Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ БА ПАНМОНГОЛИЗМЫН ШИНЭ БОЛОМЖУУД
2011 оны 10 сарын 11 [Уншсан тоо: 57421]

Тусгаар тогтнолын 100 жилийн ойд

Панмонголизм

Үг нь хэдий зэрлэг авч, Панмонголизм
Үнэхээр чихэнд сонсголонтой байна.
Бурхдын тавилангаар дүүрэн
Буухиа мэдээ шиг сонсогдож байна.

Бузартсан Византид тэр үед
Бурхны алтан ганжир гунджээ
Хан харцгүй хамаг бүхэн
Халамжит Мессээс нүүр буруулжээ.

Алдар нэргүй, харь ард түмэн
Алс дорноос өндийн босчээ.
Үйлийн лайтай хүнд зэвсгэнд нь
Үнсэн товрогоор эргэв, хоёр дахь Рим…

Өнгөрсөн Византийн хувь тавиланг
Өнөөгийн бид давтахыг хүсэхгүй.
Одоо чи Гурав дахь Рим гэж
Оросын худалч нар давтан баталж байна.

Бурхны гэсгээлийн зэвсгийн
Булт нөөц шавхагдаагүй, тэгж л байг.
Сэргэн боссон аймгуудын цутгалан
Шинэ цохилтод бэлтгэж байна.

Малайн уснаас Алтай хүртэл
Манлай жанжид Дорнын арлуудаас төрж
Толгой гудайсан Хятадын ханын дэргэд
Тоо томшгүй цэргээ цуглуулж байна.

Цадаж ханахгүй царцаан сүргийн
Цаадах тоог нь хэлж баршгүй.
Умрыг чиглэсэн аймгуудаас
Урьдын хүчээр хамгаалж дийлэхгүй.

Хоёр толгойт бүргэд ниргэгдлээ
Хоосон алдраа март даа, Орос минь.
Шалчийсан тугны чинь өөдсөөр
Шар хүүхдүүд зугаацан наадна.

Хайрын дуудлагаа мартаж чадах нь
Харанхуй айдас, түгшүүртэйгээ эвлэр.
Үнсэн дунд Гурав дахь Рим уналаа
Үнэндээ гэхэд дөрөв дэх нь байхгүй…

(Поэзия Серебряного Века. Москва, “Художественная Литература”, 1991 номноос судлаач Д.Ганхуягийн орчуулсныг www.ganaa.mn сайт дахь “Панмонголизм” өгүүлээс авав.)

    Үндэсний үзэл ба панмонголизмын шинэ боломжууд

Иргэншил үү, хэт угсаатан уу?

Л.Н.Гумилёв “Биосфера и этногенез земли” номынхоо сэдвээр эрдмийн ажил бичээд доктор цолоо хамгаалах болжээ. Гэтэл түүнд цолыг өгсөнгүй, шалтгаан нь “Таны диссетаци докторын цолноос үлэмж илүү түвшинд бичигдсэн тул...” Дурдан буй бүтээл нь үндсэрхэг үзлээр уншсанаас болсон уу, ямар боловч Оросын яруу найрагч, гүн ухаантан В.С.Соловьевийн Д.Ганхуяг судлаач “Зөнч шүлэг” хэмээн тодорхойлсон “Панмонголизм” шүлгийн тайлбар мэт санагддаг. Цөөн буурай Монголчууд ингэтлээ сэргэн мандана гэж үү?

Тухайн үед хүлээн зөвшөөрөхөөс болгоомжилсон түүний онолоор дэлхийн түүхэнд нөлөөлөхүйц үйл явцууд тодорхой давтамжтай өрнөдөг агаад угсаатнууд оргиллын нөлөөнд автан үймж бужигнаж эхэлдэг ажээ. Оргиллын халалтаар оргилуун хүмүүс төрөн гармагцаа хамгийн түрүүнд өөрийн угсаатны доторх бэртэгчингүүдтэй тэмцэлдэж эхэлнэ. Тэд /гарцаагүй/ ялан гармагцаа хэт угсаатныг үүсгэж, дэлхийн түүхэнд нөлөөлөхүйц үйл хэргийн төлөө улангасан зүтгэнэ.  Энэ нь бүх дэлхийг хамарсан үзэгдэл болж, түүхийн үйл явц орвонгоороо эргэж, цоо шинэ түүх бичигдэх ажээ.

Лев Николаевичийн бүтээлд А.Тойнбийн нөлөө ажиглагддаг нь Зөвлөлтийн зарим эрдэмтдийг үзэл суртлын алдаанд орохоос болгоомжилоход хүргэсэн бололтой. А.Тойнбийн “Түүх” бүтээл нь дэлхий дахины түүхийг дан ганц Европын түүхийн загварчлалаар харж болохгүйг илчилсэн байна. А.Тойнбийн энэ бүтээл түүхийн судалгаанд эргэлт хийсэн бөгөөд тухайн үеийн түүхийн бичлэгийг “мөхөөж” цоо шинэ зарчим бий болгосон юм. Хожим энэ бүтээл Иргэншлийн онолын суурь болов. Өнөөдөр дэлхий дахинд хамгийн “төгс” боловсорсон” нийгэм-түүхийн онол нь Марксист формацийн онол, Иргэншлийн онол болоод байна. Л.Н.Гумилёвын хэт угсаатан гэх томъёолол Монголыг үнэлэх талаасаа өнөөгийн “иргэншил” хэмээх ойлголттой ойролцоо юм шиг.

Гэхдээ Монголын түүхийн тухайд энэ ойлголт нэг л болохгүй байна. Жишээ нь өнөөдөр дэлхийд буй нөлөө бүхий иргэншлүүдийг тодорхойлсон авч “Монгол” алинд нь хамрагдахыг тодорхойлж чадаагүй юм. Энэ сэдвээр Оросын эрдэмтэн А.Железняков тун ч гарамгай ном, өгүүллүүд бичсэн байна. Монгол бол ортодокс загалмайтны болон Күнзийн иргэншлийн завсар дахь “буддизмын” онцгой хэв маяг. Харин Лев Николаевич Монголыг тун оновчтойгоор “хэт угсаатан” хэмээн тодорхойлжээ. Түүхийн үйл явц, хэн хүчирхэг байсан тэр л хүчирхэг болдог гэдэг түүхэн логикийг харвал Лев Николаевичийн тодорхойлолт гайхалтай зохидог.

Гэтэл... Өнөөдөр үймж бужигнаж буй Монголчууд өөрсдөө өвөрмөц соёл бүхий жижиг улсынхаа бодит байдлаас хэт угсаатан болох сэргэн мандлын үйл явцыг холбож чадахгүй байна. Гол нь итгэл алга. Түүхэнд өнөөгийн хүлээн зөвшөөрөгдсөн онолоор тайлбарлаж болшгүй тохиол олонтаа тохиолдоно.

Жишээ нь XIII зуунд Монголчууд ердөө 250 мянга байсан. Харин эргэн тойронд буй нүүдэлчид 2 сая шахам, гол дайсан Алтан улсын хүн ам 20 гаруй сая. Хятадын нийт хүн ам Тангудын оролцуулаад 80 шахам сая. Өрнө этгээдэд Хорезм хүн амын тоогоор Монголчуудаас 10 дахин олон, нөөц хүч дайчлах чадвараар 20 дахин хүчтэй байжээ. Гэхдээ л Монголчууд ялсан л юм даа. Ямар гээч ад зэтгэрийн хүч вэ? Эсвэл... Хэдийгээр бид анзаарахгүй байгаа ч XX зууны түүхээ жинхэнээр нь харвал их л гайхалтай санагдаад байна. Бид яг дотор нь байгаа учраас ямархуу түүхэн эргэлтийн үед байгаагаа анзаарахгүй байх шиг.

XX зууны оргилол

XX зуун олон зуун жил унтсан Монголчуудын дайнч чадварыг сэргээсэн юм. Хамгийн түрүүнд үүнийг ажигласан хүн бол Барон Унгерн. Тэрээр ”Монголчуудтайгаа байхад би Лиссабон ч хүрнэ” гэж хэлжээ. Унгерн яагаад Монголчуудыг илүү үнэлдэгийг ойлгодоггүй байсан штабын дарга М.Г.Торновский Улаан-Үдийн наахна бүслэгдээд гарах газаргүй болж арга тасраад байхдаа гэнэтийн аврал хүртжээ.

Сундуй гүний 300 гаруйхан дайчинтай Монголын морин дивизион улаантны хороог халз дайрч бараг хохиролгүй бүслэлтийг тас цохисон төдийгүй улаантны нэмэлт хүчийг сүйтгээд Монголын нутаг руу ороод явчихжээ. М.Торновский тэр зайгаар цэргээ авч гарчээ. Тэгээд тэмдэглэлдээ “Монголчууд буддизмын нөлөөн дор 200 жил унтсан гэдэг худал юм байна. Чингисийн үе эргэн ирж байна” гэж сэтгэл догдлон бичжээ.

Үүнээс өмнө Монголын тусгаар тогтнолын эхийг тавьсан Оросын гарамгай дипломатч Я.И.Коростовец Монголын хүчийг илтгэсэн үйл явцуудад итгэхгүй байв. Тэрээр хожим Дэн Сяо Пинээс М.С.Горбачевт сануулсан Амар мөрний сав дагуух 400 мянга, Балхашаас зүүн тийшх 1,2 сая кв.км нутгийг /Үүнд өнөөгийн Тува ордог бөгөөд Монголчууд Туваг Оросуудтай 1944 оныг хүртэл булаацалдсан, их Д.Нацагдорж Миний нутаг шүлгээ зүгээр ч нэг “Хэнтий Хангай Соёны...“ гэж эхлээгүй юм шүү/ Чин гүрнээс салгаж Оросын эзэнт гүрэнд нэгтгэснийхээ төлөө Бээжингээс матуулж, гэдрэг татагдаад байхдаа Монголыг тусгаар улс болгох санаагаа хэрэгжүүлэхээр зүтгэсэн юм. Францын элчингийн охинтой явалдсан хэргээр Санкт-Питербургт татагдан очсон тэрээр одоо байгаа нутгаа ч арчилж чадахгүй байж нэмж авах хэрэг юун гэж байсан “Дорнын бодлогыг сонирхдоггүй” ГЯЯ-ныхаа сайд С.Д.Сазановтой зөрж байж Монголыг буфер улс болгох төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр Өргөөд иржээ.

Монголчууд Оросоос хүссэн 2 сая рублийн зээлээ Хятадуудтай дайтахад зарцуулах гэж байна, дайн эхэлбэл Монголчууд гарцаагүй ялагдаж бидний хүчин чармайлт талаар болно гэж болгоомжлон бичиж байв. Гэтэл түүнийг Хүрээнд байхад Дарьгангад Монгол-Хятадын цэргүүд хоёр талаас тус бүр 500 хүнтэйгээр тулалдахад Монголчууд ялжээ, мөн баруун хязгаар Захчины цагаан түнгэд Монголчууд давуу хүчтэй Хятадын цэргийг ялсан байв. Гэвч тэр итгэлгүй хэвээр буцсан ба “энэ бол цэвэр тохиолдол” гэж үзэж байжээ.  

Гэвч Монголчууд түүний дараа гялалзсан амжилт гаргаж Ховдыг чөлөөлж авсан төдийгүй, 1913-1915 онд Өвөрмонголыг чөлөөлөх таван замын байлдааныг эхлүүлж, цагаан хэрэм хүртэл давшжээ. Энэ талаар “400 монгол 10 000 гаминг ялна” өгүүлэлд бичсэн тул товчилъё.

Оросууд байтугай өвөрлөгчид Халхын хүчинд итгэлгүй байжээ. Б.Хайсан гүн, Бинт ван нар Я.Коростовецтэй уулзахдаа “Халх нар идэвхгүй, назгай байна, тусгаар тогтнолын үйл хэрэгт идэвхтэй дайчин өвөрлөгчид л илүү нөлөөтэй байж чадна” гэж ярьсныг тэрээр “Монголд өнгөрүүлсэн есөн сар” нэрээр хэвлэгдсэн өдрийн тэмдэглэлдээ бичсэн байна. Лав л 1911-1921 онд Монголын алдарт жанждын нэг Хатанбаатар Магсаржав 41 тулаанд орж, нэг ч ялагдаагүй юм.

Коминтерн Монголд нөлөөгөө тогтоосны дараа ч Монголчууд Өвөрмонголыг чөлөөлөх эрмэлзлээсээ буцаагүй юм. Засгийн эрхийн төлөөх цуст тэмцлийн дараа амсхийх зуур шинэ Бүгд Найрамдах улс дайнч санаархалаа гаргав. Ялангуяа баруунтнууд Засгийн эрхэнд байхдаа ихэд идэвхжиж, 1928 онд Алшаад довтолсон байна. Богд хаант улс байгуулагдсаны дараа Алшаагийн ноёны хүү Өргөөд ирж Богдод айлтгал бичиж, Чингис хааны онгоныг зөөж ирэх хүсэлт тавьж байлаа. Энэ нь баруунтнууд Алшааг онцгойлон анхаарах сэдэв болсон бололтой. Энэ тухай Дилав Хутагт Жамсранжав дурдатгалдаа цухас бичжээ. 

Мөн Я.Коростовец Халхад томилогдохын өмнө Хятадаас жийрэглэх Монгол Улсын талаар Засгийн газрын түвшинд зөвлөлдөхөд Оросын сангийн сайд В.Н.Коковцов эдийн засгийн ач холбогдлоо бодож Ар Монголд Ховдын хязгаараас гадна Барга, Хөлөнбуйрыг нэгтгэх санал гаргажээ. Энэ нь хожим Монголын тусгаар тогтнолд Баргыг хамруулах санаархлыг дэвэргэжээ. Өргөөд түүнийг нь сонссон байв, магадгүй Петр Бадмаевын үеэс Оросын хааны ордонд нэвтэрсэн буриадууд үүнийг Өргөөд мэдээлсэн болов уу. Анхны гэрээг байгуулахаар ирсэн Я.Коростовецэд Монголын ноёд ялангуяа Да лам Цэрэнчимэд “Баргыг нэгтгэх” шаардлагыг шаргуу тавьж байжээ. Гэхдээ Оросууд Дорнод Хятадын төмөр замыг хянахын тулд Хятадаас гадна Монголчуудтай тохиролцох хэрэг гарахаас түвэгшээсэн ба Орос-Японы гэрээгээр Оросын нөлөөний хүрээг Ар Монголоор тогтоосон тул тохиролцоогоо эрхэмлэхээр шийджээ.

Бүгд Найрамдах засаг тогтсоны хойно МАХН-аас ӨМАН-ыг зохион байгуулахад туслах зөвлөхүүдээ илгээж, Өвөр Монголыг Хятадаас тусгаарлах санаархлаа идэвхжүүлжээ. Тогтох тайжийн өргөмөл хүү С.Буяннэмэх үүнд идэвхийлэн оролцож байлаа. Мөн Монголын тагнуул Мэрсэ Алшаагийн бослогын дараа Баргад амжилттай ажиллажээ. Тэрээр Улаанбаатартай нягт хамтран ажиллаж бослого зохион байгуулсан байна. Бослого тун амжилттай өрнөж Баргын босогчид Хайлаарыг эрхэндээ аваад, төмөр зам, холбооны шугамыг таслаад Харбин руу шаламгайлан довтолжээ. Хятадын талаас онгоц, хуягтаар дэмжүүлсэн томоохон хүчийг босогчдын эсрэг хаяхад баруунтнууд босогчдыг дэмжихээр Халх голын чиглэлээр Монголын 1300 морьт цэргийг хоёр замаар оруулжээ. Сандарсан Хятадууд лиги-нацид Монголын түрэмгийллийн талаар гомдол мэдүүлсний дагуу Зөвлөлтийн цэрэг төмөр замаа хамгаалах шалтгаар Баргад орж, хоёр талыг зааглажээ.

Босогчид сарниж, Мэрсээ Харбин дахь Японы консулд толгой хоргодсон байна. Харин Монголын Засгийн газар зүүн хилээ нээж, дүрвэн ирсэн баргуудыг саадгүй хүлээн авах шийдвэр гаргажээ. Баргууд Монголд 1911, 1929, 1945 онд гурван удаа нүүж ирсэн юм. Баруунтнууд засгийн эрхнээс зайлуулагдаж, 1932 оноос Х.Чойбалсан Засгийн эрхэнд тодорч эхэлжээ. Япон Манжуурыг түрэгийлсний дараа Монголын бодлого Зөвлөлтийн далбаан дор өрнө зүг эргэжээ. Х.Чойбалсан Шинжаанд хилийн цаана үлдсэн торгууд чуулган ба урианхайн долоон хошууны нутгийг сонирхож эхэлжээ. Тэрээр Оспаныг зэвсэглэж, цэргийн зөвлөх, тагнуулаа илгээв. 1945 онд Хятадын талаарх Зөвлөлтийн бодлого эргэж, Дорнод Түрэгстаны БНУ-ын удирдагчдыг онгоцны ослоор устгаж, Хятадын нутаг хэмээн хүлээн зөвшөөрчээ. “Хятадын хуучирдаггүй шинэ хязгаар” өгүүллээс дэлгэрэнгүйг уншина уу.

Чөлөөлөх дайнд цэргээ оролцуулсан маршал Х.Чойбалсан Оросын хязгаарлалтын улмаас Өвөрмонголоос юу ч олсонгүй, түүний томилсон Өвөр Монголын Засгийн газар хоёрхон цагийн настай байсан гэдэг. Маршал бас баруун талаас ашиг олох нөхцөлгүй болжээ. Тиймээс баргуудыг татсан ба 1944 онд Ховог сайраас торгуудыг оруулж авснаар сэтгэл ханахаас аргагүй болжээ. Баруунтнуудын Германд захиалан хийлгэсэн Монголын хоёр дахь газрын зурагт Халх-Баргын завсарт эрхий дарам завсрын бүс тэмдэглэдсэнийг харж болно. Дараагийн зурагт энэ бүс Монголынх болсон байв.

Олз үүгээр дуусаагүй, дайнд оролцсон нь тусгаар тогтнол авчирсан. И.В.Сталин Чан Кайшиг шахаж байж Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлсэн. Чан Кайши эсэргүүцсэн авч “Хэрэв танайх Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөхгүй бол Өвөр Монголыг Ар монголтой нэгтгэж болох л юм” гэжээ. Чан кайши буулт хийж, санал асуулга явуулж, хэрэв Монголчуудын олонх тусгаар тогтнох эрмэлзэлтэйгээ баталбал хүлээн зөвшөөрөхөд бэлэн гэжээ. Үүнээс бодоход бид Сталины хөшөөг адалмааргүй л байгаа юм.

1945 онд Чан Кайшийн Засгийн газар, 1949 онд Мао Зэдун Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ хожим БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх болоход Хятадыг НҮБ-д төлөөлж байсан Тайваний төлөөлөгч Монголыг “түрэмгий улс” гэсэн шалтгаар хориг тавьж байжээ. Өөрөөр хэлбэл Байтагийн чиглэлээр Хятадууд Монголд халдаагүй, харин Монголчууд Хятадын нутагт өнгөлзсөн гэж тайлбарлаж байсан ба тухайн үед АНУ-ын цэргийн зөвлөхүүдийг урьж энэ үндэслэлээ баталгаажуулсан байжээ.

Монголчуудын оролцсон дараагийн дайн нь Солонгосын дайн юм. Хойд Солонгосын арми Өмнөд рүү довтлоход цэргийн зөвлөхүүд нь Монголын офицеруудаас бүрдэж байжээ. Шанхайн цэргийн архиваас хуулбарлаж Парист хадгалсан тагнуулын материалаас энэ мэдээллийг олж үзсэнээ Оросын алдарт шинэтгэгч, Хаант Оросын Ерөнхий сайд П.А.Столыпины хүү А.П.Столыпин “Москва Бээжингийн завсар дахь Монгол” номондоо ишлэлтэй нь дурджээ. ЗХУ дайнаас гарч Хятадын сайн дурынхан дайнд оролцож эхэлмэгц Монголын офицеруудыг гэдрэг татсан бололтой. ЗХУ дайнаас гарч, Хятадын армид зээлээр зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд БНХАУ уг өрийг 1989 онд төлж барагдуулжээ. 

Олон хүн бодохдоо Монголчууд XX зууны түршид тусгаар тогтнолынхоо төлөө аядуу байж, шууд зуун тэвчсээр ирсэн, Зөвлөлт Хятадын дарамт дор үлбэгэр сул дорой байсан гэж үздэг нь үнэнд нийцэхгүй юм. Хэдий хүнд бэрх дарамтад байсан ч Монголчууд зальжин бөгөөд идэвхтэй, түрэмгий байсан юм. Монголын тусгаар тогтнолын хэрэгт зүтгэсэн өвөрлөгч дайчид хожим бараг бүгдээрээ цагаатныг дагасан хэргээр хядуулсан. Монголыг зорьж ирсэн буриадууд ч толгой дараалан хядуулсан юм. Түшигцагаануурт нутагласан цахрууд бүгдээрээ хядуулж, Ерөөгийн буриадаас ердөө хоёрхон насанд хүрсэн эр үлдэж байсан нь панмонголизмаас Зөвлөлтийнхэн хэр их болгоомжилж байсныг харж болно.

Өвөрлөгч ба буриадууд үүний төлөө Ар монголд гоморхдог, магадгүй ийм гоморхлыг санаатай бий болгодог байх, гэтэл Ар Монголчууд өөрсдөө олон арван мянгуулаа, тэр дундаа сүүлчийн панмонголист маршал Х.Чойбалсан өөрөө тэдэнтэй хамт Оросуудын гараар нөгөө ертөнцөд одсоныг мартаж болохгүй юм.

Монголчууд чөлөөлөх дайнд оролцсон нэр хүнд ба коммунистуудын найрамдалт харилцааны эхэн үеийн таатай нөлөөгөөр БНМАУ ба БНХАУ хилээ маргаан зөрөлдөөнгүй тогтоож авсан юм. Гэхдээ хилийг тогтооход Хятадууд найрсаг хандсаны учир нь Ар, Өвөр Монголыг зааглах тодорхой хилтэй болох эрмэлзэлд байсан бололтой юм. Хил тогтсоноор ар, өвөр Монголын хооронд бичиг соёлын ялгаа эрчимжиж эхэлжээ. Залуу Ю.Цэдэнбал шазруун маршалын замаар явахыг хүссэнгүй, аж ахуйгаа өөд татахыг хичээжээ. Гэвч тэрбээр мөн л насан өндөр болсон хойноо маршалынхаа замаар явсан.

Энэ зуур өвөрлөгчид ч зүгээр суусангүй. Хэдийгээр Улаанхүү ӨМАН-ыг ХКН-тай нэгтгэсэн авч өнөөгийн Өвөрмонголыг газрын зурагт цагаан хэрмээр хиллүүлэн 1,2 сая км.кв нутагтай болгож чаджээ. Мао Зэдуны Өвөрлөгчдөд хандсан Хятадын коммунист армийн ар талд дарамт учруулахгүй байхад туслахыг хүссэн уриалгад нааштай хандсан байв. Японы эзэгнэлийн үед Өвөрмонголчууд Хятадын дотоод зөрчилдөөнд бага оролцож, өөрсдөө бие даасан бодлого явуулахыг эрмэлзэж байсан нь ашгаа өгчээ. Манжийн засаглалын сүүлийн жилүүдийн “шинэ засгийн бодлого”, Хятадын БНУ-ын эхэн үед бараг Хятадын муж болоод байсан өмнөд хязгаараа буцаан авч чадсан байна. Хэрэв аль нэг талд илэрхий орсон бол илүү эмгэнэлт хувь тавилантай учирч болох байв. Гэхдээ ӨМАН-ын дотор ноцтой хагарал гарсан ба бие даан тусгаар тогтнох, Монгол Улстай нэгдэх, ХКН-тай нэгдэх гурван ч жигүүр үүссэн байна. БНМАУ-тай нэгдэх 30 мянган хүний гарын үсэгтэй өргөдлийг авч явсан ӨМАН-ынхан Хянганы нурууны хүнд даваагаар давж ирсэн ч Оросууд хориглон явуулсангүй.

ӨМӨЗО-ныг байгуулж, дайны дараах хүнд үеийг туулж амьсгаа авсан ХКН хожим ӨМАН-ын бусад жигүүрийнхнийг яг коммунист арга барилаар хядан устгажээ. Энэ талаар “Өвөр Монголын хэлмэгдсэн байдал” өгүүлээс тодруулж үзнэ үү.

XXI зуунд     

Ардчилсан хувьсгалын дараа ЗХУ-ын хараат байдлаас салсан Монгол нь болгоомжилбол зохих хөрш болсныг шинэ Оросын удирдлагууд ойлгож эхэлсэн юм. Урдын найдвартай дагуул, хараат Монгол эргэн тойрон өөрийн үндэс угсаа нэгтнээр хүрээлүүлсэн шинэ улс болон хувирчээ.

Оросууд Монголыг яаж ийгээд хараандаа байлгахыг, эдийн засгаар шахамдуулахыг хичээж, өөрийн хүч чадлыг байнга мэдрүүлэхийг зорьж байна. Дотоод суртал нэвтрүүлэгтээ Монгол угсаатны хамгийн ойр төвлөрөл Буриадыг Монголоос өөр гаралтай болохыг батлах зорилго тавьж байна. Буриад-Монголын автономит Улсын нэрээс Монгол гэдэг үгийг хассаны дараа Буриадыг түрэг гаралтай хэмээн нотлохыг оролддог байсан бол өнөөдөр Хүннү бол Буриадын өвөг гэх буюу Тоба бол Тувагийн өвөг, аль аль нь Монгол угсаатан биш байсан гэх үндэслэгээг гаргахыг оролдох болжээ. Анзаарвал XX зууны газрын зурагт дүрслэгдсэн Тувагийн нутгийг тэхий голоор нь хувааж өөртөө нэгтгэжээ.

Ардчилсан хүчин анхны ялалтаа байгуулсан 1996 онд Чечений хямралд автаад байсан Оросууд Монголд панмонголизмыг сэргээх вий хэмээн болгоомжилж байв. Тиймээс Ардчилсан хүчний анхны Ерөнхий сайд М.Энхсайханы мэдэгдэл бүрт анхаарлаа хандуулж  бүс нутгийн болоод дэлхий дахины тогтвортой байдалд хувь нэмрээ оруулахыг уриалж байв. В.Путин Ерөнхийлөгч болоод Буриадын автономит тойргуудыг Чита болон Эрхүү мужид нэгтгэж, Буриадын автономит улсыг улам бүр жижигрүүлэн шахаж байна. Харин алсдагдсан Халимгуудын Монголтой холбоо тогтоох оролдлогыг зөвшөөрч байна. Тэр ч байтугай Каспийгаас Өмнийн говь хүртэлх эдийн засгийн шинэ орон зайн тухай, шинэ торгоны замын тухай номлолыг дэмжин хөхүүлж байх юм. Мөн Монголын албан ёсны түүхэнд нэвт шингээсэн Монгол-Ойрадын зөрчлийн тухай домогтоо найдсаар байгаа бололтой. Тиймээс түүхийн энэ гажуу ойлголтыг өөрчлөх цаг болж байх шиг байна. Гэхдээ Оросууд нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Панмонголизмын үндэс нь буриадад байдгийг. Тиймээс ямар ч төөрөгдүүлэлт тус болохгүй нь тодорхой. Тэгээд ч Оросууд панмонголизм хэмээх нэр томъёог гаргаж ирсэн ба олон сод эрдэмтэд нь Монголын түүхнээ гүнээ хүндэтгэлтэй хандсаар ирсэн.

Өнөөг хүртэл Ю.Цэдэнбалын үеэс улбаатай номой хүлцэнгүй этник бодлого байрнаасаа нэг л хөдлөхгүй шинжтэй байгаа ч үндэсний үзэл санааг сэргээх оролдлогууд улам идэвхжиж байгаа нь шинэ оргилол бий болж буйг нотлож байна. Монгол бол жижиг үндэстэн биш, том угсаатан гэсэн ойлголт сэргэж байна. Эх оронч үзэл ба үндэсний үзлийн ялгаа зөрүүг тодруулахыг оролдож байна.

Орос, Хятад улсын суртал нэвтрүүлэгт эх оронч үзэл нэгд тавигдаж байна. Учир нь Орос, Хятад орон бол өөртөө олон үндэстнийг нэгтгэсэн гүрэн юм. Хэдийгээр хань болон орос үндэстэн тооны хувьд улсдаа үнэмлэхүй олонх авч улсад нь “бага” үндэстнүүд асар уудам газар нутаг эзлэн оршиж байна. Тиймээс тэдэнд эх оронч үзлээр баталгаажсан эх орны бүрэн бүтэн байдал чухал агаад үүний төлөөх жижиг үндэстний хариуцлагыг байнга сануулж байгаа нь зүй. Гэхдээ энэ бол цэвэр хориглолт. Орос гүрэн өнгөрсөн зуунд хоёр ч том задрал үзсэн. 1917 онд Польш, Финляндыг алдсан бол 1990 оноос Холбооны 15 БНУ-аа алджээ. Улмаар Чеченийг хядан сөнөөснөөр дараагийн задралаасаа сэргийлж чадсан.

БНХАУ-д салан тусгаарлагчид улам бүр идэвхжиж байна. Ингэх шалтгааныг Хятадын төр засаг өөрсдөө бий болгож байна.

Харин Монгол Улсад эх оронч үзлээсээ арай өргөн харж, үндэсний үзлээ сэргээж байна. Энэ бол үзэл санааны хувьд томоохон давшилт юм. Монгол Улс бол Монгол үндэстний нэгээхэн хэсэг оршин буй улс. Харин Монгол үндэстэн үндэсний голомт болсон 1,5 сая км.кв нутгаас хамаагүй өргөн орон зайд оршин байгаа билээ. Цагаан хэрэмнээс Байгаль нуур хүртэл, Хянганаас Ижил мөрнийг хүртэл. Тиймээс үндэсний үзэл санаа зөвхөн Монгол Улсаар хязгаарлагдахгүй юм.

Буддизмын онцгой соёл ба Монгол далай лам

Монголчуудын нэгэндээ татагдах чухал хүчин зүйл нь шашин, соёлын нөлөө юм. Хэдийгээр Чингис хаан буддын шашинтан байгаагүй ч түүхэн нөхцлөөр шарын шашин Монголчуудыг нэгтгэгч хүчин зүйл болж байна. Өнөөдөр дэлхийд шарын шашинт цорын ганц тусгаар улс бол Монгол. ЗХУ задарсны дараа Оросууд бүрэн бүтэн байдлаа хадгалахын тулд панмонголизмыг соёлын панмонголизм болгохыг хичээж байсан юм. Буриад, Халимаг дахь буддизмын сэргэлт нь Монгол угсаатны соёлын ижилсэлд тун нааштай нөлөө үзүүлж байна.

Хятадын хувьд Монголын шашны нөлөө маш том асуудал болж хувирлаа. Далай лам залгамжлагчаа Монголоос тодруулсны дараа бүр ч төвөгтэй болж байна. Төвдийн бослогын дараа хамгийн идэвхтэй эсэргүүцлийн акц Улаанбаатарт болж, Төвдийн иргэн Галсан БНХАУ-ын ЭСЯ-ны гадаа 154 минут суулт хийснээрээ Төвдийн бослогын үеэр 154 хүн алагдсаныг нотлосон юм. Бид энд хүчин чармайлт гаргаж байх зуур Хятадын эрх баригчид Ерөнхийлөгч Н.Энхбаярыг урьж, аргадаж 30 сая юаны буцалтгүй тусламж олгож байв. Төвд дэх хэрэг явдлын талаар Монголыг идэвхгүйжүүлэх энэ бодлого Далай ламд нөлөөлж, Н.Энхбаярын айлчлалын дараахан ХIV Далай лам Монголоос хойд дүрээ тодруулахгүй гэсэн ярилцлагыг Германы “Шпигэл” сэтгүүлд өгөхөд хүргэсний төлөө “XV Далай лам Монголоос тодрох уу?” өгүүлэлдээ хурцхан шүүмжилж байсан.  

Гэвч үйл явцын өрнөлийг ажиглахад Далай лам өөрийгөө улстөрийн өөрөөр хэлбэл Төвдийн орогнолын Засгийн газрын үүргээс чөлөөлсөн нь дараагийн дүрээ Монголоос тодруулах бэлтгэл байсан бололтой. Шинэ Далай лам цэвэр шашны тэргүүн болно. Шинэ Далай ламыг улстөрийн хэрэг явдлаас салгахгүй бол Монголчууд Төвдийн хэрэг явдалтай орооцолдох сонирхол багатай юм. Хэрэв дараагийн далай лам Монголоос тодрохгүй бол Монголчууд X Богдыг шашны тэргүүнээр тодруулах оролдлого хийх байв. Анхны Богдууд Монголоос тодорч байсан юм. Нас өндөр IX Богдыг аль болох удаан байлгахыг Монголчууд хичээж байгааг Хятад ч, Далай лам ч ажигласан нь лав. Монголд Улсад тусгаар тогтнолын 100 жилийн ой тохиож буй ба тусгаар тогтнолын үйл хэрэгт VIII Богдын оруулсан хувь нэмрийг үнэн бодитоор үнэлж буй цаг үед Далай лам шашныхаа тусын тулд ийм алхам хийжээ. V Далай ламаас хойш хоёр дахь Далай лам Монголоос тодорлоо.

Хэрэв Далай лам амьддаа дараагийн дүрээ тодруулахгүй бол Хятадын Засгийн газар Банчин богдыг эрхшээлдээ авсантай адил үйл явц болно гэж үзэж болгоомжилж байгаа нь зүйн хэрэг юм. Хэдийгээр Далай лам Энэтхэгт суурьшиж буй боловч Энэтхэг буддын шашинт улс биш юм. Дээрээс нь Төвдийн асуудлын улмаас бий болсон зөрчилдөөнөө Хятадтай зохицуулах эрмэлзэлтэй болсон Энэтхэгээс болгоомжилж буй бололтой. Өнөөдөртөө буддизмын шарын шашны урсгал зонхилсон, шашин шүтэх эрх чөлөөг бүрэн хүлээн зөвшөөрсөн, ардчилсан, дэлхий дахины анхаарлыг татаж буй цорын ганц тусгаар улс бол Монгол.

Өвөр Монгол дахь шинэ нөхцөл байдал

Өнгөрсөн их зуднаар Монгол Улс 8,5 сая малаа алдсан. Өвөрмонголд ч байдал сайнгүй байжээ. Хэдийгээр өвс тэжээл хангалттай байсан авч Өвөрмонголын малчид их хохирсон юм.

Үүний шалтгаан нь Хятадын Засгийн газраас бэлчээрийг тогтоож, хуваарилж өгч буйтай холбоотой. Нүүдэлчид цагийн аясыг дагаж нүүдэллэснээр зуд, ган гачгаас хохирол багатай гардаг уламжлалтай. Олон жил нэрвэсэн гангийн улмаас бэлчээргүйдсэн, дээрээс нь өвч тэжээл бэлтгэж чадаагүй Монголын малчид их хохирол үзэж байхад өвөрлөгчид нүүдэллэж чадаагүйн улмаас хохирчээ.

Ид хүйтэнд голын жавар тачигнасан хөндийд хуваарилсан, өргөст тортой газраасаа нүүж чадаагүй Өвөрмонголын малчин хэдий хангалттай өвс тэжээлтэй авч малаа осгоож үхүүлжээ. Өөрөөр хэлбэл бэлчээрийн аж ахуйг тариачны хуваарьт газрын системээр зохицуулах гэсэн Хятадын эрх баригчдын бодлого малжих орны малчдыг сүйрүүлсэн юм. Боодолтой өвстэйгээ зэрэгцүүлэн осгож үхсэн малаа өрсөн өвөрлөгч малчин зурагтаар тун өрөвдөлтэй харагдаж байв. Энэ бол тариачны орныг хүчирхэг гүрэн болгосон ухаалаг удирдагчид ба харъяат эгэл малчдын соёлын ялгаа зөрүүгээс болж буй гамшиг.

Дараа нь өөрийнхөө телевизийг үзээд Мянган сорилын сангийн мөнгөөр бэлчээрийн менежмент хэмээх төсөл хэрэгжүүлж буй Монголын удирдагчид Хятадын удирдагчдаас юугаараа ялгаатай гэж? хэмээн асуумаар л болж байлаа. Америк ч, Хятад ч суурин, тариалангийн соёлтой улс. Олон мянганы урт түүхтэй нүүдэлчний соёлтой Монголчууд тариачдаар бэлчээрээ яаж хуваарилахаа заалгаж байна гэдэг юү гэсэн үг вэ? Зүгээр л солиорол байхгүй юу. Харин бид бэлчээр ашиглалтын асуудлаар тэдэнд үнэтэй зөвлөгөө өгч чадна.

Хятадууд ч, барууныхан ч өвөр, ар Монголд санхүүгийн хөшүүргээр дамжуулж бэлчээр хуваарилж, эрчимжсэн мал аж ахуй нэрээр малчдыг өргөст торонд хашихыг оролдож буй нь ашигт малтмал олборлох, тээвэрлэх өргөн уудам газар нутаг чөлөөлж авах ганцхан зорилготой. Хэрэв “Бэлчээрийн менежмент” төсөл хэрэгжвэл бид яг Өвөрмонгол болно. Дараа нь... Чухам Хятадын энэ зорилго Өвөрмонголд асар том зөрчил үүсгээд байна. Бэлчээр дээгүүрээ хүнд даацын машинаар нүүрс тээвэрлүүлж талхлуулахгүй гэж тэмцсэн Монгол малчныг дайрч алснаар Хятадад ноцтой асуудал үүсч байна. Олон арван жил бугшсан гоморхол зад тавьж, өнөөг хүртэл тэвчээртэй явж ирсэн Өвөрлөгчид эрслэн босчээ. Улсын мөнгөн тэмдэгт дээр хоёрдугаарт монгол бичгээр бичсэн нь БНХАУ дахь Монгол үндэстний эрэмбийг харуулдаг. Чин гүрний үеэс нэр хүндээ хадгалж ирсэн, Хятадууд ч үүнийг нь ашиглаж сурсан Монгол үндэстэн үймж босно гэдэг Хятадын эх оронч үзэлд хүчтэй цохилт өгсөн хэрэг юм. Үүний шалтгаан нь соёлын ялгаа, үндэсний аж ахуйн онцлог, шалтаг нь уул уурхайн хөгжил. Хятадууд гэмт жолоочийг цаазлаж, үлдсэн эхнэрт нь 55 наснаас хойш улсын тэтгэмж олгох, хоёр хүүхдэд нь 18 нас хүртэл нь сар бүр 1800 юаний тэтгэлэг олгох, тэтгэлэгээ ханшийн уналттай зохицуулан нэмэх, аймгийн төвд 77 ба 55 метр.кв талбай бүхий орон сууц өгөх гэх мэт арга хэмжээ авсан ч асуудлын гол нь нэг малчинд бус нүүдлийн аж ахуйд байсан юм.

Ингэснээр Хятадын хойд талын бүх хязгаар нутаг тогтоон барихад ихээхэн хүчин чармайлт шаардагдах үндэсний асуудалтай болов. БНХАУ Баргын нутгаас /манай Тамсагийн цаахнаас/ хэрэгцээт нефтийнхээ 70 хувийг хангаж байна, Ордосоос нүүрснийхээ тэн хагасыг хангаж байна. Шинжаанаас нефтийн шинэ хоолой татаж байна, энэ хоолой тавьсан нутаг эртнээс Монголчуудын хяналтад байсан нутаг. Хөх нуураар дамжуулан Төвдийн Юлоны зэсийн ордоос зэс татаж байна. Энэ тооцохгүй байж үл болох хүчин зүйл бус уу? Монголчууд цагаан хэрмээс хойш тархан сууж байна. Өвөр Монгол дахь хөдөлгөөн бүх Хятад даяар нөлөөлж, хэд хэдэн үймээн дэгдэв. Хятадууд Өвөрлөгчдийн хөдөлгөөнийг үндэсний хөдөлгөөн гэхээс илүүтэй Засгийн бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн гэж харж байна.

Үүний дээрээс Далай ламын шийдвэр нэрмэж байгаа нь Төвд ба Өвөр Монголчуудыг шашны талаар нэгтгэж байгаа юм. Гэтэл Монгол Улс нэмэгдвэл, тодорхой хэлбэл Далай ламын залгамжлагч манай улсаас тодорсон явдал нь бүр ч ноцтой асуудал үүсгэж байна. Тодорхой хэлбэл шинэ Далай лам Монгол Улсаас тодорсон Монгол үндэстэн. Харин ийм үед манай Ерөнхий сайд уригдаж очоод 60 сая юаний буцалтгүй тусламж авч байна гэдэг наагуур хэлбэл хэтэрхий арчаагаа алдсан хэрэг. Цаагуур хэлбэл доромжлуулж буй хэрэг. Тэгээд үүнийг нь манай сэтгүүлч “Зиндаа тодорхойлсон айлчлал” гэж нэрлэжээ.

Өнөөдөр зориг эрмэлзэл дүүрэн нүдээр харвал Монголчууд сэргэн босох цаг үе ирж байна. Бид зүв зүгээр сууж байлаа ч бидэнд таатай боломжууд бий болсоор байна. 100 жилийн өмнө бодож ч байгаагүй тийм боломжууд. Үүнээс ч хүнд үед Монголын удирдагчид хэрхэн үндэснийхээ төр улсын төлөө чармайн зүтгэж байсныг тодорхой өгүүлсэн билээ. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол улсын бус нийт Монгол үндэсний Ерөнхийлөгч юм. Ерөнхий сайд ч ялгаагүй нийт Монгол үндэсний удирдагч. Тиймээс алхам бүрээ хянаж, улсдаа байтугай үндэснийхээ дунд нэр хүндээ сэвтээлгүй явах үүрэг оногдож байна. Олон хүн гуравхан сая Монгол яаж босох вэ? гэж асуух байх, өөртөө үл итгэгсэд Монголоор дүүрэн. Найман зууны өмнөх 250 мянган Монголын хиад боржигин овгийн сэргэлт өнөгийн 3 сая эрх чөлөөт Монголын сэргэлт юугаараа өөр гэж? Бид асар их нөлөө ба боломж бүхий хэт угсаатан гэдгээ бодвол Хятадаас айж, үзэн ядаж хийрхэхээс илүүтэй эн чацуу харьцах сэтгэл санааны бэлтгэлтэй болох юм.

Бидэнд зэс байна, уран байна, нүүрс байна, эвийг нь олбол гадныхан мөнгөө барьж ирээд олборлоё гэж байна. Бид Хятадуудтай үндэсний бодлогоороо амжилттай өрсөлддөг шигээ жүүдүүдтэй наймааны ухаан уралдуулах л хэрэгтэй юм байна. Орос хэлээр гарсан “Монгол, Хятад, Жүүд гурвын дайн” өгүүллээ энэ сэдэвт зориулсан.

Атомын станцтай болох, ордуудаа үр ашигтай ашиглах, эдийн засгийн хувьд хөгжин бэхжих, дэлхий дахинд нэр хүндээ сэргээн батжуулах зэрэг нь зөвхөн улсынхаа төлөөх үйл ажиллагаа буй нийт үндэсний төлөөх үйлс гэдгийг бид санаж явах цаг ирж байна. Геополитик, соёл, шашин, угсаатны бодлогын маш таатай боломжууд ар араасаа цувран гарч ирсээр байна, цаашид ч тэнгэр ивээж олон олон боломжууд ирэх нь байна. Харин яаж ашиглахыг Д.Сүхбаатар жанжны хэлсэнчлэн “Бидний сэтгэлийн чин зориг мэднэ”. Өнгөрсөн жил “25 дугаар суваг” телевизийн II  сувгаас зохион байгуулсан тусгаар тогтнолын 99 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний теле-хурлын үеэр профессор Д.Чулуунжавын илтгэлдээ дурдсан дүгнэлтээр нийтлэлээ дуусгая. Тэрбээр “Тусгаар тогтнолын зуун жилийн ой тохиож байгаа боловч анх тавьсан зорилгодоо өөрөөр хэлбэл бүх Монгол үндэстний нэгдсэн төр улсыг байгуулах зорилгодоо хүрэх яагаа ч үгүй байна” гэж дүгнэсэн юм.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив