Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Таван толгойн дараа...
2011 оны 2 сарын 22 [Уншсан тоо: 52864]
ОРОСЫН ТЭВРЭЛТ...

Армийн арын албаны даргын ярилцлага анхаарал татаж байна. "Хуягт танкийн техникийн чиглэлээр ОХУ-ын буцалтгүй тусламжаар        Т-72 танк, БТР-80 зэрэг хоёрду­гаар үеийн шинэ зэвсэгт тех­никтэй болж байгаа. Мөн хэвлэлээр харсан байх "Пе­черо" (сэтгүүлч андуурсан байх "Печора" буюу "С-125" пуу­жингийн систем) пуужин­гийн цог­цол­бор ОХУ-ын бу­цалтгүй туслам­жаар хүлээн авсан" гэжээ.

Оросууд Монголыг зэвсэг­лэж байна. Сүүлийн хагас жилд Алек­сандр Храмчихин нарын Оросын цэргийн нэр хүндтэй шинжээчид Хятадын хилийн дагуу Оросын армийн хүч сул байгаа талаар ихээ­хэн хурцаар ил тод шүүм­жилж байна. Тэр тусмаа ОХУ Алс Дорно­дод Хятадад хэ­рээс хэтэрсэн буулт хийж буйг эсэргүүцсээр байна. Тиймээс магадгүй Оросын цэр­гийнх­­ний лоббигоор Засгийн газар нь Хятадтай "буфер" ядуу буурай Монголд хуучин шигээ цэрэг оруу­лах боломжгүй учраас армийг нь хоёрдугаар үеийн техникээр зэвсэг­лэхээр шийдсэн бололтой. 

Оросын бэлгийн морины шү­дийг татаад үзье. Т-72 танкийг Зөвлөлтийн арми 1973 онд  зэвсэг­лэлдээ хү­лээн авсан ба 1993 оныг хүртэл сайжруулан үйлдвэр­лэсэн. Абхаз, Өмнөд Осетийг оролцуу­лаад дэлхийн 36 ор­ны зэвсэглэлд байгаагаас Ирак дайны дараа 77 ийм танктай үлдсэн, Иран 2010 оны байдлаар 480 Т-72 танк­тай байна.

БНХАУ 1990-ээд оны эхээр хаягдал төмөр нэрээр гаргаж бай­сан Ардын армийн Т-54/55 тан­куудыг олноор авч байжээ. Багцаа­гаар манайх 80 орчим хуучин танк экс­портолжээ. Тагнуулын шуга­маар авагдсан мэдээллээр БНХАУ төмрийн хаягдал нэ­рээр Монго­лоос авсан хуягт тээвэрлэгч, тан­куудыг зэв­сэглэлдээ авч байсан тул ТЕГ-аас дотрыг нь дэлбэлж гаргах шийдвэр гаргаж байсан юм. Гэхдээ ХАЧА-ийн зэвсэглэлд байгаа танк тийм ч муу биш. 1993 онд ОХУ-аас 200 Т-80У танк авах гэрээ байгуул­сан ба 50 танк авчээ. ХАЧА Оросын танкуудыг өөрчлөн хөгжүүл­сэн загваруудаар зэвсэглэдэг төдийгүй экспортолдог.

Хятад-Вьетнамын дайны үеэр Монголын Ардын Армид 400 гаруй Т-54\55 танк "бэл­гэнд" иржээ. 2010 оны байд­лаар Монгол 370 Т-54\55 танктай байна. Оросын хуу­рай замын цэрэг албан бус мэдээгээр 9500 Т-72Б, Т-72М, 3000 Т-72 танктай. Т-72-ын хамгийн сүүлийн хувилбар нь Т-90 юм. ВТР-80 хуягт тээвэр­лэгчийг 1986 онд Зөвлөл­тийн арми зэвсэглэлд хүлээн ав­сан. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 орны зэвсэглэлд байна.

Ингэхээр Монголын арми тех­ни­кээ дориун шинэчил­жээ. Таамаг­лахад хоёр талын гэрээгээр Монго­лын армийн зэвсэг техникийг за­сч, сэл­бэх "Дархан 1,2" ажилла­гааны явцад эдгээр техникүү­дийг манай тал хүлээн авсан байх.

Цэргийн мэргэжилтнүү­дийн ярих нь орчин үеийн дайн эх газрын ба арлын гэсэн хоёр үндсэн хувил­бар­тай. Эх газрын дайнд танкийн цохилт голлодог бол арлын­хад нисэх хүчнийг голлодог. Югослав, Иракийн дайнд АНУ нисэх хүчнээр гол цохил­тоо өгч байсан. Оросууд Югос­лавт нууцаар пуужин­гийн цогцолбор өгсний дараа Амери­кийн онгоцууд унаж эхэлсэн.

Гадуур ярих нь оросууд Мон­голд гурван C-300 цог­цолбор суурилуу­лах болсон гэнэ. Өнгөрсөн жил ОХУ Иранд "С-300" цогцолбор худалдах гэрээ байгуулсны улмаас дэлхий дахиныг ха­марсан дуулиан дэгдэж, аме­рик­чууд шахаж гэрээг цуц­луулж байсан юм. Гэхдээ "С-300 биш" "Печора С-125" пуужин­гийн цогцолбор манай агаараас эсэргүүцэн хамгаа­лах хүчний зэв­сэг­лэлд оржээ. Хэрэв "Печора-2M" пуужин­гийн систем бэлэглэсэн бол далавчит пуужингийн эсрэг ашиг­лах ч боломжтой. Өнөө­дөр энэ пуужингийн цогцол­бор Е, С, Л, М, В, В, Т байна. Нэг цогцолбор 250 мянган ам.долларын үнэтэй.      

БНХАУ саяхан АНУ-ын Батлан хамгаалахын сайдыг айлчлахад радарт баригд­даг­гүй тавдугаар үеийн онгоц туршиж байгаагаа зарласан. Гэхдээ үүнээс өөр нэг давхцал байгаа нь Монгол "С-125" цогцолбортой болсон бай­жээ. Энэ бүхэн санамсаргүй явдал уу?

"Оюу толгой"-н гэрээний дараа оросууд Монголыг илэрхий арга­дах стратегид шилжсэн юм. Мөн комму­низ­мын үеийн уламжлалт бод­логоо сэргээж, Оросын хэвлэ­лүүд монголчуудын Хятадад дургүй менталитетийг туйлд нь хүртэл дэвэргэж байна. Сүүлчийн үр дүнг өмнө бич­сэн. Ийм зэвсэгтэй бол­чих­лоо гээд бид хөөрч онгирох ёстой юу? Энэ бүхний эцэст мон­голчууд гарах газаргүй бу­ланд шахагдсан байх болно. Оросууд Монголыг чанга тэ­вэрч байгаа болохоос бус өвөртөө оруулаагүй. Хилээ нээгээгүй, гаалийн тарифаа хөнгөлөөгүй, экспортын тат­вараа байнга нэмэх замаар манай гол импорт шатахуун, цахилгааны үнийг өсгөсөөр байна. Бид танктай ч гэсэн ямар шатахуунаар цэнэглэх гэж? Хятадаас Тамсагийн нефтиэ нэрүүлээд авах юм болов уу?

ЛУУГИЙН ХҮРХРЭЭН...


Харин хятадууд Монголд ха­туур­хана. Өнгөрсөн нам­раас ХКН-ын өндөр хэмжээ­ний төлөөлөгчид Монголд айлчлахдаа "Хятадын эсрэг үзэл санаа хэрээс хэтэрч" буйд санаа зовж байгаагаа бүх намуудад аядуу илэр­хийлж байсан бол МАН-ын төлөөлөгчдийн хариу айлч­ла­лын үеэр илэрхий хатуурх­жээ.

Юуны өмнө визийн хэ­лэлцээ­рээ эргэн харна гэсэн байна. Мон­гол Улс БНХАУ харилцан визгүй зорчих хэ­лэлцээр хийгээгүй, албан паспортоор л визгүй зорчих ёстой. Манайх бүх иргэнээ "Е" серийн албан паспортоор "зэвсэглэн" Эрээн рүү илгээж байна. Үндэс­лэлтэй хошигно­ход Хятадад айл­чилж буй манай иргэд бараг л "Б.Хурц шиг албаны өндөр статус­тай" гэсэн үг. Хэрэв "Е" биш "А" серийн албан паспортоор л визгүй зорчуулна гэвэл нэг бол манай тал бүх иргэнээ "А" паспорттой болгох, эс бөгөөс "Нарантуул"-ын бүх най­маа­чид туннель хүртэл дугаарлах хоёрхон сонголт байна. Бүр их сайн хувилбар нь хоёр тал хоёулаа харилцан визгүй зорчино.

Гай болоход саяхан ма­найхан БНХАУ-ын парла­ментын төлөө­лөгч­дөд цахил­гаан шатанд халд­жээ. Манайх уучлал гуйх ёстой, гэхдээ ямар байдлаар...? Үүнээс болоод хүнд байдалд ороод бай­на. Жирийн иргэнд биш албан ёсны төлөөлөгчдөд халджээ. Таван толгойн ор­дыг өгөхгүй бол энэ мэт шалт­гаанаар хилээ хааж болзош­гүйгээ хятадууд сануулсан байна. Тэгвэл Монгол яг Куба, эсвэл Хойд Солонгос болно.   

Иймэрхүү нөхцөл байдал дунд Монгол Таван толгойг ашиглах гэрээнүүдийг бай­гуул­на. Таван толгойн орд бол аугаа том орд. Түүний 29 хувьд хөрөнгө босгох ажил­лагаанд гадаадын аль л нэр­тэй хөрөнгө оруулалтын ком­па­ниуд оролцохоор иржээ. Хөрөнгө босгоход тээврийн асуудал чухал, харин мон­гол­чууд өргөн төмөр замтай. Манай Засгийн газар ор­дын 29 хувьд хөрөнгө босгоод ордыг бүхэлд нь ашиглаж буй мэт ойлголт төрүүлэхийг хи­чээсээр.

Гол зах зээл Хятад. Ийн­хүү эцсийн дүнг харвал ор­дын олбор­лолтын нөхцөл хамгийн сайтай хэсэг Хятад толгойтой консорциу­мын мэ­дэлд очно. Хятадууд ордыг гуравдагчид алдахгүйн тулд "Оюу толгой"-н гэрээг муу бол­сон та­лаарх ойлголтыг өргөн тараахад анхаарч байна. Баруунтай хамтар­вал яаж хохирдгийг бүхий л талаар нотло­хыг хичээж, амжилт олсоор байна. "Хохь нь болно шүү та нар". Харин өөдөөс нь "Тэгвэл Орос, эсвэл Хятадтай хамтарвал юугаа­раа илүү гэж?" хэмээн асуух хүн алга.

Ердөө хэдхэн жилийн өмнө манай мэргэн удирдаг­чид "Оюу толгой"-г 2,5 хувийн роялтигаар өгөх гэж байснаа Иргэний хөдөл­гөөнүүдийн шахалтаар 34 хувийн хувь­цаатай салсан. Өнөөдөр эр­гээд тэр 34 хувийнхаа эсрэг дов­толж байна. Хэдийгээр улстөрчид бид 34 хувийг бат­луулчихлаа гэж ярих дуртай ч бүгд цаагуураа үүнд дургүй юм гээч. Өнөөдөр Оюу тол­гойн гэрээг задалбал зэс нь хаашаа урсах вэ? Эсвэл энэ 34 бол бүтэх­гүй гээд дайраад байгаа улсууд эцсийн дүндээ Таван толгойгоос хэдэн хувь­тай салахыг нь харъя л даа. Дорнодын Тамсагийн ордыг Америкчууд, "Соко ойл" анх ашиг­лаж эхлэхэд Монгол нефть­тэй боллоо гэж дээлээ будан баярлаж байсан. Эцэст нь элдэвлээд салах­гүй боло­хоор нь "Соко" хувьцаагаа Хятадад зарчихаад "Хохь чинь" гээд яваад өгсөн. Үр дүнд нь Тамса­гийн нефть тэр чигээрээ "Дачин"-гийнх бол­сон байна. "Соко"-г дээ­рэл­хэж байсан монголчууд өнөө­дөр Дачингийн өмнө алингаа ал­даж байгаа биз. Бараг Дорнодын дундуур хилийн­хээс ч бөх төмөр утастай тор татчихсан байхад манай эх орончид юу хийж гий­гүүлж байна? Манай эрх баригчид ийм л юм хийдэг шүү гэдгийг сануу­лах ёстой. 

Муу Америк Бэйкерийн бизнес, муу капиталист Мон­голд айлчилс­ныхаа төлөө ар­вин их нефтийг маань Хята­дад зарж баяжих гэлээ гэл­цээд байгаагүй бил үү? Чу­хам­даа Бейкер Монголд ир­сэн байсан тулдаа Ирак Ку­вейтэд халдсаныг түрүүлж мэдсэн Монгол Улс хам­гийн түрүүнд Иракийн түрэмгийл­лийг эсэргүүцсэн мэдэгдэл гарга­сан. Өнөөдөр тэр хэдэн үг, Бейкер хоёрын буянаар Кувейтээс санас­наа гуйж, сарвайснаа авдаг. Тэр тусмаа Тамсагаас авч чаддаггүй нефть. Хөөрхий Бейкер тосон мөртэй хүн байж гэхийн оронд "С.Батболдын татсан нефтийн зам" гэх мэтийн пиар хийж ба­лайрна.  

Өнөөдөртөө "Оюу толгой" өмнөд хөрш Монголын хоо­ронд бий болгож амжсан эдийн засгийн буфер зон бөгөөд хэрэв Таван толгойн ордыг хятадуудад ашигтай шийдвэл гэрээний страте­гийн ач холбогдол нь улам өснө. Болж өгвөл барууных­ны санхүүжилтээр Цанхийн ордын талыг ч болов гурав­дагчдад өгвөл аюулгүй байд­лын баталгаа улам л нэмэг­дэх ч ийм боломж харагдах­гүй байна.  Оюу толгойг Хята­даар айлгаж бай­гаад гурав­дагчид өгүүлсэн түүхийг өм­нөд хөрш мартахгүй. Тиймээс уян зөөлөн уламжлалт хятад арга их гүрний хатуу бодлого болон хувирч байгаа юм.

Таван толгойн ордыг ашиг­лах тал дээр Орос, Хята­дын идэвх чармайлт иймэр­хүү байдлаар мэдэгдэм хүч­тэй илэрч байна. "Оюу тол­гой"-н ордыг монголчууд хоёр хөршөөсөө давуулан гурав дахь хөрштэй хамтран ашиг­лах бол­сонд дургүй байгаа­гаа хөршүүд маань огтхон ч нууж байгаагүйн дээр хоёр хөрш монголчууд ахин заль­дахаас ихээхэн болгоомжилж байна. Монгол руу чиглэсэн Оро­сын "Коммерсант", Хята­дын "Гло­бал таймс"-аар эхэл­сэн дарамт үргэлжилсээр.

БҮСЛЭЛТ


Мэдээж манай сонирхол бол болж өгвөл дахин гурав­дагчтай хамтрахад чиглэх ёстой. Гэвч гу­равдагчид ч бодит нөхцөл байдлыг гайхал­тай мэдэрчээ. Тэд энэ удаад бахинаас Таван тол­гойг дангаараа сугалж барах­гүй гэж тооцож байна. Ордыг ашиглах эрх авахын тулд хоёр хөршийн аль нэгтэй нь л хамтрах ёстой. Гэтэл оро­сууд тэдэнд хаалттай. Тий­мээс хамаагүй либерал ханд­лагатай Хятадтай түгшлэхийг илүүд үзэж байгааг анзаарч болно. Энэ нь монгол­чуудад барууныхан ашиг хонжоо­ны төлөө Монголыг Хятадад худал­дахаас сийхгүй гэсэн болгоомжлол төрүүлж байна.

Монголын Засгийн газар УИХ Таван толгойн ордыг ашиглах асуудалд эргэлзэж удаашрах тусам тэр зайгаар оросууд Хятадад нүүр­сээ ша­хаж байна. Гэвч Монголын "аз уу, эз үү" Таван толгойн гэрээ байгуулахын өмнөхөн Авст­ралид их үер болж нүүрсний нийлүүлэл­тэд томоохон до­голдол гарчээ. Үүнтэй хол­боо­той бүхий л асууд­лын талаар та бүхэн судлаач Д.Ган­­хуя­гийн www.ganaa.mn блог дахь "Биднийг балайрч байх хоо­ронд" өгүүллээс маш тодорхой тоо баримттай ун­шиж болно. 2010 оны найм­дугаар сард бичсэн "Үнс үү, алт уу?" өгүүллийг нь давхар унш­вал дэлхийн нүүрсний зах зээлийн талаар бараг л бүрэн дүүрэн системчилсэн ойлголтыг бэлнээр нь авчи­хаж болох байх. Би үүнээс илүү бичиж чадахгүй тул өгүүл­лийг заагаад товчилъё.

Хэдийгээр дэлхийн аль л сор болсон компаниудын нэрийг дурд­сан үй олон мэ­дээлэл цацагдаж байгаа бо­ловч асуудлын зангилааг нь гаргахыг оролдъё. Гол өрсөл­дөөн ОХУ-БНХАУ-ын дунд болж байна. Хятадын "Шин­хуа" (энэ бол өмнө нь манайд хөрөнгө оруулж байсан "Чин­хуа" хэмээх жижигхээн компа­ни биш, Хятадын нүүрсний аварга том компани юм) АНУ-ын "Пи­боди" (мөн л нүүрс олбор­лолтоор дэлхийд хоёрт ор­дог, гэхдээ АНУ-д голлох ол­борлолтоо явуулдаг), Японы "Иточу" нэг кон­сорциум болж байгаа тухай гадаад эх сур­вал­жийн мэдээлэл байна. ОХУ-ын компаниуд дангаа­раа энэ консор­циумтай өр­сөл­дөх чадвар­гүй тул нэгдэх санал тавьжээ. Харин Хята­дын талаас хэрэв оро­сууд оролцох гэж байгаа бол хя­налтын багцыг манайд өг гэсэн тулгалт хийжээ.

Нүүрсний гол зах зээл мэдээж Хятад. Хэрэв Хятадыг Таван тол­гойд оролцуулахгүй бол улстөр-эдийн засгийн хориг тавьж чадна. Ялангуяа сүүлийн үед Оросоос авч буй нүүрсний хэмжээгээ эрс нэмж байгаа нь анхаарал татаж байна. Дээрээс нь өөрийн нүүрсний нөө­цийг асар ихээр өсгөн зарлаж байна. Энэ нь "Хэрэв Монгол Таван толгойг гуравдагчид өгвөл Хятад та­най нүүрстэй нүүрсгүй бо­лоод л байна" гэсэн дохио бололтой. Монголыг тойрсон нүүрсний ху­дал­­дааны цаги­раг үүсгэжээ.

Басхүү тооцох ёстой хү­чин зүйл байгаа нь Монголын төмөр зам бүхэлдээ Оросын хяналтад ороод байна. Энэ бол том хөзөр. Гэхдээ оро­сууд хэрэв Таван толгойд нө­лөө­тэй оролцож чадахгүй бол зүүн чиглэлийн төмөр замаар боогоод өөрийн нүүр­сийг шахаад эхлэх вий гэж болгоомжлох үндэслэл ч бий. Бид урхинд орсон юм биш биз. Хэрэв ийм байдалд ор­вол бид нүүрсээ зарахын тулд төмөр замын бодлогоо цуцалж, Таван толгойг эзэм­шигч компани өмнөд чиглэлд нарийн төмөр зам тавиад эхэлбэл зөвшөөрөхөөс арга­гүйд хүрч бол­зошгүй нь. Оро­сын стратегийг шинжвэл Та­ван толгойг яг комму­низмын үеийнх шиг нөөцөд үлдээ­гээд өөрийн нүүрсийг арилжихыг оролдож байж болзошгүй. Бодох л хэрэгтэй дээ.

Гэхдээ үүнийг няцаах өөр тоо­цох хүчин зүйлс бий ч их гүрнүүд улс төрийн бодлогын золиосонд энэ байтугайг хаяж чадна. Нүүрс­ний үнэ асар хурдан өсөж буй тул хятадууд Монголоос хямд нүүрс ава­хыг туйлын ихээр сонирхож байгаа ба өсөн нэмэгдэж буй эдийн засгийнхаа эрчим хүч­ний болон түүхий эдийн хэрэг­цээгээ хангахад Таван толгой зайлшгүй тооцох орд мөн. 

Монголын парламент тө­мөр замын стандартаа Оро­сын­хоор тогтоосны дараа "Энержи ресурс" "Ухаа худаг"-ийн ордоос нүүрс зөөх засмал зам тавьж эхэлсэн. Үүнд нь БОАЖ-ын сайд Л.Ган­сүх маш том боломж нээж өгсөн түү­хийг л санацгаая. Нүүрсний импор­тоо хянах, боловсруулж экспортлох бод­ло­гоор стратегийн аюулгүй байдлаа хангахын төлөө гар­гасан парламентын шийдвэ­рийг Засгийн газар нь мугуйд­лан эсэргүүцэж байгааг юу гэж үзэх вэ? Улсын эрх аш­гаас давсан хувийн ашиг сонир­хол байж болох уу? Энэ зам энэ долдугаар сард ашиглалтад орс­ноор 2010 оны эхний найман сарын байдлаар 139-169 хувь өсчи­хөөд байгаа Монголоос Хятад руу импортолсон нүүрсний хэмжээ бүр ч ихээр нэмэг­дэнэ. Хятад ял­лаа. Харин Оросын шинжээчид чухам ийм явдал боло­хоос сэр­гийлж төмөр замын бодло­гын асуудлаар миний бичсэн "Хята­дын най­ман замын стратеги" өгүүл­лийг олонтаа ишилж, эдийн засгийн шинжилгээндээ өр­гөн ашиглаж байгааг нэрэл­хэлгүй дур­дах ёстой. Оросууд замыг эзэмшсэ­нээрээ Таван толгойгоос БНХАУ-д экс­порт­лох нүүрснээс бас ч муугүй ашиг олж болох тул Таван толгойг ашиглаж эхлэхийг сонирхож байна гэж найда­хаас. Таван толгой Хята­дын мэдэлд очсон ч оросууд тээ­вэрлэлтээс ашгаа олно. Гэх­дээ эрх ашиг гэдэг ашгаас огт өөр зүйл.

Харин энэ зуур Монголын улс төрийнхөн хоёр туйлд хуваагдаж байна. Хятадын болон Оросын талыг баримт­лагч гэж. Өөр гурав­дагч хүчин байхгүй. Үхсэн элэнц­гийнх нь Америк баримжаа. Яагаад гэвэл Таван толгойд ердөө хоёр л сонирхол өрсөлдөж байгаа юм.

МОНГОЛ ДАХЬ ҮЗЭЛ САНААНЫ УХРАЛТ

Энэ бол эрчим хүчний төлөөх геополитикийн хүйтэн дайн билээ. Оросын ч бай, Хята­дын ч бай эрх ашиг нь эцэстээ гуравдагчийг шаха­хад чиглэж байгааг бид ан­хаа­рах ёстой. Монгол үзэл санааны хувьд бүслэгдсэн. Харин бүслэлтийг сэтлэх оролд­лого хийхгүй байна. Улам бүр нүхний мухар руу зүтгэж, явцуу үндсэрхэг үзэл, Хятадын эсрэг үзэл, зарим талаар еврейн эсрэг үзэл ч түгж байх шиг. Уг нь үндэсний үзэл энэ бүслэлтийн цагиргийг сэтлээд гуравдагчтай өргөн шугамаар бат бэх хэл­хээ холбоо тогтооход чиглэх ёстой бус уу?

Нийгэм тэр чигээрээ анти-либе­рал уур амьсгалд автса­ныг ан­заарч байна уу, та минь. Хэн улс орныг ийм болгочихов оо, нөхөд өө? 1990-ээд онд тавигдаж бай­сан эдийн засгийн либерал зарчмууд шиг адгийн юм өнөө­дөр Монголд байхгүй болж. Н.Энхбаяр анх гарч ирэхдээ хандивлагчдын уул­зал­таас 300 сая ам.долла­рын тусламж босгож чадса­наа­раа нэр хүндээ өсгөж байсан. Ц.Элбэгдорж АНУ-аас ирээд Монгол Улсын зэ­рэг­лэлийг бууруулж, туслам­жаа ахиу­хан авах нь зөв гэж хэлж байсан. Харин өнөөдөр монголчууд 6-7 тэрбумын хөрөнгө оруулалтын өмнө хаалгаа хаахаас сийхгүй бол­сон байна. Тэгээд дараа нь яах гэж?

Эдийн засгийн сэтгэлгээ­ний ухралт нь улс төрийн сэтгэлгээнд маш хүчтэй нө­лөөлж байна. На­мууд либе­рал үзэл сурталтай гэж хэлэ­хээс ичдэг болжээ. АН-ын дарга хүртэл "Би баруун зүү­нээ ялгадаггүй" гэж байхыг бодоход энэ их ноцтой хэрэг шүү. Зүүний үзэл баримтла­лын төлөө дотоодын улс тө­рийн орчинд үзэл суртлын том дайн дэгдэж байна. Хэ­дийгээр арай ч коммунизмыг сурталчилчих­гүй байгаа ч тэр зүгт улам бүр ойртсоор бай­на. Баабар уг нь сонгодог либерал үзэлтэн, түүний­гээ зориг­той илэрхийлдэг байс­наа өнөөдөр увайгүй дайрал­туудаас болгоом­жилсон уу, илэрхий хашир­ладаг болсон байна. Одоо нийг­мийн үзэл санаанд ухралт гарч эхэлжээ.

Удахгүй монголчууд энэ ертөн­цөд хүйтэн дайнд ком­мунизмыг ялсан аугаа либе­рализм мөхсөн гэдэгт итгэдэг болох вий гэж халаг­лахаас өөр аргагүй нөхцөлд орох нь байна. Улам бүр явцуу, улам бүр хаагдмал болж байна. 20 жилийн өмнө тодорхойлж байсан зарчмуу­даасаа тат­гал­заж эхэлсэн Монгол тун удахгүй зүүний үзлээрээ эх­лээд Оросыг, дараа нь Хята­дыг гүйцэж магадгүй байна. Тэгээд бид 1990 онд яах гэж хувьсгал хийсэн юм бэ? гэж асуух цаг ирэх нь.

Энэ бол баялгийн хараал юм. Чухамхүү 1960-аад онд Африк, Латин Америкийн улс орнууд асар их баялгаасаа болоод "империа­лист мөлж­лө­гийг эсэргүүцсэн бүс нут­гийн онцлогтой коммунизм" руу халтирсан. Үр дүнд нь либера­лизмд үнэнч үлдсэн Азийн барууд хөгжин дэв­жээд, харин тэд муу муухайн үүр уурхай болон хувир­сан билээ. Баялагтай орнуудад "либерализм-барууны нео­ко­ло­ничлолыг эсэргүүцсэн" зүү­ний хөдөлгөөнүүд хамгийн идэвхтэй байж амжилт олсон. Гэхдээ энэ бүхний эцэст тэд зүүний "неоколо­ни" л болж байсан.

Эцсийн дүн нь өнөөдөр дэлхий­гээр нэг хувьсгал тарж байна. Сэхээрээд үзэгтүн. Дахин хувьсга­лууд үргэлж зүүн тийш хэлбийсэн улс орнуудад, ардчилал гажууд­сан, хагас ардчилсан, автори­тар дэглэм ноёрхсон улс ор­нуудад гарч байна. Хувьс­галууд либерализмын төлөө, гажуудалгүй ардчиллын тө­лөөх тэмцлээс урган гарч байгаа болохоос аль ч улс оронд "социа­лизм" байгуулах хувьсгал болоогүй.

Эрх баригчид, МАНАН-гийнхан тэдний гар хөл бо­логчид асар их баялгийнхаа нөөц боломжийг мэд­рэх ту­сам тэр их баялгийг хязгаар­гүй эрх мэдэлтэй зарцуулагч авто­ритар дарангуйлагч бо­лохыг хүсдэг болжээ. Тэд шинэ Мубарак, Лука­шенко, Назарбаев болохыг хүсч бай­на. Тэртэй тэргүй дэлхийн олон арван улс орон гучин жилийн өмнө хийсэн алдаа­наасаа салж буй энэ үед Монгол тэр алдааг нь сонгох хэрэг байна уу? Түүх давтагд­даг, эхнийх нь инээдэм, удаах нь эмгэ­нэл болдог гэдэг. Хүй­тэн дайны үеийн Африк, Ла­тин Америкийн түүх Монголд дахин давтагдаж байна. Энэ удаад эмгэнэл болно.

Тиймээс гажуудлын дараа бус гажуудлаас сэргийлж хувьсгал хийх ёстой. Ингэвэл бид өртөг багатай, цаг хож­сон хувьсгал хийж чадна. Хэрэв чадахгүй бол Таван толгойд ноёрхсон Хятад, ма­гадгүй Орос өөрийн хүссэн засгаа Монголд тогтоодог болно. Тэр тоглоомын засаг­лагчид нь цаашид хагас зуун жил "Америкчууд Монголыг үлгэр жишээ ардчилсан улс гэж байна" хэмээн улигласаар л байх болно.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив