Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
БАЯЛГИЙН ТЭГШ ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨӨ OCCUPY MONGOLIA!!!
2011 оны 11 сарын 1 [Уншсан тоо: 42245]
"OCCUPY .., ЧӨЛӨӨЛӨЛТ"

Энэ үг хэчнээн сонс­голонтой байна гээч. 80 жил оршин тогтносон ком­мунист хуаранг та­раа­хад ганцхан үг нө­лөөлсөн. "Перестройка", харин "Оккупай" гэдэг үг үүнээс хэр ялгаатай вэ? "Occupy" гэдэг үгийг ма­най­хан махчилан "эзэл" гэж орчуулаад байх юм, уг нь агуулгаараа бол "чө­лөөл" гэж буумаар байгаа юм.

Дэлхий ертөнц өөрч­лөлтийн эринд орлоо. ХХ зуунд хүн төрөлхтөн улс төрийн дарангуйллаас салжээ, аль ч утгаараа хэн нэгнээр амаа бариу­лахгүйн төлөө XIX зууны хоёрдугаар хагасаас то­дорхой хэлбэл Парижийн коммунаас хойш тэмцэж, амжилт олов. Хэдийгээр дарангуйллын бүдүүлэг хэлбэрүүд дэлхийн олон оронд ноёрхсоор байгаа боловч хүн төрөлхтөн урагшилжээ. Одоо бол улс төрийн дарангуйл­лаас бус санхүүгийн да­рамтаас салах шинэ хувьсгалыг эхлүүлээд байна.

Коммунист систем ну­ран унаснаар "түүх төг­сөөгүй", Фрэнсис Фукуяма коммунист систем нуран унамагц либерализмд ч болохгүй зүйл олон бай­гааг илчилж, "Төрийг бэх­жүүлэх нь" номдоо өөрийн суртлаас яаравч­лан ухарч, бараг л нео­мар­ксист болж байв. 

Неолиберализм, нео­колониализмын мөн ча­на­рыг дэлхий дахинд улам бүр олон хүн ойлгож, мэддэг болжээ. Одоогоос ердөө арваадхан жилийн өмнө "АНУ бол неоко­лоничлогч улс. Тэд дэл­хий дахиныг сорон мөл­жиж, баян тарган амь­дарч байна" гэж шүүм­жилж байсан. Америкийн ард түмэн эсэргүүцлийн хөдөлгөөнийхний бай болж, дэлхийн худалдаа­ны төвийн нуранги дор мянга мянгаараа да­раг­даж үхсэн. Олон олон ЭСЯ-д халдлагад өртөж, үй олон америк хүн "тер­роризмын золио" бол­сон. Гэвч америкчууд "бид мөлжигчид биш" гэж хэлж байна. "Бид 99 хувь", "Бид дэлхийн бүхий ард түм­ний 99 хувийн адил мөлж­лөгт өртөгсөд" гэж байна. Америкийн ард түмэн дэлхий дахины ард түмнүүдээс ялгарах зүйлгүй гэж байна.

АНУ хүйтэн дайнд ялсныхаа дараа өөрийн тогтолцоог олон оронд тулган хүлээлгэсэн. Тэдний нэг нь Монгол. Ардчилсан хувьс­га­лын дараа яаравчлан ирсэн Аме­рикийн зөвлөхүүдийн боловс­руул­сан "Үндсэн хууль", түүний үр дүнгийн талаар өнөөдөр шүүн хэлэлцэж эхэллээ. Шинэ колонич­лолын суурь 1997 онд бодитоор тавигдаж, "Ашигт малтмалын хууль", "Банкны тухай" хуулиар бэхжин бий болсон. Эдийн засгийн алуурчид гэм нүглээ наманчилж, бага буурай улс орнуудыг сорон мөлжигч этгээдүүд, тэдний сис­темийг ил тод зарлаж эхэллээ. Коммунист дэглэмээс салсан олон орон авторитар дэглэмд гулсан орсон. Америкийн дэмжлэгтэй улс төрийн дэглэмүүд коммуниз­мын араас орсон. Латин Аме­ри­кийн онигоо байдаг юм. "Америкт яагаад төрийн эргэлт гардаггүй вэ? Манай хуулиуд АНУ-ын хуулиудыг яг хуулбарласан атал тэнд үргэлж ардчилалтай энд болохоор байн­гын дэглэмтэй байдгийн учир юу вэ?... Яагаад гэвэл АНУ-д АНУ-ын ЭСЯ байдаггүй юм шүү дээ".  

Гэвч дараагийн авторитар дэг­лэ­мүүд коммунизмын нуранги дээр шарилж мэт цэцэглэх болов. Хуучин Зөвлөлтийн БНУлсууд-"стан"-ууд авторитар дарангуйлалд оршсоор. Ардчиллын гажуудлыг засах өнгөт хувьсгалууд өнгөрсөн 10 жилийн дэлхийн түүхийг гойд хурц өнгөтэй болгосон. Хүн боолч­логдож буйгаа мэдэхгүй байгаа нь боолчлогдох хамгийн анхдагч шалт­гаан. Харин хэн боолчлоод байна вэ? Нэг хувь? Нэг хувь гэж хэн бэ?

"ТЭД НЭГ ХУВЬ"

Өнөөдөр хүн төрөлхтний бий болгосон баялгийн 40 хувийг, долоон тэрбумын нэг хувь нь эзэм­шиж байна гэсэн уриан дор "OCCUPY ..." эхэлсэн. Харин Уолл стрийтэд цуглагчид "Тэд нэг хувь биш, нэг хувийн нэг хувь" гэж байна. 0.01 хувь. Нөгөө шударга, ардчил­сан, эрх чөлөөт улсад уу? Тийм л юм байна. Нөгөө бүхнийг зохи­цуу­лагч "үл үзэгдэгч гар" ил болж байгаа юм биш биз?

Гэхдээ бусдын мууг гайхаад яахав. Өөрсдийгөө харцгаая. 2009 онд "Хямралын эсрэг төлөвлөгөө" хэлэлцэж байхад Монгол банкны Ерөнхийлөгчийн хэлснээс, Сан­гийн дэд сайд Ганхуягийн твит­тер­тээ бичсэнээс л харцгаая. Монго­лын банкны хадгаламж эзэмшигч­дийн гурван хувь нь нийт хадга­лам­жийн 98 хувийг эзэмшдэг. Ха­рин гурван хувийг эзэмшигчид 98 хувь нь "10 хүртэл сая төгрөгтэй жижиг хадгаламж эзэмшигчид". Ахиад нарийвчилбал хадгаламж эзэм­шигч­дийн нэг хувь нь нийт хадга­лам­жийн 50 хувийг эзэмшдэг. Тийм ээ үлдсэн 99 хувь нь эгэл жирийн иргэд. Америкаас нэг их ялгаа байна уу? Байхгүй бид бас 99 хувь юм байна.

Зөвлөлтийн үеийн суртал нэвт­рүүлгээр 500 гэр бүл АНУ-ын сан­хүүгийн болоод улс төрийн эрх мэдлийг төвлөрүүлсэн гэдэг бай­лаа. Өнөөдөр америкчууд өөрсдөө 300 гаруй гэр бүлд бүх эрх төв­лөр­сөн гэж мэдэгдэж байна. Тэдгээр гэр бүлийг зарлаж эхэлснээс хойш цагдаа нар жагсагчдыг баривчилж эхэлжээ. Японд бол 300 бүлэг гэж бий.

Тэдний хүч чадал юунд байна? Вилдэрбэргийн клубт үү? Эсвэл Масоны нууц нийгэмлэгийн гишүүн учраас уу? Эсвэл "Гурван талт комисс" тэдэнд хааны эрхийг өгдөг үү? Үгүй юм, дэлхий дахины бод­ло­год нөлөөлдөг, дэлхийн Засгийн газрын эрхийг өгдөг бүхий л хүч чадал ердөө л доллар гэдэг ямар ч баталгаагүй цаасыг хэвлэх эрхийг хэдхэн гэр бүл хувьдаа авсанд байгаа юм. Улстөрчдийг хянаж болно, харин санхүүгийн үл үзэг­дэгч­дийг эсэргүүцэх хэцүү. Гэхдээ энэ нь зөвхөн Америкийн эмгэнэлт явдал уу? Үгүй ажээ, бүх дэлхий коммунизмын сүйрлийн дараа Америкийн эмгэнэлт явдлыг даган дуурайхыг хүсдэг болж. Боолчлолд орж байгаагаа мэдээгүй учраас "эрх чөлөөний тор руу" тэмүүлжээ.

Монголд ч энэ систем нэвшжээ. УИХ ч, Засгийн газар ч мэдээгүй байхад Монгол банкны төгрөгийн эмисс байх ёстой хэмжээнээсээ 1-1,5 дахин давсан байж. Санхүү-эдийн засгийн нийтэд зарлаагүй баримтуудыг шүүж үзэхэд ямар ч баталгаагүй ихээхэн тооны төг­рө­гийг нийлүүлсэн байв. Энэ нь улсын бодит эдийн засагтай зэрэгцсэн далд эдийн засаг бий болсон гэсэн үг. Энэ ёс бус нийлүүлсэн мөнгөний хүүллээр бодит эдийн засгийн бүхий л ашгийг цөөхөн гэр бүл сорон баяжиж байжээ. Ойролцоо­гоор 10 жилд 220 орчим гэр бүл улсын эдийн засгийн тэн хагасыг хянадаг болсон юм. Бид яг Аме­ри­кийг дуурайж байгаа юм байна. Энэ эмиссийн дүнд инфляц хэрээс хэтэрдэг, учир нь "тэдний төгрөгийг" монголчууд жил тутам 25 орчим хувийн хүүтэй зээлж аваад буцааж төлдөг байсан. Энэ 25 хувь бол далд инфляц байсан. Харин мөнгө хүүлэгчид мөнгөө угаахын тулд эдийн засгийг зохиомлоор тэлдэг байсан, ингэснээр ойролцоогоор 5-6 жилд мөнгө шингэж байжээ. Гэвч хүүгийн инфляц ба эмиссийн инф­ляц нийлэхээр хэт нийлүүлэлт бий болж эдийн засаг тамирдаж, хям­рал нүүрлэдэг.

Үүнээс яаж гардаг вэ? Хям­ралаар. Гэхдээ хямрал нь мөнгөний хэт нийлүүлэлтээс болдоггүй, ерөө­сөө 1929 оны дэлхий нийтийн хямралаас хойш "хямралын сце­нари" бий болсон нь эдийн засагт эргэж буй мөнгөний гуравны нэгийг шууд татах юм. Хямрал бол зохио­мол зүйл. 2005 оны Монголын хямрал яг ийм сценариар явсан шүү дээ. Зүв зүгээр байсан эдийн засгийг "хямралын эсрэг төлөв­лө­гөө" гэгчээр үймүүлж, эргүүтсэн парламентаар батлуулсны дараа Монгол банк зах зээлээс 920 орчим тэрбум өгрөг татаж, яаж сүйтгэлээ. Энэ бол тэдний стандарт, яг гурав­ны нэг. Монгол банкны Ерөн­хий­лөгч хадгаламжийн хэмжээг 2,6 их наяд гэж хэлснээсээ сарын дараа 1,3 их наяд гэж нугалсан зөрүүтэй мэдэгдэж байснаар энэ батлаг­дана. Хямралын учир шалтгааныг өнөөдөр дэлхий дахинаар мэддэг болжээ. Мөнгөний хэт нийлүүлэлт ба огцом таталт. Энэ жилийн ээл­жит хямралын өмнө "Occupy wall street"-ыг зарласнаар хямрал "хойш­лох гээд л" байна.

Гайхалтай нь Монголын зах зээлд байх ёстой хэмжээнээс 1-1,5 дахин илүүдэл мөнгө нийлүүлснийг олон улсын санхүүгийн байгуул­ла­гынхан эрт илчилжээ. Гэхдээ зар­лаагүй, харин ганц нэг тайландаа тусгаад зарим нэг төдийлөн нэрд гараагүй сайтуудад байрлуулсан байв. Учир нь үүгээр дамжуулж тэд эрх баригчдыг тоглоомын хүү­хэлдэй болгодог байв. Энэ юу болж байна, та минь ээ? С.Баярын Засгийн газраас санаачилсан "Банк­ны хадгаламжийн даатгалын хууль" нь 98 хувийг эзэмшигч, 220 гэр бүлийн эрх ашигт нийцсэн хууль байсан юм биш үү? Өөрөөр хэлбэл төрөөс хадгаламжийг ба­тал­гаажуулсан нь тоон утгаар жишвэл ард түмэнд хоёр хувийн аюулгүйн баталгаа өгч, харин далд эздэд 98 хувийн баталгаа өгчээ. Гагцхүү тэдэнд 98 хувийн баталгаа гаргаж өгөхөд ард түмний нэр тоо хоёр хэрэгтэй байсан юм.

БИД 99 ХУВЬ

Монголын алдартай баячуулын нэг гэгддэг Ц.Мянганбаяраас эх­лээд "Зоос", "Монгол шуудан", "Анод" банкны хувьцаа эзэмшигчид зарим талаар хадгаламж эзэм­шиг­чид "НЭГ ХУВЬД" дээрэлхүүлж байна. Тэгэхээр "нэг хувь" бол үнэхээр "Үл үзэгдэгч гар" шиг ор­шиж байгаа биз? Тэр нэг хувийн багцаа хамгийн сүүлд ЗГХМА-ны дарга байхдаа баривчлагдсан Н.Дэмбэрэлийн эрхлэн гаргаж үнэгүй тарааж бай­гаа "Монгол шуудан" сониноос авч болохоор байна билээ. Н.Дэм­бэ­рэл мэдээ­лэлд ойр байсан, чухам­даа улс төрийн том тоглоомын золио бол­сон хүн, мэдээлэл нь багцаатайн баталгаа нь уг сониныг гарсны дараа нэрийн маргаан үүсгэж хаахыг оролдсонд байгаа юм. Өнөөдөр Америкийн саятнууд 99 хувьд нэгдэж эхэлжээ. Тэд дол­ла­рын саятан. Мянганбаярууд л гэсэн үг. Тэд мөнгө үйлдвэрлэгчид, хүү төлж 300 гэр бүлийг бая­жуу­лаг­чид. Хэзээ ч өрийн хүнд дөнгөнөөс гарах заяагүй боолууд. Хэрэв чи ядуу харагдаж байгаа бол бага зээл авсан, баян харагдаж байгаа бол их зээл авсан л гэсэн үг, тэр нэг хувийнханд. Тиймээс нэг л зүйлийг манай бизнесмэнүүд ойлгох ёстой, урд өмнө эрх баригчид "Наад гудамжны хувьсгалчид чинь та нарын хөрөнгийг булааж ядууст тарааж өгөх гэж буй марксистууд..." гэж гөрдөж байсан. Гэвч үгүй л дээ, бид адилхан 99 хувь, бидний зо­рилго бол хууль бусаар хязгааргүй баяжиж, төрийг өөрийнх нь мөн­гөөр худалдаж авсан тэр нэг хувийг унагахад, мөнгөний эрх мэдлээ өөрийн гарт авахад, бүр нарийв­чил­бал неоколоничлолоос улс орноо салган авахад байгаа юм.

Өнөөдөр Монголтой адил 90 шахам оронд өөрийн "чөлөөлөлт" /OCCUPY/-ийг зарлаад байна. 2000 шахам хотод жагсаал, цуг­лаан болж байна. Цоо шинэ эрин цагийн дуудлага цуурайтаж байна. Бид 99 хувь. Энэ эрин цагийн дуудлагад бид нэгдэх ёстой. Хүн төрөлхтөн улс төрийн даран­гуйл­лаас чөлөөлөгдөөд одоо санхүү­гийн дарамт мөлжлөгөөс чөлөө­лөгдөх их тэмцлийн эрин үе эхэлс­нийг зарлаж байна.

Байрны, автомашины, малч­дын зээл. Нийт мал сүргийн дө­рөв­ний нэг өрийн барьцаанд буй. Улс орон ч мөн л өрийн барьцаанд байгаа. Холбооны нөөцийн систе­мийг бий болгохдоо АНУ-ын Зас­гийн газрыг хулхидсан систем, манай "Оюу толгой"-д хулхидсан систем хоёр ямар адилхан гээч.

АСУУЛТ?

Одоо Ардчилсан хувьсгалын лидерүүдээс асууж байна. Та нар юу хийчихэв ээ? Хүн төрөлхтний жам ёсны зам чинь энэ үү? Та нар улсын бүх эрх мэдлийг УТТ-ноос салгаж, 200 гаруй гэр бүлд өгөх гэж хувьсгал хийсэн үү? МАХН-ыг МАНАН-гаар солих хувьсгал хий­сэн үү? Азид үлгэр дуурайл болсон "Улс төр-эдийн засгийн хосолсон" шилжилтийн чинь үр дүн энэ үү?

Бид 10 жил тасралтгүй тэмцэж байна. МАНАН-тай дайтаж байна. Биднийг элдвээр дарамтлан ша­хаж, цаазын ял оноож, худалдаж авахыг оролдож, цагдаагаар ба­ривчлуулж, мөрдөн мөшгиж, до­ромжлон гутаасан 10 жил өнгөр­лөө. Залуу насаа бид ингэж өнгө­рөөлөө. "Ленин амьд байна, хуучин нийгмээ санагалзагч, Марксистууд" гэж харааж, гүтгэн доромжилж байсан.

Тийм ээ, төсөөтэй юмс төсөөтэй юмсаа төрүүлдэг. "OCCUPY..." хөдөлгөөнийг яг өнөөдөр "Шинэ Марксистууд" гэж дайрч байна. Тэд баялгийн шударга хуваарилалтыг шаардаж байна, мөнгө хүүллээ зогсоохыг шаардаж байна. Нэг хувийнхний гарт ордог 50 хувийг шударгаар хуваарилахыг шаар­даж байна. Түүнээс 2,7 сая иргэнд сардаа 21 мянгыг өгчихөөд түүгээр халхавчлан 220 гар яг адилхан 800 тэрбумыг хусдаг байж болохгүй л байхгүй юу даа. 

"Чөлөөлөлтийн" талаар олон улсад шударга, чөлөөт хэвлэлийн үлгэр дуурайл болсон телевизүүд, хэвлэлүүд мэдээлэхгүй байна, мэдээлсэн ч яг дурдсанчлан до­ромж­лон гутаах буюу зорилгыг нь мушгин гуйвуулж мэдээлж байна. Үндэстэн дамнасан корпора­циу­дын мэдэлд орсон, худалдагдсан "чөлөөт хэвлэл" зөвхөн Монголд ч биш, дэлхий дахинд байна. Тэд хүн төрөлхтний 99 хувийн тархийг угааж ирсэн, угаасаар ч байна. Тэд мушгин гуйвуулж антисемитизм руу халтируулахыг хүснэ. Коммунизм, фашизм... терроризм... өмнөх туршлагуудаа шавхаж айлгаж бо­лох бүхнээр айлгахыг хичээж байгаа юм. Тиймээс "OCCUPY..." хөдөлгөөний талаар жирийн иргэд, олон нийт тодорхой мэдээлэл авч чадахгүй байна. Гэвч цаг ирсэн.

Бүр Барак Обама баячуудад оноосон татварын нэмэгдлээ хам­гаалахын тулд далдуур зохион байгуулж байгаа ч гэлцэж байна. Дэлхий дахин адилхан шүү дээ, бид жижиг улсынхан гээд юу ч мэддэггүй, тэр том гүрэнд нь үл ойлгогдох үйл явцыг үл үзэгдэгч гарууд хийгээд суудаг юм биш. Нөгөө эс мартагдах үгийг ярилцаж, эс шингэх идээг зооглодог бурхад гэж байдаггүй, бидэнтэй л адил хүмүүс байгаа. Нэгэн цагт бид удирдагчдаа бурхан мэт хардаг байснаа унасных нь дараа эгэл хүн байсныг мэдсэн шиг өнөөдөр дэлхий дахин "үл үзэгдэгч гарууд" бол бурхан биш гэдгийг мэддэг болжээ.

Бүх хувьсгал баялгийн тэгш хуваарилалтын төлөө л байсан, бүх онолын үндэслэл үүнд л бай­даг. Бид чөлөөлөгдөх ёстой, өөрөө­сөө эхлээд. Чөлөөлөгдөх хамгийн гол нөхцөл бол боолчлогдож бай­гаа­гаа ойлгох ёстой.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив