Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЗӨВШИЛЦЛӨӨС ГӨВШИЛЦӨЛ РҮҮ
2011 оны 10 сарын 4 [Уншсан тоо: 33404]
 Үгээр гөвөлцөх нь

Манайхан ч сайхан сайхан гөвж, гөвөлцөж байна. УИХ-ын гишүүд нь “Рео”-г гөвж, хариуд нь ”Рио” УИХ-ыг гөвөөд л. “Монголын улстөрчид бүү шуналт” гэж Австралийн сонинд бичсэн нь манай хэдийн уурыг баржээ. Монголчууд гээгүй байна, Монголын тал гээгүй байна, “Монголын улстөрчид...” гэжээ. Би ч, таксинд суухад таксины жолооч ч  “Гэрээ байгуулахын тулд хэдийг аваа бол...” л гэж ярьдаг.

Манайхан хариу мэдэгдэлдээ: “Яг хэнийг хэлээд байгаагаа ил тод зарла, тэгэхгүй бол манай Хятад найзууд танай ажилтнуудыг Шанхайд яалаа?” гэж новширсон сүрдүүлэг бичжээ. Хэрэв өгсөн байлаа гэхэд “Рио Тинто” зарлахгүй л дээ. Яагаад гэвэл “хахуулиар гэрээ байгуулсан” гэх муу нэртэй болоод сүйрчихнэ. Зарлах л юм бол ёстой энд байгаа “Рио Тинто”-гийн бүх гадаад ажилтнуудыг, ялангуяа тэр “Бүү шуна” гэсний хариуд дор нь барьчихаа тоохгүй л дээ манайхан. Даанч цаадуул нь нэр төрөө эрхэмлэдэг улс, харин манайхан? Жишээ нь гэрээг өөрчлөхийг шаардаж байгаа 20 УИХ-ын гишүүн аваагүй, авсан ч хамгийн бага авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Жишээ нь гэрээний анхны хувилбараар 250 сая ам.долларын урьдчилгаа хүүгүй байснаа гэрээ батлагдах болоход хүүтэй болчихсон. Энэ “хүү” “манай эдийн засагт” орж байвал яахав? гэх мэт, гэх мэт... Гэхдээ шууд авахгүй аюулгүй, хяналтгүйгээр нь төсвөөс өөрсөддөө авчихаад түүнийгээ нөхөхийн тулд төсөвт мөнгө татдаг нэг арга бий болсныг бид анзаарахгүй байна.

УИХ-ын гишүүд ил захидлаа “Рио Тинто”-д биш, “Рео ...” хэмээх өөр компанид хаягласан байна билээ. Монголд ижил дуудлагатай нэр бүхий олон компани байхгүй тул аль аль нь ойлголцоод байх шиг байгаа юм. Манай УИХ-ынхан өөрсдийгөө ч сайхан баллаж хаялаа. “Чухамхүү хоёр толгойн гэрээг л байгуулах гэж бид хамтарсан, хамтарсны хүчинд гэрээ байгууллаа” гээд хөлсөө арчаад байсан улс гэнэт өнгөрсөн гурван жилд хийсэн ганц ажлаа буруу хийчихэж гээд цамнаад эхлэхээр одоо энэ хамтарсан засаг яг юу хийсэн болж таарах гээд байна аа, та минь ээ? Богд хаан улаан Оросоос тусламж гуйх бичигт тамгаа дарчихаад “Би юу хийчихэв ээ?” гэж гасладаг шиг, хийсэн ганц ажил нь нэгмөсөн сүйрэхдээ тулав. Эцэс төгсгөлгүй улс төр.

Сингапурын Ерөнхий сайд Ли Куан Ю ажлаа өгөөд сүүлчийн ярилцлагадаа: “Өнөөдөр, хямралтай үед ч Сингапур дахь «Еххоn Моbil»-ийн хөрөнгө оруулалт 12 тэрбум долларт хүрээд байна. «Exxon» компани «Моbil»-ийг залгихын өмнө зургаан тэрбум доллар байсан юм. Одоо тэд нэмж, 4,5 тэрбумын хөрөнгө оруулалт хийх гэж байгаа тул нийт хэмжээ хөрөнгө оруулалт 16,5 тэрбум доллар болно. Яагаад гэвэл бид өөрсдийн үүргээс хэзээ ч татгалзахгүй гэдэгт тэд итгэлтэй байдаг. ОХУ-д өрнөдийн нефтийн компаниудад тохиолдсон явдлаас хойш тэд манайх шиг итгэл хүлээтэл их цаг хугацаа шаардлагатай. Хэний зөв, бурууг би шүүхгүй. Бид гэрээнд гарын үсэг зурахын өмнө нөхцлийг сайн судалдаг, тэгээд нэг бол зурна эсвэл үгүй. Харин гарын үсэг зурсан тохиолдолд бид заавал бүгдийг биелүүлдэг. Гэрээ хэлцэл эхлээд ашиг багатай мэт боловч удаан хугацааны дараа заавал ялалт авч ирэх ёстой” гэжээ.

Харин манайх хөгжингүй Сингапурын замаас татгалзаж “Орос рулетка” тоглохоор шийджээ. Яг хэнийх нь тархинд сум зоогдох бол. Одоогоор бол дамар дахь ганц сум манай мулгуу тархинд тусаж мэдэхээр болчихжээ. Манайхны энгийн логикоор “Ийм их хөрөнгө оруулчихсан юм чинь, эд хаачив л гэж...” Ядаж байхад тэгэхээс тэг гэж байгаа юм шиг “Рио Тинто” төслийн гүйцэтгэл 50 хувьд хүрлээ гэж тууз хайчлав. Тэр 50-ийг нь булаагаад авчихъя. Тэд дэлхийдээ л том байгаа биз... Нөгөөдүүлд ч гарц бий л дээ, гэрээгээ зарчихаж болдог юм. Лав л УИХ-аар Оюу толгойн гэрээ батлагдах эсэх нь эргэлзээтэй болох үед “Айвенхоу майнз” лицензээ, оруулсан хөрөнгө оруулалтаа “Чайналко”-д зарах гэж оролдсон. Тэр хэлэлцээр ажил хэрэг болж байж ч магадгүй.

“34 ба 50”


Маргаан юунаас эхтэй вэ? УИХ Засгийн газарт гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тогтоол гаргахдаа шууд “батлав” гэж биш, 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газарт давхар даалгажээ. Харин гэрээнд энэ тогтоол огт тусаагүй биш, туссан байна.

Гэхдээ “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэгчээр хувьцааны эзэмшлийг 50-иас доошгүй хувьд хүргэх нь хүргэнэ, гэхдээ 30 жилийн дараа. Тиймээс өнөөдөр яригдаж байгаа асуудал 34-ийг 50 хувь болгоход биш, харин 30 жилийг нааш татахад л оршиж байгаа гэж ойлгогдож байна.  Манай улстөрчид одоо энэ Ерөнхий сайдын хамгийн сайн бизнесийн нэг “Бороо гоулд”-ын ХОГ-ээс зүрхээ авчихсан юм. Коммунизмын үеийн ТЭЗҮ-ээр 20 жил ашиглах ёстой ордыг “Сентерра гоулд” тав зургаахан жилд хусаад хаясан. Ингэхийн учир нь манай “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хуулиар” 100 саяас дээш ам.долларын хөрөнгө оруулсан компани эхний гурван жилдээ татвараас чөлөөлөгдөх учиртай байв. Дараа нь Сентерра бүртгэлдээ өөрчилж өөр газарт бүртгүүлж шинэ компани болоод ахиад татваргүй гурван жил, нийтдээ зургаан жилд асар их хөрөнгө оруулалтаар шилдэг технологи оруулж ирээд Бороог төнхөөд хаячихсан. Сангийн сайд байсан Я.Очирсүхийн гавъяа.

Тиймээс ХОГэрээ байгуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам технологи сайжирна гэсэн үг, энэ нь жилд олборлох хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. Тэгээд Бороо шиг ухаад явчихвал 30 жилийн дараа 50% авлаа гээд хоосон нүхний 50 хувийг хараад үлдэх үү? гэсэн санаа манай талын 20-д байгаа бололтой юм. Бүхнийг технологи шийдэхгүй, дэлхийн зах зээлийн үнээс их зүйл шалтгаална. Зэс үнэтэй байвал ихийг олборлоно, хямд бол багыг л олборлоно. Гайтай юм шиг Бороогийн ХОГ байгуулах үед алт хямд байснаа Бороог ашиглаад эхэлмэгц үнэд ороод баларсан шүү дээ. Энэ үнийн таамгийг л манайх гаргаж чаддаггүйгээс балардаг. Асуудлын хамгийн гол цэг энд буй юм. Өнөөдөр ч гэсэн Засгийн газар 2011 оны төсвийг батлахдаа зэсийн үнийг буруу тооцсоноос одоогийн энэ хэрүүл эхтэй. Үүнийг хойно бичнэ.

Гэрээнд өөр гацаа бий. Манай тал хувьцааны 34 хувийг худалдаж авах ёстой. Энэ мөнгийг яаж олох вэ? Яг Эрдэнэтийн зарчмаар “газар, ус, байгалийн нөөц ашигласны нөхөн төлбөрийг тооцох замаар” авна гэсэн байна. Гэтэл баялгаа ухаж эхлээгүй байхад манайх тэр мөнгийг хаанаас ч олох гээд байгаа юм. Одоо худалдаад авъя гэхэд ядаж л цаадуулаасаа урьдчилгаа болгож авсан 250 сая доллараа цацаад дуусгачихсан байгаа биз дээ? Гэтэл юун 0,25 тэрбум үүнээс дор хаяж 10 дахин их 2,5-3,5 тэрбум ам.долларын асуудал яригдаж байна.

Анх “Эрдэнэт”-ийг байгуулахдаа юун “34:66”? “Монгол-2,5 : Орос-97,5” гэсэн харьцаагаар байгуулсан ба ус, ой мод, газар ашигласны нөхөн төлбөрийг суутгах замаар хөрөнгө оруулалтаа тооцож, нэмэгдүүлэхээр заажээ. Монголчууд чухам ийм шалтгаанаар “Ардчилсан хувьсгал” хийж унхиагүй, хараат, коммунист засаглалаа түлхэн унагаа биз дээ. Энэ төлбөрийн дагуу бол 1990-ээд оны эх гэхэд “Эрдэнэт” бараг 100 хувь Монголынх болсон байв. Гэвч өнөөдөр, 40 жилийн дараа аанай л 51 хувьтай л байгаа биз дээ. Тэгэхээр манай төр Оросуудад дээрэмдүүлснийхээ хариуг “Рио”-гоос авах гэж байгаа бололтой. Боддог л бодол. Оросыг яагаад ингэж чаддаггүй вэ? гэхээр шатахуун, цахилгаан, төмөр замаар боолгоно, бас Хятадаас ухаан алдталаа айдаг тул их ахаа царайлчлахаас яахав.

Гэтэл тэр айгаад байгаа Хятадтай эрх ашгийн тэнцвэрийг хадгалагч хоёр дахь тулгуур нь “гуравдагчийн хөрөнгө оруулалт”. Чухамдаа “Рио” бол Британийн нөхөрлөлийн орнуудын компани. Чухам ийм үндэслэлээр жижиг “Айвенхоу”-г биш аварга “Рио”-г Оюу толгойд оруулсан. Саяхан Б.Хурцын хэргийн үеэр Англичууд Монголыг яаж үл тоолоо. Ер нь нэг ийм шог яриа байдаг юм. Америк, Англи хоёрын аль нь дэлхийн эзэн бэ? Араа шүд нь арзайсан нохой, түүнийг хөтлөж яваа хөгшин хатагтай хоёрын хэн нь эзэн бэ? гэж үү?  Харин энэ хөгшин авгайн хүүг хөөгөөд эхэлбэл...

Төсөв ба уутаа гөвөлцөх нь

Хамгийн гайхалтай нь урд өмнө гэрээг цээжээрээ хамгаалж байсан Засгийн газар гэнэт гэрээг өөрчлөх үүрэг өөртөө авчээ. Хамтарсан Засгийн газар цорын ажлаа ингэж баллах нь өөрсдөд нь ямар хэрэгтэй юм бол? Ядаж “Хайж олсныхоо төлөө говийн гүний усыг 100 хувь эзэмшинэ” гэсэн гэрээний заалтыг өөрчилж байгаа бол яая гэхэв. Дэлхий нийтээр байгаль экологио хамгаалах гээд Копенхагенд цуглаж яриад тарсан. Энэ цугларалт дэлхийн II дайнаас хойш дэлхий нийтээр тулгамдсан асуудлыг хэлэлцэсэн анхны тохиолдол гэж байгаа. Монголчууд сая атомын станц аюултай тул нүүрсээ түлье гэсэн шийд гаргасан, ДЦС-д ус хэрэгтэй тул усаа харамлаж болно оо доо.

Эсвэл дотоодод нэр хүндээ алдсан эрх баригчид гадаад нэр хүндээ бодмоор юм. Эрхбиш гадаад дэмжлэг дээр чүү чамай оршин тогтнож байгаагаа мэдмээр юм. Үнэхээр тийм л эх оронч юм бол гэрээг байгуулж байхдаа одоо шаардаад байгаа энэ засварыг хийчихэж болох л байсан. УИХ нь шахаж, ЗГ нь ийм үүрэг гэнэт авахыг бодоход их л тулгамдсан асуудал гарч дээ.

Маш энгийнээр бодвол ЗГ тогтож үлдэхийн тулд 20 гишүүний өмнө буулт хийж байж болзошгүй. “19+1” гишүүн гэдэг Засгийн газрыг огцруулах санал оруулах хангалттай хүч. Хэрэв гэрээг өөрчлөхгүй гэж Засгийн газар мэдэгдсэн бол тэд огцруулах асуудлыг шууд УИХ-д оруулж чадах байв. МАН-ын гишүүдэд ЗГ-аа унагах тухай ярих хэцүү л дээ. Тиймээс гэрээгээр халхавчлан дайраад үзвэл болох л хувилбар.

Засгийн газар хариуд нь аанай л “худалдан авах” контрмэхээ хэрэглэхийн тулд төсвийн тодотголыг яаравчлан оруулж ирэхийг завдсан ч болсонгүй. Замын тендер нэрээр 330,6 тэрбумыг гишүүдэд хувааж өгч, хахуульдах аргаараа тогтохыг оролдсон тухай сэтгүүлч Г.Дашрэнцэн бичжээ.  Өөр юм ч бий л биз. Хөгжлийн банк нь мөнгө босгох чадваргүй учраас бүтээн байгуулалт таг зогсчихоод байгаа атал ийм луйвар улсын санг цөлмөнө биз дээ.

Зарцуулалт нь яах вэ? Тэртэй тэргүй иддэг юм гэхэд зарцуулах мөнгөө хаанаас босгох вэ? 2011 оны төсөвт “Хүний хөгжил сангийн нийт орлого 320.5 тэрбум төгрөг, нийт зарлага 805.2 тэрбум төгрөг байгаа нь энэ оны зарлагаас 470.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нийт алдагдал 484.7 тэрбум төгрөг” байхаар тусгасан. Үүнээс хагас их наяд төгрөгийн эх үүсвэрийг Сангийн яам олж чадаагүй, цаасан дээрх төсвийн алдагдлын  цаана ахиад хагас их наядын нууц алдагдалтай төсөв батлагдсан шүү дээ. УИХ буцаасан ч Сангийн сайд С.Баярцогт тодорхой болгоно гэж төсвөө татаж 7 хоногт хожоод яг байгаагаар нь оруулж ирсэн. УИХ-ынхан эсэргүүцэе гэх нь ээ өөрсдөө төсвөө батлаж чадахгүй бол тарах хуультай тул түүндээ бантаад С.Баярцогтын залинд хууртаад ийм л төсөв баталсан.

Харин энэ мөнгөө нөхсөн үү? Өөрөөр хэлбэл нөхөлт ба замын мөнгө нийлэхэд л 800 тэрбум төгрөг. Эх үүсвэр тооцьё. Засгийн газар 2011 оны төсвийн орлогыг тооцохдоо алтны үнийг 1,250.0 ам доллар, цэвэр зэсийн үнийг дунджаар 8,425.0 ам.доллар, угаасан нүүрсний үнийг 128.0 ам доллараар тус тус тооцож төсвийн төсөлд тусгажээ гэж мэдээлсэн байна.

Шүүж үзвэл төсвийн төслийн төсвийн орлого гэсэн 4 дүгээр бүлэг 24 дэх заалтад: “Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн хувьд нэг тонн зэсийн үнийг 8425 ам.доллар /тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 5983.1 ам.доллар/... унци алтны үнийг 1250.0 ам.доллар байхаар тус тус тооцож тусгасан болно гэжээ.

Энд нэг заль яваад байгаа юм. Саяхан төсвийн тодотгол хийх шалтгаанаа Сангийн сайд С.Баярцогт: “Бид зэсийн үнийг 5983 ам.доллараар тооцсон, харин зэсийн үнэ өссөн учраас нэмэлт эх үүсвэрээ зарцуулахын тулд тодотгол хийж байна гэжээ. Хэрэв тийм бол Хөгжлийн сангийн дутууг зэсийн үнийг жаахан нэмж тооцоод олж болох байсан. Тэгээгүйн дээр зэсийн үнэ яг бууж байх үед төсвийн тодотгол гэгчийг оруулж ирж жаахан хуримтлалаа цацаж байна.

Гэтэл дэлхий дахиныг дараагийн хямралын давалгаа нөмөрч байна. “Сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр манайхан хямрал болоо ч уу, болсон ч бид нэрвэгдээ ч үү? гэсэн байдлаар хандаад байна уу, өөр юманд найдаад байна уу? Дээрээс нь зэсийн үнэ 9 мянгаас 6000 ам.долларт дөхөж бууж байгаа энэ үед Засгийн газар 2013 онд цалинг 53 хувь нэмэх төсвийн төсөл оруулж иржээ. Бас нөгөө өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 330 мянган иргэнд нэг сая төгрөг, 170 оюутанд хагас сая гэх мэтээр замаа алдаж байна. Төсвийн зарлага энэ оныхоос үлэмж нэмэгдэх нь. За даа, одоо ч байдгаа барах нь л дээ. Уутыг нь уруу нь харуулаад сэгсэрнэ гэдэг л энэ.  

Дээрээс нь Монгол банкны мөнгөний бодлого нь дампуу. Үйлдвэрлэгчдэд очих мөнгөний хүү бодлогын хүүгээ дагаад өсөөд байхад Засгийн газар иргэдэд тэрбум тэрбумаар нь мөнгө зүгээр өгч инфляцийг хөөрөгдөж байна. Тэгсэн хэр нь инфляцийг нэг оронтой тоонд барих юм гэнэ. Уг нь үйлдвэрлэгч талд нийлүүлэлт өндөр хүү бага, хугацаа урт байж ажлын байр бий болж түүгээр дамжин зарцуулагдаж байж мөнгө эдийн засагт шингэдэг. Ямар ч хямралын үед Америк хэзээ ч иргэддээ мөнгө тараадаггүй, том компаниуддаа л зээл өгдөг. Гэтэл манайд яг эсрэгээрээ явж байна. Эдийн засгийн хямрал Азид нөлөөлөх тэр цагт манайхан яг 2004 оных шигээ нийлүүлсэн мөнгөнийхөө1/3-ийг татаж, эдийн засгаа тэр чигт нь нураах гэж байна.    

Одоо Засгийн газар юу хийж байгааг харъя. Бүх хуримтлалаа үрэн таран хийж хувааж авах нь байна. Ирэх онд төсвийн зарлага асар ихээр өсөх нь байна. Гэтэл орлогын гол эх үүсвэр зэсийн үнэ унаж эхэллээ. Дэлхийд эдийн засгийн хямрал газар авч буйн дохио. Үүний дундаас асар их зөрүү гарч эдийн засаг сүйрнэ, аюумшигт хямрал тохионо. Үүнийг нөхөх эх үүсвэр хэрэгтэй. Таван толгойн гэрээ байгуулагдсангүй. Монгол банкнаас хэмжээ хязгааргүй зээл авч, дотоод өрөө нэмээд ч зарлагаа дийлэхгүй. Энэ булай эмисс инфляцийг хаданд гаргана. Үүнээс сэргийлж Монгол банк эдийн засгийн эргэлтэд буй мөнгөө татна. Тэгээд л нураад өгдөг юм байгаа биз дээ, манай эдийн засаг. Ийм үед цорын ганц арга байна. Тэр нь Оюу толгойн гэрээгээр “Рио Тинто”-г шантаажилж дор хаяж 1 тэрбум ам.долларын эх үүсвэр олох. Үүнд нь шаралхсан “Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал “Битгий шуна” гэжээ. Уг нь ЗГ ч бүтэн, УИХ ч бүтэн үлдэнэ. Хорвоод бүгд бүтэн үлдэнэ гэж байхгүй, хэн нь нэг нь таллуулж л таараа, одоохондоо тэр нь “Рио”. Ийм л юм болоод байна даа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив