Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
АН-ын хоёрдугаар дайн
2010 оны 12 сарын 8 [Уншсан тоо: 43463]
Гал зогсоох хэлэлцээр

АН-ын ҮЗХ-ны хурал уламжлал ёсоор “найр тараасан” хурал болно гэсэн хүлээлт талаар өнгөрлөө. Ялангуяа МАН-ынхны найдвар. Нэрээ сольсны дараа олон нийтийн дунд дэгдэж болзошгүй шуугиан, шүүмжлэлээс хол байхад нь АН дахь үймээн тус болох учиртай байсан юм.

АН-ын онц их хурлыг хуралдуулах эсэх асуудлаар санал хураахад ҮЗХ-ны 230 гаруй гишүүний дөнгөж 30 нь дэмжжээ. Ийнхүү АН-д “гал зогсов”. Гэвч гал унтраагүй, цурманд л орсон. Гэтэл зөрөөд өөр нэг онц их хурлын тухай асуудал МАХН-д босч ирлээ. Өөрөөр хэлбэл улстөрийн амьдралд энэ намраас МАХН-ын их хурал /хурлаар МАН болох шийдвэр гаргасан/, дараа нь АН-ын ҮЗХ-ны хурлын дуулиан шуугиан голлож байсан бол одоо МАХН-ын онц их хурал шуугианы үүсгүүр болов. АН-д “намжмал байдал” бий болбол МАН бужигнана, МАН-д “намжмал байдал” тогтвол АН бужигнана гэсэн дараалал л ажиглагдаж байна. Коммунизмын жилүүдэд энэ “намжмал байдал” гэдэг томъёолол их “моодонд” орж байв. Өөрөөр хэлбэл энх тайвны төлөөх дайнч уриа дараагийн  шинэ тэмцлийг эхэлтэл түр намжина гэсэн үг, хамгийн гол нь бүр намжаагүй гэсэн үг.

Хэдийгээр сая болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар Засгийн газар дахь бүлэглэлийн санхүүгийн нөлөөлөл голлох шийдвэрийг гаргасан ч ирэх хавар хамгийн ноцтой тэмцэл өрнөх юм. АН-ын ҮЗХ-ны 230 гаруй гишүүний үнэмлэхүй олонх Засгийн газарт ажилтай буюу Засгийн газарт байгаа хүмүүсээр ҮЗХ-ны татварын мөнгөө төлүүлсэн “татвар” нөхөд юм. Тэдний хүсэл бол ҮЗХ-нд тэсч байгаад сонгуульд дэвших /орон нутгийнх ч байж болно/, ялбал, эсвэл ахиад хамтарвал ҮЗХ-ны гишүүний хувьд Засгийн газарт алба тушаалтай болох хүсэлтэй хүмүүс. ҮЗХ бол жинхэнэ ялзарсан газар даа, харин. Нэг бүсгүй  АН-ын парламентын ажлын албанд ороод удалгүй жирэмсэлчихдэг юм. Гэтэл ҮЗХ-ны гишүүн болоод гараад ирдэг байгаа. Хаанаас гарсан, ажил хэргийн хувьд хэнтэй хамгийн ойр байсан зэргийг тооцвол их амархан илэрнэ л дээ. Нэг иймэрхүү хүмүүс жишээ нь ҮЗХ-ны гишүүдийн 10 гаруй хувийг бүрдүүлсэн байдаг. Тэднийг нэг удаа “намын гичийнүүд” гээд биччихсэн чинь Л.Гансүх л шүүхдэлцээд  байх юм. Асуудлын гол нь ирэх хавар АН-ын ҮЗХ-ны сүүлийн ротаци болно. Үүнээс цааш сонгуулийн өмнөх жил ротаци хийдэггүй юм. Тэгэхээр ҮЗХ-ны энэ бүрэлдэхүүн сонгуульд намаа чирч орох ба ялбал, эсвэл ялагдаад хамтарвал бялуу хүртэх учиртай.

Н.Алтанхуяг

Н.Алтанхуяг өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар гол анхаарлаа З.Энхболд, С.Эрдэнэ нарт хандуулаад ар талд нь аюултай хүчирхэг дайсан гэнэт бий болохыг анхаараагүй нь гол алдаа. Тэр нь ҮЗХ-нд 80 гаруй гишүүнтэй МоАХ фракц.

Уг нь МоАХ-ыг албан ёсны фракц болгох санааг бүр 2005 онд буюу Х.Баттулгад МоАХ-ыг өгөхийнхөө өмнөхөн С.Эрдэнэ дэвшүүлж байсан ч М.Энхсайханаас салаад удаагүй байж ахин хүчирхэг бүлэглэл байгуулж, намын дотор ноцтой хагарал гарахаас болгоомжилсон АН-ын дарга Ц.Элбэгдорж зөвшөөрөөгүй бололтой юм билээ. Магадгүй энэ нэрийг хэн нэгэнд хамаатуулахаас АН-ынхан болгоомжилдогт учир нь байж болно. Ц.Элбэгдорж намын дотоод хагарлаас  сэргийлж, МоАХ-ыг Х.Баттулгад өгөөд С.Эрдэнийг нийслэлийн намын дарга болгож зохицуулсан юм. Харин энэ удаад МоАХ фракц жинхэнэ бодат хүч болж байна. С.Эрдэнийн төлөвлөж байснаас ялгаатай нь энэ МоАХ фракц дан “Ардчилсан хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний бүлэглэл” биш, тэр сайхан нэрийг ашигласан санхүүгийн хүчирхэг дэмжлэгтэй олон үеийн төлөөлөлтэй фракц юм. Энэ бол Алтан гадастай сөргөлдөж чадах хүчин мөн.

Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нар ҮЗХ-ны хурлыг яг Ерөнхийлөгчийн Японд хийж буй айлчлалыг тохиолдуулж хуралдуулсан нь намын доторх сөрөг бүлэглэлүүд ялангуяа Ерөнхийлөгчтэй ойр З.Энхболд, С.Эрдэнэ нарыг дагасан бүлэглэлийг нэгтгэсэн АХХ Ерөнхийлөгчийн далд дэмжлэгээр эсрэг эргэхээс болгоомжилсон хэрэг байлаа. Тэгээд онц их хурлыг хойшлуулж амжсан ч гол тулаан өмнө байна. Гэхдээ их хуралгүйгээр. Дараагийн удаад хүчний тэнцвэрийг ажиглахад АХХ биш, МоАХ фракц л “Алтан гадас”-ыг сөрсөн хамгийн хүчирхэг бүлэглэл болж тодорч байна. (82+?=150-?) томъёоноос намын эрх мэдэл хэнд шилжих нь тодорно.

Сая бол Н.Алтанхуяг албан ёсны болоогүй МоАХ фракцын дотоод зөрчлийг л ашиглаж чадмаг тоглосон юм. Х.Баттулга, С.Эрдэнэ нарын дунд удтал бугшсан дэвэргэн С.Эрдэнийг Ш.Түвдэндоржоор мөргүүлж албан бус МоАХ-ыг хагалаад үр дүнд нь АХХ-г ганцаардуулан шахаж, Х.Баттулгыг өөрийн талд байгаа мэт харагдуулж чаджээ. Энэ албан бус МоАХ-ыг нэгтгэж чадах цорын ганц хүн нь Ерөнхийлөгч байсан ч тэр хууль ёсоор намаасаа түдгэлзсэн тул зохицуулахаар ил тод хүчин чармайлт гаргах боломжгүй байв. Гэвч тэр намыг хагалан бутаргахын эсрэг байсан, харин тэр үүргийг намын генсек Д.Эрдэнэбат гүйцэтгэжээ. Ингээд л зогсох байх гэтэл ахиад л хэрүүлийн гал цахисан.

Засгийн газарт орж чадаагүйдээ өнөөг хүртэл шаралхаж байгаа Сангийн сайдын амбицаа нуудаггүй Н.Батбаярын эсрэг С.Баярцогтыг турхирч, цаадах нь мөн л Х.Баттулгын нэрийг барин хэрэлдсэнээр албан бус МоАХ-ыг өөрийн талд байгаа гэсэн эцсийн ойлголтыг ҮЗХ-нд төрүүлж чаджээ. Ахиад дээрээс нь хамгийн аюултай нөлөө бүхий өрсөлдөгч Э.Бат-Үүлийг З.Энхболдтой зөрчилдүүлснээр талдаа татжээ. Н.Алтанхуяг, З.Энхболд, Ш.Түвдэндорж, Х.Баттулга, Н.Батбаяр нар хувьсгалын анхдагчид биш хоёрдугаар үеийнхэн. Тэд АН-ын эрх мэдлийн төлөө гэдсэндээ хөлөө хийлцэж байна. Харин ийм нөхцөлд жинхэнэ Монголын Ардчиллын лидер хаана байхаас их олон зүйл шалтгаалахыг Н.Алтанхуяг тооцож Үүлийг талдаа татаж чаджээ. Гэхдээ үүнийг Н.Алтанхуяг хийж чадахгүй, Зүүн хойд Азийн түлхээс үйлчилсэн нь тодорхой. Н.Алтанхуяг ийм л аюултай тооцоотой, прагматик, аппаратчик юм. Ийм нөхцөлд амжилт олохгүй тулаанд ҮЗХ-ныхны олонх орсонгүй.  

ҮЗХ-ны хурал зарласнаас хойш АН дотор гарч байсан хэрүүл тэмцэл бүгд санамсаргүй үйлдэл байгаагүй, Ц.Элбэгдоржоос хойш АН-ын лидер болж харагдаж байгаа хүн бүр юу болов гэмээр хоорондоо гурвалжин дөрвөлжин хэрүүл хийгээд эхэлсний цаад шалтгаан ийм. Гэхдээ Н.Алтанхуягийн дутагдал нь шинээр тоглолт гаргадаг хүн биш, тэр байгаа өрөг дээр л чадварлаг нүүдэг хүн.

Чухамдаа саяын гялалзсан тоглолтын өргийг бүр 2008 онд С.Баяр гаргаад өгсөн юм. Тэр хамтарсан Засгийн газарт АН-ын фракц бүрээс төлөөлөл оруулсан юм. Энэ нь эцэстээ физикч Н.Алтанхуягт маш сайхан бодлого бодох өгөгдөл нь байв.

АН дахь шинэ өрөг

Энэ өрөг одоо ч үргэлжилсээр байна. АН дахь зөрчилдөөн сунжирсаар л байна. МҮДН-ийн С.Ламбаа Эрүүл мэндийн сайд болсонд хонзогносон МҮДН-ийн толгойлогчид АН-ын залуучуудыг ямагт түүний эсрэг турхирдаг. Яагаад АН-ын сайдуудаас дандаа С.Ламбаа л хэвлэлээр нүдүүлж байдгийг хэн ч анзаарахгүй байна. Засгийн газар, МАХН үүнийг хийгээгүй, хэрэв ийм юм хийдэг болжгэм АН-ын сайдуудыг бүгдийг нь балбах ёстой биз дээ.

Хүний эрүүл мэнд чухал байж болно, гэхдээ үндсэн хуулиандаа “Мал төрийн хамгаалалтанд байна” гэж заасны хувьд малын эрүүл мэндийн асуудал байнга хүндэрч байхад ХХААХҮЯ-ыг яах ч үгүй л байгаа биз дээ. Яагаад гэвэл Т.Бадамжунайгаа М.Энхболд сайн хамгаалдаг. Гэтэл Н.Батбаяр С.Ламбаагаа яаж байна? Тэгэхээр асуудал АН дотор, тэр тусмаа МҮДН дотор л байгаа хэрэг шүү дээ. Эцэстээ МҮДН фракцын толгойлогч Н.Батбаярын тавтиргүйтлээс болж энэ фракц задарч байна. С.Ламбаа фракдаа бүрмөсөн гомджээ, Л.Гантөмөр залуучуудаа түшиж, “Нэг ардчилал” клубыг байгуулж, голомтоо тусгаарлаж байна. Саяхан нэг найз маань хэлж байна. Уг нь клубыг анх байгуулахад халх голдуу залуучууд байсан, гэтэл өнөөдөр дандаа Увсынхан болчихож гэж гайхаж байна. Магадгүй Л.Гантөмөр анзаараагүй бол нэг анзаарахад илүүдэхгүй л байх. Нэг иймэрхүү клуб болчихож.

Д.Эрдэнэбат намын генсекийн хувьд яаж ийгээд намаа задалчихгүйхэн шиг явахаас өөрийг бодохгүй байгаа ба албан ажлын хувьд намын даргатайгаа ойр байхаас өөр аргагүй юм. Хэрэв Н.Алтанхуяг унавал тэр ч бас хамт унах учраас фракцын эрх ашиг гэж түүнд алга болжээ. Үнэндээ ажиллах л юм бол нам нь задрах учраас хутганы ирэн дээр яваа тэр хэрчүүлчихгүйг л хичээж байна. АН ажиллахгүй болохоор ажиллаж байгаагаар нь МАН-ыг л хэвлэл мэдээллийнхэн олзолж байгаа нь тэдний аз.

“Байгалийн гамшиг” хочтой, намын удирдлага, Засгийн газрыг унагах бүхий л хорыг найруулдаг Н.Батбаяр ганцаардаж, Засгийн газрыг унагах үр ашиггүй субботниктоо туйлдаад хийрхэж эхэлжээ. АХХ түүнээс зайгаа барихгүй бол Үүлийн хэлсэнчлэн ”Гадасыг хөөчихөөд оронд нь эд нар очих гэж байгаа юм” гэсэн үгийг хамгийн сайн батлах хүн нь “мөрөөдлийн сангийн сайд” Н.Батбаяр билээ. Р.Амаржаргал идэвхгүй болжээ. Ийнхүү МҮДН үндсэндээ задарлаа. Саяын ҮЗХ-ны хурлын өмнө хэрэв хоёр тал хүч тэнцсэн бол МҮДН Л.Гантөмөрийг зүтгүүлж, аль ашигтай талд худалдах “хоёр санжийн” тоглолтоо хийхийг оролдож байгааг харвал арай ч амь тасарчихаагүй бололтой. Гэвч ийм тоглолт явахгүй тул МҮДН задарна.

АХХ гутамшигт ялагдал хүлээлээ. АН дахь Хүрэлсүхчилсэн тоглолт явцгүй байна. Ялагдлынхаа дараа энэ бүлэглэл нэр хүндээ алдаж, одоо сарнин бутарч байна. Гэхдээ З.Энхболд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан нарт Ерөнхийлөгчтэй тогтоосон хэлхээ холбоондоо түшиглэж энэ фракцаа хадгалж үлдэхийг оролдохоос өөр гарц алга. Д.Одхүү бол яахав дээ, гадасаас суугаа элчин сайд, гэхдээ муугаар бодох хэрэггүй, тэр З.Энхболдтой ТӨХ-ны үеийн сайн найз, уг хүн нь нөхөрлөлийг эрхэмлэдэг учраас АХХ-нд үлдэж магадгүй. Нөгөө талаас Ч.Куландаг Засгийн газартай нь хөнтөрчихөж болохгүй шүү дээ.

Гэхдээ АХХ-нд АН-ын хамгийн идэвхтэй сөрөг хүчний имиж байгаа тул хэдий суларсан ч нэг амьсгаа аваад тулаанаа үргэлжлүүлнэ. Түүнийг нь саяын ҮЗХ-ны хурлаар байгуулагдсан МоАХ фракц анаж байгаа учраас ирээдүйд намын эрхийг авахын тулд АХХ-г далдуур дэмжинэ.

“Зүүн хойд Азийн нийгэмлэг” фракц өнөөдөр АН-ын үзэл суртлыг атгаж байна. Өөрөөр хэлбэл “АН-ын тархи нь” энд бий. Гэхдээ хамтарсан Засгийн газрыг хамгийн ихээр хамгаалж байна. Н.Алтанхуягт сайндаа биш, санхүүгийн асар том сонирхолдоо хөтлөгдөж байгаа юм. Монголд санхүүгийн хоёр том төвлөрөл бий агаад нэг талд МАН-ын баримжаатай “MCS групп” байгаа энэ группын санхүүжилтээр намын эрхэнд гарсан С.Баяр хүртэл хүлээсэн үүргийнхээ дагуу Сү.Батболдод Ерөнхий сайд, намын даргын суудлаа тавьж өгч өөрөө жийрэг болж байгааг бодоход санхүүгийн хүч нөлөө Монголын улстөрд гүнзгий нэвшиж байна. Хэрэв MSC цамхагийн 17 давхарт үе үе Монголын Засгийн газар цугладаг нь үнэн бол өнөөдөртөө бүх эрх мэдэл Сүхбаатарын талбайн зүүн өмнөд буланд төвлөрөөд байна.

Харин нөгөө талд “Голомт” бий. Эрх ашиг нь төмөр зам, хүнд үйлдвэрийн парк. Энэ зөрчилдөөн үе үе дэвэрдэг. Тэд Монголын хамгийн орчин үеийн хүчирхэг медиа группийг бий болгож байгаа юм. “Кроун” клуб энэтэр бол булшний бичээс л болсон. Тэгэхээр дараагийн тулааныг харцгаая.

Хавар ҮЗХ-ны сүүлийн ротаци болно. Дайралтыг АХХ эхлүүлээд, эхний эгнээнд яваад сүйрнэ. Тэр гавъяагаараа “Алтан гадас”-ыг сөрсөн бүлэглэлд хангалттай тооны гишүүнтэй болох ч толгойлогч З.Энхболд нь намын дарга болох ирээдүйгээ саяхны хоёр дахь ялагдлаараа баллачихлаа. Хамтарсан Засгаас гарч тоглох нь зөв гэж “Зүүн хойд Фракц” үзэх л юм бол МоАХ-ыг Алтан гадасын эсрэг турхирна. Хүчний хуваарилалт ингэж өөрчлөгдвөл 2011 оны намрын чуулган эхлэхэд Засгийн газар огцорно. Ийм нөхцөлд намын даргаар МоАХ фракцийг төлөөлж харагдахуйц цорын ганц хүн нь “Зүүн хойд Ази” фракцын Э.Бат-Үүл. Монголын улстөр “МАН ба бусад” гэсэн томъёоллоор өрнөдөг шиг АН-ын дотоод улстөр “Алтан гадас ба бусад” гэсэн томъёоллоор, гэхдээ гадасын эсрэг бусад нь хүчээ нэгтгэсэн тохиолдолд л амжилт олох хувилбараар өрнөдөг. “Үүлэн сүүдэр доорх АН-2” өгүүллээ чухам ийм шалтгаанаар бичсэн авч үндсэндээ 7 хоног алдаж тооцоод баларснаа нуугаад яахав. 2012 онд АН ялах эсэхийг ёстой тэнгэр л мэднэ.  Иймэрхүү л таамаг байна даа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив