Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Д.Зоригтын асуудалд дөрөөлж төрийн байдлыг шинжих нь
2011 оны 1 сарын 11 [Уншсан тоо: 31094]
76 жүжигчин

Парламент байнгын хороог байнгын хаалттай болгохыг оролдохын зэрэгцээ бас Засгийн газрын хойдыг унших санаатайдаг аа. Хор их эртнээс гүйсэн, харин хэр үйлчлэх нь сонин байна. Байнгын хороог хаалттай болгосныг эсэргүүцсэн сэтгүүлчдийн “ажил хаялт-бойкотыг” далимдуулан гишүүд бас “ажлаа хаячихлаа”. Цаагуураа бол гишүүд сэтгүүлчдээр байнгын хороог сурвалжлуулах дуртай байгаа ч парламентыг атгадаг улстөрийн санхүүгийн бүлэглэлийн толгойлогчид тэднийг “хамтарсан шийдвэр”-ээс зөрөхгүй байхыг тушаасан юм.

“УИХ-ын гишүүд сэтгүүлчдийг хармагцаа “жүжиглээд” санаж бодож байснаасаа шал өөр юм яриад унадаг” гэж Ч.Сайханбилэг ярьжээ. Тэр яахаараа бусдынхаа юу ярьж байгааг биш юу бодож байгааг мэддэг болж байна гэж үү? Мэддэг л байхгүй юу. Түүнийхээр бодвол УИХ гишүүн бол кино-жүжигчин, УИХ бол киноны дээд сургууль, тиймээс сэтгүүлч,  зураглаач байхгүй л бол алтан тайзан дээрээ гарах хэрэггүй юм байна л даа. Баалах ч яахав.

Зарчмын хувьд парламент дахь хуйвалдаан, луйвар булхай, юуг санаатай буруу хийхээр зэхэж байгаа нь голдуу байнгын хорооны хуралдаануудын үед илэрч балардаг. Чуулган бол яахав дээ нэг жижиг хуулийг хагас жил хэлэлцэх мөртлөө том том хуулиудыг чуулган хаахын өмнөхөн бөөнддөг учраас эцэслэн баталж байгааг эс тооцвол “ач холбогдол” багатай. УИХ-ын нэр хүнд байнгын хорооноос болж унаад байгааг томчуул нь анзаарчээ, гэхдээ энэ нь сэтгүүлчдээс болоогүй юм, өөрсдөөс нь болсон.

Тун удахгүй Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль ид явж байна. Дараа нь сонгуулийн тухай хууль орж ирнэ. Таван толгойн гэрээ ойртож байна. Хугацаа бага үлдсэн тул “дээдэс” гарз багатайхан олз олохыг бодож байна. Хэрэв сэтгүүлчид байнгын хороог байнга сурвалжлаад байвал савангийн дуурь шиг урт хэлэлцүүлэгт ороод санаснаа хийж чадахгүй болох вий гэж айж байгаа юм.

2011 он гарчихлаа, сонгууль болтол ердөө нэг л жил дутуу байна. Гэтэл олсон зөөсөн юм багатай. “Оюу толгой”-н урьдчилгааг гудамжны шахаанд орж тараахаар болсон. Гишүүн бүрт тэрбум төгрөг хувааж үзсэн ч түүнээс нь гишүүнд оногдох нь тун бага. Уг нь өөрөө авахгүй ч тэрбумаар тойрогтоо “юм хийгээд” дараагийн сонгуулийн оноогоо цуглуулахыг бодож болох ч олонх нь найдваргүйгээ мэдсэн байна. Онигоо гарсан байна билээ. Гишүүд 9911...-ээрээ рих дургүй болжээ. Яагаад гэвэл “Уучлаарай та дахин сонгогдох боломжгүй байна. Та дараа дахин дэвшинэ үү” гээд байгаа юм шиг сонсогддог болсон гэнэлээ, зайлуул.

Уул уурхайг аварна гэнэ үү?

Уул уурхайн салбарыг аврах хөдөлгөөн байгуулагджээ. Аврахаар юу байгаа нь тодорхойгүй. Нөгөө талд уул уурхайнхнаас уул, усаа аврах хөдөлгөөнүүд байгуулагдаад удаж байна. Харин манай УИХ алиныг нь аврахаа мэдэхгүй байна. Энэ бол яг манай өнөөгийн төрийнхний царай л даа.

Эцэст нь ашигтайг нь аврахаар сэтгэл шулуудсан байна. Уул уурхайнхны “Бар жилийн заналт дайсан” бол ЭБЭХ-ний сайд Д.Зоригт. “Муу нусгай гарч ирээд 250 гаруй лиценз цуцлаад, уул уурхайн салбарыг сүйтгэчихлээ” гэж удаан хараасан даа. Дотор нь 30 гаруй лицензийг эзэмшиж байсан Оросын компаниуд ч тууж яваа даа. Хэрэв Д.Зоригт жаахан хашир хандгай байсан бол тэр уул ус аврах барих талаар санаа зоволгүй, харин ч “урт нэртэй” хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, алтныхнаас ахиухан юм салгангаа “эдийн засагт хохиролтой, биелүүлэх боломжгүй хууль юм, засъя” энэ тэр гээд суугаад байж болох л байсан. Эсвэл С.Баяр даргын тараасан бондын 30 тэрбумыг баталгаа гаргасан Эрдэнэт үйлдвэрт буцааж өгөхийн тулд... энэ тэр гэж болно. Тэр орон нутагт нь трактораа буудна уу, даргаа буудна уу хамаагүй баймаар. Гэтэл Д.Зоригт уул усаа аврахаар шийджээ. Хотын Д.Зоригт хөдөөгийн уул талд хайртайдаа биш УИХ-аас гаргасан шийдвэр нь л энэ юм.

Энд манай төрийн дампуурлыг илчлэх гайхалтай логикийн зөрчил гарч ирээд байгааг онцлон тэмдэглэе. Олон сэтгүүлч, ажиглагч, судлаач асуудлыг Засгийн газар тэсэж үлдэх эсэхээр хэмжээд байгаа нь гайхалтай. Асуудал УИХ тарах эсэхээр хэмжигдэнэ. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт УИХ-аас баталсан урт нэртэй хуулийг хэрэгжүүлснийхээ төлөө УИХ-аас дайралтад өртөж байна. Үнэндээ УИХ-аас баталсан урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүй бол, нэг ч лиценз цуцлаагүй бол тэр ажлаа хийгээгүйнхээ төлөө ингүүлсэн бол яая гэхсэнж. Гэтэл УИХ Д.Зоригтыг шахамдуулснаараа гаргасан хуулийнхаа эсрэг ажиллаж байгаа ба үүнийхээ төлөө Д.Зоригт биш, УИХ хариуцлага хүлээх ёстой. 250 лиценз цуцалсны дараа ингэж байгаа юм дараагийн ээлжинд бэлтгэж байгаа 1150 гаруй лицензийг цуцалбал “аллага” гарах нь ээ? Энэ юу болоод байна? Алтныхны хумхаа тусчихжээ. Үүнийг би алтныхны хээл хахуулийн үр дүн л гэж дүгнэж байна.

Хэрэв уулздаг бол би Д.Зоригтод зөвлөгөө өгмөөр л байна, даанч намыг маань муулдаг гээд нэг нүдээрээ үзэхгүй л дээ. Гэхдээ заавал уулзах хэрэг юун, хэн хэнтэй хэдэн удаа уулзаж байгааг бүртгэдэг шадар сайдынх нь хараанд өртсөнөөс үүгээр л зөвлөчихье. “Ажлаа муу хий, тэгвэл чи сайн сайд. УИХ хэзээд гоё хууль хийгээд муухай ажлаа далдалдаг. Урт нэртэй хууль гаргасан шалтгаан нь уул усаа хамгаалахад биш, харин алтныхнаас хувийн, цаашлаад намын санхүүжилт авах арга. Гэтэл та гуай гэнэн романтизм царайлж, хуулийг нь ягштал хэрэгжүүлэх гээд байна. Ингэснээрээ олон гишүүний эрх ашгийг, ажил амьдралыг нь, ирээдүйг нь алаад хаячихаж байгаа юм. Уг нь ЭБЭХ-ний сайд гишүүдийн өөдөөс “Хуулийг чинь хэрэгжүүллээ, өөр яалгах гээв” гэж хэгжүүрхэх биш, харин “Хууль чинь “бодлогын хувьд” нэг л биш ээ, жаахан засъя” гэж ярих ёстой, ил тод биш, өрөөнүүдээр ороод шивнээд явах ёстой. Тэгвэл та жинхэнэ улстөрч болно” л гэж хэлнэ. Улстөр гэж нэг иймэрхүү юмыг л хэлээд байгаа юм шүү дээ. Үүнийг хийхгүй гэдийгээд байхаар цаадуул чинь алтныхны мөнгөөр “шар завьжтай ангаахай, шууд сайд болчихоод биеэ тоосон, үгэнд ордоггүй, туршлагатай гишүүдийн өөдөөс цор цор гэдэг” гэж бичүүлээд байгаа юм. Тэгээд гөжих тусам эцсийн хорон аргаа хэрэгжүүлж “хужаа” л гэнэ дээ. Олон нийт яахаараа “Хужаа сайд нь уул усаа хамгаалж, монгол гишүүд нь сүйтгэх” гээд байна гэх хэмжээнд учрыг олно гэж байдаггүй юм.

Лицензээр барахгүй болохоороо “Оюу толгойн гэрээ” байгуулснаараа бас шүүмжлүүлж байгаа биз. Гэтэл тэр гэрээг чинь УИХ өөрөө хагас жил хэлэлцэн баталж, Засгийн газар хэрэгжүүлсэн. Ашигт малтмалын хуулийг өөрчлөхдөө гэрээ батлах эрхийг УИХ өөртөө татаж авсан. Шуудхан хэлэхэд ашигтай учраас. Үүнийг бас давхар батлаж болно. Гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдаас Д.Зоригт шүүмжлэлд өртөж байна. Уг нь гол хүн нь С.Баярцогт. Гэхдээ тэр гишүүдэд төсвөөс тус бүр тэрбум төгрөгийн хахууль өгсөн учраас дархан эрхтэй харайж яваа. Л.Гансүх хулгана залгисан могой шиг гүлдийгээд л... Энэ нөхрийн талаар хойно бичнэ.

УИХ Оюу толгойн гэрээг зад шүүмжилж, болохгүй юм хийсэн гэж байгаа бол тэр буруутан нь өөрсдөө гэдэг нь тодорхой. Тиймээс “Оюу толгой”-н гэрээг алдаатай хийсэн хариуцлагыг УИХ өөртөө хүлээгээд тарах ёстой. УИХ-ын зарим гишүүдийн шүүмжилж байгаагаар бол тарах ч багадаад, саарал байшингаа солих ч жижигдэхээр гэрээ хийчихсэн юм биш үү, тэд өөрсдөө.

Тэгэхээр Д.Зоригт сайд аа, таныг чиглэсэн дайралт нь “Оюу толгой”-н гэрээ мууд биш, харин “Таван толгой”-н гэрээг УИХ-ын гишүүдэд “сайн” байхаар хийлгэх гэсэн шахалт л болж харагдаад байна. С.Баярцогтоос бол яахав авдагаа авна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч АН-ын дарга байхдаа авилгын анатомийг нь гаргаж тавь гэдэг байсан. Нэг задлан хийгээд анатоми үзүүлье.

Гишүүдийн рекет

Өнгөрсөн жил “Оюу толгой”-н гэрээг батлах үйл явц сунжирсаар төсөв батлахтай яаж ийгээд ойртож давхацсан. Үр дүнд нь тус бүр тэрбум төгрөгтэй болж салсан. Гэвч өмнө бичсэнээр тэр тэрбумаас наалдац бага байснаас энэ жил гишүүд “Таван толгойг” анаж байна. 

МАХН АН хоёр эвцэлдэн ядаж байхад МАН, МАХН болоод учраа олохоо болив. Тэгээд МАНАН татаад, МАХН устаж, Н.Энхбаяр намаа сэргээнэ гэж гүйхэд МАНАН-гийн оройд С.Батболд хэмээх нунж нөхөр гараад иржээ. Шадар сайдууд нь дэмжээд ч С.Баярын хэмжээний зангараг гарахгүй. Тиймээс чухам МАНАН-гийн хашир анжгай нар Эрдэс баялгийн сайдыг онилохоо мэдэлгүй яахав дээ.

“Нүүрс чинь шороошт, гишүүд юу олох вэ?” гэж үү? Яагаад Хөшөөтийн уурхайд шалгалтаар очсон “сөрөг хүчний” гишүүд гэв гэнэт өнөөх шалгасан уурхайгаа, бүр дайсныхаа уурхайг магтаад унав. УИХ-ын гишүүд Д.Ганхуяг “Энэржи ресурс”-ын лицензийг асар их булхайтай өгсөн тухай ярьж байснаа яагаад бас л таг болчихов? Цагтаа Монгол банкийг гишүүд шалгаж дуртай, шалгачихаад магтах дуртай байсантай яг адил үйл явц яваад байна. Тэр үед Монгол ядуу байсан, гол шалгагч-санхүүч нь хүүдээ хоёр өрөө байр авдаг, Монгол банкны Ерөнхийлөгч хүүгийнх нь хуриманд сая төгрөгөөр алчуур барьдаг байсан. Өнөөдөр Монгол банкны Ерөнхийлөгч хуриман дээр сая төгрөг бэлэглэвэл хүн доромжилсон хэргээр ачигдана.

Нүүрс бол хямдхаан хар шороо гэж олон ч хүн удаан ч бичлээ. Нүүрсний үнэ цэнэ тээвэрлэлтэнд л байдаг. Бас зуучлалд байдаг. Жишээ нь гишүүн “Икс” хууль ёсны эрхээрээ дамжуулж нүүрсний компанийн тухай бүхий л мэдээллийг авч чадна. Дараа нь тэр мэдээллээ ойр тойрны нөхөддөө хэлж “синдикат” маягийн бүлэглэл байгуулна. Тэгээд сайдад асуулга тавина. Асуулгын хариуг авмагцаа “сайд”-ын ажлыг муулна. Асуудал сайдад биш, цаад компанид нь байгаа юм. Тэгээд байнгын хороо, чуулган дээр, эсвэл ордны коридорт, телевизийн эфирт “шударга бус” байдлын талаар хангалттай ярина. Асуудал нийгэмд босмогц сэтгүүлчид дагаж эхэлнэ, найдвартайд нь найдвартай баримтуудаа өгнө. 

Гэнэт дүрэлзэж байсан асуудал ус асгасан мэт нам болчихно. Сэтгүүлч гишүүний өгсөн баримтаас цааш нэг л алхвал төрийн саарал ордонг сурвалжлахын оронд ганц худгийн саарал байшинд очоод сурвалжлуулна. Харин гишүүн юутай үлдэнэ гээч. Сая тонн нүүрсний гэрээ зуучилсан байх болно. Хөлсөнд нь тонн тутмаас ганцхан доллар л цохино. Дараа нь түүнийгээ тээвэрлэх гэрээ хийнэ. Ингэснээр машин тутмаас сардаа найман сая төгрөгийн ашиг олно. Дээрээс нь гаалийн болон бусад татварыг аргална. Ингэснээр хуулийн дагуу нийт өртгийн 15 хувьтай тэнцэх ашиг олно. Бурзайж байгаа биз? Тиймээс УИХ-ынхан хүнээ олж дарамталж байгаа юм.

Нээрээ мартах шахаж. Л.Гансүх яагаад зүгээр яваад байгаа талаар бичнэ гэсэн шүү дээ. Д.Зоригтод том туршлага болно доо. Цаадах чинь Монголын байгаль орчныг УИХ-д ашигтай хамгаалж, түүгээрээ анхаарлаас гадуур гүйж яваа юм. Ерөнхий сайд “Энержи ресурс”-ийнхэнтэй эртний анд. Нүүрс зөөж байгаа гишүүдийн машин зам муугаас эвдрээд машин тутмаас сардаа сая төгрөгийн ашиг алдаж байгаа юм. Тэгмэгц БОАЖ-ын сайд баахан нүүрсний компаниудыг цуглуулж байгаад говийн экологийг хамгаалахаар засмал зам тавих чиглэл өгчихөж байгаа юм. Тэр чиглэлийг нь Засгийн газар мэдээж уухайн тас дэмжинэ. Ингэснээрээ Л.Гансүх Ерөнхий сайддаа тал олж, нүхээ малтсан гэж бодож байна уу? Үгүй дээ бүр ч ланжгар.

Мань эр шударга хөдөлмөрийнхөө үрээр, хямдхаан байр худалдаж авсан байгаа юм. Хотын төвд, Сэлбийн эрэгт, гурван давхар, дороо гражтай хаусыг 120 сая төгрөг бэлнээр, үлдэх 40 саяд нь хэдэн “duu. mn” гэх мэт сайт өгөөд авчээ. Сайтуудыг нь авсан хүн “news, shuud, gogo, olloo” .mn-үүдийг будаа болгоод баяжаад баларч байгаа юм бодтол угаасаа баян хүн байв. “MCS” компанийн захирлуудын нэг Л.Энх-Амгалангаас хаусыг нь авчээ. Өөрөөр хэлбэл БОАЖ-ын сайд Өмнөд хилээс Ухаа худаг хүртэл автозам тавиулж байгаль орчноо хамгаалах шийдэмгий алхам хийгээд хямд хаустай болжээ. 1924 онд Сангийн сайд, дараа нь бүх цэргийн жанжин байсан Солийн Данзан Хүрээ-Хаалганы хооронд засмал зам тавиулах гээд буудуулсан. “Наад замаар чинь цэрэг ачсан машин ирвэл яахав” гээд л нударчихсан.

Харин 2011 онд Хятадын хил рүү нарийн төмөр зам тавиулахгүй, төмөр замын цариг өргөн байна гэсэн төрийн хар хайрцагны бодлого гаргаж, УИХ-аар хагас жил хэрэлдээд шийдвэр гарсны дараа БОАЖ-ын сайд нарийн төмөр замынх нь оронд засмал зам тавиулах чиглэл өгсний шан энэ. Гэтэл би тэнэгтээ “Найман замын стратеги” энэ тэр гэсэн юм бичээд л давхиж явсан байхгүй юу.

Одоо бол нүүрсний наймаа орж ирэх гэж байгаа учраас гишүүд Л.Гансүхийг яах ч үгүй байгаа юм. Ерөнхий сайдаасаа эхлээд хууль зүйн сайд, боловсролын сайд тэргүүтэн бүгд л “MCS”-ийн сая долларын гэх байранд байгаа хойно. Тиймээс Д.Зоригтоо чи сайн ажиллаж сур аа. Сая долларгүй юм гэхэд сайдтайгаа үлдэх боломжийг чинь зааж өглөө шүү дээ.

Нөгөө талаас нь

Одоо бол Н.Энхбаярт арга зааж өгнө. Д.Зоригтын эсрэг Ц.Батбаярыг турхирдаг дэмий юм болсон юм. Наад маанаг чинь барилгын бизнестэй мөртлөө “Би барилгаа барих гэтэл цахилгаан хангамж муу байна, Зоригт чи юу хийж байгаа юм” гэж авдаг байгаа. Хэрэв би Д.Зоригт байсан бол “Улаанка ах аа, уг нь та хотын дарга байхдаа наадахаа хийчих учиртай байсан шүү дээ” л гэх байлаа.

Одоо Ц.Батбаяр найдлагагүй тул илчлээд МАХН-даа татаад ав. Дараагийн сонгуульд МАН Ц.Батбаярыг дэвшүүлэх ч үгүй, дэвшлээ ч ялахгүй. МАХН-аас бол магадгүй. Дээрээс нь асуудалд С.Эрдэнэ гишүүнийг татаж оруулж байгаа нь үнэндээ алж байгаа байхгүй юу. Н.Алтанхуяг Н.Энхбаяртай есөн удаа уулзсан гэж хэлсэн, түүнийг шалгуулна гээд өргөдлөө өгчихсөн хүн үүгээр холбогдож “есөн удаа уулзсан нь” илэрч  балардаг юм байгаа биз дээ.

Гэхдээ эцсийн дүндээ юм жамаараа л явж байна. Д.Зоригтын асуудлаар Засгийн газрыг унагахдаа тулбал УИХ нь өөрөө тарахдаа тулна. УИХ эрт тарвал юу болох билээ? Ямар ч ашиггүй, үүнийг улстөрийн утгаар нь биш шууд санхүүгийн утгаар нь хэлж байгаа юм шүү.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив