Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үүлэн сүүдэр доорх АН-2
2010 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 25676]
Солигдмол Үүл

Сүүлийн үед АН-ынхан сайнаар дурсдаг болсон М.Энхсайханыг “хөөсний” дараа Их эвслийн Засгийн газар байгуулагдахын өмнө ийм нэртэй хөрөг бичиж байсан санагдана. Бараг цорын ганц удаа Үүлийг сайнаар үнэлж бичсэн өгүүлэл энэ байх. Тэгэхэд намын даргын сонгууль болж, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар өрсөлдөж байсан санагдана. Мэдээж Э.Бат-Үүл л ялагдаж таарсан. Боддог юм, АН-ын бууриа сахиж үлдсэн найман гишүүнээс Э.Бат-Үүлийг салгаад, намын дарга болгоно гэж мэхлээд өрсөлдөөнд хөтлөж оруулаад хаячих шиг болсон. Хэрэв Э.Бат-Үүл тэгэхэд ҮШН болсон долоогийн талд орсон бол АН огт өөрөөр замнах байлаа.

АН-ын анхны дарга болж байсан тэрээр сүүлийн 15 жил дандаа “намын эрх ашгийн золиос” болсоор ирж. Анхны даргын ачааг одоо болтол үүрч явдаг бололтой юм, хөөрхий. Цаадуул нь яасан зольж ханадаггүй юм, мань эр ч яасан уужим дотортой юм. Нам нам л гэсээр насыг барж байна. Өнөөдөр ядаж ийм коммунистыг өдөр дэн асаагаад хайсан ч олохгүй. Тэгээд барьсан гэр дотроо адлуулж явах ч гэж, чааваас.

Харин үүнийх нь шанд АН-ынхны дотор нэг яриа их тарсан, тэр нь Үүлийн нам дахь “имиж“ болсон юм. “Үүлийг  “солигдмол Үүл” гэвэл таарна, хэний ч үгэнд орж мэднэ” гэлцэнэ. Судлаад байх нь ээ, мань эр ид өрсөлдөөн дунд дэмжигчдээ орхиод, “өрсөлдөгчдийнхөө ятгалганд ороод”, намын эрх ашгийн төлөө өөрийгөө зольчихдог л байхгүй юу. Дэмжигчид нь Үүлийг дагавал ялагдаж л таарна, ямар ч найдлагагүй, дараа нь намынхаа шинэ удирдлагуудад ад болж явах гэж яршиг гэж боддог. Тэгээд л “Солигдмол Үүл” болчихож байгаа юм. Золиосныхоо төлөө Үүл мөнгө ч аваагүй, алба тушаал ч аваагүй. Тэгэхээр одоо Үүлийг дэмжих хүн АН-д, тэр дундаа ҮЗХ-ны гишүүд дотор тун цөөхөн байж таарна. Өөрийгөө үнэ цэнэгүй ийм олон зольчихдог солиот гэж байх уу? Хувьсгалт романтизмаасаа салаагүй, “гэнэн-цагаан толгойт”.
 
Хамгийн сүүлд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө мань эр үүнийгээ ойлгоод энэ удаа эцсээ хүртэл явъя гэж бодсон байх. Гэвч тэгэхэд намын даргын сонгууль биш, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах байсан болохоор мань эр бас л “золио болов”. Би ч гурван шалгаанаар Ерөнхийлөгчид дэвшүүлж болохгүй гэж бичсэн. Хамгийн гол шалтгаан болгосон нь өнөөх “Солигдмол Үүлийн домог”. Тэгээд өрсөлдөөнд хэт зөөлөн, гурав дахь нь “мөнгө босгох чадвар сул”. АН-ынхан өгөөшийг дор нь үмхсэн. “Ардчилал эрийн цээнд хүрэхэд Ардчилагчид Ерөнхийлөгчид дэвшинэ” гэсэн гарчигтай тэр өгүүлэл, бас бүх нэр дэвшигчдийг дүгнэсэн “Улстөрийн сонин”-ыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонх нь барьж ороод Элбэгээг дэмжчихсэн юм билээ. Дараа нь Элбэгээ утастаж “Баярлалаа” гээд энэ талаар хэлээд, “Гэхдээ манай Үүл ч нийтлэг эрх ашгийн төлөө явж чаддаг хүн шүү” гэж билээ. 

Тэр үед цээжний мухарт “Үүлийг хорлох” бас нэг шалтгаан байсан. 7 сарын 1-ний хэрэг явдалд тэр идэвхгүй хандсан тул Ерөнхийлөгч боллоо гээд энэ асуудалд нэг их анхаарах нь юу л бол? “Чуулганыг хүртэл хаалттай хийлгэж байсан, меньшевик” Хожим О.Магнай хэлж байсан. Сонины хавтасны арын өмнөх дугааруудын зургууд, гарчгуудыг заагаад “Чи хар даа, танай сонинд бичсэн бүхэн биелсэн байна шүү” гэж.

Хоёрдугаарт С.Баяр хэрэв Н.Энхбаярыг ялуулна гэж бодож байгаа бол өмнө дурдсан шалтгаануудыг тооцоод Э.Бат-Үүлийг сонгох байх гэж болгоомжилж байв. Гэвч С.Баяр тэгэхэд л стандарт бусаар бодож байсан тул АН-аас ялагчийг хүсэж байсан юм билээ. Мэдээж АН-ын нэр дэвшилтийг С.Баяр шийднэ гэж юу байхав, гэхдээ Монголын улстөрд далд тохироо ямагт байдаг. МАХН-ын дарга С.Баяр “АН-д ялалт өгнө” гэдгийг “ямар нэг байдлаар мэдэрвэл” асуудал хурдан шийдэгддэг. Өөрөөр хэлбэл АН ялалтын төлөө шийдвэр гаргаж байгаа хэрэг. Тэгээд МАХН Н.Энхбаярын ард дөрвөн хөллөж хэвтэхэд, АН түлхээд годройтуулсан даа.

Саяхнаас Э.Бат-Үүл намын даргад өрсөлдвөл ялагдана гэсэн болгоомжлолтой болсон нь сүүлийн ярилцлагаас нь мэдрэгдэж байна. Олон хүн гадас зүгийн салхинд цохиулчихав уу? л гэж таамаглаж байгаа биз. Мань хүн жаахан мохож байна уу, эсвэл ахиад л намын эрх ашгийн төлөөх хэнхэглэлдээ автчихав уу? Ийм л эргэлзээнд хүмүүсээ оруулдаг тэр зан нь яг хэвээрээ байгаа биз? Гэвч үүнийг нь алдаа гэхэд ч хаашаа юм. Зүгээр өрөвдөөд байдаг юм. Улстөрд өр зөөлөн байх хэрэгтэй юу? Хэдий шүүмжилдэг ч шүүмжлэхэд хайран хүн гэж бас байдаг юм аа.

Ардчилсан хувьсгалын анхны 13-аас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нар л улстөрийн дээд эрэмбийн улстөрд тэсч үлджээ. Энэ гурваас Үүл л ганцаараа “УИХ гишүүн” гэдэг даруухан цолтой 1996-2000, 2004-2008 оны парламентыг туулсан. 2008 оноос өнөөг хүрч буй парламентад нэг цол нэмэгдсэн нь “Улсын баатар”. Гэхдээ энэ цол улстөрчийн цол, имиж мөн үү? Эцэст нь ганцхан дүгнэлт гарч байна. Үүлээс хүн чанарыг нь хасчихвал улстөрч болно.

Тэр өөрийн зарчмаа барьж удаан явсан байна, зарчмаа ойлгуулах гэж, хэзээ нэгэн цагт өөрийг нь үнэлнэ гэж. Нийтлэг эрх ашгийн төлөө энэ намыг үндэслэгч, энэ хувьсгалыг гардан зохион байгуулагч, ардчиллын амьд домог болсон Үүл хүртэл өөрийгөө зольж байхад та нар... гэж тэр ойлгуулахыг хичээсээр байж. Их тэвчээр шүү. Гэвч улстөр энэ байдлаараа увайгүй болсоор байвал түүнд энэ зарчмаа тунхаглах, ажил хэрэг болгох бололцоо олдохгүй. Тэгээд хохь нь болж дуусна аа даа. Үүнийг энгийнээр тоймолбол “Боломжтой атлаа албан тушаал аваагүй тэнэг, мөнгөнд шунаагүй бас тэнэг” гэх мэт. Гэтэл үнэндээ “шударга ёс, шуналгүй төрийн хүн” хайж байгаа өнөөгийн нийгэмд зохицох ганц хүн нь Үүл. Амьдралаараа, өөрөөрөө харуулаад байхад нийгэмд яг үнэндээ “Туйлын шударга тэнэгийн шинж” гэж үздэг болчихсон байх юм. Тэгэхээр бид нийтээрээ сохорчихоод ярьсныхаа эсрэг боддог болчихсон байх нь, эсвэл бодсоныхоо эсрэг ярьдаг юм болов уу?

Төр ба хувьсгал


Тэр улстөрчийн хувьд гурван удаа зөөлөвчийн үүрэг гүйцэтгэжээ. Таг, бидон хоёр бол улстөр, зөөлөвч нь Үүл. Доторх нь ард түмэн. Лав л бид түүнд гурван ял “эчнээгээр” оноогоод буй. Анхных нь Ардчилсан хувьсгалыг “жинхэнэ хувьсгал” болгох замыг хааж УТТ-той хэлэлцээрт орж сонгуулийг хүлээн зөвшөөрсөн “ял”. Хоёр дахь нь АН-ынхан 62-ын бүлэгт орсны дараа бүлэг байгуулахад шийдвэрлэх үүрэгтэй байснаа намын олонхийг дагаснаар улстөрийн үйл явцад бас л эргэлт хийсэн “ял”. Гурав дахь нь 2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлыг хэлэлцэх парламентын хуралдааныг хаалттай явуулах санал гаргасан “ял”.

Улстөрийн харшилдаанд зөөлөвчийн үүргийг зөөлөн хүн хийх албагүй, зарим талаар илүү хатуу хүн хийх хэрэгтэй болдог. Хэрэв зөөлөвчгүй бол үймээн бужигнаан савнаасаа халина, харин тэр хальц нь улстөрийн өмнө өгүүлсэн нөхцөлд хүний амиар хэмжигдэж байсан. 2,7 сая хүнийг саван дахь устай зүйрлэвэл хэрэв зөөлөвч жийрэг байгаагүй бол халгиж цалгиад хэдийг “асгах“ байсныг таахад бэрх. Өөрөөр хэлбэл Үүлийг шүүмжлэхдээ өнөөгийн бодат байдалтай харьцуулж байна, хэрэв өөрөөр явсан бол яах байсан бол? гэж асуусан хүн байна уу.

В.И.Лениний “Төр ба хувьсгал”-д зааснаар явсан бол 1990 онд асар их үнэ цэнэтэй жинхэнэ хувьсгал хийх байсан, ардчилал, эрх чөлөө маань ч үнэ цэнэтэй байхсан гэж боддог ч энэ бол илэрхий харгис санаа гэдгийг хүлэн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгсэн бол цус урсгасан МАХН үүрд устаж, хариу яргалал ч эхлэх байсан биз. Хувьсгал яаж өрнөнө, хариу нь яг тийм байдаг. Румынд яалаа. Адилхан коммунист орны боолчлогдсон номхон иргэдийн л хувьсгал. Үүл 1990 оны гуравдугаар сарын өлсгөлөнгийн үед “Төр ба хувьсгал”-ыг барьж, “Хувьсгалын тухай яг үнэнийг бичжээ” гэж ярьж явсан тухай өмнө нь бичиж байсан. Гэхдээ тэр яг түүнийг уншаад “Хувьсгалын өөр зам” олж харсан байх.

Жишээ нь өнөөдөр бид Ленин багшийнхаа “Хоёр засаг” өгүүллийн дагуу хувьсгалын шинэ төлөвлөгөө гаргаж болно. Бараг “зөвлөлүүд” гэдэг үгнийг нь “хөдөлгөөнүүд” гэсэн үгээр солиход л хувьсгалын шинэ тактик гараад л ирэхээр юм билээ. Гэвч эцсийн дүндээ Үүл гэж нэг гай байна л даа. Тэр эсэргүүцнэ, түүнийг эсэргүүцэхээр бүгд дагачихдаг юм.

Яахаараа ийм “шалчигнасан гуманист” болчихдог юм гэж хараамаар үе бишгүй л байсан. Гэвч эсрэгээр дүгнэвэл “торгон хувьсгалын үзэл санааны эцэг нь” Үүл гэж болохоор байгаа биз? Хэрэв тэр 1990 оны хэлэлцээрийн төлөө ганцаараа буруудаж байгаа бол зөвтгөл нь ч түүнийх байх ёстой биз дээ. Ичихгүй үүнийг уншаад би тэр үед цус урсгахгүй байхын төлөө их ярьж байсан гэх хүн гарвал, Үүлийг хэлэлцээрийнхээ төлөө “Шинэ үеийн “хувьсгалчдад” хараалгаж байхад гарч ирээд хамгаалахгүй яасан юм бэ?” гэж асуугаарай.

Бүх шүүмжлэлийн шалтгаан нь Үүл гаднаа их хатуу хүн шиг харагддагт байгаа юм. Түүнээс хувьсгалын хатуу шийдэл хүлээж байхад тэр “бохь” болгоод хаячихдаг л бүх гай байгаа байхгүй юу. Хөдөлгөөнүүдийн ид тэмцлийн үед ялангуяа “Ард түмний их хуралдайг” зохион байгуулж байхад Үүл маныгаа “большевик”-ууд гэж  цоллоход дургүй хүрэхээс яахав.

Олон хүн “Үүл боловсролгүй” гэж ярьдаг юм билээ. Гэхдээ бидний мөрөөдөж байсан хувьсгалын талаар ингэж томъёолоод хэлчих “боловсролтой” амьтан ганц ч байгаагүй л юм даа. Бид эвлэршгүй, хатуу, яг большевик байр суурьтай байсан юм билээ. Тэгэхээр яг онож тодорхойлсон. Хариуд нь ямар “өгөр меньшевик” гэлтэй биш. Тэгж нэг ам алдвал бид большевик болно.

Лав л миний бодсон нь “Үүл муу хог, хувьсгалыг нэвтэрхий мэдэж байна”. Тэгээд л эчнээ яллаж эхлэхгүй юу. Лав л өнгөрсөн найман жил хувьсгалын тухай бүхий л “гарын авлага”, номуудыг уншсан. Хэрэгжүүлэх шатанд хамгийн эгзэгтэй үед гай болдог хүн нь дандаа Үүл байсан. Тэр л ганцаараа “магадгүй ясны хувьсгалчийн мэдрэмжээр” яг цагт нь няцаалт өгдөг юм. Ямар сайндаа “Өөрийн хийсэн хувьсгалын гавъяаг харамласандаа ингэж байгаа юм” гэж харааж суухав дээ. Бид “Үргэлжилсэн хувьсгалын онол”-д шилжинэ гэж бичихэд бас л тэр анзаарсан шүү.

Тэглээ гээд үзэн ядах арга алга. Их сайндаа намынхаа сонгуульд бүдрэхэд нь “Хохь муу хог, цаад малнууд нь гавъяаг нь яаж өндрөөр үнэлж байгааг мэдэг” гэж дотроо тавладаг байв. Гэвч тэвчээртэй юм гээч. Энэ бол улстөрчийн жинхэнэ дүр нь байхгүй юу. Хэрэв зөөлөвчгүй байсан бол яг өөрсөд дээрээ бодоход бид нөгөө Галсансүхийн шүлэг шиг  “Нэг бол сүхний ирэн дор толгойгоо тавих байсан, эсвэл хаан суудалд суух” байсан. Залуу насанд айх юмгүй нь сайхан, цаазын тавцан ч хааны индэр шиг л харагддаг.

“Гудамжны шүүмжлэл”, намын хуйвалдаан хоёр төрд ч, намд нь ч түүнийг ахиулаагүй юм. Яриаг нь өвгөн партизаны яриа төдий л сонсдог байв. Тэр одоо ч АН дахь улстөрийн үйл явцыг бохь болгон замилж байна. Түүний үүрэг нь бас л зөөлөвч. Үүлийн шүлстэй улстөрийн бохиор зөөлөвч хийнэ гэж юу байсан юм гэх байх л даа. Гэвч тэр нэгэнт зажилаад эхэлчихэж. Одоо этгээд эргэлтийн үед тулж ирлээ. Ёрлоход эвгүй утаа үнэртэж байна даа.

Буцах спираль

Хөгжлийн диалектикаар бол нийгмийн хөгжил спирал хэлбэртэй, өөрөөр хэлбэл даран давтах шинжтэй гэдэг. Бас цаг хугацааны агшилт гэж бий. МАН-ын бодлогогүй “шинэ үе” нэрээ сольсноор парламентад эвгүй ан цав үүсэж байна.  Н.Энхбаяр МАХН нэрийг сэргээж авахыг оролдож байна. Энэ бол Геннадий Зюгановын Оросын Коммунист Намархуу нам болно. МАН-ын гишүүдийн 10-15 хувийг татаж чадна. Энэ 10-15 хувь бол хатуу байр суурьтай, саяхан мөхсөн МАХН-ын электораль суурь гэдэгт аюул нь байгаа юм. МАН-д үлдсэн 85 хувь хэдий олонхи ч гэсэн тэд Ленинийхээр бол “Зүүн оппортунистууд” буюу  ашиг хонжоо хайгчид. Тэд МАХН-д үлдэгсэд шиг нэгдмэл байж чадахгүй учраас амархан сарнина. МАН ба МАХН-ын салалт нь ахиад хэдэн хувийг алдах бол? Харин нео-МАХН алсдаа гишүүд нь үхэж дуусахаар дэмжлэгээ алдах, өнөөдөртөө хүчтэй нам болно. Ийм л “тооноос чанарт шилжсэн” ялгаа бий дээ хө.

Хамгийн хоржоонтой нь УИХ-д МАХН-ын бүлэг байгуулагдвал МАН бүлэггүй болно. Өөрөөр хэлбэл 2004 оны сонгуулийн дараахь түүх давтагдах юм. Эсрэгээр. МАХН-ын бүлэг байгуулагдсанаар 2008 оны сонгууль оролцсон, олонхи болсон субьект байхгүй болж байгаа юм. Тэгэхээр МАН зөвлөлтэй л үлдэнэ. Үүний хамгийн тод баримт сонгуулийн саналын хуудсыг эргээд хараарай МАН-ынхаан. Хэрэв байшинтайгаа шатааж мөрөө баллачихаагүй бол та нарт луйвар булхайгаас ядаж дурсгал үлдсэн саналын хуудас нэг ч гэсэн байгаа байх. Түүн дээр 1. МАХН гэж байна уу, 1. МАН гэж байна уу? Сонгуулийн хуудас бол эрх барих дээд байгууллагыг сонгох ардчилсан сонгуулийн баталгаа, баримт юм шүү.
 
Харин АН даргаа сольж амжихгүй ч бүлэг доторх эсэргүүнүүд нь намын бүлгээ, үнэндээ Н.Алтанхуягийг дэмжихгүй бол МАН бүрэн сүйрнэ. Өөрөөр хэлбэл МАХН-ын бүлгийн эсрэг бойкот хийх “38+1” тоотой хатуу зохион байгуулалттай бүлэглэл парламентад байж гэмээ нь хямралаас зайлж чадна. Гэвч тийм бүлэглэл байгаа юу?

АН-ынхан МАН-ыг дэмжихгүй байх шалтгаан нь хэрэв “МАН-ын бүлэг байхгүй болбол”, хэрэв парламентад “МАХН-ын бүлэг, МАН-ын зөвлөл” үүсвэл эрх барих боломж АН-д өөрөө ороод ирнэ гэсэн үг юм. Хэрэв Н.Алтанхуяг бүх хүчээрээ МАН-ыг дэмжвэл тэр “эрх барих боломжоосоо татгалзаж” уравсан гэсэн хэрэг болно. Тэр цагт Н.Алтанхуяг “Алтан гадсаа булган дах” болгоод “зүүн төв” рүү зугтахаас аргагүй болно. Хүчний энэ хуваарилалт нь МАН-тай хамт АН-ыг сүйд хийчихэж чадна. Тиймээс Н.Алтанхуяг Засгийн газарт үнэнч байж, Засгаа хамгаалж байгаа нь МАН-д үнэнч байна гэсэн үг, алсдаа МАН-тай нэгдэнэ гэсэн гарцаагүй дүгнэлтэнд хүргэж байна. Тиймээс Н.Алтанхуягаас болгоомжлох ёстой.

Энэ бол түүхийн агшилт. Нэгэнт хүчний хуваарилалт явагдаж дуусмагц буцаж тэлэхээрээ юуг ч хуу хамна даа. Спирал бол Монголоор орчуулбал “пүрш” юм шүү дээ. 

Хоёр засаг

“Хоёр засаг” ямар үед үүсдэг вэ? Өнөөдөр МАН ба АН-ын дэмжигчид нийлээд хүн амын 30 орчим хувь байна гэсэн судалгаа гарчээ. Хэрэв МАН задарвал энэ үзүүлэлтэд өмнө хэлсэн “тооны бус чанарын” ялгаа гарна. Яахав өнөөгийнхөөр үзэхэд ард түмний /энэ үгийг зориуд хэрэглэчихье л дээ/ 70 хувь задгай байна. Ер нь бол хөгжингүй орнуудад задгай 70 байх л эд гэх байх. Харин өлсгөлөн, ядууралд автсан, эрх баригчдаа үзэн яддаг Монголд задгай 70 ямар аюултай гээч.

2008 оны сонгуулийн өмнө задгай 60 байсан. Луйвардсан, З.Энхболдын мэдээлснээр 25 хувийн луйвар. Бодоод үзье. Хайрцагласан 40+луйврын 25= 65. Энэ бол Ц.Нямдорж мэтийн хэлэх дуртай “Намайг ард түмэн ардчилсан зарчмаар сонгосон” гэдэг үгийн цаад буглаа. Задгай хувь өндөр байсан учраас л МАХН-ын байшин харласан. Гэтэл задгай 70 байгаа үед дээрээс нь хайрцагласан 30 хувьд нь “МАН ба МАХН”, “АН ба Гадас” гэсэн хагарал гарвал нийгэм бүхэлдээ эргэчихэж байгаа юм. Ийм үед өнөөгийн эрх баригчдад ямар ч найдвар үлдэхгүй. Судлаач Сумати “Задгай 70 аюултай, хэрэв большевик маягийн амлалтууд тархвал нийгэмд эргэлтийн шинжтэй хямрал үүснэ” гэж анхааруулсан бол Баабар түгшиж “Өнөөдөр тогтвортой байдал юунаас ч чухал” гэж байгаа нь ийм л “тооцооны үндэслэлтэй”.

Хэрэв эрх баригч нам дөрөв хуваагдвал /үндсэндээ хуваагдчихсан/ нийгмийн тогтвортой байдлыг яаж ийгээд хангаж байсан суурь бут үсэрнэ. Ийм үед зэрэгцээ засаглагчид гарч ирнэ. Октябрийн хувьсгалын өмнөх үед энэ нь “Петрградын ажилчны зөвлөлүүд” байсан. Хожим “Ажилчин-тариачны зөвлөл” болсон. “Газрыг тариачдад” гэсэн ганцхан уриа л ийм үр дүнд хүрсэн. Өнөөдөр амлалтанд итгээд өрөнд орчихсон малчдыг ийм уриагаар татаж чадахгүй гэж үү? Дараа нь “Бүх эрхийг зөвлөлүүдэд…” гэж шиг үргэлжилнэ. Жишээ нь “Оюу толгой”, “Таван толгой”-г ашиглахад л болно. Бусад бүх ордыг хаая гэвэл газар шороогоо хамгаалсан үй олны хөдөлгөөн орон даяар өрнөнө. Дараа нь “Хамгаалсан баялгийг чинь хувааж өгнө” гэвэл яахав?

Судлаач Сумати большевик амлалтыг “Хөрөнгөтнүүдийн өмчийг хураагаад ард түмэн өгнө” гэх ч юм уу гэж жишсэн байсан. Үгүй дээ, тийм юм гэж юу байхав, ингэж л засаглал “ард түмэнд” шилжинэ. Үй олон лиценз тараагаад өгчихсөн байгаа. Хаа холын Францын хэвлэлд 6000-аас хагасыг нь тараасан гэж дурдаж байна. Ой сүйдэж, гол ширгэж, алтны хумхаа дэгдэж, засаг захиргаагүй нинжа нар сүрэглэн тэнэж байна. Яг ийм үед парламентад хагарал үүслээ. Тэгээд удахгүй олонх гэж хэнийг хэлдэг юм, МАХН, МАН хэмхэлдвэл АН олонх болох эрхтэй юу? Хэрэв Засгийн газраа байгуулах эрхтэй болбол амлалтаа яахав? Эсвэл “эрх баригчгүй сөрөг хүчин” болох уу? гэх мэт асуудлууд цуварна. Тэгвэл парламент тарахаас өөр гарцгүй. Парламентыг эрх барь гэж сонгодогоос биш бүгдээрээ сөрөг хүчин бол гэж сонгодоггүй.

Тэгээд л “Бүх эрхийг хөдөлгөөнүүдэд”. Орон нутаг одоо болтол эрхийг нь олгоогүйгээс засаглах чадамжгүй байгаа тул төвөөс байдлыг зохицуулж барах уу? Оросод хувьсгал гардаг нь “хэт төвлөрсөн хаант засгаас салж чадаагүйд байсан”. Петроградад эрх шилжихэд дэлхийн газар нутгийн зургааны нэгийг эзэлсэн, 170 үндэстэний Орос орон тэр аяараа дагаж байсан шүү дээ.
 
Ийм хямралын дараа наад зах нь намууд бүрэн сүйрэлд орно. Амлалтын хүчинд өөрөөр хэлбэл иргэдийн ганцхан хүлээлтэд “Эднийг байлгаад байвал амласнаа биелүүлчих ч юм бил үү?” гэсэн хоосон найдвар дээр л тогтож байгаа эрх баригчид аа, цаг чинь дуусаж байгаа юм биш үү? Н.Энхбаярыг муулж, бүх муу муухайг түүнд чихэх гэж оролдож байгаа ч та нар өөрсдөө түүнээс нэг их ялгаатай билүү? Гэтэл өнөөх чинь яг отож байгаад хийдгээ хийж байхад… Хэрэв хоёр нам ба бусад гэсэн улстөрийн бүлэглэл үүсвэл хэт цөөнх болсон та нар ялж чадах уу?

“АН-ын их хурлын төлөө хөдөлгөөн” нь явж явж Л.Гантулгын “Онц хурлын төлөө” хөдөлгөөн шиг л замхарна. Их хурал боллоо гээд яах юм, Н.Алтанхуягийг З.Энхболдоор солих уу, эсвэл Н.Алтанхуягийг их хурлаар баталгаажуулах уу? Аль эрт анхааруулж байсан. 7 сарын 1-ний хэрэг явдал бол Октябрийн хувьсгалын өмнөх “цуст ням гариг” шиг түүхийн давтамж шүү гэж. Зуу зуугаар нь хомроглож, баривчилж, хорьж байхад чинь анхааруулж байсан. 10 дугаар сард дахина шүү гэж… Тэр бол сүрдүүлэг байсан бол одоо бодат байдал болж байна. Гэтэл АН таван хүний амийг таван сайдын суудлаар сольчихоод сууж байдаг? Л.Гансүхийн суудал нэг хүний амины үнэтэй юу?

Юу хийх вэ?

Ийм нөхцөлд АН-д зөөлөвчийн үүрэг гүйцэтгэх улстөрч хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд Н.Алтанхуяг, З.Энхболд нар бол АН-ын хоёрдугаар цуваа л байхгүй юу. Хувьсгалчид нь гудамжинд гараад, үлдэгсэд нь намаас холдчихоор хоёрдугаар үе нь ээлжээрээ ирдэг юм байгаа биз дээ. Баабар хөдөлгөөнийхнийг “түмпэн шанагаа бариад тогоотой хоол руу дайрч байна” гэж гутааж байсан ч үнэндээ тэр намынхаа хоёрдугаар үеийнхнийг хоолондоо орох боломжийг хангасан шүү дээ. Одоо тэр “хоёр” нь хоолоо булаацалдаж байгааг харж байна уу.

Өмнөх үеийнхэн нь тэднийг үзэхгүй, тэгээд эрхээ зүгээр шилжүүлчихэж чадахгүй, тэднээр хэрүүл зааж тоглож байна, харин хувьсгалчид нь “гавъяагүй язгууртнуудыг” үзэн ядаж байна. Хоёрдугаар ээлж хоолоо барахын тулд залуучуудыг “түмпэн шанагаа аваад зайл” гэж архирч байна. АН-д ийм л юм болж байгаа биз дээ. Одоо тэгээд үүнийг энэ хоёрдугаар цувааныхан засна гэж бодож байна уу? Аль эсвэл засагт шигдсэн гуравдугаар үеийн хувалзнууд /Баабарынхаар завсрын үеийнхэн/, их хурал хийнэ гэлцэж буй дөрөвдүгээр үеийнхэн, эсхүл МАН-д элсэгдсэн тавдугаар цувааныхан засах юм уу?

Ингээд найдлага эргээд хувьсгалч дээрээ ирнэ дээ. АН-д үлдсэн цорын ганц хувьсгалч нь Э.Бат-Үүл. Элбэгээ, Дорлигоо хоёр нь төрийн хүн болоод явчихсан, төрхөмдөө буцах яагаа ч үгүй. Одоо Э.Бат-Үүлийг дарга болгохгүй л бол АН-д хүлээн зөвшөөрөгдсөн лидер байхгүй. Намаа нэгтгэх, үзэл санааны хувьд Ардчилсан хувьсгалын ололт дээрээ баттай зогсох, үнэт зүйлээ мэдэрдэг тийм хүн хэрэгтэй болохоос “Чи Оюу толгойг идсэн, одоо би Таван толгойг” гэж байгаа хоёрдугаар үеийнхний идсэн идээгүй аль аль нь хэрэггүй л байхгүй юу.

Үүл хувьсгалч учраас түүгээр жишээ авч хувьсгалын тухай бичихэд их сайхан таарч байна аа. Даанч мань “тэнэг” үүний эсрэг нэг юм ярина л даа. Тэгвэл намын “Солигдмол Үүл” нийгмийнх болно. Хэрэв хариуцлагаа ухамсарлаж байгаа бол Үүл одоо намын даргад дэвшиж, хэзээ мөдгүй болох сонгуульд намаа бүтэн авч орох үүрэгтэй. Хэрэв тэгж чадахгүй бол “Хуучин хувьсгалынх нь нэр төр ч, баатар цол нь ч хэрэггүй болох нь”.

Хэрэв өөрийнх нь санаа мөн л бол тэр яриад байгаа “хувьсгалаа” бас л манлайлан хийх, тэр тусмаа жийрэг, зөөлөвч болж, үйл явцыг залалцах боломж байна. Тэгвэл хорин жилийн дараа хошой баатар болох юм билүү? Хэрэв “Хоёр засаг” бодат байдал болж, Төр хувьсгалын замаар замнавал, тэр үед ”Юу хийх вэ?” гэдгээ мэдэхгүй байгаа бол АН Үүлэн сүүдэр дор л хоргодох хэрэгтэй гэж зөвлөх байна даа. Үүлийг одоо ганц л ашиглах боломж АН-д үлдсэн. Хар үүлэн дор байж аянганд цохиулснаас цагаан үүлэн дор байвал АН-д сайнсан.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив