардчилалд үнэнч хэсэг намаа байх ёстой байр сууринд буцаахыг оролдоход намын эрх баригчид шууд хуйвалдаанд оржээ. Одоо бол МАХН, АН-д ардчиллын гажуудлын буруу адилхан оногдох ёстой. Ардчилсан нам жинхэнэ утгаараа Ардчилсан үзэл санааг тээгч биш болжээ. Ардчилал гудамжинд гарч, харин намын эрх баригчид нь ордонд заларч байна. Нам доторх хуйвалдаанаа намын эрх барих байгууллагуудаар зөвшөөрүүлэхийн тулд төрийн албыг хэт томруулснаас төрийн зардал хэрээс хэтэрч, төсвийн алдагдал хяналтаас гарчээ. Эхний хоёр сард зардлаа даахгүйн улмаас төсөв 170 тэрбумын алдагдалтай гарчээ. Коммунизмын жилүүдэд албан ёсны тоо баримтыг нуудаг байсан шиг өнөөдөр төсвийн зарцуулалт, инфляц, хүн амын амжьжиргааны түвшиний мэдээлэл, банкны мөнгөний нийлүүлэлт, хадгаламжийн хэмжээ нууц болоод байна.

Ардчилсан либерал үзэл санааг тээгчид төрийн эрх баригчдын дунд байхгүй, гагцхүү ардчилсан үзэлтэн мэт харагдахын тулд жүжиглэж байна. Гэхдээ улс орныг дарангуй дэглэм руу буцахыг хүсэхгүй хүмүүс бий. Тэднийг хуучны хэлмэгдүүлэлтээр яасан түүний шиг болгохыг хүсгчид ч бий болсон байна. Аюул нь өнөөгийнх шиг хаосын нөхцөлд хэн нэгэн дарангуйлалд уриалбал дагаж ханарахад бэлэн болжээ. Ийм хүчин ч бүрэлдэж эхлэж байна. Намууд дахь бүлэглэлүүдийн нэгдэл хуйвалдаан нь эргээд намуудад задрал үүсгэж эхэллээ. Өнөөдөр МАХН ч, АН ч задрал бутралын ирмэгт бужигнаж байна.

Эрх барихын тулд нам бус нам дамнасан бүлэглэл байгуулах нь зөв гэдгийг аль аль талд нь ойлгосон хэрэг. Ингэхийн тулд бүлэглэлүүд эхлээд намын эрхийг авах ёстой бөгөөд намын эрхийг авсан бүлэглэл нөгөө намын бүлэглэлтэй ямар ч нөхцөлд хуйвалдан зөвшилцөж болно. Ийнхүү төрийн эрх мэдэл ард түмний гараас улам бүр холдсоор байгаа бөгөөд үүнийг Айн Рэнд “Зөвшилцөл бол шинэ фашизм” гэж онож хэлснийг бүр 2004 онд сануулж байсан авч хэн ч тоогоогүй билээ. Өнөөдөр эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн олон нийтийн өмнө ил харагддаг дээд шүүхэд бүртгэлтэй албан ёсны намуудын хооронд бус далд, мафи маягийн сүлжээ, хуйвалдаанаар бий болсон бүлэглэлүүдийн хооронд явагдаж байна.

Харин энэ бүхний албан ёсны тайлбарыг санацгаая. Эрх баригчид муу, бодлогогүй, тэнэгүүдээс бүрджээ гэж шүүмжилбэл “Парламент бол нийгмийн толь, ямар ард түмэн байна тийм парламент байна” гэж байна. цаашдаа муу бүр муу эрх баригч, бүр муу ард түмэн гэсэн эргүүлгээр уруудвал  бид хүлээн зөвшөөрсөөр л байх уу?

Улстөрчдийн амбиц огт өөр болжээ. Үнэхээр том улстөрч бол энэ цаг үе эдийн засаг, нийгмийн томоохон шинэтгэл хийж улс орноо өөд нь татахыг хичээх учиртай бол өнөөгийн эрх баригчид ийм амбицаа хэдийнээ алдаад хувийн жижиг амбиц, бизнесээ тордохоос өөрийг бодохоо байжээ. Сөрөг хүчингүй Монголд тэдэнтэй хэн хариуцлага тооцох вэ? Ард түмэн санал өгөхдөө аль ч намыг ялгаагүй гэж үзэж эхэлснээс сонгууль бүр тэнцэж гарах нөхцөл бүрджээ. Энэ тэнцвэр цаашдаа мөнхийн бүлэглэлүүдийн хуйвалдаан руу түлхэх болно. Өөрөөр хэлбэл ардчилсан нийгмийн гол шалгуур сонголт байхгүй болчихжээ. Энэ нь коммунизмын үеийнхээс чанарын ямар ялгаатай гэж? Эрх баригч хоёр нам нэг хүчин болсон тул сөрөг хүчин, тэр дундаа иргэний улстөрийн хүчнүүд нийтийн дайсан болж байна. Сая болж өнгөрсөн тэмцлийн явцад МАХН болгоомжилж байсан бол АН бүр айж байсан.

Энэ нь улстөрийн авторитар дэглэм Монголд улам бүр бодат байдал болон бэхжиж буйг баталж байна. Энэ нь энгийнээр бол ард олноос айсан цөөнх эрх баригчид улстөрийн тавцанд хязгааргүй, хувааргүй ноёрхлоо тогтооно гэсэн үг. Стануудаас  зарим пост коммунист орнуудаас ялгаатай нь Монголын үндсэн хуулиар тогтоосон парламентын засаглал нь нэг хүний, тодорхой хэлбэл Н.Энхбаярын дарангуйллаас зайлсхийх боломж олгосон авч цөөнхийн дарангуйллаас холдуулж чадахгүй байна. Н.Энхбаярыг хоёр сонгууль дамнан намнаж байж зайлуулсан, тэгээд өнөөдөр ч түүнийг үзэн ядаж байгаа нь дарангуйлалд дургүйдээ биш, ганц хүний дарангуйллаас цөөнхийн дарангуйллыг илүүд үзсэнийх.

Тоталитар дэглэмээс салаад авторитар дэглэмд орж байгаа Монгол Ерөнхийлөгчийн засаглалыг сонгохоос айсан гол шалтгаанаа үгүйсгэж байна. Өөрөөр хэлбэл 20 шахам жилийн өмнө Үндсэн хуулиа батлахдаа “Жижиг орны улстөрийн эрх нэг хүний гарт байвал гадаадын нөлөө маш хүчтэй орж ирнэ” гэж байсан бол өнөөдөр бүлэглэлүүд өөрсдөө гадаадынхныг тосч үйлчилж байна. Чухамдаа таамаг мэт Хятадын болон Оросын талыг баримтлагч бүлэглэлүүдийн тухай яриа нь улам бүр бодат байдал болон биежиж байгаа ба ураны ордуудын төлөөх гадаад зөрчилдөөнийг гүйцэтгэгч бүлэглэлүүд өнөөдөр тов тодорхой болжээ.

Үргэлжилсэн хувьсгал

Өнөөдөр Монголын ардчилсан засаглалын элемэнтүүд нэр төдий л байна. Иргэд коммунизмын үелд өөрсдийгөө хамгийн ардчилсан улсад амьдарч байгаа гэж боддог байсан. Тэр тусмаа Ардчилсан Герман, Ардчилсан Солонгос гэх мэт нэрүүд ийм итгэлийг нь батаглгаажуулдаг байсан. Өнөөдөр хууль тогтоогчид нийгмийн хяналтаа үндсэнд нь алдчихсан байна. Тэд Засгийн газраас хахууль аваад юу хүссэнийг нь баталдаг хүүхэлдэй болчихож. Гэхдээ Засгийн газар бүх эрх мэдлийг өөртөө аваагүй, нам дамнасан цөөхөн хүмүүс Засгийн газраар дамжуулж парламентыг удирдаж байна. Ерөнхийлөгчийг палианы гадна байлгахыг хүсэж байгаа ба  шүүх засаглал 20 жил төлөвшиж чадаагүй учраас эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг тоглоомын байгууллага болжээ. Хуулийн шинэтгэл хамгийн хүнд бөгөөд чадал шавхсан тэмцэл байх янзтай байна. Сөрөг хүчингүй үед ч хяналтыг хэрэгжүүлж чадвал ардчиллыг хамгаалах чадвартай хэвлэл мэдээллийн байгууллагууд эрх чөлөөгөө алдаж эхэлсэн байна. Хэвлэл мэдээлийг дарангуйлагч нь албан ёсны дөрвөн засаглалаас хамгийн сул хөгжилтэй шүүх. Ийм нэг битүү гогцоо улс орныг дарангуйлалд чирэн оруулах гэж байна.

Монгол улс тоаилтар дарангуйллаас салаад 20 жилийн дараа авторитар дарангуйлалд ороод байна. Үүнийгээ ард түмэн яг коммунизмын үеийнхэн шигээ огт мэдэхгүй байгаад л гол асуудал нь байна. Дарангуйллыг эсэргүүцэгч хүчин дарагдсаар байгаа авч устаж алга болохгүй. Яг 19 дүгээр зууны оросынх шиг түүх давтагдах төлөвтэй болсон байна. “Гудамжны” хүчнүүд гэдэг нэр томъёо яг л “пролетарийн /үгээгүйчүүд гэж монголчилсон/ хүчин” гэдэгтэй адил байгаа биз?

Оросод хамжлагыг халсан шиг хуурамч шинэтгэл эрх баригчид хийж байна. Мөн “шинэчлэл”-ийг олон салбарт зарлаж байгаа авч байдал улам дордож байна. Улстөрчид улам бүр гудамжны хүчинтэй далд хэлхээ холбоо тогтоож байна. Ямар ч арга хэмжээ хэрэгжихгүй болж байгаа нь нийгэм “шок“-ийн байдалд орсныг илчилж байна. Нэр хүндээ алдсан эрх баригчид ямар ч сайхан юм хийсэн тэр нь муухай болж харагддаг болж байна. Тэгж харагдуулахыг хичээх нь үргэлжилсэн хувьсгалын гол стратеги юм. Ил тод тэмцлийг бүхий л арга боломжоороо дарж авахыг хичээхдээ эрх баригчид эдгээр улстөрийн бүлэглэлүүд нууц, далд нөхцөлд оруулдаг. Тэмцлийг ил зохион байгуулагчдыг нухчин дарснаараа эрх баригчдаа үзэн яддаг улс оронд нууцаар ажилладаг, эктремист, үл тэвчигч, анархист бүлэглэлүүд олноор бий болох хөрс бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл “хувьсгалын” урианаас айснаараа “хувьсгалч” хүчнүүдийг улам бүр аюултай нөхцөл байдал руу түлхэж байна. Тайван хувьсгалаас цуст хувьсгалд хүрэх зам ийм л байсан.  Үргэлжилсэн хувьсгал эхлэснээр олон арван жил улс орныг “шинэчиллээ” ч амжилт олохгүй мухардал руу гулсан ордог. Эцэстээ нэгнээ үзэн ядсан, үл эвлэрэгч ангиудад улс орон хуваагдаж, сөргөлдсөн тэмцэлд орвол нэг нь нөгөөгөө цуслан дарах болно. Төр улам бүр тэчъяадсан, улангассан арга хэмжээ авч байгаа бол хариу нь яг тийм байдлаар илэрч болзошгүй юм. Ийм нөхцөлд төр тактикийн амжилт олно, харин эцэстээ ялалт гудамжныханд л ирнэ шүү дээ.

Сануулахад үйл явц санаснаас хурдан өрнөж байна. Эрх баригчдын эрх мэдлийг тогтоож буй цорын ганц хүчин зүйл нь мөнгө болсон. Гагцхүү эрх баригчдын тэсч үлдэхийн тулд зарцуулж буй мөнгөний нь хэмжээ геомерт прогрессоор өсөж, энэ өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд томоохон луйварт бэлтгэж эхэлжээ. Энэ тухай дараагийн өгүүлэлд тодорхой бичье. Монгол тусгаар тогтнолоо эргүүлэн авснаас хойш 100 жил болох гэж байна. Үүний эхний 10 жил феодализмд, дундах 70 жил нь коммунист дарангуйлалд, харин сүүлийн 20 жил авторитар дарангуйлалд өнгөрчээ. Эрх чөлөө хэзээ олдох вэ? Монголчууд 99 жил хайжээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив