Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тойрч бүслээд дарсан юм аа, ХӨ
2010 оны 9 сарын 21 [Уншсан тоо: 42168]
Шивээ Хиагт дуунд ийм нэг мөр байдаг даа. Тэгэхэд 1921 онд Хиаг­тын орчим гаминг чанд­руу болгосон байлдааны тактикаа Монгол дайчид дуундаа оруулсан хэрэг л дээ. Харин энэ удаад МАХН дотоодын өрсөл­дөгчөө "Тойрч бүслээд" дарах гэж байна.  Бүслэл­тэд орсон АН.

ХОРИГЛОЛТ

    МАХН нэрээ, үзэл ба­римт­лалаа солих нь Мон­голын улстөрийн орчинд маш том өөрчлөлт авчир­на. Яаж ч эсэргүүцэж баал­сан МАХН өнөөдөр өөрсдийнх нь тайлба­раар "ардчилсан", миний­хээр бол "цуст" сонгуу­лиар төрийн эрхийг барьж буй улстөрийн хүчин.

    1990 онд Монголд Ард­чилсан хувьсгал ял­сан. Энэ нь дэлхийг хагас зуун жил хоёр хуваасан либерал, коммунист сис­темийн хүйтэн дайн арай л халуун цөмийн дайн болчихолгүй либерализ­мын ялалтаар өндөрлө­сөн нэг нотолгоо юм. Дэл­хийн хамгийн том комму­нист хоёр хэт их гүрний дунд бай­гаа Монголд ли­бе­рализмын ялалт хүр­сэн нь суртал нэвтрүүл­гийн маш өндөр ач хол­богдолтой уч­раас баруу­ныхан Монголыг магт­даг. ЗХУ задарч, хэдийгээр олон "стануудад" автори­тар дэглэм тогт­сон ч тэр нь яагаад ч коммунист дэглэм биш. Учир нь ком­му­низм системийн хувьд устсан. Оросын "-ов,-ев" төгсгөлтэй овогтой, "-станы эзэд", тэр ч бай­тугай Монголд даран­гуйл­лаа тогтоож чадсан бол Н.Энхбаяр комму­нист дарангуй­лагч бус их ойртуулж зүйрлэвэл Латин Америк маягийн л авторитар дарангуйлагч болох байсан юм. Гэхдээ авторитар дарангуйлал руу чирсэн уг шалтгаан нь хуучнаа санагалзах ком­мунист хий үзэгдэлд ав­таад хуучнаар сэтгэсэнд оршиж байгаа юм. Ийм сэтгэлгээг ард­чилсан Мон­голын нийгэмд МАХН л уламжлуулсан.

    МАХН 1990 онд "өөрий­гөө татан буулга­сан", шинээр бүртгүүл­сэн учраас "цоо шинэ Ард­чил­сан чиг баримжаатай нам" гэж үзнэ. Гэхдээ яагаад их хурал нь өнөө­дөр 25 дугаартай байгааг хэн ч асуу­даггүй. Энэ бол уламжлал нь. 1990 онд шинээр байгуулагдсан л юм бол, дүрэм програм­маа өөрчилсөн юм бол, коммунист биш нам бол­сон юм бол анхдугаар их хурлаа зар­лаж болох байсан. Нөгөө талаас Монголын нийгэм өнөө­дөр бодит байдлаар либерал нийгэм учраас энэ нийгэмд зөвхөн ард­чилсан чиг баримжаатай нам л оршин тогтнох эрхтэй.

    Эсбөгөөс цэвэр марк­сист үзэл­тэй, коммунист нам байгуулж болно л доо, МКН гэж. Ингэвэл энэ шинэ коммунист намыг малын махаар түүхий эд хийдэг Мах-Консервын Нэгдэл гэж ойлгож ма­гадгүй. Цоо шинэ комму­нист нам бол нийгэмд нэг их ач холбогдолгүй, тэ­гээд ч өнөөдөр комму­низмыг хүсээд бай­гаа амьтан ховор. Байгуу­лагд­даг юм гэхэд Зюга­новын /КПРФ/ на­маас ч долоон дор нам байна.

    Асуудлын гол нь МАХН ардчилсан чиг ба­римжаагаар халхавчил­сан, коммунист уламж­лал­тайд л байна. Хүний махан түүхий эдтэй мах­комбинат. Хүний мах бо­ловс­руулах зориулалт­тай үйлдвэрт малын мах боловсруулж байна гэж мянга хашгирлаа ч цаг цагаа тулахаар таван хүнийг боловсруулчихаж байгаад л МАХН "уламж­лал ба шинэчлэлийг уд­тал хослуулсны" гай байгаа юм. Энэ намд 37005 хүн хядсан комму­нист террорын хөгц наал­даастай яваа. Хамгийн гол нь энэ нам нэрээ өөрчилсөн, үзэл баримт­лалаа өөрчилсөн нэрээр Ардчилсан хувьсгалаас хойшхи хорин жилийн 75 хувь нь төрийн эрхийг барьж чадсан. Ахиад хэ­лэхэд аюул нь уламжлалд нь бий бөгөөд үргэлж хуучнаараа сэтгэхийн зэрэгцээ цоо шинэ хүмүү­сийг хуучин нийгмийн зэ­рэмдэг "удирдагч" болгож байна. Ингэснээр Монго­лын нийгмийн улстөрийн шилжилт асар удаа­шир­сан, бас гажуудсан.

    МАХН ардчилсан ху­вьсгалаас хойш 15 жи­лийн дараа өрнөсөн Ард­чиллын гажуудлыг засах нийгмийн шинэчлэлийн хөдөлгөөний давалгаанд тэсч үлдэхийн тулд хоёр дахь удаагаа нэрээ, дөрөв дэхь удаагаа үзэл баримтлалаа өөрчлөх гэж байна. Энэ бол аанай л 1990 оныхоо залийг давтаж байгаа хэрэг. Уламж­лал шүү дээ. Нэр нь МАН-МАХН-МАН. Үзэл баримтлал нь "Ком­мунист-Нагаржунайист (Бадамжунайист биш шү)-Ардчилсан социа­лист-Үндэсний ардчил­сан. 2005 он гэхэд МАХН "насанд хүрэх гэж байгаа" АН-ыг эрхэндээ оруулж дөнгөсөн байсан. АН л ардчиллын гажуудлын эсрэг тэмцэж чадахаа байсан учраас шинэ улс­төрийн хөдөлгөөнүүдэд орон зай гарч ирсэн. АН системийн хувьд залуу ч хүмүүс нь хөгширч, харин МАХН-ын хүмүүс залуу ч системийн хувьд хуучин. Тэгээд эцсийн дүндээ систем нь ч, хүмүүс нь ч хуучирч эхэлсэн учраас системийн хямралд ор­сон. Бүгд өнөөгийн 50-иад насныхан. Нийгэм гажуудав.

"ДЭН"-ГИЙН ГЭРЭЛ

    Эхлээд МАН байсан, дараа нь МАХН болсон одоо МАН болно. Уламжлалаасаа салах дургүй бай­гаа биз. Үзэл баримтлалын хувьд эхлээд коммунист томъёоллоор үндэсний эрх чөлөөний хөдөл­гөөнийг зохион байгуулагч эмх цэгцгүй, эв нэгдэлгүй бүлэглэл төдий байсан Ардын намыг Комин­терн жинхэнэ коммунист нам бол­гон өөрчлөн байгуулсан юм. Ингэ­хийн тулд анхны тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийг хороосон. Д.Бо­доо Оросоос тусламж гуйж яваад иртэл Барон Унгерн Хүрээг чө­лөөл­чихсөн байжээ. Д.Бодоогоос журмын нөхдөдөө "Нэгэнт тусгаар тогтнолыг маань эвдсэн гаминг хөөсөн тул одоо улаан Оросын тусламж авах хэрэг байна уу" гэж бичсэн цагаасаа улаантнуудын занаанд орсон. Данзан харин улаантны хүчээр гамин бароныг хөөгөөд жинхэнэ тусгаар улс боло­хыг хүссэн. 1911 оны долдугаар сард Хүрээг чөлөөлж, Сангийн сайд болсон С.Данзан аравдугаар сар гэхэд "Монгол доллар" хэвлүүлж гүйлгээнд гаргаснаараа бас л улаантны занаанд орж төгссөн. Та Зөвлөлт Оросыг эсэргүүцэгч биш биз? Гэсэн атлаа хоорондоо зөр­чилдөж байсан тул түүгээр нь далимдуулж салгаж цохижээ. С.Дан­зан үхэхдээ өмсөж явсан малгай, дээл, гутлаа тайлж өөрийг нь буудах цэрэгт өгөөд "Үүнийг манайд байгаа ядуу, сохор Оросод өгөөрэй" гэж хэлсэн гэдэг. "Хөл нүцгэн коммунистууд манайхыг мэддэг боллоо" гэсэн үг гэлцдэг байсан юм билээ. Маршал Х.Чой­балсан ч сүүлийн удаа Орос руу явахдаа Монгол гэрээс малгайгүй гарч явсан гэдэг юм билээ.

    1924 онд коммунизм Монголд хууль ёсны болж, Үндсэн хуулиар баталгаажсан. Огт санаандгүй "Хувьсгал ялав". Данзан, Бодоо, Сүхбаатар Чойбалсан нар хувьс­гал хийж байна гэж зүүдлээ ч үгүй. Монголын коммунист түүхэнд 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөл­гөөн өрнөсөн бол 1921 онд комму­нист хувьсгал ялсан гэдэг болов. Харин одоо 1921 оны "хувьсгалыг" 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үргэлжлэл гэж үзэх болж байна. Тэгээд хувьсгал нь алга болчихлоо. Тиймээс нэрнээсээ "Ху"-г авч хаях ёстой. Болж байна аа. Жил бүр тэмдэглэсээр байгаа коммунист уламжлалт баяраар коммунист "Тэмцэл"-ийн ялагдагч болж, "Намрын халуун өдрүүд"-д алуулдаг МАХН-ын заналт дайсан Солийн Данзан, Догсомын Бодоо нар Ардын намын журмын нөхөр болох нь байна. Шинэ нэртэй МАН IX Богдыг өөртөө элсүүлэх л дутуу байх шив. Өнгөрсөн үе бүгд манайх.

    Ардын нам хувьсгалаасаа тат­гал­захаар "хувьсгалтайгаараа" Ардчилсан нам Монголын Ардчил­сан Хувьсгалт Нам болж хоцрох уу. АН МАХН-ын хүнс, хөдөлгүүрийн тос, шатахуун болоод шинэ га­раанд нь гаргаж өглөө. Ингэхийн тулд 2005 оноос хойш тувт гүйж очоод байсан. Хамгийн сүүлд хожмын аллагынх нь бурууг үүрээд үлдлээ. Түүнээс өмнө Ардчилсан хүчний эгнээнд байсан Социн­тернд бүртгэлтэй МСДН-ыг татан буулгаж, улс төрийн үзэл санааны орон зайгүй болоод байсан МАХН-д том боломж олгож, өөрсдөө зуучлан Социнтернд элсүүлсэн нь хамгийн ноцтой алдаа байсан юм. Хэрэв МСДН ёс төдий боловч үлдээд АН-аас өнөөгийнх шиг квот аваад оршсоор байсан бол улс тө­рийн үзэл санааны орон зайгүй болж шахагдсан МАХН их сайндаа л консерватив нэр аваад улам хуучран доройтох байсан. Ядаж л гадаад ертөнц МАХН-ыг үл тоох байсан. Гэтэл Ардчилсан хүчнийх­ний энэ алдаанаас болоод МАХН өвгөрөн өтлөхийн оронд улам залуужин гялалзсаар байна. Ги­шүү­дийн насны хувьд ч бус яг цус сорсон ороолон ахин удаан амь­дардаг шиг урт наслах боллоо. МАХН түм наслаг.

    Өөрийнх нь хэлэх дуртай үгээр "Маркс руугаа явсан" Дэн Сяопин либериал эдийн засагтай, комму­нист намаар толгойлуулсан улс орныг үлдээсэн юм. "Муурын өнгө ямар байх нь хамаагүй, хулгана барьдаг л бол болоо" гэдэг Сычуа­ний зүйр үгийн утга нь ямар намаар толгойлуулах нь хамаагүй, эдийн засаг нь либерал л байвал хөгжинө гэсэн үг юм болов уу. Дэнг амьд ахуйд коммунистууд Лениний "Шинэ эргэлтийн бодлогыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэгч" гэж, харин либералууд либерализмыг Хята­дад нэвтрүүлэгч гэлцэн булаа­цалддаг байсан. Харин өнөөдөр "өнгөц шинэчлэл хийсэн" МАХН уламжлалаа хадгалж үлдээд яг ХКН болж байна. ХКН-аас "Өрнийн хөгжлийн загвар хоцрогдсон бай­на, Ази маягийн төвлөрсөн, хатуу хяналттай засаглалд тулгуурласан эдийн засгийн хөгжлийн шинэ загвар бий болсон" гэж хүлээн зөвшөөрүүлэхээр оролдож байгаа энэ үед МАХН-д ийм өөрчлөлт гарч байгаа нь хамгийн их болгоомжлол төрүүлж байна. Хэн засаглах нь хамаагүй, хөгжиж л байвал... заа­вал "төгс ардчилсан" байх албагүй. Тэгээд МАХН үргэлжлэн амьдрах­даа улам бүр ХКН-тай нэг үндэстэй уламжлалаа дагаад байвал яах вэ?

    Уламжлал нь коммунист, эдийн засгаа залах арга нь либерал, улс оронд хязгааргүй эрх мэдэлтэй, бас далд үндсэрхэг, хэрэв ард түмэн шүүмжилбэл Тянь Аньмин, эсвэл Сүхбаатарын талбайн долдугаар сарын 1-ний хэрэг явдлыг хийхэд хэзээд бэлэн. Ийм тогтолцоо руу гулсаж байвал яах вэ? Дээр нь МАХН-ын "үндэсний" үзэл чухам юунд тул­гуурлах нь тодорхойгүй байна. ХКН-д Күнзийн үзэл ихээхэн нэв­шиж байгааг тус улсад ХБНГУ-ын Элчин сайдаар 12 жил ажил­ласан Конрад Зайц нарийн ажиглаж тодорхойлсон байна. Түүний "Хятад: Дэлхийн гүрэн эргэн ирж байна" номын гол агуулга энэ. Харин МАН эргэн ирээд "үндэсний ардчилал" гэж хашгирч байгааг хэрхэн үнэлбэл зохих вэ? Энэ нь Хятадын онцлогтой социализмыг Хятадын онцлогтой капитализм болгож байгаа ХКН-ын номлолоос юугаараа ялгаатай вэ?

    МАХН удирдан чиглүүлэгч гол нам, бусад намууд нь "парламентад төлөөлөлтэй байж болно" гэж ойл­гох уу? БНХАУ-д ХКН-аас өөр долоон нам БХАТИХ-д "суудалтай" бөгөөд эдгээр намуудын үйл ажилла­гааг "Улс төрөөр зөвлөлдөх зөвлөл" гэгч төрийн статустай байгууллага зохицуулдаг. Энэ байгууллагын дарга У Бангуо Хятадын төрд дээрээс дөрөв дэх эрх мэдэлтэн. Монгол У Бангуо нь Н.Алтанхуяг уу? Шоолоод ч байгаа юм биш, муулаад ч байгаа юм биш. Ердийн л үнэн.

ЦААШДАА ЯАХ ВЭ?

    Дотооддоо зүүний гэгдэх энэ нам гадаад орчинд ерөнхий загва­раа "дорно зүгт" эргүүлж буйг нь орхиё. Дотооддоо яах бол? Энэ л сонин бөгөөд ойлгомжгүй байна уу?

    МАХН-ыг даргалсан хугацаа­гаараа Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан хоёрын дараа орох "Намбар гурав" МАХН-ыг Монголоор зүүн төвийн буюу социал демократ үзэл ба­римтлалаасаа ухрах нь гэж халаг­лаж байна. Хэрэв бид "Үзэл ба­римт­лалын эрхтэй учраас худлаа ч гэсэн амлаад л байвал үргэлж ялна" гэчихээд "Амлалтаа биелүү­лэхгүй бол ялагдана" гэж бичсэн тэрээр 2012 онд ялагд, 2016 онд ялъя гэсэн байна. Энэ хэрийн улстөрчөөс гарах л заль. МАХН ялагдах цорын ганц шалтгаан буй, тэр нь амлалт. 2008 онд бүрмөсөн арчуулахгүйн тулд амласан, хэрэв 2008 онд ялагдсан бол өнөө­гийнх шиг нэр, үзэл баримтлалаа ч сольж амжилгүй өнгөрөх байсан.

    Харин МАХН-ын өнөөгийн удирд­лагууд "Бид 2012 онд ч ялаг­дахгүй, цаашдаа ч ялагдахгүй" гэж байна. Яаж? МАХН "зүүн төвийн" гэгчээсээ алгуур салах сонирхол­той байна. Н.Энхбаярын чухалч­лаад байгаа "амлах эрх"-ээсээ алгуур холдсоноороо амлалтаа биелүүлэхээс ч далдуур татгалзах бололцоо олж авах юм. Улс орны нөхцөл байдал "Амлалтаа биелүү­лэхгүй байхыг шаардаж байна, энэ нь үндэсний эрх ашигт тустай" гэх мэтээр... Ингэж л МАХН гарцаагүй мөхлөөс холдоно, ялагддаг юм гэхэд өндийх гарцаа ухаж буй хэрэг.

    "Үндэсний ардчилсан" үзэл санаагаар халхавчлан улс төрийн орчинд алгуур баруун зүгт нүүх нь АН-ыг тойрч бүсэлж байгаа хэрэг. Н.Алтанхуяг шиг прагматик, өнөөд­рөөрөө амьдардаг улстөрч ийм шилжилтийг анзаарахгүй. Физикт ийм хууль байхгүй. Тиймээс С.Эр­дэнэ, Үүл хоёрын хэрүүлээс ашиг завшаан харж хөгжөөхийн зэрэг­цээ, өрсөлдөгч З.Энхболд нь, Ардчилсан хүчний холбоотойгоо хэрхэн баларч буйг харан тохуур­хаж суугаа. Хэзээнээс үзэн яддаг С.Эрдэнээг дуртай ашиглагчийн боол болсоор ирсэн Ш.Түвдэн­доржоор мөргүүллээ. Урьд нь өсөр­хөхдөө намдаа парламентын нэг суудал нэмэхийн оронд "Ганцад хийх" хор найруулж байсан Н.Ал­танхуяг санасандаа хүрч байна. Уг нь Ш.Түвдэндорж 2006 онд Н.Ал­танхуягийг үзэн ядаж, АН-ын генсе­кээс огцрохдоо орондоо Д.Дорлиг­жавыг гаргаж ирэх гэж бүхнийг хийж байсан. Тэр "Н.Алтанхуяг генсек болох гэж байгаа бол би албаа өгөхгүй" гэж байсан. Өөрийнх нь үг биш байж, одоо Н.Алтанхуягийн тоглоом болж байхыг харахад. Н.Алтанхуягийн эрүүл ухаантай хүн яавч хийхгүй угсарсан санаа­тай алдаанууд нь хуучин МСДН-ынхан МАХН-тай нэгдэж АН дахь либерал хүчнээ нухчин дарж буйг харуулж байна. Өнөөдөр бодит байдлаар Монголд барууны нам байхгүй, нэг үзэлтэй, нэг зорилго­той зүүний намууд эрх барьж байна. Харин АН-ын баруун жигүүр бус МАХН-ын баруун жигүүр тэр суларсан орон зай руу алхаж байна.

    2012 оны сонгууль болоход МАХН илэрхий либерал уриатай сонгуульд орох болно. Тэр үеийг хүртэл бэлтгэлээ хангаж, улс тө­рийн орчинд баруун зүгт алс нүүс­чихсэн байна. Ахиж амлах болол­цоогүйг МАХН мэдэж байгаа, ам­лал­таа биелүүлэх бололцоогүй учраас. Тэр үед л АН гарах гарцгүй болсноо ойлгох болно гэж тооцсон байна. Харин Н.Алтанхуягт 2012 онд ялах эсэх нь хамаагүй, лав л өнөөгийн байдлаар ялах ямар ч боломж алга. Тиймээс ялагдаад суудлаа өгвөл барж, тэр насны амьдралаа ба­талгаажуулсан. Одоо­хондоо тэр АН дахь бологуу­дыг л дарахад улс төрийн бүхий л ур ухаан, туршлага, нөлөөгөө дайчилж байна. АН ал­гуур мөхөж байна.

БУРХАН МИНЬ, АН-ЫГ ҮХЛИЙН ТЭВРЭЛТЭЭС АВРААЧ

    МАХН эхний алхамаа хийжээ. МАХН-ын дээд "нууц" удирдлага, "Л.И.Брежневийн ард байсан Ю.В.Андроповын" дүрд тоглож байгаа "Сү.Батболдын ардах С.Баяр" нар ийм юм ярьсныг Н.Энх­баярт хэн нэг нь хэлчихэж. Гэхдээ энэ санаа зөвхөн МАХН-ын удирд­лагын хүрээнд бус бүр өргөн хү­рээнд буюу нөгөө намын зарим хүмүүсийн оролцсон олон удаа­гийн уулзалтуудын явцад бүрэлд­сэн байж магадгүй гэсэн мэдээлэл ч байна. С.Баяр Сү.Батболдыг Б.Ельцин В.Путиныг гаргасантай адил "Намуудын тухай хуулийн" дагуу баталсан намынхаа дүрмийг зөрчин нам, төрийн өндөрлөгт тохоочихоод, намаа аврах стра­тегиа бодож хэрэгжүүлэх завтай болсноос ийм гэнэтийн шийдвэр гарч нийгэмд шуугиан үүсэж байна. Сү.Батболд дангаараа ийм юм хийж чадна гэдэгт та итгэж байна уу? Энэ бол компанийн нэр соли­хоос хамаагүй өөр асуудал шүү дээ.

    МАХН нэрээ солих нь зөвийг батлах учиртай "эрдэм шинжилгээ­ний хурал" дээр бэлтгэж өгсөн илтгэлийг нь уншихдаа огт ойлгоо­гүй нь илт харагдаж байгаа Сү.Бат­болд яг ийм байсан Леонид Ильи­чийг эрхгүй санагдуулахгүй байна гэж үү? Өнөөгийн МАХН-ынхны онолын ойлголт С.Баярт хавьтах­гүй учраас Н.Энхбаярын тагнуул ойлгосноороо ховлохдоо "Намын удирдагчид Зүүн төвийн үзэл баримтлалаасаа татгалзах гэж байна" гэжээ. Ийм юмыг Н.Энхбаяр яаж зүгээр орхих вэ? Н.Энхбаярын мэдэгдэл бүрэн үндэслэлтэй. Тэр одоо мэдээлэлдээ тулгуурлан намын удирдагчдын эсрэг дайралт хийж байна. Тэр өөрөө ч ойлгохгүй тоглолтынхоо явцад АН-д тус болж байна. Харин АН хурдан маневр­лаж улс төрийн үзэл санааны орон зайгаа хамгаалж дөнгөхгүй болжээ. ҮЗХ хуралдахгүй, хуралдлаа ч даргын суудлын маргаан болно, дээр нь энэ үзэл санааны асуудалд ач холбогдол өгөхүйц "үзэл сур­талчид" АН-д үзээд өгье гэхнээ байхгүй.

    Ийнхүү МАХН, АН-ыг тойрч бүслээд нэгмөсөн дарах гэж байна. Энэ бүх улс төрийн үйл явцын золио нь АН байх болно. С.Баяр анхнаасаа ийм зорилт тавиагүй гэж мэтгэх хүн байна уу? Ингэс­нээрээ МАХН, АН-ын хооронд яс хаях гээгүй. Тэртэй тэргүй Засгийн газар урт насгүй, уналаа ч АН-тай өөр эвсэл бай­гуулахад МАХН бэлэн байгаа. АН-ыг үхтэл нь чанга тэвэрнэ. Ком­мунизм унахын өм­нөхөн Германд нэг ухуулах хуудас их тарж байсан юм. ЗХУКН-ын дарга Леонид Брежнев ГНСН-ын дарга Эрих Хонеккерыг чанга тэврээд уруулыг нь озож байна. Дээр нь "Бурхан минь энэ үхлийн хайраас салгаж туслаач" гэж бич­сэн байдаг.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив