Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ИЙМ ТӨЛӨВ БАЙНА
2011 оны 5 сарын 18 [Уншсан тоо: 35728]
Сүүлийн хагас жил Э.Бат-Үүл, Л.Гансүх гэдэг хоёр гишүүнтэй нэлээд маргав. Үүлтэй хийсэн маргаан аятайхнаар барахгүй ашигтай байлаа. Үүлийг авилгаар байшин авлаа гэж бичсэнгүй, төсвөөс хулгай хийж үнэтэй машин уналаа гэсэнгүй, эх орноо зарж баяжлаа ч гээгүй,  зүгээр л хувьсгалын тухай, мөн Марксизмыг хэрхэн ойлговол зохих талаар сайхан буу “халлаа”. Мэдээж Үүлд хувьсгалч хүний гол шинж чанар “үхтлээ бууж өгөхгүй” гэх санаархал илэрхий байна.

Дунд нь зарим нэг хүний нэр хавчуулагдсаныг эс тооцвол ядаж л хагас буман уншигчдаа хараадаг, ерөөдөгтэй нь унших юмтай байлгалаа. Үүл чухам хэнд хаяглаж байсан юм бүү мэд би лав Үүлд л хаяглаж бичиж байлаа. Гэтэл зарим нь надад л бичсэн “хайрын захиа” гэж сүүтэгнэж онигоо болж байна. Нэр цэвэр улстөрч ондоо, хэрэв нэг хэв шинжит авилгач байсан бол нөгөөх шиг нь идсэн уусан, булай муухайгаа дуудалцаад, шүүх цагдаадаа тулаад хөгийн юм болохгүй юу. Тиймээс Э.Бат-Үүл гишүүнд талархаж буйгаа юуны өмнө илэрхийлье. Цаашдаа Марксизмын талаар хэтэрхий олон бичвэл ухамсар нь төлжиж буй залууст хортой, хуучинсаг коммунистуудад олзтой тусаж мэдэхээр байгаа тул мэтгэлцээнээ зогсоох нь дээр гэж бодлоо.

Э.Бат-Үүл улстөрч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй” өгүүллээс \би өгүүлэл л гэж бодсон шүү, агуу нийтлэлчийг егөөдлөө гэж бүү бодоорой\ ишлэе. “... Монголд улстөрийн шинэчлэл хийх цаг болсон. Шинэчлэл хийе гэж хэлэхэд ч багадна.  «Хувьсгал» гэж нэрлэвэл илүү зохино. Ийм санаа бодол хааяагүй байна. Өөрчлөлтийг хүсэж байгаа хүмүүс гудамжинд ч байна, Засгийн ордонд ч байна. Өөрчлөлтийн үзэл санаа ингэж нийтийг хамарсан байхыг би 90 онд л харж байсан. Харамсалтай нь өөрчлөлт хийхийг хүсэн тэмцэж буй хүмүүс үндсэндээ хоёр хуваагдаад байна. Хүч хэрэглэх талынхан цаашилсаар больщевикууд болон хувирч байгаа нь өөрчлөлтийг хүсэгчдийн дундах хагарлыг улам бүр гүнзгийрүүлсээр байна...” гэсний сүүлийн өгүүлбэрээс бусдыг чухамхүү үнэн сэтгэлээс дэмжиж байна.

Н.Энхбаяр, Э.Бат-Үүл хоёрын хувьд юу байдаг юм мэдэхгүй, М.Энхсайхан Э.Бат-Үүл нарын шинэчлэлийн талаарх ойлголтод зарчмын томоохон зөрөө огт харагдахгүй байгаа юм. Хоёр танхимтай парламентын систем бий болгох, “хувьсгал”-ыг тайван замаар, үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх замаар хэрэгжүүлэх сонирхлоо хоёр тал илэрхийлсэн. Э.Бат-Үүл олигарх гэгдсэнд гайхаж буйгаа М.Энхсайхан илэрхийлж,  харин Ц.Нямдорж Үүлийн “талд орж”,  цэвэр тагнуулчийн нүдээр “сумаа тавиад нумаа нуув” гэж дүгнэсэн. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Э.Бат-Үүл М.Энхсайханы ялалтын төлөө өөрт байгаа бүхнээ зориулсан. Ганц богино долгионы радио нь хөгжим нэвтрүүлээгүй үедээ ганц М.Энхсайханы л сурталчилгааг нэвтрүүлж байв.

Сонгуулийн кампанит ажлын туршид М.Энхсайханы хоёр талд Гончигоогийн цагаан хөөрөг, Үүлийн цагаан толгой л байнга харагддаг байсан юм. Нэг нь хэт сэхээтэнлэг төрхийг нь ардын маягтай болгож, нөгөө нь хэт төрсөг имижийг нь ардчилсан болгон зөөллөж байсан.

Э.Бат-Үүлийн хоёр жилийн өмнө дэвшүүлсэн хоёр танхимтай парламентын талаар санаачлагыг М.Энхсайхан “цаас” болгож, өөрийн нөлөөгөө ашиглан МАН-ын даргаар хэлүүлж чадсан. Үүнтэй холбоотойгоор тавдугаар үндсэн хуулийн санаачлагыг гаргасан. Францад лав таван БНУ-ын түүх бий, бүгд л хувьсгалын үр дүн байсан. Тэр дундаа Парижийн коммуны түүх ч бий. Тиймээс хувьсгал гэдэг бол өөрчлөлт юм. "Гүн ухаантнууд дэлхийг олон янзаар тайлбарласан - гэхдээ хамгийн гол нь түүнийг өөрчлөх явдал юм" гэж хэн хэлснийг Үүл мэдэж байгаа байх. Бид өөрчлөлтийн төлөө байна.

Нөгөө талаас бид Үүлтэй зарчмын асуудлаар маргалдан мэтгэлцэж байсан учраас өнөөдөр үзэл санааг нь хүлээн зөвшөөрч чадахтайгаа байна. Энэ бол Л.Гансүхтэй хийж буй хэрүүлээс шал өөр юм байхгүй юу. Хувийн шинжтэй хэрүүл хараал энд хамаагүй, яг ийм үндэслэлээр бид Н.Энхбаяртай чухам тэр өөрчлөлтийн төлөө хамтарч чадаж байна. Зарчмын хувьд өнөөгийн бүхий л улстөрчидтэй дайсан, гэхдээ тэд хувийн сонирхлоор ч болов өөрчлөлтийн төлөө байвал бид нээлттэй байж чадна. Үүнд л бидний хүч чадал, энэ өөрчлөлтийг эцэст нь тултал хийх хязгааргүй боломж байдаг.

Гэхдээ... Нэг л юм байна. Хувьсгалын Үүлийн хэлсэн тайван замаар хийх бодолтой байгаа тэр “меньшевикүүд” нь хэн юм бэ? Анх Үүл тракторчдын жагсаал зохион байгуулж байхад бид хамт л байсан. Энэ жагсаал бол “жагсаалын шинэ эрин”-ий эхлэл байсан. Дараа нь АН, Элбэгээ жагсаал хийж байхад хамт л байсан. Тэр жагсаалд бэлтгэхдээ “Эй, Монголын ард түмээн гэж хашгируулаад...” гэж хэлээд асуудалд орж байсан хүн. Бид анхнаасаа л байр сууриндаа бат зогсож байгаа юм, байх ч болно, тэгээд “большевик” болж байгаа бол эмгэнэлтэй, бас гайхалтай л байна. Гэхдээ зарим талаар бид олонх юм байна.

Харин нөгөө “меньшевик” буюу цөөнх хамтрагчид маань байнга “өөрчлөгдсөөр” байна. Энэ өөрчлөлтийн шалтгаан нь тэр “меньшевик” нөхөд ордонд байх, гудамжинд байхаас хамаарч байна. Ордонд орохоороо цаадуултайгаа нийлж, гудамжинд гарахаараа бидэнтэй нийлдэг ийм л “өөрчлөлт” гарсан байна. Чухам ийм хүмүүс л зорилгыг гажуудуулж балладаг.

Ганцхан Үүл ч биш, МАХН-ын “УШАШЁ” жигүүр, ХААХХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болсон Т.Гантулгын ”Онц их хурлын төлөө” хөдөлгөөн, Байгаль орчны дэд сайд Ч.Жаргалсайхан, МАХН-ын ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нарын “Шинэ эргэлт” хөдөлгөөн, АН-ынхан, Ерөнхийлөгч, МоАХ-ынхан, Ногоон нам, “Иргэний холбоо”, МСДН, МҮЭХ-ний Ганбаатар бүгд л цагтаа бидэнтэй хамт байсан, гэтэл өнөөдөр нөгөө талд гарсан байна. УИХ, НИТХ-д ч олон залуу, хөгшин шинэчлэгчид бий.

Энэ том хүчинд хамрагдах меньшевикүүд өөрчлөлтийг хийж эхэлсэн бол өнөөдөр “хувьсгал” ярих хэрэг байгаа ч уу, үгүй ч үү? Цагтаа нийгмийг шинэчлэх үзэл санаанд нэгдсэн “шинэчлэгчдийн” бүрэн бүрэлдэхүүнтэй парламентыг санал болгох хэмжээний тийм олон “нийгмийн шинэчлэгчид” байсан. Өнөөдөр тэдний тэн хагас нь төрд орлоо, гэтэл ардчиллын гажуудал даамжирсаар. 

Яахав бид та нарын алба ажилд орох гишгүүр болж, тэгээд сайн л биз, өр авлага нэхэх юм алга, гагцхүү энэ улс оронд юу өөрчлөгдөв? гэж асуух эрх бидэнд бий биз?  Та нар яг бидэнтэй оройжингоо ярьдаг байсан тэр шинэчлэл, шинэтгэлээ хийсэн үү? Эсвэл жагсаал, цуглаан, шаардлага шахалтыг зөвхөн албан тушаалд хүрэх хэрэгсэл гэж үзэж байсан уу? Уг нь бүгд л өөрчлөлтийн төлөө санал нэгдэж, “Юу хийх вэ?” гэсэн хоёр ч хэлэлцүүлэг, хоёр их хуралдайг хамт туулсан хэрнээ яагаад “Юу ч хийхгүй” байна вэ? Уг нь ихээхэн найдлага тавьж байсан юмсан. Ийм хүмүүсийг ердийн баруун оппортунист /ашиг хонжоо хайгчид/, эсвэл урвагч гэчихвэл уяхан сэтгэлтэй найзууд маань гомдчих болов уу?

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрчлөлтийн төлөө, шинэчлэлийн төлөө уриа хашгирч, боть боть нийтлэл бичиж байсан нөхөд маань хаачив? Бүгдээрээ  “борвио хазах нохой мэт” эргэж ноцож байна бус уу? Өөрийн хүү шиг залууг цаазын гэмт хэрэгт гүтгэчихээд гишүүний суудалд тухалсан новш шиг юмнууд өөрчлөлтийн талаар хамгийн мэргэн цэцэн ярьж явсныг бид мэднэ. Ийм шинэчлэгчид байгаа цагт үйл хэрэгтээ тууштай байсан биднийг большевик, цуст хувьсгалч, экстремист гэж байна. Үүнийх нь төлөө тэдний өмнөөс ичих багадаж, үхэх ихдэж байна.

Та бүхний бүхий л зорилго ердөө л зуурдын нэр алдар, алба тушаал байсан юм гэж үү? Эсвэл шинэчлэлийн давалгаа бүрийг худалдан идэгчид гэж хараах уу? Өнөөдөр ордны хивсэнд гутлаа арчингаа их л дорд үзэж, эргүү, мангуу хир хөлстэйгээ холилдсон морьтонгуудаас өөр нөхөргүй, чухамдаа сүүлээс өөр ташуургүй, сүүдрээс өөр нөхөргүй гэх эрх та нарт бий юу? Хаа очиж тэд тохь тух, дарамт шахалтыг үл тоон үзэл бодлоо тууштай илэрхийлж байгаагаараа хэний ч өмнө нүүр бардам байх эрхтэй. Тэгээд урвасан шинэлэгчид маань унхиагүй үйлдлээ зөвтгөхдөө “Н.Энхбаяртай нийлсэн учраас...” гэж хариулдаг болж. Энэ бол шалтаг л болохоос шалтгаан биш. Зүгээр л нөгөөдүүлийнхээ нэг болсноо нуух, бидний өөрчлөлт бол Н.Энхбаярыг л унагахад чиглэж байсан гэж тайлбарлах ердийн заль мэх болохоос үнэндээ Н.Энхбаярыг тэгтлээ үзэн яддаг хүн байхгүйг нь мэдэлгүй дээ. Хэрэв Н.Энхбаяртай хувийн өстэй юм бол наадахаа хувиараа л шийд л дээ. Өөрчлөлтийн төлөөх тэмцэлтэй холбоод байх ямар хэрэг байна. Ингэхдээ Монгол хүн ямар ч том зарчим ярьсан ард нь хувийн нэг муу хөгийн эрх ашиг байдаг гэдгийг батлаад байна. Ийм хөгийн явцуу хувийн сонирхолтой шинэчлэгчид үй олон боломжийг няцалсан. Энхбаярын хэлсэн “БД”-ээс өөр нэг хоч бий, “духан дээрээ үнээ наасан...” Эргэн харахад бүгдээрээ Энхбаярт гомдож байсан, тэгээд хариугаа авсан нь олон байснаас нийгмийн шинэчлэлийн нэг ч санаа оноогүй нөхөд байж л дээ.

Хэрэв тийм биш бол, үүнийгээ нотло гэж уриалж байна. Хаана байгаагаасаа үл хамаарч өөрчлөлтийн төлөө ажиллаж эхлэгтүн гэж. Товчхондоо нам бүхний шинэчлэгчид нэгдэгтүн.  

Хувьсгалын үр дүн.
Хувьсгалаар бид юу хүсэж байна вэ? Маш товчхон томъёолбол “үндэсний эрх ашиг” гэгчийг л хангахыг хүсэж байна. Бүр тодорхой томъёолбол “Монгол  либерализм, коммунизмд үйлчлэхгүй, харин Монголд коммунизм, либерализм үйлчилнэ” л гэсэн үг. 

Тусгаар тогтнолоос хойшхи 100 жилийн түүхийг харвал бид үргэлж бусдын “боол” мэт явж иржээ. Сүүлийн хорин жилд түүх бичлэгт өөрчлөлт гарсан ч гэсэн ирээдүйгээ тодорхойлоход өөрчлөлт гараагүй байна. Бид жижиг, тиймээс том гүрнүүдийн өмнө сөхөрч амьдрах ёстой гэлцэж байна. Энэ л үзэл санаа нэвшсэн учраас бид гадагшаа биш дотогшоо дайтаад уналаа. Бүгдээрээ л Оросын, Хятадын, Америкийн талынхан гэж талцаж байна. Ийм биш гэхэд либерал, социалист гэлцэн хуваагдаж байна. Энэ зөрчил хаана ч биш, ердөө бидний тархинд л бий. 

Мэдээж гадагшаа дайн тулаан хийгээд унана гэж байхгүй л дээ, гэхдээ бид эрх ашгаа ядаж нутаг дэвсгэр дотроо хамгаалж чадна. Ингэхээр Хойд Солонгос болох нь Монгол “Чүчхе” бий болгох нь гэж колонийн сэтгэхүйтнүүд хараагаад унах вий. Үүнийг гүйцэтгэхэд зэр зэвсэг бус ухаан, сэтгэл хэрэгтэй, үүнээс бодлого гарна.

Монголчууд 70 жил коммунизмд үйлчлээд, коммунист системийн түүхий эдийн бааз байлаа. Сүүлийн хорин жилд бид бид идэвхтэй либералчлагдсанаас капиталист системийн түүхий эдийн бааз болж байна. Үнэндээ коммунизмыг либерализмаар солилоо гэж өнгөц харагчид мөн чанараараа “Интернационализмыг глобальчлалаар сольсон”. Дэлхий дахин биднийг ардчилагдсан Монгол “гүүд” гэдэг байх, харин Монголчууд бид өөрсдийгөө хэрхэн үнэлбэл зохих вэ? Эдийн засаг өсөж байгаа нь үнэн. Энэ өсөлт бидэнд юу авчрав? гэж бодсон хүн байна уу? Коммунизмыг капитализмаар сольсон ч нөгөө нэмэгдэхүүний байрыг сольсон нийлбэр нь өөрчлөгдөхгүйн үлгэрээр ороод байна.

Хэрэв коммунист дэглэм ч, ардчилсан дэглэм ч Монголыг “түүхий эдийн бааз” нэрнээс салгахгүй байгаа юм бол 1990 онд хувьсгал хийсний ач холбогдол юу вэ? Бид юу өөрчилсөн юм бэ? гэж асуух ёстой. Өнгөц харвал коммунизмаас либерализмд шилжсэн ч бодат байдалд хараат орон хэвээрээ л байна даг.

Тусгаар тогтнолын төлөө Монголчууд нэгэн зууны туршид тэмцжээ. Тусгаар тогтнол минь л баталгаажиж байвал ямар ч гарц хохирол үзэхээс буцахгүй нэгэн зуун өнгөрч, их ч хохирлоо. Энэ зууны босгон дээр бид ахиад нэг алхах хэрэгтэй байна. Энэ алхам нь бид эрх ашгаа ядаж нутаг дэвсгэр дээрээ хамгаалдаг болох ёстой.

Яагаад Орост хамжлагыг халах зорилготой хөрөнгөтний хувьсгал гэв гэнэт коммунист хувьсгал болсныг, яагаад эрх ашгаа тэнцвэржүүлэх зорилготой лалын хөдөлгөөнүүд гэнэтхэн радикал-эктремист хөдөлгөөн болж хувирсныг ойлгодог хүн байна уу? Оросын меньшевикүүд Орост юу өөрчилсөн бэ? Тэд “зүүн оппортунист” хочоор л түүхэнд үлдсэн.

Ардчиллын сайн тал нь шаардлага хийгээд үзэл бодол ил тод байдагт л оршдог болохоос зохиомол тогтвортой байдал, бугшмал идээ бээрэнд байдаггүй, тиймээс нийгэмд байн байн мэс засал хийгээд байдаггүй л оршдог. Харин үндэсний эрх ашиг гэгч ямар ч нийгэмд яг адилхан байдаг. Коммунист ч бай, фашист ч бай, либерал ч бай төр улс үзэл санаанаас үл хамаарч эрх ашгаа хамгаалахыг хүсдэг. Тиймээс манай үндэсний эрх ашиг ямар нэг “-изм”-ээр биш, бодат байдлаар хамгаалагдах учиртай. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тууштай шинэчлэлийн төлөө тэмцэгчид, товчхондоо та нарын хочилсноор “хувьсгалчид” нэгд айдаггүй, хоёрт няцдаггүй л байхгүй юу.

Тиймээс Үүл гишүүн ээ, тэр тайван замаар өөрчлөх “меньшевикүүд” нь чухам хэн болохыг тодорхой дурьдана уу. Хэрэв өөрчлөлт хийх боломжтой бол бид хамтрахад хэзээд бэлэн байна. Н.Энхбаяртай хүртэл хамтарсан нь үүний нэг том баталгаа. Харин Сү.Батболд, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Ц.Нямдорж нарын зэрэг “шинэчлэгчдийн” тухай ярьж байгаа бол өршөөгөөрэй.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив