Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХОЁР ЗАМ, НЭГ ҮР ДҮН
2011 оны 4 сарын 19 [Уншсан тоо: 35399]
ДАРАНГУЙЛЛЫН СҮҮЛИЙН ШАТ

Мянгыг хулгайлахад гар л хэрэгтэй, саяыг хул­гайлахад бүлэглэл хэрэг­тэй,   тэрбумыг хулгайла­хад хууль хэрэгтэй, бүг­дийг нь хуу хамахад үзэл суртал хэрэгтэй. Өнөө­гийн улстөрчдийн 20 жи­лийн ажлын үр дүн өнөө­гийн Монгол. Буруутан нь туршлагатай гишүүд, турш­лагатай улстөрчид, улс орныг 20 жил ээлж­лэн "удирдагсад". Өнөө­дөр ард түмэн 20 жилийн өмнөх "хөгжил цэцэглэл­тийн зүүднээсээ" сэрж байна. 1990 оны Ардчил­сан хувьсгалыг дэмжиг­чид Азийн баруудаар ирээ­дүйгээ төсөөлж, хөгж­лийн суурь нь ардчилсан улс төрийн тогтолцоо, эдийн засгийн либера­лизм юм гэж бат итгэж байв. Гэтэл өнөөдөр бүр тэр үед капитализмын гутамшигт жишээ болго­дог байсан Африк, Латин Америк болчихож. Өндөр байшин багширсан ма­ши­наар хуурч байна, гэвч Африк, Латин Америк ч өндөр байшин, үнэт брэн­дийн дэлгүүртэй, тэр нь яг Монголынх шиг цөөн хүнд зориулсан.

1990 оны хувьсгал ба өнөөгийн хувьсгал хоё­рын зарчмын ялгаа энд буй. Хаана хүрнэ гэж "хувьс­гал" хийх вэ? Ком­мунизмаас ардчилсан дэглэмд шилжихийн тулд заавал авторитар дэглэ­мээр дамжих хуультай юу? Коммунизмаас капи­тализмд шилжих нь Марк­сын формацийн онолоор бол "нийгэм солигдож буй шинжээрээ" хувьсгал авч онолынх нь агуулгаар шүүвэл "дэвшил биш ух­ралт" юм. Яагаад гэвэл Марксынхаар капитализ­мын дараагийн шат нь коммунизм. Тиймээс хувьс­гал гарцаагүйг нот­лох тусам пост Марксис­тууд "Тэгвэл коммунизм руу л буцах гэж байгаа хэрэг" гэж зүтгээд байх боллоо. Баялгийн хуваа­рилалт шударга бус бай­гааг нотлох тусам тэгвэл коммунизм шиг тэгшитгэх нь гэж байна. Өнөөдөр коммунист гэгдэж буй Хя­тад хүртэл эдийн засгаа либералчилсны хүчинд хөгжсөн ба улам бүр үнд­сэрхэг төр улс болон хувирч байна. Тиймээс хувьсгалын зорилго бол төрийн эрх мэдлээр да­лайл­гасан цөөнх баял­гийг цөлмөдөг тогтолцоо­ноос шударга өрсөл­дөөнт либералчлалыг тогтоох, гэхдээ либера­лизмд үйлчлэх биш, үйлч­лүүлэхэд чиглэх ёстой. 20 жилийн өмнө комму­низ­маас либерализмд шил­жих гэж биш үзэл санаа­нуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэх хувьсгал хийх ёстой байсан ба жинхэнэ тусгаар тогтнол энэ юм.  

Хуулиар тэрбумыг хул­гайлагчид ард түм­нийг айлгана. "Хувьсгал бол хууль ёсны Засгийн газраа унагасан, төрийн эсрэг гэмт хэрэг" гэж. Тэг­вэл өөрсдийгөө бусармаг хуулиар хуягласан хууль ёсны хулгайчдыг ингээд л байлгаад байх уу? Хууль шударга байхдаа үнэ цэ­нэтэй, харин шударга бус бол ямар ч үнэ цэнэгүй. Бүлэглэл тэрбумыг идэх гэж өөртөө хуулийн хэрэм барьчихаж, одоо бүхнийг эрхшээхэд үзэл суртал л дутуу байна. Түүнийгээ ч идэвхтэй эрж байна.

Төрөөс төрсөн тэр­бумт­нууд шударга хөдөл­мөрөөр боссон бизнес­мэнүүдийн ард нуугдаад "Чиний хөрөнгийг хурааж гуйлгачингуудад өгөх гэж байна" хэмээн яс хаяна. Өөрсдөө бизнесмэнүү­дээ баталсан хуулиараа далайлгаж дээрэмддэг­гүй юм шиг аашилна. Тэд төр бол бид гэж байна. Уучлаарай, төр бол та нар биш. Хувьсгалт өөрч­лөлтийн зорилго бол тө­рөөс хувалзнуудыг хувьс­гал гэдэг тодорхой хэл­бэл "Шинэтгэлийг асар хурдан хийх, цаг хожих" арга.

Банкны хадгалам­жийн талаар бичихээр баячуулыг мууллаа гэж байна. Бизнес эрхлэгч хэзээ ч мөнгөө банкинд хадгалуулдаггүй юм шүү дээ. Бизнес бол их мөнгө биш, мөнгө бий болгодог сохор зоосыг ч болов хөдөлгөж, сэгсэрч бай­гаад үржүүлдэг, зах зээл­тэй, менежмент, марке­тингтай систем. Харин авлигачид зөвхөн мөнгө­тэй, асар их хулгайн мөн­гөтэй, тэд төрөөс салбал мөнгө нь зүгээр л алга болчихно. Октябрийн хувьс­галын дараа Оро­сын язгууртнууд асар их баялгаа чирээд Европ руу зугтсан. Тэд хязгааргүй баян ч өнөөдөр тэд ал­дар­тай бизнесмэн нэгийг үлдээгээгүй. Төрийн том авлигачаас ТҮЦ-ний эзэн илүү баталгаатай ирээ­дүйтэй учраас төрд шур­галж, авлига шамшиг­дуулалтаар мөнгөө өсгөг­чид айсандаа суудлаа­саа ховхрохгүй. Тиймээс тэднээс цус урсгалгүй, түргэн салахын тулд бид олуулаа, хэдэн арав, зуун мянгуулаа байх хэрэгтэй. Тэд хоосолж, хамах сүүл­чийн шат руугаа дөхөж байна. Одоо зогсоохгүй бол ард түмэн үгээгүй ядуус болно.

Одоо тэд сүүлчийн удаа улиглан үглэнэ. Наа­дуул чинь бас л идэх гэж ингэж байгаа юм. Гэвч нэг ялгаа байна. Бид тэднийг хүний хувьд биш авлигач учраас үзэн яддаг. Хол замд яваа хүн морио юүлэх болбол тэртэй тэр­гүй ямар ч морь эцнэ, солиод яах юм гэдэггүй биз дээ.

ХУВЬСГАЛД ХҮРЭХ НЭГДҮГЭЭР ЗАМ

Нэг. МАН-ын тойруу хувилбар.

Монголд "нэг юм бо­лох нь" гарцаагүй гэдэгт бүгд итгэж байна. Ардын үлгэрт аюулгүй ч тойруу зам, нөгөө нь аюултай ч дөт замын аль нэгийг сон­гох болоход ард түмэн ямагт дөт замыг л сон­гуул­даг. Дээдэс ганцхан юм хүсэж байна. Таван толгойг ашиглах гэрээ байгуулчихаад л өөр­чилье. Тэд хэдийнээ бууж өгч эхэлсэн. Тэд гуйна. Ядаж намар есдүгээр сар хүртэл тэсчих. Дараа нь ээлжит бус сонгууль руу орцгооё л доо, тэгэх үү? Хоёр танхимтай парла­менттай болъё, иргэний хөдөлгөөнүүд гудамжинд жагсахын оронд ордонд ороод ир. Ярилцъя, хэ­лэлцье. Тэгээд биднийг хяна, бид дээд танхимд, та нар доод танхимд. Доод танхим чинь хянал­тын өргөн боломжтой.

Та нар үүнийг л хүсээд байгаа биз дээ. Сү.Батболдыг унагах амархан, тоосго сугалахаас ч амархан. Гэхдээ эхлээд хувьцаагаа тараая, ард түмэндээ 10 хувийг өгмөөр байна гэлцэнэ.

Тиймээ, бид наадахыг чинь мэднэ, ард түмэнд 10 хувийг, ерийг нь ... Киргизийн Ерөнхийлөгч "Арав ерийн Акаев" гэдэг хочтой байхдаа унасан юм шүү. Есдүгээр сар хүртэл урьдчилгаагаа авсан Таван толгойг цаашаа давуулчих гээд л байна уу?

Өнөөдөр өндөр өртөгтэй судал­гааны анкетууд айл айлаар тарж байна. Судалгаанууд аягүй эвгүй дүнтэй гарч байгаа тул эрх бариг­чид ухаан алдталаа айна. Тиймээс бусдаасаа нуухыг оролдоно. Ха­рин наадуул нь үнэр авчихаад судалгаа хайн гүйлдэнэ. Нууц судалгаа нь иймэрхүү. 2004 онд МАХН дангаараа 44 хувийн рей­тинг­тэй гардаг байсан бол өнөөдөр МАНАН үүнээс таван хувь доогуур дэмжлэгтэй байна. 39 хувийн дэмж­лэгээс МАН, АН-ны алинд илүү оногдож байгааг харахаар хөдөөд МАН хагас хувь илүү, хотод АН нэг хувь илүү, нийлбэр нь 2004 оны МАХН-аас таван хувь дутуу. АН тогт­вортой 25 хувийн хатуу дэм­жигчид­тэй байсан 2004 оныхоос таван хувь л алдаж. Математик бол гай­хам­шигтай ухаан, ер нь тэгш хэм­тэй харуулдаг. Ямарваа судал­гаа­ны дүн ямагт баланс барьж байж нотлогддог. МАН 25 хувь алдсан бол, АН таван хувь алдсан байна. Зөрүү нь тав дахин, харин нийлбэр нь МАХН-ын оргил үеэс таван хувь бага.

Гайхалтай нь хөдөө орон нутагт МАН-ын рейтинг, өрх тусгаарласан ч албан ёсны болж чадаагүй МАХН-аасаа хол илүү байж чадах­гүй байна. Үүнд л  МАХН-ыг яаж ийгээд бүртгүүлэхгүй байхыг хи­чээж байгаагийн учир бий. Хэрэв МАХН-ыг бүртгүүлэх л юм бол хуучин МАХН бараг тэнцүү хоёр хуваагдах магадлалтай нь судал­гаагаар нотлогдож байна. Уг нь (МАН 85: МАХН 15) харьцаатай хуваагдах  магадлал байсан ч үйл явцын дунд байдал огт өөрөөр эргэж (МАН 55: МАХН 45) гэсэн харьцаа руу орчихсон байна.

Нийгмийн сэтгэл зүйн энэ өөрч­лөлт нь "МАНАН бол хоёр намын тэгш эрхтэй холбоо юм" гэсэн ойлголт тогтсоных. "МАНАН" гэсэн томъёолол хүмүүсийн тархинд бат суужээ. Бодит байдлаар дүгнэвэл МАН-ын 2004 оноос хойших буу­ралт МАХН-д оччихож.

АН-ынхан үүнийг мэдсэн, "Бид ялна" гэж хөөрнө. Яг өнөөдөр сонгууль болоход МАН-аас жаахан илүү рейтингтэй байгаа АН тус намын хуваагдлаас ашиг олж ялах боломжтой. МАН, МАХН-ыг яасан ч буцааж нэгтгэж болохгүй. Энд л манай ялалт амжилтын үндэс бай­на гэж АН цээжний тооцоо хийнэ. Тиймээс сонгуулийн хуулийг огцом өөрчлөхийг хүсэхгүй байгаа юм. Өнөөгийн нөхцөлд, өнөөгийн су­дал­гааны дүн, өнөөгийн сонгуу­лийн систем байх нөхцөл л АН-д ялалт зөгнөж байгаа хэрэг.

Харин МАН шоконд оржээ. Тиймээс огт өөр, хоёр танхимтай парламентыг санал болгов. Түүх давтагддаг, энэ удаад ардчиллын 20 жилийн түүх яг буцаж давтагдаж байна. 1990 оны хувьсгалын дараа МАХН-ыг хоёр танхимтай парла­мент аварсан. Хоёр танхимтай парламентын сонгуульд МАН доод танхимд олонхи болох магад­лалтай ба үүгээрээ дамжуулж дээд тан­химд олонхи болохыг эрмэлзэх ажээ. Гайхалтай нь МАХН-ын энэ бод­логын сурталч нь АН-ын Э.Бат-Үүл. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай, "Үндсэн хууль өөрч­илнө" гэдэг хувьсгал.

Хоёр. АН-ын тойруу хувилбар


Харин үүнд АН тун дургүй бай­на. Магадлая. МАНАН-гийн 40 хувь мажоритар системээр аль ч намд "38+1" суудал авах боломж олгох­гүй. АН-ын хатуу электорал 25 хувь АН-д 25 орчим суудал авчирдгийг 2004, 2008 оны сонгуулийн дүн баталсан. Өнөөдөр таван хувийн алдагдалтай яваа АН үүнийгээ нөхөөд, суудлаа нэмэхийн тулд, улс даяар тархсан саналаа багцалж авах бололцоог пропорциональ системээс олж харчихаад үхэн зуурч байгаа юм. Хэрэв 50 суудалд намын нэрээр, пропорционал сис­те­мээр санал хураавал АН дор хаяж 30 түүнээс жаахан илүү суу­далтай болж чадна.

Хэрэв мажоритариар сонгууль явуулбал МАН, МАХН тус бүр 25-30 орчим суудал авах ч магадлал байна. Ийм нөхцөлд цаана нь 10-16 суудал сул үлдэж эрх баригчдад аюулын дохио өгч байна юм. Тиймээс энэ орон зайг гудамжны­хан дангаар эзэгнэхээс болгоом­жилж, хэл амаа ололцож чадах ИЗБНН-ыг "гуравдагчийн хувааг­чаар" зүтгүүлэх шаардлага гарсан юм. Гэвч ИЗБНН дээд тал нь таван суудал л авна. Бараг энэ тавыг нь одоо ч нэрлэчихэж болно. Гэтэл МАН МАХН-тай нийлж байж л АН-тай тэнцүү буюу жаахан илүү суу­дал авна, хэрэв Н.Энхбаяр МАН-аас бүрмөсөн нүүр буруулбал дор хаяж 15 суудал бүхий өөр бүлэг парламентад бий болохоор байна. Яаж ч бодсон МАН ялагдчихаж.

Ийм дүнгээр Засгийн газар байгуулахдаа тулбал МАНАН ахиж нэгдэхэд АН их сайхан загналаа гэхэд АН 60: МАН 40 гэсэн хувил­бар санал болгоно. Гэхдээ АН МАН-д өстэй Н.Энхбаяртай биш юм гэхэд, иргэний хөдөлгөөнүүд, ИЗБНН-тай ч маневрлах давуу талтай юм. Гэхдээ л Засгийн газраа ойр ойрхон унагахгүй тогтвортой  засаглая гэвэл "МАНАН" дахина. Ийм хувилбар эцэстээ МАНАН-г нэгдсэн том хөрөнгөтний нам бо­лох замд оруулна. Ингэснээр МАН АН хоёрын аль нэг нь, ер нь эргэл­зэх хэрэг байна уу?, МАН л устаж таарна. Тиймээс МАН Үндсэн хуу­лийн өөрчлөлтөөс өөр тэсч үлдэх сонголтгүй болчихож байна.

ДӨТ ЗАМ НЬ


МАНАН-гийн дотоод зөрчил үйл явцыг дөт зам руу түлхэж байна. АНАТХ орон нутаг даяар бүсийн хуралдайнуудыг зохион байгуул­лаа. Тун удалгүй АНАТХ-УИХ-ын байгуулсан нэг жилийн хугацаатай 2,5 саяа өгөх, эсбөгөөс 2012 он гэхэд бүрэн өгсөн байх нөхцлийг бүрдүүлэх гэрээний ху­гацаа дуус­на. Энэ "давхар амлалт" бас  биелээгүй.

Өнөөдөр АНАТХ хамгийн хү­чир­хэг хөдөлгөөн болсон. Орон даяар салбартай, гишүүд дэмжигч­дийнхээ тоогоор АН, МАХН-тай өрсөлдөнө. Учир нь амлалт нэхэх хөдөлгөөнд аль аль намынх нь гишүүд нэгдээд байна. Тэд намын гишүүний хувьд бус сонгогчийн хувьд асуудалд хандаад эхлэхээр ийм том нэгдэл бий болгож байгаа юм. Чухамдаа МАНАН-гийн рей­тин­гийн уналтын шалтгаан нь АНАТХ болох нь үүгээр нотлогдож байна. МАНАН-тай тулахыг зориг­лосон аль ч улс төрийн байгуул­лага, нам АНАТХ-д тулгуурлахыг хичээх нь зүй ёсных нь эндээс ойлгогдоно.

Дотоод зөрчлөө шийдэж ядаж байсан МАНАН хувьсгал эхлэх олон хувилбарт төөрсөн. Гурав­дугаар сарын 23-нд есөн хөдөл­гөөн нэгд­сэн жагсаал эхлүүлнэ гэж таамаг­лаж, бэлтгэж байсан ч юу ч болоо­гүй. Интернэтээр тарсан мэдээ­лэлд төөрөлдсөн эрх бариг­чид гуравдугаар сарын 23-нд Хос­ни Мубарак шиг "facebook"-дүү­лэ­хээс айсан. Засгийн газар хэвлэ­лүүдэд мөнгөө барав. Сөрөг арга хэмжээ авах асар өндөр өртөгтэй бэлтгэл нь эрх баригчдыг тамир­дуулж, гүйцэтгэгч­дийг идэвхгүй болгожээ.

Дараа нь хаврын чуулган нээг­дэх өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд цуглаан эхлэх нь гэж бэлтгэв. За­рим хөдөлгөөнүүдийг салгаж, па­рал­лель хуралдай зохион бай­гуулж, хагалахыг оролдоод амжилт олсонгүй. Яагаад гэвэл юу ч бо­лоогүй. Д.Нинж нар ямар эзэд рүүгээ дайралтай биш, Ерөнхий­лөгч рүү довтолсон ч амжилт ол­сонгүй. Ингээд гурав ч хонолгүй эрч хүчээ алдаж сарнив. Одоо төөрөгд­лийн хариуцлагыг хэвлэлийн алба­дад үүрүүлэх оролдлого хийж байна.

Учраа олохоо байсан эрх ба­ригч­дын дотоод зөрчил улам хурц­дав. Гарцаагүй дан ганц өөрт нь чиглэж ирэх дайралтаас хамгаалах гэж Сү.Батболд бие даасан тоглолт хийснээр нам дахь байр сууриа алджээ. Байдал хүндэрснийг мэд­сэн тэрээр өөрийн бизнесээ тор­дож эхэллээ гэж улс төрийн хүрээ­нийхэн шивнэлдэж байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Бизнесийн орчныг сайжруулах жил" эцэстээ "Ерөнхий сайдын бизнесийг сайж­руулах жил" болсон гэж шоолж явна.

Дан ганц Засгийн газрын хү­чээр тэсч үлдэхгүйгээ мэдсэн Сү.Бат­болд намаа мэдэлдээ ава­хыг хичээж, намын аппаратад цэ­вэр­лэгээ хийхийг оролдсоноор У.Хүрэлсүхтэй харилцаагаа улам муутгажээ. Дараалсан алдаануу­дынхаа дараа ч тэр цөхрөлтгүй зүтгэсээр байна.

Н.ЭНХБАЯРГҮЙ АН


Энэ зуур С.Баяр АНУ-аас ирэв. Сү.Батболд С.Баярыг дэмжинэ гэж горьдсон ч, бүрмөсөн ганцаардса­наа мэджээ. Сү.Батболдыг Ө.Энх­түвшингээр солих О.Чулуунбатын явуулгыг зогсоосон тэр өөр өрсөл­дөгчтэй учрав. Хэрэв Ө.Энхтүвшин биш бол М.Энхболд Ерөнхий сайд болох боломжтой гэж тооцож бай­сан ч М.Энхболд татгалзжээ. М.Энх­­болд Ерөнхий сайд болохыг хүсэхгүй байгаа бол Сү.Батболд өрсөлдөгчгүй мэт санагдаж байв. Гэтэл дайсан огт өөр газраас гарч ирэв. С.Баяр Сү.Батболдыг Н.Энх­болдоор солихоор ажиллаж эхэл­жээ. С.Баяр нам дахь дэмжлэгтээ найдахгүй байгаа тул Ерөнхий сайдыг солих, үүндээ АН-аас дэмж­лэг авахаар уулзаж эхэлсэн бо­лолтой.

Хариуд нь Сү.Батболд ЗТБХБ-ын сайд Х.Баттулгаар дамжуулж хүчний тэнцвэрийг хадгалахыг оролдов. Х.Баттулгын дэмжлэгийг авахын тулд тэрээр БНСУ-д гэнэт айлчилж, дорнод Монголын төмөр замд хөрөнгө оруулах БНСУ-ын сонирхлыг дэмжигчийн дүрд тогло­жээ. Хариуд нь Х.Баттулга Засгийн газрыг дэмжих ёстой байлаа.

Айлчлалын үеэр АН-ынхан гэнэтхэн баяжих тухай ярьдаг бол­чихов. Женко хэлсэн гэнэ. Засгийн газрыг хадгалж үлдээд дорнод Монголын төмөр замын ажлыг эхлүүлье. Мөнгө нь ороод ирчих­сэн. Засгийн газрыг өнөөдөр аваад үлдвэл тун удахгүй төмөр замын ажил эхлэх ба АН-ынхан хоёр самосвалтай байхад л говьд тавих төмөр замын далангийн шороо зөөгөөд саятан болно. АН-ынхан үүнд итгэжээ. Үнэндээ өнгөрсөн сард Засгийн газар Женкогийн нуруун дээр тогтож үлдсэн юм. Гэхдээ Сү.Батболд алдаа хийжээ. Тэр сүүлийн хөзрөө эрт гаргачи­хаж.

Ерөнхий сайдын хувьд БНСУ-д айлчилж төмөр замын хөрөнгө оруулалтын баталгаа болсноороо Х.Баттулгад дахиад бараг л хэрэг­гүй болчихлоо. Бүх зүйл бүтсэн. Одоо Сү.Батболд явж болно. Улс­төр бол увайгүй тоглоом, бизнес биш. Ядаж байхад дээрээс нь Таван толгойн хувьцааг тараах эдийн засгийн ямар ч үндэслэлгүй манипуляци хийснээр АН-д бүхий л санаачилгаа алдаж, нам дахь нэр хүндээ унагажээ. Одоо хувьцааны асуудал маш хүчтэй шүүмжлэлд өртөөд байна. Бүр гайтай нь МАН-ынхан Сү.Батболд өөрийн эрх ашгийн төлөө АН-ын амлалтыг биелүүлж, намаа 2012 онд ялах боломжийг хаасанд эгдүүцэж байгаа.

Тун удахгүй Ард түмний их хуралдай эхэлнэ. Ерөнхий сайдыг огцруулах шаардлагын хариуд УИХ дахь МАН-ынхан амлалт биелүүлээгүйн бурууг Засгийн газарт тохоод мултрах хувилбарыг бэлдсэн байна. Сү.Батболд ч зү­гээр суухгүй байна. Тэр парламен­таас гадуурх намуудыг талдаа татахаар хүчилж эхэллээ. Засгийн газраа аварч үлдэхийн тулд "Мөнгө амлахгүй өрсөлдөх тухай" гэрээ санаачилж намуудын дарга на­раар гарын үсэг зуруулж байна. Үнэндээ мөнгийг МАН, АН л амлах бололцоотой. Тэгэхээр энэ жүжиг магадгүй ээлжит бус сонгууль ойрт­соны шинж байж болох юм.

МАХН-ЫН ХУВААГДАЛ


Үйл явц эхэлмэгц С.Баяр Ня­маагийн Энхболдыг зүтгүүлэх үн­дэс­лэл бий. МАНАН-г байгуулсан гэрээний 2.3-т "Хуульд заасан үндэслэлээр Засгийн газар өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж­гүй болсон тохиолдолд шинэ Зас­гийн газрыг энэхүү гэрээнд заасан зарчим, нөхцөлийг үндэслэн хам­тарч байгуулна" гэж заажээ.

Тэгэхээр Засгийн газар огцрох нь бараг "жам ёсны" үйл ажиллагаа болох нь ойлгогдоно. С.Баяр энэ заалтыг сануулж Н.Энхболдыг АН-ын дэмжлэгээр Засгийн газрын тэргүүн болгохоор зүтгүүлэх бүрэн боломжтой. Нөхцөл байдлыг бү­хэлд нь дүгнээд үзвэл 1996-2000 онд цөөнх байсан МАХН төрийн эрхийг де-факто барьж байсан түүх давтагдаж, МАН-ынхан АН руу гүйлдэж, дэмжлэг эрж байна. Түүх гайхалтай хурдан буцан давтагдаж байна. Ялгаатай нь АН-д одоо­хондоо Н.Энхбаяр алга. 20 жилийн түүх буцаж давтагдсаар. Одоо нэг алхаад 1992 оны хоёр танхимтай парламент, ахиад нэг л алхвал 1990 оны хувьсгалын нөхцөл бай­далд хүрнэ.

С.Баярын алхмыг харвал АН-ын дэмжлэгийг авч Сү.Батболдыг огцруулаад Д.Дэмбэрэлээр дам­жуулан УИХ-ыг зохион байгуулж Нямаагийн Энхболдыг Ерөнхий сайд болгоод улмаар намын эрх мэдлийг авах төлөвлөгөөтэй бай­на. Харин МАН-д Сү.Батболдыг унагаад У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох ба ингэхийн тулд Д.Дэмбэрэлийг огцруулж, оронд нь М.Энхболдыг УИХ-ын даргаар томилох хувилбар байх боломж­той. МАН-ынхан Ерөнхий сайд, намын даргаас татгалзсан түүнд талархсандаа өгвөл зохих л шаг­нал. Ингэснээр М.Энхболдын суу­дал ханаж, Ерөнхийлөгчийн сон­гуульд дэвших зам нь засагдана. Гагцхүү өөрөө дэвших эсэх нь тодорхойгүй.

С.Баярыг ирсний дараахан М.Энхболд Н.Энхбаяр нар ил тод уулзалдаж эхэлсэн нь С.Баярын эсрэг өргийг тохирсон байх тун магадлалтай юм.

Их тулааны өмнөх нам гүм үргэлжилж, парламент дотоод зөрчилдөө идэгдэн задарч байна. Хэрэв энэ задрал маш эрчимтэй ужгирч, үйл явцад нөлөөлбөл энэ хавар гэхэд ээлжит бус сонгуульд орох нөхцөл байдал бүрдээд бай­на. МАН АН-ын аль аль нь санаач­лагыг булаахын тулд ээлжит бусыг түрүүлж зарлах уралдаанд өөрийн эрхгүй татагдан орлоо.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив