Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хувьсгалч намаас ангич нам руу
2010 оны 9 сарын 9 [Уншсан тоо: 38297]
Сүүлийн жилүүдэд на­­муудын нэр хүнд унас­наас өнөөгийн нэр хүн­дээс илүүтэй өнгөрсөн үнэт зүйлсээ чухалчлан сурталчлахыг эрмэлздэг болжээ. Нийгэмд болж үйл явдал бүхэн ямар нэг шалтгаантай байдаг. Жи­шээ нь өнөөдөр МАХН-тай холбоотой бүхэн "тус­гаар тогтнол" нэртэй болж байна. Саяхан шатсан цагаан ордон нь дахин сэргэхдээ "Тусгаар тогт­нолын ордон" нэртэй бо­лох юм байна. Гэтэл Мон­голын иргэд "Эрх чөлөө­ний талбай" гэж нэрлэдэг ганц талбайг хотын дар­гын санаачилгаар "Тус­гаар тогтнолын талбай" болгон сайжруулж байх юм. Үзэл суртлын үнэ цэнэ нь талбайг засахад гаргасан хөрөнгө. Тал­байн нэрийг булаацал­даж болохгүй, учир нь ямар газрыг юу гэж нэрлэх нь эрх баригчдын эрх гэж олон нийт ойлгож байна. Чухам иймээс "Эрх чө­лөөний талбай"-г засах­даа яагаад заавал нэртэй нь хамт "засах" ёстой юм бэ? гэж хэн ч асуухгүй байна. Иргэдээс санал асуусан ч үгүй. Комму­нистууд үзэл сурталд мөнгө хайрладаггүй тэр л араншин давтагдаж бай­гаа ба Ардчилсан хувьс­гал ч, иргэний хөдөлгөө­нүүдийн жагсаал ч адлаг­дахаараа ахин бадам­ладаг тэр талбай МАХН-ынх болж байна.

Жагсаал хийх бол хуу­чин Лениний музей, одоогийн нийслэлийн МАХН-ын байрны өмнөх хуучнаар эрх чөлөөний талбай албан ёсоор тус­гаар тогтнолын талбайд цуглана уу гэж зарлах нь л дээ. Талбай бол комму­нистуудын үзэл суртлын маш чухал хэсэг агаад тэдний архитектураар бол талбайн голд заавал нэг хөшөө байх учиртай. Монголын томоохон хот суурин бүр захиргаа­ны­хаа өмнө талбайтай, дунд нь ямар нэг хөшөө­тэй, хойморт нь дарга нар зогсох индэр, эсвэл дов­жоотой байгаа нь Улаан талбайн жижиг хувилбар агаад зөвхөн Монгол ч бус ертөнцийн тэн хагас иймэрхүү хот суурин бай­гуулахаар ХХ зууны хоёр­дугаар хагасыг хан­цуй шамлан ажиллаж өнгөрөөсөн юм.

Ардчилсан хувьс­галаас хойш Монголын зарим "Улаан талбайд" жижгэвтэр өөрчлөлт ор­сон. Жишээ нь Сүхбаа­тарын талбайн хойморт Их эзэн Чингис хааныг залсан бол Ховдынхон төв талбайнхаа зүүн ха­тавчинд байгаа Ард Аюушийн хөшөөний ач холбогдлыг бууруулсан Галдан бошигтын хөшөөг талбайн хойморт бос­го­жээ. Басхүү энэ талбай­нуудад урьд өмнө өөрөө колони мөртлөө "Импе­риализм, колоничлолыг эсэргүүцсэн бүх нийтийн  цуглаан", "ЗХУ, Мон­голын хувьсгалын ойн баярын сүрт жагсаал" болдог байсан. Ийм л зориулалтаар анх бай­гуулсан авч 1990 онд өн­гөрсөн хувьсгалын бус ирээдүйн хувьсгалын жаг­саал цуглаанууд өр­нөж, ялалтанд хүрсэн юм. Иргэний хөдөлгөөнүү­дийн жагсаал цуглаан ч бэлэн талбайд өрнөсөн, хэрэв эрх баригчдын сүн­сийг зайлуулах шахсан "Өн­гөт хувьсгал" ялсан бол Монголд жинхэнэ ут­гаа­раа улс төрийн гурав­дагч хүчин бий болох байсан.

Удахгүй өөр ямар бай­­гууламж тусгаар тогт­нол нэртэй болох бол? МАХН нэрээ Тусгаар тогт­нолын нам болгох нь гэж бодмоор бэлтгэл хийгд­сэн шүү. Харин АН 1990 оныхоо хувьсгалын ач холбогдлыг өндөр үнэлэх болжээ. Өнгөрсөн жилээс медалиар баталгаажсан шинэ тоолол эхэлсэн. Монголын хамгийн том хоёр хүчин "хувьдаа ху­вьсгалтай". Энэ хоёр ху­вьсгал нь хоёр намын амин сүнс юм. Монголд том нам байх хамгийн чухал үзүүлэлт бол "хувьсгал" юм.

Харин саяхнаас МАХН нэрээ богиносгох гэж байгаагаа мэдэгдлээ. Олон хүн солих нь гэж байна гэвч энэ бол сольж буй хэрэг биш ээ. Үг зүйн талаасаа нам гэдэг бай­гууллагынхаа мөн чана­рыг илэрхийлж тодор­хойл­сон гурван үг МАХН-ын нэрэнд бий. Монгол гэдэг үг улс орныг зааж байна. МАХН гэдэгтэй адилхан нэртэй нам ми­ний мэдэхээр ганцхан байдаг нь ЛАХН буюу Лоас дүүгийн нам. МАХН-ын "Хувьсгалт" гэдэг то­дорхойлолтод тус намын коммунист шинж чанар хамгийн их агуулагдаж байсан юм. Тодорхой хэлбэл энэ тодорхойлолт нь тус нам коммунист хувьсгалаар бий болсон гэдгээ өнө удаан тунхаг­лаж байсан билээ. Харин хувьсгал нь 1921 онд биш 1924 онд ялсан ба ЗХУ-ын хоёр дахь үндсэн хуу­лийн холбооны улсуудад зориулсан коммунист үндсэн хуулийг орчуулан баталснаар баталгааж­сан юм.

Үүнээс өмнө МАХН МАН нэртэй байсан. Түш­мэдийн, Ноёдын намаас ялгарах "Ардын" тодот­голтой анх байгуулагд­сан, хожим бүгдээрээ нэгдсэн авч боловч "Ар­дын хэ­мээх" тодорхой­лолтын ач холбогдол ком­муниз­мын тунхаглас­ны дараа асар өндөр болсон юм. Хэрэв 1924 онд коммунизмын мухар замаар эргэлт бу­цалтгүй явлаа гэж тун­хаглаагүй бол, тэр үед олон намын систем тогт­сон бол энэ нам хамгийн жижиг нам болох байсан. Богд хаант улсын доод хурлын хэм­жээний. Гэвч коммунизм ялснаар "Ардын" тодот­голыг улам бадраасан, учир юунд хэмээвээс энэ үг нь комму­нист хувьсга­лын суурь онол ангийн тэмц­лийг хам­гаас тод илтгэж бай­жээ. Ардын гэдэг тодот­голд ач холбогдол өгөөгүй бол Монголын хувьсгалт нам болох бай­сан биз.

1924 оны Үндсэн хуулинд ангийн ялгааг тод тусгасан ба эр, эм ардын эрх ашгийг эрхэмлэж, мөлжигч этгээд, хуучин феодал баяд, ноёдын эрхийг шууд хязгаар­лан хаасан заалт орсон юм. Ан­гийн эвлэршгүй хатуу тэмцлийн дүнд 1939 он гэхэд Чингис хааны угсааны язгууртан феодалуудыг толгой дараалан нарийн бүртгэн хядсанаар чухамхүү "цэвэр ардын" улс бий болсон билээ. Монголын язгууртнуудад Хятадын язгуурт­нууд шиг дүрвэн гарах Тайвань арал байсангүй. Гэхдээ урагш амиа хоохойлон зугтан гарах оролдлого байсан, түүний тод жишээ нь Түв­дэнгийн Борын хөшөө. Дүрвэн гарагсдыг зам зуурт сүрдүүлэн буцаах, алан хядах, айлган сүр­дүүлэх томоохон ажлыг цоо ши­нээр онолын түвшинд бэлтгэгдсэн залуу коммунист-эвлэлийнхний хүчээр, армийн оролцоотой хийсэн ба зугтан гарагсдыг мөшгиж, Ал­шаад хүртэл орж дүрвэсэн олныг хүүхэд хөгшидгүй хядаж байсныг Дилав хутагт бичин үлдээсэн бай­на. Тухайн үед өнөөгийн албан ёсны хил тогтоогүй байсан, тэгээд ч монголчуудын оршин байгаа нутаг дэвсгэрт явагдсан иймэрхүү хядлагыг хэн ч анзаараагүйгээс түүх бичлэгээс хол үлджээ. Зугтан гарагсдаас гадна зугтан ирэгсэд энэ ангийн онолоос болж хэл­мэгдэн хохирсон. Монголд дүрвэн орж ирсэн Буриадын насанд хүр­сэн эрсийг бүгдийг хядсан ба Сэлэнгийн Ерөө сумын насанд хүрсэн эрсээс ердөө хоёрхон хүн азаар амьд үлдсэн гашуун түүх ч бий. Октябрийн хувьсгалаас зугт­сан хуучин сурвалжит этгээд хэмээх ангийн онолын суурь ийм байдалд хүргэжээ.

Ингэж бодвол "Хувьсгалт" гэдэг тодорхойлолтоос огт ялгарах зүйл­гүй "Ардын" хэмээх тодотголыг авч үлдэх гэж байна. Тиймээс "ясны  коммунистууд" намын нэр өөр­чил­сөнд нэг их санаа зовох хэрэггүй байх. Онол чойр нь үлдсэн байна, намын тань нэрэнд. Тэгээд ч "Ард түмэн" гэдэг үг моодноос гарах болоогүй байна, учир нь коммунист сэтгэлгээ өөрийн үетэйгээ арилж баларна уу гэхээс хорьхон жилд алга болчихдоггүй юм байна. Бүр либерализмын ялалтыг дэлхий нийтэд авчирсан хувьсгалыг гар­дан хийсэн Ардчилсан намынхан. коммунизмын үед энхрий хайрт намынхаа буянаар боловсорсон дунд үеийнхэн хүртэл зүүнчлэгдэж байхыг бодоход.

Гэвч энэ "Ардын" гэдэг үг ангийн тэмцлийн онолыг хүчээр импорт­лохоос өмнө намын нэрэнд орсон нь үнэн. Хятадын цэргийг эсэр­гүүцсэн тусгаар тогт­но­лын төлөөх нууц бүлгэмүүдийн нэг гарцаагүй "Ардын нам" нэртэй байсан билээ. Ард гэдэг бол язгуур угсаагүй, хар толгойт хүмүүс гэсэн утгатай бай­сан. Боржигин овогт язгууртнууд хар толгойт ардаасаа арай өөр байсан тухай зарим сурвалжийн мэдээг үзэхэд  энэ үгний утга илрэх байх.

Сүүлийн үеийн түүх бичлэгүү­дэд 1921 оны хувьсгалыг "Үндэс­ний ардчилсан хувьсгал" гэж то­дорхойлдог болсон юм. Үүгээрээ МАХН 1924 оноос Коминтерний нөлөөгөөр "Хувьсгалч" шинж ча­нартай байгууллага болсон гэсэн санааг тодруулах оролдлого хийж байсан хэрэг. Өөрөөр хэлбэл хуу­чинсаг "коммунист школтой" түүх­чид оросуудын зохиосон Монго­лын түүхийн гурван ботийг таван боть болгон шинэчлэхдээ ердөө ийм л агуулгын өөрчлөлт хийснийг анзаарч болно. Хүмүүс түүхийн ботиудыг анх гарахад үнэтэй ху­дал­дан аваад "Томоохон өөрчлөлт ороогүй, яг хуучнаараа байна" гэлцэж эхэлсэн, дараа нь түүхийн таван боть номын дэлгүүрийн лангуун дээр гандаж хэвтдэг бол­сон. Чухам иймээс өнгөрсөн жилээс "Улс тунхагласны баярын" ач хол­богдлыг бууруулах зорилготой нэр бүхий эрдэмтдийн "үзэл суртлын дайралтанд" МАХН маш хүлээцтэй хандан буулт хийсэн юм.

Гэвч түүхийн үнэн тодрох тусам шинэ шинэ асуудлууд урган гарч байна. Тусгаар тогтнолыг 1911 оноос тоолох үзэл санаа нийгэмд нэвчиж байна, ирэх жил энэ тоол­лоор тусгаар тогтнолын 100 жи­лийн ой болно. Үүнээс харвал МАХН тусгаар тогтнолын анхдагч биш, хоёрдогч хүчин болох болно. Нөгөө талаас шинэчилсэн түүхэнд дурдсан "Үндэсний ардчилсан хувьсгалд" оролцогч түшмэдийн, ноёдын намын богино түүхийг Ардын нам өөртөө хамаатуулах эрхтэй юу? гэсэн асуулт ч гарч ирнэ. Бодоо, Данзанг хороосноор эхэл­сэн цуст хядлагынхаа төлөө уучлал гуйх тулгалтаас "Хувьсгалт" гэдэг үгийг авч хаяснаараа мултран гарах болов уу?

Нийтэд тараасан тунхгийг үзвэл МАХН-ын үзэл санаа нь "Үндэсний ардчилсан" үзэл байх болно гэдэг нь түүхийн энэ үеийн шинэ нэршилтэй яг тохирч байна. Ямар "үндэсний социалист" гэлтэй биш. Тэгвэл ч фашистууд хэмээн цоллуулах болно. Үзэл санааны томъёоллыг Б.Даш-Ёндон гуай гүн ухааны үүднээс маш зөв томъёолж өгчээ. Түүнээс өөр энэ талаар нарийн ойлголттой хүн МАХН-ын удирдагчдын дотор ховор. Улс төрийн утгаар нь С.Баяр томъяолж чадна, гагцхүү Б.Даш-Ёндон гуайн томъёоллыг  наадуул нь тайлбар­лах­даа яаж хөгөө чирч, бантан хутгах бол. "Социальный" гэдэг үгийн утгыг буруу ойлгоод, махчлан орчуулж "Нийгмийн ардчилал" хэмээн дэлхийд байхгүй цоо шинэ Монголын онцлогтой шинэчлэл ярьж яваа нөхөд шүү дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив