Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХАМХАРЧ БУЙ ПАРЛАМЕНТ
2011 оны 9 сарын 12 [Уншсан тоо: 35637]
  Энэ зун ганцхан нам л ажилтай байжээ. Тэр нь МАН. Сургаар бус үр дүнгээс нь харагдаж байна. Өөрөөс нь тасарсан “үр могой” МАХН-ыг яаж ийгээд чадахын тулд Монголчууд тэгш ойгоор архидаад умахум байх зуур тун сүрхий амжилтад хүрсэн байна. Энэ бол өрсөлдөгч нь ч баяр хүргэх том амжилт. Ц.Шинэбаярыг шахсаар МАХН-аас тусгаарлаж, ХаМХ ч гэх үү, ХЭМХ ч гэх үү товчилбол нэг тиймэрхүү нэртэй бүхий намтай болгоод орхичихжээ. Олон хүн Ц.Шинэбаярын энэ шилжилт хөдөлгөөнийг яльгүй юм гэж харж байх шиг байна, үнэндээ бол МАН маш том хамгаалалт хийжээ.

    Бодоод үзье. Хэрэв Ц.Шинэбаяр МАХН-д хэвээрээ байсан бол УДШ-д бүртгүүлэнгүүтээ МАХН шууд парламентад суудалтай нам болон хувирах байв. Сангийн Баярцогтын хэлэх дуртайгаар “де факто” ийм болсон нөхцөлд МАН МАХН-ыг “де юре” парламентын нам болгохгүйн тулд элдэв янзын тайлбар гаргах гэж махаа идэж, эцэстээ намын бүлэг нь хуваагдаж дуусах байлаа. Бодат байдалд бүгд л ойлгож байгаа л даа, юу юу болсныг, гэхдээ хуулийн дагуу тайлбарлахдаа тулбал манайх шиг мангуу хуультай улсад яаж ч эргэж магадгүй байдаг юм. Ямар сайндаа намуудын тухай хуулинд байхгүй заалтыг дахин бататгасан зүйл заалт цохиж явсныг “Х” үсгийн маргааны үед олж мэдэхэв дээ.

      Асуудал ужгирвал 2008 онд сонгуульд 45 суудал авсан “МАХН” гэгч хэн болохыг олж тогтоох нөр их ажил ундарна. Гэтэл сонгуулийн хуудсан дээр жишээ авбал цагаан дээр хараар “№ 1. Ц.Шинэбаяр. МАХН” л гэж байгаа. Тэр сая шахам саналын хуудас бол албан ёсны баримт. Ингээд асуудал сонгуулийн хуудсан дээрх МАХН бол өнөөгийн МАХН биш гэдгийг тогтоох булай ажил болон хувирна. Биш гэлээ гэхэд тэр үеийн ч өнөөгийн нь МАХН-ын гишүүд бол яавч Ардчилсан намд байсан хүмүүс биш болох нь тодорхой. Ингэж хэлэхийн учир нь АН МАН-ын “дайсанд” байгаа юм биш, АН МАН-д нэгдсэн эсэхэд байгаа юм.

    Ингээд эцэстээ “2008 оны МАХН өнөөгийн МАХН биш” гэж тогтоовол МАН сонгуульд хуурамч нэрээр орсон болно. Тэгж яривал 2004 онд тэр үеийн МАХН сонгуульд “Эх орон-Ардчилал эвсэл” орсон, АН гэсэн субьектын нэр сонгуулийн хуудсанд алга, тиймээс АН бүлэг байгуулах ёсгүй гэсээр 25 гишүүнтэй АН-ыг бүлэггүй болгож санасандаа хүрсэн түүх давтагдаж, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болох байв. Өөрөөр хэлбэл 2008 онд МАХН гэж нэрээр сонгуульд орсон нам одоо алга, тиймээс МАН бүлэг байгуулах эрхгүй гэвэл МАН-ын зөвлөл байгуулагдана.

Ингэвэл эрх баригч байсан МАХН, ИЗН, Иргэний эвсэл тус бүр 1 суудалтай, АН олонх тул эрх барих эрхтэй, гэхдээ “38+1” биш тул аль нэг олонхтой хамтарч Засгийн газраа байгуулах ёстой, харин 45 бие даагчтай ийм л парламент бүрдэх байв. АН энэ амтат бялуунаас яагаад зугтав? Улстөрийн олон ажиглагч МАХН-ын нэрийг өгсөн нь Ерөнхийлөгчийн хуучин МАХН-ыг хуваах алсын бодолтой өрөг гэж үзэж байсан, идэвхтэй ажиллаж байгаа иргэний хөдөлгөөнүүд ч МАХН-ын нэрийг автал дэмжсэнээрээ МАН-ыг ноцтой хуваасан юм. Гэтэл АН байдаггүй ээ.
АН-ынхан албан тушаал, эрх барихад дургүй хүмүүс үү?... Битгий солиороод бай гэж үү? Харин тийм, янхан банзлаараа дуудуулан барин хамтарч байгаа тэднийг тэгж гүтгэж, доромжилж болохгүй л дээ. Ерөөсөө нөхцөл байдал юуг харуулж байна гэхээр Засгийн эрх АН-д шилжихдээ тулбал парламент тарахаас аргагүй тийм нөхцөл рүү орчих гээд байсан юм. Өөрөөр хэлбэл АН парламентад суудалтай /энэ тохиолдолд/ гурван намтай хамтраад ч дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний суудал цуглуулж чадахгүй байв. Гуч хүрэхгүй суудлаа дөч болгохын тулд задран сарнисан МАН-ын бүлгээс дор хаяж 7 хүнийг намдаа элсүүлж авах шаардлагатай, хэрэв тэгэхгүй бол парламент шууд тарна. Нөгөө сахил хүртээд шал дордов гэгчээр “УИХ, Засгийн газрын гишүүн ч байхгүй, Таван толгой ч байхгүй” болох гээд байсан учраас дайснаа бүү л хуваагчихаасай гэж залбирахаар барахгүй, дэмжин туслаж байсан хэрэг. 

“2008 оны МАХН бол өнөөгийн МАХН мөн” гэж тогтоовол бас л МАН-ын бүлэг 44 бие даагч болон хувираад МАХН 1 суудал авсан болж таарна. Тэгээд улсын дээд шүүхийн бүртгэлийг №1-д МАХН, харин МАН хорин хэдэд бичигдэх болж таарна. Сонгууль бол ардчиллын хамгийн гол үйл явц. Коммунист нийгэмд эрх баригч нам нэрээ яаж ч өөрчилсөн төрийг хугацаагүй эрхшээгээд л яваад байна, яагаад гэвэл жинхэнэ сонгууль явагддаггүй учраас. Харин ардчилсан нийгэмд өөр, сонгуулиар төр барих эрх нь шилждэг юм, чухам тиймээс сонгуулийн саналын хуудас бол сонгогчдын тоогоор хэвлэгддэг, дараагийн сонгууль хүртэл ялсан, ялагдсан улстөрийн намыг заадаг нотолдог албан ёсны баримт юм. Энэ баримт ялангуяа ялагчид илүү хамаатай. Сонгуульд оролцсон хүн бүр гэрч болдог.

Хэрэв сонгогчдоос асуувал магадгүй МАХН гэдэг нэрээ дагаад явсан олон арван мянган хүн би МАН-д биш, МАХН-д саналаа өгсөн гэж хэлнэ. Ийм нөхцөлд хамгийн аюултай нь МАН-ын УИХ-ын гишүүд МАХН руу урваад эрхбиш намын дарга болсноороо Сү.Батболд Ц.Шинэбаярын дүрд тоглож, харин У.Хүрэлсүх Н.Энхбаяр хоёрын байр солигдож балрах хамгийн абсолют, шог хувилбар гарч магадгүй дээ.

Тиймээс Ц.Шинэбаярыг яаж ийгээд МАХН-аас гаргах ёстой байсан, тэр ёсоор  боллоо. Харин энэ бүгд яаж болсон бэ?

“Ц.Шинэбаярын Ахиллын өсгий”

Олон хүн энэ салалтыг зөвхөн улстөрийн талаас нь харж таамагласнаараа алдаа гаргаад байна. Гэвч МАН Ц.Шинэбаярын “Ахиллын өсгийг” маш зөв тодорхойлсон байна. Ц.Шинэбаяр нар 1990-ээд оны сүүлчээр Дорнодын Адуунчулууны уурхайг тухайн үеийн ханшаар 800 сая төгрөгөөр хувьчилж авсан байна. Ингэхдээ Ц.Шинэбаяр барагцаагаар хувьцааны гуравны нэгийг авчээ. Дийлэнх нь IV цахилгаан станцын дарга байсан н.Шарав гэдэг хүний мэдэлд очжээ.

Ц.Шинэбаярын бизнесийн цөм нь энэ уурхай, Хэнтийн Чандганийн уурхайг эс тооцвол Адуунчулууны уурхай дорнод бүсийг нүүрсээр хангадаг монополь эрхтэй. Харин уурхайн үйл ажиллагаанд гүнзгий оролцдоггүй, ноогдол ашгаа аваад явдаг байсан ноён Шарав хувьцаагаа зарах саналаа Ц.Шинэбаярт цухуйлгасан байжээ. Мэдээж ноён Шарав хувьцаагаа бөөнд нь үнэ хүргэж зарахыг бодно. Хэсэглэж зарвал Ц.Шинэбаяр 51 хувиас илүүг төвлөрүүлэх сонирхолгүй тул үлдсэн хэсэг нь үнэгүйдэнэ. Харин бүгдийг нь авахдаа тулбал Ц.Шинэбаярын бэл хүрээгүй байх.

Ингээд хууль ёсоор, хамтран эзэмшигчдээ хувьцаагаа худалдан авах анхны саналыг тавьсан Шарав гуай гуравдагч этгээдэд ханджээ. Ноён Шарав эхэлж хандсан уу, эсвэл Ц.Шинэбаярын намаа хагалан бутаргах ажиллагаанд эгдүүцсэн намдаа үнэнч гишүүн нь “намч” зарчмаар түүнтэй уулзсан уу гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Адуунчулууны уурхайн хувьцааг ноён Шараваас “МАК” худалдан авах болжээ. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан байна. Ингээд хөөрхий Ц.Шинэбаяр олж зөөсөн бүхнээ үнэгүйдүүлэх аюулд оржээ.  Адуунчулууны уурхайн хувьцааны хяналтын багц дам дамаа МАН-ынхны хяналтад оржээ.

Одоо хаачихав? Мэдээж МАНАН-гийн занаан дор байгаа, хэвлэх үйлдвэрийнхээ газрыг булаалгачихаад яаж ч чадахгүй байгаа Н.Энхбаяр туслахгүй. Ямар ч шийртэй буриад байгаад ийм юмны өмнө бол үнэхээр шагай дутна шүү дээ. Жаал маргаж үзсэн ч ЭБЭХ-ний яамныхан очоод бүхнийг хуулийн дагуу өөрөөр хэлбэл Ц.Шинэбаярт ашиггүйгээр шийдэв. Харин дарамтанд орсон Ц.Шинэбаяр дараа дараалан буулт хийжээ. Эхлээд намаасаа гарав, гэхдээ муудалцаж гаралтай нь биш мэдэгдэл хийгээд гарчээ. Ингэхдээ МАХН-ын “25 мянган гишүүнд” амжилт хүсчээ.

Энэ их учиртай тоо шүү. Хэрэв энэ МАН-ын дарамтаас үүдсэн захиалга тоо бол, өөрөөр хэлбэл МАН-ын 160 мянган гишүүнээс дөнгөж 25 мянга нь л явсан гэсэн үг. Гэвч 25 мянган шилмэл гишүүнээ алдсан бол МАН тун ч хэцүү байдалд орно. Гэтэл МАН-ын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь болохоор “Танай нам сүрхий хуваагдчих шиг боллоо?” гэсэн асуултад “Гүйштээ, харин ч гишүүний тоо өссөн” гэж хариулсаар ирсэн. Үүнд үндэслээд нөгөө талаас нь үзвэл өсөрхсөн Ц.Шинэбаяр ХУучин намынхаа хуваагдлыг ил тод зарлаж  хорлож байгаа юм.  

Хуваагдал өмнө 15:85 таамаглаж байсантай тун ойролцоо явагдсан байна шүү. Гэхдээ бүр тооцож байснаас олон хүн МАХН-аа дагасан байна гээч. Энэ бол бараг л МАН-ын хатуу электорал суурь бутарсан гэсэн үг дээ. Бараг л 1996 онд МАХН навч ялагдаад баларч байхад намдаа үнэнч үлдээд үнс нурман дундаас намаа сэхээсэн тэр хэсэг МАН-аас салчих шиг боллоо. Харин дэмжигч гишүүд бол найдваргүй савладаг туучийнууд шүү дээ.

ХаМХ нам буюу хамхархай парламент

Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын нэрийг товчлохоор яалт ч үгүй ингэж буугаад байгаа юм л даа. Энэ бол парламентад суудалтай шинэ нам юм шүү. Ядарсан дээр нь баалж байгаа юм биш, намын нэрийг авахдаа товчлолыг нь давхар анхаарах хэрэгтэй байдаг юм аа, Шинэбаяр аа. МАНАН хар л даа, нийтэд яаж хоногшиж байгааг.

Нөгөөтэйгүүр Хамуг Монгол, Хамаг Монгол гэдгийг улстөрийн нэр томъёонд ашиглахыг нэг их шохоорхдоггүй юм. Орчин үед түүх мэддэггүй хүн гайхалтай “панмонголист” үг санагдаж байж болно, Ц.Шинэбаяр “Би Халхад төдийгүй Буриад Өвөрлөгчид үйл ажиллагаагаа явуулна” гэж авсан байна билээ. Тэгээд өвөрлөгчдийн асуудлаар сүрхий дөвчигнөж, гэвч хоосон дөвчигнөл ах дүүст маань сайнаар тусахгүй нь лав. Гэхдээ сэтгэл бол байна аа, байна. Цаад Сү.Батболд чинь Өвөрлөгчдийн үймээний дараахан дуудагдаж очоод 60 саяыг /доллар биш юань/ авсныхаа хариуд энэ асуудлаар амаа үдүүлчихсэн. Манай сэтгүүлчид яахав дээ төрийн мөнгөөр дагаж явдаг болохоороо тэр айлчлалыг бүхэлд нь “Зиндаа тодорхойлсон айлчлал” гэж магтсан байна билээ. Эсвэл ёжилсныг нь би ойлгоогүй юм болов уу? Үнэндээ бол зиндаагаа ч 60 саяар л тодорхойлуулчихсан л доо. 

Хамаг Монгол ханлиг бол Хабул хааны мэдэж асан их сайндаа Хэрэйдийн хэрийн хоёр голын ханлиг. Нөгөө Татар, Найман, Мэргид, Хэрэйд бол бараагүй, тэр ч байтугай тэр үед Алтан улс тусдаа ханлиг маягтай байсан жалайрыг Туулын орчим дарж, 50 мянган хүн олзолж хядсан гэхээр жалайр ч тусдаа асан  жижгэвтэр аймаг-ханлиг гэсэн үг. Тэмүжин 29 насандаа Хабулын хэмжээнд хүрч Монгол ханлигийн хан, 45-тайдаа л Монгол Улсын хаан болсон байна. Тэгэхээр том нэр авах гээд их л жижиг нэр авч дээ л гэж зөвлөх байна. Бодвол Молор-Эрдэнэ зөвлөө болов уу. Молор-Эрдэнэ ийм нэг хөдөлгөөнтэй байсан юм. “Хөдөлмөрийн” тухайд Европод Англид нэг, Азид Хойд Солонгост нэг ланжгар бий. Харин Монголд хөрөнгөтний нам байгуулж байснаас хөдөлмөрийн нам байгуулж байсныг санадаггүй ээ. Тиймээс намаа бүртгүүлэхдээ нэрийн товчлолыг нь нэг бодсон нь дээр дээ. Хэрэв ХаМХ намыг бүртгэчихвэл коммунист МАХН гурав тасарлаа л гэсэн үг. МАН 115 мянган гишүүнтэй, МАХН 25 мянган гишүүнтэй, харин ХаМХ нам нэг УИХ-ын гишүүнтэй.  Яах вэ? МАХН гурав тасарлаа ч их гол нь АН-ын дайтай юм биз дээ.

МАН Ц.Шинэбаярыг шахаанд оруулахдаа Н.Энхбаяртай хавсайдаж магадгүй ҮШН-ыг саармагжуулахын тулд албаар панмонголист уриа, нэрээр тоглож байж магадгүй, энэ нь алсдаа АН-д сүрхий гай авчирч болзошгүй байна. Өөрөөр хэлбэл МАН алсаас АН-ын бөгсийг ухаж байгаа нь харагдаад байна.

Гэхдээ энэ намын зиндааг харъя. Лав л ИЗН, Ногоон намын өмнө гишгэнэ. УДШ МАХН-ыг бүртгэсэн атлаа ИЗНН-ыг бүртгээгүй байна. Гэтэл ИЗН, НН тус бүрдээ татан буугдсан гэдгээ албан ёсоор зарлачихсан байдаг. НН ч яахав, хуучин гишүүд нь намаа сэргээгээд байж л байна, харин ИЗН ширвэгдэж яаравчлан татан буугдсанаасаа болоод С.Оюун гишүүн “де факто” бие даагч болон хувирч байна. Д.Энхбат УИХ-д Ногоон намыг биш ИХН, МСДН, НН-ын “Иргэний эвслийг” төлөөлдөг байсан. Эвслээ задлаад НН-аа ИЗН-тэй нэгтгэхээр 2004 оны түүхийг харвал бие даагч болчихож байгаа юм. Нөгөө талаас НН-ыг нь өөр хүмүүс авч үлдэж бүртгүүлснээр Д.Энхбат нам ч үгүй болж байна. Шалтгаан нь НН татан буугдах хурлаа хийгээгүй гэтэл тэр хурлаа хийе гэхээр НН нь хяналтаас нь гарчихаад байгаа учраас ИЗНН-ыг бүртгэх найдвар үнэндээ харагдахгүй байна. Гэхдээ МАХН байгуулагдсан ч Ц.Шинэбаяр шал өөр нам байгуулсан тул бүртгэж магадгүй юм, гэвч Д.Энхбатын хяналтаас гарсан шинэ Ногоон нам их хол явчихжээ.  

Үнэндээ НН-ыг татан буулгасан хурал хийгээгүй гэдэг нь УДШ-ийн шалтаг л байсан, хэрэв тэр үед УДШ ИЗНН-ыг бүртгээд тэр шинэ нам нь хоёр гишүүнтэй гэгдээд явсан бол МАХН-ыг бүртгэсний дараа Ц.Шинэбаяраар дамжсан МАХН-ын УИХ-д суудалтай намын статусыг ч хуульчилан зөвшөөрөх байсанд шалтгаан нь байгаа юм. Чухам иймээс зааны дайнд хулгана сүйдэхийн үлгэрээр МАХН-ын дотоодын дайнд парламентад суудалтай хоёр нам сүйрч байгаа билээ. 

Ингээд өнөөгийн УИХ гурван бие даагчтай, хэрэв “Хамх” нам сонгуульд оролцсон субъект биш гэвэл дөрвөн бие даагчтай, бүр 2008 онд МАН гэж субьект сонгуульд оролцоогүй, МАХН нь гудамжинд байна гэж тооцвол 46 бие даагчтай, хууль ёсны дагуу нэг намын бүлэгтэй, харин тэр бүлэг нь дангаараа засаглах эрхгүй, бие даагчдын, их сайндаа МАН-ын зөвлөлийн дагавар болсон гэж үзэхээр засаглах ямар ч эрхгүй хоосон парламент болон хэмхэрчихээд байна. Ц.Шинэбаяр МАХН-аас гарсан ч гэсэн УДШ МАХН гэдэг нэртэй улстөрийн нам-субьектийг бүртгэсэн тэр цагаас парламент яг ийм нөхцөл байдалд орчихжээ.

Ийм үед бол ардчилалтай оронд парламент тарж, дахин цэгцэлдэг л юм, харин Монголд ёстой лөөлөө байлгүй дээ, яагаад гэвэл Монгол ардчилсан улс биш.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив