Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
НАЛАЙХААС ТАВАН ТОЛГОЙ ХҮРТЭЛ
2012 оны 1 сарын 11 [Уншсан тоо: 33663]
“Оюу толгой” ба “Ухаа худаг”, Хөрөнгө оруулалт ба бүтээн байгуулалт?

Бичээд л байдаг, бичээд л байдаг. Ер нь говьд юу болоод байна аа? Мянга сонсохоор нэг үз гэдэгчлэн саяхан “Оюу толгой”, “Ухаа худаг” хоёрыг очиж үзлээ. Сургаар төсөөлж бичих, бодат байдлыг үзэх хоёр ондоо. Мэдээж сэтгүүлчид төр засгийн эрхтэн дархтан биш учраас цаад газрынхаа урилгаар л очиж таарна. Түүнээс би бие даасан сурвалжлага хийх гэж байгаа юм гээд яваад очвол гадаадын тагнуул хорлон сүйтгэгчээс ч аюултай амьтан болж харагдах тул “албан ёсны айлчлал” хийсэн нь хавьгүй дээр. 

Коммунист шинэ суурьшил 

Манай аав, ээж Ховдын Булган сумын “Жаргалын зам” нэгдэлд малчин байснаа баруун бүсээс төвийн бүсэд ажиллах хүчнийг шилжүүлэх бодлогын хүрээнд Налайхад иржээ. Тухайн үедээ танил талтай чадалтай нь төрөлх нутагтаа үлдэж, залуус голдуу “хугацаагүй цэргийн албанд мордож буй мэт” сэтгэгдэлтэйгээр нутгаасаа “хөөгдөж” байжээ. Налайх бол Ховд аймгаас дутахгүй олон үндэстэн ястны хот. Ховдоос илүүтэй нь баруун аймгийнхнаас гадна Хэнтийгээс буриадууд, Дорнодоос баргууд, Сүхбаатараас Даригангачууд иржээ. Гэхдээ голдуу баруун аймгийнхан. Ямар сайндаа 14 дүгээр автобаазын нэгэн жолооч казах даргадаа “Хасаг, дөрвөд нь халхаа хавчиж, хавар намар нь зунаа хавчсан ямар гээч цаг вэ?” гэж агсан тавиад улстөрийн хэрэгт орон алдаж байхав. Хожим энэ ардчилсан хувьсгалын үед супер онигоо болон тарсан түүхтэй.

1950-1960 онд төвийн бүсэд атар эзэмших, бүтээн байгуулалтын ажил эхэлж, ажиллаж хүч илэрхий дутагдаж эхэлжээ. Нам засгаас “Хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орноос аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилт тавьсан тул малчдыг цөөлж, ажилчдыг нэмэгдүүлэх, онолын хувьд коммунист нийгмийн үндсэн анги ажилчин ангийг төлөвшүүлэх” зорилт тавигджээ.

Дэлхийн коммунист-ажилчны хөдөлгөөний нэрт зүтгэлтэн, суут онолч Ю.Цэдэнбал нэр хүнд ба колонийн дарлалаас чөлөөлөгдсөн шинэ тусгаар улсуудад үлгэр жишээ болохуйц хөгжсөн орон байх ёстой гэж панаалаар гар султай, өгөөмөр Л.И.Брежнев, ЗХУ-аас асар их зээл тусламж авч байв. Дэлхийн хоёр дахь социалист орон хөгжилгүй, ядуу буурай байх нь коммунист системийн нэр хүндэд муу. Хэрэв Монгол хөгжихгүй бол Ази-Африк, Латин Америкийн шинэ тулгар улс орнууд социализмын замыг сонгох нь юу л бол. Аж үйлдвэрийг хөгжүүлэхдээ хүнд үйлдвэрийг голлон хөгжүүлэх зорилт тавьжээ. Хүнд үйлдвэр хөгжиж байгаа нь улс хөгжиж буйн илрэл гэсэн социалист хөгжлийн нэг гол загвар бий болоод байв.

Үйлдвэржилтийн гол хөрс нь цахилгаан эрчим хүчний хангамж. Цахилгаангүйгээр улс хөгжихгүй. Ильич ч “Цахилгаанжуулалт дээр НЭП-ийг нэмээд коммунизм” гэж байв. Тиймээс Төвийн бүсэд, тодорхой хэлбэл Улаанбаатарт одоогийнхоор бол бүс нутгийн үйлдвэрлэлийн  цогцолбор (кластер) байгуулж эхэлсэн ба Эрдэнэт, Дархан дараагийнх нь байв. Үйлдвэржилтийн өмнө Улаанбаатарт цахилгаанжуулалт хийж, барьсан цахилгаан станцыг хангах нүүрсний гол орд Налайхыг орчин үеийн нүүрсний үйлдвэр болгон өргөтгөв.

Гадаад ажиллах хүчнийг ашигласан нь

1920-иод онд Монгол геологич байгаагүй ч тэр үүргийг нь Монгол тарвага гүйцэтгэснээр анх Хятадууд чулуун нүүрс олборлож эхэлжээ. Ардын Засгийн анхны жилүүдэд Налайхыг улсын мэдэлд авсан ба ажиллах хүчин дутагдалтай 1940-1950 онд Японы олзлогдогсдыг ажиллуулдаг байжээ. Дараа нь харилцаа сайжирсан үед Хятад ажилчдаар бүтээн байгуулалтын ажлыг нугалуулжээ. Япончууд буцсанаар яалт ч үгүй дотоодын ажиллах хүчин шаардлагатай болсон байв. Налайхад Японы “ажилчин ангиас” үлдсэн юм нь “долоон Японы хүүр” нэртэй толгой. Уурхайн гүнээс нүүрс татаж байхад нь ган татлага тасарч хэдэн цэрэг нүүрстэй тэргэнцэрт дайруулж үрэгдсэн юм билээ. Яг долоо гэж хэн ч баталдаггүй, осолдогчдоос бараг юу ч үлдээгүй учраас бөөгнүүлээд булсан ба хожим 1960-аад онд Японтой харилцаа сайжрах үед 7 хүний жижиг оршуулгын газар бий болгосон, монголчууд сэжиглээд өөр шарил тавиагүй жижиг толгой байдаг юм.  

Япончууд явсны дараа Хятадын ажиллах хүчнээр үйлдвэрлэлийн дэд бүтцээ бариулаад мөн л хөөчихжээ. Дараа нь хүн амыг хязгаар нутгаас коммунист маягаар төвийн бүсэд нүүлгэн шилжүүлжээ. Оросууд Сибирийн төмөр замыг улстөрийн хоригдлуудаар бариулж, хожим БАМ-д гэнэн романитик залуус, гэмт хэрэгтнүүдийг зүтгүүлж байсантай харьцуулбал Монголын нүүлгэн шилжүүлэлт төвөөс хязгаар руу бус хязгаараас төв чиглэсэн, илүү сайн сайхан амьдралд “албадан” оруулсан юм. Яг өнөөгийн Хятад шиг байр орон сууцыг нь бэлтгээд /хятад ажилчдаар бариулсан/ хөдөөнөөс ирэгсдийг шууд оруулж байсан ч олонх нь байранд орохгүй гэжээ, тайлбар нь “гэртээ бие засах дургүй” /боловсон ариун цэврийн өрөөнөөс сэжиглэжээ/, тиймээс уурхайгаас гэр аваад гардаг байжээ. Бас “амьд галгүй” тул чийгтэй, амархан хатгалгаа тусах магадлалтай. Манай аав ийм шалтгаар байраа тушаасан юм.

Тухайн үед ажилчдын орон сууц барихаас илүү гэрээр хангах нь гол зорилт болж байсан ба дарга, даамлыг нь хүчээр байранд суулгаж байж Налайхын тосгоныг эзэнтэй болгосон байх юм. Өнөөгийн Налайхын тосгоны эхлэл модон дээвэртэй ёотон шиг цагаан хоёр давхар байшинг Хятадууд барьжээ. Хожим байрны хэрэгцээ өсөж, Зөвлөлтийн мэргэжилтнүүд олноор ирсэн тул хоёр давхар орон сууцнаас гадна таван давхар орон сууцнуудыг барьсан, коммунизмын төгсгөл рүү угсармал байшингууд барьсан нь бүгд Орос цэргийн хүчээр босож байв.

193О-аад онд Оросууд нарийн төмөр зам тавьсан ба 1960-аад онд Хятадын ажилчид засмал зам тавьжээ. Өргөн төмөр замыг хожим бас л Орос-Хятадууд барьсан байх. Үүнд л суурилж “малчныг ажилчин болгох” нөр их ажил эхэлсэн. Өнөөдөр өвөрмонголд яг энэ туршлагаар малчдыг хот руу шахаж байна билээ. Коммунизм бол коммунизм.

Дотоод ажиллах хүчнийг шилжүүлэв


Коммунизмын төсгөл үед л илгээлтийн эздийг хотоос хөдөө рүү хөөж байсан болохоос 1950-1960-аад онд залуусыг алс хязгаараас төв рүү татах гэж албадлага, шаардлага хослуулсан кампанит ажил зохион байгуулсан. Зөвхөн үйлдвэржүүлэлтэд ч биш атар эзэмшихэд бас л хүн хүчний нөөц шаардлагатай болсон ба тэд ажилчин анги бус тариачин ч бус “тариаланчид” болсон юм. Өнөөдөр тариаланчид коммунистуудынхаар “буржуйлаг” фермерүүд болж байна. Өнөөгийн Сэлэнгэ, Төв, Булганы үндсэндээ Туул, Сэлэнгийн хар шороот хөрсийг дагасан тариалангийн аж ахуйнуудад ажиллагсадын олонх Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгийн угшилтай байдаг нь дурдсан бодлогын илрэл.

Үүний дотор нам засгаас Баян-Өлгий дэх үндэсний цөөнхийг тараан суурьшуулах бодлогоо шигтгэсэн байна. Тэр үед казахууд орон даяар тархан суурьшиж, боловсролтой, чармайлттай нь сайд болж байв. Налайхад У.Мавлет сайд домог болсон хүн байв: “Мавлетын үед мандаж явлаа, Жадамбын үед жаргаж явлаа” гэдэг байсан. Өнөөдөр гэтэл болгоё гэхнээ салбартаа тодорсон сайн казах ховор байна.

Яагаад Төв аймгийн гурван мандаттай тойрогт уугуул Төв аймгийн нэг хүн,  Завхан, Говь-Алтайн хоёр хүн ялаад байдгийн учир үүнд бий. Гэхдээ хоёрдугаар үеийнхэн нь Төв аймаг дотроо “Завхан-Говь-Алтайнхан” гэж бүлэглэвч өөрийгөө Төв аймгийн хүн л гэж боддог нь гайхалтай. Тэд хэзээ ч Говь-Алтайг хөгжүүлнэ, Завханыг хөгжүүлнэ гэхгүй Төв аймгаа л хөгжүүлнэ гэх аж. Эрдэнэт ч мөн л Говь-Алтай Завханыхан голдуу байдаг юм билээ.

Орчин үеийн суурьшил


Бүтээн байгуулалт эхэлсэн газар хамгийн чухал нь ажилчин. Өнөөдөр “Оюу толгой”, “Ухаа худаг”-т томоохон хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтын ажил эхэлжээ. Нэг нь Өмнөговь аймгийн Ханхонгор суманд, нөгөө нь Цогтцэцийд. Хуульч Сандагийн үед “Говьд хүн болж төрснөөс Хангайд бух болж төрсөн нь дээр” гэж ярилцах болсон ч өнөөдөр хүмүүс говьд хүн болохыг хичээдэг болж эхэлж байна. Энэ удаад төвөөс өмнөд хязгаарт, “Монголын Сибирь” болсон говь руу чиглэсэн хүн хүчний шилжилт хийх хэрэгтэй болж байна.

Ардчилсан нийгэмд хүн амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхтэйг Үндсэн хуулиндаа тунхагласан учраас ажиллах хүчний шилжилтийг төрөөс албадлагаар хийх ямар ч бололцоо байхгүй. Тэр ч байтугай бэлчээргүй болсон, зудад нэрвэгдсэн малчид хот руу нүүж байна. Ажиллах хүчнийг шилжүүлэхэд хоёр дахин хүнд байна.

Ийм нөхцөлд “Энержи ресурс” бүтээн байгуулалтыг дан Монголчуудын хүчээр хийж байна, харин “Оюу толгой”-н кемпэд байрласан 6176 хятад ажилчин үйлдвэр барьж байна. Цаана нь хайгуул болоод эрчим хүчний шугам татах гэх мэт ажилд хэдэн хятад ажилчин байгааг мэдэх боломж олдсонгүй.

Хөрөнгө оруулалтын мөнгийн адилхан дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдээс босгож байгаа ч мөнгийг зарцуулахдаа тулбал ямар ялгаатайг ажиллах хүчний бодлогоос харж болохоор байна. Гадаадын ба дотоодын хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалтын ажлын ялгаа нь энд л байна. Өнөөгийн үйлдвэржилтийн шинэ эринд тулгарч буй хамгийн гол бэрхшээл бол чухам энэ юм. Техник технологийн хувьд ямар ч ялгаа алга, нарийндаа бол “Ухаа худаг” шинэ техник технологийг түрүүлж нэвтрүүлж байгаа нь анзаарагдана. “Ухаа худаг”-т өнгөрсөн хавар ашиглаад эхэлсэн эксковаторыг “Оюу толгойд” дөнгөж буулгаад угсрахад бэлтгэж байв. Танилцаж явсан сэтгүүлчид автобусны цонхоор шанагыг нь хараад л өнгөрлөө. Харин “Ухаа худагт” мөн л шанаган дотор зураг авахуулах хүсэл сэтгүүлчдийн нүднээ бичээтэй авч өнөөх нь сэхээ самбаагүй ажиллаж байсан тул бас л бүтээгүй юм. “Санаж яваарай” уран сайхны киноноос хойш эксковаторын шанаган дотор зургаа авахуулдаг “моод” дэлгэрсэн нь өнөөдөр уламжлал болжээ. Уул уурхайн хүнд машин механизмын сургалтын тоног төхөөрөмжийг “Ухаа худаг” ашиглаж эхлээд залуус бужигнаж байхад “Оюу толгой”-д мөн л дөнгөж буулгасан байдалтай чингэлэг нь цоожтой байв.

Монголын компаниуд өөрийн үндэсний бодат байдал, хүмүүсийнхээ менталитетыг мэддэг учраас дотоодын ажиллах хүчиндээ найдаж байхад барууны хөрөнгө оруулагчид “малчныг ажилчин болгох” гэж зовсноос Хятадын хямд үнэтэй ажиллах хүчнээр гол ажлаа нугалуулах нь дээр гэж үзэж байгаа нь илт мэдрэгдэнэ. Тэдний хувьд Монгол, Хятад ялгаагүй адилхан Азичууд, хамгийн гол нь ажилчин хэрэгтэй болохоос малчин хэрэггүй л байхгүй юу. Ингээд бодохоор “Рио Тинто” илүү коммунист арга барилаар ажиллаад байна уу даа?

Зарим ялгаа байгаа байх л даа, жишээ нь “Оюу толгой” гүний уурхайн ам ашиглалтад оруулах, баяжуулах үйлдвэр барихад ажилчин хэрэгтэй байхад “Ухаа худаг”-т хөрс хуулалт, экспорт эхэлжээ. Өөрөөр хэлбэл гүний уурхайн ашиглалтын технологи, бэлтгэл ажил ил уурхайнхаас илүү хөрөнгө оруулалт, бэлтгэл, хугацаа шаардаж байна. Тиймээс 1960-аад оныхтой адил Хятадуудаар үйлдвэр, дэд бүтцээ бариулаад цаашдаа Монголчууд түүн дээр нь ажиллах гэсэн загвар дахин бий болжээ.

Монголчууд ба Хятадууд: Хэн бүтээн байгуулж байна вэ?

Оюу толгойд

Оюу толгойн кемпэд цэрэгжсэн хатуу дэглэм тогтоожээ. Архи амсахгүй хоёр долоо хонуулаад нэг бүтэн сайнд нь пивоор наргиулна. Тэр орой шавиагаа ханатал уудаг юм байна, Монголчууд. Ажилчид нь хоёр сар ажиллаад хэсэг хугацаанд амарч, буцаж ирдэг ажээ. Ордыг ашиглаж дуустал ийм дэглэм үргэлжилж болзошгүй байна.

Хөрөнгө оруулалтын гол нь гүний уурхайг ашиглалтад оруулах, баяжуулах үйлдвэр барихад чиглэж байна. Монгол ажилчид контейнерт халуун усны өрөө, ариун цэврийн өрөө тохижуулаад хоёр талаас залгаж барьсан гэрт амьдарч байна. Монголын 7000 гаруй ажилчнаас гэрт суудаггүй нь сэндвичэн байшинд сууж ажиллаж байна. Ирээдүйд “Оюу толгой”-д хот босох ямар ч шинж алга. Хэрэв ордын нөөц дуусвал ажилчдын хямд төсөр, удаан насгүй сууцнуудыг хаяад явахад харамсах юм алга. Эхний жишээ нь хятадууд гараад явахад сэндвичүүдийг хураачихна л даа. Гэхдээ хэзээ тэд явах бол?

1960-аад оны бүтээн байгуулалтын өмнөхөн ажиллах хүчний дутуугаа өмнөд хөршөөс авах гэрээ байгуулсан түүхийг уншихад их сонин жишээ тааралддаг юм. Хэлэлцээрийн явцад Хятадын тал манайд “Нэг сая ажилчин өгье” гэж өгөөмөр зан гаргасан гэдэг юм. Бараг л Монголын хүн амтай тэнцүү энэ ажилчдыг авчрах нь Квантуны армийн бие бүрэлдэхүүн 1939 онд Монголын эрчүүлээс олон байсан шиг л сонсогджээ. 1939 онд бутниргээд олзлогдогчдыг ажиллуулсан бол 1960-аад онд ажиллуулахын тулд бутниргүүлэхдээ тулна биз дээ. Жоу Энлай “Манай улс Манжийн үед Монголыг сүйтгэснийхээ төлбөрийг төлж, улс орныг чинь босгоод өгье” гэж “өгөөмөр сэтгэлээ” тайлбарлажээ. Харин манайхан 10 мянгаас илүү хүн авахгүй, Зөвлөлтийн техникийн өгөөмөр тусламж бий гээд, “Манжийн үед танай улс ч бас их сүйдсэн дээ” гэж эвтэйхэн бултжээ. Өнөөдөр Монголд албан ёсоор болно албан бусаар ажиллаж байгаа Хятад ажилчдын тал нь Оюу толгойд ажиллаж байна.

Уг нь Оюу толгойн орд уртаашаа 10, өргөөшөө 8 километр газрыг хамарсан цомхон орд, гэтэл Хятадууд хаа сайгүй тэнэж соёлын үнэт зүйлсийг сүйтгэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуй дахь 300 гаруй жилийн түүхтэй бичиг үсгийн түүх, соёлын эртний дурсгал бүхий хадан дээрх бичээсийг арилгаж, “Өөрийн алт эрдэнэсээ хайхаар ирлээ” гэх мэт хятад ханз сийлсэн байна. Уг нь уйгуржин, төвд, хятад бичиг байсны уйгуржин бичгийг арилгаж, дарж сийлжээ. Харин “Оюу толгойнхон- Дэмчигийн хийдийг сэргээснээ ихэд олон жил сурталдаж байна, очиж үзвээс суварга босгож, харин “Ажнай” Д.Бат-Эрдэнэ шинэ дугана барьж дуусгах шахаж байна. Оюу толгойн орд дуусвал Дэмчигийн хийд энергийн төв байхаа болино.

“Оюу толгой”-н гуанзанд ороход аюулгүй ажиллагааг ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдана, гэхдээ бас нэг анзаарах зүйл бол бүх зарлал, зааварчилгааг эхлээд англиар, дараа нь ханзаар, хамгийн сүүлд монголоор бичжээ. Өвөрмонголд байгаа юм шиг сэтгэгдэл төрөх аж. Дараалал гэдэг нэг юм хэлээд байдаг юм. Уг нь дараалал нь монголоор, англиар, хятадаар бол нэг их анзаарагдахгүй л дээ. Бүтээн байгуулалт ч харьцангуй амар болж дээ. Баяжуулах үйлдвэрийн байгууламжийг рам зангидаад тэр чигээр нь сендвичээр хучиж байна. Коммунизмын үеийн байгууламжууд хүнд бетон хийцтэй, нүсэр, зардал ихтэй, орхигдсоныхоо дараа хэдэн арван жил сарайж сэрийгээд үлддэг билээ.

Ухаа худагт:
“Энержи ресурс” Цогтцэций суманд орон сууцны хороолол барихаар төлөвлөж эхний байрууд ашиглалтад ороход бэлэн болсон байна. Ирээдүйд энд томоохон хот байгуулагдах нь дамжиггүй. Налайхын уурхай ид цэцэглэн байх үедээ 800 шахам уурхайчинтай байсан юм. Энэ ажиллах хүчнийг дагасан ТМС, сургууль, цэцэрлэг, ахуйн үйлчилгээ, дулааны станц захиргааны байгууллагад ажиллагсад амьдардаг хот 20 гаруй мянган хүн амтай байв. Багануур хотыг харахад мөн л иймэрхүү жишигтэй байна.

Тиймээс “Ухаа худаг” ирээдүйд 20-25 мянган хүнтэй хот болох нь гэж багцаалж болох юм. Өнөөдөр Цогтцэций сум 10 гаруй мянган хүн амтай, бүтээн байгуулалтын явцад  хүн ам нь огцом өсөж байгаа ба хашааны газар хотынхтой адил 10 гаруй сая төгрөгийн ханштай байна. Хөдөөнөөс малчид, хотоос ажилчид очиж байна.

Харин “Оюу толгой” хэдийгээр зэсийн нөөцөөр Эрдэнэтээс дөрөв дахин их ч гэлээ Эрдэнэттэй жишвэл ойролцоогоор 70 орчим мянган хүнтэй хотын хүчээр ашиглах орд юм. Гэвч “Рио Тинто” бүхэл бүтэн хот чирч явахаас төвөгшөөж байна. “Рио Тинто” гэрээгээр Монголчуудын нийгмийн хөгжлийн асуудлыг шийдэх үүрэг хүлээгээгүй, гэрээ бол зөвхөн орд ашиглахтай холбоотой асуудлыг зохицуулсан. Хэрэв хүсвэл Монголчууд өөрсдөө хотоо бариад дагаад хөгжинө л биз, өөрсдийнх нь асуудал, нийгмийн стратегийг өөртөө авах албагүйгээр барахгүй ашиггүй, бүр ч гүнзгий намагт шигдэнэ.

Тиймээс нүүдлийн, “сэндвичэн” хот байгуулах төлөвлөгөөтэй байгаа бололтой. Оюу толгойн нөөц дуусвал цөлийн 70 мянган хүнтэй хотыг яах вэ? Гэхдээ л “Оюу толгой”-г дагаад Ханхонгор сумын хүн ам мөн 20 орчим мянга болжээ. Монголчууд “Оюу толгойг” дагаад хөгжих нь хөгжиж байна, Фрийдландын хэлдгээр “Урцанд амьдардаг байсан Монголчууд” урцаа тойруулаад хашаа барьдаг болсон.  

Үүнээс харахад “Цогтцэций” хот болно, “Оюу толгой” хот болохгүй. Хаа холын цөлд хоёр том хот байгуулчихдаг хэмжээтэй нөөц нь дуусвал яах вэ? Ирээдүйн “Налайхууд” болох юм биш биз? Хот сүйрэхэд уурхайчид малчин болж чаддаггүй юм билээ, тиймээс хот руу нүүнэ, гэтэл хотод уурхайчин юу хийх билээ? Тиймээс хот ядаж хоёр тулгууртай байх ёстой, дан ашигт малтмалын нөөц, уурхайдаа тулгуурлавал ирээдүйд их холдоо хагас зууны дараа хийсэн бүхэн сүйрэх нь дамжиггүй. Тиймээс хөрөнгө оруулагчид хот босгож байгаа нь сайн ч Монголын төр өөрөө бүтээн байгуулалтын ирээдүйг бодож, бодлогоор дэмжиж, удирдлагаар хангах ёстой.

Бүтээн байгуулалт ба хөрөнгө оруулалт

Бүтээн байгуулалт гэж чухам яг юу хэлээд байна? гэдгээс асуудлыг харвал их ондоо болно. Бүтээн байгуулалт гэдэг бол зөвхөн санхүү-эдийн засгийн ойлголт бус, нийгмийн ойлголт юм. Томоохон ордыг ашиглахтай холбоотой хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа бол бүтээн байгуулалт огтоос биш. Харин энэ хөрөнгө оруулалтыг дагаж хүмүүсийн амьдрал ахуй, нийгмийн нөхцөл сайжирч, хот босч байвал энэ бүтээн байгуулалт мөн. Тиймээс Эрдэнэт, Дархан, Улаанбаатар бүтээн байгуулалт болдог нь хот, хотжилт бий болгосонд байгаа болохоос үйлдвэрлэлд чиглэсэн “хуурай хөрөнгө оруулалт” бол үйлдвэрлэлийн санхүүжилтийн л нэг хэсэг.

Ингэж бодвол “Ухаа худаг”-т бүтээн байгуулалт явагдаж, харин “Оюу толгой”-д үйлдвэр л барьж байна. Чухам иймээс “хөрөнгө оруулалт-бүтээн байгуулалт” гэж зааглаж бичээд байна л даа. Ирээдүйд энэ ордуудыг түшиглэсэн кластер бий болгож байж бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтыг урт хугацааны ашигтай, урт настай байлгаж чадна. Тэр кластер нь уг нь "Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор" орж байж  биежих авч арай өөрөөр төлөвлөж болмоор харагдаад байна. Үүнд эрчим хүч, усны асуудал тун чухагаар тавигдаж байна. Энэ асуудлын шийдэлд ч Монголчууд илүү зөв, түрүүлж ажиллаж байна.

"Ухаа худагт" нүүрс угаах баяжуулах үйлдвэр, цахилгаан станц босчээ. Монголчууд барьж чаддаг л юм байна. Энэ хэрээр нэмүү өртөг дотооддоо шингэх боломж байна. Харин “Оюу толгойд” зэс баяжуулах үйлдвэр бай­гуулах талаар яригдсан зэс бая­жуулах явцад үүсэх хүхрийн хүч­лээс айгаад таг зогсчихоод байна.

Уг нь манай төр энэ хоёр төс­лийг холбочихмоор байгаа юм. “Ухаа худагт” коксжих нүүрсний нөөц голлож байгаа авч эрчим хүчний нүүрс бий, "Ухаа худаг" гэлтгүй Таван толгойн том ордын 40 хувь нь эрчим хүчний нүүрс. "Фукушима" дэлбэрч дэлхий дахинаа атомаас чацга нь харвадаг болсон тул нүүрс тэр тусмаа эрчим хүчний нүүрс үнэд хүрч байна. Иймээс "Шинхуа", “Пибоди” энэ тэр Таван толгой руу зүтгээд байгаа биз. Дашрамд “Москвад найтаахад Монголд ханиад хүрдэг, Москвад унгахад Монголд өмдөндөө баадаг” үлгэрээр бариагүй станцын төлөө энд Монголчууд атомаас ногоортлоо айж, сая нэг амсхийв үү? Монголыг Иран болгохгүй гэнэ ээ.

Ийм нөхцөлд энэ ор­дыг түшиглэн ДЦС байгуулбал "Оюу толгой" төслийг цахилгаанаар хангах бололцоо байна. "Ухаа худаг" ерөнхийдөө цахилгааны асуудлаа шийдсэн ба усыг хэм­нэлттэй ашиглах технологи бүхий цахилгаан станц, говь дахь усан сангийн байгууламж нь тэнд цахил­гаан станцууд байгуулах  ирээдүйтэйг баталж байна.

"Оюу толгой" төсөл Хятадаас цахилгаан авахаар өндөр хүчдэлийн шон­гуудаа босгоод орхижээ. Одоо­хондоо дизель станцаар эрчим хүчний хэрэгцээгээ шийдэж байгаа ба шатахууныг нь “Петровис” дангаараа хангадаг бололтой юм, яагаад ингэж бодов гэхээр Оюу толгойн кэмпийн орчим цорын ганц ШТС байгаа нь Петровисынх. Гэхдээ удаан ингэж явахгүй байх, учир нь "Оюу толгой" төслийг эрчим хүчээр хангахад манай ТЭЦ-4-ийн хэмжээний цахилгаан станц хэрэгтэй юм байна.                
                                    \Үргэлжлэл сарын дараа\

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив