Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гайт агшин
2010 оны 11 сарын 9 [Уншсан тоо: 39025]
Их хурал уу, бүгд хурал уу?   

МАХН-ын XVI их хурал эхэллээ. Коммунизмын жилүүдэд Ю.Цэдэнбал агсан тал нутгийн цангинасан атлаа настай хүний сөөнгөдүү хоолойгоор хоорондоо хол завсарлагатай “Татгалзсан хүн байна уу..., алга байна..., түдгэлзсэн хүн байна уу..., алга байна..., санал шүүмжлэл хэлэх хүн байна уу...? алга байна... батлах уу..., батлая...” гэж эхэлдэг хурлыг МАХН-ын дарга С.Батболд нээлээ. Дээрх асуултууд гарсан авч тэр дундаа түр завсарлаж танхимыг харсангүй, шудраад гарав. “Санал шүүмжлэлээ хэлэхээр” гараа өргөсөн их хурлын төлөөлөгч Н.Удвалыг тоож харсангүй.

Их хурлын индэр нь талийгчийн авс тавьдаг тавцанархуу агаад намын дарга С.Батболдын уруу царай, гурван өнгөт далбаагаар эмжин тойруулсан зэрэг нь энэ сэтгэгдлийг улам лавшруулна. Их хурлаар МАХН-ыг булшлахаар төлөвлөсөн байв. “Хувьсгалт нам ер наслаад устах тавилантай” гэж хэлсэн нь үнэн юм байна. Одоо баяр хүргэсэн утгатай эмгэнэлийн бичгүүд тасрахгүй. МАХН-ыг устгасан гавъяаг хууль ёсны дарга С.Баярт оноох уу, албан ёсны дарга С.Батболдод хаяглах уу гэдгийг тодорхой хэлж мэдэхгүй байна. Үзэл суртлын талыг даасан “Монгол Андропов” С.Баяр л илүү их гавъяатай болов уу.

Анхаарал татсан гурван өнгөт далбаа. Намын даргын эрх нь албан ёсоор цуцлагдаагүй С.Баярын ОХУ-ын нөлөөний хүн гэсэн имиджийг батлах гэсэн мэт ОХУ-ын далбааг санагдуулам МАХН-ын шинэ далбаа. Парижийн коммуныг санагалзан мэт уруугаа харсан Францын далбаатай адил ажээ. Хэрэв индрийн арын их хурлын дугаар бүхий том бичиг байгаагүй бол ҮШН-ын их хурал болж байна ч гэж бодохоор. Гэтэл энэ нь МАХН-ын шинэ далбааны өнгө байсан ажээ. Төлөөлөгчдөд шууд бусаар, харааны мэдрэмжээр нь дамжуулан шинэ далбааг хоногшуулж буй хэрэг байж.

Их хурлын төлөөлөгчдийн тоо 800 авч 834 хүртэл нөөц бий. Энэ бол намуудын тухай хуулиар шинэ нам бүртгэхэд хүрэлцэх хэмжээний гарын үсэг. 801 гарын үсэгтэй бол шинэ намыг бүртгэнэ. Ингээд МАХН МАН болов. Нацагдорж ингэж дуу алдах байсан, “Шинэ нам, хуучин нам болов. Хуучин Монгол-Шинэ монгол болов”   Даваа гарагт их хурлын төлөөлөгчдийн гарын үсэг бүхий өргөдлийг Улсын Дээд Шүүхэд “Шинэ нам бүртгүүлэх тухай” гэсэн агуулгатайгаар өргөх болно. Сонгуулийн тухай хуулийн намуудын нэрийг Ардчилсан хувьсгалаас хойш бүртгүүлсэн дарааллаар сонгуулийн саналын хуудсанд бичнэ гэсэн заалт байгаа бол Монголын хамгийн залуу “Зүүн төвийн” нам бараг 20-д бичигдэх байх.

Бүх тоо заавал бэлгэдэл утгатай байдаг. Жишээ нь шинэ МАХН-ын Удирдах зөвлөлөө 21 гишүүнтэй байхаар төлөвлөжээ. Энэ нь Ардын хувьсгалыг бэлгэднэ. Үүнээс 15-ийг нь УИХ-ын гишүүд хавсран гүйцэтгэнэ. Үүнээс хэд нь бас сайдын албыг давхар хашихыг хэн мэдэх билээ? БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч, сайд нарын зөвлөлийн гишүүн, УТТ-ны гишүүн гэдэг шиг. Дээрээс нь намын төв хорооны гишүүн. Тухайн үед хоёроос дээш алба хашдаг байгаагүй санагдана. Харин энэ шинэчлэлийн дараа нэг хүн дөрвөн алба зэрэг хашиж болзошгүй болов. Ажлаа бардаг л байгаа даа. Нэг бол өргөтгөнө, эсвэл ийм л юм болно. Бэлгэдэл будаа... Намын дарга намын эгэл жирийн гишүүддээ баяр хүргэтэл танхимд удтал алга нижигнүүлэн ташив, харин эгэл бус гишүүд нь тайзан дээр...
МАХН шинэчлэгдсэн нэрээр хуучирч байна. Агуулгын хувьд ч нэрийн хувьд ч. Н.Энхбаяр “Ардын нам” гэдэг нэрийн тухайд үнэн л хэлсэн. Марксист онол ёсоор бол феодалын нийгэм зонхилсон дорнын орнуудад “гинжнээс өөр алдах юмгүй пролетари анги” байгаагүй учраас ангийн тэмцлийн онолыг феодализмд тохируулан өөрчлөхдөө “ард ба феодал” анги гэж анги ялгаварласан. Мэдээж Хятадууд эхлэж энэ нэрийг авсан. Гоминдан. Хамгийн сүүлд Лаос авсан байх.

МАХН-ын түүхэнд хоёр онц их хурал бий. Албан ёсоор “онц” хэмээн тодотгоогүй, сүүлчийн XХY их хурлаас “Намын их хурлыг хоёр жил тутамд хийх” дүрмийн заалт баталснаар намын их хурлын сүр, ач холбогдол буурчээ. Тухайн үед МАХН дахь системийн хямрал туйлдаа хүрч, удирдлагын сэлгээ хийх зайлшгүй шаардлагатай болсон ба цагтаа Н.Энхбаярыг гаргаж ирж байсан хууччуул “Нүхт”-эд  боловсруулсан стратегийнхээ дагуу С.Баярыг намын даргаар томилох операцийг албан ёсны болгохын тулд намын дүрэмд ийм өөрчлөлт оруулсан билээ. 

Энэ нь одоо МАХН-ын дээд удирдлагын эрх, хүчийг сулруулах заалт байсан юм. Дөрвөн жил тутамд их хурлаа хийж ирсэн МАХН-ын уламжлалыг тооцвол МАХН яг үнэндээ XХY их хурлаа хийж байгаа юм. Хоёр их хурлын аль нь илүүдэл болохыг түүх харуулна. Хуучнаар бол энэ удаад бараг л бүгд хурлын дайны л юм хийж  байна. Үүгээр намын даргын богино сэлгээ явагдлаа. С.Баяр МАХН-ын сүүлийн дарга, харин С.Батболд Шинэ Ардын намын анхны дарга болов. Нэрийн хувьд ч биш, бүр намын мөн чанарын хувьд чанарын шилжилт болж байна. Энэ бол түүхт үйл явц билээ. Монгол Улсын төрийг 86 жил эрхшээсэн коммунист нам нэг л өдөр зүүд зэрэглээ болов.

МАХН-ыг устгах оролдлогууд

А. Гадаад дарамт шахалт
МАХН-ыг устгах оролдлого анхны дайралтаар бүтэж байгаа юм бишээ. 1990 оны хувьсгалын дараа МоАХ дахь доктор Нэргүй нарын үзэл сурталчид МАХН-ыг хааж хориглохыг шаардаж байсан ч Э.Бат-Үүл авч үлджээ. Дараа нь 1996 онд Ерөнхий сайд М.Энхсайханы “хөрөнгийг нь хураах замаар” буюу өөрсдийнх нь аргаар туйлдуулан устгах оролдлого Р.Гончигдорж, С.Баярцогт нарын хожим ашиглахаар шургалуулсан тавдугаар цувааны дэмлэгтэй нуран унасан билээ. Үзэл санааны мухардал руу түлхсэн ч Р.Гончигдорж МСДН-ыг татан буулгаж, амьдрах замыг нь нээсэн. Сүүлд байрыг нь шатаасан. МАХН сүүлийн 20 жил амьдрахын төлөө байгалийн шалгарлаас ч хүнд шалгаралыг сөрж байсан билээ. Дан ганц гаднаас дайраагүй юм. Дотоод хямрал сүүлийн жилүүдэд их идэвхжсэн. МАХН-ыг гаднаас нь дайрвал нэгдчихээд байна, тиймээс дотроос нь хагалах ёстой...

Б. Дотоод хагарал
Н.Энхбаярын дарангуйллын төгсгөл үед МАХН-ыг устгах анхны алхамыг хийсэн. Тухайн үед үүнийг намын дотоодод биш харин төрийн шийдвэрээр гүйцэтгэхийг оролдсон билээ.

2004 оны сонгуулийн дараа Н.Энхбаяр болон АН-ынхан “Намуудын тухай” хуулинд өөрчлөлт оруулах замаар МАХН-ыг булшлахыг оролдсон юм. Ингэхдээ МАХН гэдэг нэрийн товчлолыг хэвээр авч үлдэх, намыг Монголын Ардчилсан Хөгжлийн Нам болгон хувиргах, Монгол Ардын Хувьсгалт Намын бүтэн нэр болон товчлолыг 24 жилийн турш хэрэглэх эрхгүйгээр “үгсийн сангаас хасах” зэрэг зорилтууд дэвшигдсэн юм. Мөн Ардчилсан хөгжлийн намд АН-ын голлох улстөрчид, ялангуяа өнөөгийн “Алтан гадас” фракцийнхан орохоор төлөвлөж байсан юм.

МАХН-ын нэр, товчлолыг хориглосон нь хүчтэй сөрөг хүчин энэ нэрээр л улстөрийн орон зайд гарч ирж болзошгүй гэсэн болгоомжлолд байсан ба хэрэв МАХН АН-ыг залгиж байгааг намын гишүүдэд ойлгуулахгүй бол МАХН-ын олонх гишүүн салж болзошгүй байсан билээ.

Тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди үүнийг хүчтэй эсэргүүцсэн нь нэг талаас намын шалтгаантай байсан, нөгөө талаасаа нам дамнан идэвхжиж байсан улстөр-санхүүгийн бүлэглэлийн Монголын төрийн эрхийг дангаар авах зорилтыг тас цохих эрмэлзэлтэй нь холбоотой байсан гэж таамаглах нь зөв байх. Гэвч нэгэнт эхэлсэн үйл явц зогсоогүй юм. “МАХН ер наслаад үхнэ, урт шар дээлтэй, ногоон нүдтэй хүн энэ намын ясыг барих юм байна” гэсэн үг тэр үед их содон сонсогддог байсан. Н.Энхбаяр “урт шар дээлт” хоч аваад байснаас намын дотоодод их нэрээ унагасан. Энэ домог их холын урхагтай байсан, Н.Энхбаярыг ч, бас МАХН-ыг ч нуранги болгож орхилоо.

“Намуудын тухай хууль” өөрчлөгдөхдөө дээр дурдсан хоёр заалтгүй өөрчлөгдсөн ч бүх намыг бүтэц зохион байгуулалтыг ижил болгосон юм. Ингэснээр Монголын намууд МАХН-аар уламжилсан коммунист маягийн тогтолцоотой нүсэр бүтэц болон хувирсан билээ. Энэ нүсэр бүтэц том намуудад л тохирох агаад жижиг намуудын үйл ажиллагаа явуулах, өргөжин тэлэх боломжийг хаасан юм.

Тухайн үеийн тохироогоор “МАХН ба Алтан гадас” нийлж Хөгжлийн нам болох ба зүүний ардчилсан социалит үзэл баримтлалтай болох, харин М.Энхсайхан нарын бүлэг барууны-либерал чиглэлийн нам болох ёстой байсан юм. Үүний дараа буюу далд тохиролцоогоор Н.Энхбаяр УИХ-ын дарга болж, хоёр намын бүлгийг нэгтгэж улстөрийн эрх барих үнэмлэхүй хүчинг зохион байгуулах учиртай байв. Чухам үүнээс болгоомжилж Н.Багабанди эртнээс “М.Энхсайхан-Б.Эрдэнэбат-С.Оюун-Б.Жаргалсайхан” гэсэн сөрөг төвлөрөл бий болгохыг далдуур ихэд дэмжиж байв.
“Хөгжлийн нам” байгуулагдаагүй ч нэгэнт бүрдсэн тохироо үүргээ гүйцэтгэсэн ба үр дүнд нь парламентад 62-ын бүлэг байгуулагдав. Саяын их хурлын үеэр хэлсэн Н.Энхбаярын сануулга нь намаа хорлох гэсэн “гэнэтийн санаа” биш, туршлага юм. Өөрөөр хэлбэл 2004 оны сонгуульд эвсэж орсон “Эх орон-Ардчилал эвсэл” задарснаар сонгуульд оролцсон субьект устсан. Одоо МАХН МАН болсноор 2008 оны сонгуулийн субьект устаж байна. Тухайн үеийн үйл явцыг харвал үүний үр дүнд лав л АН бүлэг байгуулах эрхгүй болсон. Өдгөө ҮШН гэгдэх болсон АН-ын 7 гишүүн бууриа сахиж, намын бүлэг байгуулахыг оролдсон. Тэдэн дээр ацалсан байр сууринд байсан Э.Бат-Үүл нэгдсэн бол АН-ын бүлэг байгуулагдаж, “Алтан гадас”-аар толгойлуулсан 62-ын бүлэгт орсон хэсэг нь хэн ч биш, сул гишүүн болох аюултай болсон. Гэвч Э.Бат-Үүлийн огцом шийдвэр албан ёсны бүлгийг замхруулсан. Тэр хэт шударга зангаараа ямагт асуудлын голд гарч ирдэг ч яг шийдвэр гаргах мөчид үргэлж буруу алхам хийдэг. Өөрөөр хэлбэл тэр ятгалганд амархан автдаг, чухам үүнээс нь болгоомжилж АН хэзээ ч даргаараа сонгож байгаагүй юм.

62-ын бүлэг байгуулагдах бэлтгэлээ базаасны дараа АН-ын нөлөө бүхий лидер нэгэн гишүүнээр зуучлуулан М.Энхсайхантай уулзахаар орой, гэрт нь очсон байна. Тэгээд бүхий л тохиролцоогоо хэлсэн ажээ. М.Энхсайхан хариуд нь “Одоо та нар чадаж байна л гэж бодож байгаа байх, гэвч 20 жилийн дараа энэ улс орон ямар болохыг төсөөлж байна уу? Би зөвшөөрөхгүй унтмаар байна, та хоёр явж тус болохгүй юу...”.

Үүлийн эргэлтийн дараа 62-ын бүлэг бий болж, Их эвслийн Засгийн газар унамагц яаравчлан хуулинд заагаагүй “АН-ын зөвлөл” гэгчийг эмхлэн байгуулсан түүхтэй. Хэрэв зөвлөлөөр нэгтгэхгүй бол Ан-ын бүлгээс хорч гишүүн М.Энхсайхан руу гүйхэд л баларна. Бас эвслийг задалсны дараа улстөрийн алсын хараагүй Б.Эрдэнэбатыг намын гишүүдтэй нь тусгаарлаж, С.Оюуныг 62 бүлэгт татсан. Ингэснээр “Эх орон-Ардчилал” эвсэл задарсан бөгөөд хожим Б.Эрдэнбатаас Б.Эрдэнэбүрэнг салгаснаар ямар ч найдваргүй болгож орхив.

Үүний дараа 62-ын бүлэг задрахад хэдийгээр “АН-ын зөвлөл” байгуулж тусгаарласан ч М.Энхсайхан, Б.Эрдэнэбат нар буцаж нэгдэж, бүлэг байгуулж болзошгүй учраас тэднийг Засгийн газрын бүрэлдэхүүнд багтааснаар “Эх орон-Ардчилал” эвслийг нэгмөсөн мөхөөснийг бүгд санаж байгаа биз ээ. Түүнээс бус М.Энхболд дангаараа Засгийн газраа байгуулах бүрэн боломжтой байсан шүү дээ. М.Энхболд намын дарга болсны дараа “МАХН-ыг устгаж, түүхэнд нэрээ үлдээх” боломжийг зөвлөгчид мундахгүй олон болсон юм. Өөрөөр хэлбэл МАХН-ыг устгах  тухай мөрөөдөл тасраагүй юм. Харин М.Энхболдод хувилбар байгаагүй, нөгөө талаас Н.Энхбаяр М.Энхболд энэ замаар явбал хүчирхэг бүлэглэл байгуулж болзошгүй гэсэн хардлагаар түүнийг түлхэн унагасан билээ. Улстөрчдийн айдас нь ганцхан, тэр нь хүчирхэг бүлэглэлийн гадна үлдэх вий гэсэн айдас юм.

С.Баяр дүрмийн өөрчлөлтийн хүчээр намын дарга болов. Н.Энхбаяр айдаст автлаа. Тодорхой хэлбэл МАХН-ыг устгах, 62 бүлгээс хамтарсан ЗГ хүртэлх хуйвалдааны автор нь тэр биш.  Айдас нь биелж, бүлэглэл түүнийг зольж орхилоо. Одоо тэр палианы гадна үлдэнэ. Тэр зарим иргэний хөдөлгөөнүүд, жижиг намуудыг нэгтгэж улстөрийн платформ байгуулахыг оролдсон ч 7 сарын 1-ний хэрэг явдлын дараа үндсэндээ энэ орон зай бутран сарнисан эмх замбараагүй, чиглэсэн зорилгогүй, удирдлагагүй “хаос” болсон хувирсан юм. Н.Энхбаяр Н.Багабандийн хийснийг хийх гэж оролдсон ч амжилт олсонгүй. Цаг үе нөхцөл байдал өөр болжээ. Үйл явцын өрнөл дунд Н.Багабанди, М.Энхбаяр нарын байр солигджээ. М.Энхсайхан ахиад 2004 оны сонгуулийн өмнөх байдалдаа орж, Н.Энхбаяртай хамтрахаас өөр гарцгүй болжээ. Эцэст нь намдаа бүлэглэж үзээд бууж өгснөө харууллаа.

2008 оны сонгуулийн үр дүн тэнцүү гараагүй ч МАХН-АН мөн л хамтарсан Засгийн газар байгуулсан. Үр дүн нь эрт тодорхой байсан, “нэг бол АН, эсвэл МАХН устана” АН устах болов уу гэж олонх таамаглаж байсан ч МАХН устаж байна. Их хурлын дараа МАН хамгаалалтын ухаан тамир шавхсан тулаанд орох нь тодорхой. Гэвч үр дүн яаж гарах бол?

Энэ систем бол асар том систем, улсын хаан гэгдэж байсан Н.Энхбаярыг ч, найдваргүй нөхцлөөс гайхалтай ялалт байгуулсан С.Баярыг ч зольж чадах систем. Гэхдээ нэгдмэл байдалд хараахан хүрээгүй байна. Улс орныг эрхшээлдээ авахын тулд хоёр хүчирхэг санхүүгийн бүлэглэл өрсөлдөж байгааг олон жилийн ажиглалт, туршлагадаа дулдуйдан нотолж чадна.
 
Хосолмол бүтэц

Олон хүн түүхэн үйл явцыг хэт том гэж үзээд харж чаддаггүй. Мянган жилийн настай рейх гэдэг шиг үүрд мөнх санагдаж байсан МАХН гэнэт устана гэж хэн ч санахгүй, ингэж хэлсний төлөө зүгээр л үзэн ядаж магадгүй. Гэвч миний л мэдэх бодат байдал, түүх ийм. 7 сарын 1-нд МАХН-ын байр шатаж байхад л МАХН-ынхан ямар гээч муу ёрын хүч бадамлаж буйг анзаарах ёстой байсан шүү дээ. Түүхийн гайт агшин гэж өнөөгийн МАХН-ын их хурлыг хэлдэг. Монголчуудын давшилт зогссон нь “Айн Жалутын тулаан”-аас эхтэйг 700 жилд цөөхөн түүхч  анзаарсан билээ. Хэнд ч үл анзаарагдам, хэн ч ач холбогдол өгдөггүй тийм үйл явдал. Өөрөөр хэлбэл МАХН устаж МАН бий болсон их хурлын өнгөц ач холбогдлоос илүү цаад шалтгаан чухал. Зөвхөн нэр, үзэл баримтлалын маргаан биш, яагаад ийм юм болов, учир шалтган нь юунд байв, хэзээ эхлэв, дараа нь юу болох зэрэг нь их чухал.   

МАХН-д удирдлагын хосолмол бүтэц бий болж байна. С.Батболдыг дураар нь тавихгүй. Түүнийг нотлохын тулд Б.Энхтүвшинг “намын бодлогоор заалнаас дэвшүүлж” байна. С.Батболд “Хууль ёсны дарга биш” гэдгийг “С.Баярын стратеги, Элбэгээгийн тактик” өгүүлэл гарахаас өмнө хэн ч яагаад улстөржүүлээгүй юм бэ? гэж асуух ёстой. Хэрэв эрт эхэлсэн бол С.Батболд өдийд даргаа больж, харин МАХН үлдэх байсан. Харин МАН-ын дарга цэвэр “гүйцэтгэгч” болон хувирч байна. Өөрөөр хэлбэл намын дарга урт хугацаагаар сонгогддог, улстөр-санхүүгийн бүх эрх мэдлийг төвлөрүүлэгч, “ардчилсан хаан” биш болон хувирч байна. МАХН-ын удирдлагын төвлөрлөөс үүдэлтэй хүч чадлын ундарга ширгэлээ. Тиймээс МАХН мөхөж, С.Батболд эрх мэдэлгүй дарга болсон нь дээр. Энэ жишээ Монголын дараа пост коммунист орнууд, стануудад давтагдах байх.

МАХН-ын /1924-2010/ мөхөл, жинхэнэ утгаараа коммунизмын мөхөл юм. Коммунизм эгнэгт Монголын хөрснөөс арчигдлаа. МАХН магадгүй дэлхийн хамгийн урт настай коммунист нам байсан. ЗХУКН устсанаас хойш 20 шахам жил тэслээ. Байр байшин, сүлд далбаа нь огт өөр шинэ нам төрж байна. Одоо Монголд огт өөр засаглал бий болно. Удахгүй үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль боловсрогдсон. Цаашдаа богино настай намуудын эрин эхэлнэ. Энэ бүхний өртөг хэд вэ? гэж үү? 500 сая ам.доллар. Монгол банкныхан энэ тоог мэднэ.

Гэхдээ тусгаар тогтнолоо алдах аюул, хөгжлийн зогсонги байдал энэ тэр болохгүй. Үнэндээ МАХН устах болохоороо л нийтийг ингэж айлгадаг болохоос, устсаны нь дараа ямар аюул байх вэ дээ. Нар манддагаараа мандаж, өвс ургадагаараа ургаж, улс хөгждөгөөрөө хөгжинө. Энэ бүхэн, хамгийн энгийнээр хэлэхэд МАХН-ыг золиосолсон нь хамгийн товчдоо “Хөгжлийн төлөө” л юм. Хөгжлийн төлөө яасан ч болно гэж манай ард түмэн бүгд л боддог биз дээ.

Дараах үйл явдлын дарааллыг л анхааралтай ажиглах ёстой байх. МАН байгуулагдсан-МАХН устсан-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн-Хамтарсан Засгийн газар байгуулагдсан-7 сарын 1-ны үйл явц-Үндэсний эв нэгдлийн Засгийн газар-Их эвслийн Засгийн газар-62-ын бүлэг-2004 онд парламент яг тэнцүү төлөөлөлтэй болсон. Яагаад ч юм манай парламент тэгш тоотой байхаар бүр 1990 оны Үндсэн хуульд заасан байсан. Харин тэр хуулийг хаанаас авлаа?
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив