Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Өрсөж зарах стратеги
2010 оны 11 сарын 15 [Уншсан тоо: 54005]
Завсрын 20 жил

2010 оны 11 дүгээр сар. 1924 оны энэ үед бий болсон МАХН гэгч террор нам устлаа. Ардын Намыг үндэслэн байгуулагч Д.Бодоо 1922 оны 8 дугаар сарын 31-нд цаазлуулахад түүний шавь Х.Чойбалсан улстөрийн ажлаас зугтаж “Санбэйсийн цоохор” нэртэй адууны панз болон хувирчээ. Хожим гуйвуулсан түүхээр намыг үндэслэгч гэдэг болсон Д.Сүхбаатар 1923 оны 2 дугаар сарын 20-нд “ханиадаар” нас барж, Богд Жавзандамба хутагт 1924 оны 5 дугаар сард, Солийн Данзан коммунист үндсэн хуулийг эсэргүүцэн анхдугаар их хурлын үеэр буудуулсны дараа МАХН бий болжээ. Коминтернийн загвараар...

Хэдийгээр 1921 онд Ардын хувьсгал ялсан гэж тэмдэглэдэг болсон ч 1940 оны Үндсэн хуулиар Монголчууд коммунизм байгуулахаар нэгмөсөн шулууджээ. Үүнээс өмнө Засгийн эрхэнд Н.Жадамба, Ц.Дамбадорж тэргүүтэй баруунтнууд гарч, Ж.Цэвээн “Үлгэрлэвээс Швейцарь лугаа хөгжих” уриалга гаргаж, өөрийнхөөрөө хөгжих гээд засгийн эрхнээс зайлуулагдав. 1928 онд тэднийг рабфакийн боловсролтой Ө.Бадрах, З.Шижээ нарын зүүнтнүүд тулхэн унагаад Засгийн эрхийг авсан ч яаран нийгэмчилснээр улсын аж ахуйг сүйтгэсэн ба үүний улмаас 1930-аад оны эхний баруун аймгийн бослогууд дэгдсэнээр дахин зайлуулагдав. Зүүний нугалааг засах “Шинэ эргэлтийн бодлогыг” хэрэгжүүлсэн П.Гэндэн Оросод цөлөгдөн цаазлуулахад түүний Засгийн газарт Мал тариалангийн сайдаар гэнэт “буцаж ирсэн” Х.Чойбалсан Засгийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлжээ. Түүний засаглалын жилүүдэд улаан хядлага гаарч 1939 онд Ардын намын анхны долоогийн сүүлчийнх Д.Догсомыг цаазалжээ. Энэ үеийг Марксист түүхчид түүхийн хоосон нэг шатыг орлосон үе гэж тайлбарладаг. Үүний дараа л хоёр дахь Үндсэн хуулийг батлав.

Ингээд 1940 оны Үндсэн хуулинд: “Бүгд Найрамдах Монгол Ард Улс бол эзэрхэг түрэмгий ба феодалын дарлалыг устгасан /малчин, ажилчин, сэхээтэн/ хөдөлмөрчдийн тусгаар тогтносон бөгөөд цаашид нийгэм журамд давшин орохын тулд тус орныг хөрөнгөтний бус замаар хөгжүүлэх явдлыг хангагч улс мөн” гэж заажээ. Өөрөөр хэлбэл хувьсгалаас 20 жилийн дараа Монгол Улс коммунист улс болох замаар эргэлт буцалтгүй оржээ.   
1990 онд Ардчилсан хувьсгал ялсны дараа 1992 онд Монгол дөрөв дэхь Үндсэн хуулиа баталсан. Бүр 1924 оны анхдугаар үндсэн хуулинд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын зорилт бол хуучны эзэрхэг харгисын ёс суртлын үлдэгдлийг үндсээр устгаж, улс төрийн захиргааны явдлыг жинхэнэ ардын ёсонд нийлүүлж, шинэ ёсны Бүгд Найрамдах Улсын үндэс тулгуурыг бататган бэхжүүлнэ” гэж байсан бол 1992 оны анхны Ардчилсан үндсэн хуулинд “Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэжээ. 1924 ба 1992 оны үндсэн хуулийн адил төстэй нь нийгмийн ямар байгууллыг сонгож буй тухай заалт байхгүй юм. Хэдийгээр өнөөг хүртэл “1940, 1960 оны үндсэн хууль заасан нийгэмд журамд /коммунизмд/ давшин орох” заалтыг үгүйсгээгүй, нийтээр хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны замд орсон гэж ойлгосон билээ.

МАХН-ын их хурлын өмнө зүүн, барууны маргаан гарсны шалтгаан үүнд бий. Маш энгийнээр Монгол К.Марксынхаар бол капиталист хөгжлийн шатанд “буцан ороод байгаа” тиймээс зүүн төв гэгч томъёолол нь тэднийхээр бол коммунист нийгэм, капиталист нийгэм хоёрын дунд гацчихсан гэсэн ойлголт гээд байхад ойлгоогүй. Бас социал демократ үзэл нь либерал ертөнцийн ойлголт. МАХН шилжин орсон “нийгэмдээ” хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зайлшгүй барууны үзэл санааг авч байж л байгуулагдах эрхтэй юм гээд байхад л “социал демократ бол барууны үзэл биш” гээд улаан хамгаалагч оюутнуудаар шүүмжлүүлээд байв даа. Гэвч одоо энэ бүхэн ард хоцорчээ.

Одоо МАХН “МАН гэдэг нэртэй, үндэсний ардчилсан чиг баримжаатай, зүүн төвийн үзэл баримтлалтай” хачин марзан олон нийтийн байгууллага болов. Ардын нам гэдэг нь феодал ёсны үлдэгдэл. Үндэсний ардчилсан чиг баримжаатай гэдэг нь үндсэн хуулинд заасан “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” байгуулах гэсэн зорилтод нийцсэн ганц үг байх нь, уг нь энэ бол барууны маягийн нийгэм байгуулах эрмэлзэл гэдгийг нь тодотгоход МАХН-ынхан биднийг “барууны нам“ гэж доромжиллоо гэлцээд боож үхэнгээ шахаагүй юу. Харин “зүүн төв” гэдэг нь ойлгомжгүй “Үлгэрлэвээс хятад лугаа” хөгжих гэсэн санаа бололтой. “Ардчилсан социалист” гэж томъёолохоос яагаад жийрхээд байгааг л ойлгохгүй юм.

Дээр нь дэргэдээ “Нийгмийн ардчилал МЗХ”, “Нийгмийн ардчилал МЭХ” гэдэг байгууллагатай болсны нь ёстой л мэх гэхээс өөр юу гэх вэ дээ. Монголд орчуулснаар Германы судлаач Томас Майерийн бичсэн “Нийгмийн ардчилал” гэдэг ганцхан ном байна. Тэр номыг МАХН-ын нарийн бичиг н.Сүхбаатар дурсгасныг хэрэг болгон үзлээ. Нэг их хэтрүүлэлгүй хэлэхэд хавтасны гарчгийг уншаад л “Ер нь энэ бол шинэ үзэл санаа юм байна, үүнийг авъя” гээд дайрчихсан бололтой юм. Захын сэтгүүлч МАХН-ын дурын гишүүнээс “Нийгмийн ардчилал” гэж юу болохыг товч тайлбарлаад өгөөч гэж асуугаарай. Бараг л “Ард түмнээ сонсох аян”-ыг хэлдэг юм гэх болов уу.

“Нийгмийн ардчилал” гэдэг тодотгол авахын тулд энэ талын наад захын ойлголтыг залуучуудад өгөөгүй зүгээр л “гарыг нь өргүүлээд, буулгаад авчихсныг” бүгд харсан. Улстөрийн орон зай дахь ардчилсан социалист үзэл санааны дунд бүрэлдэн буй “нийгмийн ардчиллын үзэл санаа” нь үнэндээ либерализмын дотор хөгжин буй либертар үзэл лүгээ адил бүрэн дүүрэн боловсроогүй, “ирээдүйн” үзэл санаа болох нь уг номноос илэрнэ. Одоо МАХН дэлхийн ардчилсан социалист хөдөлгөөний манлайлагч, нийгмийн ардчиллын үзэл санааг хэрэгжүүлэгч /үнэндээ туршигч/ болж байна. Өнөөдөр хайгаад үзээрэй дэлхийн нийгмийн ардчиллын нам гэж хаана ч байхгүй, тэр ч байтугай энэ онол хамгийн хурдан хөгжиж буй Германд ч байхгүй, сайтар уншвал “нийгмийн ардчилал” гэсэн орчуулгын оносон эсэх нь ч эргэлзээтэй юм билээ. Ингээд феодал нэртэй, шинэ нийгэмд ёс төдий хүлээн зөвшөөрөгдөх “утопи” үзэл санаа бүхий нам бий болжээ. Бүх үг өгүүлбэрийг ялангуяа шүүмжлэлийг дайсагнал гэж ойлгоод хүлээн авч харгалзан үзэхийн оронд яг коммунист маягаар танкчилан дайрахын гор гэдэг ийм ажээ.  Гэвч яая гэхэв. Ер нь бол МАХН-д зөвлөгөөг шууд өгч болдоггүй юм. Эсэргүүцэх тусам зээрийн сүрэг шиг эсрэг дайрдаг номтой. Яг тэр номоор болов.

Гэхдээ ямар боловч коммунист нам устлаа. Энэ нь чухал болохоос элдэв үзэл санаа хамаагүй байсан юм. С.Баярт баяр хүргэе. Энэ бол том үр дүн агаад үүнээс цаашхи үр дагавар нь асар сонирхолтой. Үүний үндэслэл юу вэ?

Шилжилт дууссан уу?

МАХН-ын XXVI их хурлын бэлтгэлийн үед, илтгэлд “Шилжилтийн үе” дууссан гэсэн томъёолол олонтаа дурдагдлаа. Шилжилт гэж юу юм, түүнийг дууссаныг тодорхойлдог ямар үзүүлэлт байдаг юм, ер нь дэлхийн түүхэнд “коммунизмаас капитализмд” шилжсэн түүх байдаг юм уу гэх мэт олон асуултын хариуг орхиод шууд ингэж дүгнэсэнд их гайхаад байна. Би нэг их судалгаа шинжилгээний ажил хийж гийгүүлсэн амьтан биш, тэр ч байтугай нийтлэл бичиж үзээгүй, бичсэнээ өгүүлэл гэж нэрлэдэг. Бичиж буй сэдэв маань сэтгүүл зүйн гэхээсээ илүү улстөрийн ажилд хамаарна. Харин улстөрийн хувьд бол шинжээч гэх мэт лут амьтан биш, их сайндаа ажиглагчийн статустай гэж боддог. Гэхдээ л бүх асуудалд эрэмбэ дараа, үндэслэл, гаргалгаа, дүгнэлт, дэлхий дахины шинжлэх ухааны ойлголтонд хүлээн зөвшөөрөгдсөн байх гэх мэт зүйлс зайлшгүй баймаар л санагддаг юм. Ядаж л өмнөх бүлгийн сүүлийн догол мөрийг бичихийн тулд Мейерын номыг сөхөж үзэж хэрэг гарч байна. Тэгэхээр энэ өгүүлийг шүүмжлэх хүн байвал тэр номыг сөхөж үзэхийг гуйя. Түүнээс дээд тэнгэр монголчуудын хошногоор дамжуулан суулгасан “аугаа суу залинд” итгээд давшлаад байвал гуунд хашигдсан зээр болно.

Гэхдээ шилжилт дууслаа гэж байгаа нь “Коммунизм эргэлт буцалтгүй тониллоо” гэсэн үг юм.  Дүгнэлтийн цаад шалтгаан энэ билээ. Хорин жилийн турш арагш цахадсан улстөрийн том хүчин өөрчлөгдлөө. Их хурлын нойрмог төлөөлөгчид энэ талаар ядаж зүүдэлсэн байх гэж найдна.

Их хурлын илтгэлийн дүгнэлт, намын өөрчлөлт нь одоо цоо шинэ цаг үе ирснийг, Монголд Марксын капиталист нийгэм жинхэнэ ёсоор тогтсоныг хэлжээ. Илтгэлийг боловсруулагчид үүнийг нь ойлгоогүй байна, тиймээс илтгэлд шинжилгээ хийх ямар ч боломж алга, дээр нь илтгэлийг С.Батболд тавихаар яах ч билээ. Энэ бол улстөрийн дүгнэлт байсан юм. Түүхийн давтамжаар Ардын хувьсгалаас хойш 20 жилийн дараа л нийгэм журамд орохыг хүлээн зөвшөөрсний адил Ардчилсан хувьсгалаас 20 жилийн дараа МАХН өөрийгөө устгаж, ухрах замгүй болсноо зарлалаа. Энэ бол “коммунизмаас капитализмд шилжих” “улстөрийн шилжилт дууссаныг” нотлож байна. Гэхдээ “Империализм бол капитализмын сүүлчийн шат” биш байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх.

Дорнын капитализм

Хөрөнгөт ёсноос 70 жил зугтаасан Монголчууд эхэндээ азтайдаа баярлаж байсан ч сүүлдээ азгүйдээ гутрах болсон билээ. Империалист колоничлогчдын дарлалд сүйрэн баларч байсан Япон, Солонгос, Тайвань, Сингапур, Малайз, Филиппин, Хятад хорьдугаар зууны эцсээр үсрэнгүй хөгжиж эхэлсэн. Тэд колоничлолоос гарч хөгжин дэвжихийг хараад бид П.Гэндэн агсны хэлсэнчлэн “улаан империализмын” дарангуйлалд тарчилж буйгаа мэдсэн.

Монголчууд 1990 оноос хойш хөгжлийн зам мөрөө тогтоох гэж удтал дороо эргэсэн билээ. Коммунизмыг орлох гэгээн сайхан ирээдүйг мөрөөдсөнөөс биш хатуу хөтүү нийгмийн хөгжлийн өрсөлдөөнд зовно гэж бодоогүй юм. Энэ зовлон нь хуучнаа санагалзах үзлийг их сэргээж байсан, гэвч буцах зам байгаагүй, буцах л юм бол БНХАУ-ын Ар Монголын өөртөө засах орон болох ганцхан зам бий.

Нэгэнт жам ёсны замд орсон учраас жам ёсны үзэгдлүүд Монголд бий болсон. Ядуурал газар авч, нийгмийн баялгийн хуваарилалт “зэрлэг капитализмын” маягаар тогтов. Ард түмэн хуучнаараа алж ч чаддаг, аварч ч чаддаг төрийг хүсэж, бүхнийг төрөөс зохицуулахыг хүсэж хэчнээн хашгирч жагсаж, үглэж дуулаад огт өөр нийгэм тул ямар ч үр дүнд хүрсэнгүй. Төрийн бодлого хаана байна гээд хайх тусам төрд ноёрхсон цөөнхийн дур зорго, эрх ашиг илчлэгдэн бачимдуулжээ. Тэгээд хэн ч биш болохоо мэдэхийн хэрээр нийгмийн ёс суртахууны уналт эхлэв. Бодлого байхгүйг мэдэв. Яах вэ? Юу хийх вэ? Сонгуулиар байдлыг засах гэж оролдоод луйвардулж, эсэргүүцэн босож, муу муухайн үүр болсон байшинг шатгаагаад буудуулав. “Ардчилалыг ч бас автоматаар хамгаалдаг аж”.

Дараа нь орон нутгийн сонгуульд санал өгөхгүй бойкотлож үзэв. Гэвч үр дүнд хүрсэнгүй. Хамгийн сүүлд бүр хөгийн юм болсон. Баянзүрх дүүргийн нөхөн сонгуульд МАХН-аас ганцхан хүн нэр дэвшиж, түүнийг 99 хувиар сонгов. АН ганц хүнтэй сонгууль явахгүй гэж тооцоод нэр дэвшигчээ татсан ч сонгууль явж л орхилоо. Яагаад гэвэл МАХН АН нэг гэж бүгд үзэж байна. Нэг хүнээс сонголт хийнэ гэж байх уу? Яг коммунизм эргэн ирлээ. МАХН их хурлаа яг ийм өндөр амжилтаар угтсан. Гэхдээ энэ хурлаар МАХН-ыг устгахаар төлөвлөсөн байв. МАХН хэргээ гүйцээсэн, МАХН явж болно.

Хэдхэн жилийн өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч ирэхэд манай төрийнхөн ёс алдаж, түүнээсээ болоод амжилттай гэж дүгнэсэн айлчлал үр дүнгүй болсон юм. Учир нь манай тал Ерөнхийлөгчийг угтахдаа түүнд хөл алдаж, дагаж ирсэн “даймондуудыг нь” үл тоомсорложээ. Ерөнхийлөгчийг VIP-ээр дамжуулж аваад бусдыг нь энгийн угтжээ. Дараа нь үэдхийн өмнө уламжлал ёсоор Жаргалантын аманд бэсрэг наадам хийж. Ерөнхийлөгч тусгай хамгаалалттай машинаар морилж, харин даймондууд явган таваргах замдаа “Но Мун Хён ч лут юм байна даа” гэж ёжилж байсан гэдэг. Үнэндээ бүх бодлого шийдвэрийг Ерөнхийлөгч биш даймондууд гаргадаг. Үүнд л асуудлын гол нь байна. Энд бас улстөрийн системийн ялгаа харагдаж байна. Монголчууд төрийн тэргүүн гэж хөл алдаж байна, харин Солонгост тийм биш. Гэвч Монголчууд энэ зам руу дөхөж байгаагаа мэдээгүй.

Сайтар нуун далдалсан авч либерал, неолиберал орнуудад мөн л ийм систем бий. АНУ-д тэргүүлэгч 500 гаруй гэр бүл бий. Японы “500-гийн бүлэглэл” улстөр-эдийн засаг-санхүүгийн гол шийдвэрийг гаргадаг. Солонгос бол тодорхой, улсаас нэн таатай нөхцлөөр дэмжин бий болгосон дэлхийн хэмжээний томоохон компаниуд шийдвэрт голлох нөлөөтэй. Аль ч улсад нийгмийн дөрвөн бүлэг байна. “Дээд хэсэгт” даймондууд, дараа нь баячууд, дундаж давхарга, тэгээд ядуус. Харин бүх эрх мэдэлд “даймондуудад” төвлөрдөг. Азид бараг Хятад ганцаараа намын эрх мэдлээр баячуулаа хязгаарлаж байгаа юм. Монгол энэ байдлаараа Хятадтай илүү төстэй болоод байв. Ардчилал дарангуйллын ялгаа бараг энэ л байх. Харин Азийн бусад хөгжингүй оронд төсөөтэй систем тогтжээ, бүх эрх мэдэл даймондуудын гарт байна. Тэр ч байтугай Ази маягийн хөгжлийн эцэг Япон, бас өмнөд Солонгос бодлогоор цөөн компанийг дэмжин улс орны эдийн засаг-санхүүг даатгаснаар хөгжин дэвжсэн нь бодат байдал.

Ази маягийн хөгжлийн жинхэнэ эцэг бол уг нь Хятад. Хятадын нээлттэй хаалганы бодлогын үндсийг Америкчууд тавьсан. Хар тамхины хоёр дайны дараа Хятадад эзэмшилгүй үлдэхээс болгоомжлон “нээлттэй хаалганы бодлогыг” дэвшүүлэн,  бусад гүрнүүдэд санал болгосон ба үүнийг нь хожим БНХАУ-д хатуу дэглэм, хүчирхэг, хязгааргүй эрх мэдэлтэй төр бий болсны дараа Дэн ахин ашиглаж Хятадыг босгосон билээ. Ингэхдээ дорнын капитализмыг үлгэр болгон авчээ. Өнөөдөр ХКН-д тулгарч буй гол бэрхшээл нь баян хүн намын гишүүн байж болох эсэх, энэ бага асуудал юм гэхэд коммунистууд хувийн хэвшилд ажиллахдаа намын үүргүй байж болох эсэхтээ тулжээ. Уг нь коммунист намын гишүүн улсдаа нэгдүгээр хүн байх ёстой, гэвч өмчийн эздийг яах вэ?

Шилжилтийн үр дүн

Өнөөгийн Монголын эдийн засаг олигопольжсон, энэ хэрээр улстөр авторитар маягтай, харин урт настай МАХН энэ авторитар дэглэмийн хөрс, төрүүлэгч болсон юм. Хэрэв энэ байдал удвал МАХН-ын аль ч дарга хэзээд Султан Назарбаев болох боломжтой. Монголтой адил шахам нөхцөлтай станууд болон хуучин Зөвлөлтийн БНУ-дад ийм үзэгдэл гай болсон. Хуучин ЗХУКН-ын орон нутгийн лидерүүд улсын Ерөнхийлөгч болж, одоо зарим нь угсаа залгалмжилсан авторитар дэглэмийн эцгүүд болоод байна. Харин Монгол үүнээс арайхийж салсан, үүний учир нь Монголчууд ухаантайдаа биш, харин парламентын засаглалд байсан юм. МАХН-ын дарга, Ерөнхий сайд хэдий бүх эрх мэдлийг өөртөө авдаг ч ёс төдий ч болов Засгийн газраа томилох эрхтэй парламент, засаглалын гурав дахь нөлөө бүхий этгээд, ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчийн зүгээс хатуу ширүүн эсэргүүцэлтэй тулгарч эцэстээ бууж өгсөн билээ.

Харин сүүлийн үед парламентад намууд эвссэнээр засаглалын тэнцвэр алдагдаж, гол хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулснаар үндсэндээ нэг нам болж хувирчээ. Парламент ёс төдий, Засгийн газар бүх эрх мэдлээ гартаа авсныг ч бас л “дарангуйлал, авторитар тогтолцооны нэг шинж” гэдэг. Сонгуулийн үеэр тавьдаг хуурамч жүжигт иргэд итгэхээ болив. Ингээд парламент нь хямралыг өдөөгч болон хувирчээ. Энэ нь эргээд намуудын нэр хүндэд хүчтэй цохилт өгч байна. Уг нь хамтарсан хоёр намаас АН-ын нэр хүнд шалдаа хүртэл унаж, МАХН-ын нэр хүнд цойлох ёстой гэсэн энгийн дүгнэлт байгаа авч хамгийн сүүлийн судалгаагаар хоёулангынх нь нэр хүнд хамтдаа унаж байна. Хөдөө адилхан 25, хотод адилхан 15 хувийн дэмжлэгтэй байгаа нь олон нийт салгаж харахаа байгаад хэдхэн жилийн өмнө нэг намд үнэнч байсан хатуу дэмжигчдийн багц одоо хоёр намд оногдох болжээ. 2012 оны сонгуульд МАХН гарцаагүй тэр ч байтугай үнэмлэхүй ялах тухай ойлголт оргүй худал болох нь батлагдлаа.  

Үүнтэй зэрэгцэн намын эрх мэдэлд захирагдах хүсэлгүй томоохон баячуул төрөн гарч байна. Өөрөөр хэлбэл даймондууд соёолж байна. Баруунд ер нь бол даймондуудыг “хүн биш” гэдэг. Үлгэрлэвээс тэд тамын дунд диваажинг цогцлоогоод “Эс мартагдах үгсийн хэлэлцэж, эс шингэх идээг идэн суумуй”. Тэдний хэрэглээ огт өөр. Шинэ хөрөнгөтнүүд, бидний муучлан нэрлэх дуртай томъёоллоор олигархууд санхүүгийн эрх чөлөөгөө олж авсан байна. Одоо тэд хэнд ч захирагдахыг хүсэхгүй.

Эрх мэдлийн шилжилт


Улстөрийнхнийг ард түмэн үзэн ядаж байснаас илүүтэй, тэд үзэн яддаг байсан. Жишээ нь Х.Баттулга “Би хорин жил зүтгэж байж овоо машин унах боломжтой болсон. Үүний төлөө юу эсийг үзэв, шоронд ч орж байлаа. Гэтэл нэг муу газрын наймаачин, ажил хийх байтугай хуруугаа ч шалбалж үзээгүй бацаан миний хажуугаар “Ломбаржини” унаад гүйцэж түрүүлж байна” гэж дургүйцэж байсныг би өөрөө сонссон. Нэг орчуулагч намын дарга болоод Монголын толгой баян болдог байж болох уу? Ийм сэдлээр Монголын олон баячуул өөрсдөө улстөрд орж байв. Тэдэнд мөнгө биш, нэр төр хэрэгтэй... ханаж цаддаггүй өлөн улстөрчдийг мөнгөөр тэтгэж, хахуулиар хахаж цацтал нь цатгаж, үнэтэй газрыг нь худалдан авч, лиценз зөвшөөрөл царайчилж байв. Н.Энхбаярын үед MCS түүнийг тэтгэсний хариуд эрчим хүчний бүх төслийг монпольдон авч, богино хугацаанд хүчирхэгжив. Бизнес эрхлэгчид улстөрд орсноороо улстөрчдийн түшмэлүүдийн ханаж цаддаггүй хориг саадыг давахыг оролдов. Эцэст нь “Бороо гоулд”-ын Монгол талын эзэн, таван толгойн  консорциумыг толгойлогч, Монголын алтны ордуудын ченж Ерөнхий сайд болов. 

Алгуураар шинэ олигархууд улстөрчийг гартаа оруулж, өөрсдийн хүссэн шийдвэрийг гаргуулах биш өөрсдөө толгойд нь гарчээ. Өнөөдөр “Монгол даймондууд” төрийн эрхийг авах цаг болсон гэж үзэж байна. Энэ оны төгсгөлд 2,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Ж.Оджаргал Азийн тэрбумны жагсаалтад дээгүүр бичигдэх болно. Бизнесийг боомилогч “мэргэжсэн” улстөрчид шахагдаж байна. Одоо хөгжил улстөрийн бодлогоор биш бизнесийн зарчмаар явах болно.

Ийм нөхцөлд хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь “олигархуудыг дарангуйлагч” тэр хүчийг тодорхой хэлбэл “намыг устгах” ёстой. Ингэхдээ намыг өөрчлөн байгуулж, бизнесийнхнийг аль болох олноор оруулж ирэх ёстой. Улстөрчид нь ядуугаараа үлдэг. Ийм прагматик бүрэлдэхүүнтэй намын нэр, билгэдэл, үзэл санаа энэ тэр ямар хамаа байна. Эцэстээ дорнын маягийн шинэ, нас богинотой намуудын эрин эхэлж байна. Ийнхүү улстөрийн эрх мэдэл суларч, санхүүгийн эрхшээл ялав. Хуучинсаг авилгач улстөрчид эдийн засгийн зохиомлоор хямрааж, мөнгийг шатааж байхад ч мэдээгүй, асар их мөнгөө шатааж, хариуд нь хүн сонсоход их авч алдсантайгаа харьцуулахад өчүүхэн хахууль аван баясаж байсан билээ. Хөөрхий азгүй амьтад. Энэ бол МАХН-ыг мөхөөх дотоод шалтгаан юм. Хөрөнгөтнүүдэд коммунист нам хэрэггүй л байхгүй юу. Онолын хувьд ч, онолгүй юм гэхэд бодат амьдралд ч.

Гадаад шалтгаан

МАХН-ыг мөхөөх гадаад шалтгааныг шинжиж үзье. МАХН ХКН болохыг хичээж байна гэж лав гурав бичсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өмнөх бүлгүүдээс яагаад МАХН ХКН-тай төстэй болсныг ойлгосон болов уу.

Хэд хэдэн үйл явцыг сануулахыг хүсэж байна. Хавар Монгол дахь Оросын хэд хэдэн тагнуулыг илрүүлж гаргасан тухай мэдээ цөөн сониноор гараад алга болов. Дараа нь Ц.Жаргалсайхан гэгч залуу Оросын талд тагнуул хийсэн хэргээр ял авлаа. Ерөнхий сайд С.Баяр АНУ-д удтал “айлчлав”.

Яг үүний өмнөхөн Ерөнхийлөгч УИХ-ын хаалттай чуулган хуралдуулж “Хятадууд Монголыг худалдан авахад бэлтгэж буй” тухай мэдээлжээ. Мэдээлэл нь Оросын тагнуулын байгууллагаас “хулгайлсан” мэдээнд үндэслэжээ. Үүний дараахан дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Хятадууд хөрш улс орноо худалдан авахаар бэтгэж буй тухай өгүүллүүд гарав. Хавар “Капиталын нууц”-ыг зохиогч Эрнандо дэ’Сото ирэв. Ерөнхийлөгчийн урилгаар.

Намар глобальчлалын эцэг Збигнев Бжезинки ирэв. Энэ удаад ТЕГ-ын даргын урилгаар. Капитализмын гол үзэл сурталчид Монголд ийм ойрхон зайтай ирж байсан түүх байхгүй. ТЕГ-ын дарга Р.Болд анхаарлын төвд орж ирэв. Тэр АНУ-д элчин сайдаар удахдаа их зүйлийг хийсэн ба “лобби” хийх талаар түүн шиг сайн мэргэжилтэн Монголд байхгүй гэсэн дүгнэлт тархав. Түүний ганцаарчилсан айлчлалын дараа Английн тагнуулын байгууллагатай гэрээ байгуулахаар явсан Монголын дээд зиндааны тагнуулч Б.Хурц баривчлагдав. Бүр гайхалтай нь ТЕГ өдөж байгаа мэт өөрийн байранд 1913 оны Монгол-Төвдийн гэрээний тухай олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

Үйл явцад дүн шинжилгээ хийх явцад Монголчууд “өрсөж зарах” тактикаар ажиллаж байгаа мэт дүр зураг гарч байна. Үүний тухай Ж.Перкинсийн “Эдийн засгийн алуучны /хитмэний/ наманчлал” номын гурван ч орчуулга нэгэн зэрэг гарч ирлээ. 1929 оны АНУ-ын санхүүгийн хямралыг яг дуурайж, зах зээл дэх нийт мөнгний гуравны нэгийг огцом татсаны улмаас бий болсон зохиомол хямрал, банкны дараалсан дампуурлууд, стратегийн орд газруудыг суллаж авах зорилго давхар агуулж байсан нь илрэв.

Хямрал эхэлмэгц Монголын Засгийн газар параментаас 1,2 тэрбум ам.долларын өрийн бичгийн баталгаа шаардсаар байсан ба Оюу толгойн гэрээ ашиглалтад орсны дараа хэсэг намжаад өнгөрсөн жил дахин идэхжсэн юм. Ингэхдээ төсвийг найдваргүй болгох гэсэн мэт асар их хэмжээний дотоод өр тавьж байв. Дотоод өр тавихдаа хүүгийн хэмжээг зориуд өндөр байлгах зорилтод хүрэхийг чармайж буй нь илт ажиглагдаж байв. Зах зээлээс төгрөг татсаны улмаас бэлэн мөнгө хомсдсон тул бондыг зарахын тулд хүүг өндөр байлгах шаардлагатайн дээр Монгол банкыг шахаж бодлогын хүүг өсгөсөн нь өрийн бичгийн өртгийг эрс нэмсэн юм. Энэ тухай хямрал эхэлснээс хойш мэдээлэл нэмэгдэх тусам шинэчилж бичсэн 20 гаруй өгүүлэл бий, залхахгүй бол www.baabar.mn сайтаас унших боломж танд бий юм.

Хаврын чуулганы төгсгөлд “Засгийн газар ирэх жилийн төсөв батлуулахдаа гадаад өр тавихаас аргагүй болсон тухай шахалт үзүүлэх болно” гэж таамаглаж байгаагаа бичсэн билээ. Төсөв орж ирмэгц шууд бус утгаар ийм шахалт үзүүлэхийг оролдов. Монгол банкинд эс үүсвэр нь тодорхойгүй 500 сая ам.доллар орж ирсэн ба харин төсвийн зарлагад эх үүсвэр нь тодорхойгүй 800 тэрбум төгрөгийн зардал суулгасан нь гишүүдийг эгдүүцүүлжээ. Гишүүд эх үүсвэрийг тодотгохыг шаардан буцаасан, Сангийн сайд дахин боловсруулаад өргөн барилаа.

Монгол банкны нэг дэд ерөнхийлөгч /нэрийг нь бичих хэрэг байна уу?/ “Хаанаас орж ирсэн нь тодорхойгүй хагас тэрбум доллар орж ирлээ. Ийм нөхцөлд Монгол банкыг мөнгөний бодлогоо тогтвортой барь гэж шаардах нь угаасаа утгагүй” гэж ярьжээ. Харин Сангийн сайд эх үүсвэр нь тодорхойгүй 800 тэрбумын “эх үүсвэр” бий гэж, бас л тодорхойгүй эх үүсвэрээс гарсан 500 сая ам.доллар байгаа гэж хэлэхээс яагаад ч юм халшраад байна. Төсөв хэлэлцэхтэй зэрэгцэн МАХН-ын их хурал болж, намыг устгаж амжлаа. Төсвийг дахин боловсруулав. Гэвч аанай хуучнаараа орж ирсэн бөгөөд мөн л эх үүсвэр тодорхойгүй 500 тэрбум төгрөгийн зарлага орж иржээ. Төсөл нь бус тайлбар нь ондоо болсон гэнэ. Заавал энэ мөнгийг төсөвт шингээх гэж зүтгээд байгаагийн учир юунд байна аа?

Харин С.Баяр Ц.Элбэгдоржид буулт хийсээр байгаа ба ингэхдээ улстөрийн давхар зорилгоо хангасаар байна. Ерөнхийлөгчийн шаардаж буй албан тушаалтнуудыг нэг нэгээр нь цөмүүлж байгаа ба ингэхдээ Н.Энхбаярын үед тавигдсан кадруудыг мөн холдуулж чадаж байгаа билээ. Бүр их хуралтай зэрэгцэн АТГ-ын дарга Ч.Сангарагчааг ахин найдваргүй намагт шигтгэж өглөө. Өгөх нь өгнө, гэхдээ... учир бий.

500 сая ам.доллараар хүүхдийн мөнгө, оюутны сургатын зардлын талыг даах Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэрэгжүүлэх боломж бий. Энэ нь өнөөгийн ханшаар 645 тэрбум төгрөг. Засгийн газар яагаад ч юм төсөв хүнд, дотоод өр хэрээс хэтэрснийг мэдсээр байж өнгөрсөн хавар цалин тэтгэвэр тэтгэмжийг 30 хувь нэмэгдүүлэх амлалт авсан. Монголын 145 мянган төрийн албан хаагчийн цалинд 1 их наяд шахам төгрөг зардаг гэж бодохоор энэ нь 300 сая төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн үг билээ.

Харин Ерөнхийлөгч сая өөрийн санаачилсан “Дээд боловсролын санхүүжилт, суралцагсдын тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай” хуулийг хэлэлцэж батлахаас нааш цалингаа нэмүүлэхгүй гэсэн шахалт хийж цалин нэмэх тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа. 2013 онд оюутнуудыг Ц.Элбэгээд алдахгүйг чармайж байгаа МАХН түүнийг нь хэлэлцэхгүй гэж гүрийж үзсэн ч эх үүсвэрийг Ерөнхийлөгч мэдэж байгаа тул хоригийг аргагүй хүлээн авч байна. Нөгөө талаас саяхан УДШ-ийн даргыг сольсон ба шинэ төрөх МАН-ын хувь заяа одоо Ерөнхийлөгчийн гарт байгааг бодох л хэрэгтэй. Тиймээс өмнөх өгүүлэлдээ МАХН-ыг устгасан урьдчилгаа 500 сая ам.доллар гэсэн билээ. Олон хүн амласны дагуу сүүлийн хоёр жил цуврал болгож бичсэнээ ийнхүү боож байна. Одоо МАХН-ын бүлэг “урьдчилгааг” ирээдүйд АН-ын балаг болгохын тулд Ерөнхийлөгчийн амлалтад зарцуулах ёстой бус уу.

Нээрээ мартчихаж, хэнд улсаа зарсан гэж үү? Бүх систем, үйл явцын өрнөлийг ажиглавал АНУ-д зарж байх шиг байна. “Зарах” гэдгийг өөрөөр хэлбэл ирээдүйд Монголын бүх баялгийн эх үүсвэр уурхай болсон стратегийн 15 орд газрыг тэдний мэдэлд барьцаалан өгөөд асар их хэмжээний валют авч байна. Наад зах нь энэ мөнгөөр хүүхдүүдийг, бас оюутнуудыг барьчихаж байна шүү дээ. Сая шахам хүүхэд 200 шахам мянган оюутан гэдэг бага юм биш ээ. АНУ хямралаас гарахын тулд зах зээлд нийлүүлж буй ам.доллар бүрээ бодат хөрөнгө болгохыг чармайж байгаа юм. АНУ-д доллар үнэгүй, бидэнд үнэтэй. Хятад АНУ-ын мөнгөний бодлогыг эрс эсэргүүцэж, Оросууд зуучлахыг хичээж байх зуур иймэрхүү юм болж байна. Жижиг, байгалийн баялаг ихтэй улс орнуудыг эрхшээлдээ авахын тулд хэрэгжүүлж ирсэн энэ систем 1930-аад оноос хойш их үр дүнтэй ажиллаж байгаа билээ.

Үүний үр дүнд тогтворгүй, тодорхой үзэл санаагүй намууд, даймондуудын санхүүгийн эрхшээлд орсон улстөрийн систем, тохиолдлын тоглоомын улстөрчид, угсаа залгамжилсан эрх мэдэл бий болдог. АНУ Хятадыг тойрсон цагирагаа битүүлж байгаа юм. Магадгүй энэ нь Монголд ашигтай ч юм бил үү? Хятадууд ямар хариу барихыг таах аргагүй байна. Зарим мэдээгээр Монгол банкинд обий болсон 500 сая ам.доллар “Чайналко”-гийнх байж болзошгүй байна. МАХН устсанд харамсаад яахав дээ, гэхдээ ээлж юм хойно АН-ын хагарал эхэллээ. Одоо туршлагатай, мэргэшсэн /ер нь бол авилгаар л мэргэшиж туршлагажсан даа/ улстөрч хэрэггүй, 2012 оны парламент гайхалтай эрээвэр хураавар бүтэцтэй байх болно.

Ийнхүү Ардчилсан хувьсгалаас 20 жилийн дараа Монгол жинхэнэ утгаараа улстөр-эдийн засгийн неолиберал улс, неоколоничлолд орсон тогтвортой, капиталист улс болж байгаа юм. Үүгээр хэдэн жил замнах бол? Ганц зүйл дутуу байна. Хэрэв бүгд яг таг хэрэгжинэ гэвэл Монголд Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй. Ийм учраас 2012 оны сонгуулиас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль илүү ач холбогдолтой байж магадгүй юм. Удахгүй үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Түүнийг нь ажиглая. 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив