Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хувьсгалын хоёр дахь ДАВАЛГАА
2011 оны 1 сарын 17 [Уншсан тоо: 40390]
Орос

Оросууд сэрж байна. Маогийн "Хятадын онц­лог­той социализм" гэдэг шиг "Оросын онцлогтой либерализм" байгуулах В.Путины оролдлого бү­тэхгүй бол яах вэ? Хүнд бэрх нөхцөлд байгаа Оро­сын ардчиллын тө­лөө тэмцэгчид "Стратеги-31" хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. ОХУ-ын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд иргэний эрх, эрх чөлөөг хуульчилсан бай­даг юм. Тиймээс сар бүр 31 хоногтой байдаггүй ч хоёр сард нэг удаа иргэдэд эрхийг нь са­нуулж, жагсаал цуглаан хийж эхэлсэн. Харин Оро­сын ард түмэн сэрж бай­гаа болов уу?

Цуглаанаас цуглаанд, жагсаалаас жагсаалд орол­цогчдын тоо нэмэгд­сээр байна. Сэрж байгаа юм байна. Оросын эрх баригчид сүүлийн 31-ний жагсаалд хатуурхав. Бо­рис Немцовыг баривчлан 15 хоног хорьжээ. "... Тө­рийн албан хаагчийг эсэр­гүүцсэн". Монголд ийм заалтаар иргэний хөдөл­гөөнийхнийг баривчилж хорих оролдлого тас­ралт­­гүй хийж байсан ба долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа Эрүү­гийн хуулийн яг энэ заал­таар үй олон хүнийг хоморголон баривчилж бай­сан түүхтэй.

Гэвч энэ бол даран­гуй­лагчдын шог сэтгэмж л дээ. "Энэ бол үндэслэлгүй шийтгэл, ингэснээрээ Орос орны нэр төрийг унагаж байна. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдү­гээр орлогч байсан хүн ийм хөгийн ял авна гэж байх уу" гэж одоо төрд ажиллаж байгаа ОХУ-ын Ерөнхий сайд асан Сер­гей Кириенко хэлжээ. Эр хүний жудагтай л үг. Гу­дамжны хулигаан их гүр­ний төрийг удирдаж бай­сан гэж Москвагийн цаг­даа бодож л дээ. С.Ки­риенко ч бас цагтаа сөрөг хүчний удирдагчдын нэг байсан юм. Оросын эрх баригчдын сөрөг хүчнээ урхидах гол арга нь улс төрөөс холдуулж, аж ахуйн нүсэр алба өгдөг. Амьдрал чинь сайн байх болно, гагцхүү улс төрөөс холхон бай, за юу. Харин улс төрөөс холдоогүй Бо­рис Немцов "шоронд" шинэ жилийг угтав. Гэвч тэр гар утаснаасаа Оро­сын олон нийттэй хол­бог­дож байх юм. Олонх нь гэхдээ Кремлийн дээр цацарч буй салют харан дэвхцэж зогссон.

Монголчууд сар ши­нээр ямар байна, тэр жил­дээ тийм байна гэж үздэг­тэй адил оросууд шинэ жилээр ямар байна, тэр жилдээ тийм л байна гэж үздэг юм билээ. Б.Немцов бүтэн жил шоронд байх нь л дээ. Дарангуй­лагч­дын "мессеж" энэ. Б.Нем­цов нар тасралтгүй тэм­цэж байсан. Эрх бариг­чид хэвлэх үйлдвэрүүдийг журамлаж нэг удаад 50 мянган хувиас илүү хувь ном хэвлэхгүй болсон. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан Б.Немцов метроны гарц­ны орчим даарч хөрөн номоо зарж зогссон. Но­мын дэлгүүрүүд түүний өмнө хаалгаа хаасан хэ­рэг шүү дээ. Оросын ард түмэн уншигч ард түмэн. Ойролцоо эргэлдэх цаг­даа нараас хулмалзан байж нэг ном аваад гарын үсгийг нь зуруулангуутаа зугтаж буй орос сэхээтэн. Цагдаа бол ном заруу­лах­гүй байх даалга­вар­тай.

Оросын ард түмэн аугаа ард түмэн, 20 жи­лийн өмнө дэлхийн тэн хагасыг захирч байсан, хагас зууны өмнө хам­гийн аугаа ялалт байгуул­сан. Гэвч ард түмэн бол ард түмэн л байдаг. "Тэр Германыг аугаа гүрэн болгоод Германы ард түм­нийг хэн ч биш болго­сон". Энэ бол "Хувьсгалыг ухаантнууд бодож олж, тэнэгүүд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүрт­дэг" гэж хэлсэн Отто фон Бисмаркийг тодорхойл­сон үг. Ард түмэн ийм "адгийн шааруудаас" айх ёстой. Жишээ нь М.Хо­дор­ковский. Түүнд до­лоон жилийн ял нэмж шинэ оны бэлэг барив. "АНУ-д 30 тэрбумын луй­вар хийсэн хүнд бүх на­саар нь хорих ял оноож байхад Орост бол 60 тэрбумын асуудалтай нө­хөрт сая нэмсэнтэйгээ нийлээд ердөө л 14 жил" гэж В.Путин энэрэнгүй үзлээрээ бахархан ярьж байна. Шалтгаан нь луй­вар биш сөрөг хүчнийг санхүүжүүлсэнд байгаа юм шүү дээ. АНУ-д ялыг хараат бус шүүх өгсөн ба ОХУ-д Засгийн газар нь өгөөд, бас тайлбар хийж байна.

Оросын ардчиллын зүтгэлтэн Л.Ящиныг орц­ных нь үүдэнд баривчил­жээ. Тэгээд тав хоног саа­туулах шийтгэл оноож. Үндэслэл нь "Тэр мэдээж жагсаалд л оролцох гэж гэрээсээ гарсан байж таар­на". Иван дуракууд, инээдтэй байна уу? Инээж болно, гэхдээ бид өөрсдөө оросуудаас ч илүү "тэнэг", инээдтэй байдалд байгаа шүү дээ. Ард түмэн эрхээ эдэлж чадахгүй байгаа, түүний­гээ ойлгох ч үгүй байна. Төр яагаад бидэнд эрх өгдөг билээ гэж асууж байна. Уг нь тэр хүний эрх гэдгийг төр өгдөггүй, заяагдмал эд шүү дээ. Найман зууны өмнө дэл­хийн талыг эзэлж байсан монголчууд, хагас зууны өмнө дэлхийн талыг эзэлж байсан оросуудын хооронд нэг их ялгаа бай­на уу. Байхгүй ээ.

Украин өнгөт хувьс­галын удирдагчдын нэг, дэлхийн алдаршсан улс­төрч Юлия Тимошенко гэрийн хорионд, тэрбу­мыг идсэн хэргээр до­лоо хо­ног бүр проку­рорт байцаалт өгдөг ажил­­­тай "амарч" байна. Түүнийг "дарж авах" гэж В.Януко­вич хүсчээ. Шалт­гаан нь Ю.Тимошенко В.Янукови­чийн эвсэх, хам­­тарсан засаг байгуу­лах саналаас татгалзсан юм. Янукович тэнэг. Юлиа байцаалт өгөх гэж ирээд зүдэрсэн царайтай прокурорын газраас га­рах бүртээ 0,5 хувиар рейтингээ өсгөж байна. Аль ч ард түмэн өрөвч байдаг.

Монгол

Харин Монголд яа­лаа. Тэр бүсгүй татгалзаж байхад манай АН-ын эр­чүүл даруулаад л хэвтэж байх. Эртнээс орлого сай­тай ажил л даа. Харин ажил алба авахыг хүсээ­гүйчүүд нь гудамжинд, эсэргүү нэртэй "амьдарч л байна даа". Сөрөг хүчин болох учиртай АН-ын ҮЗХ С.Баяраас өгсөн 40 хувьд багтчих санаатай намаа МАНАН-аас сал­гахгүйн төлөө улайран зүтгэнэ.

Энэ бол С.Баярын Оро­­­соос импортолсон, өөрөөр томъёолсон "Стан­­­дарт бус ардчилал". Ардчилал стандарт бус болохоороо л гажууддаг. Гажуудсан ардчиллыг ганц­­хан үгээр томъёол­дог. Тэр нь авторитаризм. Орост бараг л тотали­таризм болох шатандаа явж байна. Ардчиллын үзэл санаа гундаж, АН-д нэвшсэн прагматик олонх буюу фон Бисмаркийн хэлсэн "адгийн шаарууд" нөгөө "тэнэг" партизануу­даа үл тоон хувьсгалч­дынхаа араас үр шимийг нь үзэхээр зүтгэж байна. Ухаантнууд нь үхэж дуусч дээ.

1990 оны хувьсгалыг гардан хийгчид өнгөрсөн 20 жилд гажуудсан ард­чил­лын золио болж, ажил амьдралаа алдаад бараг дууссан даа хөөр­хийс. Тэд 20 жил дорд үзэгдэгсэд байсан юм. Хувьсгалын золио. Ц.Эл­бэгдорж Ерөнхийлөгч болс­ноор тэд Ардчилсан Ерөнхийлөгчөөр гавьяа­гаа үнэлүүлж, "Алтан га­дас" авах их хувь заяа дөнгөж ноднингоос оног­дов. Өнгөрсөн 20 жилд зургаан мянга гаруй хүн алтан гадас авсны 200 шахам нь АН-ынхан бай­сан. Гэвч АН-ын гол фракц "Алтан гадас" нэр­тэй болж, пар­тизанууд нь "Алтан гадас" зүүгээд хувьсгалаас хойш нэгэн хорин төгсөхөд Мон­­голын ардчилал ав­то­ри­таризм болон хувир­чээ.

Монголд Н.Алтанхуяг Шадар сайд хийж байхад Оросын шадар сайд асан Б.Немцов "111-д" сууж байна. Украины сөрөг хүчний удирдагч тэнд "төрийн гэмт хэрэгтэн" болоод байхад манай сөрөг хүчний удирдагчид хамтарч сөрөг хүчнийг намнаж байна. Оросын сөрөг хүчний удирдагчид ном бичиж байхад манай сөрөг хүчнийхэн нийтлэл бичиж, авторитаризмыг хамгаалж байна. Гэхдээ огт эсэргүүцэлгүй ч бас биш юм.

Саяхан АН-ын Онц их хурлын төлөө хөдөлгөө­нийхөн намын даргадаа улаан сарнай барив. АН-ынхан хэзээнээс цэцэг навч болоод байдаггүй, голдуу хадаг самбай бол­дог, тэгээд ч эр хүн эр хүндээ амжилтыг нь тэм­дэглэж цэцэг барина гэдэг ч, жаахан гоомой юм гэж олон хүн бодсон байх.

Гэтэл үнэндээ наа­дуул нь даргадаа таван улаан сарнай өгсөн. Тэр улаан сарнай нь МАХН-ын бэл­гэ тэмдэг,  комму­нист та­ван хошууг ч бас бэлгэд­сэн, таван сарнай өгдөг нь таван сайдын суудал авс­ныг, цусан улааныг өгдөг нь таван хүний амиар наймаалц­саныг ёгтолсон хэрэг байж. С.Баяр ч хо­лын бодолтой байсан байх, АН-д заавал таван суудал өгдөг нь. Дорнын­хоон гэж. Хэвлэлийнхэн ан­заар­сангүй, харин Н.Ал­танхуяг цэцгийг тоо­лон­гуутаа буруу харуу­лаад тавьчихав.   

Хувьсгал зогсдоггүй

Нэг эхэлсэн хувьсгал зогсдоггүй. Энэ бол нийг­мийн хууль. Энэ бол урт удаан хугацааны антого­нист өөрөөр хэлбэл эв­лэрш­гүй зөрчлийн дүнд бий болдог нийгмийн үзэг­дэл. Хэрэв эвлэрэх байсан бол хувьсгал эхэл­дэггүй, хувьсгал зарла­даггүй. Жагсаалаар ху­вьс­гал хийдэггүй, тиймээс Э.Бат-Үүл "жагсаад" гэж командалж байна. Хэд­хэн жилийн өмнө хам­гийн хүсэмгүй акц байсан жаг­саал өнөөдөр хам­гийн хүсүүштэй эд болж. Ний­гэмд байдаг ердийн проб­лем бол ердийн ард­­­­чил­лын нөхцөлд ший­­­дэгдээд л явна. Жаг­саалаар... Нийгэм өөрөө проблем. Индра Ганди Энэтхэгийн Ерөнхий сайд болоод "Найман зуун сая Энэтхэг хүн бол найман зуун сая проб­лем, би үүнийг ший­дэхийн төлөө ажиллана" гэж хэлж байв.

Харин шийдэл нь хувьс­галаас өөр юу ч биш проблем бий. Тэр тусмаа дутуу хийсэн хувьсгал зайлшгүй гүйцээлт шаард­­дагт манай өнөө­гийн нөхцөл байдал то­хирч байна. Хувьсгал бол "Интернационал"-д хэл­дэгчлэн "Үргэлж дарлагч ертөнцийг үндсээр нь нураах" үйл явц. 1990 оны Ардчилсан хувьс­галаар 70 жил дарлаг­чийг давруулж үлдээс­нээс ардчилал гажуудаж бай­на. Гэтэл хувьсгалаас 20 жилийн дараа АН, МАХН-ын хамгаалагч бо­лон хувирчээ. Гайтай хөө­тэй юм байх гэж.

Нийгмийг шинэчлэх хөдөлгөөнүүдийн нэг гол зорилт бол 1990 оны хувьсгалын дутууг гүй­цээж, МАХН-ыг устгах "явдал" байсан. Хуучин бичигт "явдал" гэдгийг цогц үйл ажиллагаа, зо­рилго гэж ойлгодог бай­сан тиймээс Гадаад явд­лын яам, Дотоод явдлын яам гэж нэрлэдэг байсан учраас ингэж онцолж байна. Өнөөдөр МАХН устаж мөхөөд, дүрээ ху­вирган тэсч үлдэхийн төлөө үхэн тэмцэж байхад АН дагаар орчихоод хам­гаалж байх ч гэж. Хэрэв өнөөдөр АН сөрөг хүчин байсан бол XXVI их хур­лынхаа болчимгүй шийд­лээс болоод МАХН өдийд мөхсөн байх учир­тай юм. Гэвч АН, МАН-ын дайчин туслагч найдвар­тай залуу халаа болжээ.

МАХН-ын байрыг шатаасан өдөр үрэгдсэн таван хүн АН-ын гишүүн биш гэж мэтгэдэг юм гэ­хэд МАХН-ын шу­дарга бус үйлдлийг эсэр­гүүцэгч биш гэх аргагүй. 1990 оны хагас хувьсгал ийм л нөхцөл байдал руу хөтөлсөн байна.

АН-ын гишүүдтэй уул­заж, дангаараа эрх барих нөхцөл үүсчихсэнийг са­нуулахад хүлээн зөв­шөөрч байх юм. Хуулийн хувьд яг ийм нөхцөл үүс­сэн гэхдээ харж л байя. Уг нь нам гэдэг Засгийн эрх барихыг хамгийн гол зорилгоо болгодог гэж өөрсдөө ярьдаг биз дээ. Гэтэл эрх барихаасаа татгалзаж байна. Тэгвэл нэгмөсөн 2012 оны сон­гуулиас татгалзсан нь дээр. Э.Бат-Үүл нэг юм үнэртчихэж. Барууны зү­гээс салхи сэвэлзэхэд "Үүл" хамгийн түрүүнд зүүн тийш нүүж байх юм. Ардчилсан нам, МоАХ өнөөгийн ардчиллаа хам­гаална гэж байна. Хэрэв тэр ардчилал нь байдаг бол хамаатай юу, даанч тэр ардчиллаа ад­гийн шаарууд нь арилж­чихсан шүү дээ. Ардчи­лал гэдэг бол таалаг­даа­гүй засаглагчаа тайван за­маар солихыг хэлдэг гэ­жээ. Тэгээд ард түмэн хэнийг хэнээр солих вэ?  МАНАН-г юугаар солих юм?

АН-ыг сонголоо ч тө­рийн толгойд МАНАН л хөшиглөнө. Нэмэгдэ­хүү­ний байрыг өөрчлөхөд нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэн үг бий. Энэ МАНАН-г хөөх салхи Монголын уудам талд сэвэлзэж бай­гаа нь баярлууштай. Энэ МАНАН бол хотын утаа­наас ч өтгөн бөгөөд аюул­тай. Хотын утаа Мон­голын ард түмний биеийг хордуулж байна. Харин төрийн МАНАН Монго­лын ард түмний оюун санааг хордуулж байна. МАНАН бол оюун санаа­ны цусан хатгалгаа юм. Ард түмэн хахаж цацан­гаа нус цэр болсон МАНАН-г нулимж хаяхыг хүсч байна. Харин эрх баригчид өтгөн цэр мэт ард түмний цээжнээс зуурч бачимдуулж, давч­дуулж байна.

Эрх баригчид хууч­наараа захирч чадахгүй болж, харин ард түмэн хуучнаараа захираг­да­хыг хүсэхээ больжээ. Ард­чиллын нэрийг бариад ч, аврал гүрэм буулгаад ч өнгөрч. Энэ салхи эрчлэн дэгдвэл ч дэгдэг, их салхи нижигнэн хөдөлтүгэй. МАНАН-г сарниулан хөө­түгэй. 2008 оны дол­ду­гаар сарын 1-нд Мон­гол цусаар ханиалгасан юм. Ард түмэн шударга ёсыг шаардан жагссан юм. Тэр дундаа ард түмэн АН тэргүүтэй ардчилсан хүчин луйвардууллаа гэж жагссан юм. Гэтэл АН-ын нус цэр болсон адгийн шаарууд нь намаа ялуулс­наас өөрсдөө баяжихыг илүүд үзсэн. Өөрс­дийнх нь төлөө уур­сан хилэгнэсэн зуун зуун залуусыг Ганцхудагийн саарал ордонд чихэн золиод, өөрсдөө төрийн саарал ордонд бүгсэн. Таван улаан сарнай.

АН өөрсдийнх нь тө­лөө тэмцсэн олныг зо­лиод МАХН-тай тэврэлд­сэн тэр цагаас үзэл са­нааны хувьд бүрмөсөн мөхсөн. МАХН үзэл санаагүй гэж шүүмжилдэг ч АН өөрөө үзэл санаагүй байна. Үзэл санаагүй нам үнэт зүйлгүй болдог. АН-д Н.Алтанхуягийн праг­матизм ноёлж бай­на. Нэгэнт үзэл санаа байхгүйгээс нэгэндээ ит­гэ­хээ больчихож. Нам бол үзэл санаагаар нэгт­гэдэг. Гэтэл Н.Алтанхуяг би тэр "Баруун зүүнийг чинь мэдэхгүй" гэж байна. Харин дээр доорыг яадаг бол. АН-д "мөнгизм" ноёрхож байна. АН-ын удирдах байгууллага ёс суртахууны хувьд ялзран доройтож, үзэл санаагаа гээсэн сүрэг наймаачдын цуглаан болжээ. АН ал­бан тушаалын наймаа­ны зах болсон, яг Ш.Сайхансамбуугийн зах шиг. Гагцхүү энд ца­гаан захтнууд ханцуй дотроо наймаалцаж бай­на. Ёс суртахуунтай, үзэл бо­долдоо үнэнч хэсэг нь намдаа итгэл алдарсан. Гэвч тэд хэт цөөнх юм гээч. ҮЗХ-ны 10 хувь. Бур­хан минь нам бүхэлдээ ийм болчихоогүй байгаа­сай. Тэгвэл Ардчиллыг сэргээн тогтоох ямар ч боломж байхгүй.       

Эцсийн тулаан

Сар бүрийн 16-нд "Эрх чөлөө-16" акц хий­хээр бэлтгэж байна. Өөрч­лөхөөс нь өмнө "Үндсэн хуулиа үзэгтүн" гэж уриалж байна. Хүний эрхийг Үндсэн хуулиндаа тунхаглачихаад Үндсэн хуулиа уландаа гишгэж буй эрх баригчдын үнэн нүүр царайг танигтун гэж уриалж байна. Уг нь Мон­голын ардчиллын төлөөх тэмцэл ардчиллыг хам­гаалж буй орнуудад үл­гэр жишээ болж байсан. Монголчууд манлайлж байсан. Киргизүүд мон­голчуудаас үлгэр авч төв талбайд гэрээ барьдаг болсон. Украин, Гүржийн ажиглагчид Монголд ирдэг байсан. Харин АН МАХН-тай эвссэнээр бид хоцорсон байна. Б.Нем­цов О.Магнайтай Украи­ны сонгуулийн дараа уулзахдаа: "За ингээд хуучин сайхан цаг ирэх нь дээ" гэж хэлсэн байна билээ. Өөрөөр хэлбэл, хаа сайгүй Оросын нөлөөгөөр, хуучин ЗХУ-ын нөлөөний орнуудад авторитар дэглэм тархаж эхлэхийг тэр харсан байв.

Хэрэв долдугаар сарын 1-нд ард түмний эсэргүүцлийг Орос аргаар дарсан бол бид Орос аргаар сөрж тэмцэх хэрэгтэй болох нь. Нөх­цөл байдал Орос маягтай болсон байна. В.Путин ард түмний хөрөнгийг завшигч олигархиудтай тэмцэх нэрээр алдрыг олоод ард түмнээ да­рангуйлж, М.Ходорковс­кийгээр ард түмнээ айл­гаж байна. Оросод ев­рейн эсрэг үзэл газар аваад байна. "Нэгдсэн Орос" хэмээх манан ард түмнийг да­ран­гуйлж бай­на. Мон­голд дарангуй­лагч Н.Энх­баярыг унага­хын төлөө уриагаар нэ­рийг ологсод өнөөдөр Н.Энх­баяраар ард түмнийг айлган жигшээж байна. Хятадын эсрэг үзэл газар авлаа. МАНАН төрийн эрхийг авчээ. Хуу­чин сай­хан цаг. Оросын эдийн засгийн хориг сул­раагүй байхад хятадууд Мон­голд тархан буй Хя­тадын эсрэг үзлээс "бол­гоом­жилж" бас л хориг тави­хаа сануулсан бай­на. Өөрөөр хэлбэл, хязгааргүй эрхтэй да­рангуйлагч дэглэм тогтох гэж байгааг хятадууд мэ­дэж байгаа учраас тэд­нийг барьцаанд авах эх­ний алхмаа хийж байна. Ингээд хойд Солонгос болох уу?

Цагаас цагт өдрөөс өдөрт нөхцөл байдал муудаж, тэсвэрлэхэд бэрх болж байна. Тэгээд тэ­сээд байх уу? Эсвэл эрт­хэн засаж авъя. "Сөрөг хүчнүүд нэгдэгтүн". Н.Энх­баяртай нийллээ, барилаа гэх байх, гэвч хамаа алга, тэртэй тэргүй эрх баригчдын бууны ноход муулахдаа тулбал юу ч гэж чадна. Автобус­ны билет 100 төгрөгөөр нэмэгдэхэд ард түмэн босно гэж айсан эрх баригчид 100 төгрөгийг нэмэхгүйн төлөө үзэлцэж байна.  Тэд ийм эмзэг сул байна.   

Одоо тэд эцсийн алх­маа хийж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Үнд­сэн хууль өөрчлөх нь ав­торитаризмыг хуульч­лах оролдлого юм. Үнд­сэн хуулийн дөрөвхөн заал­тыг өөрчилснөөр Н.Энх­баяр гэдэг даран­гуй­лагчийг төрүүлсэн шиг өнөөгийн өргөн хүрээтэй өөрчлөлт МАНАН-гийн дарангуйллыг хууль ёс­ны болгох гэж байна. Тэгээд зассан "Үндсэн хуулийн ёсоор" байгуу­лагдсан МАНАН-г унага­хыг оролдох нь гэмт хэрэг болж бүх тэмцэгчид шо­рон дүүргэх юм. Тэд ард­чилагч, ард түмэн анар­хист болох нь. Ингээд эрх чөлөө мөрөөдөл болох нь байна.

Тэмцэлд хүн амын 70 хувь нэгдэх боломжтой байна. Энэ бол далай их хүч, дараа дараагийн давалгаа түрсээр байх болно. Байдал дордох тусам түүнээс гарах тэм­цэл аль аль талдаа хохи­рол ихтэй байх болно. Тиймээс өнөөдөр л засах ёстой, эсвэл буцаад ком­мунизм руугаа марш.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив