Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЯДАЖ ИШЛЭЛ ХЭРЭГЛЭЖ СУРААСАЙ
2011 оны 5 сарын 9 [Уншсан тоо: 52024]
Мунхагийн мэргэн санаа

Ахиад л давтая, хувьсгалыг үгүйсгэгчид ээ. Наад Марксист формацийн онолоосоо салаач ээ. Яахав хуралдайн эсрэг пиар хийж байгааг ойлгож л байна л даа. Гэхдээ пиардаж байгаа нь энэ гэж өөрсдийнхөө тэнэгийг гайхуулах хэрэгтэй байна уу?  Номынх нь орчуулгыг сөхөж харах нь байтугай нэрийг нь саяхан сонссон нусгайнууд хүртэл Карл Марксыг зүхээд л...

Эхлээд хувьсгал ялбал буцаад коммунизмд орох тухай ХХI зууны хүн ичиж үхэм дүгнэлтийг залруулъя. Монгол XX зууны эхээр К.Марксынхаар феодалын байгууллын шатанд явлаа, колонийн дарлалд “нэрвэгдсэн”, мөхөж буй үндэстэн байлаа. Ажилчин ангигүй Монголд МАН “ялсан пролетарийн орны сэтгэл харамгүй тусламжаар хувьсгал хийхэд, цаадуул нь колонийн дарлалаас “ангижруулаад” зогсохгүй, “капитализмыг алгасуулж социализмд хүргэсэн” юм. Нэгэнт ажилчин ангигүй учраас тунхагийн “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн” гэсэн төгсгөлийн уриаг Монголжуулж “Орон бүхний үгээгүйчүүд нэгдэгтүн” болгон өөрчилж байв. Агуулгын хувьд пролетарийг үгээгүйчүүд гэж орчуулсан нь гинжнээсээ өөр алдах юмгүй гэдгээрээ дүйж байна. Энэ алгасуулалт нь Лениний засвар болохоос Марксын онол биш, тэгээд ч хувьсгалаас арваад жилийн дараа Монгол ЗХУ-ын хараат тоглоомын БНУ болсон. Онолын хувьд малчдын улсад шууд эвхамтыг байгуулах бололцоогүй тул 1924, 1940 оны Үндсэн хуулинд шууд коммунизм байгуулах зорилт тавиагүй, 1960 оноос л тусгасан, төрийн дууллынхаа үгийг ч яг энэ онолоор өөрчилж “Зөвлөлт түмэнтэй заяа холбож, Дэвшилт түмэнтэй санаа нийлж, Хандах зүгийг баттай барьсан, Мандах коммунизмыг цогтой зорьсон” гэж өөрчилсөн юм. Энэ үгийг Ц.Дамдинсүрэн гуай зохиогоогүй, автор нь В.Ленин, түүний үгийг яруу найргийн хэлбэрт оруулсан хэрэг. Ц.Дамдинсүрэн гуай “Тусгаар улсын төрийн дуулалд гадаад орны тухай оруулах нь зохимжгүй хэрэг” гэж хэлээд буруудаж байсан, бас Ц.Навагчамба агсан яг энэ үндэслэлээр малчдын каленпдарийг зохиохдоо төрийн дууллын энэ бадгийг хасаад Дундговь аймагт бригадын тоо бүртгэгчээр 27 жил цөлөгдөж байсан юм.   
Энэ туршилт зөвхөн Монголд ч хэрэгжсэн юм биш, Хятадад ч амжилттай хэрэгжсэн, харин Мао ажилчин ангигүй учраас тариачдын бүслэлтийн тухай онол дэвшүүлээд ялж, коммунистуудад “ревизионист” гэж хараалгаж, барууныхнаас “тариачны хаан” цол хүртсэн. В.Ленин Монгол, Хятад, Перс, Афганд хувьгал экспортлох санаатайгаа хэлсэн байдаг юм. 

1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол жинхэнэ утгаараа бие даасан улс болохдоо, алгассан капитализм руугаа буцсан юм. Өнөөдөр хувьсгал ялбал Карл Марксыг гүнзгий ойлгоод байгаа нөхдийнхөөр буцаад коммунизм руу биш феодализм руу орох учиртай болж байна. Коммунизм бол хүний нийгмийн хөгжлийн дээд шат гэдэг нь лав л Монгол дахь 70 жилийн туршилтаар батлагдаагүй. Монгол “ялсан пролетарийн орны тусламжаар хэрхэн хөгжиж буйг Ази, Африк, Латин Америкийн орнуудад харуулах шилэн тавиур” биш болсон.

Өнөөдөр коммунизм дэлхийн системийн хувьд байхгүй, тиймээс байхгүй нийгэмд орохгүй. Формацийн онолоор хүний нийгмийн хамгийн сүүлчийн хоёр шатанд дэвшихэд хувьсгал хэрэгтэй. Эхнийх нь хөрөнгөтний хувьсгал, хоёр дахь нь пролетарийн хувьсгал. Хувьсгалуудыг гардан хийгч энэ хоёр анги бол эвлэршгүй (антогонист) зөрчилтэй, тиймээс диалектикийн хуулиудаар жишээ нь “эсрэг тэсрэг, нэгдэл тэмцлийн хуулиар” нийгмийн дэвшил бий болох ёстой. Тэр ч байтугай зарим засварлагчдынхаар социализмаас коммунизмд бас алгуур шилжих учиртай. Үүнд социализмын материал техникийн бааз хэрэгтэй.

Феодализмаас цааш хүй нэгдэлд орохын тулд хувьсгал хийх шаардлагагүй юм аа. “Хонь нь хүнээ идээд эхлэхээр капитализм бий болсон” гэдэг юм л даа, харин хүн нь хонио идсээр байгаа Монголд одоо яадаг юм. Үүнийг ер нь ойлгож байна уу? Мэддэггүйд эрээн цоохор гэгчийг нэмчихэв үү? Энэ тухай ХХ зууны эцсээр Монголын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангид “Нийгэм судлал”-ын хичээлээр заадаг байсан юм шүү дээ, өнөөдөр юу заадаг юм бүү мэд.

Тиймээс “хувьсгал” гэдэг үгийг өөрөөр ойлгоцгоо, “Тунгаан бодоцгоо, та минь”. Загалмайтны аян дайны үед исламынхны эсрэг дайлаар мордсон бүдүүлэг рыцариуд боловсролтой барон болоод буцаж ирж байсан гэдэг юм, тиймээс ийм маргаан боловсроход хэрэгтэй учраас хөгшин залуу, мэдэх мэдэхгүй төрмөл Марксистууд үүнийг уншаад өөрсдөө тунгаан бодоцгоо. Улстөрийн онолын мэдлэг бясалгалаар, эсбөгөөс сайтар бодсон сийрэгдүү толгойн оюун дүгнэлтээр баяждаггүй юм. Энэ онолууд хүн төрөлхтний олон зууны оюуны өвд үндэслэсэн байдаг.

Яг үнэндээ юм ойлгодог хүнд бол онолын хувьд Марксистууд нь та нар болчихоод, тэгээд Марксизмаа муулаад амьтны доог болоод байна. “Хувьсгал заавал нийгмийн өөр шатанд аваачдаг гэж бичиж буйгаараа өөрсдийгөө шижир Марксист болохоо илчилснээ” ойлгож байна уу? Гэтэл бүх өнгөт хувьсгалууд, сүүлийн үеийн цэцгийн хувьсгалууд ялсан оронд юу юугүй коммунизм байгуулаад унахгүй л байгаа биз дээ.

Элэрсэн баларсан Марксизмаар бид яах юм гэж бодож эхэлж байна уу, тэгвэл хүн төрөлхтөний нэг зууны түүхийг өөрчилсөн “энэ муу” Марксизмыг судлахгүйгээр улстөрийн “нийтлэл” /уг нь нийтлэл бол сэтгүүл зүйн хамгийн уран сайханжсан төрөл зүйл, би лав нийтлэл тун цөөн бичсэн дээ, голдуу өгүүлэл л бичдэг ухаантай, гэтэл нийтлэл бол сэтгүүл зүйн оргил гээд ойлгочихсон хүн харамсалтай нь олон байна/ бичиж, нийтлэлч болж онигоо болж болохгүй шүү дээ, ядаж бичиж байгаа бол түүндээ хариуцлагатай хандаж ном сөхөцгөө, та минь. Ингэлээ гээд солиотон болохгүй. Ардын үлгэрт царцаа Намжил харсан бүхнээ цээжилсээр байгаад яадаг билээ?, ядаж тийм хувь зохиол та нарт оногдохгүй.

Та нарын бичиж байгаа чинь, хэрэв сонссон бол 100 жилийн өмнөх рабфакийн боловсролтой З.Шижээ, Ө.Бадрах нарын хэлж бичиж байсантай, наад зах нь “Баруун бөөрөнхийчүүд лугаа тэмцсэн түүх”-тэй нь харьцуулах юмгүй ядуу юм. Пролетарийг үгээгүйчүүд гэж орчуулсан тэр хэмжээнд хүрэхэд ч хэтэрхий хол байна. Ингэснээрээ та нар манай үеийн оюун санааны үхширлийг л нотлож байна. Өнөөдөр либералууд ч, ногоонтнууд ч, социалистууд ч Марксыг судлаж байна. Марксизм чинь нөгөө фашизмыг бодвол бараг л төгс онол, фашизм хэдийгээр Марксистуудыг үзэн яддаг ч өөрөө эндээс л үндэслэсэн салаа мөчир.
Та минь, өнөөдөр XXI зуун, тиймээс өөрийгөө ядаж найм төгссөн бүрэн бус дунд боловсролтой гэж боддог хүн л саяхан өнгөрсөн ХХ зуунаа мэддэг байх ёстой юм шүү дээ. Гэхдээ Марксизмыг өмөөрч байна, яааг Марксист гэж мушгиж хэрэггүй, зүгээр л та нарыг бодвол Марксизмыг ядаж уншсан гэдгээрээ л дээрэлхэж байгаа минь энэ.

ХХ зуун бол өнөөгийн “элий балай шоучдын” ХХI зуунаас хавьгүй илүү гэгээрсэн зуун, мэдээж дээд ангийнханд хамрагдах цөөнхөд энэ гэгээрэл хамаатай байсан ч гэсэн. ХХ зууны дэлхийн оюуны элитүүдийг зуун жилийн дараа төрснөөрөө далимдуулж, ХХI зууны дурын пиавчид нулимж болж байна уу, үгүй юу.

Ний нуугүй хэлэхэд “Хувьсгал, Марксизм хоёрыг холих” боловсролгүй олонхид нөлөөтэй, зальжин санааг Баабар л гаргах шиг болсон. “Энэ чулууг авчрах тэнхээтэй амьтан Далайцэрэнгээс өөр баавгай ч байхгүй...” гэдэг шиг. Гэтэл бусад нь сохор нохой дүйвээнээр гэгч болж баларч байна. Харин цаадахь нь хавьтуулахгүй боловсролтой учраас эднийхээ ингэж баларч байгааг хараад ичиж байгаа байх. Даан ч наадуул нь Баабарын бичихгүй байгааг анзаардаггүй ээ, дүлийдээ найдаж унгараг гэгчээр Марксизмын мэдэхгүй байх тусмаа зоригтой бутниргэж байна гэж бодоод өмнүүр нь л агсамнаад байх юм. Дорнын үгэнд “Нялх тугал бараас айхгүй” гэдэг. Ядаж эхлээд Баабар бичээд дараа нь Баабараас ишлэсэн бол ийм доог тохуунд орох ч үгүй, яагаад гэвэл Баабар онолын болоод логикийн алдаагүй дүгнэлт хийж чадна. Ядаж Баабарын ишлэснийг өөрөө олсон шиг ишлээд явбал арай л ончтой байхсан. Гэхдээ хамгийн ноцтой нь ийм ичгүүртэй доромж байдалд орсноо ойлгож байна уу, үгүй юу гэдэгт л асуудал бий дээ. Мунхагийн мэргэн санаа гэж.

Хэрэв Б.Даш-Ёндон, судлаач Д.Ганхуяг, Д.Чулуунжав нарын ланжгарууд шүүмжилсэн бол би дуугаа хураана. Судлаач Д.Ганхуяг урьтаж хараад энэ сэдвээр ланжгар өгүүлэл бичсэн. Түүнээс ишлэе. “Манай “аваргууд” социализмаа урагш нь “хөөвөл” их л сайндаа Сталинизм-Ленинизм-Марксизм “хүргэнэ”. Ингээд социализмыг К.Маркс “зохиосон” хүртэл яваад л “цэнэг” нь дуусна. Ингээд бас “зүгээр” байж чадахгүй ээ. Марксыг “хараана” гэж жигтэйхэн. Сэтгэдэг ямар ч хүн, дайснууд нь хүртэл одоо болтол түүнийг харааж зүрхлэдэггүй юм ш дээ…” Гэтэл би Ганхуяг ахыг “шоолж” байсан, манайд Маркс хүрэх амьтан ховор, юунд ингэж байдаг юм гэж. Гэтэл үгүй юм байна аа.

Олон “нийтлэлч” Америк онолгүй хөгжсөн юм аа гэж мэдэмхийрэх байх. Гэвч тэнд онол бол боловсролтой элитийн ажил, массд ямар ч хамаагүй, харин манайхан АНУ-д очоод байх ёстой түвшиндээ очиж нийгмийг нь хараад “прагматикаар хөгжинө” гэлцдэг болж. Пицца зөөсөн туршлагаараа улс хөгжүүлж болох уу?

Хоёр “Э”-д онол хэрэггүй

Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын бие хүний, бүр хувь хүний \энэ ойлголтууд ч бас их ялгаатай\ талаар муулахад онол хэрэггүй. Тиймээс муулцгаа. Гэвч “Улстөрчид сайн, муу реклам гэж байдаггүй, реклам л гэж байдаг” гэдгийг бодоход гэмгүй. Н.Энхбаярын пиарыг МАХН, М.Энхсайханы пиарыг АН л хариуцан хийдэг биз дээ. Эднийг хүчирхэг явсан цагт сүү долоосон хав шиг байсан амьтад өнөөдөр хавны зогдор хийсгэн ханхалздаг болж. Яг “Тунгалаг тамир” киноны Галсан шиг.

Бид Н.Энхбаярыг “тогтолцооны золио” болоод дуусна гэж бичдэг байсан, тэр ёсоор л болсон. Өнөөдөр тэр нөхөр тогтолцоогоо эсэргүүцэж байна. Ар өврөөр бичиг цаас бариад алийгаа алдаж, хоёр “Э”-г муулуулах гэж явсан адгийн шаарууд өнөөдөр шар жавьтай ангаахайнуудыг турхирч, бүгдээрээ нийлчихээд хүний олноор барих гэж байх шив. Яасан баатарлаг амьтад вэ?

Баатарлагаа нотлохын тулд тэмдэг зүүх хэрэггүй л дээ. Н.Энхбаяр тэднийг жигшихдээ “бөгс долоогчид” гэсэн байна билээ. В.И.Ленин тийм сэхээтнүүдийг “баас” гэсэн юм. Та нар бол ердийн бюргер, Л.Гумилевын бичсэнээр “хотын бэртэгчин нүүдэлчин бэртэгчин хоёрт ямар ч ялгаа байхгүй”.

Өнөөдөр бидэнтэй Н.Энхбаяр нийлж байна, өчигдөр М.Энхсайхан нийлсэн, маргааш авчилгачдыг цочоогоод гэмт хэрэгтэн болох гэж байгаа Ш.Сайхансамбуу нийлнэ, магадгүй нөгөөдөр Ц.Элбэгдорж нийлнэ. Хувьсгалын зорилго бол болохгүй байгаа, өөрчлөгдөхгүй байгаа тогтолцоог өөрчлөхөд, нэн даруй, маш хурдан өөрчлөхөд байдаг болохоос хувь хүний өс хонзонгийн асуудал биш. Олонх нь асуудалд хувь хүний хонзонгоор хандаж байна, уг нь зарчмаа баривал салж, нийлэх нь тийм ч ноцтой асуудал биш. Өчигдөр Н.Энхбаярын хамгийн заналт дайсан байгаад өнөөдөр хамтрагчид чухамхүү зарчим дээрээ байгаа учраас уулзаж чадаж байна. Харин “тэд” чадахгүй.

Анархизмын тухай богинохон

Саяхан нэг өгүүлэл уншиж байтал хуралдайнхан “дэвшилтэт” сэхээтний дэмжлэг авсангүй гэсэн гоморхол байна. “Дэвшилтэт сэхээтэн” гэдэг томъёолол чинь “коммунист үзэл суртлаар дүүртэл тархиа цэнэглэсэн сэхээтний давхарга” гэсэн агуулгатай юм шүү дээ. Өнөөдөр тийм “дэвшилтэт” сэхээтэн Монголд үзээд өгье гээд байхгүй.

Бас сүүлийн үед муусайн “анархистууд” гэж их агсардаг болж. Коммунист засаглалын жилүүдэд сахилгажих найдваргүй этгээдүүдийг бүдүүлэг ардууд “анархист” хэмээн муулдаг байсан. “Засаггүй” гэсэн үгнээс гаралтай анархизм нь аливаа төрийг эсэргүүцэх агуулга бүхий цогц сургаал болно. Улстөрийн онолыг ном тавиад унших ширээ гэвэл дөрвөн хөл нь социализм, либериализм, консерватизм, анархизм дөрөв л юм шүү дээ.

Ахиад судлаач Д.Ганхуягаас ишлэе. Үнэхээр оновчтой хялбарчлан томъёолсон тул хэд ч ишлэхээс ичих юм алга. “...Тэгэхлээр “изм” ярихын тулд тэрнийгээ хаанаас гарч, ямар, ямар хувьсал дамжсаныг мэдэх ёстой. Наад зах нь гүн ухаан, улс төрийн сэтгэлгээний түүх заавал мэдэх шаардлагатай. Энийг мэдэх нь байтугай шагайж харсан ганц ч хүн манай “-измчдийн” дунд байхгүй. Хэрэв хэдхэн хүн нийгмийн баялгийг дагнан эзэмшээд олонхио хэт шулан мөлжөөд байвал социализм нь “мундаг” болно. Харин нийгмийн баялгийг тэгшитгэн тараагаад хувь хүний идэвхи, ялангуяа өмчийг үл ойшоовол либерализм нь “мундаг” болно. Эсвэл нийгмийн өөрчлөлтийг хэт хурдан хийгээд “эвдчих” гээд байвал консерватизм “мундаг”, хэрэв төр нь хэт дарангуйлаад “зовоогоод” байвал анархизм “мундаг” болон гарч ирнэ. Биднийг анархист гэж “буудаад” ядаж банзанд оносон хүмүүст баяр хүргэе. Наад анархизм чинь маш энгийнээр тайлбарлахад Оросод “Төр бол дарангуйлагч аппарат” гэдэг хүртэл Ленинизмтэй нийлээд “Пролетарийн диктатур”-аас эхлээд салчихсан үзэл санаа. Өнөөдөр ч улстөрийн хүчтэй онол хэвээрээ...  Хүн аймаар үзэл биш, ядаж туршигдаагүй учраас коммунизм, фашизм хоёроос л дээр.

“Анархист” гэдэг үг коммунизмын үед хараал байсан бол өнөөдөр ерөөл болсон байгаа биз? Тиймээс улстөрийн “нийтлэл” анхлан бичигчдэд зөвлөхөд ойлголтоо зөв тогтоо, тэгэхгүй бол бичиж байгаа бүхэн чинь, ялангуяа Марксизм, анархизм хоёрыг дурдахаар яг эсрэгээрээ ойлгогдохоор болчихоод байна. Тиймээс ядаж эднийг тойрчих ухаантай баймаар юм. Хэрэв гадны судлаач уншаад танай шилдэг “публицистууд” ийм юм бичдэг ямар хачин юм бэ? гэвэл одоо юугаа хэлж, хуйхаа мааждаг билээ?

Нуршихаас айлгүй зөвлөх нь миний үүрэг гэж бодлоо, тэгэхгүй бол цаашид “сэтгүүл зүйн салбарын” улстөрийн “нийтлэл” гэгчид хамаарагдах бичлэгүүд “нийтлэл” төрөл зүйлээсээ хэтэрхий холдож жулдаад, уртхан сэтгэгдлийн хэмжээнд хүрэх нь, тун удалгүй мэдээ бичдэг сэтгүүлчээс “нийтлэл” гэгчийг бичигчид олон болох гээд байна. Энэ нь ядаж бусад алдаршсан нийтлэлчдийн нэр сүрд хохиролтой биз дээ, лав л намайг “нийтлэлч” гэх болжээ, гэвч би хувьдаа улстөрийн хэллэгийн сонголт нь агуулгаа эсэргээр эргүүлчихдэг амьтадтай нэг зиндаанд очмооргүй байгаа учраас “нийтлэлч” гэж нэрлүүлэхээсээ ичиж үхэх нь. Нийтлэлч гэгдэгчид жинхэнэ галзуу, солиотой амьтан гэсэн үг болж байна.

Өмнөх өгүүлэлдээ К.Маркс, Ф.Энгельс, В.Ленинээс зориуд ишлэсэн юм. Нуулгүй хэлэхэд ишлэхийн тулд В.И.Лениний хамгийн сүүлд Монгол хэлээр хэвлэсэн 12 ботиос наймдугаар ботийг л шүүсэн. Энэ ботийг гаргахын тулд өмнөх 33 ботийг шүүгээд тэр үеийн МАХН-ын ТХ-ны дэргэдэх нийгмийн ухааны институтын урдаа барьдаг эрдэмтдийг ЗХУКН-ын дэргэдэх Марксизм-Ленинизмын институтын зардлаар Москвад хоёр сар гэр бүлээр нь байлгаж байгаад бүхий л онолын ойлголтуудыг цэгцэлж, шүүж, орчуулж, хянаж гаргасан юм билээ. Энэ ботид зөвхөн Марксизм-Ленинизм ч биш, улстөрийн үй олон үзэл санааны зөрчил, ойлголт, тэмцэл, шүүмж туссан байх. Ишлэл олохын тулд ямар ботийн хэддүгээрийг үзэх ёстойгоо мэддэг байх нь л өнөөдөртөө сүрхий боловсрол юм байна гэдгийг сая л ойлгож байх чинь. Черчилль хэллүү, “Боловсролгүй хүнд ядаж ишлэл хэрэглээд сурчих нь их том ололт юм даа” гэж. Дорнын зан гаргахад нээрээ том ололт байна шүү. Гэхдээ зөв ишлэсэн тохиолдолд. Дашрамд Монгол ойлголтоор уг нь “эш” нь онол, “онол” нь практик юм. Тиймээс “эш” татна гэдэг “онолын баталгаа авна” гэсэн үг. Орчин үед бүх зүйл их л хөнгөн болсон тул тэр тогтсон тааллыг барьж байгаа шүү.

Монголчууд коммунизм байгуулахаар 70 жил ханцуй шамлан үзсэн хэрнээ “Капитал”-ыг бүрэн эхээр нь уншсан хүнгүй шахам явж байсан юм билээ. Коммунист намын дээдэд суралцагчидын олонх “Капитал”-ыг хамгийн сайн учраас Н.И.Бухарины, эсвэл манай эрдэмтэн С.Төмөр-Очирын товчлолоор уншиж байсан гэдэг. Гэтэл өнөөдөр улстөрийн онолыг тулга тойрсон хэрүүлд хольдог хүн хэтэрхий олширч. Ядаж товчлол уншсан хүн алга, номын сурахгүй ч номхоныг нь сурдаг байсан үе өнгөрөөд номыг нь ч номхоныг нь ч хаясан эрин үе залгачихаж.

Дүгнэхэд хувьсгал тохиолдол бүрт ялдаггүй, ялаагүй хувьсгалын үй олон жишээ байна. Гэхдээ хувьсгал л гэдэг юм шүү дээ. Ийм тэмцэл цаашид байнга үргэлжлэх болно, энэ бол үзэн ядаад байх муу юм биш, хэрэв харгислан дарвал мэдээж түүхийн жам ёсоор диссидент-өөрөөр сэтгэгчид нууц байдалд орно уу гэхээс зогсохгүй.

Сүхбаатарын талбайд морьтой орлоо гэж муулагчид Тахрирын талбайд тэмээтэй орж ирсэн бедуйнчуудын талаар сонсоогүй байж таарна. Лалын орнуудад болж буй хувьсгалыг “бичиг үсэггүй бүдүүлэг амьтдын тэнэг үйлдэл” гэж байгаа хүмүүс Мисирийн ард түмэн дэлхийн хамгийн эртний төр улсыг цогцлоогч гэдгийг мэдэхгүй байна. Ядаж л их эртний бичиг үсэгтэй гэж цээжээ дэлдэгчид Монголчууд монгол бичгээ Арамейгаас /Сириэс/ согдоор дамжуулж авсан гэдгийг мэдэхгүй байна. Хамгийн гол нь улс орныг туйлдуулан, түүхий эдийн бааз болгогч шинэ колоничлогчид /зарим твиттерт неолиберализм гэж томъёолжээ/ манай эрх баригчдыг хэрхэн худалдан авч буй харахгүй байна. Нийтээрээ боловсролгүй, хүн сүргийн махкомбинатын ямааг сургагчид болсон Монголын тархи угаагчид эцсийн дүндээ улс орноо “хүрэл-зэсийн үед” аваачих гэж байгаагаа харин мэдэж байгаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив