Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ХЯМРАЛЫН “ХАДГАЛАМЖ”
2011 оны 10 сарын 25 [Уншсан тоо: 26453]
Яаж огцролгүй үлдэе дээ?

Засгийн газрыг огцруулсны дараа яах вэ? Энэ л өнөөдөр УИХ-ынхны хоолойд тээглэсэн яс болчихоод байна. Өмнөх өгүүлэлд өнөөдөр парлементад болж буй тэмцлийн цаад учир шалтгаан нь “С.Баяр-Сү.Батболдын бүлэглэлийг” МАН-ын эрхнээс шахан гаргахад оршин байгааг бичсэн. Шахаанд орсон Сү.Батболд хоёр бие төлөөлөгчөө илгээж, Ерөнхийлөгчөөс дэмжлэг хүссэн. Үйл явцын гэнэтийн эргүүлэг дунд Ерөнхийлөгч тогтворжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь анзаарагдаж байна. Үндсэн хуулийн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Ерөнхийлөгч Засгийг унагах ажилд оролцдоггүй. Ийм нөхцөлд Засгийн газраас “Ерөнхийлөгч биднийг хамгаалж байна” гэсэн мэдээлэл тарааж байгаа нь наагуур хэлэхэд аргаа барсан увайгүй үйлдэл, цаагуур хэлэхэд хууль бус алхам.

Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах эсэх кабинетаас нь биш парламентаас гадуурх лобби бүлгээс хамааралтай боллоо. Мань мэтэст яахав дээ, “Зүгээр суухаар тэмээ хариул” гэгчээр хувьсгал бүтдэггүй юм гэхэд тоостой ширээн дээр тоо бодонгоо ганц хоёр засаг хөлбөрөхийг харсан шиг суух нь зугаатай л байхгүй юу. Нэр хүндээ барсан манай засаглал гүн гүнзгий хямралд автан өмхөрч, түлхвэл нурахад бэлэн болжээ. “Үргэлжилсэн хувьсгалын онол” ёсоор байнга довтолж байх ёстой. Таван хүний амиар шүншиглэсэн ийм Засгийг хүлээн зөвшөөрөх нь нийгмийн шинэчлэлийг хүсэгчдэд зүгээр л ёс суртахуунаа тавиад туучихсан мэт харагдана, АН ч таван хүний амиар сольсон таван сайдаа татахгүй байгаа нь цуст аллагын хамсаатан болохоос буцахгүй байна гэсэн үг. 2012 онд ялыг нь хамтдаа үүрэх үү? 

Аливаа үйл явцын өрнөл ирээдүйд тооцсон үр дүн, төсөөллөөс ихээхэн хамаардаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрыг унагахыг сонирхогчид дараа нь юу болохыг заавал тооцно. Энэ тооцоонд эсрэг тал нь мессеж, санаагаа шингээхийг оролддог. Чухамдаа Засаг унах эсэхэд өнөөгийн бодат байдал, парламент дахь тооцоолсон хүчээс гадна ирээдүйд боломжтой үйл явцын хувилбарууд ихээхэн нөлөөтэй.

Тиймээс “Ирэх оны төсөв батлах асар их ажил өмнө байхад Засгаа огцруулах хэрэггүй. Огцруулчихвал гишүүд хамаг цагаа бараад үлдсэн жаахан хуулийн хугацаанд амжиж төсвөө батлахын тулд хамаагүй кнопдсоор хоосон хоцорно шүү” гэх буюу “Парламентад хямрал үүсвэл төсвөө хуулийн хугацаанд амжиж батлаагүй парламент өөрөө тарна” гэх мэт үндэслэлүүд хөвөрч байна. Дээрээс нь яг зэрэг нэмэхийн өмнө гэдэг шиг “Яааг хөгжихийн даваан дээр” засгаа унагаж балрах хэрэггүй гэх мэт үндэслэлүүд. Тэгээд Сү.Батболд Сингапурын Ли Куан Ю-аас мундаг удирдагч болохыг батлахыг хичээж байна.

Дурдсан ядмагхан үндэслэлүүд гишүүдийг нэг их айлгахгүй, төсвийг тэртэй тэргүй Сангийн яамныхаар батлаж л таарна, угаасаа учрыг нь ч олдоггүй, гол нь тодотголоор орж ирж буй хагас их наяд төгрөгийг хувааж авахдаа л нэг авна. Ер нь олонх гишүүнд өөрт ноогдох мөнгө чухал болохоос бусад нь падлийгүй, ойлгох ч үгүй. Төсөв гэдэг Сангийн яамны мэргэжлийн баг бүтэн жилжингээ тооцоолж оруулж ирдэг эд, ерөнхийдөө стандартчилагдсан. Гишүүд их өөрчиллөө гэхэд айлгаж, загнаж байгаад тойрогтоо хэдэн төгрөг нэмж авах, өөртөө тендер хусахаас өөр аятай өөрчлөлт хийж чаддаг бил үү? Тэд төсөв хэлэлцэх явцдаа ашиггүй хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмж алдагдал хөөрөгдөнө үү гэхээс ямар ч муу төсөв орж ирсэн сайжруулна л гэж лав байдаггүй, улам л муутгадаг. Засгийн газар орлогоо шавхаад төсөвлөчихсөн бол өрийн бичиг гаргаж гишүүдийн үүсгэсэн алдагдлыг нөхөх болдог. Ингэсээр манай дотоод гадаад өр нөгөө гайхуулаад байгаа 5,1 их наядын орлоготой нь тэнцчихсэн.

Дээрээс нь мягмар гарагт Сангийн яаманд “Тэрбум ам.доллараа яаралтай өг” гэсэн шаардлага ирсэн байна. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалт 6 тэрбум ам.доллар, бүтээн байгуулалтын ажлын 50 хувь хийгдсэн, үүний гуравны нэгийг Монголын Засгийн газар өгөх ёстой. Гэтэл зэсийн үнийн өсөлтөөр хуримтлагдсан хагас их наяд төгрөгийг хувааж өгнө гэдгээ Сангийн сайд гишүүдэд “амласан”. Харин Сангийн сайд заавал төлөхгүйгээр хожим орлогоосоо төлөх гэх мэт нөөц хоёр ч хувилбар бий гэж байна. Мэдээж хожим төлбөл хүүтэй.

Харин гишүүд эх орноо бус мөнгөө авахаа л бодно, дээрээс нь Ерөнхий сайдын амласан тендерийг нэхнэ, тэрбумыг төлж чадахаа байсан, уг нь ядаж хагасыг нь босгочихоод байсан. Хэрэв үнэхээр эх оронч гишүүн бол тодотголоо буцаа, өнгөрсөн жил хэрэгжиж эхлээгүй төслүүдийн хөрөнгийг татаж нэмээд тэрбумаа өг гэх ёстой. Тэгвэл хүү төлөхгүйн дээр ноогдол ашгаа эртхэн авах боломжтой. Иймэрхүү байдлаар яаж ийгээд алсдаа жишээ нь “Оюу толгой” ашиглалтад орвол Монголын төсвийн хэлэлцүүлэг дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн прогнозод нөлөөлдөг болох байх. Тэр үед л хариуцлагатай байцгаая.

УИХ төсөвт хэдхэн стандарт бариад түүнийгээ хатуу мөрддөг бол болоод явчихна. Олон улсын байгууллагууд ДНБ ба төсвийн харьцаа, инфляци, төсвийн алдагдлын ДНБ ба төсөвтэй харьцуулсан хувь хэмжээ гэх мэт хэдхэн итгэлцүүрээр зөвлөдөг. Гэхдээ л Монгол банк нь Засгийн газар ба УИХ-аас хараат бус тул Засгийн газар инфляцийг тооцож чаддаггүй, гадныхан Засгийн газар зөвлөснийхөө яг эсрэг зөвлөгөөг Монгол банкинд өгдөг учраас.

Статистик бол янз янзаар л гарна. Манайхан гадныханд нь илүү итгэнэ. Учир нь цаадуул нь Монголд хэрэггүй шахам төсөв хөтөлбөрүүдээ шахахын тулд аль болох Засгийн газарт таатай тоо баримт гаргаж өгдөг. Төсвийн алдагдал хэтрэх тусам тэд төсвийн цоорхойг бөглөх нэрээр өөрсдөө мөнгө угаах төслүүдээ шахах ёстой. Жишээ нь ядуурлын хэмжээ дандаа өөрөөр гарна. Манай статистикийн газар 41 хувь гэж байхад зэрэгцээд дэлхийн банк 15 хувь гэж зарлана. Засаг мэдээж багыг нь сонгоно. Гэтэл өөр нэг байгууллага 39 хувь гэж дарамтлаад ядуурлыг бууруулах төсөл шахахыг оролдоно. Хэрэв төсвөө шахчихвал ирэх жил нь дэлхийн банкны тоог зарлана, чадахгүй бол манай статистикийн тоог баримтална. Ингээд баримжаа алдагдаад гишүүд юугаа ч мэдэхээ байна. Тэгээд  мэддэгээрээ задгай мөнгө тоолсоор төсөв батлагддаг. Төсөв шоу хийх аятай боломж мөн үү гэвэл мөн, бид хөгжих ёстой, үүний тулд хуримтлал хийх ёстой, ирэх түүхий эдийн үнэ тэд байна гэж ирээд цэцэрхэх авч үнэндээ хувийн сонирхлоор дарамталж байгаад яг ярьсныхаа эсрэгээр нь хуримтлал багатай, үргүй зардал ихтэй төсөв батална.

Төсөв нь муудсаныг мэдсээр атлаа Сангийн яам, төсвийн байнгын хороо дараа нь тун аятайхан төсөв баталчихлаа гэж хөлсөө сэвэн суудаг юм. Тиймээс төсөв батлагдах, засаг огцрох хоёр ямар ч холбоогүй. Тэгэхээр аль болох засваргүй төсөв батлагдах нь хэрэв байдаг бол улсын эрх ашигт чухал хэрэгтэй л дээ.

Хөөрхий Сү.Батболд гадны харгис шунахайчуудын эвийг олж Таван толгойгоо хуваах гэж мачийж байгаа зовлонтой амьтан гэнэ. Энэ бол хараат улсын тоглоомын удирдагчийн зовлон байхгүй юу. Хэрэв улс орондоо нэг ч болов аятай зүйл хийгээд суудлаа орхичих зөв  амбицтай бол огцрох энэ тэр бол юу ч биш баймаар юм.

Хэрэв гадныхан дарамтлаад байгаа бол санаснаараа хийчихээд “гадаадынхны санаанд нийцүүлээгүй” хариуцлагаа хүлээгээд яваад өгвөл хожим дурсагдах алдар. Ямар насаараа хээлж, лакадсан нүсэр модон сандалд суух биш. С.Баяр тэгээ биз дээ. “Оюу толгой”-г цахилгаанчлан батлуулчихаад шахалт дарамтаас зайлахын тулд яваад өгсөн. Ийм учраас түүнийг хүмүүс хүндэлдэг. Дарамт хүнийг бус албан тушаалыг дагаж ирдэг. Түүнээс Сү.Батболд хэчнээн сод ухаантан байгаад бүгдэд таалагдах байдлаар Таван толгойг ашиглах хувилбар гаргаж чадахгүй л байхгүй юу. Гэвч үүнийгээ мэдсээр байж суудлаасаа үхэн зуурсаар. Эндээс дараагийн алсын үсрэлт хийхээр бэлтгэж байгаа тул аргагүй.
Хөгжил спирал замаар өрнөдөг  гэдэгчлэн бүхий л үйл явц өмнөхөө даран давтах замаар өрнөнө. Учир нь хүн туршлага хуримтлуулах замаар урагшилдаг.

Туршлагууд 


Энэ удаад Засгийн газрыг огцруулахыг хүсэгчдийг нэгэн зүйлээр болгоомжлуулжээ. Болгоомжлох шалтгаан нь Ерөнхийлөгч гэнэ. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсны дараа тэр үеийн МАХН-ынхан Ерөнхийлөгчтэйгөө нийлээд Ардчилсан холбоо эвслийнхний цухлыг барсан түүх бий. Одоогийн Ерөнхийлөгч тэр үед үүрэг гүйцэтгэгч гэдэг лайтай ажилтай их удсан даа.

Ардчилсан холбоо эвсэл лав л Да.Ганболдын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлээд долоон удаа Ерөнхийлөгчид өргөн бариад унагасан. Үүрэг гүйцэтгэгч Засгийн газар удсан, эцэст нь дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зоригийг бүрэлгэсний дараа л аль аль тал нь ухаан орж, нэг тийшээ болсон.

Тиймээс Сү.Батболдын Засгийн газрыг унагавал АН-ынхан Засгаас хөөгдөж өсөрхсөндөө Ерөнхийлөгчөөр Ерөнхий сайдыг томилуулахгүй хориг тавьж баллана гэдэгт итгэжээ. Гэвч нэг юм мартаад байна. Үндсэн хуулийн нэмэлтээр Ерөнхийлөгчийн “долоон удаа буцаах” эрхийг нь хасаад хаячихсан шүү дээ. Чухамдаа нэмэлтийг Ардчилсан хүчнийхэн гацаанаас гарахын тулд санаачилсан, тэр ч байтугай нэмэлтээр асуудлыг “50+1” саналаар шийддэг байсныг “39+1” болгож өөрчилсөн. Бас УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах нэмэлт оруулсан. Учир нь тэр үед МАХН 25, АХЭ 50, МУНН 1 суудалтай, асуудлыг “50+1” саналаар шийдэхэд нэг кноп сох дутаад байсан, олон Засгийн газар солигдсоноос Ардчилсан хүчин боловсон хүчний нөөцөө бараад баларч байсан үе шүү дээ. Дээрээс нь Ерөнхийлөгч санал болгосон хүнийг буцаагаад байхаар яалт ч үгүй гацаанд орчихсон билээ.

Тиймээс Сү.Батболд огцроод МАН дангаараа Засгийн газар байгуулдаг юм гэхэд Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь илүү амар, ёс төдий болсон, дээрээс нь МАН 44 суудалтай. Өөрийн Засгийн газрын эсрэг санал өгдөг зургаан урвагч лав л гарахгүй дээ. Тиймээс энэ Засгийн газар үүрэг гүйцэтгэгч статустай сонгууль хүргэнэ гэж байхгүй юм. Энэ бүхнийг нуршихын учир нь Засгийн газрын асуудлыг тойрсон энэ мэт жижиг сажиг манипуляцид бүү автаасай гэснийх. Хамгийн гол нь...

Гэхдээ Ерөнхийлөгчтэй холбоотой түүх давтагддаггүй юм гэхэд Ардчилсан Холбоо Эвслийн түүх давтагдаж магадгүй. Жишээ нь Ж.Наранцацралт агсныг унгасан түүх. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдаа явуулчихвал Засгийн газар огцророх ёстой. Аягүй бол наадуул нь Ерөнхий сайдаа огцруулаад өөрсдөө үлдэх хувилбарт хүрч магадгүй. Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэн нэгэн гишүүн өргөн барьсаар хэдэн ч удаа хөндөж болно. Эцэс төгсгөлгүй. Өнгөрсөн хавар яг ийм шахааг гудамжнаас хийх гэж оролдсон ч үл үзэгдэгч гар нөлөөлөөд бүтээгүй юм л даа. 

Мэдээллийн “Хадгаламж” нээгдэж байна

Засгийн газрын асуудал намжчихлаа гэж олон нийтэд итгүүлэхийг оролдож байгаа нь түймрийг цурманд оруулчихаад унтраачихлаа гэж итгүүлэхээс ялгаагүй юм. Анзаарсан бол УИХ-ын гишүүн О.Чулуунбатын мэдэгдэл Засгийн газрыг чичрүүлж байна.

Учир мэддэг хүнд “Хадгаламж” банкийг хэн эзэмшиж байна тэр хүн МАН-ын бөлдгийг барилаа л гэсэн үг. Энэ банкийг нэг удаа худалдаж үзсэн, гэтэл юу боллоо, 14,3 тэрбумын хэрэг задарч МАХН үнсээр хийсэнгээ алдаа биз дээ. Тухайн үед дампуурах шахсан энэ банкийг хүүхдийн мөнгөний санхүүжилтээр зузаатгасаар авч үлдсэн. Энэ банк төрийн мэдэлд хамгийн удсан, тэр хэрээрээ эрх баригчдын, мэдээж завсаргүй төр барьж байсан МАХН-МАН-ынхны мөнгөний махинац хамгийн их нэвшсэн байсан. 14,3 тэрбум асуудал бол мөсөн уулын орой л гэсэн үг шүү дээ. Чухам иймээс С.Баяр яаж ийж байгаад энэ банкийг нөлөөндөө авсан гэж МАН-ынхан шивнэлдэж байгаа. Банк нь бус, банкин дахь мөнгө нь ч бус мэдээлэл нь чухал. “Хадгаламж” банк бол “Монголын улстөрийн мэдээллийн хадгаламжийн” банк байсан юм, байсан ч гэж дээ байсаар байгаа. Үүнд л үнэ цэнэ нь оршино.

Шуудхан хэлэхэд би АН-ын нарийн бичгийн дарга байхдаа энэ асуудлаар овоохон бужигнуулсан даа, тиймээс О.Чулуунбатын мэдэгдлийн учрыг сайтар ухаж гадарлана шүү дээ. Тухайн үед банкийг нь бус МАСЗХ-г сүйтгээд өнгөрсөн, гэхдээ л энэ банк өнөөдөр ч асуудал хэвээр байгаа шүү дээ, чөтгөр ав гэж. С.Баяр, Сү.Батболдын эвсэл шахагдахдаа тулбал “мэдээллийн хадгаламжаа” ухахад л цагаан хэрэмнээс ч бөх бат цаасан хэрэм байгуулж чадна. Ялангуяа М.Энхболд, У.Хүрэлсүх нарын эсрэг. Жаахан ухвал ХЗХ-ны хэрэг ч эргэж амилна.
Чухам иймээс Засгийн газрын асуудал цурманд ормогц О.Чулуунбат жигүүрээс нь довтолж байгаа юм байна. Фортуна Н.Батбаяр бол зүгээр л байхын бараа, комиссын идэвхтэн. Цагтаа Н.Энхбаяр яг энүүгээр яг өнөөгийнх шиг шахаанд ороод байхдаа нам дахь өрсөлдөгчдөө тодорхой хэлбэл М.Энхболд, У.Хүрэлсүх нарыг дарж авахыг оролдсон. Харин би өөрөө асуудлыг МАХН-ын эсрэг чиглүүлэх ажлыг гардан хийж байсны хувьд, АН-ын түүхэнд анх удаа МАХН руу маш амжилттай довтолгоон болгосны хувьд сайн мэднэ. Тэгэхэд Н.Батбаяр ажилд хамгийн их саад болж байснаа одоо мартчихаж л дээ. 

Харин О.Чулуунбат тухайн үед Монгол банкийг удирдаж байсан, чухам юу болж байсныг тэр алганыхаа хээ шиг мэднэ. Тэр ч байтугай Засгийн газрын бондын хөрөнгийг ямар махинацаар банк худалдан авахад зарцуулсан схемийн зах зухаас ярьсгээд орхичихлоо, нөгөө Ц.Нямдоржийн хэлдэгээр “Сэтгэлээ онгойтол яривал” ч бүр их юм бий л дээ. Үүнээс улбаатай “Эрдэнэт”, УБТЗ хэмээх хор том мангаст монополь эрхтэй шатахуун нийлүүлэгчийн асуудал ч босч ирнэ, бас гуч гаруй сая ам.долларын зээлийн баталгааны асуудал ч бий.

Харин “Хадгаламж” банк энэ асуудлаар Чукатай байлдвал байдгаа гөвөх юм. Мэдээлэлтэй учраас О.Чулуунбат зоригтой байна. Чухам ийм учраас О.Чулуунбатад хаягласан мэдэгдлийг “Хадгаламж” бус “Жаст” гаргаж байгаа юм л даа. Яахав тулаанд орог, хэн нь ялах нь вэ?

Таамаглавал С.Баяр, Сү.Батболд нар М.Энхболд, У.Хүрэлсүхийг “Хадгаламж”-аар шахах гэж оролджээ, цаадуул нь түр идэвхгүйжжээ, О.Чулуунбат зэрэгцэж дайрснаар энэ дарамтыг царцаахыг оролдож буй хэрэг юм. Исламынхан Таласын хөндийд Хятадуудтай тулалдахад Түрэг-Харлигууд асуудлыг шийдсэн шиг л. Хэрэв энэ асуудал хурцадвал МАН тэр чигээрээ сүйрнэ. Гарзтай ч юм биш, МАХН байгаа хойно.

Одоо хувилбар ийм болсон. Баахан цэцэгтэй өгүүлэлд бичсэнчлэн МАН-ын эрхээс Сү.Батболд, С.Баярын бүлэглэл холдвол У.Хүрэлсүх Ерөнхий сайд, М.Энхболд УИХ-ын дарга болно. Н.Энхбаяртай хэлэлцэж тохироод МАН, МАХН-ыг нэгтгэнэ. Тэгээд нэгдсэн хүчээр сонгуульд орж явчих ба У.Хүрэлсүх амласнаараа ялна. МАХН түүхээс үүрд арчигдана. Эсвэл С.Баяр, Сү.Батболд нар сэргээх юм болов уу? Дахин хамтрах тухай ярихын ч хэрэггүй учраас АН ясаа цайтал үзээд ялагдана. Тэгээд дөрвөн жил лааз өшиглөх юм биз дээ. Парламент дахь АН-ын бүлгийн олхиогүй, марзан хойргошил өөрсдийг нь алж байгаа юм.

Тиймээс тоостой ширээн дээрх 76-гийн арифметик тооцоо бол зүгээр нэг хоол болтол шийр зугаа биш, тэр тусмаа сонгуулийн өмнөх жил бол энэ чинь шар тос л байхгүй юу. Харин Засгийн газар тэсэж үлдэх нь үү гэдэг сонин байна. Магадгүй АН алдаагаа засаж, энэ асуудлыг шүүрч авбал МАСЗХ сүйрсэн тэр замаар МАН явчихаж болохоор л харагдаад байна шүү, та минь ээ. Би бол дуртайяа туслана.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив