Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ТЭВЧЭЭРИЙН САР
2011 оны 4 сарын 26 [Уншсан тоо: 36953]
Доромжлолын хариу

Тэвчээрийн сар доромжлолоор эхэлж байна. Эрх баригчид хариуцлагаа хүлээх үү, эсвэл ард түмэн хариуцлага тооцох чадваргүй ”үхээнц малнуудын сүрэг” гэсэн доромж нэр зүүгээд басамжлагдан доромжлогдсоор тарах уу? гэдгээ шийдэх. Хүмүүс олон цөөнийг нь хардаг, хэвлэл, мэдээллийн удирдлагууд бүгд эрх баригчдын тараасан мөнгөнд дээшээ хараад хэвтчихэж. Тахрирын талбайд 178 хүнтэй эхэлсэн. Одоо тэвчээр мэднэ.

Сүүлийн хэдэн жил шоролсон хашаа, гантиг сүүдрэвч, зэвсэгт морьтны хөшөөгөөр давхар хамгаалалт хийсэн цайзандаа хоргодсон, эрх мэдэл, эд баялгаа алдахаас айсан дээрэмчид хэр удаан тэсэх бол? Тэд яг энэ тулаанд удаан бэлтгэсэн.

Цайзанд хоргодсон торгон зангиатай, үнэт чулуун шигтгээт бөгж, алтан цагаар гангалсан тэднийг ядуу нүүдэлчид бүслэн буужээ. Үе үе нүүдэлчдийг довтлон хяддаг байсан торгонд хөлбөрсөн Хятадын хааны хотыг өсөрхсөн нүүдэлчид нэгдэхээрээ заналхийлдэг шиг. Нүүдэлчид хүрээлэн буугаад 20 жил дээрэмдсэн бүхнээ эргүүлэн өгөхийг шаардана. Бэлчээр нутгийг нь сүйтгэж, гол усыг нь таслаж, мал сүргийг нь хордуулсан этгээдүүд. Олон зуун жил ариглан хамгаалж ирсэн баялгийг нь хууран мэхэлж гадныханд худалдсан увайгүй худалдаачид, банкны бүх хадгаламжийг эзэгнэгч, бүх малыг нь барьцаанд авсан хүний мөсгүй мөнгө хүүлэгчид, авсан бүхнийхээ хариуд мөнгө эд баялаг амласан хоосон цэцэрхэгчид, завхай явдалтнууд ордныхоо хүнд модон хаалганы ард нуугдана.      
“Цайзны-хот улсынхны бөгсийг долоогчид” хир ханхлуусан, шивтэр үнэртүүлсэн бүдүүлэг морьтон-нүүдэлчид хэмээн үзэн ядаж, элдвээр хараан гутаав. Интернет дэхь сэтгэгдлүүдийг харвал яг тийм дүр зураг ажиглагдаж байна. “Монголчууд хар муухай хиртэй, ханхлах муухай үнэртэй...” гэж хийх ажилгүй төрийн албан хаагчид бичжээ. МНТ-нд ингэж хэлсэн Найманы Гүрбэсү гуа яалаа? Тэд Монголчуудыг ингэтэл үзэн яддаг, дорд үздэг гэж үнэндээ төсөөлж ч байсангүй. Ой гутмаар.

Энэ увайгүй гутаагчид бол эрх баригчдын татвар цуглуулагч-цөлмөгчид юм. Энэ олон арван мянган соруулаар дамжуулж эзэд нь нийгмийг ясанд нь тултал мөлждөг, бас дарлан зовоодог. “Түшмэдүүд нь нийтийг захирах засгийн эрхийг барьж, мөн албан татвар хураах эрх эдэлснээрээ нийгмийн дээр оршигч байгууллага болдог” гэж Ф.Энгэльс бичсэн байдаг юм. Энэ тайган луаа адил хүнд сурталт бэртэгчид өөрсдийгөө цагаан гартай ухаантнууд гэж бодож, ард түмнээ дорд үзэж байна. Өөрсдийг нь тэжээгч эрх баригчдыг унахаас эздээсээ илүү айж байгааг ойлгож байна аа. Нүүдэлчдэд бүслэгдсэн цайзынхан.

Магадгүй тэд айсандаа түрүүлж довтолно, хүч хэрэглэн хөөн тараахыг оролдож байна. Ер нь эрх баригчид л түрүүлж хүч хэрэглэдэг жамтай. Цагдаагийн Сайнжаргал ч билүү нэг нөхөр байх. 7 дугаар сарын 1-ны хэрэг явдлын үеэр Улаанбаатар зочид буудалд нэр бүхий хэдэн нөхрийн хамт хувьсгалын төлөө хундага тулгаж суусан этгээд, дараа нь тэдний нэгийг тагнуулынхан барьсан. Тэр “Гэрээ Зайсанд эсвэл Хонхорт барь” гэж байна. Цагдаа нар гэр оруулах гэсэн хүмүүсийг албаар өдөж сүвээ рүү нь чичиж байх юм гэнэ. Ядарсан авгайг замын цагдаа баривчилж байх юм гэнэ. Одоо нохойгүйд гахай хуцна гэгчээр замын цагдаа хүн барьдаг болж. Зам хаасан жагсагчид автобустай хүмүүёимйг явуулахаар зам нээхэд цагдаагийнхан дохиод явуулахгүй аминдаа их хорлож байна гэнэ ээ. Тэгээд нэг цагдаа далдаганаж гүйж ирээд жагсагчид та нарыг явуулахгүй байна, боль гэж хашгираач гэж байх юм гэнэ. Ийм шившигтэй юм гэж байх уу? Ингэснээрээ эрх баригчид төрийг жинхэнэ утгаар нь ард түмнийг дарангуйлагч зэвсэг болгон хувиргах замд түлхэж байна. Нөгөө сумаа тавиад унмаа нуухын үлгэр. Гэвч “Хүч хэрэглэгч нь шинэ нийгмээр жирэмсэлсэн аливаа хуучин нийгмийн эх баригч нь болдог. Эцэстээ хүч хэрэглэх явдал нь нийгмийн хөдөлгөөнд зам нээж, улстөрийн царцанги үхээнц хэлбэрийг эвдэхдээ ашигладаг зэвсэг болгон хувирдаг” гэж К.Маркс хэлжээ.

7 дугаар сарын 1-нд эрх баригчид хамтдаа гартаа цус атгасан огт өөр шинэ үеийг “эх барьж” авсан. Дараа нь шинэ нийгмээ өчүүхэн мөнгөөр хахуульдах гэж оролдсон. Ард түмнийг өөрсөдтэйгээ адилхан гэж бодож л дээ. Ердөө өнгөрсөн долоо хоногт эрх баригчид шинэ шорон барьж байгуулснаа баяр ёслолын байдалтай, сүр дуулиантай нээж байна. Эрүүл сэтгэлгээтэй нийгэмд шорон барьснаа баяр бахдал болгон зарладаггүй л юмдаг. Тэд солиорчихож. Шорон, цагдаагаар айлгах гэж байна.

2003 оноос иргэний хөдөлгөөнүүд яг 1990 оныхтой адил царцуу хүйтэн жавар дунд дуу хадаан мэндэлсэн. 2006 оны дөрөвдүгээр сард бүтэн сар үргэлжисэн сунжирсан тэмцэл зохион байгуулж байсан. 2008 оны 7 дугаар сарын 1-ний цуст мягмар гарагт ард түмний цус урссан. Энэ бүхний эцэст төрийн эрхийг эзэгнэгчид хөдөлгөөнүүдийг л буруутгах гэж оролдож байснаас “Юу шаардаад байна? Яаж засах вэ? Яавал илүү сайн, жагсаалгүй нийгэм бий болгох вэ? гэж бодоогүй. Хэрэв тэгж бодсон бол Ардчилсан хувьсгалаас хойшхи 20 жилийн бараг тэн хагаст өрнөж буй иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийн урт хугацаанд парламентын болоод Ерөнхийлөгчийн, орон нутгийн зургаан сонгуулийн хугацаанд асар их зүйлийг өөрчилж, сайжруулан засаж чадах байсан. Даан ч эрх баригчид үүнийг л хүсээгүй юм. Тиймээс В.Лениний хэлсэнчлэн “Урьдын бүх үйл ажиллагаа төрийн буруу машиныг төгс болгож байсан юм. Энэ машиныг эвдэх хэрэгтэй”. Яагаад гэвэл цайзад алуурчдаар хамгаалуулсан, аллагын захиалагчид нуугдаж байна. Зарим нь Понти Пилат шиг гараа усаар угааж ч байх шиг. Цайз хэр удаан тэсэх вэ?

Тэвчээрийн хэмжүүр


Гурван тал байна. Үүнд Нэгдүгээрт Засгийн газар. Хоёрдугаарт УИХ. Гуравдугаарт жагсагчид. Нөхцөл байдлыг шинжиж үзье. Танд ч өөрийн дүгнэлт бий байх.

Нэгдүгээрт жагсагчид аль болох тайван замаар бүслэлтээ аль болох удаан үргэлжлүүлэхийг хичээнэ. Бүслэлтийн хугацааг уртасгаснаар эрх баригчдад сэтгэл зүйн хүнд дарамт үүснэ. 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын сургамж бий учраас найдаж байгаа нь аль аль тал нь түрүүлж хүч хэрэглэх шийдэлд хүрэхгүй, чухам иймээс тэвчээр сорьсон сэтгэлзүйн бүслэлт бий болно. Ийм нөхцөлд довтолж байгаагийн хувьд жагсагчид сэтгэлзүйн анхдагч давуу талтай. Удах тусам эгнээгээ өргөжүүлэх нь тодорхой. Ядуурал, ажилгүйдэл туйлдаа хүрсэн учраас олон нийт нэгдэнэ.

Египтэд “Жасмин” бүслэлт 18 хоног үргэлжилсэн. Украйны “улбар шар майдан” ч сар хүрээгүй. Киргизэд өмнөд нутгаас Бишкекийг зорьсон жагсаал хагас сар үргэлжилсэн ч нийслэл дэх гэнэтийн өөрчлөлт “Алтан зул”-ын хувьсгалд хүргэчихсэн. Харин Монголд орон нутгаас хүмүүс аль хэдийн ирчихээд байна. Тэднийг явахын өмнө цагдаад бүртгүүлэхийг шаардсан нь яг коммунизмын үеийн арга барил. Ар гэрт нь дарамт үзүүлэх зорилготой байж ч болзошгүй. Орон нутгаас ирсэн 600 гаруй “нүүдэлчин” байнга байрлавал их хүч талбайд байнга байрлана гэсэн үг. Урьд өмнө хөдөлгөөнүүд ийм их хүчийг байнга байлгаж чаддаггүй байсан. Эрх баригчид өдрөөр ямарваа хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүй байх магадлалтай. Учир нь өдөр хүмүүсийн тоо шөнөөс дор хаяж хоёр дахин олон байх юм.

Өмнөх туршлагуудаас үзвэл эрх баригчид бүр тракторчдын тэмцлийн үеэс дандаа шөнөөр, үүрийн 04-05 цагийн үед гэр буулгах, машинаар дайрах, хүчлэн тараах ажлыг зохион байгуулдаг нь хэвлэл мэдээллийхнээс болгоомжилсон хэрэг. Өнгөрсөн жил 50 шахам хүнтэй талбайн тэмцэгчдийг нэг хүнд 5-6 цагдаа оногдохоор зохион байгуулсан ба ингэхдээ эмэгтэй цагдаа нарыг хүртэл дайчилсан байв. Тэд шигшмэл хүчээ жагсагчдын эсрэг хаяад олонхоороо Сүхбаатарын талбайг бүрэн бүслэж, гадаад орчноос таслахыг хичээдэг. Энэ харьцаагаар тооцвол дотоодын цэргийг л дайчлахгүй бол олон зуун хүнийг тараах хүч хотын цагдаад байхгүй.

Энэ удаад Сүхбаатарын талбайг бохирдуулж байна гэсэн шалтаг сэдсэн байна. Гэвч энэ ноцтой шалтаг биш. Нийслэл 1,35 сая хүнтэй. Хэрэв Сүхбаатарын талбайд үүний хамгийн бага бутархай 0.05 саяас олон хүн цуглавал эрх баригчид бууж өгөхөөс өөр гарцгүй. Нийслэл дээд тал нь хоёр мянган цагдааг байнга дайчилж чадна. Гэвч өдөр нь үүрэг гүйцэтгэж ядарсан цагдаа нар жагсаал сунжрах тусам ажиллах чадвараа алдана. Үүний зэрэгцээ 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа эрх баригчид шархадсан, үймээнд өртсөн цагдаа нарын нийгмийн асуудлыг шийдэхдээ хойрго хандсан тул тэдний итгэл үнэмшил илт суларчихаад байна.

Ямарваа томоохон тэмцлийн явцад үүгээр далимдуулж асуудлаа шийдүүлэхийг оролдох нийгмийн бүлэгүүд гарцаагүй идэвхждэг бөгөөд энэ нь асар олон шаарлага шахалтанд эрх баригчдыг унагах болно. Хэрэв асуудлыг шийдэхгүй бол тэд жагсагчидтай нэгдэж, хүчээ зузаатгасаар байх болно. Мөн урьд өмнө үйл ажиллагаа явуулж байгаад сарнисан хөдөлгөөнүүд сэргэх боломжтой. Бас улстөрийн намууд, магадгүй АН-ынхан үйл явцад жагсагчдын талыг баримтлах хандлага гаргавал парламент хүндхэн шахаанд орно.

Монгол дахь хувьсгалт өөрчлөлт амжилтад хүрэлгүй удсан шалтгаан бол гадаадын санхүүгийн дэмжлэг, оролцоо байгаагүйд оршино. Учир нь АНУ ч, ОХУ ч, БНХАУ ч өнөөгийн эрх баригчдад бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай байгаа. Чухам иймээс Монголын эрх баригчид гадаад нөлөөллөөс болгоомжлох шалтгаан байхгүй, гэхдээ дотоод дарамтыг хүндээр мэдрэх болно. Жагсагчдад сул тал бий, энэ бол санхүүжилт. Гэвч амжилт олох магадлал өсөхийн хэрээр санхүүжилтийн асуудал шийдэгдсээр байх болно.

Засгийн газар.

Ерөнхий сайдын тэвчээр хэзээ барагдах бол? Засгийн газар хоёр хүчний хавчилганд орох магадлалтай. УИХ өөрийгөө авч үлдэхийн тулд Засгийн газрыг золиосонд явуулах оролдлого хийж болзошгүй юм. МАНАН бол Засгийн газрын түвшинд бат бэх холбоотой байгаагаас бус парламентын түвшинд хэврэг.

Гол эрх баригч МАН-д дангаараа Засгийн газар байгуулах сонирхол асар их түгсэн байна. Ийм нөхцөлд гадны дарамт шахалтаар далимдуулж, Засгийн газраа огцруулаад дангаараа засаглахыг хичээж болзошгүй юм. Оюу толгойн гэрээнээс МАН ашиг олоогүй, учир нь С.Баяр хамгийн их эрсдэлээр гаргаж ирсэн залуу сайд ба АН-ын сайдуудад тулгуурлаж гэрээ хийснээс МАН-ын бусад бүлэглэл юу ч олж долоогоогүй. Тиймдээ ч МАН-ынхан хөөрхий Д.Зоригтыг далим л гарвал баалахаас буцдаггүй болчихож. Өөрөөр хэлбэл чаддагаа л дээрэлхэж байгаа юм. Гэтэл Таван толгой бол том бялуу. Оюу толгойтой харьцуулшгүй.

Тиймээс эрх баригчид улам бүр найдлагаа алдаж буй хүнд нөхцөлд Ерөнхий сайд, намын даргаа хадгалж үлдээд дангаараа засаглах хувилбар гарч болзошгүй байна. Хэдийгээр парламентад хүчтэй эсэргүүцэл гарч болох ч 45 суудал нь МАН-д дангаар засаглах эрхийг нь бүрэн баталгаажуулна. Эсвэл Ерөнхий сайдаа л өөрчлөөд, АН-ын тавыг хөөж, Засгийн газраа сольж болно. Энэ бол маш хялбар бөгөөд хуулийн шууд заалттай зам.

АН-д сонгуулиас өмнө МАНАН-гаас салахыг хичээж байгаа, үнэндээ бүр анхнаасаа хамрахыг эсэргүүцэж байсан 13-15 хүнтэй бүлэг бий. Тэд хүч султай ч бүлэглэл биш, хэрэв ЗГ-т хамтрагчид дангаараа тэднийг эсэргүүцвэл хүч тэнцэнэ. (АН-ын 12 + МАН-ын 45) гэсэн бүлэглэл тэднийг дараад байгаа болохоос.

Сү.Батболд тогтож үлдэхийн тулд намаа золиод АН-ын амлалтыг биелүүлэхийн тулд хувьцаа тараах шийдвэр яаран гаргасан байна. Нэгэнт эхэлсэн энэ ажил цаашид хэрэгжих нь тодорхой учраас АН-д Засгаас гарч, “Хамтарсан нэрээр гол амлалтаа биелүүлсэн зальжин сөрөг хүчний дүрд” тоглохыг санаархагчид давамгайлах болжээ. Гэтэл гол эрх баригч МАН-ын бэлэн мөнгөний амлалт хэрэгжих ямар ч бололцоо байхгүйг Сү.Батболд мэдэхийн цаагуур мэдэж байгаа нь 2012 онд МАН-д туйлын тааруу нэр хүнд авчирч байна, үүнээс гарах цорын ганц арга нь “дахин мөнгө амлахгүй байх гэрээ” авч энэ гэрээ ирээдүйд хэрэгтэйгээс өнгөрсөн амлалтад ямар ч нөлөө байхгүй юм.

Парламент


Одоо МАНАН-г торгоох цорын ганц шалтаг нь “Сонгуулийн хууль”. Гэвч МАН хоёр танхимтай парламент хэмээх “бараг хувьсгалч” санал дэвшүүлснээр АН-тай бүрмөсөн зөрчилдөж орхилоо. Сү.Батболд үүгээрээ гудамжны тэмцлийг “Ер нь л дэмжиж байгаа” гэдгээ харуулахыг зорьсон ба тэр эрх баригч аль ч бүлэглэлээс илүү “гудамжныхантай” ойр ажиллах замаа засаад байгаа юм. Тиймээс одоо гагнаас байхгүй. Магадгүй АН-ын дотор Таван толгой, төмөр замын төслөөс ашиг олох сонирхлын лобби хүчтэй явж болох ч дараагийн сонгууль хүртэл ганцхан жил үлдээд байна. Хэрэв АН Засгаас гараад ялбал бүхий л бялууг дангаараа хамах бололцоо бий юм. Бүр яарвал ээлжит бус сонгуулиар Засгийн эрхийг авах хувилбар илүү найдвартайг тооцохгүй байна гэдэг юу л бол.

Нэгэнт бүслэлтэд орчихсон л бол парламентад “Амь амиа бодоорой” гэж хашгирах хүн цөөдөхгүй. Ард түмний амлалтын нэхэл, хариуцлагаа хүлээх шаардлагыг цахдан эсэргүүцэгч хэн боловч дараагийн сонгуульд ялах магадлалаа алдана. Учир нь энэ удаад зөвхөн хотынхон биш орон нутгийнхан идэвхтэй оролцож байна.

Ийм нөхцөлд нам доторх өрсөлдөгчид нь идэвхжиж эхэлдэг нь жам. Сонгуульд дэвших боломжоо олж авахын тулд одоогийн гишүүдийг эрх баригч намууд дахь ҮЗХ болон МАН-ын бага хурлын гишүүд давхар шахах улстөр эхэлнэ. Засгийн газар жагсагчид ба парламентын бахинд орсон ч парламент өөрөө нэг их дээрдэхгүй нөхцөлд байгаа юм. Учир нь жагсагчид ба намын бахинд орохоороо парламентын дотоод зөрчил сэдрэх гарцаагүй. Ингэснээр популистууд түрүүлж тэвчээр алдана. Гэтэл намын дотоодоос ирэх дарамт шахалтыг парламентаас зайлуулж чадах харизматик удирдагч аль аль намд нь алга. Тиймээс парламент дахь бүлгүүд эд нэгдэлтэй байж чадахгүй, тэр тусмаа намуудын дарга нар өөрсдөө нэр хүнд муутай байгаа тул ар хударгаар нь нам дахь “ордны эргэлтэд” гарах магадлалтай байна.

Эрх баригчид нэг зүйлд их найддаг байсан нь цаг хугацаа. Яаж ийгээд жагсаалыг сунжруулж тараагаад наадам дөхүүлдэг заль хэдийгээр шалгарсан тактик авч энэ удаад жагсагчид өөрсдөө аль болох удаан бүслэлт хийхийг эрмэлзэж байгаа нөхцөлд найдваргүй. Хаа байсан 7 дугаар сарыг хүртэл эрх баригчид тэсч чадна гэж үү?

Нөгөө талаас жагсаал зохион байгуулагчид асар их туршлага хуримтлуулсан байна. Өмнөх бүх алдаа дутагдлаа шүүн тунгаасан тул энэ удаад нарийн зохион байгуулалттай тэмцэл эхлүүлжээ. 21 дүгээр зууны бүхий л өнгөт хувьсгалын үр дүн, үйл явцыг мэдэж байгаа нь, яг тэдгээр хувьсгалуудтай зэрэгцсэн ужгирсан урт тэмцэл хийж ирсэн нь томоохон давуу тал юм.
Эдийн засгийн нөхцөл байдал
 
 Жагсаал цуглааны томоохон хүчийг талбайд гаргалгүй бараг сар шахам барьсан нь эрх баригчдыг төөрөгдүүлэхээс гадна эдийн засгийн шалтгаантай байсан юм. Египтийн хувьсгалын дараа, Ливийн хэрэг явдал өрнөхөд Азид, ялангуяа өмнөд хөршид эдийн засгийн хүндхэн асуудал тулгарах учиртай байв.

АНУ тэртээ 1960-аад оны сүүлчээр Японы иенээр дамжуулж яаж дарж авсан тэр л аргаараа Хятадын өсөлтийг хазаарлахыг оролдож байна. Юанийг бүрмөсөн чөлөөлөхийн тулд шаргуу шахаж, юань долларын ханшийн зөрүүгээс Хятадын мэдэлд буй засгийн газрын үнэт цаасаа үнэгүйдүүлэхийг хичээж байна. АНУ асар их хэмжээний долларыг нийлүүлж, хямралаас гарахыг чармайж байна. Лав л АНУ-ын төлөөлөгчийн танхимд хэрүүл болоход 3 их наядыг нийлүүлснээс хагас их наядыг хааш нь хийв? гэсэн асуултад АНУ-ын холбооны нөөцийн захирал шуудхан “мэдэхгүй” гэж хариулж байна.

Ойрхи Дорнодын хувьсгалууд ялангуяа нефть олборлогч орнуудаас гадна нефть зөөх гол замын дагуу гарч буй хувьсгалууд нефтийн үнийг гарцаагүй өсгөх юм. Ямар боловч Хятадад инфляци нүүрлээд байна, хэрэв Хятад дахь инфляци эдийн засагт нь нөлөө үзүүлэх хэмжээнд хүрвэл Монголд ч таагүй нөлөөлж, бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь гарцаагүй юм. Гадаад худалдаа, ялангуяа өргөн хэрэглээний барааны импорт өмнөд хөршөөс 70 гаруй хувийн хамааралтай. Ази тэр чигээрээ нефтийн үнээ өсгөж байхад ганцхан Монгол л нефтийн үнээ 50 төгрөгөөр буулгаж байгаа нь Монгол шиг ядуу, жижигхэн, хараат эдийн засагтай орны хувьд гайхалтай л үзэгдэл гэдгийг хэн ч анзаарахгүй байна.

Сү.Батболд нефтийн үнийн өсөлтөөс яг ийм шалтгаанаар айж байсан, тиймээс дэлхийн нефтийн зах зээлээс харьцангуй бага хамааралтай, Оросоос 90 гаруй хувийн хамааралтайгаа ашиглаж инфляцийн эсрэг арга хэмжээ авч, татварын зохицуулалт хийснээр суурь үнийг буулгахыг чармайж байна. Гэвч хариуд нь Оросоос хараат нөгөө нэг бүтээгдэхүүн цахилгааны үнийг өсгөчихлөө. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн нэг халаасанд жаахан мөнгө хийгээд нөгөө халааснаас нь цөм хулгайлчихаж байна юм даа. Үүнийг манай эдийн засагчид анзаарахгүй байгаа нь гайхмаар. Машинтай хүмүүсийг дэмжээд машингүй тэр тусмаа цахилгаан хэрэглэдэггүй ганц ч өрхгүй хотынхноос мөнгийг нь дээрэмдчихэж байна. Цахилгааны үнийн өсөлт үйлдвэрлэгчдэд эхлээд хүндээр тусна, тиймээс мань эр жижиг дунд үйлдвэрлэгчдийг үхэхээс нь өмнө нэг эргэчихье гэж байх шив.

Яаж ийгээд тэсэхийг хичээж л байна л даа. Энэ тэсвэрийнх нь золио яаж тусах бол, ард түмэнд. Наад зах нь өнөөдөр “Эх орны хишиг” иргэн бүрт өгөх 21 мянган төгрөгийн эх үүсвэр байхгүй. Гэтэл Засгийн газар шатахууны татварт хөнгөлсөн өөрчлөлт хийж байна.

Ноднин Сангийн сайд С.Баярцогт 800 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд тараахаар төсөвлөсөн ч 500 гаруй тэрбумынх нь эх үүсвэр байгаагүй юм. Өөрөөр хэлбэл байхгүй мөнгийг тараахаар амласан. Одоо их сайндаа байгаа 300 гаруй тэрбумаа тараагаад дуусгачихсан.

УИХ энэ байхгүй эх үүсвэрээ тодотгохыг шаардсан ч хуулийн хугацаагаар зөрүүлээд шахчихсан. Тодорхой хэлбэл УИХ төсвийг хугацаанд нь батлаж чадахгүй бол тарах тул С.Баярцогт цаг хожсоор УИХ-аар ”байхгүй мөнгийг өгөх” төсвийн хууль батлуулсан. Засгийн газар УИХ-ыг молигодож чадах ч бодат байдлыг яаж ч чадахгүй. Эцсийн мэх нь “Бэлэн мөнгө амлахгүй” гэсэн гэрээгээр далимдуулж, өмнөх амлалтаасаа буцах арга саам хайж байна. 

Төсөв батлаж чадахгүй бол тарах ёстой УИХ худлаа төсөв батласныхаа төлөө ямар хариуцлага хүлээх вэ? Энэ бол цэвэр эдийн засгийн асуудал. Гэхдээ нэг л өдөр 21 мянгыг өгөхөө зогсоовол улстөрийн асуудал болж хувирна. Магадгүй ЗГ өөрийн мэдлээс салгаагүй Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалыг цацчихаж болзошгүй. Ийм оролдлого хийсээр, түүнийг МҮЭХ эсэргүүцсээр байна. Ингэвэл Монголчууд өнөөдөр 21 мянгыг авахын тулд ирээдүйгээ бүрмөсөн баллана. Гэтэл ирээдүйгүй эрх баригчид өнөөдөр тогтож үлдэхийн тулд юу ч хийхээс буцахгүй байгаа нь хамгийн аюултай.

Эрх баригчид тэсч үлдэхийн тулд сүйдсэн улстөрийн системээ аврахын тулд эдийн засгаа, тэр тусмаа иргэдийн амин чухал аюулгүй байдлын баталгаа болсон сангуудыг сүйрүүлбэл тэр олигархууд яах ч үгүй л дээ, харин ядуу ард түмэн сүйрэх болно. Ийм нөхцөлд тэгээд тэмцлээ үр дүнд хүргэх гэж тэсэхээс биш эрх баригчдын мөнгө өгөхийг хүлээж тэсэх ямар ч утгагүй болж байгааг эрхбиш ойлгож байгаа байлгүй дээ. 
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив