Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ертөнцийг хэн маань эрхшээх вэ буюу “чулууны” домог
2010 оны 7 сарын 7 [Уншсан тоо: 83958]
үргэлжлэл

Чингис хааны хасбуу тамга

Монголчуудыг тусгаар тогтнохоос 300 жилийн өмнө манж нар монголчуудыг хуурч Чингис хааны хасбуу тамгыг эзэмшдэг хэмээн цуурхал тараажээ. Хасбуу тамыг даган өвөр Монголын найман аймаг “Үүл нэгвэл бороо, Монгол нэгдвэл цэрэг” хэмээсэн өнөөх Нурхач баатрын залгамжлагч Амбахай хааныг дагажээ. Чингис хаан хүслийг биелүүлэгч “Чандмань чулуу”-г эзэмшдэг байсан уу? Яагаад төрийн тамгаа чулуугаар сийлэв? Ертөнцийн хамаг баялгийг эзэмдэгч их хаан хас чулуугаар бус алт үнэт эрдэнэс чухам юугаар бол юугаар тамгаа сийлж болох бус уу?

Монголчууд чулууг олон зуун жил эзэмшжээ. Энэ чулуу эртний Вавилон, Мисир, Герег, Жагар, Европын хаад, Перс, Моголын хаадад очиж байсан юм. Гэвч Манж нарт хууртсан монголчуудын аз харьжээ. Лигдэн хаан Мин улсаас их мөнгө авсныхаа хариуд Манж нарыг дарах байсан авч тэднийг байлгаж гэмээ нь ашигтай хэмээн хядчихалгүй үлдээсээр байв. Мин гүрний гуравдах хаан Юнлө /оны цол/ Тогоонтөмөрийн нууц хүү байсанд учир байна уу? Тэр ч байтугай шийдвэрлэх тулаан болоход Манж нарыг басамжлан цэргээ хоёр хувааж илгээснээр бутцохиулаад Хөх нуурт очиж үхжээ. Тэр цагаас Чандмань чулууны төлөө монголчуудын цус урсав. Нүгэл ихсэв. Чулууны төлөө хүний цус урсаж, махан овоо цусан далай болсон тул чулуу буцжээ.

Чандмань чулуу Гималайн өндөрлөгт байдаг нууцлаг ертөнцдөө буцав гэлцэх болжээ. Лигдэн чулууны хойноос баруун зүгт нүүсэн гэлцдэг байж. Тэр ертөнцийг буддистууд Шамбал гэх ажээ. Монголчууд чулууг буддистууд эзэмшиж байна гэж итгэж, тэднийг ихэд дэмжин хөхүүлдэг байжээ. Монголчууд л буддизмын шарын урсгалыг Ази даяар, эзэмшил нутагтаа түгээж, буддизмын урсгалууд тэмцэлдэхэд шарын урсгалыг дэмжин, сектийн тэргүүнд “Далай” хэмээх цол өргөсөн. Чулууг тэдний эзэмшилд үлдээж, хэрэгтэй цагтаа авна гэж бодож байлаа. Манж нар монголчуудаас дутаагүй юм. Манж, Монголын өрсөлдөөнд Төвд сүйдэж байсан авч Төвдүүд монголчуудад талтай байжээ.

Занабазар гэгээний өөрөө тодорсон үсэг

Галдан Халхад цэрэглэсэн нь бас өөр шалтгаан буй хэмээн ярилцах бөлгөө. Занабазар “Соёмбо үсэг” зохиосноор Галдангийн анхаарлыг татжээ. Соёмбо үсгийн дэлгэрэнгүй нэр нь “өөрөө тодорсон үсэг”. Домоглон ярилцах нь үсэг тэнгэрт тодорсон гэх авч үнэндээ тэр үсэг чулууны бичиг ажээ. Амьтны ярих нь Занабазар гэртээ өрхөө бүтээгээд чулуу үзэж суухад бичиг тэнгэрийн үүлэнд тусчээ. Үсэг чулуун дээр өөрөө тодордог тул шинэ үсгийг ийнхүү нэрийджээ. Хожим Монгол тусгаарлахад чулуунд өөрөө тодорсон үсгийг Монголын сүлд болгон авсан ажээ. Харин Монголын төрийн далбаан дээр өөрөө тодорсон энэ үсгийг коммунистууд ч арилгаж чадаагүй юм. Монгол боржигин овгийн эхтэй Энх-Амгалан хаан гэгээнийг ихэд дотночлон хүндэтгэнэ. Нас өндөр болсон хойноо өөрөө ард нь орохгүй гэсэндээ гэгээний биед мэс хүргэж болохгүй тул хулсан хутгаар хөнөөжээ.

Монголын төрийн далбаанд буй соёмбо үсэг ертөнцийн нууцыг, ирээдүйг хураасан үсэг агаад үүнийг тайлж уншваас ертөнцийн ирээдүй тодорно. Соёмбо үсэгт буй тэгш өнцөгт, гурвалжингаар хашсан зөв эргүүлэгтэй дугуй дүрснүүд бүхий л бичиг үсгийн үндэс, энэ дүрсийг эртний мисир, шүмерийн бичгээс ч харж болно. Тэр ч байтугай эдгээр дүрсүүд мөхсөн зароастрийн шашнаас эхлээд бомбын шастирт хүртэл дэлхийн бүхий л шашны номонд буй. Загасан эргүүлэгтэй дугуй өдгөө ч дорнын орнуудын сүлд тэмдэгт хадгалагджээ. Гал, усыг билэгдсэн хоёр гурвалжин өдгөө жүүдийн улсын сүлд тэмдэг болжээ. Эдгээр тэмдгийг хэрхэн байрлуулснаас ард түмний хувь заяа шалтгаална хэмээнэ. Нар сар гурван дэлбээт гал эртнээс талын нүүдэлчдийн бэлгэ тэмдэг болсоор иржүхүй. Босоо тэгш өнцөгтүүдийг эвлүүлбэл хас тэмдэг ч гарна. Гагцхүү хасын эргүүлэг ямар болохоос ч ард түмний хувь тавилан шалтгаална гэлцэнэ. Мунхаг би үүнээс цаашхийг  мэдэхгүй. Гагцхүү эртний учир утгат бичгийн хамгийн зөв байршсан дүрс чулуун дээр өөрөө тодорсон гэдгийг л сонссон.

Чулууг уншихад заавал далд нууц мэдлэг хэрэгтэй юу? гэж асуугч олон. Үнэхээр чулууны ёгт бичээсийг хэн ч уншиж чадна. Бичиг үсэг гэгчийн хөгжилд төөрөлдөж будилсан олон өнөөгийн бичгээ л аугаа гэж бодно. Гэтэл Шампильон Шүмэр үсгийг уншихдаа хүн төрөлхтний анхны сэтгэгдлийг л мэдэрсэн гэнэм. Өөрөөр хэлбэл өнөөгийн бичгийн хоосон хийсвэр дүрэм, олон янзын хэлний хольцолдоонд төөрөлгүй, хүний анхны сэтгэгдлээр л сэтгэх хэрэгтэй аж. Өнөөгийн үсгийг бүгд уншиж чадна.

Тухайн цагт энэ тухай сонссон Оссендовкий “Чулуу гэгч нь хий дэмий зүйл. Энэ бол нефтийн судал бүхий хар чулуу л юм. Чулууг гэрэлд үзвэл хээ угалзтай төстэй янз бүрийн дүрс гарах ба энэ дүрс нь төвд, санскрит /соёмбо/ үсгийн адил харагдахад шашныхан төөрөлдөж, олныг мунхруулна” гэжээ. Амархан тайлбар. Өнөөгийн бид ч ингэж бодоод л чулууны домгийг хөсөр хаяж хагас зуун жил болсон атал хүн төрөлхтөн төрт ёс үүссэн цагаас хэдэн мянган жилийн турш “хүслийг хангагч чандмань эрдэнэ” хэмээн ярилцсаар бөлгөө. Эрдэм гэгч хүн төрөлхтний бий болгосон туршлагыг бус харин угаас байсаар байгааг тайлахад л оршино.

Чулууг хүчээр эрхшээхийг хүсвэл гэсгээл хүртмой

Одоо халимаг, халх, торгуудын /Ховдын Булганы торгуудын дотор хошуудын  жижиг овог бас байдаг/ аман домгуудын хэлхээсийг өгүүлье. Домгийн нарийн гарвалыг дурдсангүй нуршихаас эмээж байна.

… Галдан бошигтод чулуу хэрэгтэй байлаа. Тэр Занабазарт “Чулууг ац /өг/” гэсэн авч өгсөнгүй. Далай лам Галдан бошигтод чулуу Занабазарт буй гэж. Тэр цагаас Далай лам, Халхын богд нарын харилцаанд цав суусан хэмээмүй. Далай лам чулууг Галдан авбал Төвд түүний сүүдэрт амар амгалан мөнх оршино гэж бодно.

Занабазар чулууг уншиж ард түмнээ мөхөл сүйрлээс аварчээ. Харин ойрадууд чулууны жамыг дагах бус чулууны ноён болох гэж хүсчээ. Жам ёс лугаа тэрсэлдэн “хүнээс илүүг хүсэн догширсон” энэ ард түмнийг гэсгээв. Чингис хаан түмэн хүнийг алж, буман хүний амийг аварч байсан аж. Гэтэл ойрадууд Каспийгаас Хянган хүртэл хүний цусыг ус мэт урсгаж байлаа. Чулуу өөлдөд алга, торгуудад байна уу, хошуудад байна уу гэлцэнэ. Чулуу эрж алалдана. Ариун дагшин Эрдэнэзууд цусан тахил өргөж, гол усанд хүний цус юүлэв. Хасгийг айлгах гэж голын эхэнд хүний толгой цавчихад 10 хоног гол улаанаар урссан гэлцэнэ.

Торгуудад /Халимагт/ чулуу байхгүйг мэдэв. Харин анхдугаар Богдын чулууны бичээсийг буулгасан Богдын лүндэнгийн анхных Зүүнгарын хааны өргөөгөөр дамжин Халимгийн ханы өргөөнд очжээ. Анхдугаар лүндэнд Богдын наймдугаар дүрийг хүртэлх үйл явдлыг урьдчилан бичсэн ба Халимгууд дэлхийн хоёрдугаар дайнд хэрхэн сүйдэхийг өгүүлээд дууссан байжээ. Энэ лүндэн Халимгуудыг 1761 онд буцаж нүүхэд их нөлөөлжээ. Галдангаас хойно Галданцэрэн чулуу эрж Хархоринг дахин довтолсон авч тэнгэрийн таалал эргэж Орхон голд олон цэрэг үйж үхжээ. Дараа нь Төвдийг довтолж, хошуудын таван барсын нэг Гүүш хааны ач Лхазанг барьж алав. Хошууд уг нь чулууны оронг сахих гэж Төвдийг эзэлсэн гэгддэг, Хасарын угсааны аймаг бөлгөө. Ойрадууд хошуудыг Хөх нуурт явуулсны дараа Зүүнгарыг байгуулахын тулд хошуудууд дүүгээ гомдоосон хараалтай гэнэ. Хошуудын таван барсын дөрөв нь дүү Хөндлөн тайшийг алж, хатан Юм Агасыг Эрдэнэбаатар хунтайжид өгч их нүгэл хийжээ. Таван барсын дөрвийг залгамжлагч  Очирт сэцэн Хөх нуурыг эзэгнэн суухад хохирсон Хөндлөн Увшийн 3000 өрх хошууд торгуудтай хамт Ижил мөрөнд оджээ. Баатархунтайжийн их хатны хүү Сэнгэ Зүүнгарын хаан ор суухыг хүссэн ч ойрадууд Юм Агасааас төрсөн Галданг хаан болгосны учир ийм.

Лигдэн хасбуу тамгаа авч Хөх нуурт очсонд боловсролтой Халхын Цөхүр Цогт түүнд чулуу буй хэмээн итгэж Халхаас Хөх нуурт очжээ. Гэвч чулуу байсангүй. Харин Манж нар хасбуу тамгыг олов хэмээн цуурхуулж, олон Монголыг өөртөө татжээ. Ингээд 600 жилийн өмнө дэлхийг эзэлж байсан монголчууд 220 жил Манж Чин улсын мэдэлд байжээ. Манж нар монголчуудыг аргалан Хятадыг эзлүүлчихээд дараа өөрсдөө хаан суужээ. Гэвч тэд монголчууд биш учраас Хятадын эд баялаг, ямба ёсонд автан ууссан юм. Ийм түүхийг монголчууд сайн мэддэг байлаа. Хүннү нарын хагас, дараа нь табгачууд ингэж ууссан. Вей улсыг байгуулсан Тоба нарын эрх чөлөөгөө эрхэмлэгчид нь Тува нэртэй болоод Соёны нурууны нугачаанд мянган жил нуугдаад 1944 онд Орост оржээ. Киданчууд Ляо улстайгаа уусчээ.

Цогт чулууны оронг эзэгнэх гэж Гүүш хантай дайтаж ялагдсанд Хөх нуур Төвдийг Хасарын угсааны Хошууд аймаг эрхшээжээ. Тэд чулуу буцах цагийг хүлээн амджээ. Үүнээс гурван үеийн дараа ойрадын Галданцэрэний их бага Цэрэндондов Төвдийг дайлахад хошуудад чулуу байсангүй. Чулуу буцсан хэмээжээ. Ертөнцөд хүслийг хангагч есөн чулуу бууж ирсэн агаад нэг нь л дэлхий дахинд ач тусаа өгөн явж, үлдсэн найм нь Шамбалын үүдэнд хадгалагддаг ажээ. Хэрэв хоёр чулуу гарвал хүний хүсэл зөрөлдөөнтэй тул хүн төрөлхтөн сүйрнэ. Чулууг барьсан хоёр хаан ертөнцийг эзэгнэх хүслээр дайтвал хэн нь ч үл ялж, бүх хүн үхнэ. Галданцэрэн их, бага Цэрэндондов жанжиндаа нөгөө чулуунуудыг ол хэмээн зарлигджээ. 6000 цэрэгтэй явсан тэд хоёр хуваагдан хайжээ.

Нэгэн гурван мянган цэрэг чулууг эрсээр Шамбалын үүдээр орсон байна. Хожим Богдын шадар лам Ф.Оссендовскийд ярихдаа “Ойрадын гурван мянган хүн Шамбалын үүдээр орсон тул тэнд /дээд монголд/ ухаант хүн олон төрдөг болсон” гэж хуучилсныг Оссендовкий зүгээр л домог гэж боджээ. Хожим VIII Богд Чин гүрнээс тусгаарлах санаагаа илэрхийлж, сар шинийг өөр өдөр тэмдэглэдэг ёс тогтоохдоо дээд Монголын сүмбэ хамба Ишбалжирын литийг авч хэрэглэжээ.

Догшин хэрцгий ойрадууд Зүүнгарыг байгуулсан цагаас 150 жил цуст дайн тасралтгүй хийжээ. Их үндэсний гал голомтод халдаж, өвөг дээдсийн ач үрийг хядаж, ариун газруудыг цусаар будсан тул Ойрадуудад тэнгэрийн гэсгээл буужээ. Халимгууд буцахад үрэгдсэн торгуудтай нийлээд 700 000 ойрад дайнд үхэж арай 30 мянга үлдэв. Торгууд нар Ижил мөрнөөс буцсан авч ирэх замдаа гэсгээлд орж их олонхоо алджээ. Ойрадын хаад энэ цаг ирэхийг мэдэх тул чулууг олж ард түмнээ аврахын тулд яахаас үл буцан догширсоор ийм болжээ. Хараал үл тасарч дэлхийн дайны үед үлдэгсэдтэй тэнцэх тооны халимаг үрэгджээ. Чухам үүнээс анхдугаар Богдын лүндэнг “Богдын хараал” гэх ёс Халимагт байжээ. Энэ анхдугаар Богдын лүндэнг хамгийн сүүлд 1915 онд эрдэмтэн Очир Элстэйд чулуун бараар хэвлүүлсэн ба тараасан нь Орос дахь их хэлмэгдүүлэлтийн үед бүрэн устжээ.

Шамбалын үүдээр орсон 3000 цэрэгт эрдэм хайрлаж, орчлонгийн есөн чандманийн нэг нь л ертөнцөд явна. Наймыг хөдөлгөж үл болно. Чулуу хаа байхыг хүн мэдэхгүй, чулуу хэнд очих, хэнээс явахаа өөрөө мэдэх учир хайгаад ч нэмэргүй гэжээ. Харин чулууны төлөө их нүгэл хийсэн гэсгээлийг сануулжээ.  Ийнхүү ойрад арай үнсээр хийсэн алдав.

Хятадын их гүрнүүдийг үндэслэгчд хэзээ ямагт нүүдэлчин цустай байсан

Нэгэн чулууны нүгэл ихэссэн тул Ойрад аймаг алсан хүний тоогоор өөрсдөө үрэгдэж золио төлжээ. Харин Ойрад номхорсон эсэхийг үл мэднэ. Цусанд бузартсан чулуу ариун газарт очиж, өөр чулуу дэлхийд гарчээ. Богд хаант Монгол Улс байгуулагдан бүхүйд Ховдыг чөлөөлөхөд их анхаарав, учир нь энд чулуу дахин буух учиртай ажгуу. Жалханз хутагт Дамдинбазар цэрэг даасан ламаар, баргын Ж.Дамдинсүрэн, халхын Магсаржав нарыг Ховдод илгээжээ.

Ховдыг чөлөөлсний дараа Дамбийжанцан олзлогдогсдоор туг тахиж голын ус бузарласан тул самуун гарч хоорондоо буудалцан өвөрмонголын Гэндэн баатар тэргүүтэн хэдэн хүн үхэв. Дамбийжаа чулуу Төвдөөс ирнэ гэж боджээ. Шар сүмээс туслах цэрэг илгээсэнд тэдний дунд чулууг авчрах хүн бий гэж эндүүрч, цуст жүжиг тавьсан гэлцдэг.

Бас чулууг баатар хүн авч явах учиртай гэж хардаж, Манжтай алалдахад гарамгай сайн байлдсан Гэндэн баатарыг буудаж алжээ. Хожим тэр нүглийн золиог өөрийнхөө амиар төлөв. Тэр Оросын даалгавраар чулуу эрж яваад авах хувьгүй тул гар хоосон үлдэж, оросууд буруу ажилласан хэмээн түүнийг шийтгэн Ховдыг чөлөөлсний дараа хасаг зуут илгээж баривчилжээ. Дамбийжааг баривчлахад Монголын 1500 цэрэг огт эсэргүүцээгүй юм гэдэг. Харин үлдээсэн олзны эдийг Монголын цэргийн удирдагчид хувааж авчээ. Дамбийжаа шашны номд нэвтэрхий агаад чандманийг эрэх тусгай даалгавартай, басхүү элдэв шидэд нэвтэрсэн хүн байжээ. Тэр домгийг дагаж Төвдөд олон жил нууц амьдарч, Ховдыг хөндлөн гулд тэнэхдээ чулуу эрж явсан байна. Тэр мөн цэрэг цуглуулж, Чандмань буувал булаан авахад бэлтгэж байсан ба Оросын хасаг цэрэг бас Ховд орчим эртнээс байрлаж, хэрэгтэй цагт туслахад бэлэн байжээ. Хожим түүнийг Астраханьд байхад нь Зөвлөлтийнхөн олж, НКВД-д элсүүлээд дахин Монгол руу илгээсэн байдаг.

Харин Цахарын Баяр тайж Ховдыг чөлөөлсний дараахан шалтаг олж хэрүүл маргаан өдөөгөөд цор ганцаараа Хүрээний зүг оджээ. Тэр даргатайгаа муудалцсан гэх авч тэр нь шалтаг төдий. Тэр чулуу авахаар одсон гэлцэнэ. Түүнд Тогтох тайж захиа даалгавар өгч, өөрөө хаант улсын цэргийн яамнаа түшмэл хэмээгдэн үлджээ. Үүний дараа Дамбийжаа баривчлагдав. Дамбийжанцан чулууг буруу газар эрсэн байх нь, эсбөгөөс түүнд чандмань олдох заяагүй байсан ажээ.

Үүний дараа цуу үг дэгджээ. Монгол цэргийн жанжид Манжийн амбаныг буулгаад чулуу өгөхийг шаардсан гэнэ. Амбан айж ордны дорх танхимд ортол хар даавуугаар бүтээсэн эд байжээ. Хар даавууг автал гэрэл цацарч танхимыг бүрэн гэрэлтүүлсэн агаад “Морин толгойн чинээ молор эрдэнэ” гэгч байжээ гэлцэх болжээ. Тэр эрдэнийг хүрээнд авч одсон гэлцэнэ. Энэ бас л домог.

Чулуу одоогийн Ховдын Чандмань суманд буусан /гарч ирсэн/ гэлцэх. Баяр тайж Ховдоос гэдрэг эргэхдээ замд байх уг газарт ганцаар очиж чулууг авчээ. Домог ёсоор бол Чингис хаан ч хар сүлд тахих үед Чандмань буусан гэлцдэг амой. Хожим Ардын засгийн анхны жилүүдэд Ховд аймгийг үүний учир бэлгэшээж Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж байжээ. Феодал ёсыг эсэргүүцэж, аймгийн нэрийг Ховд болгоход учир мэдэх хүмүүс чандмань олдсон нутгийг Чандмань нэртэй сум болгосон агаад Ойрдын олон ястны дундах халх отог уг газрыг сахин суудаг аж. Чандмань сум нэн эртний бичээс дурсгал, хамгийн эртний хасын дүрс бүхий агуйтай. Гурван цэнхэрийн агуй. Бас нууцлаг Жаргалант хайрхан хэмээх уул бий. Заншил ёсоор бол Чандмань чулуу гарч ирсэн газрыг Жаргалант хэмээн нэрлэх учиртай ажээ. Яг ийм нэртэй уул Төвдөд анх Кайлас уулын бэлд Чандмань буусан газарт бий. Саяхан оросууд Төвд, Монголын Жаргалант хайрхадыг шиншжээ. Харин уг ууланд шамбалын оронтой холбоотой байж болзошгүй элдэв зан, тийрэн нууцлаг, биегүй энэрги хамгаалсан ёроолгүй нүх байсныг илрүүлээд буцжээ.

Бас Торгуудын Төмөржин гүн анх амбаныг зайлахыг шаардсан бичиг авч очоод долоо хоног тамлуулж үхжээ. Түүнийг зовсон дуу сангийн хэрэм давж сонсогддог байсан гэнэ. Түүний гавъяагаар торгуудын нэг чуулган Монгол Улсынх болжээ. Хожим 1945 онд Торгуудын Вангийн хүрээнд байсан метр хэр өндөр алтан Зонхов бурханыг Улаанбаатарт залж ирж, Гандан хийдийн гол дуганд залжээ. Энэ бурхан чандманийн тэмдэг байсан ажээ. Яг бурхан ирэхийн урдхантай одоо Гандангийн номын сан байгаа дуганд байсан Богд хааны шарилыг Оросууд гарган хаясныг нууцаар оршуулсан байв. Тэр  бурхан хааны тэмдэгийг сахиж үлдсэн ба өнөөдөр энэ бурханд тэмдэг бий гэж сурвалжлагчид их олон, гэвч өгч болохгүй учиртай гэнэ.

Чулуу Богдод очих ёстой тул ийнхүү очжээ. Тайж Баяр гүн цол хүртэж, цахар цэргийн хороог захирах болов. Харин Харчин Бавуужав “Богд лам чи чулууны эзэн болсон тул Манжийн төрийг буцаан тогтоо, бид энэ төрийг хамгаалах тангарагтай улс” гэжээ. Харин Богд хаан чулууны лүндэн ёсоор Ар Халх, Ховд тусгаарламуй, өвөрлөгчийг авах гэвч оросууд үл зөвшөөрөх тул дийлэхгүй болж гэжээ. “Болохгүй нь огтгүй бус болохгүй ажээ”. Олон мянган жил ийм л байсан, хожим өвөрлөгчид хятад лугаа хольцолдовч хятадыг задлах шинэ үеийг төрүүлнэ гэжээ. Тэр цагт монгол цустай хүн Хятадын хаан суувч өөрийгөө монгол хэмээхгүй, гэвч Монгол хэмээн санана гэнэ. Хятадын их гүрнүүдийг үндэслэгчид хэзээ ямагт нүүдэлч цустай байсан агаад түүнийг хятадууд ямагт нууна гэжээ.

Юань гүрний сүүлийн хаан Тогоонтөмөрийг хөөсөн хааны орыг хүү нь бус өргөмөл хүү нь, өөрөөр хэлбэл Тогоонтөмөрийн хүү залгамжилжээ. Энэ хааныг Хятадын түүхнээ Юнлө гэдэг, 70 жил төр барихдаа тэр Монгол нутагт гурав, хамгийн сүүлд нас барахын өмнө ирээд буцжээ. Тэр сая цэрэгтэй явсан ч дайн хийгээгүй гэдэг. Хятадын нууц түүхэнд энэ тухай бичихдээ “Юнлө эцэг өвгийн нутгийг эргэсэн” гэжээ. Гэвч түүнийг Монголчууд орхижээ. Мин династийг үндэслэгч нь Хонву /1368-1398/, түүний орыг авъяас чадваргүй хүү Жианвэнь /1399-1402/ залгамжилсан. Гурав дахь хаан нь Юн Лө /1403-1424/ байсан нь Мингийн түүхэнд тодорсон аугаа хоёр хааны нэг юм. Нөгөө нь Хонву. Тогоонтөмөрийг Бээжингээс одоход түүний нэг хатан бие давхар үлдсэн байсныг нуужээ. Түүнийг хүүхдээ 13 сар тээсэн гэдэг. Үнэндээ Тогоонтөмөрийн хүү үлдсэнийг нуусан ба тэр Хонвугийн хүү гэгдэн Мин гүрний гуравдахь хаан болсон гэдэг юм. Хятадын нууц түүхэнд энэ тухай дурдсанаас албан ёсны түүхэнд үгүй.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn