Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ажилгүй нам
2011 оны 1 сарын 26 [Уншсан тоо: 34958]
Бүгд Найрамдахаас бүгд хуйвалдах руу.
Ажилгүйдэл хэрээс хэтэрсэн өнөө үед нам хүртэл ажилгүй болох юм гээч. Ардчилсан нам хаачив? Манай олигархууд гадаадад ч дотоодод ч “ардчилал байна” гэж л харуулж байхын тулд АН-ыг амьсгаатай байлгаж байна. Түүнээс яг намын хувьд аль эрт мөхчихөж. АН бол хуурмаг ардчиллын сүүдэр. Ингэхдээ АН-ыг муулах зорилт тавиагүй, бодат байдлыг шинжье.
БНХАУ-д ХКН-аас гадна долоон нам “албан ёсоор” үйл ажиллагаа явуулдаг. Тэр намуудын үйл ажиллагааг Улстөрөөр зөвлөлдөх зөвлөл гэгч байгууллага удирдан чиглүүлдэг ба БХАТИХ болон орон нутгийн засаг захиргааны “сонгуульд” тодорхой хэмжээний квот олгож “Ардчилсан БНУ” гэдгээ баталдаг. Жишээ нь Хятад 1911 онд Чин гүрний колоничлолоос гарсныхаа дараа албан ёсоор Бүгд Найрамдах засаглалыг сонгосон. Хятадаас нэг өдрийн өмнө тусгаар тогтносон Монголчууд Хаант засгийг сонгосон ба 1921 оноос хааны эрхийг хязгаарлаж, 1924 онд Үндсэн хуульт, БНУ болсон юм. Бүгд Найрамдах засаглал бол “Ямар нэгэн байдлаар “Ардчилсан” гэсэн агуулгатай” улстөрийн нэр томъёо юм. Тиймээс БНХАУ бол ХКН-аар удирдуулсан, олон намын системтэй БНУ юм. Улстөрийн нэр  томъёоны хувьд “Республика” гэдэг нь Бүгд Найрамдах засаглалтай улс гэсэн ойлголт.
Хэдийгээр 1992 оны Үндсэн хуулиар коммунист биш гэдгээ нотлож байгаа нь энэ гэж “Бүгд Найрамдах” ба “Ард” гэсэн гурван үг, хоёр томъёоллыг авч хаясан ч Монгол Улс мөн л Бүгд найрамдах засаглалтай. Нөгөө “Ард” буюу “язгууртнуудаа хядчихсан, үгээгүйчүүдийн” гэсэн ойлголт өнөөдөр эрх баригч Ардын намын нэрэнд цохиж явна. Төгс Ардын нам болох гэтэл олигархууд буюу шинэ цагийн мөлжигчид үүрлэчихээд нэрийнх нь агуулга, хэлбэр хоёр зөрөөд баларч байна. Монгол ардчилсан улс гэгддэг авч гажуудсан стандарт бус ардчилалтай улс. Стандарт бус гэдэг томъёоллын цаана сөрөг хүчингүй атлаа сонгууль явуулдаг, сонгуулиар аль нам ялахыг шийддэггүй, эрх баригчдыг л сонгодог “тоглоомын ардчилалтай” улс болсон байна.
Айн Рэндийн “Зөвшилцөл бол фашизм мөн” өгүүлэл 2004 сонгуулийн дараах зөвшилцлийн үед брошюраар гарч байсан. Өнөөдөр Монгол коммунист улс биш юм бол барууны маягийн дэглэмжсэн шинжээрээ фашист, фашизмаас цэргийн дэглэм, үндсэрхэх үзэл хоёр нь байхгүй тул улстөрийн тогтолцооны хувьд авторитар дарангуйлалтай улс болсон байна. Засгийн эрх, үндэсний баялаг цөөхөн хэдэн гэр бүлд хамаатай, тиймээс АН төдийгүй МАН ч улс төрийн тогтолцоог ардчилсан мэт харагдуулдаг, олигархуудын синдикат юм. Тодорхой хэлбэл МАНАН зохиомол нэгдэл бөгөөд тэднийг “дээрээс нь” удирддаг. Тиймээс өнөөдөр АН парламентаас гадуур ажиллах ямар ч нөхцөлгүй болсон хэрэг. АН бол парламент дахь бүлэг, Засгийн газар дахь таван сайдыг тодорхойлсон “нэр” болохоос бие даасан нам биш. Ардчисан намаас нэр л үлдэж. Монгол нэг л нам байна. Тэр нь бас устгагдаж байна. Энэ нь харин Ан-ын ирээдүйд сайнаар нөлөөлж болзошгүй.
АН юу хийх ёстой вэ?
Хэрэв АН үйл ажиллагаа явуулбал сонгуульд ялагдсанаараа сөрөг хүчний үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл энэ нь хамтарсан Засгийн газраас боомилогдсон тул ажиллах нөхцөл алга. Эсбөгөөс Засгийн эрхийг “барилцаж” буйн хувьд эрх баригч намын үйл ажиллагаа явуулах ёстой авч голлох шийдвэр гаргах бололцоогүй тул АН өнөөдөр Ардын намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэгч болон хувирчээ. Бүхий л шүүмжлэлийн хаалт болсон лүд. Ардын намын бохир хадгалах сав. Аргаа барахдаа “Монгол 2020” гэсэн утопи хэлэлцүүлэг хийхээс өөр замгүй болжээ.
АН түүхэндээ хоёр удаа “гадагшаа дайн” хийсэн. Эхний удаад 1996 оны сонгуулийн ялалтын дараа МАХН руу довтолсон ба МАХН-ын хөрөнгийг хурааж санхүүгийн хувьд амьдрах чадваргүй болгохыг зорьсон ч амижлт олоогүй. Харин ч МАХН-ын сөрөг довтолгоонд автаж, хутган үймүүлэлтээр дотроо задарч, дөрвөн Засгийн газраа унагаад 2000 онд бүрмөсөн сүйрсэн.
Олонх лидерүүд нь АНУ-д дүрвэсний дараа Д.Дорлигжав, С.Эрдэнэ, Н.Батбаяр нарын хүчин чармайлтаар үнс нурамнаас сэхсэн АН хоёр дахь удаад Ц.Элбэгдоржийн Засгийн газар унасны дараа нийгэмд бүрдээд байсан ашигтай нөхцлийн дор дайралт хийж, МАХН-ын залуу халааг сүйтгэсэн. Хадгаламж зээлийн хоршоо, Хадгаламж банкны хэрэг ба Ерөнхийлөгч-МАХН-ын  дотоод зөрчлийг ашиглан МАСЗХ хэмээх хүчирхэг байгууллагыг нь устгасан. Давхар зорилго нь ХЗХ ба банкнаас авч байсан санхүүжилтийг нь бүрмөсөн таслаж чадсан. Одоо хар, өнөөдрийг хүртэл МАХН залуучуудын байгууллагаа сэхээж чадахгүй байгаа ба өнөөгийн хямралын үндэс тэр үед тавигдсан юм. МАСЗХ сүйрмэгц уг байгууллагыг үндэслэгчид яаравчлан “Зүүний хүчний холбоо” хэмээх нөөц байгууллагыг бий болгож, намын эрх мэдлийн төлөө үхэн зүтгэсэн билээ. Хэрэв У.Хүрэлсүх Зүүний хүчний холбоог байгуулж чадаагүй бол өдийд залуучуудын байгууллагатайгаа хамт сүйрэх байв. МАСЗХ-г сүйрүүлсэн дайралт МАХН-ын ирээдүйд маш том өөрчлөлт авчирсан. Нэрээ солих хүртэл.
Чухам хүчтэй цохилтонд өртсөнөө нөхөх гэж МАХН залуучуудыг бөөнөөр элсүүлэхэд анхаарч эхэлсэн бөгөөд ингэснээр чанаргүй гишүүдийнхээ тоог нэмсэн, энэ нь МАХН-д цөөнх хуучин кадрууд ба олонх залуучуудын зөрчлийг бий болгожээ. Өнөөдөр энэ зөрчил маш хүчтэй илэрч, намдаа маш том хагарал бий болгож байгаа юм. Хэрэв АН сэхээтэй бол өнөөдөр л Ардын намыг сүйтгээд, нэг намын орон зайг дүүргэх бололцоотой байна. Чухам иймээс сүүлийн хагас жилийн турш АН-ыг хууль ёсны эрхээ эдлээч, сэрээч гэж янз бүрээр бичиж байна. Гэвч хөөрхий үхлүүт байна. Амьд нь халуундаа солиороод дуугарснаар нь манийгаа ноцоод байх юм.
Намын үзэл суртлын зэвсэг
АН либерал нам мөн үү? Биш. Энэ бол 100 хувийн баталгаатай. Бүр 2003 оноос либерал үнэт зүйлсээ алдаж эхэлсэн. Ингэхийн шалтгаан нь М.Энхсайхан 2004 онд яаж ийгээд намаа бэхжүүлж, улстөрийн тавцанд тэсч үлдэхийг зорьсонтой холбоотой. Ингэж 10 мянгын амлалтаар зүүн тийш хүчтэй савсан бөгөөд улстөрийн үйл явцын дунд намын эрх мэдэл хуучин МСДН-ынхны гарт орсноос хойш либерал шинжээ бүрмөсөн алдсан байна. АН-ын хоёрдугаар үеийн лидерүүд нь нэр хүнд барагтай, социал демократууд. Н.Алтанхуяг, З.Энхболд нар. Улстөрийн түүхэнд социал-демократууд хэзээд нийгэмдээ ийм үлбэгэр, сул дорой харагддаг байсан, тэр хэвээрээ. Харин парламентад социал демократууд гуйвамтгай, бисексуалист араншингаараа хүчний хуваагдлыг бий болгодог. АН-ын социал демократуудтай хамтарсан Ардын нам хэдийгээр өөрийгөө социал-демократ гэдэг авч нидэр дээрээ коммунист. Тиймээс Засгийн газар ямарваа зөрчилдөөнгүй тэсээд байна.
Гайхалтай, тэгээд АН-д аюултай нь Ардын намын шинэчлэл, цус сэлбэлт нь тус намыг АН-аас илүү барууны чиг баримжаатай нам болгон хувиргаж байгаа ч коммунист дархлаа нь хүлээн авахгүй эсэргүүцэж байгаа юм. Тиймээс Ардын намын дотоод зөрчил либерал залуучууд, коммунист ахмадууд гэсэн үзэл суртлын дайн бөгөөд алсдаа залуучууд нь ялна. Эсбөгөөс намд хэт олонх болсон залуучууд нь хөгшчүүлээ шахан гаргана, өөрөөр хэлбэл Хувьсгалт нам шинээр байгуулагдана. Энэ илэрхий болж буй үйл явц билээ. Ардын нам түүхэндээ байгаагүй зөрчилд автан дотроосоо задарч буй энэ үед Ардчилсан нам санаачлагыг гартаа авахгүй бол ирээдүйд орон зайгүй болохоор байгаа биз.
Өнөөдөр АН ажиллаж гэмээ нь хамгийн гол үүрэг өнөөдөр АН-ын олон нийттэй харилцах хэлтэст оногдох ёстой. Намын олон нийттэй харилцах хэлтэс бол зүгээр л хэвлэлийн хурал зохион байгуулдаг, мэдэгдэл гаргадаг бүтэц биш юм. АН-ын үзэл суртлыг өнөөдөр хэн хийж байна вэ? Шуудхан хэлэхэд сэтгүүлчид, нийтлэлчид л хийж байна. Чухамдаа “Өдрийн сонин” Ардын намтай байлдаж байгаа нь АН ажиллаж байгаа мэт хуурамч төсөөлөл нийгэмд бий болгодог. Нийтлэлчид Ардын намыг балбаж байгаа нь сөрөг хүчний үүргийг нийгэмд хадгалж байгаагаас АН хуруугаа ч хөдөлгөхгүй байна. Гагцхүү нийтлэлч, сэтгүүлчид тодорхой үр дүнд хүрдэггүйн шалтгаан нь энэ том зэвсгийг АН тодорхой зорилгод нэгтгэж чаддаггүйд байгаа юм. Хэрэв ингэж чаддаг бол МАЗСХ хэмээх тэр том байгууллагыг яг хоёр сарын дотор устгасан тэр хүч нийгэмд бэлэн зэхээний байж, ямар ч нэгтгэлгүйгээр Ардын намтай зууралдан байлдаж байна. Хамгийн аюултай нь хэрэв энэ хүмүүс АН-ын эсрэг эргэвэл яах бол? Өнөөдөр Ардын намыг балбаж байгаа шиг АН-ыг дайрвал тэсэх үү? Үүнийг АН тооцож байна уу?
Либерал үзэл нийгмийн үнэт зүйл болж чадсан учраас л АН түүний халхавчинд амь дүйж байна. Нөгөө талаас Ардын намд яг ийм үнэт зүйлсийг хадгалагч залуучууд олноороо элсэж байна. Тэгээд сонгууль болмогц илт давуу байдалтай байсан АН ялагддана. Учир нь МАХН сонгуулийн үеэр хэвлэлийнхнийг талдаа татдаг учраас АН-ын сурталчилгааны үр нөлөө ямар ч үр дүнгүй болчихдог. Ардын намын Төв аппарат хувьсгалт намтай байлдаад өндийхгүй байна. Хэрэв нийгмийн үнэт зүйлёийг хадгалагч энэ хүч Хувьсгалт намыг дарвал 2012 оноос өмнө яаралтай АН-ын эсрэг эргэнэ. Үүнд АН бэлэн үү?
Олон нийттэй харилцах хэлтэс бол намд маш чухал үүрэгтэй. Нийгмийн уур амьсгалыг судлах, сөрөг этгээдээ байнгын дарамтанд байлгах, тактик, стратегиа тодорхойлох мэдээлэл цуглуулж намын удирдлагыг хангах, нөлөөлөх, шинжлэх, намаа хамгаалах, контр-дайралт зохион байгуулах гэх мэт. Ер нь бол намын ОНХХ тагнуулын газар шиг ажиллах ёстой. Олон нийттэй харилцана гэдэг зөвхөн нийтэд хандахын нэр биш, ингэвэл өрөөсгөл ганц чиглэлтэй ажиллагаа болно. Гадагшаа хандахын тулд эхлээд маш их мэдээллийг дотогшоо цуглуулах ёстой. Өнөөдрийг хүртэл АН-ын ОННХ зөвхөн гадагшаа чиглэсэн олхиогүй үйл ажиллагаагаа арай ядан хийж байгаа ба энэ цалгар назнай байдал нь намаа сүйрүүлж байна. ҮЗХ-ны гишүүд өгч буй татварынхаа хариуд юу олж авч байгаагаа ойлгохгүй байна. Уг нь тэдний мөнгөөр 2012 оны ялалтыг чирч ирэх ёстой. Гэтэл АН ойлгохгүй байгаагаас ялалт өнөөдөр ч боломжтой байхад юу ч гэхэв дээ.
АН-ын өнөөгийн зорилт.
Өнөөдөр АН Ардын нам дахь зөрчлийг хамгийн ихээр дэвэргэгч байх ёстой. Сэтгүүлчдийг мэдээллээр хангаж, тэдний дайралтыг нэг цэгт төвлөрүүлэх зохион байгуулалт хийх ёстой. Хамгийн тодорхой харагдаж байгаа хүрч болох үр дүн бол МАХН Ардын нам ба Хувьсгалт нам болж задрах. Сэтгүүлчид үүнийг бараг л донтон хүсч байгаа. Тиймээс АН-ын гол бодлого дараагийн алхмаа биелүүлэхэд, Хувьсгалт нам аль болох олон гишүүнтэй салгахад чиглэх учиртай, ингэвэл АН-д ашигтай. Хуучин МАХН-ын шигшмэл кадруудыг Ардын намаас салгавал ялалт гарцаагүй АН-ынх. Тэд сонгуулийн голыг үүрдэг хүмүүс. Тэд Хувьсгалт намыг дагаж салбал хэдийгээр чадварлаг ч цөөн гишүүнтэй \10-15 мянга\, жижиг амбицтай нам болж хувирна. Ингэсэн тохиолдолд сонгууль явуулах туршлага, чадвартай боловсон хүчний хувьд АН давуу байдалтай болж, Ардын намыг гарцаагүй ялна. Өөрөөр хэлбэл ийм үр дүнгийн дараа МАН ба АН-ын байр автоматаар солигдоно.
Гэтэл АН хуучин улстөрчид хувийн хонзогнолоор Ардын намтай нийлж Н.Энхбаярыг дайрч байгаа нь шууд хэлэхэд тэнэглэл. Энэ алдаа л АН бол Ардын намын хавсарга гэж харагдуулаад байна.
Хоёрдугаарт АН уг нь МАХН нэрийг авч өгөхийн тулд нөлөөлөх хэрэгтэй байсан юм. Хэрэв уг нэрээ Н.Энхбаяр авч чадсан бол өнөөдөр Ардын нам үхлийн цохилтод орсон байх учиртай. Гэвч энэ тал дээр АН маш болчимгүй алдаа гаргаж, боломжийг алджээ.   
Өнөөдөр АН Хувьсгалт намыг яаж ийгээд найман гишүүнтэй бүлэгтэй салгахад анхаарч байх учиртай. Бүр туйлын зорилго нь Ардын нам, Хувьсгалт нам хоёр салахад Ардын нам парламент дахь гишүүнийхээ тоогоор Ардчилсан намаас цөөн болох тэр хувилбарыг хэрэгжүүлэх ёстой биш үү? Ингэсэн тохиолдолд 2008 оны сонгуулиар байгуулагдсан МАХН-ын бүлэг албан ёсоор олонх биш болох тул Засгийн эрх мэдлийг сонгуульгүйгээр, тэр тусмаа зардалгүйгээр хууль ёсоор авах боломж байна. Ингэсэн тохиолдолд АН Засгийн газарт хамтрахаас татгалзах замаар шахалт үзүүлэхэд хамгийн багадаа МАНАН биш АНМАН гэсэн хувилбарыг бий болгох боломж байна. Засгийн газар дахь 6О \МАН\, 40 \АН\ гэсэн тохиролцоо 60 \АН\, 40 \Ардын нам\ гэсэн хувилбараар биш юм гэхэд 50:50 хувилбараар өрнөж болно. Үүний дараа АН Ардын намыг дэмжигч биш намын бодлогоо хэрэгжүүлэгч болно. АН ингэх ёс суртахууны эрхтэй бөгөөд хамгийн сүүлийн эрхээ Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулснаар олж авсан билээ. Өнөөдөр ч Ардын нам ямар ч шахалтыг хүлээн авахад бэлэн болсон байна. Учир нь С.Батболд намтайгаа бас Хувьсгалт намтай тулалдаж байгаа бөгөөд АН хоёрдугаар фронт нээхэд л МАН гарцаагүй хүнд байдалд орох юм.
МАХН-ын өнөөгийн байдал
Өнөөгийн МАН хуучинсаг гишүүдийн нөлөөний парламентын бүлэг, У.Хүрэлсүх хязгааргүй эрхтэй захирч байгаа төв аппарат, С.Батболдын Засгийн газар, Н.Энхбаярын Хувьсгалт нам гэсэн дөрвөн хэсэгт хуваагдсан байна. С.Батболд үүнийг нэгтгэж чадахгүй байгаа нь хараажаар илт байна. Эрэмбэлвэл хамгийн сул бүлэглэл нь парламентад байна. Энд дахин хуваагдал болж байна, тэгээд Хувьсгалт нам, төв аппарат, Засгийн газар гэсэн дараалал байна. Ийм нөхцөлд хамгийн сул хэсэг парламент дахь бүлэглэлийн задралыг дэмжих замаар хамгийн хүчтэй байгаа Засгийн газрыг дарамтанд оруулж болно. Ингэвэл Хувьсгалт нам хүчирхэгжинэ, чухам иймээс МАН-ын төв аппарат нь Хувьсгалт намтай байлдаад өндийхгүй байна, амжилтгүй дайныхаа хорслыг генсек нь парламентад гаргаснаараа өөрийгөө бүр ч хүнд байдалд оруулчихлаа. Өөрөөр хэлбэл намынхаа даргын урдуур дайрсан У.Хүрэлсүх хямралтай орчинд хаост орсон намаа нэгтгэх биш задлаж байна. У.Хүрэлсүхийн авир С.Батболдын харизматик чадваргүй болохыг илтгэж байна. Цаагуураа бол үнэн хэрэгтээ нам хэний гарт байгааг л харуулах тулаан болж хувирчээ. Үр дүн нь де юре С.Батболд авч, де факто У.Хүрэлсүх. Ийм нөхцөлд парламент дахь бүлэглэлийг Төв аппаратынх нь эсрэг турхирч болж байна, С.Батболд аягүй бол У.Хүрэлсүхийг дарж авахын тулд парламентын бүлэглэлээ хуваах тоглолт хийж байгаа ба энэ нь эцэстээ онц их хурал руу түлхэнэ гэсэн үг. Хариуд нь У.Хүрэлсүх намаа удирдах чадваргүй С.Батболдыг  түлхэн унагахыг хичээнэ. “Залуучуудаа хөдөлгөнө” гэдэг нь хуучин МАСЗХ, Зүүний хүчний холбоо, бусад бүлэглэлийн залуучууд нэгдэнэ, энэ хүзчээр У.Хүрэлсүх намын бүх эрхийг де факто авахын тулд Я.Содбаатарыг нарийн бичгийн дарга болгосон байна. МАН-д ордны эргэлт болж байна.
Нөгөө талаар МАН дахин онц их хурал хийвэл өмнөх 25, 26 дугаар их хурлын дүгнэлтүүд, ялангуяа шинэчлэлийн амжилтууд нь бүрмөсөн сүйрэх юм. У.Хүрэлсүхтэй зөрчилдөж буй гишүүд намын онц их хурлыг шаардаж буйн цаад шалтгаан нь Ардын нам ба Хувьсгалт намыг дахин нэгтгэх их хурал байх ёстой гэсэн үндэслэлтэй байгаа юм. Хэрэв тэд амжилт олбол Хувьсгалт намынхан Ардын намын эрх баригч бүтцэд олноор орох ба намын эрх мэдэл С.Батболд, У,Хүрэлсүх нараас шууд Н.Энхбаярт шилжих боломжтой байна.
Хэзээ ч ийм болохгүй гэвэл Ардын нам гарцаагүй С.Баярыг тайзан дээр гаргах болно, үүнээс болгоомжилсон Н.Энхбаяр С.Баярыг захиалж, хоёр ч удаа гаажтай “снайпердуулж” байхад АН бас л чимээгүй. Уг нь үүнийг үлээвэл түймэр ч дэгдэх шиг л болж байна, МАН гурвалжил, дөрвөлжин учир нь олдохгүй олон талт зөрчилд идэгдэн ганхаж байна. Ингэснээр Ардын нам, Хувьсгалт нам эгнэгт салах ба Н.Энхбаяр, С.Баяр нарын эвлэршгүй зөрчил Ардын намд маш том хохирол учруулах байв. Онц их хурал нь ч сүйрэлд орж, МАХН яг МАСЗХ шиг сүйрнэ.
АН Ардын намын талд орсонд хонзогносон Н.Энхбаяр АН-ын эсрэг дайрч байна, уг нь ингүүлэх хэрэггүй л байсан юм. АН-ын улстөрчдийн өнөөдөр гүйцэтгэж буй үүрэг нь Ардын намын ар талыг найдвартай хамгаалах, хөдөлгөөнүүд ба жижиг намуудтай тулалдахад чиглэж байна. Үүнд нь Э.Бат-Үүл нарын гэнэн этгээдүүд оролцож, гол дүрийн улстөр хийж байгаагаар өөрийгөө төсөөлчихсөн балайтаж байна.
Уг нь Ардын нам сэхэшгүй уствал хуулиар бүх эрх мэдэл ямар ч муу рейтингтэй байлаа гээд АН-д урсгалаараа орж ирэх боломж бий. Гэтэл АН-ын стратегичид нь мэдэн будилж гол дайснаа дэмжиж, өөрсдийгөө булшилж байгаа нь одоо юу гэж ойлговол зохих алхам болж байна аа? Ингэх тусам АН Ардын нам ба жижиг намууд-хөдөлгөөнүүдийн дунд хавчуулагдан баларч байна. Гэтэл Ц.Элбэгдорж 2008 оны сонгуулийн өмнө Иргэний хөдөлгөөнүүдийг талдаа татах замаар ар талаа бэхжүүлээд МАХН-ыг сүйтгэх боломжтой байрлал эзэлсэн. Даанч “Алтан гадас” энэ амжилттай хэлхээ холбоог өөрсдийн эсрэг хуйвалдаан гэж ойлгож бүхнийг балласан. Тэгээд Иргэний хөдөлгөөнүүдийг дайсагналцуулснаас сонгуульд салж ороод АН хавчигдаж, ялагдсан.
Тиймээс өнөөдөр АН нойрноосоо сэрж, МАН-ын эсрэг тоглолтоо өрнүүлэх цаг ирсэн байна. 2005 онд МАСЗХ-ны эсрэг дайралтыг намын удирдлагатай ярилцалгүй хийсэн, шагналд нь ажлаасаа хөөгдсөн ч үр дүн нь зүйрлэшгүй байсан учраас ажил хариуцаж буйн хувьд хийх ёстой л гэж үзсэн. Өнөөдөр МАН тэр үетэй харьцуулшгүй сул, хямралт байдалд байна. Ингэсэн тохиолдолд улстөрийн нэгдэх хүчин болно, Ардын нам устаагүй цагт АН сонгуульд яллаа ч нэгдүгээр хүчин болж чадахгүй. Тиймээс яаралтай “амь орж”, бахинаас гараад Ардын намын эсрэг дайтаж буй хүчнүүдийн дайралтыг 100 хувь Ардын намд чиглүүлэхэд л бүх боломжийг гартаа авлаа шүү дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив