Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ертөнцийг хэн маань эрхшээх вэ буюу “чулууны” домог
2010 оны 7 сарын 8 [Уншсан тоо: 45738]
үргэлжлэл

Богд хаан хийгээд Далай лам


Төвд тусгаарлахыг оролдож, Англи, Оросоос туслахыг гуйвч болсонгүй. Англичууд чулуу эрж Төвдөд цэрэг оруулахад Далай лам Монгол руу зугтжээ. Харин хятадууд Далай лам чулуу авч явна гэж Орос руу гарахыг хоригложээ. Гэтэл оросууд бас Далай лам, чулуутай хэмээн ир гэж буриад бандидыг угтуулан авчир хэмээн явуулжээ. Энэ бол 1904 оны явдал.

Далай лам Монголд ирэхдээ шашны хаан морилж буй тул алс угт гэж Богд хаанд элч явуулжээ. Харин Богд хаан төлөөний гурван хүнээр угтуулаад “Би залагдаж ирсэн хутагт, харин Далай лам амар амгалан эрж надад ирж толгой хоргодож байгаа хүн тул би угтах ёсгүй” гэж Хүрээний дэргэд шажин хурахын аманд угтжээ. Үүнээс болж Богд хаан, Далай лам муудалцсан гэдэг байна. Хүрээнд далай ламыг шоглосон яриа гарав. Нэгэн банди сэм гэтэж далай ламын сууж байсан байшингийн цонхыг маажсанд “Хэн бэ?” гэжээ. Банди, “Далдыг хардаг далай лам байтлаа дан цаасны цаадах даржин бандиа танихгүй юу?” гэж мохоосон л гэнэ.

Богд хаан согтуудаа агсарч “Муу тэнэмэл төвд” гэж хараасан л гэнэ. Сайн ламыг тасганы овоон дээр барьсан гэрт залж, /тэр гэрт хутагт далай лам хоёр нууцаар уулзсан гэлцдэг/ лүйжин тавиулаад 100 лан өгсөн гэнэ. Ламыг лүйжин тавихад Дондогдулам хатан их сайхан хоолойгоор дагаж уншиж байсан л гэнэ. Тэр ч байтугай цагаан сараар Гандан ороод өөрийн нь сэнтийн урд зассан далай ламын сэнтийг өшиглөж “Ямар гээч хог энд байна” хэмээн уурлажээ. Тахилч лам нь “Далай багшийн сэнтий” гэвэл, “Би мэдэж байна, одоо үүнийг зайлуул, энэ тахилчийн ажлыг болиул” гэж уурлажээ

Харин Далай лам Жавзандамба хутагтаас чулуу хүссэнд байхгүй гээд өгсөнгүй ажээ. Далай лам, Жавзандамба ламтай одоогийн Удирдлагын институтын орчмын  газарт /яг тэр газарт өнөөдөр нурж унах дөхөж буй хайстай ордон нь буй/ нэг, тасганы овоонд нэг, хоёр удаа нууцаар уулзжээ. Хожмын Богд хаантай уулзсан Далай лам “Жавзандамбын пэрэнлэй их ажээ, би сонсоод сүрдлээ” гэж ярьжээ. Пэрэнлэй гэдэг нь “их үйлс” гэсэн үг гэнэ. Богд чулууг Далай ламд өгсөнгүй, өгье ч гэсэн байхгүй, гагц их үйлсийг эхлэх цагт Монголд “Чандмань өөрөө буух” учиртай тул уулзсан бололтой. Богд ч Монголын заяагаар ирж байгаа юмыг Монголд хэрэглэх ёстой гэж зөрсөн байх гэлцдэг.

Далай ламыг Бээжин рүү дуудагдан явснаас 10 жилийн дараа, 1915 оны үес төр хямарч эхэлжээ. Богд хаанд чулуу байхгүй ажээ гэлцэх болж. Байсан бол далай багшид өгөх ёстой бус уу?  Богд хаан чулуу бий хэмээн итгүүлсээр байсан авч болсонгүй. Халхын хангууд “Чамайг чандмань эрдэнийн чулуутай хэмээн өргөмжилж хаан болгов. “Оройн дээд очирдарь чандмань эрдэнэ Богд гэгээн” гэгч чулууны тулд өгсөн цол. Хэрэв одоо чулуугүй бол Монголын төрийг монгол хүнд өг” гэжээ. Богд хаан хариуд нь Халхын толгой ноёдыг алав. Хатан Дондогдулам баруун солгойгүй хор хүртээх ба Богдын дэргэдийн оточ нар хүнийг үхүүлэх хорыг гайхамшигтай үйлдэнэ. Энэ оточ нар өндөр настай, хэлгүй хүмүүс агаад тэд хаа нэгтэй үзэгдвэл заавал нэг муу юм болмуй. Чимээгүй үхэл мэт дорнын эмийн нууцад гүн нэвтэрсэн хэлгүй оточ нар зөвхөн Монголд ч биш дорно этгээдэд олны айдас төрүүлдэг байжээ. Хор түрхсэн сандалд суусан төдийд, хортой хадаг авсан төдийд үхмүй гэлцэнэ. Үүнийг Өргөө дэхь Оросын боловсролтой цагаачид сүрхий анзаарч байж. Тухайн үеийн хүрээнд ч ийм яриа их гарч.

Үүнээс Монгол хямарч, цэрэг хэрэглэх чадалгүй болсон цагт 1918 онд Хятадын цэрэг хүрээг эзлэв. Гэвч Барон Унгерн гараад ирэв. Муу зэвсэгтэй 800 орчим хасаг, төвд, буриад, монгол цэрэгтэй тэр давшиж, сайтар зэвсэглэсэн 15 000 гаминг хүрээнээс ховх цохижээ. Хятадууд Богдоос чулууг нэхэвч өгөөгүй гэнэ.  Барон хүрээг эзлээд Хятадыг дуудсан 10 ноёныг алъя хэмээсэнд “тийм учиртай юм” гээд алуулаагүй ажээ. Гаминг гаргахын өмнө гамингийн үс наасан, бас Бадамдоржийн дүртэй тохой хэр лүд хийж, айлын голомтонд нь нүх ухаж, Дагва жинсрэг цутгуулж их харал хийжээ. Гамингийн үсийг хожим Чойбалсангийн амраг олсон Бортолгойн авааль нөхөр Богдын донир Жамбал үсчний газраас олж ирсэн гэдэг. Богд хаан Бадамдоржоор монгол бичиг даалгасан шавь тул багшийгаа харааж болохгүй гээд оролцоогүй ажээ.  Монголд ирсэн гамингаас нэг ч хүн буцаж хариагүй гэдэг. Гамин явсны дараа Бадамдорж бие муудав гэж хөдөөлж, Цэнд зайсан гэгчийнд гараад үхжээ.

Барон “Чандмань чулууны” талаар гадарладаг байжээ. Түүнийг Дагуурт байхад харчин гүн Бавуужавын цэргийн үлдэл очиж нийлсэн ба тэд Бароныг ятгаж Хүрээнд ирүүлсэн гэлцдэг.

Бароны тагнуулынхан ч түүнийг маш сүрхий эрсэн авч олсонгүй. Харин Барон Унгерн ялагдахаа мэдсээр байж Оросод довтлоод хиарцохиулж, Монголчуудад ирж, дараа нь баригдаад цаазлагджээ. Сүүлд түүхийг өөрчилснөөс Сундуй хүн Бароныг хүчээр баривчлаагүй юм билээ. Монголчууд Баронд муу байгаагүй. Хасаг отрядад нь бослого гарч, Резухин алуулсныг сонсоод гол хүчин дээрээ эмх журам тогтоохоор ганцаараа очсон түүнийг пулемётаар буудаж угтжээ. Барон зугтаж Сундуй гүний дивизионд очсонд цаадуул нь битүү эсгий тэрэгт нуугаад авч явж. Гэтэл Щетинкиний тусгай отрядынхан таарч, тэргийг нээж үзтэл нэг орос сууж явж. “Та хэн бэ?” гэж нэг цэрэг асуусанд “Би дэслэгч генерал барон Унгерн фон Штэрнбэрг байна” гэж хэлээд баричвлагджээ. Сундуй гүн Монгол зангаар заль зохиож “Баривчлаад та бүхэнд хүргэж өгөхөөр явж байсан” гэж хэлж цэргүүдээ аварчээ. Бароны штабын дарга Торновскийн бичсэнээр 300 гаруй хүнтэй Сундуй гүний Монгол дивизион Улаан Үдийн орчим цагаантнууд бүслэгдээд яах аргагүй болоход үед улаан оросын нэгдүгээр хороог халз дайрч сүйтгээд, бүслэлтийг сэтлэн Монголынхоо нутагт буцаж орсон байжээ. Бароныг авч явахдаа 90 гаруй хүн үлдэж, бусад нь тараад явчихсан байжээ.

Унгерн бүр 1911 онд Ховдыг чөлөөлөх үеэр чулуу эрж тэнд очиж байсан хүн юм. Гэвч хүрээг эзэлснийхээ дараа гүн утга учрыг мэдсэн тул чулуунд шунахаа байжээ. Тэрээр хэзээ яаж үхэх, төгсөхөө ч сайн мэдэж байсан гэлцэнэ. Харин тэр Чандманийг тосч авсан Баяр гүнийг ихэд чухалчилж дэргэдээ авчээ. Барон Хүрээг орхиж, амжилт олохгүйгээ мэдсэн хир нь улаан оростой дайтаад үхэв. Богд түүнийг тийш нь түлхсэн ба цэргийн тактик эрдмээр бус гагцхүү лам нарын зааж зурснаар байлдаж явсан нь сонин. Торновский бичихдээ: “Барон Тройцкосавскийг зургаанд эзэлчих боломж байсаар атал цэргээ хойш татлаа. Маргааш нь улаантнууд хотод бэхэлж, найманд бид дайраад авч чадсангүй. Учрыг асуухад хотыг зургаанд авч болохгүй, найманд ав гэж лам нар хэлсэн гэлцэж байсан” гэжээ.

Харин түүнийг дарах нэрээр улаан Орос Монголд цэрэг оруулжээ. Бароны ар хударгаар Богд хаан улаан Орос өөрийг нь яахыг мэдсээр байж Ардын намынхны тусламж гуйсан бичигт тамгаа дарсан байна. Ийнхүү Монгол тусгаар улс болох замдаа шуударчээ.

Хятад Төвдийг барьж Чандманийг эзэмшин өндийнө гэж сэтгэж…

Богд хаан 1924 онд нөгчив. Билгийн мэлмий хурцадсан тул хараа нь мууджээ. Хэдийгээр нүд нь хараа орохгүйг мэдэж байвч тэр 80 тохой Мэгжид Жанрайсэгийг бүтээж шамбалд талархжээ. Тэр үхэхээ өмнө нь мэдэж, өргөж авсан ба асарч байсан хүмүүсээ өмч таслан өөрөөсөө холдуулжээ. 

Богдыг үхсний дараа англи, америк, герман, япон, хятад, орос гүрнүүд чулууны төлөө Монголд алалдав. Ард түмэн улаан Оросыг таалахгүй байлаа. Тухайн цагт чандманийн хүчийг мэддэг хүн олон байжээ. Ардын засаг баттай тогтнуулахын тулд чандмань чулууг Ленин багш эзэмшдэг гэсэн гэнэ цуурхал хүртэл дэгдээжээ. Тэр цагаас Ленин Монголын ард түмний “багш” болов. Бүр хожим Ц.Дамдинсүрэн гуай нэгэн ёгт өгүүлэлдээ “Хүслийг хангагч чандмань эрдэнийг Ленин багш олсон тухай хүүдээ ярьж өгдөг эхийн тухай” өгүүллэг бичсэн байдаг. Тэрээр удаан хугацаанд хүрээнд болж байсан үйл явдлыг сурвалжлан тэмдэглэхдээ чулууны нууц домгийг мэдэж авсан байв. Дамдинсүрэн гуай насны сүүлээр Шамбалын талаар маш анхааран судлаж, их ч материал цуглуулсан гэдэг.

Америкчууд Рерихийг чулуу хайлгахаар явуулжээ. Хүрээний Төвдийг оросууд Англитай холбоотой хэмээн хядаж барав. Бас бусад үндэстнийг хөөн гаргажээ. Рерих анх Оросоос Шинжаанаар дамжин төвдөд хүрч Чандманийн ууланд /Кайласт/ гарах гэсэн авч Төвдийн эрх баригчид албаар төөрөлдүүлж зүүгээр тойруулан Энэтхэгт гаргажээ. Дараа нь Энэтхэгээс буцаж ариун газарт хүрэх гэсэн авч мөн л баруугаар төөрүүлж Харгомын элсэн цөл рүү шидчихжээ. 1924 оны үед Рерих дахин экспедиц бэлтгэж Улаан-Үдээс Монголоор дамжин ариун газарт хүрэх аянд гараад бүтэлгүйтжээ. Хүрээнд багаа том лам нараас Төвдийн эрх баригчдад хандсан даалт бичиг авахыг Рерих их хүсэж байв. Америкчууд түүнийг санхүүжүүлэхийн зэрэгцээ өөрийн төлөөний хоёр ч хүнийг хамт илгээхийг оролдсон авч оросууд тэднийг нь хөөчихжээ. Рерих ариун газарт хүрч чадалгүй Энэтхэгт гараад чулууг 1944 оныг хүртэл сахиж тэндээ нөгчжээ. Тэр чандмань чулууны талаар хамгийн сайн мэддэг, түүнийг удаан бөгөөд шаргуу эрсэн, гэгээн хүн байсан гэлцдэг билээ.

Ийнхүү Чандманийн домог коммунистуудын суртал нэвтрүүлгээр замхарч дуусчээ. Гэвч хожим Адольф Гитлер мөн л оккультизмийн нууц бүлгэмийн нөлөөгөөр Чандманийг Төвдөд эрж хайхыг даалгаж байжээ. Тэр ч байтугай Чандмань Халимагт байж болзошгүй хэмээн эрүүлж байсан гэдэг. Зарим сурвалж нотлох нь Гитлер Оростой дайтах шалтгаан нь чандманийн төлөө ажээ. Түүнийг Оростой дайт хэмээн ховсдсон тэр хүч Гималайд байсан гэлцдэг. Одоо ч Чандманийн төлөөх нууц далд ажиллагаанууд үргэлжилсээр байгаа ажээ. Сүүлийн үеийн далд нууц ухаан судлалын экспедицүүд Монголыг анхаарч, Шамбалын үүдийг Гималайгаас бус Монголын цөлөөс эрж хайж эхэлжээ. Ф.Оссендовский Монголоос гарахаар явж ахуйдаа шамбалын үүд нээгдэх үеийн гайхамшгийг  дүрслэн бичсэн байдаг. Огт өөр орон зай, шувууд хүртэл дуугаа хураасан чив чимээгүй, гайхалтай гэгээн мэдрэмжээр Монголын өмнийн говь түүнийг үджээ. Тэр юу болсныг мэдсэнгүй гайхан сэхээрэхэд нь хөтөч өвгөн залбирч, “Шамбалын үүд нээгдээд хаагдлаа” гэж хэлсэн гэдэг.

Хятад Төвдийг барьж Чандманийг эзэмшин өндийнэ гэж сэтгэж байна. Харин Америк Төвдийг дэмжиж эртний энэ нууцын учир утгыг олох гэж Хятадтай тэрсэлдэж байна. Энэтхэг ч бас ийм учир Хятадтай сөргөлдөж, Төвдийг ивээнэ. Харин Чандмань дэлхийд анх буусан газар Энэтхэгийн хилээс асар холгүй байдаг ажгуу. Гэвч хэн чулууг эзэмших учиртайг хэн ч үл мэднэ. Чулууны домог үргэлжилсээр…
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив