Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хүний эрх гэж өрнөдийн эрх ашгийн халхавч гэж үү?
2011 оны 1 сарын 28 [Уншсан тоо: 35343]
УРИЛГА БОЛ УРХИ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн аж­лын албаны дарга Б.Хур­цыг өнгөрсөн оны есдү­гээр сарын дундуур ба­рив­чилсан анг­ли­чууд түү­нийг суллах эсэхийг мон­голчууд хүлээсээр. Удах­гүй дорнын тооллын туу­лай жил гарах гэж байна. Уламжлал ёсоор нэг жил шувтрах нь.

Б.Хурц Францаас өөрийн орны иргэн Д.Энх­батыг хулгайлж Ев­ро­­пын дөрвөн орноор дамжуулан зөөж, Бер­лин-Улаанбаатарын он­го­цоор Монголд авчир­сан бол хариуд нь англи­чууд манай таг­нуулчийг арай боловсон байдлаар "хулгайлсан". "Б.Хурцыг баривч­лахын тулд өөрийн­хөө улсад аялах урилга өгч урхидсан" гэж өмгөөлөгч Алан Жонс хэлжээ. Тэрээр Их Брита­нийн хууль сахиулагчид "Үйл явдлыг зүй бусаар ашигласан" гэж тэр шүүмж­лээд "Дипломат ажилт­ныг саатуулсан нь гадаад улсууд­тай нөхөр­сөг харилцаагаа сайж­руулахад нийцэх арга зам биш" гэж хэлсэн байна.

Түүний хэлснээр Их Британийн Засгийн газар хуулийнхантайгаа хамт­ран Б.Хурцад урхи тавь­жээ. Бүр тодруулбал, Лон­донд хэд хэдэн албан уулзалт хийх учраас Мон­гол дахь Элчин сайдын яам­наас Б.Хурцад виз олгоод, далдуур түүнийг барьж хорихоор төлөв­лөж байсан гэж өмгөөлөгч буруу­шаа­жээ. Б.Хурц ал­бан ажлаар явсан учраас дипломат халдашгүй эр­хээ эдлэх учиртай. Шүүх хуралд дэлгэ­сэн нотлох баримтаар Их Британи, Монголын холбогдох ал­бан ту­шаалтнууд Б.Хур­цыг Лондонд илгээж уул­залт хийх талаар ярил­цаж байсан нь тодорхой болсон. ТЕГ-ын дарга, дэд дарга нарын албан болон хувийн шугамаар ганцаараа Англид очиж байсан тухай мэдээлэл тархаж байна.

Б.Хурцыг баривчилсан нь Монголын хулгайлагдсан иргэний эрх ашгийг давхар хамгаалж буй мэт авч нөгөө талаас Их Британи "хулгайг хулгайгаар" хариулахдаа хүний эрхийг зөрчөөгүй гэсэн үг үү? Ардчилсан Англи хүртэл хүний эрхийг зөрчиж, Монгол Улсыг үл хүндэтгэж буй мэт сэтгэгдэл төрж байна. Хэдийгээр эсрэг тэсрэг байр суурь байгаа авч үүнийг ажиглаж буй монголчууд дээрэлхүүлж бай­гаадаа сэтгэл дундуур байна. Коммунизмын жилүүдэд л оросууд ингэж дээрэлхдэг байсан. Б.Хурц тушаал гүйцэтгэсэн, гэтэл европ­чууд гүйцэтгэгчийг барьцаанд авчээ. Б.Хурцыг баривчилснаас хойш Англид  олон шүүх хурал л боллоо. Шүүх хурлын шийдвэрийг сонирхон хүлээдэг байсан олон нийт одоо үр дүн гарна гэдэгт итгэхээ байжээ. Харин энэ зуур Монголд хавьгүй өргөн хүрээтэй үйл явц өрнөв.

Монголын Засгийн газар ту­хайн үеийн эрх баригчдын явуулсан хууль бус ажиллагааны өмнөөс албан ёсоор уучлал гуйхаар бэлт­гэж байсан аравдугаар сарын дун­дуур Их Британи Монголд суугаа Элчин сайд Уиллиам Диксоноо нууцаар эргүүлэн татсан. Монго­лын талаас Их Британид таагүй хандлага гаргаагүй, маргаан зөр­чилгүй байсан атал тэд Элчин сайдаа татсан. Их британичууд Элчин сайдаа "хулгайд алдахаас" айв уу? Чухамдаа Б.Хурцыг Лон­донд очих уулзалтыг зохион бай­гуулах ажилд тэрээр оролцож урилга олгосон нь илрэхээс өмнө Элчингээ татжээ. Ноён Диксоныг урьж авчраад баривчлах, хэрэв боломжтой бол манай хүсэлтээр ноён Диксоныг дорнын аль нэг улс баривчлан саатуулж болох нь, яагаад гэвэл тэр ч бас яг Б.Хурцын адил хулгайд гүйцэтгэгчээр оролцсон бус уу?

Б.Хурцыг өөрийн мэдэлд шил­жүүлэн авч, дотооддоо шүүх боломж­той болохын тулд манайх олонтаа буулт хийсэн ч англичууд манай тагнуулчийг сулласангүй. Одоо бас нэг асуултыг сөргүүлэн тавьж болох нь. Хэрэв Б.Хурцыг манай тал шилжүүлэн авч шүүвэл үед Их Британи бас Элчин сайдаа шүүх үү? Тэр ч бас л өгөгдсөн үүргээ гүйцэтгэсэн шүү дээ. Мөн Их Британи шүүх хурлын үед нотлогд­сон тул Монгол Улсаас уучлал гуйх уу?  Нөгөө талаас эх газарт үйлдсэн хэргийн гүйцэтгэгчийг англичууд барихаар ийм их хүч чармайлт гарган хөөцөлдсөн нь гайхалтай санагдахгүй байна уу? Гэтэл Б.Хурцыг баривчилсны дараа өгсөн эхний тайлбар нь Европын холбооны өмнө хүлээсэн үүргийн дагуу гэж байсан. Их Британи Европын холбооны өмнө Монго­лын тагнуулчийг хуурч баривчлах үүрэг хүлээсэн гэж үү?

БАРЬЦАА БА ТӨЛБӨР

Түүнээс хойших үйл явцын дарааллыг харцгаая. Монголын тал олонтаа буулт хийсэн байна. Албан ёсоор уучлал гуйсан, дараа нь ашигт малтмалын асар том ордуудаа эргэлтэнд оруулах гэж байгаа орны хувьд бусад орнуудын анхаарлыг маш их татаж буй хөрөн­гийн биржээ англичуудад найр тавьсан. Б.Хурцыг баривчла­хаас өмнө англичууд маш өрсөл­дөөнтэй болсон хөрөнгийн бир­жийн тендерт ялагдчихаад байсан шүү дээ. Энэ асуудлыг шийдсэ­нийхээ төлөө МХБ-ийн захирал Р.Содхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар "дэвшив".

Буулт хийх нь "хоёр талын ашигтай" байсан учраас, мөн монголчууд европчуудад илүү итгэдэг учраас өнөөг хүртэл үүнийг Монголын хэвлэлүүд "хурц" шүүмж­лээгүй. Нэр хүндтэй, Азийн бир­жүүд­тэй харьцуулшгүй туршла­гатай, итгэл хүлээх Лондонгийн хөрөнгийн биржид МХБ-ыг өгөх нь зарим талаар Монголд ашигтай байж болно. Тэгэхээр буулт хийх боломжтой гэсэн үг.

Б.Хурцыг баривчилсны дараа тун удалгүй Францын худалдааны сайд яаравчлан ирээд Монголын ураны ордууд дахь оролцоогоо хангаад явчихлаа. Энэ ч бас л байж болох асуудал. Чухамдаа үүнийг шийдэхийн тулд хувьцаагаа Хята­дын талд зарах гэж байсан Кана­дын компаниудаас ураны ордын лицензүүдийг нь булааж авсан. Цөмийн эрчим хүчний үнэт түүхий эд хөрш Хятадын мэдэлд орохын өмнө Орос-Францын хяналтад өгчээ. Азид дулааны эрчим хүч, Европод цөмийн эрчим хүчийг голлон ашиглаж байгаа үед энэ нь "эрчим хүчний түүхий эдийг зохих ёсоор хуваарилсан хэрэг" учраас ноцтой маргаан дэгдсэнгүй. Гэвч огт асуудалгүй ч юм бас биш.  Үнэ цэнийг зөвхөн өнөөдрөөр хэмжиж болохгүй. Европчуудад буулт хийх явцад Өмнөд Солонгос, Канад, БНХАУ-тай ямар нэг хэмжээнд асуудал үүсч байна. Канадууд манай Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөөд байна. Канадын уул уурхайн технологи, Өмнөд Солон­гос, Хятадын нүүрсний зах зээл асуудалтай боллоо гэсэн үг. Дорно зүгт өнөөдөр Монголд байгаагаас ч урт төмөр зам тавихаар бэлтгэж байгаа нь нүүрсээ Өмнөд Солон­гос, Японы зах зээлд хүргэх л зорилготой. Гэтэл асуудал үүсчи­хээд байна.

Монголчууд эрчим хүчний түү­хий эдийн олборлолтын чиглэлээр томоохон алхам хийж байна. Өнөөдөр эрчим хүчний гол түүхий эд бол нүүрс, уран. Лондонгийн бирж МХБ-ыг эзэмших болж байгаа нь алсдаа дэлхийн ашигт малтмал, ялангуяа эрчим хүчний түүхий эдийн үнийг тогтооход нөлөөлдөг нөлөөллөө хадгалж үлдэх ач холбогдолтой. Лондон Б.Хурцаас овоо ашиг оллоо, одоо болоо юм биш үү?

Ерөнхий сайд С.Батболд 2010 оны арваннэгдүгээр сарын 27-нд Их Британид хийх гэж байсан айлчлалаа хойшлуулсан. Айлчла­лын үеэр Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээг үзэглэж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байсан ч энэ алхмаа Б.Хур­цыг сулласны дараа л хийхгүй бол Монгол Улс хэтэрхий ихийг алдаж болзошгүй байлаа. Өнөөдөр Б.Хурцын өмгөөлөгчийн зардалд санаа зовж байгаа монголчууд ирээдүйд энэ байтугайг алдахгүй байх ёстой.

Одоо асуудлыг Германтай тохи­рох л үлджээ. Манай хэвлэ­лүүдээр үүссэн шуугианыг харвал Монголд боломжийн нөөц илэрсэн газрын ховор элементийг тэд сонир­­хож байгаа бололтой. Гэхдээ нэг хүний барьцаа гэхэд энэ арай ч дэндүү байна. Зарим эх сурвал­жийн мэдээгээр германчууд олбор­лосон ховор элементийг онгоцоор тээвэрлэх санал гаргаж байжээ. Хэрэв хоёр талын эрх ашиг хангаг­даж байвал буулт хийж болно, хэрэв нэг тал эрх ашгаа тулгавал хэрхэвч зөвшөөрч болохгүй юм.

ДИПЛОМАТ ИНТЕРВЕНЦ


Монголын Ерөнхий сайд П.Гэн­дэн ЗХУ-ыг "улаан империализм" гэж хэлснийхээ төлөө Оросод амиа алдсан. Коммунизмын жилүүдэд Зөвлөлтийн суртал нэвтрүүлэгч­дийн айлгадаг байсан "барууны империализм, шинэ колоничлол" Монголд нүүрлэж байгаа юм биш биз?

ХХ зууны эхээр Манж Чин улс Европын цэргийн интервенцид нэрвэгдэж байсан бол өнөөдөр байгалийн асар их баялаг илэрсэн Монгол Улс Европын дипломат интервенцид нэрвэгдэж байх шиг байна. Хүйтэн дайны дараа глобал ертөнцийн тооцоонд ороогүй асар их баялаг коммунист лагерийн хаалттай хязгаар байсан Монго­лоос илэрсэн нь зарим талаар таагүй нөлөө үзүүлж байна.

Үүний улмаас жишээ нь Б.Хурцыг хуурч баривчилсан нь Монголд Европынхны нэр хүндийг, ялангуяа Их Британийн нэр хүн­дийг унагаж байна. Хэдийгээр өрнийхөн "хүний эрх" гэж ярих дуртай боловч өөрсдөө "хүний эрхийг" уландаа гишгиж, "бага буурай орныг үл хүндэтгэн" дорд үзэж байгаа мэт санагдаж байна. Ардчилал бол ердөө л өрнийнхний эрх ашгийн гоёмсог халхавч юм байна гэж үзэхэд хүрэх нь.

Эрх ашгаа хангахын тулд өрнийнхөн ардчиллын гол үнэт зүйл болсон хүний эрхийг ч үл тоомсорлож чаддаг юм байна гэсэн ойлголт Монголд тархвал Монго­лын "нялх ардчилал" шууд аюулд орлоо гэсэн үг. Өнөөдөр Монголд дарамт шахалт хангалттай байна. Хэрэв Таван толгойн ордыг эзэм­ших эрх өгөхгүй бол хилээ хаана гэж хятадууд сүрдүүлж байна, харин Хятадад өгвөл оросууд дор­но чиглэлийн төмөр замыг тавихгүй гэж гэдийж болзошгүй. Монголын Засгийн газар Хятадын "Шинхва", Америкийн "Пибоди" компанийн консорциум дээр нэмж Япон, Оросын компаниудыг орол­цуулах санал гаргаж байгаа ч хэрэв оросуудыг оролцуулах бол хянал­тын эрхийг авна гэдгээ Хятадын тал мэдэгдсэн байна. Учир нь оросууд төмөр замд давуу эрхтэй.

Улам бүр хүчирхэгжин буй коммунист-тоталитар дэглэмтэй өмнөд хөрш, хагас ардчилсан Орос буюу хоёр хөршөөсөө улстөр-эдийн засгийн талаар хараат бус байхын төлөө чадлаараа тэмцэж байгаа жижигхэн Монгол өөрийн тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгааг "Ардчилал" гэж үздэг. Ардчиллын тулгуур нь гуравдагч орнууд тодорхой хэлбэл хүйтэн дайны үеийн өрнийнхөн гэж үздэг. Өрнийнхөн гэдэг нь АНУ, Япон, Өрнөд европ буюу Европын хол­боо, Их Британи юм. Чухам ийм учраас гадаад бодлогын үзэл баримтлалаа "олон тулгуурт" гэж томъёолсон. Хэрэв тулгуурууд найдваргүй гэсэн ойлголт тархвал Монголын ардчилал урт наслахгүй. Хэрэв Монголд ардчилал мөхвөл хоёр хөршийн түүхий эдийн агуу­лах болж хувирна. Энэ эгзэгтэй үед Монгол Улс ардчилсан, нээлттэй байхад "гуравдагч хөршүүд" туй­лын чухал нөлөөтэй. Яг өнөөдөр Англи, Герман гүрнүүд Монголыг биш юм гэхэд Монгол дахь ардчил­лыг дэмжиж буй эсэхэд эргэлзэж буй эргэлзээг тайлахгүй бол цаа­шид асуудал огт өөрөөр эргэхийг үгүйсгэхгүй.

Чухам ийм учраас хоёр талын эрх ашгаа харгалзсан Монголын Засгийн газар  өрнийнхөнтэй учраа ололцохын тулд өнөөдрийг хүртэл Б.Хурцтай холбоотой асуудлын дараа боломжоо шавхан, зарим талаар эрсдэлтэй алхам хийж, хангалттай буулт хийжээ. Энэ буулт нь ганцхан буруугаа хүлээхэд оршин байгаа юм биш, Европын улсуудтай тогтоосон найрсаг харил­цаагаа нандигнаж буйд, ардчиллын гадаад тулгуурыг бэх­жүүлэхээр хүчин чармайлт гаргаж буйд асуудлын гол нь байгаа юм. Гэтэл энэ бүхний хариуд Монголд ямар тус гарав? Өчүүхэн ч үр дүн алга. Үүнээс цааш алхвал Монголд ноцтой шүүмжлэл өрнөж, өрнийн­хөнд талархах бус гомдоход хүрнэ.

"Ухаан ихэдвэл сэтгэл багасна, сэтгэл ихэсвэл ухаан багасна" гэж монголчууд ярьдаг. Цаашид мон­голчууд ардчиллыг дэмжсэнийх нь төлөө өрнийнхөнд талархах ха­луун сэтгэлээ хүйтэн ухаанаар сольвол өмгөөлөгч Алан Жонсын хэлсэнчлэн "Дипломат ажилтныг саатуулсан нь гадаад улсуудтай нөхөрсөг харилцаагаа сайжруу­лахад нийцэх арга зам биш" гэсэн үг шууд утгаараа хэрэгжих болно. Магадгүй өмнөх бүх асуудлаа эргэн хянахыг шаардаж ч болно. Тиймээс өрнийнхөн Монголын ардчиллыг дэмжиж буйгаа харуулж Монголын иргэнийг суллах цаг болсон.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив