Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Эрчим хүчний төлөөх дайн
2010 оны 6 сарын 21 [Уншсан тоо: 35469]
ЭРХ АШИГ БА ӨРСӨЛДӨӨН 

Энэ өгүүллийнхээ за­рим хэсгийг өөр нэг өгүү­лэлдээ ашиглачихсан юм. Яахав залхуу хүрээд, нөгөө талаас баримтууд нь давхцаж байсан бо­лохоор. Үүнийг нэлээн эрт бичиж эхэлсэн авч, зарим баримт цуглуулах гээд дутуу орхиод саяхан дуусгав. Давхацсан жаа­хан хэсгийн төлөө уучлал гуйя. 

БНХАУ-ын үсрэнгүй хөгжил эрчим хүчний ду­таг­дал бий болгож байгаа ба түүнийгээ нөхөхийн тулд Оросын ашиг со­нирхлыг сөрж байна. 2020 он гэхэд БНХАУ-ын зүүн хойд дөрвөн мужид 20 000 Мвт эрчим хүчний  нэмэлт хэрэгцээ бий болно. Өнөөгийн Монгол Улсын жилийн хэрэглээг даруй 20 нугалах хэмжээ. БНХАУ Монголын эрчим хүчний нүүрсний ордуу­дад хөрөнгө оруулж, цахил­гаан станц барьж, цахилгаан дамжуулах шугам татаж, импортлох замаар дотоод эрчим хүчнийхээ дутагдлыг нөхөхийг зорьж байна. Харин ОХУ "хаяад явсан" 20 жилд  Монголыг эдийн засгийн хамааралдаа оруул­сан Хятадын түрэл­тийг маш хурдтай  сөрөн давшиж, эрчим хүч­ний түүхий эдийн нөө­цөд хя­налтаа тогтоохыг хичээж байгаа ба зорилт нь тун энгийн, Монголыг өнөө­гийн Галуут нуур, Хятадыг өнөөгийн Мон­гол болго­хыг хичээж бай­на. Өөрөөр хэлбэл эрчим хүчний нүүрсийг хянас­наар ирээдүйд БНХАУ-ыг Монголоос гарцаагүй им­портлох цахилгаан эрчим хүчнээс хараат байлгах гэж хичээж байна.

Монголын нүүрсний ордуудын байршлын ду­тагдалтай тал нь говьд байна. Хэдийгээр олбор­лолтын зардал бага шаардах зөөлөн хөрст тал нутагт байгаа боловч нүүрснээс эрчим хүч гар­гадаг дулааны цахилгаан станц барихдаа тулбал усны нөөцгүй юм. Чухам ийм шалтгаанаар Хята­дын тал Шивээ Овоод барихаар төлөвлөж бай­сан 3600 МВт цахилгаан станц барих төслөө хэрэг­жүүлэхийг яарахгүй байх шиг. 660 сая тонн нөөцтэй ордод түшиглэсэн, энэ нөөц барагдсан ч Хэн­тийн нурууны урд бэлээс Говь-Алтай хүрсэн том бассейны төвд шахам байгаа, одоо Монголын үйлдвэрлэж буй эрчим хүчний түүхий эд-нүүрс­ний гуравны нэгийг ний­лүүлдэг жижигхэн уурхайг өргөтгөж, жилдээ 15 сая тонн нүүрс олборлох аварга том уурхай барих ба түүгээрээ дэргэд нь барьсан 3600 МВт-ын цахилгаан станцыг хан­гаж, үйлдвэрлэсэн цахил­гааныг 500 квт-ын тогтмол гүйдлийн шугамаар татаж авах төлөвлөгөөтэй юм. Хятадын тал, (Шанхайн хөрөнгө оруулалтын групп) дангаараа хөрөнгө оруулалт хийснээрээ уур­хай, станцын 85 хувийг, Монголын тал ордоороо 15 хувийг эзэмших бай­сан энэ станцыг хэрэв ашиглалтад оруулбал монголчууд цахилгааны гачаалаас гарч, ОХУ-аас цахилгаан авах шаард­лагагүй болох юм. Наад зах нь Оросоос хараат хоёр бүтээгдэхүүний нэг­нээс нь алдуурчих бай­сан. Бас лиценз тэр үеийн эрх мэдэлтнүүдийн гарт орчихоогүй байсан бол үүнээс ч илүү хувь эзэм­шиж болох байсан, Хята­дын тал энэ төслийг "мар­тагнаад" байгаа бас нэг шалтгаан нь монголчууд Ашигт малтмалын шинэ хуулиар Шивээ Овоогийн Шинэ усны хотгорын ор­дын дор хаяж 34 хувийг, стратегийн ордод бүрт­гэснээр 51 хувийг авчих бололцоотой болсон. Өнөө­дөр нүүрсний ор­дын гурван талбайн ли­цензийн хоёрыг  улсын мэдэлд авч, стратегийн ордод бүртгэжээ.

Хэрэв энэ станц ба­ригдвал Улаанбаатарт эрчим хүчний тавдугаар эх үүсвэр шаардлагагүй харин станц барих мөн­гөөрөө Шивээ Овоо руу цахилгааны шугам татаж болох юм. Ингэснээр улам бүр ширгэж буй Туул голын усны хэрэглээ ба­гасаж, Улаанбаатар бас нэгэн "утааны эх үүсвэр" барилгүй цахилгаанаар халаалт дулааны асууд­лаа шийдчих болов уу. Мөн Оросоос импортол­дог 130 сая киловатт цаг эр­чим хүчний дутуугаа элбэг нөхөөд Шивээ-Овоон цаа­хантай байгаа Оюу толгойн зэс, алтны орд, Таван толгойн нүүрс­ний ордын байгуулам­жуу­дыг эхний ээлжинд цахилгаа­наар хангах юм. Ингэс­нээр энэ томоохон төс­лүүдийн зардлаас лав цахилгаан эрчим хүчинд оногдох хэсгийг өөртөө авчих бололцоотой. Өнөө­дөр тус ордуудыг ашиглахад шаардла­га­тай цахилгааныг Хята­даас авах болсон. Хята­дууд тө­лөвлөгөөгөө хэрэг­жүүлэ­хэд яарахгүй байгаа ба Монголоос эрчим хүч биш түүхий нүүрс авах сонирхолтой байх шиг. Шивээ-Овоогийн стан­цын сураг алдарчээ. Стан­цын оронд Мон­го­лын нүүрсний ордуудад шааж орсон нэг урсгалтай мухар төмөр замын төс­лүүд бий болжээ. Хил дагуух нүүрсний райо­нуу­даас их хэмжээний нүүрс татан авч хилийн цаана нөөцөлж байна. Ховдын Булганаар дам­жуулан Хөшөөтийн нүүрс­ний орд руу тавьж буй авто зам хилийн цаа­наас төмөр зам болж хувирах төсөл болов­сорс­ныг үзлээ. Говиос цааш Өвөр Монголын нутаг хангайрхуу болж ирэхэд усны эх үүсвэрээр гачигдахгүй болдог. Хята­дууд Монголоос нүүрсийг нь дотоод мужийнхаа үнээр худалдан аваад цахилгаан үйлдвэрлэж, буцаагаад Оюу толгой болон хязгаарын сумдад цахилгаан болгон "өгч" байна. Хятадын эрчим хүчнээс хамааралтай бүс өмнөд хязгаарт үүсч байхад бид төмөр замыг нь хаасхийгээд зогсож байна. Асар их эрчим хүчний нүүрсийг ямар зөөгөөд барах биш, ант­рацит нүүрсэнд хүрэхийн тулд эрчим хүчний /лигнит/ нүүрс ухаж л таарна. Түү­нээс хэдэн станц "тэжээ­хэд" хангалттай хүрнэ л дээ.

Уг нь Монголын ирээ­дүйн хөгжлийн нэг том гарц нь эрчим хүчний үйлд­­вэрлэлд байна. Хэрэв монголчууд эрчим хүчний нүүрсээ түүхий­гээр гаргалгүй дулааны станцууддаа боловс­руулж эрчим хүч гаргаж эхэлбэл тэртэй тэргүй өлсгөлөнд орсон Хята­дын зүүн хойд дөрвөн мужийг цахилгаанаар хангахад л төсөөлшгүй их орлого олох байв. Нэг квт цаг цахилгааныг ОХУ-аас дунджаар 100 төг­рөгөөр (Оросууд үнээ нэмж 110 болгож байгаа) орчим төгрөгөөр авч байна. Хэрэв одоогийн үнээр Хятадын цахил­гаан эрчим хүчний дутагд­лыг нөхнө  гэвэл жилдээ 200 000 000 000 төгрөг олох юм. Хятадын хэрэг­цээ бол яг үнэндээ нүүрс биш цахилгаан гэдгийг бид үргэлж бодож байх учиртай.

УС ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ

Цахилгаан станц гэ­дэг зөвхөн нүүрс биш бас ус их хэрэглэдэг эд. Говьд ус байхгүй. Өнөөдөр говьд усны хайгуул, нөөц гэдэг өнөөх зэс, нүүрс­нээсээ ч чухал болжээ.  Чухам тиймээс "Рио Тин­то" илрүүлсэн усны нөө­цөө бусдаас харамлаж, дангаараа ашиглах эрхээ гэрээнд тусгуулах гэж их хичээсэн байна. Хуу­рай­шил нүүрлэж, газар нут­гийн 70 гаруй хувь цөлж­сөн монголчууд өнөөдөр усны төлөө тэмцэлд орж байна.

Одоогоос гурван жи­лийн өмнө "Тайванийн өд­рийн сонин"-д Монго­лын говийн аймгуудаас сон­гогдсон нэр бүхий зургаан улстөрч Хятадад ойр ойр­хон айлчилж, Монголыг Хятадын эдийн засгийн интеграцид нэгт­гэх, алс­даа улс төрийн талаар нэгдэх санал гар­гаж яв­сан тухай өгүүлэл гарч ихээхэн шуугиан тарьж байв. Бүгд яаран эсэр­гүүцэж "пүү пай" бол­сон. Яг тэр үеэр Хэрлэн, Ор­хон голыг говь руу урсгах төсөл хэрэгжүүлэх тухай яриа гараад байсан юм. Хэрэв богино бодвол (үнэндээ богино бодсон) Хятадууд Хэрлэн, Орхон голыг Шивээ Овоо, Таван толгой хүргэж цахилгаан станцаа тэжээх явуулга хийж буй мэт байлаа. Яг үнэндээ хятадууд Мон­голд 2015 он гэхэд нийтдээ 10500 МВт эрчим хүч үйлдвэрлэх чадалтай гурван станц байгуулах сонирхолтой байсан юм. Усны нөөц, хэмжээг тоо­цоод үзвэл энэ хоёр го­лын ус хэд хэдэн томоо­хон станцыг хангах бай­сан. Техникийн тооцоог үзээгүй учраас ингэж багцаалж байна. Газрын гадаргаар ил урсгавал ихэнх усаа ууршуулж ал­дах тул хоолойгоор татах төсөл ч яригдаж байсан билээ.

Өмнө нь харилцаа хүй­­тэн байх үед Хятадууд Хатаны голын бороо буюу Шар мөрнөөс хойш нүүж, говийг чийглэдэг байсан үүлийг тосч буу­даад "бороог нь юүлж" авдаг байсныг мэдэж бай­сан юм билээ, манай­хан. Гималайн өндөр уулс Энэтхэгийн далайгаас эх газарт ирэх чийгийг хаа­даг, харин Гималайгаас эх авч Хөх нуур хүртэлх нутгийг тэжээдэг ганц том гол бол Шар мөрөн буюу монголчуудын хэлдгээр Хатан гол юм. Хатны го­лын бороо баруун хойш Шинжаан руу явдаггүй, учир нь бас л Кунлуний нуруу хаадаг тул салхи зүүн хойш эргэж "Хатны голын бороо" Монголын говьд буудаг байв. Бай­галийн энэ зохилдлого Монголын говийг цөлөөс ялгадаг байжээ. Харин Хятадууд бороо юүлж авсны улмаас баруун өмнөд нутагт 1960-аад оны дунд үеэс 1980-аад оны төгсгөл хүртэл 30 гаруй жил үргэлжилсэн их ган болжээ. Монголын Засгийн газар гангаас зайлахын тулд Зөвлөл­төөс авсан асар их зээ­лээр Гуулингийн талд ус­жуу­лах систем байгуулах хөрөнгө хүч үргүй зарсан том төсөл хэрэгжүүлсэн ч бүтэлгүйтжээ. Шалтгаан нь агаарын чийг эрс ба­гассан халуун говиор зад­гай ус урсгахад ууршаад байсанд оршиж байжээ. Энэ сургамжийг монгол­чууд мартаагүй тул хоолойгоор ус татах нь зөв гэж шийджээ.

Яг тэр үед УИХ-ын гишүүн Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй улстөрчид Хэрлэн голыг урагш эргүүлэх төслийг эсэргүүцэв. Ер нь бүгд эсэргүүцсэн дээ. Хэрлэн мөрний ус Хятад руу "үнэгүй" гарч Далай нуурт цутгадаг "эх оронч бус" гол. Орхон голын тухай урсгалыг өөрчилбөл Өм­нөговийн баруун хэсгийн бүс нутаг цөлжилтөд бүр­мөсөн нэрвэгдэх болно. Өмнөговийн Улаан нуур бол орчмынхоо эколо­гийг тэнцвэржүүлэгч нуур агаад Орхон голын цутга­лан тасарвал Өмнөго­вийн баруун хэсэг говь биш цөл болно. Гэхдээ энэ аймшигт дүр зургаас бид зайлж чадахгүй, учир нь аль хэдийнээ алтны компаниуд Орхон голын савыг сүйтгээд цөл цутгаланг тасалчихаад байна. Үнэндээ би өөрөө "Улстөрийн сонин"-доо "Бүх зүйл Бээжин рүү урсдаг, гол хүртэл" гэсэн агуулгатай өгүүлэл бичиж байсан. Нэг ойрд аялга­тай усны мэргэжилтэн намайг сэнхрүүлэх гээд дийлээгүй юм хөөрхий, мэдээж "хэт үндэсний үз­лээс" маань болсон хэрэг. Алдаа оноогоо тэнцүүл­бэл ямар дүн гарах бол?

Асуудлын гол нь "Тай­ванийн өдрийн сонин"-д тэр үед гайхалтай давх­цаж гарсан өгүүллээс болоод голуудыг говь руу урсгах төслүүд бүрмөсөн сүйрсэн, үүний дараа Хятад цахилгаан станц барих төслөө түдгэл­зүү­лээд байна, тэгээд төмөр замын төсөл орж ирж бай­на. Дөнгөж саяхан "Туул-сонгинын усны төсөл" ч билүү нэг том төсөл сүйрлээ зарлалаа. Нью-Йорк-д хамт явсан Байгаль орчны яамны мэргэжилтнүүдээс сонсо­ход энэ төсөл нь Улаан­баатар хотынхны хэрэг­лэсэн бохир усыг цэвэр­лээд үйлдвэрлэлийн зориулалттай ус болгоод өмнө зүгт хоолойгоор татах зорилготой байсан юм билээ. Нийт өртөг нь 22 тэрбум төгрөг байсан, 12 орчмыг цуглуулаад байтал станцын төсөл баларсан тул одоо хувь­цаа эзэмшигчдийн мөнгө "царцчихаад" байгаа ба төслийнхөн үйл ажил­лагааныхаа чиглэлийг өөрчилж, хөрөнгө оруу­лалтын сан болох хүсэл­тээ санхүүгийн зохицуу­лах хороонд гаргажээ. Тэд цуглуулсан мөнгөө­рөө Ашигт малтмалын хуулиар орд эзэмшигч хувьцааныхаа 10 хувийг  Монголын хөрөнгийн биржээр зардаг болох тэр цагийг хүлээж байгаа нь лавтай. Буруутгах аргагүй зөв гарц байх л даа.

Ингэснээр монгол­чууд наагуур хэлбэл Хята­дад цахилгаан худалдаж баяжих, цаагуур хэлбэл Хятадыг эрчим хүчээр ха­раат болгох боломжоо­соо улам бүр холдох болов. Гайхалтай гэнэн бодсон сүржигнэлээсээ болж алдсан байна гэж хожим бодсон билээ. Ха­рин энэ үйл явцын дунд Ж.Наранцацралт агсан, Л.Одончимэд, Ц.Шара­в­дорж нарын улстөрчид их хэлмэгдэн хохирч, дэвш­сэн нь УИХ-д сонгог­доогүй. Алдсан нь бид Хятадын сонирхлыг да­гуулж тоглосон бол Хята­дад эрчим хүч экспорт­логч болох үүдийг нээх байжээ. Гэхдээ амаа барих эрт, ийм боломж одоо ч байгаа байх.

Харин өнөөдөр бид юу гэж ярьж байгаагаа анзаарав. Хүн үе үе хөнд­лөнгөөс харж байхгүй бол хүн өөрийнхөө юу ярьж байгааг анзаардаггүй юм. "Эрчим хүчний нүүрс бол шороо, коксжих нүүрсээ үнэ хүргэж заръя, Японд, Оросод, Өмнөд Солон­гост худалдъя л гэж байна. Юун эрчим хүчний нүүрсний экспорт, аль эрт мартаад түүхий нүүрсээ гаргах, яаж шорооноос жаахан үнэтэй гаргах вэ?" гэж ярьж байна, ядаж үнэ­тэй гаргах дээрээ зогсоо­сой гэж залбирна. Манай гол алдаа нь эрчим хүч­ний нүүрсний стратегийн ач холбогдлыг төдийлөн ойшоолгүй "шороо" хэ­мээн хөсөр хаяад жаахан үнэтэйгээр нь коксждог нүүрсэнд хамаг анхаар­лаа хандуулсанд оршиж байна. Гэтэл хятадууд Монголоос коксждог нүүрс зөөж байна гэж бодож байна уу? Үгүй юм, эрчим хүчний нүүрс л зөөж бай­на. Монголчууд ашиг ал­даад, үнэ муутай эрчим хүчний нүүрсээ яаж бу­шуухан далд оруу­ла­хаа бодож байхад хята­дууд хэрэгтэй хэр нь хэрэг­гүй гэж гэдийж байгаад үнийг нь навс унаган, дотоод мужийнхаа үнээр авч бай­на. Ийм бооми­лолтын нэгэн жишээ саяхан боллоо.

Үргэлжлэл бий...
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив