Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хямралын хоёр дахь давалгаа
2010 оны 6 сарын 7 [Уншсан тоо: 124950]

Дэлхийн эдийн Засгийн хямрал дундаа орж байхад Монголын Засгийн газар Төв банк хоёр нийлж байгаад зүв зүгээр байсан эдийн засгаа зохиомол хямралд чирэн оруулснаас энэ түүх эхэлнэ. Шалтгаан нь санхүүгийн жижиг бүлэглэлүүд банкнаас зээлсэн асар их мөнгөө найдваргүй зээл болгон хувиргаж, төсвөөс төлүүлэх зорилготой байв. Энэ сулласан мөнгө нь дотоодод биш гадаадад байршсан ба багцаа тооцоогоор /өөрөөр хэлбэл сөрөг саналтай улстөрчдийн хэлсэн оо баримтад үндэслэн үзвэл/ манай төсвийн орлогын талтай тэнцүү хэмжээний мөнгө багцаалбал  1,3 их наяд төгрөг гадагшилсан байна.

Гурван ч банк дампууруулсан, үүнд нь төсвөөс 600 тэрбум төгрөг зарцуулжээ. Оны эхний хоёр улиралд төсөв 170 тэрбумын алдагдал үзсэн ба ахиад 100 тэрбумын өрийн бичиг гаргах хүсэлт УИХ-д орж ирчихээд байна.

Засгийн газар дотоод өрийн бичиг гаргах жигтэйхэн дуртай болсон байна. Гэхдээ энэ өрийн бичгийг худалдан авах дотоодын чадавх хязгаарлагдмал. Арилжааны банкууд бүх нөөцөө шавхаад 1,3 их наяд төгрөгийн өрийн бичгийг л авч чадна. Огт зээл өгөлгүйгээр бүх депозитоо шавхаад шүү дээ. Гэтэл Засгийн газар үүнийг мэдсээр байж үнэнхүү үрэлгэн загнаж байгаа нь гайхалтай. Төсвийн зарлага хэрээс хэтэрсэн ба үүнийг УИХ яагаад ч шалгаж чадахгүй. Өнгөрсөн жил шалгахыг оролдож, ажлын хэсэг байгуулахад банк санхүүгийн мэдлэгтэй хүмүүсийг бүрэлдэхүүнд нь оруулахгүй байх бүхий л арга хэмжээг авсан нь гайхалтай. Зарим нь жишээ нь арга хэмжээг санаачлагчид нь адил шалтгаар ажлын хэсэгт ороогүй юм билээ. Өнөөгийн УИХ Засгийн газар, Монгол банк, мөнгөний бодлого, төсвийн бодлогыг хяналтаасаа бүрмөсөн алдчихаад байна. Улс орон жолоо цулбуургүй болсон ба УИХ-ын эрх баригч статус ёстой л 1990 онд хэвлэгдсэн “Үндсэн хууль” хэмээх шарласан цаасан дээр бүдгэрэн үлджээ.

Үнэндээ ийм хямралтай үед төсөв баларч байх ёстой атал аймаар цатгалан байна. Засгийн газар юунд ч санаа зовохгүй байгаа ба хааяахан өрийн бичиг гаргах эрх өгөхийг л шаардаж байгаа болохоос балраад, цалингаа таьж чадахаа байгаад, хөрөнгө оруулалтууд тасалдаад сүйрээд байгаа юм ажиглагдахгүй юм. Гэтэл хямралын үеэр олон мянган компани дампуурсан. Татварын бааз суурь үнэндээ баларчихаад байна. Ийм нөхцөлд энэ үрэлгэн байдал л хамгийн гайхалтай, анхаарал татам асуудал болоод байгаа юм даа.

Ийм амгалан тайван нөхцөлд УИХ ч унтаа байдалд байна. Төсвийн тодотгол орж ирэхэд уг нь бүхий л боломжоороо зардал хасах учиртай УИХ харин ч зарлагыг нь нэмээд байна. Ийм нэмэлтэд турхирдаг хэдэн хөдөөний голдуу хүүхэлдэйнүүдийг хараандаа авахгүй бол ер нь л сүйтгэчих янзтай. Гэхдээ тэд чухам юу хийж байгаагаа, хэний гар хөлийн үзүүрт ямар гээч гай гамшгийг дуудаж байгаа мэдэхгүй нь сайхан юм даа. Ийм нөхцөлд дүгнэхэд нэг бол Засгийн газар үнэхээр эхний хоёр улиралд 170 тэрбумын алдагдал үзсэн байна, эсвэл ерөөсөө ийм алдагдал байхгүй, өөр зорилгоор хуурамч өрийн бичиг гаргаад байна гэж таамаглах хоёр л зам байна. Хоёр дахь нь илүү ортой.

Өнгөрсөн жилийг санацгаая. Нэгдүгээр улирлын дундуур Засгийн газар УИХ-аас зөвшөөрөл авалгүй нууцаар Монгол банкнаас 60 тэрбумыг авч байсан. Ингэхийн учир нь төсвийн орлого таг зогсоод төрийн сангийн данс таг улайчихсан юм. Тиймээс УИХ-аар оруулж цаг алдахаас ингэсэн нь дээр гэж С.Баяр бодсон бололтой юм. Энэ 60 тэрбум төгрөг бол төрийн бүх албан хаагчдын нэг сарын л цалин байсан юм. Цагаан сар дөхөж, төрийн албаныхан цалингаа авч чадахгүй бол нийгэмд ноцтой байдал үүсэх байлаа.

Харин энэ жил огт өөр байна. Засгийн газар цалингаа цагтаа тавиад байна. АНАТХ-ны шаардлагыг дуулгавартай хүлээн авч, иргэн бүрт 70 мянган төгрөг амжилттай тарааж байна. Дээрээс нь УИХ-аас орж ирж буй бүхий л халамжийн төслүүдийг уриалагахан хүлээн авч байх юм. Дээрээс нь хүүхдийн мөнгө өгнө гэнэ. Бас дээрээс нь ядуу өрхүүдийг халамжлах хуулийн төсөл оруулж байна. Нийгмийн халамжийн хуулийг шинэчлэх найруулахад л 100 тэрбум төгрөгийн нэмэлт халамж бий болж байна. Үүнийг хэн хийгээд байна вэ? Төсвийн тодотголоор хямралтай үед зарлагыг усгүй болтол шахах байх гэтэл харин ч хэдэн зуун тэрбумаар нэмэгдэх янзтай байна.

Уг нь өдийд дөнгөж төсвийн хүндрэлээсээ салж байх ёстой. Яагаад гэвэл Монголын санхүүгийн жил оны эцсээр дуусдаг, дараа нь 2 дугаар сарын 15 хүртэл компаниудын тайлан татварын газарт цугладаг. Татвараа тооцоод эхний орлогуудаа авах гэсээр байтал үндсэндээ дөрөвдүгээр сар хүрдэг. Тиймээс үндсэндээ өнгөрсөн жилийн төсөв хүнд байсан бол 2-3 дугаар сард төрийн сангийн данс улайж, хуруу хумсаа мэрдэг. Өнгөрсөн жил нууцаар 60 тэрбумыг Монгол банкнаас зээлсний учир үүнд бий. Дөрөв, тавдугаар сараас л байдал арай гайгүй болж тогтворждог, энэ үед төсвийн хүндрэлээс гарах гэж авсан богино хугацаатай бондынхоо төлбөрийг буцаан төлж эхэлдэг ба хөрөнгө оруулалтын ажлын тендерүүдийн эхний санхүүжилтүүд очиж, нөгөө томоор нэрлэдэг “бүтээн байгуулалт” гэгч нь эхэлдэг. Ийм хүндрэлээс зайлсхийж жишээ нь Япончууд санхүүгийн жилээ жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлдгийг шинэ Ерөнхий сайд Сү.Батболд анзаарч, санал гаргаж байсан нь саяхных.

Гэтэл энэ жил Засгийн газар огтхон ч бажгадсангүй. Тэр ч байтугай УИХ-д 170 тэрбум төгрөгийн бонд гаргах хүсэлт тавихын нь өмнөхөн Монгол банк бодлогын хүүгээ нэмэхэд ганхийсэнгүй. Уг нь Засгийн газар “Монгол банк” бодлогын хүүгээ нэмсэнд эмзэглэх ёстой. Яагаад гэвэл богино хугацаатай бондын төлбөрийг буцаан хийхдээ өндөр хүү төлөхөөс зайлсхийх учиртай. Төсөвт илүү зардал гаргахгүйн тулд шүү дээ. Засгийн газрын өрийн бичгийн хүү Монгол банкны бодлогын хүүтэй уялддаг тул бодлогын хүү өсөх нь яаж ч бодсон Засгийн газарт ашиггүй.   

Хэвлэл, мэдээллийн байгууллагууд л зарлага хэтэрч байгаа тухай, болохоо байх шахаад байгаа тухай бичсээр авч бодат амьдралд тийм зүйл огт ажиглагдахгүй байгаа биз дээ? Нөгөө талаас нь үзвэл Засгийн газар эхний хоёр улирлын алдагдлыг нөхөх өрийн бичгийн асуудлыг хожимдож оруулж ирж байна. Тэгэхээр энэ мөнгийг зарцуулчихсан байх нь. 170 тэрбумын алдагдлыг тэгээд хаанаас авч санхүүжүүлсэн байж таарах вэ? гэдэг нэг асуулт. Оюу толгойн гэрээний урьдчилгааны мөнгийг идсэн юм гэж таавал үнэндээ тэр мөнгийг нь тараагаад дуусч байгаа. Хаа нэгтэйгээс мөнгө авч зарчихаад түүнийгээ дараа нь нөхдөг байж болох уу? Хэрэв тийм бол энэ мөнгө хаанаас гараад ирэв? Төсвийн тодотголын үеэр Засгийн газрын орлогоо хий нэмэх заль илэрсэн ч асуудал бололгүй намжчих юм. Өөрөөр хэлбэл орлогоо тооцохдоо зэсийн үнийг хэт өндөр тогтоосон байв. Шинжиж үзвэл Засгийн газар УИХ-аар төсвийн зарлагыг нэмүүлэх заль зохиогоод, түүнд нь УИХ автаад байна.

Тэгэхээр мөнгө мэдээж Монгол банкнаас л гарч байна. Төгрөгийн нийлүүлэлт хийх эрх ганцхан Монгол банкинд байгаа ба гагцхүү Монгол банк бүхий л алхамуудаа УИХ-аас гадуур хийж байна. Гэхдээ мөнгөний нийлүүлэлтээ буцаагаад нямбай гэгч татаж байгааг бүгд харж байна. Мөнгөний эмисс хийх асуудлыг УИХ-аас шийдэх ёстой. УИХ энэ талаар юу ч мэдэхгүй байна билээ. Дараа нь Засгийн газрын өрийн бичиг гаргахын өмнө Монгол банк бодлогын хүүгээ нэмж, түүнд Засгийн газар таатай хандаж байгаа нь УИХ-аас далдуур Монгол банк Засгийн газар хоёр хуйвалдаж байгааг илчилнэ. Засаглалын эрх мэдлүүд хууль ёсны субъектүүдээс алдууран жолоодлогогүй хөвж байгааг одоо анзаарахгүй бол удахгүй том сүйрэл нүүрлэх нь байна. Засгийн газар ганцхан удаа л сандарсан. Тэр нь 70 мянгыг тараамагц инфляц өсөх нь гэж. Гэхдээ энэ бол хуурамч “сандралт”. Инфляци өсөөгүй, харин Засгийн газарт шургалсан хотын бүлэглэл махны үнийг зохиомлоор амжилттай хөөрөгдлөө, гэвч удахгүй үнэ жам ёсоороо бууна. Харин Засгийн газар үнэ буулгах их ажил хийсэн мэт харагдана.

Өнөөдөр яг социализмын үеийнх нь бүх мөнгө гагцхүү Засгийн газраар дамжин урсаж, УИХ бол яг нөгөө Ардын Их Хурал шиг билгэдлийн чанартай ажиллаж байна. Хувийн хэвшилд их мөнгө алга, банкууд зээл олгохгүй болжээ, гагцхүү Засгийн газрын 80 тэрбумын бондын хөрөнгө оруулалтаар барилгын салбар хөдлөгчөө аядаж байна.  Эдийн засгийн бүхий л салбар царцсан байна. Үүний дээрээс Засгийн газраас бодлогоор, хотын захиргааны муйхар шийдвэрээр дамжуулан бүх салбарын үйл ажиллагааг гацаах ажлыг идэвхтэй явуулж байна. Энэ ямар учиртай вэ? Яагаад Засгийн газар, Монгол банк хоёр хийх ёстойнхоо яг эсрэгээр ажиллаад байна аа? Нэг ч эдийн засагч яагаад ингэж  асуухгүй байна вэ? Саяхнаас О.Чулуунбат сүрэл айсуйг сануулснаас бус бүгд наадам л бодоод байна уу? Эсвэл юу болоод ойлгохгүй байна уу? Эсвэл мэдээллүүд нууц байна уу?

2010 оны төсвийн “албан ёсны” алдагдал 320 тэрбум төгрөг байсан. Одоо оны эхний хагаст 600 гаруй тэрбумын өр тавьсан байна. Засгийн газрын бондын хүү Монгол банкны бодлогын хүүтэй уялдаж өсөхөөр алдагдал нэмэгдэнэ. УИХ өрийн бичиг гаргахыг зөвшөөрөөд байвал тун удахгүй арилжааны банкууд бүх мөнгөө шавхаад найдвартайгаар нь Засгийн газрын бондыг авсан байх болно. Чухам ингэж авахуулахын тулд Монгол банк албаар бодлогын хүүгээ өсгөсөн байна. 600 гаруй тэрбумыг өрийн бичигт зарцуулсан банкууд цаанаа мөн өдий хэмжээний л мөнгөтэй үлдсэн. Түүнийг үлдсэн хугацаанд сорж авахыг хичээх болно.

Одоо асуудал эхэлнэ дээ. Авсан мэдээлэлдээ тулгуурлан үзвэл 10 дугаар сарын эхээр аймшигтай “санхүүгийн цунами” эхэлнэ. Тэр үед Засгийн газар төсвийн хэт ачааллаас болоод өрийн бичгийнхээ төлбөрийг төлөх чадваргүй болсон гэж мэдэгдэнэ. Гэтэл өрийн бичиг авахад бүх хадгаламжийнхаа 50 хувийг хэдийнээ зарцуулчихаад байгаа банкууд төлбөрийн чадваргүй болж, үүнээс айсан иргэд хадгаламжаа татахыг оролдоно. Ингээд Монголын олон арилжааны банкууд эргүүлэгт татагдан орж сүйрэх болно. Гэтэл Засгийн газар бүх хадгаламжид баталгаа гарчихаад байгаа. Ингээд Засгийн газар бондын өр дээр нэмээд хадгаламжийн баталгааны дарамтанд орох ба нийт өртөг нь улсын бүтэн жилийн төсвийн орлогын 75 орчим хувьтай тэнцүү байх болно. Үүнийг ёстой яах ч аргагүй. Амарч амарч ирсэн УИХ-ын гишүүд гэнэтийн шоконд орж хийрхэн хашгирахаас өөр мэхгүй болох юм.

Яг энэ үед Засгийн газар өрийн бичгээ гадаад зах зээлд зарах санал оруулж ирэхээр бэлтгээд байна. Өөр ямар ч найдвар, гарц үнэхээр байхгүй. Нийт хэмжээгээрээ 1,2 тэрбум ам.доллар багцаагаар 2 их наяд орчим төгрөгийн асуудал байх болно. Яагаад гэвэл Засгийн газар яг тэр үеэр инфляцийг 25-30 хувьд хүргэнэ гэж байнга амлаад байгааг анзаарах ёстой. Монголын өрийг /Үхэхэд хучих шороо үлдэх үү? өгүүлэл/ гадны есөн банк авахад бэлэн байна. Гэхдээ тэр есөн банк өрийн бичгийг авахдаа мэдээж 75 хувь нь “өр” болоод байгаа Монголын төсвийг баталгаа гэж тооцохгүй, харин төдий тооны магадгүй үнэлгээнээс нь хамаарч бүр олон тооны ордуудыг барьцаанд авах болно. Эсвэл өрийн бичгээ банкаар заралгүй шууд гадны банкуудад өр тавиад орж ирсэн мөнгийг арилжааны банкуудад байршуулж, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн эмисс хийх замаар хүндрэлээс гарсан болж санхүү-улстөрийн шоудна.

Аль ноднин зах зээлээс татсан 927 тэрбумыг нөхөж, эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулалгүй өдий хүртэл дарсны учир үүнд байна. Ард түмэн яахав дээ байдал тогтворжлоо гэж тайвширна. Энэ зуур бүлэглэлүүдийн төлөхийг хүсээгүй зээлүүдээ төвлөрүүлсэн хэдэн банк дампуурна. Мэдээж асар их өрнөөс мултарсан улстөрчид УИХ-аас шийдвэр гаргуулаад төсвөөс “Хадгаламжийн баталгааны хуулийн” дагуу мөнгийг нь төлж асар их мөнгө хожно. Гэхдээ хадгаламжийн 97 хувь нь угаасаа өөрсдийнх нь гарт байгаа учраас нугалсан хожоо хийнэ.

Нэгтгээд үзье. Өнөөгийн Засгийн газрын цамаан байдал, эдийн засгийг сүйтгэх зорилготой арга хэмжээнүүд нь ерөөсөө Монгол Улсыг гадны банкуудын барьцаа руу шахаж буй хэрэг юм. Хэрэв ирээдүйд мөнгө орж ирнэ гэж найдаагүй л бол ямар ч олхиогүй Засгийн газар ийм арга хэмжээ авахгүй, магадгүй байдал үнэхээр ийм арга хэмжээ авах түвшинд хүрч муудсан бол ялаас мултрахын тулд өдийд сайн дураараа огцорч байх учиртай юм. Огцордоггүй юм гэхэд өдийд бөөн шуугиан дэгдэж байх ёстой. Харин ийм барьцаа руу шахаж байгаа Засгийн газар бол яг үнэндээ аймшигтай улстөрийн гэмт хэрэг хийж байна. Өөрөөр хэлбэл улс орноо гадны банкуудын барьцаанд тавьж байна.

Энэ бол жинхэнэ утгаараа “глобальчлал” бөгөөд үүнд хамгийн их нэрвэгдэх нь үндэсний арилжааны банкууд. Эцсийн дүндээ Монголын мөнгөний бодлого гадаадынхны мэдэлд орж, эдийн засгийн гол жолоогоо найр тавин өгнө гэсэн үг. Эцэстээ гадныхны гар хөл бологчид улс орны улстөрийн эрх мэдлийг үүрд атгаж, үлдсэн нь ядуу гуйлгачин болох нөхцөл бүрдэнэ. Өнөөгийн эрх баригчид үүнээс өөр тэсч үлдэх гарц олж хараагүй нь харамсалтай. Үүнийг шинэ колоничлолын бодлого гэдэг агаад шинэ колоничлолын үндсэн нөхцөл нь дотоодын улстөрийн бүлэглэл “тосч үйлчилснээр” бүрддэгийг олон жишээгээр батлаж болно. Үүнээс цаашилбал сүржигнэлээ гэж байх.

Энэ бодлого ноднин анхны гэж болох банкны хямралын үед бүрэлдээд энэ намрын хоёрдугаар хямралаар төгс хэрэгжих бэлтгэлээ хангаж байна. Энэ бэлтгэл нь нэгд Засгийн газрын замбараагүй өр, хоёрт Монгол банкны төгрөгийн нийлүүлэлтийг хумьсаар байгаа хатуу бодлого, гуравт бодлогын хүүг зохиомлоор өсгөсөн алхам, дөрөвт Сангийн яаманд бэлэн болсон гадаад өрийн төсөл гэсэн дөрвөн үндсэн бодлогын эцсийн зангилаагаар хэрэгжих юм.

Эхний удаад С.Баярын Засгийн газрын үед “Рио Тинто”-гоос 1,2 тэрбумыг авахаар төлөвлөж хийсэн энэ комбинац бүтэлгүйтсэн. Тэр үед “Рио Тинто” Монголын өрийн бичгийг авахын тулд 14 000 ажилчнаа хямралаар далимдуулан цомхотгохыг оролдсон ч бүтээгүй тул 250 саяын урьдчилгаагаар тохирч, манай эрх баригчид түүнийг нь зөвшөөрсний хариуд зүгээр орж ирэх 250 саяд өндөр хүү нэмж тогтоогоод, түүнийг нь ирээдүйд авахаар тохироод буцсан. Тэр цагаас хойш Монгол банкны хатуу мөнгөний бодлого үргэлжилж, Засгийн газар төсвийг дураар зарцуулсаар байсан ба өнгөрсөн жил өрийг зуучлах банкуудыг олсноор хэрэгжих боломжтой болж байна. Гэхдээ тухайн үед хэрэгжүүлээгүйн учир нь улсын төсөв тэгтлээ дорчихоогүй байсан юм. Тиймээс энэ жил төсвийг санаатайгаар сүйрүүлээд ирэх жилийн төсвийг батлахын наана санаснаа хийхээр шийдсэн нь цаг хугацааны хувьд гарцаагүй тооцсон үйлдэл юм. Энэ бодлого Сангийн сайд С.Баярцогтоор дамжин уламжлагдаж байгаа ба С.Баяр аюултай тоглоомоос нэр цэвэр гарах л гэж Ерөнхий сайдаа өгсөн, гэхдээ энэ халуун галыг намдаа нөлөө багатай, өөрөөс нь өөр дэмжлэггүй Сү.Батболдоор халхалж нүүрээ түлэлгүй өнгөрөх гэж байгаа юм. Сү.Батболд бол юу ч хийх ёсгүй, гагцхүү үүнийг л хэрэгжүүлээд алга болох учиртай хүн.

Харин Ерөнхийлөгч ямар нэгэн дохио авсан бололтой, тиймээс лицензүүдийг шилжүүлэх зарах, олгохыг бараг хууль зөрчин байж зогсоогоод байна. Хэрэв Ерөнхийлөгч ийм шийдэмгий алхам хийгээгүй бол ирэх намар гэхэд барьцаалагдах учиртай ордууд энэ ажиллагааг зохион байгуулагчдын мэдлийн компаниудад шилжээд барьцаанд тавих бэлтгэл хангагдсан байх учиртай байв. Одоо Засгийн газар Ерөнхийлөгчийн лицензүүдийг царцаасныг УИХ-аар хууль ёсны болгохгүйн тулд бүхий л аргаа хэрэглэж байна. Санамсаргүй саад үүсээд байгаа учраас тэр. Мөн тагнуулын тухай хуульд оруулах нэмэлтийг дарсаар байна. Уг хуулийн гол агуулга нь Засгийн газраас гарч буй шийдвэрт гадны агентууд хүчтэй нөлөөлж байгаа тул, Засгийн газрын шийдвэрт ТЕГ-аас дүгнэлт өгч байх, нөгөө талаас банкны бэлэн бус мөнгөн гүйлгээг  хянах гэсэн хоёр үндсэн заалтанд зангидагдаж байгаа юм. ТЕГ тодорхой мэдээлэлтэй нь илэрхий байна,  магадгүй энэ сувгаар авсан мэдээлэл ҮАБЗ-д шууд очдог тул Ерөнхийлөгч яаравчлан зарлиг гаргасан байж магадгүй гэж таамаглаж байна.

Одоо энэ аюулаас мултрах цорын ганц гарц бол Засгийн газрыг маш түргэн огцруулах юм. Өөр гарц байхгүй. Өнөөдөр Засгийн газрыг унагахгүй бол УИХ өөрөө намар, 2011 оны төсөв батлах үеэр Засгийн газрын барьцаанд орно. Засгийн газартай тооцоо хийсний дараа Монгол банкны удирлагатай тооцоо хийхээ мартаж болохгүй.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив