Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сарниж буй МАНАН
2011 оны 1 сарын 3 [Уншсан тоо: 34076]
Үхлийн гогцоо

Афганы дайны үед  ЗХУ-ын баатар цол хүртсэн, халимаг нисгэгч, В.Очиров нисдэг тэргээр үхлийн гогцоо хийсэн дэлхийн анхны нисгэгч гэнэ билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед сөнөөгч онгоцны нисгэгчид “үхлийн гогцоо” хэмээх  маневрыг гарцаагүй тохиолдолд л хийдэг байжээ. Ингэснээр араасаа хөөж буй дайсныхаа ар талд гарч давуу байрлалтай болж, унагана гэсэн үг.

Саяхан Н.Энхбаяр улстөрд “үхлийн гогцоо” эргэж, МАН-ынхны ард гарчихав. Н.Энхбаярын араас хавчин хөөсөн С.Батболд, У.Хүрэлсүх нар түүнээс намаасаа гарах эсэхийг асуужээ. Цаадах нь мэдээж “Үгүй” л гэж. Гэвч тэр ингэж хэлээд тэдний ард гарчихаж. Одоо араас нь шүршинэ. С.Батболдын онгоц унана. Яагаад гэвэл С.Батболд араасаа хамгаалалтгүй байна. Хэрэв анзаарсан бол сүүлийн үед С.Баяр маш идэвхгүй болчихсон байгаа биз? С.Баяргүй бол тэр хэн бэ?

Нөгөө талаас С.Батболд, У.Хүрэлсүх нарын харилцаанд ноцтой ан цав гарсан. Сангийн дэд сайд Ч.Ганхуягаас болоод гэлцэнэ. Гэхдээ Сангийн дэд сайдын суудлаас болоогүй, огт өөр шалтгаантай. Тиймээс тэд хамтдаа Н.Энхбаярыг унагах гэж оролдоогүй, тэгэх ч боломж байгаагүйгээс ардаа гаргачихаж. Харин тэдний арыг найдвартай хамгаалагч ганцхан хүн бий. Тэр нь С.Баяр. Зүйрлэвээс шатраар бол С.Батболд ноён л биз, гэхдээ С.Баяр “бэрс” шүү дээ. У.Хүрэлсүх бол хэзээ ч морины нүүдэл хийдэггүй, тэрэгний нүүдэл ч хэцүү, ерөнхийдөө тэс хөндлөн тэмээний нүүдлээр нүүдэг хүн.

Тиймээс С.Батболд С.Баярын дэмжлэггүй бол намдаа, бүр МАН болсон ч шинэ намдаа хэн ч биш. Цоо шинэ гишүүн, азтай аавын хүү, одтой бизнесмэн, “тоглоомын улстөрч”. “С.Баярын дэмжлэггүй С.Батболд намын даргаар удна” гэж ойлгох гээд үз дээ. Тогтож үлдэх ямар ч боломж байхгүй. Боломж нь “тэг”-тэй тэнцүү. Тэгвэл яг ийм тэглэсэн байдалд С.Батболд орчихоод байна.

С.Баярын гамбит

МАХН-ын XXYI их хурлын хоёр дахь өдөр С.Баяр “арын пулемётны наводчик” байж ханалаа гэдгээ илэрхийлжээ. Гэнэт Засгийн газраас анкетаа татаж авсан хуучин Ерөнхий сайдынхаа талаар ЗГХЭГ-ийн дарга Ч.Хүрэлбаатар шинэ Ерөнхий сайддаа яаралтай ховлож амжсанаар аянгыг зайлуулжээ.

Ерөнхий сайд намынхаа хоёр голлох лидертэй уулзаад вискигээр зүрхээ чангалсан нэгийгээ С.Баяр руу явуулж байж асуудал намжиж. Уулзалт ердөө 10 минут үргэлжилсэн ба С.Баяр уурандаа хаалга саван гарчээ. Уг нь тэр “Хаалга хэзээ ч бүрмөсөн хаах хэрэггүй, эргэж орох завсар үлдээ” гэдэггүйсэн бил үү? С.Баяр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээр дамжуулж Ө.Энхтүвшинг намын даргад өрсөлдүүлэхээр болсон ба араар нь өөрөө нэр дэвшүүлэхээр бэлтгэж байжээ. Ө.Энхтүвшин гэв гэнэт нэрээ дэвшүүлээд бүр 15 хувийн санал авсанд гайхаад барахгүй байсан юм. МАХН-д гэнэтийн байдлаар дэвшээд ийм амжилт олох боломж байдаггүй, өөрөө бол үсрээд л 2,5 хувийн санал авбал их юм, арваад жил улстөрийн үйл явцыг ажиглахдаа үүнийг нэг муу юм ойлгоод авсан юм. Ө.Энхтүвшинд баг байхгүй, УИХ-ын гишүүн болмогцоо “учраа” хэлээд жигүүрээс гарсан. Тэгэхээр очиж очиж Ө.Энхтүвшин.

Гэтэл С.Баярын заль илэрчээ. Тэрээр Ө.Энхтүвшингээр “морины ацан шалаа” хийж өгөөд өөрөө Сү.Батболдыг “идэх” гэж байсан юм. Ө.Энхтүвшинг С.Батболдтой бараг л адил хэмжээний санал автал нь дээш түлхээд хайнцвал тэрээр намыг хагарлаас аврагчийн дүрд тоглох гэж байжээ. Гэвч төлөвлөгөө гэрэл цохисон тул амжилт олсонгүй, гэхдээ л 15 хувь гэдэг маш ноцтой төлөвлөгөө их хурдтай явсны дохио. 

Н.Энхбаяр М.Энхболдод суудлаа өвлүүлсэн жүжгийг саная. С.Баяр, М.Энхболд нар өрсөлдсөн. Н.Энхбаяр С.Баярын саналыг хуваахын тулд Ц.Нямдоржийг түлхсэн. Хариуд нь С.Баяр Ч.Улаантай холбоотон болж, Ц.Нямдоржтой тулгаж  дэвшүүлсэн. Ц.Нямдорж, Ч.Улаан нар эсрэг этгээдүүдээсээ адилхан санал хуваасан тул Н.Энхбаяр хоёрдугаар шатны сонгуульд М.Энхболд, С.Баяр нарыг халз оруулсан. Тэгээд өөрөө М.Энхболдыг хөтлөж,  зарлаж байж 27-хон саналаар арай чүү ялуулсан. Тэгэхээр С.Баярын хувилбар нэг их шинэ юм биш, бас хэрэгжих боломжтой, туршигдсан эд байж. Гэвч нөгөөдүүл нь ёсоор нь нүүгээгүйгээс “Баярын гамбит” будаа болчихжээ. Тэгээд л С.Баяр нөгөө шатарчдын онигоонд гардаг шиг “Чи гамбитад орохоор нүүхгүй байхад би яаж гамбит хийж чадах юм” гэсэн гэгчээр уурлажээ.

Өөрөөр хэлбэл МАХН-ын XXYI их хурал хэмээх өргийн нэг талд байсан Ө.Энхтүвшин морины нүүдэл хийж ацалчихаад, бэрс С.Баяр нь С.Батболд ноёноо идэх гээд, М.Энхболд хэмээх тэрэг, У.Хүрэлсүх гэдэг тэмээ нь хамгаалах гээд бужигнаж байж. Харин хүүнүүд нь унтаж байсан.

Өргийн нэг дахин өргөтгөе

Өмнөх бүлэг бол хамгийн жижиг МАН хэмээх талбар дахь өрөг. Өргийн хоёр дахин тэлбэл МАН ба МАХН гэсэн тоглолт гарна. Олон хүн МАН-ыг байгуулахдаа хуулийн үй түмэн заалт зөрччихсөн тухай “МАХН-ын өөрчлөн байгуулалт ба сүйрэл” нэртэй өмнөх өгүүллийг уншаад “шоконд” орж байна билээ. Арай ч дээ, МАХН ийм гэнэн юм хийнэ гэж үү? Хийсэн л юм даа.

XXYI их хурлын өмнөх МАХН өнөөх коммунист засаглалын жилүүдийн МАХН биш болчихсон байсан юм шүү дээ. Ер нь Монголдоо л ааглаж байснаас коммунизмын 70 жилийн түүхийг нь тусгаар улсын түүх гэдэг утгаар нь үзвэл авах юмгүй л байсан шүү дээ. Үзэл баримтлал, нэрийн талаар ганц хоёр хатгаад үзэхэд үнэндээ үндэслэлтэй, зохистой няцаалт, хариу өгч чадахгүй байсан. Онол ч байхгүй, арга зүй ч байхгүй. Зүйрлэвэл МАХН нурахад бэлэн асар том үзүүлэн болсон ба дайралт бүрийн дараа түүнийгээ даавуугаар бүтээж аргацааж байснаас бодат үзүүлэлтээ нууж байсан. Тэгж яривал МАН хамгийн оюунлаг боловсролтой хэсгээ хавчин гадуурхаж, люмпен-улстөрчдийн нэгдэл болсон.

Тиймээс XXYI их хурал бол маш том, түүхэн алдаа байсан. С.Батболд намын ажил мэдэхгүй учраас жолоогоо алдчихаж, тэгээд л эхний орой л биш болоод эхэлснийг мэдэрч. Дээрээс нь ганц найдвар, түшиг тулгуур болсон С.Баярын “гамбит” хэзээнээс эмзэг сул харагддаг түүний сэтгэлийн тэнцвэрийг бүрмөсөн алдагдуулсанд тэр барьц алджээ. “Намын толгойд бүдүүлэг, боловсролгүй, хэлгүй хүмүүс гарсан”. С.Батболд яг ингэж хэлээд У.Хүрэлсүхийг гомдоосон байгаа юм даа. С.Батболд л хэлснээс биш үнэн үг. Наад зах нь намын их хурлын өмнө “Нийгмийн ардчиллын онол” гэж байдаггүй юм, хэрэв онол суртлаа өөрчлөх гэж байгаа бол арай бодтой боловсорсноор нь “гуравдагч” буюу либерал-социалист үзлийн холимогийг авбал илүү ирээдүйтэй, ядаж ичгүүргүй гэж хэлээд ад болсон жинхэнэ боловсролтой хүмүүсийг яахав? Наадуул нь Б.Даш-Ендон гэгч зөнөгөөс болоод үндэсний ардчилсан гэдэг томъёолол аваад барууны гэж баалуулаад алуулж байна. Наадах чинь ориг барууны үзэл байна гэж яг большевик маягаар тас дайрсан юм. Гэтэл Б.Даш-Ендон нь базарваань гүн ухаан улстөрийн онол талаасаа МАХН байтгауй Монголдоо “номер нэг” шүү дээ. Ё.Отгонбаяр, Ц.Мөнх-Оргил нар зөв юм хэлээд буруудсан. Эд нар чинь хуучин ЗХУ-д гадаад харилцааны мэргэжлээр сурч ирсэн сүүлийн чанартай кадрууд, ланжгар боловсролтой амьтад байхгүй юу. Онол чойрын хувьд генсекээ байтугай намын даргаа дагуулахгүй дээ, харин. 

Бодвол С.Батболд нь тэднийгээ өмөөрмөр аядсан юм шиг байна. Бошгыг халахын “рабфакийн зүүнтэн” шиг хэдэн юмаар тойруулчихаад хол явахгүйгээ эрхбиш мэдээ биз. Гэтэл наадуул нь С.Батболд бол зүгээр л хөвж яваа амьтан “баас живдэггүй” гэдэг үгийн баталгаа гэж бүдүүлгээр доромжлон архидаж байна. С.Батболд “боловсролтой, хэлтэй, боловсон” хүмүүсээр багаа бүрдүүлэх гэж улайрахдаа гудамжнаас тийм байж магадгүй үй олон хүнийг иргэний хөдөлгөөнийх, урлагийнх, зүүний үзэлгүй энэ тэрийг үл тоон намдаа оруулсан юм. Үүнд нь түүний эхнэрийн “урлагийн салбарыг ивээн тэтгэгч”-ийн роль асар их байжээ.  

Ингээд МАН-ын дарга, генсек хоёр зөрчилдөөд эхлэхээр тэнцвэрийг хангагч нь М.Энхболд болж хувирчээ. Хэрэв унавал бид бүгдээрээ сүйрнэ. С.Батболд амаа хамхиж, У.Хүрэлсүх тэвчээр зааж эвлэрэхчээ аяджээ.

Өнөөдөр С.Баяр нөгөө хоржоонтой инээдээ барьж чадахгүй, энэ утга учиргүй холион бантанг нь хараад л сууж байгаа байх. “Коммерсант” асар их эрх мэдлээсээ татгалзаад сул гишүүн болсон гэж түүнийг ёжилж, харин С.Батболд “Энержи ресурс”-ыг “Ухаа худагтай” үлдээсэндээ олзуурхаж, эртнээс бүр Таван толгойн лицензийг нэгтгэж байсан тэр үеэс өөрийг нь мөшгиж байсан Оросуудтай хүч шавхсан хэлэлцээр хийгээд сөхөө авах завгүй байлаа. Тэгээд ч тэр намын ажил мэдэхгүй, нэг ч үүрийн хуралд сууж байгаагүй. Жинхэнэ коммунистуудын хатуу зарчимч шүүмжлэл сонсож байгаагүй, ардчиллын партизануудтай тулж байгаагүй.

Харин намын ажлыг чиглүүлэх, энэ талаар “а”-гүй намын даргаа нөхөж ажиллах ёстой У.Хүрэлсүх даргадаа гомдоод шинэ нарийн бичгийн дарга Я.Содбаатартайгаа юу эсийг ярьж байгаа бол? Тэд-“боловсролгүй, хэлгүй, бүдүүлэг” МАСЗХ-ийнхэн намын эрх мэдлийг авч чадах уу? Ахиад МАН-ын “онц их хурал” зарлах уу? Өөрөөр хэлбэл С.Баяр ажлаа шилжүүлнээс хойш “де факто” намын дарга, Ерөнхий сайд байсан, С.Батболд XXYI их хурлаар л “де юре” МАХН-ын дарга болсон юм. Тиймээс дүрэм ёсоор түүнийг сольё гэвэл заавал их хурал зарлах ёстой. Эсвэл Оросуудын “ерөөлөөр” гэнэт бие нь муудаад ажлаа өөр хүнд өгөх үү?

XXYI их хурлын үеэр Н.Энхбаярын эмээлэнд нь мордуулсан, өсгөж хүмүүжүүлсэн “загалмайлсан эцэгтээ” ач санаж явдаг Ч.Хүрэлбаатар будлиан хутгасныг харвал энэ ч нэлээд холоос харвасан сум байж мэдэхээр байна. Нөгөө талаас нь харвал энэ. Дундын хувилбараар харвал С.Батболд цагтаа М.Энхболд Н.Энхбаярын эсрэг тэрсэлдсэн шиг С.Баярын эсрэг өндийх гэж оролдсон байж магадгүй. Ингээд хуучин МАХН-аас “МАХН нэг толгойтой мянган сүүлтэй могой, МАН мянган толгойтой нэг сүүлтэй могой” болчихлоо. МАН-ын толгойнууд нэгнээ хэмлээд эхэлбэл яахав? МАХН яг 7 сарын 1-ний шөнийн байшин шигээ дүрэлзэн шатсаар байна.

МАН хэний нам бэ?

Одоо МАН-ыг эрэмблэе. Нэгдүгээр хүн нь мэдээж хууль ёсны Ерөнхий сайд, намын дарга тул С.Батболд. Хоёрдугаар хүн нь Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх. Гуравдугаар хүн нь шадар сайд, хотын бүлгийн толгойлогч М.Энхболд. Дөрөв дэх нь Н.Энхбаяр. Тав дахь нь С.Баяр. Өөрөөр хэлбэл нэг, хоёр, гуравдугаар хүн хавсайдаж, нэгдүгээрт байх ёстой С.Баярыгаа унагажээ. Хэрэв С.Батболд унавал С.Баярын ард л унана. Гэхдээ Н.Энхбаярыг буцаагаад нэгдүгээр хүн болгохыг хэн ч хүсэхгүй. Тэр тусмаа асуудалд Ерөнхийлөгч, С.Баяр нар оролцоод эхэлбэл.

Анхаарал татаж буй хүн нь С.Баяр. Их хурлын өмнөхөн судалгаагаар МАХН-ын рейтинг янхан банзлаараа дуудуулж байгаа АН-тай яг адилхан хөдөө 25, хотод 15 хувьтай гарахад намын удирдлагууд огт анзаараагүй, нүдээ аниад өнгөрсөн. Сонгууль дөхөж байхад их хурлаар хэлэлцэх гол асуудал уг нь энэ байх ёстой ч бүгд их хурлын тайзан дээр хуучны кинонд тоглосоор дуусгасан.

С.Баяр нуувчиндаа удах уу? Тэр л уг нь энэ уналтыг хамгаас түрүүнд анзаарч, мэдрэх ёстой хүн, түүнийгээ нуужээ. Хэрэв МАХН 2012 онд ялагдвал тэр 2013 онд гарцаагүй ялна. Ингэхийн тулд Н.Энхбаярыг намаасаа хол байлгахад л болно. Тэр Ерөнхийлөгчид нэр дэвшихэд МАН, МАХН гэж хуваагдсан байлаа ч “Ху-г нэгтгэж чадах” харизматик хүн. Үүндээ итгэлтэй байгаа. С.Батболд, Ө.Энхтүвшинтэй санал тэнцсэн тохиолдолд энэ “статистикийг” зэвсэг болгож ашиглахаар нөөсөн байж магадгүй. Гэвч боломж олдоогүй, ийм нөхцөлд дарж байсан нь дээр. 

Тэгэхээр энэ намд юу гээч чөтгөрийн юм болоод байна аа? Хуучны гишүүдээ адлаж, гудамжнаас үй олон дуучин цуглуулж, баячуул хуралдаж, ядуус нь тэвчээр алдаж, бүлэг нь хагаралдаж, нөгөө Ц.Нямдорж, Ч.Улаан нар нь чимээгүй амаа хамхиж, Н.Энхбаяр нь голомтоо цахина хэмээн дүвчигнэж байна. Ийм нөхцөлд МАН улс орны удирдлагыг хяналтаасаа алдаад, эрх мэдэл алгуур Ерөнхийлөгч рүү шилжиж байна. Парламент хямралын өмнөх байдалд шийдвэр гаргах боломжгүй нөхцөлд оржээ. Өмнө хийсэн бүхнээ үгүйсгэж, хамтарсан Засгийн газар гэгч утгаа алджээ. Яг өнөөдөр Ц.Элбэгдорж Н.Энхбаярын хүрэх гээд чадаагүй тийм их эрх мэдлийг атгаж байна.

Хотын дарга Ц.Батбаяр гэнэт зориг ороод сайд Д.Зоригтыг өдөр алгасахгүй химлэдэг болж. Н.Энхбаярын захиалга л даа. Тэр үнэр авчихаж. Хэрэв Засгийн газраа хадгалж үлдэнэ гээд Д.Зоригтыг өмөөрвөл Ц.Батбаяр “МАХН руугаа явлаа” гэж тунирхана. Энэ бол МАН-ын бүлэг дэх хагарлыг геометр прогрессоор өсгөнө гэсэн үг. 1,2,4,8... гэсэн дарааллаар үргэлжилнэ. Н.Энхбаяр намдаа эрх мэдэл байлдан авахаар зүтгэх нь утгагүй. Учир нь одоо Засгийн эрхэнд байгаа бүх бүлэглэл түүний эсрэг нэгдчихэж магадгүй. Тиймээс МАХН-аа байгуулаад, аль болох олон гишүүн сугалаад гарвал илүү бодтой хүч цуглуулж чадна. Одоо МАХН-ын нэрийг авахыг хүсэж байгаа тэр бүлэглэлд ганцхан юм дутуу байна. Олон мянган хуучин комунистууд Н.Энхбаярыг яах бол гэж харж байна. Хэрэв Н.Энхбаяр ил тод гараад ирвэл түүнийг дагаад ханарна. Түүнээс Н.Удвал ч, Ц.Шинэбаяр ч лидер биш. МАХН лидерээ хүлээж байна. С.Батболд, У_Хүрэлсүх ч лидер биш тул МАН ч гэсэн лидерээ хүлээж байна. 

Ц.Батбаяр бол дараагийн сонгуульд дэвших боломжгүй, М.Энхболдтой түнжин хагарсан тул Н.Энхбаярыг түших нь илүү гэдгээ мэдэж байгаа. Харин Н.Энхбаяр жинхэнэ коммунистуудаа цуглуулаад цомхон чадварлаг армитай болно. Үүний дараа МАН шоконд орно. Тэгээд авралын од нь С.Баяр. Өөр хэн байх билээ?

Ингэсэн тохиолдолд ахиад туршигдсан хувилбараар гэхдээ урвуу хувилбараар ажиллана. МАН У.Хүрэлсүхийн зохион байгуулснаар С.Батболдыг Ерөнхий сайдаас нь шахаж буулгаад С.Баярыг Ерөнхий сайдаар томилно. Ингэхийн тулд АН-ыг Засгийн газраас нь хөөх замаар Засгийн газрыг унагах шалтаг гаргана гэсэн үг. Ингээд Монголын төрийн өндөрлөгийг бүрхсэн манан сарнина. Гэхдээ гал утаан дунд. Тэгээд “де факто” С.Баяр Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга болж гэмээ нь, намаа сонгуульд удирдан оруулаад мөхөл сүйрлээс амьтай голтой гаргаж чадна. Гэхдээ ялахгүй. Ялагдсан шалтгаан нь Н.Энхбаярын өдөөсөн хагарал байх болно.

Тэгээд 2013 онд С.Баяр ялагдсан намынхаа нэр төрийг аврахаар намын хамт олны шахалтаар дэвшиж ялалт байгуулна. Түүнээс цааш “МАН нь ялна уу, МАХН нь ялна уу” ёстой падлийгүй хэрэг. Гэхдээ л МАН үнс нурам болоогүйдээ тэнгэрт талархсаар байх болно. Сүүлийн мэдээгээр С.Баяр, Н.Энхбаяр нар уулзаж учраа олсон бололтой. МАН ингэж байхад АН яаж байгаа бол гэж үү? Дараагийн өгүүллээ АН-д зориулъя.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив