Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Гарцаагүй хувьсгалын босгон дээр
2011 оны 2 сарын 28 [Уншсан тоо: 37023]
ЯРГУЙ ДАХИН ЦЭЦЭГЛЭНЭ

Хувьсгал айсуй. Нийгмийн уур амьсгал улирлын уур амьсгалтай давхцан хувьсгалд эрчимтэй бэлт­гэгдэж байна. Хүн нэг дор 8-10 мэдээлэл хүлээн авах чадвартай. Үүнээс 1-2 мэдээлэл хүний тархинд хамгийн гүнзгий тусч үлддэг. Олон нийттэй харилцах ажиллагаа хү­ний сэтгэлзүйн энэ онцлогт үндэс­лэдэг. Өнөөдөр Монголын үзэгч, уншигч дэлхийн  мэдээ үзэхдээ 1-2 биш бүр 8-10 хувьсгалын мэдээлэл хүлээн авч байна. Интернэт бол тэр чигээрээ хувьсгалын тухай мэдээл­лээр дүүрсэн байна. Тунис, Египет, Ливи, Хятад, Орос, Кувейтэд жагса­на. Жагсаалгүй өдөр, хувьсгалгүй долоо хоног алга. Сар шинээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийд гурван хувьсгал ялжээ. Тунис, Египет, Ливид. Харин энэ жагсаал­тад Монгол гэдэг нэр хэзээ орох вэ?

Михаил Горбачев В.Путиныг эрс хатуу шүүмжлэв. Хятадад "мэлрэг" цэцгийн хувьсгал соёол­жээ. Каддафи зугтлаа, Назарбаев болгоомжилж эхэлжээ, Ху Жинтао дахин жагсахаас сэргийлж байна... Энэ мэдээллүүдийг Монголын эрх баригчид хааж цагдаж чадахгүй. Хүний заяагдмал эрх нь мэдээл­лийг хил хязгаар үл харгалзан хүлээн авах ёстой.

Сайхан хавар болж байна. Африкийн ногоон талаас дорно зүгт дэлхий дахинаар "хувьсгалын цэцгүүд" дэлгэрч байна. XX зууны эхээр харгис хатуу тэмцэл хувьсгал өрнөж, ялангуяа коммунистууд ялгарч байсан бол XXI зууны эхээр аллага хүчирхийллээс ангид "ард­чилсан хувьсгалууд" ялж байна. Түүх давтагдаж ард түмнүүд зуун жилийн өмнө зуун зуунаар угсаа залгамжлан захирсан хаадыг уна­гаж байсан бол өнөөдөр хэдэн арван жил халаагүй эрх барьсан дарангуйлагчдыг унагаж байна. Эдгээр хувьсгалын үр дүнд "хуу­рамч ардчилагчид" улс төрийн тавцангаас зайлж, хэдэн арван жилээр дарангуйлагч ахиж төрөх­гүй болох байх. Бүх эрх ард түмний гарт байдгийг сонгодог утгаар нь нотолж байна. "Фараон", "баши" хэмээх ард түмний эцэг", "урцанд хонодог хурандаа" суут-солиотууд төрийн эрхнээс бууж байна. Харин Монголд...? Одоогоос олон жилийн өмнө "Яргуйн хувьсгал" нэр авсан Монголын хувьсгал...?

Шударга бус сонгуулийн дүнг эсэргүүцсэн 7 дугаар сарын 1-нд ард Монголын ард түмэн хүнд хохирол үзэж, эрх баригчид хахаж үхтлээ цуслах эрхтэй болсон. Эрх баригчдын сэтгэл зүйг харвал нэгэнт ялагдахаас хойш амжиж ахиухан цуслахыг л хичээж байна. Ард түмэн жижиг тулаанд ялагдаж болно, бууж өгч болохгүй. Ялагдал түр зуурынх, ингэлээ гээд хувьсгал зогсохгүй, шинэ хүчээр сэлбэгдэн дахин өндийсөөр байна.

Өнөөдөр 7 дугаар сарын 1-ний аллагын буруутнуудыг хаацайлж буй эрх баригчдын эсрэг, алуурчин ба захиалагчдын эсрэг тэмцэнэ. Ард түмнийхээ цусаар гараа угааг­чид яагаад илрэхгүй байна. Яагаад эрх баригчид ард түмнээ МАНАН-д төөрүүлэх гээд байна? Тэднээс асууя? Төрийн эрхийг цуст гараа­раа хичнээн жил барих гэсэн юм бэ? Эсвэл өөрсдөөсөө асууя. Тэд­ний бузар цуст гарыг Монголын төрийн хас тамган дээр хичнээн удаан байлгах вэ?

Ард түмнийг ард түмний хүүх­дээр буудуулаад ард нь хоргодсон адгийн шаарууд өнөөдөр улам баяжиж байхад тэдний төлөө тэд­нийг төр гэж эндүүрч тушаалыг нь дагаад ард түмнийхээ өөдөөс хаалт болон зогссон цагдаа залуу­сын нэг нас баржээ. "Чи бидний төлөө үхэх үүрэгтэй, харин бид чамайг эмчлэх үүрэггүй" гэж тавлаж байна, тэр эрх баригчид чинь. Эрх баригчид цээжилбэл цээжлэхээр олон давтан сануулж байгаа шүү, "Төр бол би" гэж хэлдгээ боль гэж. Төр гэж та нар биш, та нар төрд орогносон хувалзнууд. Төр ард түмний гарт байдаг болохоос та нарын гарт байдаггүй юм шүү дээ. Одоо МАНАН зургаан хүний амины нэхэмжлэлтэй. "Ахиад нэг хүн үрэгдлээ, АН-ынхаан гүйгээрэй ура, ахиад нэг сайдын суудал..."

Унгар, Польшийн сөрөг хүчин сонгуулиар амжилт олж түүнийгээ бэхжүүлж байхад Монголтой зэрэг шахуу өрнөсөн Украины "Жүржийн хувьсгал", Киргизийн "Алтанзул" цэцгийн хувьсгал, Гүржийн "Сар­найн" хувьсгалууд ялаад зарим нь яаж ялсан тэгж алдаж байна. Гэх­дээ эмгэнэл­тэй. Украины хувьсга­лыг элбэн дарсан оросууд "халд­вартай хувьс­галтай хамгаалалтгүй но­цолд­соноос" өөрсдөө халдвар авчихаад байна. Белоруст хувьсгал үргэлжилсээр. Хувьсгал нь пост коммунист, эс бөгөөс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байдаг улсуудад гарах ёстой "Ардчиллын гажуудлыг засах ёстой "дахин хувьсгал юм" гэж бид үзэж байсан юм. Гэтэл хувьсгал огт өөр агуулгатай болж хаа сайгүй дарангуйлагчдыг унагах нийтлэг зорилготой болсон байна. Ардчилал зөвхөн энэ явцуу хү­рээнд гажуудаагүй байжээ.

Хувьсгалын гэнэтийн тэсрэлт Араб Ойрхи дорныг хамрав. Чин үнэнийг хэлэхэд монголчууд исла­мын шажинтнуудыг тулгуур үзэлд автамхай, өрнийн ардчиллыг үзэн яддаг гэж бодож, ярьдаг. Гэтэл тэд биднээс илүү ардчилсан агаад ард иргэд нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж чаддаг юм байна. Бодоод байхад бид тэднийг дүгнэхдээ өөрсөдтэйгөө адилхан гэж бодож л дээ. Харин бид туйлшрамтгай, шантрамтгай, худалдагдах дуртай, эрх баригчидтай найзархах дуртай юм байна. Гэвч Монголд яргуй дэлгэрэх цаг ирж байна. Энэ хав­рын яргуй хагдрахаас өмнө хувьс­гал ялна, яагаад гэвэл тохироо бүрдсэн байна. Бидний хувьсгалын гадаад хүчин зүйл нь дэлхий дахи­ны хувьсгал бөгөөд дотоод хүчин зүйл нь хууртан мэхлэгдсэн ард түмэн болно. Бид илт давуу хүчтэй.

ХУУЛЬ БУСААР ЭРХ БАРИХ ДӨРВӨН "Х"

2008 оны сонгуулийн луйвар булхайг эсэргүүцсэн ард түмний эсэргүүцлийг дарж  цуст эргэлтээр төрийн эрхийг авагчид өнөөдөр засаглаж байна. Эрх баригчид өөрсдийг нь хөнөөж болзошгүй дотоод зөрчлөөс сэргийлж Засгийн газарт хамтарсан. Энэ хамтрал анхнаасаа Үндсэн хууль болоод бусад холбогдох хуулийг зөрчиж байгуулсан жинхэнэ "коммун" юм. Улс төрийн онолын талаас ч, арга ажиллагааны талаасаа бүхэлдээ хууль бусаар бүрдсэн парламент, Засгийн газар ажиллаж, дараагийн сонгуульд тэсч үлдэхийн тулд сонгуультай холбоотой бүхий л хуулиудыг өөрийн таалалд ний­цүү­лэн засч буй агаад бүр Үндсэн хуулинд хүртэл "гар хүрэх" гэж байна. Үндсэн хуулиа "зодож" байгаад өөрсдийнхөө дарангуйл­лыг хууль ёсны болгох, иргэдийн тэмцлийг хуулиас гадуур хэмээн сүрдүүлэх  гэсэн өнөөгийн парла­ментын оролдлого нь ардчиллыг уландаа гишгэсэн увайгүй үйлдэл юм.

"Ардчилсан сонгууль бол ха­риуцлага тооцох механизм, сонгуу­лиар л бидний зайлуулчих л даа" гэж хоолойгоо сөөтөл хашгираг­чид, шүлсээ хаттал давтан чал­чигчид, зальжнаар даажигнагчид, ард түмнийг басамжлагчид дараа­гийн хуулийн өөрчлөлт, худал амлалт, хуумгай булхайдаа най­даж цаг хожиж байна. Тиймээс айж ичихгүй худал ярьж байна.

Эрх баригчид сонгууль бүрийн өмнө Сонгуулийн хуулийг ард түм­ний хяналтаас гадуур дураараа өөрчилдөг хууч өвчтэй, тэр хууль нь хариуцлагаас мултрах боломж олгохгүй нөхцөлд худал хуурмаг, биелэх бололцоогүй амлалтаар ард түмнийг хууран мэхлэхийг оролд­дог, ингээд болохгүй бол цагаандаа гарсан луйвар булхай хийдэг. Ингээд болохгүй бол бууд­даг. Энэ дөрвөн давхар увайгүй ажиллагааны эцэст л тэд төрийн эрхэнд гарсан. 2012 онд тав дахь бий юу?

2008 онд 76 жижиг тойрог бүхий мажоритар системийг томсгосон мажоритар болгосноороо бусад улс төрийн хүчнээ санхүүгийн хувьд туйлдуулж дөнгөсөн. Сон­гуулийн өмнөх судалгаагаар ард түмний 60 хувь эсрэг байсан уч­раас сая саяыг хоосон амлаж эхэлсэн. Амлах шалтгаан нь луй­вар булхай хийх боломжиндоо саналын тоог дөхүүлэхэд байсан болохоос "өгье гэсэндээ биш" юм. Тэр нь өнөөдөр батлагдаж байна. Хуйвалдах, хууран мэхлэх, хулхи­дах, хөнөөх. Гэвч өнөөдөр ард түмний 70 хувь эсрэг байр суурьтай байна.

2008 онд ард түмэн луйвар булхайг нь эсэргүүцэн жагсахад хүчээр тарааж, буудан алж, Үндсэн хууль зөрчин эвссэнээрээ "цуст эргэлтээр" төрийн эрхийг хууль бусаар авсан  юм. Тэгээд 2012 оны сонгуулиар бидэнтэй хариуцлага тооцооч гэж хэлэхдээ ичихгүй бай­на уу? Өнөөдөр Монголд ардчил­сан сонгууль болдог гэдэгт хэн итгэх билээ? Хэн ч итгэхээ байсан үед сонгууль гэж жүжиглэлгүйгээр эрх баригчидтай хариуцлага тооцох цорын ганц боломж нь "хувьсгал" л юм.

Эрх баригчид ба ард түмний дунд бий болсон эвлэршгүй зөрч­лөөс гадна эрх баригчид ба барьж байсан хүмүүсийн дунд эвлэршгүй зөрчил үүсээд байна. Н.Энхбая­рыг л зайлуулчихвал бүх зүйл сайхан болно гэж байсан эрх баригчид түүнийг унагаад юу ч өөрчилсөнгүй. Өөрөөр хэлбэл хямрал нэг хүнээс бус бүхэл сис­темийг хамарсан байна. Эрх бариг­чид бүгдээрээ Энхбаяр болох гэж тэмцэлдээд дотоод зөрчилдөө идэгдэн ялзарч байна. Энхбаяр бол тэдний золио байснаас зорил­го байгаагүй ажээ. Н.Энхбаяр өөрөө хүртэл тэдний увайгүйтэлд эгдүүцэж бөгс долоог­чид гэж нэр­лэжээ. Энэ бол хувьсга­лын тохи­роо­ны зайлшгүй тооцох нэгэн чухал нөхцөл мөн. Ийм нөх­цөлд ардчиллын гажуудлыг засах цо­рын ганц зам нь хувьсгал бөгөөд ингэснээрээ хөгжил дэвшлийн замд орох, баялгийн хуваари­лалтыг шударгаар тогтооход цаг хожно. 

НАМГҮЙ ХУВЬСГАЛ


Хувьсгалд хоёр зорилт тавьдаг байсан тэр онол өөрчлөгджээ. Нэгдүгээрт ангийн үзэл, хоёрду­гаарт  хувьсгалыг онолын барим­жаа­тай нам удирдах ёстой гэсэн үзэл санаа саяхныг болтол хүчтэй байсан. Харин өнөөдөр хувьсгалыг МАН ч, АН ч удирдахгүй нь тодор­хой, тэр тусмаа аль нэг нам удир­дахгүй. Сөрөг хүчний томоохон эвсэл л удирдана. Шинэ цагийн хувьсгал бол фронтгүй дайн. Өөрөөр хэлбэл МАН ба АН гэж талцаж бус шударга ёсны төлөө бол намын гишүүд нь намынхаа эсрэг босно гэсэн үг. АН-ын гишүүд бол ядаж МАН-ыг дагаж нэр төрөө алдсан дарга нараа эсэргүүцэж тэмцэх байх л даа.

Хэрэв 2008 оны МАХН амлас­наа ядаж одоо зарлаад байгаа 163 мянган гишүүндээ өгчихсөн бол учиртай, гэвч тэгээгүй. АН ч гэсэн 150 мянган гишүүнийхээ эрх аш­гийг хамгаалсан бол одоо яана гэхэв. МАНАН гишүүддээ төдийгүй ард түмэндээ амласан 2,5 сая төгрөгөөс та хэдийг аваад байна. Бүгдийг нь авсан бол 160 мянган төгрөг л авсан. Энэ байдлаар бол та 15 шил "Соёмбо" архитай л 2012 оны сонгуультай золгоно. Айж сандарсан эрх баригчид нийгмийн тодорхой сегментийн дэмжлэг авахын тулд жишээ нь 200 мянган оюутныг худалдан авах гэх мэт арга саам хайж эхэлжээ.

ХУВЬСГАЛ БА ЭРХ АШИГ

Олон олон хүн хувьсгалыг баячуу­лын эсрэг, либерализмын эсрэг хувьсгал гэж ойлгоод байх шиг. Харин "Хувьсгал либерализ­мыг сэргээн тогтоох"-ын төлөөх тэмцэл юм. Либерал үзэл санааны орчин л үндэсний үзэл ч, тэр ч байтугай бидний үзэн яддаг хэт зүүний үзэл ч "зохистой хэмжээ­гээр" оршин байх бололцоотой. Хэрэв аль нэг үзэл хэт давамгайл­бал жишээлбэл өнөөгийнх шиг зүүний үзэл хэт давамгайлбал улс орны хөгжил гацан саатахын дээр гадны нөлөөнд орох болно. Үндэс­ний үзэл санаа ч гэсэн зөвхөн либерал орчинд оршин тогтнож чаддаг. Хэрэв либерал суурьгүй бол үндэсний үзэлтнүүдийг тун удахгүй гадны шахалтаар хавчин гадуурхаж эхэлнэ.

Эдийн засгийн хувьд ч асар том өөрчлөлт хийх цаг ирж байна. Улс төрийн орчинд нам дамнасан бүлэглэлүүд бүх эрхийг хяналтгүй атгаад дураар дургиж байхад эдийн засгийн орчинд тэдний дэмжлэгтэй, эс бөгөөс тэднийг сан­хүүжүүлэгч цөөн компаниуд олиго­поль зах зээлийг үүсгэн ноёлж байна. Ийм нөхцөлд гадаадын дунд зэргийн дурын компани Мон­голын зах зээлд олигополь эрхтэй ноёрхох нөхцөл үүсч, үндэсний жижиг, дунд компаниуд дотоодын зах зээлээ булаалган сүйрч байна.

Төгс өрсөлдөөнт чөлөөт зах зээлийг эргүүлэн тогтоохгүй бол Монгол Улс санхүү-улс төрийн бүлэглэл, гадны капиталын гарт удаан тарчлах болно. Энэ хэлхээ холбоонд хүнд цохилт өгч, гарын арван хуруунд багтах олигополь компаниудын дураар авирыг хяз­гаар­лах ёстой. Улс орны бүхий л салбарт бүрэн дүүрэн хяналтаа эрхийнхээ дагуу тогтоохгүй бол бид неоколоничлолд ороод байна. Ийм нөхцөлд бүх гэрээ хэлэлцээ­рүүдийг эргэн хянаж, эрх ашгаа хадгалан үлдэх шаардлага маш тулгуу тавигдаж байна.

Манай компаниуд эрхийнхээ дагуу нийт зах зээлээ мэдэлдээ буцаан авах ёстой. Улстөрчдийн дарамт шахалтан дор хүнд бэрх нөхцөлд оршин буй компаниудыг ингэж чөлөөлөх нь хөгжлийн үндэс болох учиртай юм. Олон бизнесмэн хувьсгалыг коммунист маягаар ойлгож, большевик хувьсгал гэж ойлгож болгоомжилж ирснээс бид цаг их алджээ. Ардчилал, эдийн засгийн либерализмаас ухарснаа­раа 1992-2000 онд бий болсон өрнүүн амжилт буурсаар өнөөгийн царцанги байдалд орсныг ойлгож байгаа хүн ховор байна.

Баялгийн шударга хуваари­лалт бол хөдөлмөрөөр боссон хүний хувийн өмчийг булаан ава­хад биш харин луйвар булхайгаар бий болгосон хууль бус капиталыг ард түмэнд чөлөөлж өгснөөр тогтох ба энэ капитал юуны түрүүнд үндэсний шинэ хөрөнгөтнүүдэд шинэ үеийн шударга бизнесмэ­нүүдэд оногдох болно. Хэн ч биз­несмэн болж чадна. Бүгдээрээ өөрт  ноогдох бүхнээ буцаан авахын тулд хувьсгалд оролцох ёстой.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив