Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Чоно ба нохойн зовлон
2010 оны 11 сарын 24 [Уншсан тоо: 37380]
Монгол телевизийн захирал ил за­хи­дал хэвлүүлжээ. Телеви­зүү­дийн холбоо олон нийтийн телеви­зийг бойкотлосонд гомджээ. Сан­хүү­гийн л маргаан. Хэзээ нэгэн цагт ийм юм болох л байсан.

Манай өнөөгийн нийгэм бол санхүүгийн нийгэм. Тодорхой хэл­бэл хэвлэл мэдээллийн байгуул­лага эрх чөлөөтэй байя гэвэл хамгийн түрүүнд санхүүгийн эрх чөлөөтэй байх ёстой. 1990 оны Ардчилсан хувьсгал хэвлэл мэдээ­лэлд улстөрийн эрх чөлөөг олго­сон. Улстөрийн салбараас хэвлэл мэдээллийн салбар эрх чөлөөгөө хамгаалж, хориглосон тулаан хийж, давшиж, амжилт олж байна. Харин гэнэт сэхээрээд харвал ар талд олигопольчлол, санхүүгийн дарамт шахалт өнөөдөр бодат байдал болсон байна. Өнөөдөр хэвлэ­лийнх­ний өмнө тулгарч буй хам­гийн гол асуудал бол энэ. Өөрөөр хэлбэл хоёр фронт дээр л дайтах болж байна.

Бид эрх чөлөөний тэмцлийн хоёрдугаар шатанд орж байгаа бөгөөд энэ бол санхүүгийн талаар хараат бус байх тэмцэл юм. Оро­сын олигархууд Оросын бүх сувгуу­дыг хувааж, эрхэндээ авч байхад, В.Путин тэдэнтэй харгис агаад тамир шавхсан тэмцэл хийж байх үед хөндлөнгөөс Монголчууд ан­хаарч, гарцаа харж байх ёстой байсан юм. Оросод хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүдийг дарамталж, амыг нь барьснаараа ухралт хий­сэн. Харин Монголд Орос дахь олигопольчлол үйл явц удалгүй давтагдсан. "Хэвлэл мэдээлэл бол зэвсэг юм" гэдгийг тэнэг л биш бол манай олигархууд ойлгож л таарна шүү дээ. "Хэрэв чи ухаантай юм бол яагаад баяждаггүй юм бэ?" гэдэг үгийг бодвол олигархууд биднээс түрүүлж сэхээрсэн нь тодорхой.

Тэдэнтэй зэрэгцээд улстө­рийн­хөн мөнгөө хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулахад ашиг­ла­сан. Коммунизм бол үзэл сур­талд мөнгө хайрладаггүй нийгэм байсан түүний учрыг одоо санхүү­гийн эрх мэдлээр дамжуулан улсын бүх эрхийг хянахыг санаархаж буй олигархууд эрт ойлгож эхэлсэнд огтхон ч гайхах зүйлгүй.  Бодат ашиг олддоггүй, байнгын алдаг­далтай мэт энэ салбарт хөрөнгө оруулалтаа мөддөө нөхөхгүйг мэдэхэд нэг их сүрхий ухаантай байх шаардлагагүй хэр нь яагаад их мөнгө урсан орж байгааг ан­заар­сан хүн байна уу? Нөгөө талаас хэрэв Монголд хэн нэгэн дарангуйлагч гарч ирээд олигар­хуудтай улстөрийн аргаар тэмцээ­сэй гэж хүсвэл яг Оросууд шиг хойшоо алхам ухарна. Тиймээс энэ үеийг туулж, даван гарахаас арга­гүй. Харин тэгэхийн тулд тэсч үлдэх хэрэгтэй байна л даа. Увайгүй сонсогдох байх л даа /ер нь хэвлэ­лийн салбарынхан нэг их сайн хүмүүс биш/ гэсэн тэдний мөнгөөр тэдний эсрэг гэсэн тэмцэл л өрнөж байна.

Өнөөдөр Монголд дагнасан сонин, телевиз бус хэвлэлийн мэдээллийн бүхий л төрөл зүйлийг багтаасан "медиа сүлжээ" байгуу­ла­хуйц хөрөнгө оруулалтыг дотоо­доос хийж байна. Тэрбумаар эхэл­сэн энэ хөрөнгө оруулалт одоо дээд тал нь есөн тэрбумаар хэмжиг­дэж байна.

"Оюун санааг нь бэхэлбэл бие нь хаашаа одох" гэдэг эртний үгийн өнөө цагийн биелэл энэ билээ. Хэвлэлийн зах зээл бол нэг их онцлог эд биш л дээ, эдийн засгийн үндсэн хууль болсон эрэлт нийлүү­лэлтийн хуулиар л зохицуу­лаг­дана. Өнөөдөр эрэлт нийлүү­лэл­тийн тэнцвэр хэдийнээ алдагд­чихаад байна. Эрэлтийг мэдээлэл талаас нь биш, реклам талаас нь хараад үзье.

 

ОЛИГОПОЛЬ ЭДИЙН ЗАСАГ БА ДОТООД ДАРАМТ

Манай улсад 2010 оны эхний хагас жилийн байдлаар 383 хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажилла­гаагаа явуулж байгаагаас 69 сонин, 50 телевиз, 63 радиогийн реклам захиалагч нь ердөө 20 гаруйхан томоохон групп. Монголын хэвлэл мэдээллийн салбар реклам ний­лүү­лэл­тийн хомсдолд орсон байна.

Эдийн засаг олигопольжихийн хэрээр реклам захиалагчдын тоо эрс цөөрч байна. Төр биш, зах зээлийг хуваан эзэгнэсэн цөөхөн хэдэн компани энэ захиалгаараа дамжуулан нийгмийг хүссэнээрээ удирдаж чадна. Реклам нийлүү­лэгч­дийн тоо хэвлэл мэдээллийн байгуулагын тоо хэдийнээ урвуу хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн бай­гуул­лагууд, телевизийн тоо хэт олширсон байна.

Хэдхэн жилийн өмнө "өдөр тутмын дөрөвхөн том сонинтой, тавхан телевизтэй" байсан. Зах зээлдээ бэхэжсэн эдний дэргэдүүр хэн ч гарч ирж чадахгүй гэж ярьдаг байсан. Гэтэл тийм биш байж. Өдөр тумын сонин бол асар их зардал, боловсон хүчний нөөцөнд тулгуур­лан босдог. Гэтэл тэр их зардлыг үл ажран шинээр 20 шахам өдөр тутмын сонин босгоод ирсэн бай­на. Тэрбумаар шатаж байж босно, дээрээс нь сайн боловсон хүчнийг татахад илүү их мөнгө зарцуулах ёстой. Авъяастай, нэр хүндтэй сэтгүүлч нэг л өдөр бий болчих­доггүй л дээ. Гэвч мөнгөөр босгоод ирж чадсан л байхгүй юу. Бүр өөртөө хэвлэх үйлдвэртэй сонинуу­дыг босгож байна.

Хэдхэн жилийн өмнө чөлөөт хэвлэл зөв урсгалаараа явж бай­хад "Чөлөөт хэвлэлийг дэмжих сан"-гийн хэвлэх үйлдвэр бараг ачааллаа дийлэхгүй шахам байв. Гэтэл өнөөдөр маш бага ачаалал­тай байгаа ба өөр бүтээгдэхүүн хэвлэх замаар оршин тогтнохыг оролдож байна. Яагаад? Яагаад гэвэл сүүлийн үед тодорхой зорил­гоор босгож буй шинэ өдөр тутмын сонинууд бүгд дэргэдээ өндөр хүчин чадалтай орчин үеийн хэв­лэх үйлдвэртэй болсон байна. Сонин бол зөвхөн редакц биш бүтэн цогцолбор болсон байна. Энэ их мөнгийг ямар зорилгоор цацаж байна вэ?

Дээрээс нь телевиз. Мөн л асар их хөрөнгө оруулалт, чадварлаг боловсон хүчний нөөц шаарддаг салбар. Телевизийн хувьд сайн сэтгүүлчдээс гадна сайн техникийн ажилтнууд, орчин үеийн техник нэмж шаарддаг салбар. Гэтэл өнөөдөр өргөн нэвтрүүлгийн 10 орчим суваг, кабелийн мөн төдий хэрийн суваг үйл ажиллагаа явуулж байна.

Манай зах зээл жижигхэн. Үнэн­дээ дөрвөн уулын дунд хэвлэлийн бизнесийг ивээн тэтгэгчид болон тэдний бүтээгдэхүүнийг худалдан авагчид бий. Үйлдвэрлэл хөгжөө­гүй, худалдааны эдийн засагтай Монгол Улсын бүх бөөний худал­дааны 80 шахам хувь зөвхөн энд төвлөрсөн. Монгол бол хэт төвлөр­сөн зах зээл. Баабар бахархан бичиж байсан. "Лондонд өдөр тутмын долоон сонин гардаг бол Улаанбаатарт 18, Токиод арван FM ажилладаг бол манайд 17. Зураг­тын арав гаруй студиэс 30 орчим программыг монгол хэлээр цацаж байна" гэж. Тооны хувьд сайхан л байна, гэвч үүний цаана ямар аюул нуугдаж байгааг харъя. Лондоны хүн ам хэд вэ? Токиогийн хүн ам хэд вэ? Харин Улаанбаатарынх 1,3 сая. Хүн амынх нь 50 шахам хувь ядуу, харин бүх худалдаа, бизнесийг хянадаг реклам захиа­лаг­чид нь ердөө л 20 гаруй.

Зах зээлд чөлөөт өрсөлдөөн хумигдсанаар рекламыг дурын компани захиалж хүчрэхгүй бол­жээ. 20 жил ярьсан ч өнөөдрийг хүртэл жижиг, дунд компаниуд бий болсонгүй, харин оронд нь бизне­сийн асар олон салбарыг дамнасан Монголдоо л асар том гигант ком­па­ниуд бий болж байна. Захиалга хумигдахын хэрээр хэвлэл мэдээл­лийн байгууллагууд олон реклам­наас ашгаа олохын оронд цөөн, үнэтэй рекламнаас үйл ажил­лагааныхаа мөнгийг олохыг орол­дож байгаа тул рекламны захиал­гыг өндөр үнэтэй авдаг болжээ. Харин энэ үнийг дийлэх нөгөө л 20 гаруйхан компани байна. Жишээ нь MCS групп. Энэ группэд хэн бүхний мэдэхээр тоочвол эрчим хүчний компани, "Ухаа худаг" дахь уул уурхайн компани, "Кока кола"-ны үйлдвэр, "Шангри ла" центр, "Спирт бал бурам" компани, архи пивоны үйлдвэр, компьютерийн "IT zone" сүлжээ дэлгүүр, "Unitel" үүрэн телефоны компани, дээд зэрэг­лэлийн үнэтэй барилга барьдаг барилгын компани багтдаг. Тус бүртээ реклам захиалагч. Өөртөө олон брэндтэй. Ганц онцлог нь өөртөө хэвлэлийн сүлжээгүй. Хэрэг ч байхгүй юм, өнөөдөр энэ компани дурын захиалгаар аль хэвлэлийн байгууллагыг эрхшээх чадалтай учраас бизнесийн хувьд алдаг­далтай, суурь хөрөнгө оруулалт ихтэй, хөрөнгө оруулалтаа удаан нөхөх хэвлэлийн салбар хэрэггүй. Тиймдээ энэ группын нэг компа­нийн хэлтсийн дарга телевизийн сурвалжлагчийг өөртэй нь таагүй харьцлаа гэдэг шалтгаар олон саяын рекламны гэрээг царцаа­чихаж байгаа юм. Үүнийг Ж.Од, Ж.Оджаргал нар мэдэх ч үгүй, мэдэх хэрэг ч байхгүй л байхгүй юу. Гэтэл үүнээс гадна өөртөө хэвлэ­лийн мэдээллийн бүхэл бүтэн сүлжээтэй компаниуд ч бий. 

Рекламны зах зээлд багцаа тооцоогоор 15 орчим тэрбум төгрөг эргэдэг. Өнөөдөр бодат харьцаа гаргахад хэвлэлийн зах зээл (3,5 телевиз + 3,1 радио + 1 өдөр тутмын сонин + 1 сэтгүүл + 0,3 сайт + 1 долоо ба арав хоног тутмын сонин) = 1 компани гэсэн томъёо гарна. Ийм нөхцөлд хатуу ширүүн өрсөл­дөөнд орно. Реклам татахын тулд хэвлэл, мэдээллийн байгууллагууд тулд урт хугацаатай ч найдвартай хямд үнийн багцуудыг санал бол­гож эхэлнэ. Одоо энд эсрэг хамаа­рал бий болж байна. Багцын хэм­жээ өсөхөд нэгж рекламны үнэ нэн хямдарна. Энэ тогтвортой гэрээ­гээр дамжуулж, компаниуд хэвлэл мэдээллийн салбарт хяналтаа тогтоож эхэлнэ. Ялангуяа том компанийн үүсгэн байгуулагчид, эзэд улстөрийн нөлөөллөө тогтоо­хын тулд улстөрд орсон нөхцөлд бүр хүнд. Ингээд хэвлэлийн эрх чөлөөний үндэс болсон эдийн засгийн эрх чөлөө алдагдаж бай­на. Харин жижиг дунд бизнес­мэнүүд албан ёсны тарифын сана­лыг хүчрэхгүй учраас рекламгүй хоцорно. Энэ эргээд зах зээл дэх том компаниудын ноёрхлыг тогтоо­но. Ийм л чөтгөрийн тойрог үүсч.

Яагаад зөвхөн Улаанбаатарт 30 шахам телевиз байгуулагдав гэвэл телевиз "ашигтай бус хэрэг­тэй" учраас яаж ийгээд метрийн болон дициметрийн сувгуудыг чинээнд нь тултал авчихаж байна. Тэр ч байтугай онцгой үед хэрэглэ­хээр Засгийн газрын нөөцөд заа­вал үлдээдэг долгионыг хүртэл авчихсан байгаа. Сувгийн эрхийн хамгийн сүүлчийнх нь тэрбум төг­рө­гөөр үнэлэгдсэн тухай шуугианыг иргэд санаж  байгаа л байх. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн салбарын зохицуулалт хэдхэн заалт бүхий тунхаг төдий л байгаа­гаас техникийн хувьд, бодлогын хувьд зохицуулалт байхгүй юм. Энэ бол асар том өргөн хүрээтэй сал­бар шүү дээ. Эцэстээ өргөн нэвт­рүүлгийн сувгууд дуусмагц кабе­лийн сувгуудыг эзэлж эхэлсэн.  Ийм нөхцөлд жишээ "Сансар" кабелийн сүлжээ маш мундаг сүлжээ болон хувирна.

БНСУ-д өргөн нэвтрүүлгийн гарын таван хуруунд багтах те­левиз бий, харин кабелийн 260 гаруй суваг бий. Тэд төрөлжсөн байна. 50 орчим сая хүн амтай, G20-д багтдаг, хүчирхэг эдийн засагтай улс шүү дээ. Ийм нөхцөлд Монголын хэвлэл мэдээлийн эрх чөлөө тэр чигээрээ "зах зээлийн аваргуудын үл үзэгдэх гарт" баригд­чихаж байгаа юм.

 

НЭЭЛТТЭЙ ТАРХИ БУЮУ ГАДААД ДАРАМТ

Дээрээс нь Монгол бол өөрийн үзэл санаагаа олоогүй, "эх оронч үзэл, үндэсний үзлийг" шүүн хэлэл­цэж, чиглэлээ тогтоох гэж оролдож байгаа улс. Албан ёсны үзэл суртал байхгүй тул ямар ч хамгаалалтгүй Монголчуудын тархи дуртай ашиг­лагчийн боол болж хувирч байна. Хэдийгээр хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар хүн бүр хил хязгаар үл харгалзан мэдээлэл дамжуулах, хүлээн авах эрхтэй авч мөн л хэт замбараагүй байдалд байгаа юм.

Жишээ нь Өвөр Монголын "Одон" телевиз бол ӨМӨЗО-нд гардаггүй. Айлчлалаар явж бай­гаад Өвөр Монголын Засгийн орд­ны харшид буудаг юм. Бээжин, Шанхайгаар удаан явсан тул ядаж өвөрлөгч аялгатай ч Монгол нэвт­рүүлэг үзье гээд хайхад "Одон" суваг байхгүй. Энэ бол гадаад улстөрийн суртал нэвтрүүлэг, оюуны экспанс хийх зорилготой суваг бөгөөд Монгол хэлт гадаад ертөнцөд зориулсан суваг юм. Цаг агаар нь хүртэл Элстэй, Кызыл, Улаан Үд, Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы цаг агаарыг мэдээлдэг жинхэнэ "панмонголист" телевиз. Энэ бол хятадын Засгийн газрын соёлоор найрамдах бодлогын илрэл.

Хүйтэн дайны үед дэлхий да­хин агаарын сувгийг хүртэл хуваа­сан байсан. Богино долгионы станцууд барууных, харин урт болон дунд долгион коммунис­туудынх. Германаас анх машин зөөж эхэлсэн хүмүүс машиных нь ганган радио Монголын радиог барихгүй байгааг гайхдаг байсан. Ямар сайндаа Цэнддоо ах "Монго­лын радио машины радиод ба­ригд­даггүй, хөдөө уул талаар тусгай төхөөрөмжөөр (VEF, "Сокол" гэх мэт оросын хүлээн авагч) сонс­дог босогчдын радиостанцархуу юм" гэж шоглож байхав дээ.

Телевизийн долгионы хувьд Монгол, ЗХУ, зүүн европ "Secam", харин барууны орнууд Францаас (mesecam) бусад нь "PAL" систе­мээр, Япон, Өмнөд Солонгос "ntse­cam" системээр телевизийн нэвт­рүүлгээ цацдаг байв. Өнөөдөр ч Японаас алъя гэсэн "SONY" камер авчихсан чинь манай зурагтад таардаггүй туучий юм гэж үглэдэг хүн олон. Өмнөд Солонгос, хөрш Японы соёлын дарангуйллаас гарах гэж "NTSC"-ийн өөр систем өөртөө нэвтрүүлсэн гэдэг. Ийм л ертөнц.

Гэтэл Монголд хэн бүхэн дуртай сувгаа үзэж, ямар ч суртал нэвт­рүүлэгт автахад бэлэн байна. Мон­го­лын дотоодын үймээн, нэгддэг­гүй, бүхнийг мэддэг хэрнээ юу ч мэддэггүй байдал нь энэ мэдээл­лийн бөмбөгдөлтөнд өртөж сүйрс­ний л дохио. Бүгд гаднаас ишлэдэг биз дээ. Энэ бүхнийг нуршихын учир нь Монголын мэдээллийн жижигхэн, явцуу зах зээлд гадны мэдээллийн байгууллагууд ч хүчтэй өрсөлдөж байна гэсэн үг юм.

Хамгийн энгийн жишээ гэхэд "Барууны шоу алж байна аа, ааяа­яа Монголын нэвтрүүлгийг ч үзэх амьтан байхгүй дээ" гэж гоочлох, үүнтэй холбоотойгоор захиалга буурах үзэгдэл газар авсан байна. Харин гадны шоуг орчуулаад гаргахаар реклам пиг чихчихдэг нь үндэсний дотоод ухамсраа ал­даад, гадаадыг шүтэх хандлага газар авсных, өөрөөр хэлбэл дотоодын захиалга гадаадын нэвт­рүүлэгт очиж, энэ нь нэвтрүүлгийг чанар чансаа, санхүүжилтэнд муугаар нөлөөлж эхэлсэн гэсэн үг юм.

Рекламтай холбоотой бас нэг инээдтэй жишээ бий. Монголын телевизүүдээр архи, пиво реклам­дахыг хатуу хорьсон тэр жилүү­дийн эхээр "АПУ" компани реклам­ныхаа захиалгыг Өвөр Монголын "Одон" телевизэд өгчихөж билээ. Дараа нь архи үйлдвэрлэгчдийн реклам урагшаа "нүүсэн". Тооцоод үзэхэд зөвхөн тэр жилийн нэг улиралд 4,5 сая юантай тэнцэх хэмжээний захиалгын мөнгө урагш гарсан байв. Ингэхийн тулд төгрө­гөөр эхлээд юань худалдаж авдаг гээч. Манайхан "Одон" телевизийг хааж чадахгүй тул эхлээд телеви­зүүдээ, дараа нь компаниудаа дарамталж зогсоосон билээ. Өөрөөр хэлбэл хориг саад бүхэн биднийг алдагдалд оруулж байгаа билээ.  Хэрэв хууль чөлөөтэй бол ийм алдагдал үзэхгүй байсан, 4,5 сая юаны хөрөнгө Монголд шингэх байсан. Иймэрхүү байдлаар Мон­го­лын чөлөөт хэвлэл мэдээл­лийн­хэн гадаад, дотоод дарамтан дор "яг чоно шиг эрх чөлөөтэй" явж байгаа юм даа.

Дотоод тэмцэл

Одоо өгүүллийн эхэнд дурдсан санаандаа тохируулж нэгтгэн дүг­нэе. ОНТ-ийн захирал Ц.Оюун­дарь ил захидал илгээхдээ УИХ-ын гишүүн З.Алтай хувийн бизнесээ өргөжүүлэхээр зүтгэж, пивоны рекамыг чөлөөлсөн гэжээ. Магад­гүй, өмөөрөөд байх шалтаг алга.

Гэхдээ бага хатуулагтай согтуу­руулах ундааг 22 цагаас хойш рекламдах эрх олж авч байгаа нь нөгөө "Одон" телевиз рүү явдаг мөнгөний урсгалыг эдийн засгийн аргаар дотооддоо шингээж байгаа хэрэг шүү дээ. Бүгд мэднэ, би тэр телевизээс цалинждаг. Тиймээс энэ бол бас давхар миний эрх ашиг учраас энд З.Алтайг бус өөрийн­хөө эрх ашгийг хамгаалж байгаа ухаантай. Реклам бол бизнесийн хөдөлгүүр. Дарс импортлогчид, шар айраг үйлдвэрлэгчид бараа­гаа рекламдах гээд мөнгөө бэлдээд байдаг. Гэтэл болдоггүй. Тэгэхээр энэ эрх ашиг бол Америкийнхаас арай өөр л дөө, үйлдвэрлэгчид, худалдаачдын эрх ашиг, дээр нь өлөн зэлмүүн байгаа арилжааны, кабелийн 60 гаруй телевизийн эрх ашиг. Бага хатуулагтай согтуу­руулах ундааны рекламыг телеви­зээр шөнөөр цацах, сонинуудад арын нүүрний доод хэсэгт хэвлэх эрх олгосноороо бүх мөнгийг З.Ал­тай монопольдож халааслаагүй л байхгүй юу. Телевизийн холбоо хэмээх ОНБ ийм л лобби хийх ёстой. Энэ бол санхүүгийн ертөнц.

Хэдэн жилийн өмнө ОНТ-ээр реклам цацахыг хориглосон хууль гаргасанд мэдээж манай мэргэжил нэгтнүүд гомдож байгаа. Бид зов­лон нэгтэй л дээ. Гэхдээ реклам цацах боломжийг хязгаарласан ч телевиз бүрээс авдаг хураамжийн тодорхой хэсгийг (миний санаж байгаагаар тэр үед байсан арил­жааны телевиз бүр 10 хувь авдаг байсан) авдгаасаа татгалзаж, ОНТ-д өгөх болсон. Хэрэв статисти­кийн мэдээнд дурдсан Монголын телевизор бүрээс сар бүр 1100 төгрөгийн хураамжаа бүрэн авбал энэ нь овоо хэдэн тэрбум төгрөг болдог. Дээрээс нь ОНТ-д төсвөөс мөн л тэрбумаар нь мөнгө олгож байгаа билээ. Өөрөөр хэлбэл төсөв ба хураамжинд ОНТ монополь эрхтэй байна. 10 орчим тэрбумын санхүүжилт, дээр нь байрны түрээс, төсөл нэмэгдэхээр овоохон юм болно оо доо.

Харин рекламны цөөхөн захиа­лагч­тай, багахан зах зээлд 20 шахам өргөн нэвтрүүлгийн теле­виз, мөн тооны кабелийн сувгууд, өдөр тутмын сонин, сэтгүүлүүд, долоо ба арван хоног тутмын сонин, веб сайтууд, гудамжны рекламны самбарынхан, богино долгионы радио станцууд, хэвлэ­лийн компаниуд алалцаж байгаа юм шүү дээ. Мөнгөн дүнгээр нь тооцвол ОНРТ-ийн албан ёсны санхүүжилт ба рекламны зах зээлд эргэж буй мөнгөний хэмжээ бараг л тэнцүү дээ. Гэтэл долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа ОНТ олон нийтийн өмнө хүлээсэн үүргээ яаж хөсөрдүүлснийг бүгд л харсан. Гайхалтай юм болж чөлөөт телевиүүдээр хүмүүжсэн Оргил, Баасанбямба хоёр нууж хааж байж хүн буудсан асуудлыг гаргаагүй бол Хууль зүйн сайд нь эфирийн найруулагч, цагдаагийн хэвлэлийн албаны дарга нь дууны найруулагч хийгээд олон нийтийг айлган сүр­дүүлж, манипуляц хийж, төөрөг­дүүлж, хүн гүтгэж байсан шүү дээ. Тиймээс "Телевизүүдийн холбоо" сүүлийн үед ОНТ-ээр олон дав­тамж­тай тэгээд өндөр үнээр цацдаг (яагаад гэвэл реклам цөөн учраас үзэгчид богино хугацаанд хүр­тээмж­тэй хүрдэг) тэр "Хоёр хувийн рекламаа болио" гэх нь зүй ёсны л хэрэг шүү дээ. Тэгээд тэр рекламыг ямар тарифаар авч байгаа, хэд нь телевизэд орж байгааг хянахад хүнд шүү дээ. Хуулинд уг нь зөвхөн социал буюу нийгмийн реклам цацах ёстой гэсэн заалт байдаг санагдах юм. Гэхдээ өнөөдөр хэвлэлийнхэн хэдэн төгрөгний төлөө хэмлэлдээд яах ч юм билээ. Ийм байдлаараа бол энэ хэвлэ­лийн салбарт 400 шахам дайсан (өрсөлдөөнийг дайсагналцал гэж ойлговол) байна.

Тэгэхээр энэ бол "захирлуудын захидал занааны" төдий маргаан биш юм. Өнөөдөр бид тогоон дот­роо гэдсэндээ хөлөө хийлцээд ямар ч үр дүнд хүрэхгүй. Улс орон хөгжсөн, мөнгө нь хангалттай байсан бол юунд ийм балай хэрүүл цуугиан үүсэх вэ. Үнэндээ өнөөдөр чөлөөт телевизүүд, ОНТ-тэй зөр­чил­­дөж байгаа мэт харагдаж бай­гаа ч чөлөөт хэвлэл мэдээллийн талбар дунд амьд үлдэхийн төлөөх байгалийн шалгарлаас ч хатуу ширүүн тэмцэл өрнөж байна. Одоо УИХ-ын гишүүний хувьд, сэтгүүлч З.Алтай түвэгшээгээд өөрчлөлт санаачилж чадахгүй байх л даа, гэхдээ УИХ уг нь тэр "хоёр хувийн" талаарх эргэлзээтэй заалтаа нэг мөр ойлгомжтой томъёолчихмоор байгаа юм. Болох үгүй мэдэгдэхгүй ийм салаа утгатай заалт л маргаан үүсгэдэг. Тухайн үед анхаа­руул­саар байтал ийм нэг цоорхой үлдээчихсэн шүү дээ.

Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт гэдэг шиг хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн хоёр дахь шат нь "санхүү­гийн эрх чөлөө" болж байна. Бид мөнгөтэй хүний дуртай дууг нэвт­рүүлэх үү, эсвэл...

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив