Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Эрчим хүчний төлөөх дайн
2010 оны 6 сарын 22 [Уншсан тоо: 32865]
Үргэлжлэл...

Хятад боомилолт

Энэ бол Хятадын шалгарсан арга. “Оюу толгой” төслийг батлахын өмнөхөн энэ асуудлаас болоод “Рио Тинто”, Авсрали ба БНХАУ-ын харилцаа муудсан билээ. Хятадууд Шанхай дахь “Рио Тинто”-гийн төлөөлөгчийн газрын ажилтнуудыг баривчлан хорьсон юм. Хариуд нь “Рио Тинто” ба “ВНР биллитон” төмрийн бойкот хийжээ. Бойкот хоёр талын оролцоотой явагдсан. Хятадын Засгийн газар компаниудын гол үйдвэрлэл төмрийг авахаас татгалзаж дарамт үзүүлэхийг зорьсон, харин нөгөөдүүл нь урьтаад бойкот хийжээ. Хятадын тал компаниудад хуримтлагдсан төмрийн үнийг унагаж сүйрүүлээд “Рио”-г буулгаж авахын тулд асар их төмөр дэлхийн зах зээлд нийлүүлсэн, ингэснээр хямд төмөр их хэмжээгээр худалдан авч чадна гэж тооцож байжээ. Хятадын “Чайналко”-гийн гарт “Рио Тинто”-гийн хувьцаанаас авахаар төлөвлөөд хэрэгжээгүй 19 тэрбум ам.доллар байсан юм. Харин цаадуул нь төмрийн нийлүүлэлтээ зүгээр л багасгажээ. Өнөөдөр төмрийн үнэ өсөж байгаа ба Хятад гангийн нөөцийн хомсдолд оров. Гэвч Хятадууд коммунист шаргуу зангаараа бууж өгөхийг хүсэхгүй байна. Жижиг улс, жижиг компаниуд Хятадын дарамт шахалтыг сөрж хүчирдэггүй бол үндэстэн дамнасан корпорациуд синдикат байгуулбал ямар ч том улсыг сөрж чаддаг юм. Энэ бол магадгүй Ху Жинтаогийн залгамжлагч гэгдэж байгаа Си Жинпиний “Монголын чиглэлд ямар ресурсыг хайрлахгүй ашиглах” санааны үр дүн байх.

Үүний дараа бас нэг гайхалтай давхцал ажиглагдсан байна. Гэрээг хэлэлцэж эхлэхэд баривчилсан “Рио Тинто”-гийн ажилтнуудыг төслийн ТЭЗҮ-ийг батлах үетэй давхцуулан шүүсэн нь санамсаргүй зүйл үү? Ажилтнуудад авилгын хэрэгт нь өндөр ял оноосон ч “Худалдааны нууц” задруулсан тухай ял нь их эргэлзээтэй байна. Учир нь “Шүүх хуралдааны тэр хэсгийг хаалттай хаалганы цаана хэлэлцсэн” гэж Австралийн гадаад хэргийн сайд Stephen Smith хэлсэн нь анхаарал татаж байна.  “Rio Tinto” мөн худалдааны нууцын асуудлаарх баримтыг хараагүй тул тэр талаар мэдээлэл хийхгүй гэж мэдэгдсэн байна. Мөн авилгын хэрэгт орооцолдсон нь нотлогдсон гэж үзээд дээрх ажилтнуудаа ажлаас нь халж байгаагаа мэдэгджээ. Үүний өмнө “Рио Тинто” буулт хийж Хятадын талтай өөр улсад хөрөнгө оруулахдаа хамтрах гэрээ байгуулсан ч Хятадууд зүтгэсээр байсан билээ. Монгол Оюу толгойн ТЭЗҮ батлагдсаны яг маргааш нь “Рио Тинто”-гийн ажилтнуудад ял оноосон байна. Энэ мэт гайхалтай давхцлууд л асуудлын шийдэлд нөлөөлөх оролдлогуудыг илчилсээр байна.

Туршлагууд

Нүүрсний төлөөх Орос-Хятадын өрсөлдөөн аажимдаа ураны ордууд руу халтирч орсон юм. Нефтийн үнийн өсөлтөд сагасан Оросуудын шаргуу давшилтыг хаах өрсөлдөөнд ялагдаж болзошгүйгээ тооцсон Хятадууд эрчим хүчний түүхий эдийн стратегиа өөрчилж ураныг ихээр сонирхож эхэлсэн байна. Харин ураны ордуудын талаарх бүх мэдээлэл Оросуудын гарт байлаа. Тэр ч байтугай ураны ордууд руу татсан төмөр замын салааных нь гол нь Борзая-Чойбалсангийн төмөр зам хэвээрээ, гагцхүү салаа нь байсан Мардайн төмөр зам л сүйдсэн ч далан нь байж л байв. Хятадууд Монголын асуудлаар хэт хатуурхсаныхаа төлөө учирсан хохирлоосоо сургамж авчээ. Өнөөдөр төмөр зам тавих, нүүрс олборлох зэрэгт хэдийгээр Хятадууд найрсаг хөрөнгө оруулалт санал болгосоор байгаа авч Монголчууд итгэхгүй байна. Энэ үл итгэх байдал л Хятадуудад хамгийн их гай болж байгаа юм. Гэтэл Хятадад эрчим хүч юу юунаас илүү хэрэгтэй. Тиймээс Монголчууд Оросуудад ч, Хятадуудад ч болгоомжтой хандаж байгааг мэдсэний дээр гуравдагч хөршид итгэл үзүүлж болзошгүй гэсэн дүгнэлтийг Оюу толгойн гэрээний дараа хийсэн тул Таван толгойн ордод Америкийн “Пибоди”-тай хамтрах санаачлага гаргаж эхэлсэн бололтой. Худалдан авагч нь Хятад учраас Америкчууд Хятадын саналаас татгалзах учиргүй юм.
 
Хятад Дорнодын ураны ордуудад газрын тосны ордыг эзэмшсэн туршлагаа ашиглахаар шийджээ. Энэ ямар туршлага вэ? Гуравдагч болон барууны орнуудын компаниудаар халхавчлан ордуудыг эзэмших туршлага. Анх ийм туршлагыг “Соко ойл” компаниас олж авсан юм. “Соко ойл” Монголд газрын тосны хайгуул олборлолтод 70 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба олборлосон газрын тосоо БНХАУ-д гаргадаг байв. Монголд газрын тос нэрэх үйлдвэр байхгүй, дэд бүтэц хөгжөөгүй тул төвийн районд барихаар төлөвлөж байсан үйлдвэрүүд рүү зөөх бололцоогүй байв. Нөгөө талаас монголын Засгийн газар маш хүчтэй шахаж дарамталсан тул хувьцаагаа Хятадын “Дачин” компанид худалдчихаад яваад өгсөн.

Энэ үед Налайхад “Оюуны ундраа” компани, Найрамдал орчим “Алтан дорнод Монгол” компани газрын тос нэрэх үйлдвэр байгуулахаар бэлтгэж байсан юм. Налайх дахь үйлдвэр баригдлаа ч Дорнодоос түүхий нефть татах төмөр зам байхгүй гэсэн шалтгаанаар төсөл нурсан. Автомашинаар татвал хэтэрхий өндөр өртөгтэй бүтээгдэхүүн гарах байв. Харин Паушок Оросоос түүхий нефть татаж Монголд нэрж зарах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Харин ОХУ-ын Ерөнхий  сайд М.Фрадков түүнийг нь илт таашаагаагүй юм. Тухайн үед Оросоос шатахуун экспортлоход өндөр татвартай, харин түүхий нефть экспотлоход бага татвартай байсан юм. ОХУ нефтийн үнийн өсөлтөөс асар их ашиг олж, эдийн засаг нь дэвжиж байсан учраас түүхий нефтийн татвараа нэмдэггүй байсан ба хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд, хараат орнуудаа шатахуунаас хараат байлгахын тулд нефть бүтээгдэхүүний татварыг өндөр тогтоосон байв. Харин хуулийн энэ цоорхойг ашиглан олон орон түүхий нефть авч дотооддоо шатахуун үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангадаг байсан билээ. М.Фрадков “Чингис” зочид буудалд болсон бизнес форумд газрын тосны үйлдвэрийнхээ төслийг танилцуулахыг зорьсон Паушокийг шууд ил загнаж болиулсан юм. Монгол Улс өнөөдөр ОХУ-ас хоёрхон зүйлээр цахилгаан, шатахуунаас хараат байна. Оросууд энэ хоёр бахинаасаа Монголыг суллахыг хүсэхгүй байна.

Чухам ийм шалтгаанаар Монгол дахь нүүрсний ордуудыг авахын тулд хүчтэй дарамт үзүүлсэн, Таван толгойг авах хэлэлцээр нь бүтэлгүйтсэнд бухимдсан тэр буцахдаа онгоцон дотроо ярьж байснаараа, тэр намраа шатахууны экспортын татвараа нэмж байсан билээ. Тиймээс нүүрсний ордуудын төлөө маш идэвхтэй тэмцсэн бөгөөд гайхалтай нь Таван толгойн төлөө Москвагийн бүлэглэл, Питерийн бүлэглэл талцан тэмцсэнээс ордыг мэдэлдээ шууд авчихаж дөнгөөгүй юм. Ингэсээр байтал хямрал нэрвэж, Москва-Питерийн бүлэглэл нэгдэж Монголын нүүрсний ордын төлөө одоо үзэлцэж байна. Хоёр хөршийн бахинд орсон Монголчууд дотроо хэмлэлдсээр цахилгаан станцгүй үлдсэн, дээрээс нь Оросууд хямралд нэрвэгдмэгц Хятадууд давшиж, Монгол дахь нүүрсний ордуудыг хянахын тулд төмөр замын төслүүдээ санал болгож эхэлсэн түүхтэй. Гэхдээ Якунины шаргуу зүтгэлээр Монгол ганцхан стандартын өргөн төмөр замтай болох шахсан, гэхдээ асуудал эцэслэх яагаа ч үгүй байна.

“Ухаа худаг” хүртэл нарийн төмөр зам тавих төсөл бүтэлгүй болмогц байгаль орчны сайд Л.Гансүх гэнэт идэвх гаргаж “Говийн экологийг сүйтгэж буй том машинуудын хор хохирлыг багасгах” зорилгоор “Энержи ресурс” зэрэг компаниудыг оролцуулсан гэнэтийн хурлархуу юм хийгээд хил хүртэл авто зам тавих болсон билээ. Үүнийхээ дараа тэрээр голын хөвөөнд хаус авсан. Өөрөө болохоор жаахан томсгосон л гэдэг. Түүнийг нь бичсэний төлөө эрүүгийн хэрэгт татах гэж оролдож байгаа. Гэхдээ энэ асуудлаар айна ч гэж юу байхав, яагаад цаг хугацааны ийм давхцлаар байр авсан бэ? Мөнгөө төлсөн үү гэдгийг шалгуулах өргөдлөө АТГ-т өгөх санаатай байна. Энэ бол зүгээр нэг байр савны асуудал биш, үндэсний аюлгүй байдлын асуудал учраас нэг муу “кирлийний наймаачин” бага гарын луйварчин золио болоход харамсах юм байхгүй л дээ. Бас Тагнуулын хуулинд орох өөрчлөлт хойшилж байгаа, гадны тусгай албад идэвхжиж, Засгийн газрын гишүүдэд нөлөөлж байгаа тухай асуудал ч үүнд холбогдох байх гэж бодно. “Энержи ресурс” зэрэг нүүрс зөөдөг компаниудад зуйрснаараа Ерөнхий сайддаа тал олсон гэж бодож байгаа бол асуудал огт өөр түвшнийх юм л даа.

Төмөр замын бодлогын асуудал гацаж буйн шалтгаан нь Х.Баттулгын зүтгэлээр батлагдах шахсан төмөр замын төслийг Ерөнхий сайд эрх мэдлээрээ түрж мэдэлдээ авснаас болсон байна. Нэгэнт локомотив Х.Баттулга шахагдсан тул асуудал цаашдаа яах нь туйлын тодорхогүй болжээ. 1000 вагон, хөдөө аж ахуйн тэр дундаа газар тарилангийн салбарт үзүүлэх 300 сая ам.долларын тусламжийн түүхийг уншигчид сайн мэдэх тул эрчим нөгөө эх үүсвэр ураны ордын асуудалд анхаарцгаая. 

С.Баяр Ерөнхий сайд болоод Орост ашигтай гурван алхам хийсэн байна. Нэгд, Шивээ-Овоогийн ордын лицензийг улсын мэдэлд авч, стратегийн ордод бүртгэсэн, хоёрт Таван толгойн ордын лицензыг мөн хураан авч улсын мэдэлд авсан мөн л стратегийн орд болгосон, гуравт ураны ордуудыг ч мөн улсын мэдэлд авч, түүгээр зогсохгүй Оростой хамтран ашиглах эхний алхамуудаа хийсэн юм. Мэдээж орд стратегийн зэрэглэлтэй болсон. ”Стратегийн орд” гэдэг шинэ ойлголтыг тэр маш чадмаг ашигласан юм. Ураныг Оросуудтай хамтарч ашиглахыг тэр зөвшөөрсөн бөгөөд ингэснээр Монголын нутаг дээрх эрчим хүчний тэмцэлд ялах тун таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.

“Оюу толгойд” Оросын сонирхол бараг байгаагүй юм, дотооддоо зэс хайлах үйлдвэргүй, хамгийн орчим үеийн үйлдвэр нь Казахстаны мэдэлд очсон Оросууд Оюу толгойд алалдсанаас Удганы ордоо ашиглахыг илүүд үзжээ. Боломж хийгээс сачий байсан бол авчих санаа бол байсан, Оюу толгойн төлөө урваганасны учир нь Таван толгойг л барьцаалахын тулд шахалт үзүүлэхэд чиглэсэн байснаас Оросын талаас зэсийн нэг ч томоохон төсөл ирээгүй, тэгээд ч “Оюу толгойн” ордыг нээсэн эрх нь “Айвенхоу майнзад” байсан билээ. Оросуудын стратеги сонирхол ч гэсэн Монголын өмнөдөд Хятадын эдийн засгийн шаргуу түрэлтийг зогсооход хамжаа болох гуравдагч хэрэгтэй юм.

Ураны төлөөх уран мэх

Харин энэ зуур Хятадууд ураны ордуудыг мэдэлдээ авахаар ажиллаж байлаа. Ураны ордууд голдуу канадын компаниудын мэдэлд байлаа. Гэвч Канадын жижиг компаниуд аюултай. Тэд “Рио Тинто” шиг эцсийн ашгийн төлөө хятадуудтай тэрсэлдэхгүй, боломжийн ашгаар лицензээ зарахыг үргэлж хичээж байдаг юм. Хайгуулын ажил нэг их хийдэггүй ч хуучин ЭЗХТЗ-ийн үеийн баримтыг гартаа оруулж аваад ордын нарийвчилсан хайгуул хийсэн нэрээр үнээ өсгөөд Хятадуудад зарахыг урьтал болгодгийг бид мэддэг. Зөвхөн ураны ч бус нүүрсний олон орд ийм замаар Хятадуудын гарт орсон бөгөөд “барууны” гэж ойлгодог Канадын компаниудад тавьдаг хяналтаа сулруулсан бид олонтаа хууртаж байгаа билээ.

Хятадууд ч үүнд нь гаршиж, боломжтой ордуудыг канадуудаас мөнгө цохин авдаг юм байна. Ингэхдээ тухайн компанийн хувьцааг худалдан авах хэлэлцээр хийж, хяналтын багцыг эхлээд гартаа оруулна. Шууд Хятадын компанийн нэр дээр авбал гэрэл цохиж мэдэх тул Канадын компанийг хэвээр байлгахыг зорьдог. Хэлэлцээр хийдэг гол зангилаа нь Канадын “Торонтогийн хөрөнгийн бирж”. Канадын хуулиар 300 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн дурын хүн тус улсын иргэн болж болдог. Тэр “иргэн” компани байгуулаад Монголын ордуудад нэвтрэх, эсбөгөөс канадын хайгуулын жижигхэн компанийн мэдэлд байгаа ордуудыг судлаад хувьцааных нь хяналтын багцыг бирж дээрээс хамж авах замаар өөрийн болгодог байна. Хэдийгээр Монголчууд хүчгүй мэт авч шийдэмгий хөдлөхөөрөө стандарт бус алхам хийдэг, түүнээс Хятадууд маш их болгоомжилдог билээ. Ийм сургамжаас Хятадууд хаширсан, нэгэн жишээг өгүүлье.

Чейнбрайтын хэрэг явдал

2007 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 11 цаг 24 минутад “Чейнбрайт” ХХК ашигт малтмалын ашиглалтын лиценз авах өргөдөл гаргажээ. Манай ашигт малтмал  газрын тосны хэрэг эрхлэх газар шуурхай ажиллахдаа тулбал бас ч сайн ажилладаг. Ердөө гурав хоногийн дотор тус компанийн захирал Ж.Вей гэгчид “Шинэбулаг-1” нэртэй газарт 1410 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ бол ураны орд газар байв. Ашиглалтын лиценз авснаар шууд олборлох боломжтой болно гэсэн үг.

Тухайн үед ураны хайгуулын лиценз арваад компанид, ашиглалтын тусгай зөвшөөрөл нэг компанид олгосон байгаа гэж үйлдвэр худалдааны сайд Д.Наранхүү УИХ-д мэдэгдсэн нь энэ тухай өгүүлсэн хэрэг байв. “Чейнбрайт” компани Дорнод Монголын талд 12 580 га газар хайгуулын лицензээр эзэмшдэг. Мөн 2290 га газарт нүүрсний, дээр дурдсан 1410 га газарт ураны ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй болсон байна.

Уран ордын зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар АМГТХЭГ-ын кадастрын бүртгэлийн төвийн дарга С.Ганбаатар олгожээ. Тэрээр АН-ын гишүүн. Үе үе хожоотой юманд гар дүрэх дуртай этгээд байв. Орхон аймгийн Баян-Өндөр дэхь “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн ашиглалтын талбайд хамрагддаг 2078 дугаартай лицензийг хувь хүнд /Н.Энхбаярт/ олгож байсан. Энэ нь Эрдэнэтийн зэс молибдений ордын хамгийн сайн агуулгатай хэсэг байсан бөгөөд энэ асуудал нь илэрснээр УИХ-д хүрч яригдахад мань хүн албан тушаалаас огцорсон, гэвч удалгүй ахин дэвшиж АМГТХЭГ-ын сонгон шалгаруулалтын хэлтсийн дарга болчихсон цохиж явсан юм. Жижиг жараахай ийм наймаа хийдэггүй, үүний ард хэн байв? Наймааны нууц ноёнтон нь Ардчилсан намаас дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Бадамдамдин байлаа. “Чейнбрайт” компани БНХАУ-ын томоохон компаниудтай байгуулсан өндөр өртөгтэй гэрээ хэлэлцээрүүдийн талаарх баримт тарснаар ордын лицензийг цуцалсан юм. Тус компанитай холбоотой хэсгийг товчлон орчуулаад хүргэж байна.

Мэдээллийг гаргасан компанийг “Групп” гэе.
“… 2007 оны 4 дүгээр сард “Групп” тодорхой бие даасан гуравдагч талтай гэрээ хэлэлцээр хийхээр болсон. Улмаар “Chain Bright /Чейнбрайт/” LLC-ийн 51.8 хувийн худалдан авахаар зөвшилцсөн. Тус компани 100 сая хонконг долларын /НК$/ үнэлгээ бүхий үйл ажиллагаа Монголд эрхэлдэг. “Чейнбрайт” нь Дорнод Монголын 12 580 га газар хайгуулын лиценз эзэмшдэг юм. Энэхүү хэлцлийн нөхцөлд тусгагдсан “Чейнбрайт” компанийн санхүүгийн байдал, нөөц нь тогтоогдсон нүүрс, уран болон бусад ашигт малтмалын хэмжээ, мөн гуравдагч талаас лицензийг худалдаж авах зардал зэрэгт “Групп”  сэтгэл ханамжтай байгаа юм.

Гэрээнд зааснаар “Чейнбрайт”-ийн эзэмшиж буй лицензийн 2290 га-д нүүрсний орд, 1410 га-д ураны орд буй бөгөөд группийн Монгол дахь төлөөлөгчид “Чейнбрайт” болон Монголын Засгийн газрын эрх бүхий хүмүүстэй тохиролцож байна. Харин “Групп” болон гуравдагч талууд 2007 оны 11 сарын 17 хүртэл гэрээний нөхцлийг улам сайжруулахаар тохиролцоо хийж чадна. Групп цаашдын нүүрс олборлох үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 2007 оны 6 дугаар сард “Tjanjin Huihai New Enegy” компанитай хамтарч ажиллах, Хятад улсад нүүрс нийлүүлэх тусгай гэрээ хэлэлцээрт хамтран ажиллахаар болсон.

2007 оны 8 дугаар сар гэхэд “Чейнбрайт” Хятадын цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн корпорацид /China Nuclear Energy Industry Corporation/ нэгдэн ажиллахаар болов. Улмаар хоёр тал Монголд болон бусад бусад орон дахь ураны нөөцийг хамтран судлах, үйл ажиллагаа явуулах болсон байна.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд Хятадын цөмийн /China nuclear/ компанитай хамтран хөрөнгө оруулж, Хятадын ураны бүтээгдэхүүний худалдааг хариуцан ажиллахаар болжээ. Хятадын цөмийн компани нь Хятадын Үндэсний Цөмийн Корпорацийн салбар компани бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас зөвшөөрөгдсөн, тус улсын нутаг дэвсгэр дээрх цөмийн үйл ажиллагаа, гадаад худалдаа, атомын цахилгаан станц, түүний үйлдвэрлэлийг эрхлэх цорын ганц компани юм. Хятадын цөмийн компани  болон түүний эзэн групп нь Монгол дахь ураны олборлолт, хөрөнгө оруулалтад техникийн болон олон талт дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.

Хятадын цөмийн компани, “Tjanjin Huihai New Enegy” компанитай тогтоосон хамтын ажиллагаагаа баталгаажуулахын тулд /Чейнбрайт/ компанийн шинээр гаргах тэрбум ширхэг хувьцаа тус бүрийг туршилтын үнэ 0.201 HK$-ын үнээр худалдаж авахаа албан ёсоор амлаад байна. Ингэснээр тус амлалт нь гэрээг хоёр жилийн дотор амжилттай хэрэгжиж дуустал хүчинтэй байх юм. Энэ компани Хятадын цөмийн компанитай нэгдэхээ мэдэгдсэний дараа 3 сарын дотор үүнийг хоёр тал зөвшөөрсөн бөгөөд цаг үеийн үйл ажиллагаа процедураас хамаарч гэрээ эцсийн шатандаа орох болно. Энэ нэгдлийн талаарх тодорхой мэдээ мэдэгдлийг 2007 оны 8-р сарын 13-нд компани олон нийтэд танилцуулсан болно…” гэжээ.

Үүний дараа АМГТХЭГ-ын дарга байсан Лу.Болд ураны ашиглалтын лиценз олгосон шийдвэрийг хүчингүй болгожээ. ТЕГ бас лицензийг хүчингүй болгохыг шаардсан байна. Хятадын дотоодын эрчим хүчний өлсгөлөн Монголд нүүрс бас уран шаардах хэмжээнд хүрснийг үүнээс харж болно. Ийнхүү Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс болохоо дэлхий дахинд зарлаж, Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудаар баталгаажуулж авснаасаа 10 орчим жилийн дараа цөмийн зэвсэгтэй хөршдөө түүхий эд нийлүүлэгч болох шахжээ. Ураныг зөвхөн энхийн зорилгод ашиглана гэсэн баталгаа хэн ч гаргаж өгдөггүй.

Эндээс Хятадын зүгээс аливаа ордод хяналтаа тогтоодог схемийг өмнө бичсэнийг батлаж болно. “Чейнбрайт” нь БНХАУ-д бус Хонгконгод бүртгэлтэй компани байлаа.

Хоёр дахь наймаа буюу “Ханресорз”

С.Баяр Ерөнхий сайд байхдаа ураны ордуудыг стратегийн ордод бүртгээд хоёрдогч, гуравдагч улстай хамтран ашиглахын тулд Оросын бүцийг Монголд хуулбарлан тавьсан юм. Цөмийн эрчим хүчний агентлаг ба түүний дор ажилладаг “МонАтом” компани байгуулагдахад яагаад ч юм даргаар нь “Чейнбрайтын наймааг” зохион байгуулагч Р.Бадамдамдин томилогдсон юм. Яагаад ийм хүнийг чухамдаа бол найдваргүй нь эрт тодорсон хүнийг томилсныг гайхаад барахгүй байв. Гэхдээ хэзээ нэгэн цагт урантай холбоотой том луйвар-наймаа хийнэ гэдэг нь тодорхой байсан учраас удаан хугацаагаар харзнаж байв. “Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв” гэгчийн үлгэрээр орж Р.Бадамдамдин “Бороо гоулд”-д Бороогийн алтны ордыг өгсөнтэй агаар нэгэн гэрээг байгуулчихсан байна. Өмнө нь барьсан байшингаа Тайваньчуудад овоохон үнээр зарж байсан, хамт аялагч “найзуудынх нь” Бээжин дэхь адал явдлынх тухай итгэмээргүй мэдээллүүд тагнуулынхны ярианы сэдэв болдог энэ эрхэм яагаад ингэж улайрсан юм бол?

Уг нь асуудлыг цөмийн эрчим хүчний агентлаг мэдэх ёстой авч “МонАтом” дур мэдэн хийсэн. Гэрээг Дорнодын ураны ордыг эзэмшигч “Ханресорз” компанитай байгуулжээ. Үүнийг нь цөмийн эрчим хүчний агентлагийн дарга Энхбат эсэргүүцээд одоо бараг албаа тушаасан байх. Гэхдээ С.Баярын Засгийн газрын бодлого уламжлагдаж, лицензийг “Хан ресорз”-оос булаагаад авчихсан юм. Ингэснээр Хятадууд бас л ураны талбарт ялагдлаа. Үүний дараа ОХУ-ын Ерөнхий сайд асан “РосАтом”-ын дарга Сергей Кириенко ялалтаа яаран зарласан.

Уг нь бол энэ үйлдэл  шударга биш л дээ, гэхдээ энд шударга ёсны тухай биш бодлогын асуудал ярьж байна. “Хан ресорз” Зөвлөлтийнхний ашиглаж байгаад консерваци хийгээд хаяад явсан ордыг сэргээж ашиглаж байсан юм. Хятадууд дорнод дахь одоогоор нээсэн хоёр ордыг алдсаныхаа дараа “Ханресорз”-ыг сонирхож эхэлсэн нь сүүлчийн найдлага байсан. Торонто дахь хэлэлцээрүүд амжилттай болж, Хятадууд компанийн хувьцааны үнэмлэхүй хяналтын багцыг авахаар болж, Монголын талаас “МонАтом” маш ашигтай ашиглалтын гэрээг хүчээр байгуулсны дараа ийм гэнэтийн юм болно гэж байхуу даа, та минь.  Ийнхүү Оросууд Монголын уранд үнэмлэхүй хяналтаа тогтоогоод байна. Энэ бол Монгол дахь эрчим хүчний түүхий эдийн төлөөх дайны түүх юм. Дайн үргэлжилж байгааг мартаж болохгүй.

Уран гэж юу вэ?

Уран бол эрчим хүчний ирээдүй юм. Түүнийг бараг бүхэлд нь дэлхийн томчууд хянаж байдаг ба олборлолтоороо Канад, Австрали, Казахстан, Орос, АНУ, Украйн, Хятад гэсэн дараалалтай аж.

Компаниудын хувьд гэвэл дандаа томчууд оролддог эд. Оросын уран олборлолт бараг бүхэлдээ Байгалийн чанад, түүний дотор 97 хувь нь манай хойхон Чита мужид байдаг юм. Ингээд одоо манайх нэмэгдэж байна. Хэдхэн жилийн өмнө Оросууд “РосАтом” гэсэн төрийн өмчийн томоохон корпораци байгуулж, тэр нь уран болон цөмийн холбогдолтой бүх асуудлыг хариуцдаг болсон. Түүнийг Оросын Ерөнхий сайд байсан Сергей Кириенко даргалдаг бөгөөд тэрээр Д.Медведевтэй хамт манайд ирж том бөгөөд ашигтай гэрээ хийж амжсан.

“Росатом”-д том гэсэн үг дэндүү багадана. Тэд дэлхийн баяжуулсан ураны 40 гаруй хувийг хянаж, мөн 40 гаруй оронд нийлүүлдэг. Мөн Герман, Солонгос, Японд салбаруудтай. Энэ бол геополитикийн сөргөлдөөний асуудал болох нь нэгэнт тодорхой юм. Bloomberg-ийн мэдээллээр 2015 онд ураны хэрэглээ 2009 оныхоос 19% өсөх ба Дэлхийн цөмийн ассоциаци 2030 он гэхэд ураны эрэлт 30% хүрнэ гэсэн прогноз хийжээ. Өнгөрсөн оноос хойш энэ оны 7 сар гэхэд ураны үнэ аль хэдийн 20 хувь өссөн бөгөөд 2009 оны сүүл гэхэд 20 хувь өснө гэж Оросын голлох экспертүүд үзэж байна.

Ураныг нээлттэй зах зээл дээр наймаалдаггүй, голдуу удаан хугацааны, хоёр талын гэрээгээр гүйцэтгэдэг байна. Сергей Кириенко: “Ураны үнэ тогтвортой бөгөөд системтэй өсөх бөгөөд хямрал манай салбарт огт нөлөөлөхгүй” гэж дүгнэсэн байна. Энэ бүлгийг судлаач Ганхуягийн бичсэн “Баярлах уу, уйлах уу?” өгүүлэлээс авлаа. /www.ganaa.mn. 2009.09 сар/ Хэдийгээр надад асар их баримт, тэр тусмаа энэ салбарын яамд, агентлагуудын, бас сонирхогч компаниудын цуглуулсан мэдээлэл байгаа авч Ганаа ахын цуглуулан нэгтгэн дүгнэсэн мэдээлэл хамгийн оновчтой, нэмэлт дүгнэлт хийх шаардлагагүй байдаг учраас ямар ч эргэлзээгүй ишлэж байна.

Судлаач Д.Ганхуягийн гурван сар гаруй нямбай цуглуулсан мэдээллийг цааш үргэлжлүүлэхдээ Монголын уран ба эрчим хүчний нүүрсний талаарх сэдвүүдээ олон улсын эдийн засгийн үзүүлэлтүүдэд түшиглэн нэгтгэе. “BP Statistical Review of World Energy”-ийн 2008 оны сүүлийн мэдээгээр нийтдээ 70 гаруй орон нүүрс олборлодог хэдий ч дэлхийн нүүрсний нөөцийн 28,6 хувь АНУ, 18,5 хувь Орос, 13,5 хувь Хятад, 9,0 хувь Австрали, 6,7 хувь Энэтхэгт ногддог аж. Харин дэлхийн нүүрсний үйлдвэрлэлд Хятад 41,1 %, АНУ 18,7 %, Энэтхэг 5,8 %, Австрали 6,9 хувь, Өмнөд Африк 4,8 %, харин Орос 4,7 хувийг тус тус эзэлдэг байна.

Сүүлийн арван жилд Ази-Номхон далайн бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэл хоёр дахин өссөн байхад Хойт Америкийнх хуучин хэвэндээ, харин Европынх буурсан байна. “World Energy Outlook” олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор 2030 он гэхэд нүүрсний цахилгаан эрчим хүч 44 хувиар өсөх аж. Ингэхлээр 270 гаруй жилийн нөөцтэй гэж тооцож буй нүүрс ойрын ирээдүйд эрчим хүчний гол эх үүсвэр болох нь тодорхой байна. Чухам энд л гол баялаг, бас түүнийг дагалдсан аюул /ашиг?...А.Б/ байгаа...”

Хятадууд өнгөрсөн хугацаанд Монголд эрчим хүчний эх үүсвэрийн төлөө хэд хэдэн оролдлого хийсэн ч амжилт олоогүй байна. Хятад бол өөртөө нүүрсний агуу нөөцтэй л дээ. Гэхдээ Хятадын сонирхол нь давших биш хамгаалахад чиглээд байх шиг байна. Өөрөөр хэлбэл ирээдүйд бусдаас эрчим хүчний хувьд хараат болохгүйн тулд ойр орчмын нөөцүүдийг хянахыг оролдож байна. Ахин хэлэхэд Хятадын эмзэг тал нь эрчим хүчний дутагдал л юм. Өсөн нэмэгдэж буй эдийн засагт нь хамгийн гол шаардлагатай витамин бол эрчим хүч. 

Одоо Хятадууд ахиад нэг алхаж байна. Энэ удаад яг Оросын замаар. Оросууд газар дарилангийн салбарт 300 саяыг өгсөн бол Хятадууд мал аж ахуйд 300 саяыг өгч байна. Таван толгойн ордын асуудал УИХ-аар ормогц найрсаг хөрш гүрний Ерөнхий сайд айлчлан ирж ихээхэн бэлэг өгөөд буцлаа. “Вэнь Зябао даргын айлчлал Монголын хүүхдийн баяртай давхцсан нь санамсаргүй сайхан үйл явдал боллоо” гэж БНХАУ-ын ГХЯ-наас айлчлалын үр дүнг дүгнэхдээ мэдэгджээ. Вэнь хүүхдүүдэд их бэлэг өгсөн. Хятадын энэ тусламж дэмжлэг нь хөрөнгө оруулалтын хаалгыг нээхийн зэрэгцээ Монгол дахь улстөрийн тогтвортой байдлыг хангахад чиглэж байна.

Бүс нутагт тодорхой хэлбэл хэзээ ч билээ Аскар Акаевын хэлсэн “Ардчиллын арал” Киргизэд аймшигт хэрэг явдал болж байна. Монголд 7 сарын 1-ний хэрэг явдлын дуулиан намжаагүй байна. Манай эрх баригчид, түүний суртал нэвтрүүлэгчид ч Монголыг Азийн “Ардчиллын арал” шахуу л ярьдаг. Тиймээс Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлт, дотоодын улстөрийн, үндэсний тогтвортой байдалд Монголын нөлөө их учраас Монголыг “Эебээр засаж” байна. Залуу туршлага багатай Си Жинпиний оронд тэвчээртэй, айхтар холын бодолтой Вэн Зябао гарч ирлээ. Одоо Хятадыг хэд дэхээ ч юм бэ? гомдоох болов уу? Манай унхиагүй эрх баригчид хэрэв буулт хийдэг юм бол ухаалаг л байгаасай, наад зах нь төмөр замын бодлогоо гацаачихсан байна. Бууж өгч байгаа юм биш биз?

Гэхдээ бодлого Орос руу хэт саваад байгаа энэ үед Хятадын “хамгаалах стратегийг” ашиглах нарийн ухаан байвал бид эрчим хүч экспортлогч болохын төлөө бүхий л боломжоо дайчлах ёстой. Ингэвэл бид аль ч ордоос олохооргүй их ашиг, эрх ашгийг олж авч чадах юм биш үү?

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив