Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Элбэгээгийн тактик, Баярын стратеги
2010 оны 10 сарын 26 [Уншсан тоо: 37856]
Сэтгүүлч: Нөгөө нэг уурлаад үсэрч боссон хүмүүс нь АН-аас  гарч ҮШН байгуулсан шиг  хувил­бараар тоглоод явчих болол­цоо тэдэнд байгаа юу л гэж асуугаад байна л даа?

С.Баяр: Хэн мэдлээ. Амьдрал баян. “Хэрэвзээ”  гэх үүднээс аль ч асууд­лыг, түүний дотор улс төрийн өрнө­лийг тааж ярих хэцүү. Ийм, тийм бо­лолцоо бий юу гэвэл бий л байх. Гэх­дээ тэглээ гээд шатрын хүү бэрс бол­тол мөн ч  хол доо гэж бодож байна. Тийм хулхи улс төрөөр сонгогч олныг дөнгөж чадна гэж найдаж байгаа бол оролдоод үзэг л дээ, яахав. /Сэтгүүлч Б.Ганчимэгийн УИХ-ын гишүүн С.Баяртай хийсэн ярилцлагаас.../ 

Нүүдэл эхэллээ

... Хэрэв Б.Хурцын асуудлаар эвссэн бүлэглэлүүд Н.Энхбаярыг тоглолтоос гаргаж чадвал дараа нь дотроо хагаралдаж эхэлнэ. Яагаад гэвэл дайснаа дарсан. С.Баярт бол 2013 оны сонгуульд Ц.Элбэгдоржийг найдвартай ар талгүй буюу намгүй оролцуулах сонирхол бий. Ийм үнэр ч энэ хэрэг явдлаас үнэртээд байна. Өмнөх өгүүлэл ингэж төгссөн. Цааш нь үргэлжлүүлье. Улстөрийн үйл явц нам жим болж байгаа нь, ялангуяа манайх шиг хямралтай оронд бол дараагийн тулааны өрөг тавигдаж буйн шинж юм. Их тулааны өмнөх нам гүм гэх үү дээ. Гэтэл артиллер галлаад эхэллээ. Давшилтын бэлтгэл. Энэ дайн 2013 оны дунд үе хүртэл үргэлжилнэ.

Эхний буудлагыг УИХ-ын гишүүн С.Баяр “ТВ-5” телевизээр хийлээ. “Хэрэв сонгуулийн төгөлдөршлөө хийж чадсан бол 7 сарын 1-ний хэрэг явдал, сонгуулийн будлиан гарахгүй байсан юм. Би их хичээсэн ч хэн сонгуулийн төгөлдөршлөөс татгалзсаныг нь та бүхэн мэдэж байгаа”

З.Энхболд Б.Хурцын асуудлаар хийсэн мэдэгдлийн дараа л Ерөнхийлөгч буруу нүүдэл хийчихсэн нь илэрхий болсон. Гэхдээ өөр талаас нь хараад үзье. Нэгэнт Ерөнхийлөгчөөр хүссэн алхамаа хийлгэсэн тул одоо МАХН-ын дотоод сахилгажуулалт ямар ч  саадгүй. Хариуг нь Ерөнхийлөгч нэн даруй парламентын 20 жилийн ойн баярын хурлын илтгэлээрээ барилаа. Ерөнхийлөгч парламентын  баярын наастрыг хийсгэчихэв. Уруу дорой царайтай парламентынхан танхимаас цувран гарав. МАХН-ынхан шазуур зууна. 

АН дотроо З.Энхболд Ерөнхийлөгчтэй ойр хүн. АН доторхи фракц мөн биш гээд байгаа АХХ-ны фон нь Ерөнхийлөгч гэж ойлгогддог учраас л АХХ аюултай санагддаггүй гэж үү? 2008 онд Ц.Элбэгдорж АН-ын даргын суудлаа З.Энхболдод өгөхийг хичээсэн юм. Гэвч Н.Алтанхуяг ялсан. Ялсан шалтгаан нь Ц.Элбэгдоржтой намыг сонгуульд ялагдуулсаны хариуцлагыг тооцсонд байна. Гэхдээ АН дотор хэзээ ч хувь улстөрчийг асуудлын голд тавьдаггүй. Хэрэв Ц.Элбэгдорж намаа, даргаа өгч байгаа юм бол МоАХ-ынхан холд, дотоодын сөрөг хүчин “Алтан гадас” бүх эрхийг гартаа авна л гэсэн хэрэг. Түүнээс Ц.Элбэгдорж, З.Энхболд нар муудаа, нэр хүндгүйдээ ялагдсан юм биш. Тэд бүх талаар давуу байсан. Гэвч ялагдсан.

Харин энэ удаад парламентын хамгийн сөрөг үзэлтэй хэсгийг тэргүүлэгч гэсэн нэр зүүсэн З.Энхболд МАХН-ын дотоодын дайнд эрх баригчдад тусласан ба гадаад ертөнцөд ч тэрээр Засгийн бүх алхамыг шүүмжилдэг “ТББ-ын лидер” гэж ойлгогддог атлаа Б.Хурцын хэргийг хүлээн зөвшөөрсөн нь, тэгэх тэгэхдээ тухайн хэргийн дараагийн шатыг томъёолж “Гүйцэтгэгчид хариуцлага тооцохгүй” гэж хэлсэн нь анхаарал татах нь дамжиггүй. Тэгвэл хэнтэй хариуцлага тооцох вэ?

Ерөнхийлөгч, экс Ерөнхий сайд хоёр хэзээ нэгэн цагт “хаа нэгтэй уулзсан нь үнэн л” бол тохироо явсан байх нь. Уулзсан нь үнэн. Түүнийг нь З.Энхболд давхар илчилчихлээ. Тоглолт тодорхой байлаа. Өргийн нөгөө талд Н.Энхбаяр ганцаараа. Өнгөрсөн 7 хоногт Б.Хурцын асуудлаар манай тал уучлал гуйлаа гэсэн мэдээлэл гарсан ч албаныхан “нэрэлхээд” батлахгүй байна. Энд нэрэлхэх юу байна аа?  Ингэлээ гээд яав л гэж. Гэвч асуудал өөр шалтгаантай. Уучлал гуйсан нь Б.Хурцын хэргийг нэг тийш болгох эцсийн алхам. Уучлал гуйснаараа Монголын тал энэ асуудлаар нөгөө талын өмнө хариуцлага, давхар үүрэг хүлээх болсон гэсэн үг. Харин тэр үүрэг хариуцлага нь урьдаас төлөвлөсөн “үүрэг хариуцлага”. Энэ үүргээ биелүүлэх хүрээнд одоо Д.Энхбатыг хулгайлан авчрах үүрэг өгсөн эрх мэдэлтэнд хариуцлага тооцох болно. Яаж ч бодсон тэр нь Н.Энхбаяр. Үүнийг бас “олон нийт” шаардаад эхэлчихсэн.

Б.Хурцын шуугианы дараахан Н.Энхбаяр ар талд үлдэж, хөдөлгөөн байгуулаад “далдлагдлаа”. Одоо бол МАХН-ын нэр үзэл баримтлалын тухай асуудлыг Н.Энхбаяр биш “Намын олон нийтийн нэгээхэн хэсэг, эгэл жирийн гишүүд ярьж байна”. Харин Н.Энхбаяр асуудлаас хол байгаагаа харуулах гэсэн үү, нэг их урт бясалгалын тухай өгүүлэл /бараг брошюр болох хэмжээний/ бичсэнээ олон нийтэд толилууллаа. Тэр намын асуудлаар оролдох завгүй бясалгаад л, юм бичээд л, бичээд л байгаа юм байна л даа. В.Ленин Зөвлөлтийн нэг эрдэмтний эдийн засгийн брошюрын буланд “Энэ нөхөр эдийн засагчийн хувьд баас юм” гэж цохсонд нөгөө “баасыг” хожим баривчилж, нэр төр цол хэргэмийг нь сүйтгэсэнтэй адил МАХН-ынхан “Н.Энхбаярын энэ өгүүлэл бол баас” л гэнэ.

МАХН эмх журам тогтоох аян эхэлсэн ба Н.Энхбаярын сүрдүүлэг өөрийг нь шахаанд хийчихжээ. Тэр “Хэрэв та нар намайг хүндэтгэхгүй бол би салаад явсан ч чадна” гэдгээ ойлгуулахыг оролдсон. Харин хариуг нь өгүүллийн эхэнд байгаа ишлэлээс уншиж болно.  Одоо Н.Энхбаяр барьцаанд  орсон. Тэр хаашаа ч хөдлөж чадахгүй, тэгээд бууж өгснөө зарлав. Нохой уралцаад ялагдахаараа шарваганадаг шиг л шарваганаж байна. Харин С.Баяр басамжилж байна. Ингээд өргийн эхний нүүдлүүдийг, одоогийн байрлалыг та бүхэн ерөнхийд нь тоймлон харсан байх гэж найдна.

Н.Энхбаяраас айх хэрэгтэй юу?

Н.Энхбаярыг шийтгэх үү? Үгүй л болов уу, гинжлээд тавьчих байх. Иргэн Н.Энхбаяр. Нам дотроо нөхөн сонгуульд Д.Зоригтод ялагдсаныхаа дараа нөлөөгөө алдсан нь илэрсэн. Гэхдээ тэр нэг зүйлийг ойлгож байгаа. Хэрэв УИХ-ын сонгууль хувь тэнцүүлэх системээр явбал тэр МАХН-д “мотор” болж чадна. Бараг л С.Баярын хэмжээний. Тэр Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын тэн хагасын санал авсан хүн. Улстөрийн хүрээнд л түүнийг устсан, унтарсан гэж байгаа, ингэхийг оролдож байгаа болохоос олон нийтийн дунд өөр үнэлгээтэй. Тиймээс үнэ цэнээ мэдэж байгаа тэрээр тасралтгүй партизаны дайн хийж байсан билээ.

Харин МАХН-ын сонирхоод байгаа 2008 оны системээр, бүр 2004 оны жижигсгэсэн мажоритар системээр 2012 оны сонгууль явбал тэр үнэгүй. Нөхөнд Д.Зоригтод ялагдаж байсан хүнийг их сонгуулийн сунгаанд энэ шалтгаар л годройтуулж орхино. Шатрын хүү бэрс болдоггүй л байхгүй юу.

Н.Энхбаяр хэд хэдэн амжилтгүй оролдлогын дараа намын нэр үзэл баримтлалын маргааныг шүүрэн авсан билээ. Энэ маргаанд тэр сөрөг дайралтанд орохгүй юм. Яагаад гэвэл энэ нь үзэл санааны асуудал. Өөр асуудлаар бол хэцүү. Авилгын загалмайлсан эцэг, дарангуйлагч, ардчиллыг гажуудуулсан этгээд гэтэл одоо тэр өөрийн бий болгосон системээ шүүмжилж байна, харцгаа, ямар увайгүй юм бэ? гэх мэт дайралтааас тэр бултах аргагүй. Н.Энхбаяр бослого гаргаж, хариуд нь ингэж дайрах бүрт МАХН-ын өөрийнх нь нэр хүнд ч сэвтэж байв. Тиймээс зогсоох хэрэгтэй.

Н.Энхбаярын “үзэл санааны хүйтэн дайны” тооцоо зөв байсан, тиймээс маш эрчимтэй нүдэлцсэн юм. Гэтэл гэнэт Б.Хурцын асуудал босч иржээ. Ц.Нямдорж ах нь сүрдүүлэг сануулга өгөв. “Тэтгэвэртээ гар чи...”, өөрөөр хэлбэл дуугүй бай гэсэн үг. Хэрэв Н.Энхбаяр унавал тэр ч бас чирэгдэнэ, “ямар нэгэн байдлаар”. Бас У.Хүрэлсүх дүү нь: “Хариуцлага тооцно шүү чамтай...” Гэвч Н.Энхбаяр дохио авсангүй. Тэр ийм дохио өгч байснаас авч байгаагүй учраас аргагүй.

Харин одоо дохионы пуужингууд унтарч давшилт эхэлжээ. Б.Хурцыг манай талд шилжүүлнэ. Франц уранаа авсан. Уучлал гуйсан асуудлынхаа хүрээнд Б.Хурц хэн үүрэг даалгавар өгснийг “нууц задлахгүйгээр”, “хуулийн дагуу”, “дотооддоо” мэдүүлнэ. Тэгээд л бүх юм “ОК”.

МАХН-ын их хурлын дэвшүүлсэн зорилт биелүүлэх арга зам

МАХН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболдын бүх албан тушаал өнөөг хүртэл хууль бус байсан юм шүү. Намуудын тухай хуулиар намын даргыг их хурлаар батлах ёстой. Тиймээс Сү.Батболд өнөөг хүртэл бодит байдлаараа “үүрэг гүйцэтгэгч” статустай, харин их хурлаас баталбал тэр жинхэнэ дарга мөн.

Хэрэв их хуралд маргаан гарвал илдний ирэн дээр гүйж байгаа тэр унаж хэрчүүлнэ. С.Баяртай нэг тойрогт дэвшсэн тэрээр С.Баярын тойргийн ажлыг “бүх талаар” даадаг учраас “Медведев шиг Пуужиндуулсан” гэлцдэг хүн МАХН-д олон бий. Мөн бага хуралд “Засгийн газрыг унагах уриагаар” зэвсэглэсэн эсэргүүнүүд орж ирвэл бүр аюултай нөхцөл байдал үүснэ.

Ийм нөхцөлд санаачлага авах боломж Н.Энхбаярт байсан юм. Бас олон асуудлаар “Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч” С.Батболдын байр суурь эргэлзээтэй байгаа. Тэр энэ асуудлаар юу ч хэлээгүй, харин У.Хүрэлбүх л ярьж байгаа. Яагаад үүрэг гүйцэтгэгч вэ? гэвэл намуудын тухай хуулиар баталсан МАХН-ын дүрэмд “Намын дарга Ерөнхий сайд байна” гэж заасан. Гэвч тэр намын дарга биш учраас мөн Ерөнхий сайд биш байж болно. Ийм ч учраас өнөөг хүртэл хууль ёсоор намын болоод Засгийн эрх мэдэл С.Баяраас хараат байгаа. С.Батболд одоогоор тэвчиж л байна. Тэр хууль ёсоор намын дарга болсныхоо дараа л өөрийн улстөрийн алхамуудыг хийнэ. Одоо болтол тэр ямар улстөрийн ахам хийснийг санаж байгаа хүн байна уу? Засгийн газар аймаар ажиллаж байна л гэж байна. Яг юу хийснийг шууд хэлэх хүн байна уу? Эсвэл С.Батболдын харшсан царайг хараад ингэж бодоод байна уу?

Өнөөг хүртэл АН-ынхныг хатгаж Засгийн газрыг унагана гэж олон хүн тооцож байсан авч үнэндээ АН-д тийм чадал байхгүй. Унагавал МАХН л унагана. Ингэхдээ С.Батболдыг намын дарга болгохдоо “Дан ганц МАХН-ын Засгин газрыг байгуул” гэсэн ганцхан болзол тавьбал тэр яах вэ? МАХН улстөрийн заль мэхээр гаргуун тул ийм байдлаар “Засгийн газрыг унагаж” болно. Өөрөөр хэлбэл бүх эрх мэдлийг С.Баяраас С.Батболдод бүрмөсөн шилжүүлэх явцдаа ийм алхам хийчихэж чадна.  АН заргалдвал “Намын их хурал ингэж шийдсэн”. “Намын хамт олон ингэж шийдсэн”. “Нам нэрээ өөрчилсөн, өөр нам бий болсон”. Үй түмэн шалтаг шалтгаан бий шүү дээ. Гэхдээ Н.Энхбаяргүйгээр...

АН-ын хүлээлт

З.Энхболдын гайхалтай алхамын цаад шалтгаан үүнд байна. Б.Хурцын асуудалд туслаж байна гэдэг нь “Засгийг огцруулахад туслаж байна” гэсэн үг. Тэр намын эрх мэдлийг авахад бэлтгэж байна гэсэн үг. Гишүүд үнэр авсан учраас АН-ынхан дараагийн даргын нэрийг ярьж эхэллээ. ҮЗХ гэнэт зарласаны учрыг эндээс нэг их холоос хайх хэрэггүй л болов уу. Хэрэв “Алтан гадас” засагт оролцоод бүтэлгүйтсэн, хөөгдөж шившиг болсон бол одоо З.Энхболд дарга болж байж л энэ шавраас АН-ыг цэвэрлэж чадна. Ахиад л фракцаар асуудлыг харах учраас энэ боломжтой. 

Гэхдээ АН дараагийн алхамуудаа тооцохгүй бол хүнд. АН Засгаас гармагцаа хамтарсан Засгийг шүүмжилж эхэлнэ, тэр тусмаа том гэрээнүүдийг. Ингэвэл МАХН бүх оноог авна. Өөрөөр хэлбэл бид л алсын хараатай учраас АН-ыг урхидаж байж бүтээн байгуулалтын гэрээнүүдийг баталсан. Харин АН-ыг харцгаа, Засгаас гармагцаа увайгүйтэж байна. Ингээд бүх оноо Ардын Намынх /АН/ болно. Харин нөгөө АН 2016 оныг хүртэл гудамжинд гарна.

Харин Ерөнхийлөгч яав? 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараачаас эхлээд Н.Энхбаярын бодлогогүй үйлдлүүд нь улстөрийн хүрээг нь хумьж, олон дайсан бий болгосон юм. Тэр С.Баяртай муудалцсан юм бол Ц.Элбэгдоржтой муудалцах хэрэггүй л байхгүй юу. Хоёр форонт дээр байлдахын оронд дайснаа салгах хэрэгтэй. Тэр Чингисийн хүргэн биш Гитлерийн хувилгаан юм гээч. Тэр Ц.Элбэгдоржид хуучин Ерөнхийлөгчийн хувьд таатай хандаж туслах ёстой байсан юм. Ерөнхийлөгчийн алба бол намаас хууль ёсоор хамааралгүй цорын ганц алба.

Харин Ц.Элбэгдорж маш сайн тактикч учраас сая С.Баярын алхамыг дэмжээд Н.Энхбаяраас хариугаа авчихлаа. Засгийг нь М.Энхболдоор түлхүүлсний, бүр сонгуулийн увайгүй гүтгэлгийн хариуг ч авсан байх. Ер нь бол асуудал зарчмын гэхээсээ илүү хувь араншингуудаас болж үүсэж байна. Төрийн аль албанд хүмүүс л байгаа шүү дээ.

Ерөнхийлөгч баярын хурал дээр хэлсэн үгээрээ МАХН-ынхны уур цухлыг барж байгаа юм. Одоо Засаг “унаж” болзошгүй уур амьсгал МАХН-д бий боллоо, гэхдээ Ерөнхий сайдаа “солихгүйгээр”. Албан ёсны шинэ дарга, шинэ Ерөнхий сайд ялсан намын шийдвэрээр кабинетаа эмхэлнэ. АН хийдгээ хийсэн, одоо яв, яв. Бүх юм хуулийн дагуу. С.Баяр үүнийг эрт харж албаа өгсөн юм биш байгаа?

Стратеги ба тактик

Ц.Элбэгдорж тактикийн зорилгоо биелүүллээ. Харин С.Баяр сайн стратегич учраас холыг харж баймаар. Уг нь бол АН-ыг хөөх цаг болоогүй. 2011 оны сүүлээр буюу ирэх жилийн өдийд АН-ыг хөөх ёстой. АН-ыг үхтэл нь тэврэх хэрэгтэй. Тэгээд сөрөг хүчингүй сонгуульд орно. Баараггүй ялна.  Гэхдээ тэр үед салах боломж, шалтаг, хуулийн үндэслэл гарах уу? гэлцэж байсан.

Ямар Засгийн газар гэдэг нэртэй нам сонгуульд оролцолтой биш. Сонгуулийн өмнө яадаг ч байсан сална. Тэгэхгүй бол сонгууль нь өөрөө утгагүй, “ардчилсан биш” болно. Дөрвөн жилд ядаж нэг өдөр ардчилсан байх хэрэгтэй. Хамтраад сонгуульд орвол тайлан нэг, нэгэн сонгуулийн хугацаанд хийсэн ажлаа давхцуулж тайлбарлаж болохгүй. Сонгууль бол өрсөлдөөн, өрсөлдөгч хоёр талаас сонголт хийхийг хэлж байгаа болохоос биш коммунист маягаар Засгийн газраас санал болгосон нэг л этгээдийн нэрийг  дугуйлах үйл явц ерөөсөө биш. Тэгэхээр 2012 оноос өмнө заавал салах байсан юм.

Гэхдээ хэзээ, юу хийх вэ? Ерөнхийлөгчийн “өндөрлөгөөс” нөхцөл байдлыг шинжье л дээ. Хэрэв 2012 онд АН ялагдвал тэр үзэл суртлын давуу тал олно. Өөрөөр хэлбэл тэнцвэржүүлэх сонголт хийж болзошгүй. Өмнөх сонгуулиудын туршлага үүнийг нотолно. “2012 он” кино ирээдүйн бодат байдал нь болоод байгаа АН нэр төрөө аврахын тулд бүх хүчээрээ түүнийг дэмжинэ. Гэхдээ бас асуудал бий. “Алтан гадасынхан” түүнийг Энхсайхандаж магадгүй. МАХН-ынхан Энхбаярдсан шиг. Энэ үзэгдэл бараг Ерөнхийлөгчийн сонгуулийн стандарт болсон. Тиймээс эрт салгахгүй бол болохгүй. Засгийн газарт удах тусам “Гадас улам аюултай, хурц жад” болно. “Алтан гадас”-ынхан намын эрхэнд удвал нэр дэвшигчийг тодруулахад илүү нөлөөтэй байж болзошгүй. Өөрөөр хэлбэл МАХН-аас ямар ч хор орж ирж болзошгүй хаалга нээлттэй байна. 2012 оны сонгуулийн наана Ерөнхийлөгч намынхаа төлөө МАХН-тай заавал муудалцана. Ингээд л намын эрхэнд гадасынхан байгаа цагт тэр 2013 онд ар талгүй болно. Тиймээс найдвартай ар тал бий болгож, бэхлэх ёстой.

МАХН, АН-аас бус Ерөнхийлөгчөөс болгоомжилж байгаа ба санаачилсан бүх ажлыг нь зохион байгуулалттай нурааж байгаа нь 2013 онд гаргахгүй байх сууриа тавьж буйн илрэл. “Элбэгээ ярьдаг шигээ хийхгүй байна” Энэ сөрөг суртал нэвтрүүлэг олон нийтийн тархинд улам сайн шингэсэн байх ёстой. Ийм нөхцөлд АН нь МАХН-тай цуг найрлаад байвал яах болж байна? Тиймээс салгах ёстой. МАХН-ыг дайрах хэрэгтэй байгаа биз. Тэгээд намтайгаа хамт сөрөг хүчин болбол, намын эрх мэдэл түүнд ойр, найдвартай хүний гарт байвал их сайн.

Харин С.Баярын байр сууринаас харвал АН-ыг устгах л ёстой. Устгадаггүй юм гэхэд өнөөгийнх шиг нэр л үлдэх ёстой. Бүх талаар МАХН-аас хараат, дуулгавартай зарц байх ёстой. Гэхдээ эхлээд Н.Энхбаярыг дарж намаа сахилгажуулах ёстой. Харин ганц гай нь ирээдүйд Ц.Элбэгдорж. Хэрэв АН салах л юм бол хамгийн түрүүнд С.Баярыг баална. 7 сарын 1-ний асуудлаар. Тиймээс эхэлж үгээ хэлэх ёстой, хэллээ. “Хэрэв сонгуулийн төгөлдөршил болсон бол ийм хэрэг явдал гарахгүй байсан юм. Түүнээс татгалзсан АН-ын дарга Ц.Элбэгдорж “уул шугамандаа буруутай”. Н.Энхбаяр дарагдсан. Одоо зам салж байна. Хагацая даа, хө.

Ийм нөхцөлд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг С.Баярын гараар эд бад хийлгэчихгүй байх хэрэгтэй бус уу. Хэрэв алдаж тооцсон бол Ерөнхийлөгч үүн дээр л алдсан. Ц.Элбэгдоржийн тактик, С.Баярын стратеги гэлцээд эхэлнэ дээ. Гэхдээ Ц.Элбэгдорж нэг тоглоод эхэлбэл тун ч шалбалзуур, шаргуу үзэлцдэг. Тиймээс алдаагаа засахад оройтоогүй л байна. С.Баяртай өрсөлдөхүйц өөрийн бодолтой лидер МАХН-д тодортол Н.Энхбаярыг тордож, МАХН-ын дотоод дайныг сунжруулбал дээр. Ядаж л Н.Энхбаярын талаар элдэв үг хэлээгүй С.Батболдыг албан ёсны болтол. Улстөрийн бодлогоор шүү.

Ийм бололцоо олгохгүйн тулд л Н.Энхбаярыг унагахдаа З.Энхболдын гараар могой бариулчихаж. Үүнийг хийгээд салбал сал. Санасанаа хүрлээ. АН ахиад алдсан уу? Н.Энхбаяр капут. Хурцхан хутгаар сүлбүүллээ дээ. Одоо МАХН-д шинэ өглөөний үүр цайж байна. Улстөрийн тааж ярьдаггүй, бодат байдлаар л төлөвлөдөг. Дүгнэж болно, дараа нь ажиглах хэрэгтэй, хэрэв дүгнэлт үнэн бол тэд бодож байсныг тань хэлээд яриад эхэлнэ. Өнгөрсөн долоо хоног янг ийм долоо хоног байлаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив