Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
БАЙЛГААГҮЙ УЛСЫН ЭРЭЛД
2011 оны 10 сарын 13 [Уншсан тоо: 70637]

Оршил

Баруун зүг, наран шингэх өрнө. Тэнд авралын од бий. Яагаад ч юм тал нутгийн догшин нүүдэлчдэд дорноос л аюул учирч, өрнө аварсан байх юм. Дорныг сөрөн довтлогтун, ялагдваас өрнө зүгт одогтун. Ийм бодол өнөөг хүртэл амь бөхтэй байна.

Хятадын анхны нэгдмэл төр улсыг байгуулагч Цинчүүд угтаа бол нүүдэлчдээс Хятадын хойд хилийг хамгаалах үүрэгтэй цэрэгжсэн, морьт болоод тэрэгт цэрэг олонтой жижиг вант улс байсныг бодвол нүүдэлдээс тариадад учруулах дарамт Хүн нараас ч өмнө тун сүрхий байж. Бүр тусгай, цэрэгжсэн халхавч улс байгуулсан нь хамгаалах тогтолцоо-систем бий болсны шинж юм.

Өрнө зүг зугтагсад удаан наслаж, өмнө зүгт нүүгсэд уусчихдаг юм аа гэхэд нүүдэлчид яагаад дорно зүг рүү, тэр тусмаа Хянганы уулсын дорнод бэл тал, Амарын сав, Манжуурын зөөлөн уур амьсгалт, сахлаг бэлчээрт тал, Амарын өмнө бие өнөөгийн Өрөнгөө голын савын сахлаг бэлчээр, Тогоон төмөр хааны харамсан дурсдаг Шандугийн дулаан шар тал руу нүүдэггүй байсан юм бол? Энэ нутгаас Шар мөрний саваас төр улсынхаа төвийн алгуур Хөх мөрний савд шилжүүлсэн Хятадуудад сүрхий дарамт учруулж чадах бус уу? Энэ нь ч батлагдсан. Зүрчид, Манж нар яг эндээс Хятадын зүрхэнд цөмөрсөн. Эрэмгий Төвдүүд шар мөрнийг даган давшиж Хан, Сүйг баруунаас шахамдуулж байв. Үе үе дорноос шахамдуулах ба эцсийн эцэст яг Халхын тал нутгаас л Хятадад том гай гамшиг учруулж байв. Гурван талаас бүслэгдсэн Хятадад Халхын тал нутагт төвлөн тогтногч нүүдэлчид сүйрлийн цохилт өгдөг байсан. Татарууд, Зөрчидүүд, хожмын Манж нар боссон энэ нутгаас хүчирхэгжин өндийх боломж бий. Өнөөгийн Хятадын газрын зураг бол хоёр жигүүрээ найдвартай хамгаалан тэлсэн, гагцхүү Монгол л түрэн орсон хэлбэртэй. Тиймээс Хятадууд Монголыг тахианы нуруун дээрх чулуу гэдэг.

Түүхнээ Монголчууд баруун Алтайгаас түрсэн төмөрчин Түрэгүүдэд ялагдсан тул дорно зүгт зугтаж олон зууныг үджээ. Тэгээд Түрэгийг өрнөдөд одсоны дараа уугуул нутагтаа Ононгийн савд зүтгэн ирсэн байна. Хөгшин Орхоны хөндий, эртний Хүн гүрний үеэс их гүрний төв болсон нутгийг эзэмшдэг нэр хүндтэй, аядуу Хэрэйдтэй тулсан Монголчуудын араас шалбалзуур татарын тасардаггүй өсөрхөл, зүрчидийн хорон явуулга салахгүй байжээ. Монголчууд Хэрэйдтэй эвийг хичээж, Татартай эвлэршгүй үзэлцэж байжээ. Тйимдээ ч Чингис хааны өвөг дээдэс Хэрэйдийн хан өөрийн “анд” байгаасай гэж хүсдэг, Есүхэйн хоёронтоо тэнхрүүлсэн Тоорил чухам яг тийм хүн мөн. Эцэстээ зүрчид татар муудалцах тэрхэн боломжид Тэмүжин Хэрэйдийг ятгаж Татарыг даржээ. Энэ бараг л хувь заяагаа, орших эс оршихоо “дээд тэнгэрээр заалгасан” хэрэг байж. Үүний дараа л нууц түүхэнд товчлогдсон 13 жилийн гачлант амьдралаа Татарын нутгийн хязгаар, Балжун нуурын намагт өнгөрөөжээ. Хэрэв энэ хүнд цагт Татарууд хүчирхэг хэвээр байсан бол нууц товчоо тэр чигээрээ товчлогдож, Хэрэйд, Татарын түүх үргэлжлэх байв. XIII зуунд Халхад Хүн маягийн Хэрэйд, Түрэг маягийн Найман, Манж маягийн татар байсан ба эдний дундаас Монголчууд цоо шинэ дэлхийн гүрний түүхээ эхлүүлжээ.

Юань гүрний дараа Хятадаас хөөгдсөн Монголчууд тал нутагтаа тэсэн үлдэх ёстой болов. Манай Орос зохиогчтой түүхэнд Хятадууд Монголчуудыг хорон явуулгаар хагаралдуулж, бүдүүлэг Монголчууд хямарч байсан гэж бичдэг болохоос яг үнэндээ Юань гүрний үеийн үлдэцээ, нэр нөлөөгөө ашиглаж Монголчууд ч Мингийн ордныг сүрхий хутган үймүүлж байжээ. Гуравдугаар хаан нь гэв гэнэт Монгол хүн гарч ирж, удаан хаанчилснаар Хархорумаа дахин сүйтгүүлж, хүндхэн байдалд орсон Монголчууд нэгэн жарны турш амсхийж, сэхээ авч чадсан юм. 

Гэтэл өрнө зүгт шинэ “дайсан” гараад ирэв. Эндээс бол зохиомол түүх эхэлнэ.

Оросын “Нууц товчоо”

Түүхийн яг энэ үед бас л нууц үе гараад ирдэг. Ойрад гэж хэн бэ? БНМАУ-ын албан ёсны түүхэнд нөгөө Худуга бэхийн үеийн “ойн иргэний хойчис” гэж тайлбарлаж байна. Тэгээд эзэнт гүрний үед Ойрад байтугай Хэрэйд, Найман оргүй болсон, гэтэл хавьгүй жижиг Ойрадууд гэнэт сэргээд, Монголчуудаа иш мухаргүй хөнөөх ямар учиртайг бодохоор мухардчихаж байгаа юм. Жаахан урагшлаад үзье.

Өгэдэйн дараа их ор Тулуйн угсаанд шилжсэн. Судрын чуулганд “Өгөдэйд Сорхугтани бэхи хор өгсөн” гэсэн цуурхал дэгдсэн тухай тун тодорхой бичжээ. Гэвч Сорхугтани шиг ухаалаг хүн ийм бузар үйл хийхгүй гэдэгт тухайн үеийн ихэс дээдэс итгэж байв. Алтан орд Сорхугтанийг өмөөрчээ. Гагцхүү тэр цуурхал нь Өгөдэйн бэлэвсэн хатан Дөргөн улс даяар хааны угсааг Тулуйн угсаанд шилжүүлэхээс сэргэмжилж их хядлага эхлүүлэх шалтаг болжээ. Засгийн эрхийн тэмцэл мэдээж ширүүн байсан. Дөргөн хатан том хүү Гүюгээ хаан болгожээ, Гүюг хаан болоод авга нартаа буулт хийж, эх хатны бүх алдааг шивэгчин Фатимад үүрүүлж цаазалжээ. Гэвч хямрал үргэлжилж Гүюг хаан өөрийн авга, Чингис хааны отгон дүү Отчигин ноёныг цаазалснаар зөрчил ахин дэвэрчээ. Энд бас асуудал бий, жишээ нь голомтоо отгон хүү сахих уламжлалаар голомт сахигч нь хааны отгон дүү Отчигин байх уу, отгон хүү Тулуйнхан байх уу? гэдэг бас л асуудал мөн.

Үүний дараа Гүюг Зүчийнхэнтэй байлдахаар морджээ. Тэр өвөг Чингис хаанаас эцэг Өгөдэй хаанд олгосон өөрийн эзэмшлийн нутгийг амжилттай өнгөрсөн ба хаан “өмч нутгаа эргэх” нь ямар ч ажиг сэжиг төрүүлээгүй юм. Гэтэл тэр гэнэт хязгаар давж Зүчийнхний нутагт давшин оржээ. Сорхугтани хатан л Батынханд байдал эвгүйцэж байгааг амжиж сануулсныг түүхэнд мөн л тодорхой бичжээ. Дайнд бэлэн бус Алтан орд үймж эхэлсэн ба Гүюг өөрийн эзэмшлээс дөнгөж гармагцаа учир битүүлгээр нас нөгчсөнөөр дайн болсонгүй.

Үүний дараа хамгийн ахмад ноёд, Алтан ордныхон өөрөөр хэлбэл Зүчийнхний илгээсэн Бэрхийн зүтгэл, дэмжлэгээр Тулуйн угсаа их ор суув. Гэвч эзэнт гүрний угсаа залгамжлагчдын зөрчил тасарсангүй, өрнөдөд Тулуй /Ил хаад/, Зүчийнхэн /Алтан орд/ тулалдаж, харин дорнодод Өгөдэйхэн Цагаадайнхантай хавсарч Тулуйнхантай үзэлцэж эхэлжээ. Их хааны эрхээс салсан Өгөдэйн угсааг Хайду ван толгойлов. Хубилай түүнийг ялж чадаагүй ба Наян нарын бослого Хубилайн дараагийн хаадын үед л “намжсан” юм.

Гэхдээ энэ намжмал байдал Тулуйн угсааныхныг бүрэн дагаснаар бус, харин бие даан тусгаарласанд байна? Өөрөөр хэлбэл хаан ширээний төлөөх тэмцэл эцэстээ Өгөдэйн хаант улс байх эсэхэд тулжээ. Албан түүхэнд энэ талаар тодорхой бичээгүй, өөрөөр хэлбэл Өгөдэйн улс гэж байхгүй гэсэн тооцоод түүхийг үргэлжлүүлжээ. Энэ хагарлыг орчин үеийн албан ёсны түүхэнд ердөө л “бослого” гэдэг, БНМАУ-ын түүхийн гурван боть хүрэн номонд “Хайду, Наян нарын бослого” гэсэн нэртэй бүтэн бүлэг бий. Тэгээд яах гэж боссон гэж? Гүрний төвийг Бээжинд шилжүүлсэн гэж үү? Энэ бол Оросууд Хятадын эсрэг суртал нэвтрүүлгийн зорилгоор бий болгосон үндэслэл.

Хубилай хаан ширээг булааж аваад Хятад түшмэлийн ятгалгаар нийслэлээ Бээжинд шилжүүлсэн гэж зүхэгсэд олон. Гэвч Мөнхийн дараа хаан ширээг залгамжилсан Хубилай нийслэлээ Өгөдэйнхний дарамтанд ойр Хархорумаас Бээжинд шилжүүлснээр өөрийн угсааны хаанчлах эрхийг баталгаажуулсан гэж үзэж болох уу? Чухамдаа Хархорум Хубилай, Хайду нарын дайны үед хамгийн их сүйдсэн. Өгөдэйхэн Хархоринд амархан орж ирэх чадалтай нь олонтаа харагдсан. Тэд нийслэлээ булаацалдаж байв. Чухамхүү Өгөдэйн үед байгуулсан нийслэл учраас Хайду нарт Хархорум тун чухал хэрэгтэй, тэгээд ч Хүннүгийн үеэс хөгшин Орхоны хөндийд гүрний төв байсаар ирсэн. Гэхдээ гайтай нь Халхын тал нутагт Хайду нар бэхжиж чадахгүй байв, учир нь энэ бол Тулуйн өмчийн нутаг юм. Тиймээс Юань гүрний дунд үед Тулуйн угсааны хаад үндсэндээ Өгөдэйнхний дайралтаас хамгаалах төдийд ар талаа бэхэлж байв. Энэ бол яг Ил хаад, Алтан ордныхны зөрчил л гэсэн үг.

Албан ёсны түүхэнд Юань гүрэн мөхсний дараа Чингис хааны дөрвөн хүүгийн угсаанаас Өгөдэйнхэн гэнэт алга болчихсны учир ийм юм. Өнөөг хүртэл түүхчид үүнийг “анзаараагүй”. Тодорхой хэлбэл XX зууны Орос “угшилтай” түүхэнд дэх “нууцалсан товчлол”. Шинэ нууц товчоо. Ингээд Монголын түүх гажуудаж эхэлдэг.

Байлгаагүй улс буюу Өгөдэйн хаант улс

Юань гүрэн унасны дараа Ойрад гэдэг “Монгол бус /түрэг/ гаралтай байж магадгүй” аймгуудын холбоо зүүн Монголчуудтайгаа шалтгаангүй үзэлцэж эхэлдэг ба энэ нь “Бүдүүлгийг бүдүүлгээр барих” Мингийн бодлогын үр дүн гэсэн ганцхан тайлбар бий. Үнэндээ бараг Монгол-Ойрад хэмээх огт өөр нэртэй хоёр угсаатны зөрчлийг албан түүхэнд тусгасан нь өнөөгийн Монголд “бага ястан” хэмээх ойлголтыг маш углуургатай суулгаж өгдөг юм. Харин манай ухаалаг түүхчид Ойрад гэдэг нэрийг “баруун Монгол” болгон эерүүлжээ. Энэ томъёолол тун оносон, учир нь Өгэдэй, Тулуйн хаан ширээний тэмцлээр “Төв” монгол баруун зүүн болон хуваагдсан юм.

Их хааны угсаа залгамжлалаас зайлуулагдсан Өгөдэйн угсааныхан эхэндээ өөрийн улсыг байгуулах хүслээс илүүтэй их улсын орыг авах гэж дайтаж байжээ. Тэдний тулгуур нь Өгөдэйн угсааныханд олгосон нутаг дахь Монгол овгууд. Албан түүхэнд ч Өгөдэйн угсааныханд Тарвагай орчмын нутгийг олгосон гэж бий.

Жишээ нь ойрадын дотор их хааны торгон цэрэг байсан торгууд багтсан ба яагаад ч юм ноёд нь Хэрэйд угсааныхан болчихдог нь гайхалтай. Яагаад хааны торгон цэргүүд “хаанаасаа” хол явдаг билээ? Тэр тусмаа Сорхутани бэх өөрөө Хэрэйдийн Жаха Хамбын охин тул хэрэв угшил баривал торгуудыг захирч байсан “Хэрэйд ноёд” хагаралдааны үед Тулуйн угсааг дагах ёстой. Бүр гайхалтай нь Хорчин хагаралдахад Хошуудууд баруун зүгт нүүн одсон ба тэд Хасарын хойчис, өндөр угсаатай атлаа Юань гүрэн мөхөхөд баруун зүгт ургаас салж нүүгээд Тоорил, магадгүй Худуга бэхийн угсааны захирсан ойрадын харъяат болдог. Энд нэг л юм болохгүй байгаа биз. Өөрөөр хэлбэл Хасарын угсааныхан “боолынхоо боол” болох учиргүй.

Эндээс ямар дүгнэлт гарах вэ? гэвэл Ойрад бол нэгэн үе эзэнт гүрний мэдэлд байгаад эзэнт гүрэн бутрахад толгой даах гэсэн Их монголын өмнөх үеийн овог аймгуудын үлдэл, чөлөөт нүүдэлчин байдлаар Юань гүрэн ба Цагаадайн улсын хооронд эзэнгүй, дэл сул явсаар гэнэт хүчирхэгжсэн эртний аймгууд биш “Өгөдэйн хаант улс” байжээ. Түүнээс хоёр талд байсан хүчирхэг улс Юань ба Цагадайнхан хэдэн зууны турш чөлөөт нүүдэлчдийг байлгаад байх учиргүй юм. Энэ “улс” хоёр талаас зөвшөөрөгдөн удаан оршсон байна. Энэ харанхуй товчоонд өнөөдрийг хүртэл гэрэл тусгаагүй л байна.

Овгийн нэрээр хөөвөл Ойрадын элкэн зүүн Монголын бүх овогтой давхцдаг нь өөр угсаатан ч биш, ойн иргэд ч биш гэдгийг батална. Их хааны улсын ханлиг-аймгууд задарч хольцолдсон ба Монгол хэмээх шинэ хэт угсаатан нэгэнт бүрэлдээд байсан юм. Торгуудууд бол нууц товчоонд дурдагдсан Чингис хааны торгууд мөн байж таарах үндэслэл бий, тэд хаанаасаа хагацаагүй, Өгөдэй, Гүюг хааны угсааг дагаж улсад нь багтсан байна. Тулуйнхан Өгөдэйн торгон цэргээс Хасарынхны захирсан хорчинг илүүд үзэж их хааны улсын түүхээс торгууд тусгаарлагджээ. Бас нэгийг ажиглавал хааны торгон цэрэгт байсан хорчингийн долоон овгийн хоёр нь Юань гүрэн унамагц баруун зүгт нүүсэн нь Өгөдэйн угсааг дэмжих эрмэлзэл Юань гүрний хааны ордонд ч амь бөхтэй байсных, тиймээс торгон цэргийн хойчис мөн л Өгөдэй хааны угсааныханд очихоор зүтгэжээ. Хожим Тогоон тайшийн үед Хошууд нэртэй болсон Хасарынхан /хошуудууд/ Байвгас баатрын үеэс Ханхонгор ноёноор дамжин Хөндлөн увшийн үеийг хүртэл Ойрадын холбоонд нөлөөтэй болсон авч өөлдүүд санаачлагаа буцаан авч чадсан билээ. Нөгөө л хааны угсааныханд Хасарын угсааныхан “гурав туслаж, гурав хорлоно” гэдэг аман түүх Ойрадад бас давтагджээ.

Яг энэ үед алдарт “Жангар” тууль зохиогдсон гэж таамагладаг юм билээ, өөрөөр хэлбэл “Жангар заяатай, Хонгор зоригтой” гэсэн санаа буй. Яг л нөгөө нууц товчоонд “Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяатай төрсөн” гэдэг үзэл давхцаж байна. Өөрөөр хэлбэл хошууд бус Өгөдэйхэн улсыг захирах ёстой.

Одоо Орос түүхээс холдож, Монголоор сэтгэе. Эзэнт гүрний задрал их хааны хөвгүүдийн угсаа залгамжлах зөрчлөөс эхтэй. Энэ зөрчлийн явцад манай албан ёсны түүхэнд байгаачлан Өгэдэйн угсаа уусаж алга болоогүй ба тэд эзэмшил нутагтаа “улс” байгуулсан, тэр нь Ойрад. Өгэдэйн угсааны Хайду вангийн тэмцэл удтал үргэлжилсний учир нь тэд эзэмшил нутагтаа байсных, хэрэв Тулуйн угсаа эзэмшил нутгийг өөрт нэгтгэхийг эрмэлзвээс Их ясаг ягштал мөрдөгч, эцэг нь “эргэлзээтэй” Зүчийг эс тооцвол ахмад хүү болсон Цагадайн хойчис зөвшөөрөхгүй байв. Түүхэнд ч Цагадайнхан ямагт Өгөдэйнхны талд байсан нь хангалттай нотолдог. Өгөдэй Цагадайг ихэд хүндэтгэдэг байсан тухай Судрын чуулганд бичжээ, харин Зүчийхэн Өгөдэйнхэнд жаахан таагүй байв.  Зүчийнхэн Тулуйн угсаанд засгийн эрхийг авч өгсний дараа Өгөдэй, Цагадайнхан ойртжээ. Хааны гэрээслэснээр бол “Өөхөнд боовч нохой тоохгүй, өвсөнд боовч үхэр тоохгүй” хүн төрсөн ч Өгөдэйнхэн хаан байх ёстой.   

Ийнхүү Монголын Орос түүхээр Ойрад буюу ойн иргэдээс гаралтай аймгийн холбоо бий болж, тэднээс буриадыг салгаж нүүлгэжээ. Чухамхүү Монголын түүхийн гурван ботийг “зохиож” байсан тэр үед буриадыг Түрэг гаралтай гэж батласан хүн бүр эрдэмтэн болж байсан юм. Бүр диссертациа бичиж дуусаагүй байхад нь цолыг өгч байсан тохиолдол ч бий. Харин өнөөдөр Буриад нь Хүннүгийн угсаа гэдэг албан ёсны түүх эрчимжиж байна. Ингэснээр Монголыг Монгол, Ойрад, Буриад гэх гурван өөр угсаа гаралтай болгон салгасан ба Халимгууд нь Тоорил вангийн угсааны захирсан аймаг болж хувирч байгаа юм. Үнэндээ Хэрэйд хасгийн гол найман овгийн нэг болсон юм. Одоо Оросуудын зохиосон түүхийг буцааж няцаахад нэн хүнд. Олон хүн Ойрад бол “Өгэдэйн улс” гэвэл яг Орос маягаар салаавч тавих байх даа.

Ойрадууд хаан ширээг булаалдах эрхтэй юу?

Энэ хамгийн чухал асуулт. Их Монголын олон аймгаас Ойрад л ийм амбицтай байсан нь байж боломгүй. Тэгээд яагаад огт өөр гаралтай Ойрадуудын амбиц, Монголын хаан ширээний төлөө үхэн зүтгээд байсныг, “Чингис хааны үр хойчистой тэрсэлдэн” зүтгэх ямар шалтгаан, эрхтэйг огт тоохгүй орхисоор иржээ. Хасарын угсаа бодоогүйг Ойрадууд яагаад хэрэгжүүлэх гээд байгааг ч анзаарахгүй байна гэж үү? Хааны угсааныхны тайж цол Ойрадад яагаад адил атлаа жаахан өөрчилсөн “тайш” цол болж хувирсныг ч тайлбарлахгүй явсаар байх болно. Тайш тайж бол хятад үг, Тулуйнхан Өгөдэйнхныг хааны төлөөх амбицаас салгахын тулд “тайш” хэмээн дорд байдлаар нэрлэжээ. Уг нь бол хааны угсаа мөн, гэхдээ хаан болох эрхгүй гэсэн санаа энэ цолд буй юм.

Галдан хааны эцэг Баатар хунтайжийн үед яагаад Ойрадын тэргүүн тайш биш яг цөхүр хунтайж Цогт шиг “хунтайж” цолтой болж, Ойрадын эрхийг Хасарынхнаас буцааж авав гэдгийг анзаарахгүй цаашилсаар байх уу? Хасарын угсаанаас Ойрадын хаан ширээг авахад чухам энэ “тайж” цол хэрэгтэй. Ойрадын бусад аймагт тайж байхгүй юм, нөгөө талаас энэ үеэс цорос бүдгэрч “өөлд” хэмээн шинэ овог түүхэнд тодорно. Баатархунтайж уламжлал ёсоор хошуудаас хатан буулгав. Их хаад хорчин, хошуудаас хатан буулгах нь ёс байжээ, тэр ч байтугай Манж нар их хааны тамгыг олсон гэх цуурхалын дараа Их хатангаа заавал хорчин боржигин овгоос буулгах хууль тогтоосон нь захирах эрхээ баталсан хэрэг. Энх-Амгаланг хүртэл эх талаа хөөвөл Манжийн хаад айсингрү овогтой ч Монгол цустай болчихоод байсан юм. Галдан, Өндөр гэгээн, Канси бүгд л эх талаар холбогдсон “хамаатнууд”.  

Өнөөдрийг хүртэл Баруун Монголын хаад Худуга бэхийн угсааны өөлд, цорос болох талаарх улам л олон эрдэм шинжилгээний ажлууд гарсаар байх болно. Яагаад өвөр монголд ч ар монголд ч дөрвөд байгааг, энэ хоёр дөрвөдийн аль нь нууц товчоонд гардаг дөрвөд болохыг ойлгохгүй эргэлзсээр байх болно. Тэгээд эцэстээ Худуга бэхийн үрийн үр Галданг хаан ширээний төлөө тэмцсэн харь этгээд мэт үзсээр л байх болно. Харин Зүүнгарын хаант улс нь хожмын Өгөдэйн хаант улс гэвэл асуудал огт өөрөөр эхэлнэ.

Монголын түүхийг Монголчуудад

Коммунизмын жилүүдэд түүх дангаар оршин байсангүй, үзэл суртлын хэрэглүүр болж байжээ. Оросуудыг өрнийнхөн бүдүүлэг гэдэг авч үндэсний бодлогын хувьд гарамгай улсууд юм. Оросууд оюунтай, азийнхан аргатай гэж ярьдаг үнэн. Чухамдаа тэр үеийн түүхийн номлолоор Монголчууд 70 жил үндэсний далд хагаралтай явж ирсэн байна.

Тэр нь жинхэнэ Монгол их Халх ба “бага ястан” баруун аймгийнхан. Коммунистууд л ястан гэдэг ойлголт бий болгосон байдаг. Ингэхдээ баруун Монголыг Оросоос огт өөр угсаа, гаралтай Кавказын үндэстэнүүдтэй зүйрлэж “бага ястан” гэдэг ойлголтыг шингээсэн байх юм. Дээр нь Халхын шовинизм гэгчийг нэмэх гэж оролддог байсан. Гэвч Халхаас огт асуудал гардаггүй байв. Өнөөдөр урвагч Занабазар, эх оронч Галдангийн дүрийг сөргүүлэх коммунизмын үеийн хэнээрхэл үе үе илэрдэг. Тэгээд Галдангийн түүхийг товойлгох шалтгаан нь төрийн эрхэнд баруун аймгийнхныг Оросууд гаргаснаас үүдэлтэй гэх хардлага тархаах гэж оролддог байж. Түүхийн нарийвчлал байхгүй ба яагаад Халхын болон Зүүнгарын удирдагчид адилхан хошуудаас эхнэр буулгасныг мартуулчихдаг. Гэвч энэ хөгийн үзэгдлүүд асар хурдацтай устаж байгаа нь сайшаалтай. Үндэстнийг хараат байлгах, хуваагаад захирах Оросын /Зөвлөлтийн гэвэл илүү зохих байх/ бодлого 20 жилд үндсэндээ устаж байна. Гэхдээ өнөөдөр “эрлийзийн” эрин эхэлж байгаа нь аль зүгээс эхтэйг анхааралтай ажиглах ёстой байх.

Энэ мэт засвараас гадна суурь онолыг өөрчлөх шаардлагатай болсон байна. Коммунист формацийн онол ёсоор “Овгийн байгууллаас 2000 жил салж чадалгүй феодалын түрүү үед явж байсан Монголчууд” дэлхийг яаж захирч чадав? Хүннү, Түрэг ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл хөгжлийн доод түвшинд буй угсаатан илүү өндөр хөгжсөн үндэстэн улсуудыг яаж хэдэн зуун жил захирав? гэдэг нотолгоогүй юм. Үүнийг профессор Д.Чулуунжав маш нарийн ажиглаж, Монголын түүхийн үечлэлд Монголыг өөрийг нь дорд үзсэн ноцтой алдаа байгааг илчилсэн юм. Тэрээр Монголын түүхийн онолын үндэслэл нь огт түүхч биш, хэл шинжлэлийн эрдэмтэн В.Я.Владимирцовын бүтээлээс эхтэйг шүүмжилж байна.  

Ахиад лавшруулбал “Илүү хөгжингүй орнуудын “администратор” давхарга буюу түшмэлийг өөртөө үйлчлүүлснээр л бүдүүлэг үндэстнүүд ноёрхлоо хадгалдаг ба яваандаа илүү хөгжингүй иргэншилд уусан мөхдөг” гэсэн онолын гаргалгаа нь ч мөн л Монголын түүхэнд таардаггүй хэрнээ байж л байдаг. Хятадын соёлыг шохоорхсон нүүдэлчид үргэлж давуу соёл иргэншилд уусдаг тухай нотолгоо Киданаас эхлээд Тобаг хүртэл, өмнөд Хүннүгээс зүүн Түрэгийн түүхэнд хүртэл бий. Тэгээд яахаараа Хятадад болохоор уусаад байдаг, өрнөдөд очихоороо сэргэн мандаад байдгийг тайлбарлаагүй. Учир нь өрнийн түүхийн судалгаа өндөр түвшинд хүрсэн байв.

Чухам дээрх үндэслэлээр Хятадын өнөөгийн суртал нэвтрүүлэгт Их Монгол Улсын түүхэнд Кидан угсааны Елюй Чу Цайн үүргийг илэрхий өргөх хандлага ажиглагддаг. Өөрөөр хэлбэл Чингис хааны байлдан дагуулал бол өөрийн авъяас билиг бус “илүү хөгжсөн төрийн бодлогын үр дүн” бүр нарийвчилбал Хятадын төрт ёсонд нэвтэрсэн Елюй Чу Цайн нөлөө гэх хандлага илэрхий ажиглагдаж байна. “Чингис хаан бол бичиг үсэггүй бүдүүлэг” гэх дүгнэлтүүд жишээ нь Ж.Неругийн номд ч буй.

Үүнээс гадна Монгол-Ойрадын цуст тэмцлийн тухай үндэслэлгүй суртал манай түүхэнд бүрэн нэвшээд байгааг сая тодруулахыг оролдлоо. Надад түүхийн диплом байхгүй учраас  даруу зан гаргах хэрэгтэй байх. Гэхдээ зороиглон бичихэд түүхээ эргэн шүүж үзэх цаг ирж байна. Үзэл суртлын хавсарга байдлаар бичигдсэн түүхээ антропологи, хэл шинжлэл, археологи гэх мэт олон арван шинжлэх ухааны нотолгоогоор бодат байдлаар дахин бичихгүй бол хуучин түүхийг маань Хятадууд, орчин үеийн түүхийг маань Оросууд бичиж өгсөн байна. Үүнийг судлаач Д.Ганхуяг харж, оновчтой хэлсэн. Тиймээс монголын түүхийг зөвхөн орос бус хятад, араб, перс өрнийн хэл дээрх сурвалжаас өргөтгөх шаардлагатай болж. 

Түүхээ яаралтай Марксист формацийн онолын үечлэлээс салгахгүй бол урд зүгт коммунист улс хүчирхэгжиж, гадаад улстөрийн суртал нэвтрүүлэг нь улам бүр хүчтэй болж байна. Лав л ажиглахад ЗХУ-ыг задарсны дараа Хятадын албан ёсны суртал нэвтрүүлэгт “Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” товчоор хэлбэл Ү-күний түүх их ашиглагдаж байсан. Баталгаатай мэдээгээр Тан гүрний үед гарцаагүй Хятадынх байсан 90 гаруй мянган км.кв нутгийг Казахстанаас Хятадууд авсан байх юм.

Судлаач Д.Ганхуяг энэ зун хичээн “Нийгэм-түүхийн онолууд” ерөнхий гарчгийн дор зургаан цуврал өгүүлэл бичиж “www.ganaa.mn сайтдаа гаргасан нь гайхалтай оновчтой бөгөөд оюуны чадал харуулсан даацтай бүтээл болсон байна. Лав л надад “Иргэншлийн онол” илүү боловсронгуй бөгөөд Монголд таарах суурь онол мэт санагдсаныг хэлэх юун. Гэтэл А.Тойнбийн “Түүх” ном орчуулагдаад, 500 хувь хэвлэгдээд, худалдаанд гараад бараг таван жил болж байхад борлож дуусаагүй байгааг харвал энэ санаа маань ойрд хэрэгжих нь юу л бол, харамсалтай л байгаа юм. Тиймээс харааж бах таваа хангахаас урьтаж түүхээ нэг санана уу гэж хүсэх байна.

Тусгаар тогтнолын 100 жилийн ой ойртож, бүр нэн шинэхэн түүхийн шинэ баримтууд ч маргаан дэгдээж байна. Зөвхөн XX зууны түүхийг ч бус бүхий л улсын түүхийг, Монгол үндэстний түүхийг огт өөрөөр бичих цаг болжээ гэвэл та зөвшөөрөх болов уу. XX зууны түүхийн хувьд ядаж Баабарын “Нүүдэл суудал, гарз олз” байгаа нь яамай.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив