Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
АЛТАН ТҮЛХҮҮР БУЮУ ЭРХ БАРИГЧДЫН АДАЛ ЯВДАЛ
2012 оны 1 сарын 16 [Уншсан тоо: 37758]
Алтан түлхүүр

Оны өмнөхөн нөгөө бариа тавианы үе эргэж ирсэн нь үү гэлтэй жаал бужигнав. Намбар Вангаа, “Намбар 2-77” нь дарж авахыг хүсчээ. Арслан үхэхээр бөгсөө чирсэн цөөврүүд тачигнатал инээлдэж ирээд дээр нь хөрвөөдөг сонин араншинтай юм билээ, манайхан яг л тэгж байгаа юм. Зугаатай л юм. Намбар Ван өнөөгийн бүх хан, гүнгүүдийг захирч явсан. Хамгийн шазруун С.Баяр ч вангаа Ерөнхийлөгч болгож өгөөд удтал хүлээсний эцэст Ерөнхий сайд болж байсан юм шүү.

Тэгэхээр хараад байхад манай улстөрчдийн байж байгаа царай, арчаагүйтлийг харвал хүний мөсөө хэдийнээ хайлуулж дуусгаснаар барахгүй ууршуулчихаж. Ёс суртахуунаа тавиад туучихсан “хүнд бөгстэй, хөнгөн толгойтой баронууд” уут уут мөнгөөр улсаа худалдах гэж өрсөлдөнө. Лалынхныг дарах гэж яваа Монголын армид туслахын оронд дайтаж явсан Мамлюкуудад цайзаа худалдсан Францын тамплиерүүдийг дундад зууны түүхэнд ингэж нэрлэсэн байдаг юм. Дараа нь тэд цайзаа Монголчуудад сүйтгүүлээд өөрсдөө амь зулбан зугтаж, тэнгэр бурханыхаа эсрэг хийсэн булай ажлаа нуух гэж Монголчуудын эсрэг “хар домог” зохиосон. Даанч булай нь бугшсаар хожим задарч, Варфоломейн шөнөөр бүгд там руугаа тонилсон. Манай улс төрчид, улстөрийн технологичид нарийндаа бол урт хутганы шөнөд л бэлтгээд байна, өөрсдийгөө.

Оны эцсээр баахан тойм харлаа. Ер нь л онож буудахаа больсон юм даг аа. Брюссельд төвтэй олон улсын сэтгүүлчдийн байгууллагын уриалгад дурдсанчлан “Айдас хүйдэс, хүнд суртал, авилга хээл хахууль байгаа орчинд чөлөөт хэвлэл гэж байдаггүй” гэдгийг л батлаад байна.

Уг нь шинэ жилийн үеэр “нэг юм” болдог доо. Би л лав өнөөгийн эрх баригчид Н.Энхбаярыг бариад хийчих болов уу гэж харж байлаа. Гэвч тэгсэнгүй, чадах ч үгүй юм байна. Зүгээр л хавтаст хэрэг гэгч “цаасан бар”-аар айлгаж байгаа байхгүй юу. Гэмгүй туслахыг нь гэнэдүүлж дуудаж, барьж хориод л Н.Энхбаярын хэргийг мөрдөн байцаах газар АТГ хоёр хоорондоо шидэлцээд л. Тэгээд шалгаж байгаа нь бөөн улстөрийн махинаци, хуулиа уландаа гишгээд л зүтгээд байсан. Энэ хэрээр хуулийн байгууллагуудын нэр төр шавартай хутгалдаад дууслаа. Улстөрчдийн гар хөл болохоор аргагүй шүү дээ.

МАНАН-гийн үзэн ядаад байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяр бол үнэндээ шоронгийн “алтан түлхүүр” юм. Н.Энхбаярыг торны цаана жиргүүлдэг юм гэхэд өнөөгийн эрх баригчид өөртөө шоронгийнхоо хаалгыг нээлээ л гэсэн үг. Н.Энхбаяр орсноороо эрх баригчдыг өдий хааж байсан онгойдоггүй цоож онгойж, бүгдээрээ тийшээ марш алхана. Н.Энхбаяр тэнд ганцаараа суухгүй, ядаж уйтгартай тул аль болох олуулаа дүнгэр дангар гэж суухыг бодно биз дээ. Субашидад нэг үлгэр байдаг шиг санагдана. Хоёр хэрэгтэн шоронд орчихоод хамсаатнаа илчилж буй нь энэ гэж хотын хамгийн сайхан дууч хүүхнийг авчирч жаргаад, хамгийн сүүлд хааныг нь дуудаад мултардаг шиг. Тиймээс эхлээд дууч хүүхэн АН-ынхан, хамгийн сүүлд “Бороо”-гийн хэргээр Сү.Батболд очих байсан юм. Тэгээд парламент ёстой жинхэнэ утгаараа шинэ байрандаа нүүж орно доо.

Ерөнхийлөгчийг хорих тухай

Ерөнхийлөгчийн барьж хорих бас ч нажидтай эд л дээ. Жак Ширакийг аль эртний бүр 1992 оны авилгын хэргээр нь “хийх” гэж мөн ч их зовлоо, Францууд. Тэгээд хоёр жилийн тэнсэн, нэг еврогийн торгууль. Одоо тэр евро нь байх байхгүйдээ тулж байхад торгууль ч яамай. Ер нь бол Ерөнхийлөгчийг хорьдоггүй л байхгүй юу. Жак Ширак “ой санамжаа алдсан” тул бага ял оноолоо гэж наадуул нь пиардаж байна, харин манай экс Н.Энхбаяр ой санамжаа алдаагүйгээр барахгүй сүүлийн үед бүр ч сайн санаад байгаа учраас бүгдээрээ айж байна.

Түлхэн унагасан Хосни Мубаракаа Египетэд хэрхэн шүүж байгааг харж байна уу? 83 настай, огцорсноосоо хойш сэтгэл санаагаар унаж, бие нь муудсан түүнийг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явлаа гэхэд гурван жил шаардлагатай гэж Египетийн Ерөнхий прокурор мэдэгджээ. Тэр хүртэл Х.Мубарак жам ёсоороо нүд аних байлгүй. Нүд анидаггүй юм гэхэд аниулах байлгүй. Ингэсэн нь илүү аюулгүй, ард түмэнд ч, эрх баригчдад ч. Харин Засгийн газрынх нь сайдуудын тал нь ялаа сонсчихоод байна. Ерөнхийлөгчийг яаж ч чаддаггүй л байхгүй юу.

Бүр гайтай нь 2000 оноос хойш төрийн бүх эрх мэдлийг барьж байхад нь өнөөгийн эрх баригчид, хүний өөрийнгүй бүгдээрээ очоод бөгсийг нь долоочихсон ийм хүнийг яах вэ? Наад зах нь бөгс долоогчдийг тоочиход нэг нэр хоёр хоч болж, хүний нүүр харж чадахаа байна биз дээ, наадуул чинь. Тэгээд ч өнөөгийн төрийн барилгын тоосго бүрийг мэдэж өрсөн хүн, өрсөн тоосгонуудаа сугалаад эхэлбэл байшингаа нураана аа л гэсэн үг. Ёстой нөгөө Энхтайвны гүүрийг барьсан Хятадууд “Нэг л тоосго сугалбал танай гүүр чинь нурна” гэсэн гэж Монголчууд цуурдаг шиг эрх баригчдын “Энхтайваны гүүр нь” Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө, түүн дээр л энэ төр гэгч нь тогтож байгаа юм.

Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баалж ялладаг болж гэм ардчилсан засаглалын 20 жилд сонгогдсон бусад “урт шар дээлтүүд” П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нарын гарын таван хуруунд багтдаг Ерөнхийлөгчидөө бүгдийг нь шалгаж, барьж хорьдог “ардчилсан жишиг” тогтоно. Тогтвол ч тогтоосой. Ерөнхий сайдынх нь хувьд барьж хоривол бүх Ерөнхий сайдууд, тэр дундаа сүүлийн үед ардчилсан бус олигархжсан шалгуураар тодордог болсон бүх Ерөнхий сайдууд, ялангуяа түүний татаасаар өндөр суудалд авирч гарсан бяцхан Ерөнхий сайдууд нөгөө торныхоо цаана орно биз? Дараа нь танхим танхимаараа цувна биз дээ. Энэ чинь л нөгөө шударга ёс шүү дээ. УИХ-ын даргынх нь хувьд бас л хорь л доо. Бүгдээрээ л араас нь явна.

Зүгээр би Н.Энхбаяр гэдэг хүний мууг нь үзэх гээд байгаа юм биш. Тэртээ нэгэн цагт бид эрхлэн гаргах гэж үйлээ үзэж үзэж хаалгасан “Улстөрийн сонин”-доо бичиж байснаа л давтаж байна. “... Н.Энхбаяр гэдэг энэ хүнийг унасан тэр цагаас л бөгс долоогчид нь долоох биш хазах гэж оролдоно, тэр үед бид л хамгаална даа, яагаад гэвэл энэ хүн системийн золио” гэж бичиж байсан юм. Тиймээс “Монголын төр” гэж өөрсдийгөө бодсон хэдэн мулгуунуудыг баалж байгаа юм. Чаддаг юм бол бариад хорьчих оо гэж. Яагаад гэвэл өнөөгийн бүлэглэл бол систем. Системийн аль нэг хэсэг эвдрэл гарвал систем өөрөө өөрийгөө сүйтгэнэ. Систем нь хөгжөөд нэн нарийн төвөгтэйгээр орооцолдсон ба одоо түүнийг нарийвчлан задлаж засах хэцүү, тиймээс системээ бүхэл нь хамгаалахаас өр аюулгүй байдал гэж үгүй болчихоод байгааг цаадуул чинь мэднэ, үнэндээ тэд ямаа, тэмээ шиг тэнэг амьтад бус, ухаантайгаар барах уу?

Ийм хөгийн шалтгаанаар эрх баригчид энэ “алтан түлхүүрийг” цоожны нүхэнд шургуулж чадахгүй, Н.Энхбаяраас өөр тэр цоожинд таарах түлхүүр байх ч үгүй. Тиймээс Арабын үлгэрт гардаг шиг “Сезам, нээгд” гэж хэлээд доторхи бүх баялгийг хөндийлье, тэр агуйн эзэн нь Н.Энхбаяр гэж байгаа нөхөд өөрсдийгөө гуталчин Маруф гэж бодож байгаа бол “Үгүй дээ, та нар дөчин дээрэмчин нь” байхгүй юу. Тиймээс Н.Энхбаяртай ноцолдсоноороо та нар шоронгийнхоо хаалгыг л татаж үзэж байна даа.

Гэхдээ Н.Энхбаярыг хорьсон ч, эс хорьсон ч систем нь өөрөө ганхаж эхэлсэн. Хорьвол, Н.Энхбаярыг “залж аваачаад туузаа хайчлуулбал” бүгдээрээ л баяр ёслолын байдалтай шинэ шорондоо морилно, хорихгүй бол Н.Энхбаяр нь сонгуулиар гарч ирээд, МАН-тай эвсэхэд л бүгдийг нь тийш чихнэ. Нөгөө чөтгөр “Зүгээр байхад зүгээр л байгаарай” гэж хэлсэн тэр л онигоо амьдралд хэрэгжихэд ойртсон байхгүй юу.

Учир нь энэ хэрэгт гараа тун лав шургуулж буй АН-ынхан 2000 оны гэрээгээ зөрчиж байна. Ялагдчихаад АН-ынхан Н.Энхбаяраас нэг л зүйл хүссэн байдаг. Та гудамжинд байгаа сөрөг хүчнийхээ удирдагчдийг ямар нэгэн хэрэгт холбогдуулж барьж хорихгүй байх баталгаа хүсэж байна, харин бид хариуд нь АНУ руу арилаад өгье, тэх үү? “Ок”. Хожим голомтоо сахиж үлдсэн хөөрхий Дорлигоо “Эрдэнэт”-ийн асуудлаар дээлээ нөмрөхдөө тулахад Ц.Нямдорж “Нөгөө амлалт яалаа, хэрэв Дорлигоог хийвэл би нутгийнхныхаа нүүрийг яаж харах вэ?” гэж гуйсаар мулталж байсан.

Гэхдээ сая АН-ынхан Н.Энхбаярыг ноолж байх зуураа мессежээ хангалттай өгсөн. “Энхбаяр аа, чи МАН-тайгаа нийлээч ээ”. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр 10 дэвших квотоор МАН-тай тохиролцож байна гэсэн “шар мэдээ-бор шувуу” бол “Яг наадах нөхцлөөрөө МАН-тай нийлээдхээч ээ” гэсэн үг байсан юм. Н.Энхбаяр МАН-тай эвсвэл гуравдагч хүчин гэж байхгүй, ийм нөхцөлд 2013 онд ямар ч хоймсон дэвшилт явагдахгүй юм. Харин Н.Энхбаяр гуйж очихоосоо нэрэлхсэн, нэрэлхэхээсээ илүү өсөрхсөн юм. “Очиж очиж Нямдоржтой очиж тэврэлдэх юм гэнэ. Тэгсний оронд Ц.Нямдоржийг улстөрийн хувьд хэн ч биш болгосон нь дээр”. Харин нам доторх сүйрлээ мэдрээд АН-ынхантай нийлж өөрийгөө өргөх гэсэн Ц.Нямдорж буруу тоглолтын хүүхэлдэй болсноо мэдээд гэмшивч барахгүй яваа. Ядаж байхад түүнийг МАН өчүүхэн өрөвдөж өмөөрсөнгүй л дээ. Н.Энхбаярыг ганцаардуулах гэсэн биш өөрөө дор нь орчихдог байгаа.

Энэ тоглолтын явцад хаширласан М.Энхсайхан МАХН-МҮАН-ын эвслээ он гартал түдгэлзүүлжээ. Ерөнхийлөгч бол чухам энэ холбоог бий болгохгүйн төлөө тоглосон гэвч эцэст нь холбоо бий боллоо. Н.Энхбаярыг яаж ч чадахгүйд М.Энхсайхан бат итгэсэн.

Сая “Улаанбаатар таймс” сонины асуудал босоход М.Энхболд, Сү.Батболд түүний хүргэн А.Гансүх, Ц.Дашдорж, Т.Бадамжунай, Т.Билэгт, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр, Л.Сэргэлэн гэх мэтээр Ерөнхий сайдаас хотын өмчийн газрын түшмэл хүртэл 50 гаруй хүн хамаанд шаагдаж байна. Ямар вэ дээ? 

Дорнод фронтоор онцын гойд зүйлгүй


Одоо энэ дуулиант хэргийн анатомийг задлая. Би өөрийнхөө версийг л дэвшүүлнэ. Харин та нар юу гэж бодож байна?

Энэ тоглоом бол 2012 оны УИХ-ын сонгуульд бус 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан тоглоом. 2013 онд өнөөгийн Ерөнхийлөгчтэй хэн өрсөлдөх вэ? Нэгдүгээрт С.Баяр ба Н.Энхбаярын хоймсол. Хоёрдугаарт М.Энхболд ба М.Энхсайханы хоймсол. Түүнээс дангаараа Ц.Элбэгдоржтой өрсөлдөөд барах хүн одоохондоо лав алга. Тиймээс тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд байгаа хуваагчийг тэглэх тоглоом л явж байгаа нь энэ. Нэлээд тодорхой зураглавал сөрөг хүчнээ лидергүйтүүлэх ажиллагаа. В.Путин энэ жил сонгогдоно, яагаад гэвэл сөрөг хүчин нь лидергүй байна. “Хоёр хувийн Миша” байхгүй, Гарри Каспаров модон шатар тоглохоос улстөрийн талбарт өөрөө хүү, Б.Немцов ч дээ, мужийн амбан байхдаа жорлонд гараа лавхан дүрсэн дээ. Тэгэхээр В.Путинаас өөр хэн ч алга.

Харин Монголд...? Эхлээд “С.Баяр+Н.Энхбаяр” гэсэн задаргааг харъя. Энэ задаргаа уг нь Ц.Элбэгдоржид ашигтай. Н.Энхбаяр өсөрхсөндөө С.Баярыг хуваагаад Ц.Элбэгдорж ялна. Гэхдээ өмнөх ерөнхийлөгчийн сонгуулиудаар тогтсон стандартыг харвал С.Баяр нөгөө талдаа “Ц.Элбэгдорж ба “Алтан гадас” гэсэн хуваагдал бий болгож чадна. С.Баяр Ц.Элбэгдоржийн араас “Алтан гадас” шаачихвал хаашаа харж үхнэ ээ, та минь.

Тиймээс оны өмнөхөн “Хонгионы хэрэг” дэгдсэн юм. Уг шалтгаан нь 7 дугаар сарын 1-ны хэрэг явдлаар далимдуулж С.Баярыг шахаанд хийхэд байснаас “уучлал гуйхад” байгаагүй юм. УИХ-аас уучлал гуйх шийдвэр гаргасан гаргаагүй Ерөнхийлөгч албан ёсоор уучлал гуйчихаж л байгаа биз дээ. Харин энэ зуур Х.Тэмүүжин МАН-ыг “Монголын Алуурчны Нам” гэж нэрлэсэн хоёр дахь хүн болов. Өмнө нь О.Магнай ингэж зарласан түүхтэй. Уучлал гуйлгах цаад шалтгаан нь 7 сарын 1-ны хэрэг явдлын хариуцагч нь тэр үеийн МАХН, одоогийн МАН болохыг нотлоход оршино.

МАН-ынхан улайран эсэргүүцэв. Хариуд сайхан цоллож өгөв. Ер нь Засгийн газрыг яах гэж томилдог юм бэ? Үймээн будлиан эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх, гарвал зохицуулах үүргийг Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд, яг энэ чиглэлийг хариуцсан Хууль зүйн сайд хүлээдэг. Тиймээс хэрэг явдал гарах үед хэн Ерөнхий сайд, Хууль зүйн сайд байсан тэр л хариуцлага хүлээх ёстой. Ямар ч улс оронд, ардчилсан бус улс оронд ч ингэх л ёстой.  Тэгээд ЦЕГ-ийн дарга, хотын цагдаагийн дарга, хүүхэд бууддаг хурандаа, түүнийг нь магтдаг цагдаа гээд явж өгнө. С.Бодровын “Монгол” кинонд нэгэн сюжет бий. Монголчууд яаж ч уруудаж доройтож байсан хүүхэд алдаггүй, харин өнөөдөр хүүхэд алж эхэлсэн учраас Монголчуудыг ямар ч аргаар хамаагүй гэсгээж, зүй зохист нь оруулах ёстой. Тиймээс хүүхэд бууддаг төр, түүний удирдагчид ба гүйцэтгэгчид төрийн шийтгэл бус ёс суртахууны гэсгээл хүртэх ёстой.

Үүний дараа С.Баяр яваад өглөө. Ц.Мөнх-Оргил ус балгасан мэт таг дуугүй. Бараг л ийм хүн байдаг бил үү? гэмээр нам жим. Уг нь мань эр “71-ийн баатар”, МҮОНТВ-ийн эфирийн өрөөнд бараг л пүүгээгээ үүрч очоод, онцгой байдлыг гардан хэрэгжүүлсэн баатар. Д.Одбаяр 71-ийг /МАН-ынхан ингэж ярилцдаг болсон/ гадаадаас зохион байгуулсан гэж гөрдөхийг хичээсэн ч тусыг олсонгүй. Тэгээд цагдаа нар нь тэр гадаадынхнаа буудахгүй хүүхэд бууддаг нь ч ямар учиртай юм, тэр гадаадынхан нь МАХН-ын талын Оросууд уу, АН-ын талын Америкууд уу, аль эсвэл хөдөлгөөнүүдийн талын өнгөт хувьсгалчид уу? гэдэг нь тодорхой бус.

Цагдаа нар Х.Тэмүүжинг боорлосон авч Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Их шалчигнаад байвал илүү ихийг гаргана шүү” гэснээр амаа татав. Ер нь бол хүн буудсан цагдаа, хүүхэд буудсан хурандаа, тушаал өгсөн хүмүүс ил болсон. Одоо тэднийг гэсгээх ёстой. Харин уучлал гуйхыг улайран эсэргүүцсэн гишүүдээс тагнуулын хэргээр морилох ч сураг гарах л юм. Гишүүд сонссон, хоёр ч байж болно. Ямар боловч Ц.Элбэгдорж дорнод фронт дээр ялалт байгууллаа. Бүгд сарнин бутрав.

Х.Тэмүжин Баянголдоо дахин дэвшиж магадгүй, түүнийг шахсаар байгаад ҮЗХ-ээс гаргасан, ингэснээр дэвших боломжгүй болсон ч, энэ гавъяагаараа ороод ирвэл “Харвардын коммунист” ямар ч найдваргүй болсон. Х.Тэмүжин зөвхөн Ц.Мөнх-Оргилд бус “Алтан гадас”-т давхар цохилт өгсөн. Та нар таван хүний амиар таван сайдын суудал арилжиж “алуурчидтай” нийлсэн.   

Н.Алтанхуяг Засгийн газраас яаравчлан гарлаа. Одоо цусгүй, магадгүй цуст дайн өрнөнө. 71-ийн хэргийг сөхөхөд хамтарсан Засгийн газар хамгийн их саад болж байсан юм. Одоо тэд жийрэг байхаа болив. АН-ын “Алтан гадас”-аас бусад бүх фракц элбэж байгаад Н.Алтанхуягаар давхар уучлал гуйлгах гэж шахаад барсангүй, гэхдээ Н.Алтанхуяг аа, санаж яваарай, удахгүй их хурал болно шүү.

Харин Ерөнхийлөгч хэлсэн. “Намуудыг татан буулгаад дахин бүртгэе” гэж. Хамгийн түрүүнд татан буугдах ялын тогтоол МАН дээр бууна. Ер нь дорнод фронтоор онцын зүйлгүй л байгаа биз? Хүчээ бүлэглэж, сум хэрэгслээ татаж, тагнуулын байлдаан хийж байна. Нэг л өдөр их бууны галын бэлтгэл эхэлж, бөмбөгдөөд эхэлбэл яахав?

Ар тал амар тайван байна

Энэ үеэр парламентад шинэ хуваагдал бий болж эхэллээ. АН-ын дотор МҮДН фракц эвсэж өөрсдийгөө зарлав. Үзэл сурталч нь Р.Амаржаргал гишүүн, санхүүч нь “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, голлох хүмүүс нь ЭМ-ийн сайд С.Ламбаа, УИХ-ын гишүүн “Шуудан” Зоригт, Лу.Гантөмөр, Х.Тэмүжин, мэдээж Да.Ганболд бий ер нь хуучин МҮДНякууд. Лу.Гантөмөр, Х.Тэмүжин нар МҮДН фракцыг АН-Ерөнхийлөгчийн “Нэг ардчилалтай” гагнаж байна. Ингэснээр АН-д томоохон хүчний төвлөрөл бий боллоо гэсэн үг.

Нөгөө талаас МҮАН идэвхжиж “Алтан гадас”-ыг шахаж байна. МҮДН-ийн гол санхүүжүүлэгч “Фортуна” Н.Батбаярыг жийсэн гэлцэж байгаа ч тусгаар тогтнолын 100 жилийн ойн үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Лу.Гантөмөр, Н.Батбаяр нарыг нэр дурдан ихэд өндөр үнэлэв.

Орон нутгийн намуудыг устгах хууль өргөн барьснаар намдаа адлагдаад байгаа “Фортуна” Н.Батбаяр намаасаа дэвшээд ялах найдлага байхгүй ч МАНАН-гийн есөн гишүүнийг нэгтгэсэн Монголын Төлөө Намаа байгуулбал, ”Оюу толгой гэрээг” нугаслаад ялчих боломжтой байгаа юм. Тиймээс зүтгээд үзэхээс аргагүй. Харин Н.Алтанхуяг өрсөж хамтрагчаасаа салснаар энэ аюулыг түр зайлуулж чадлаа.

АН-ынханд мэдэгдэлгүй гэнэт салахаа зарлах шалтгаан нь үүнд байсан. Сү.Батболд намаа дахин хагалах аюулыг холдуулаад матрын нулимс унагаад үдэж байна. Ер нь бол “Оюу толгой”-н гэрээг одоогийнхоор батлуулахгүй байх тангараг тавьсан АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс хэлсэндээ үнэнч үлдсэн цорын ганц хүн нь Н.Батбаяр юм. Тэр ч гэрээний эсрэг эцсээ хүртэл үзэлцэх байх, харин нөгөө колоничлогчид нь мань хүнийг өөд нар үзүүлэхгүй л дээ.   

Гэхдээ Н.Алтанхуяг тооцоо хийж л байгаа. Сонгуулийн хуулиар нэр дэвшихийн тулд төрийн албанаас татгалзах учиртай “Алтан гадас”-ынханд энэ бол том тоглолт. Учир нь сайдуудыг фракцуудад тэнцүү хуваасан ч агентлагуудад голдуу гадасынхан очсон юм. Тэд “Би дэвшинэ” гээд албаа өгөөд эхэлбэл хамгийн түрүүнд намынхаа бусад фракцынханд нугаслуулах байв. Харин одоо бол далд сууж байгаад сонгуулийн өмнөхөн зүтгээд үзэх боломжтой боллоо. Тиймээс нэр дэвшихийн өмнө даргаа солих нь фракцуудын амин чухал эрх ашиг. Хэрэв алтан гадас олонхийг мэдэж дэвшүүлэхгүй л бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ар тал найдвартай ажиллах бус уу?

Энэ зуур орон нутгийн чанартай дайн ИЗН дотор явагдаж байна. Намгүй дарга Д.Энхбатыг урьснаараа тэд алджээ. Нэрээ ч авч чадсангүй. Ерөнхийлөгч үүн дээр алдахгүй л дээ.  Одоо намаа ИЗНН гэж нэрлэе, ногоон тугтай болъё, дөрвөн даргатай болъё гэж байгаа ч ИЗН шиг жижиг намд зуун ямаа, жаран ухна л болно. Тэр дөрвөн дарга нь С.Оюун, М.Зоригт, С.Дэмбэрэл, Д.Энхбат ажээ. Ногоон намаас хоёр дарга нь ирсний төлөө тугаа хүртэл ногооруулах хэрэг байна уу? ИЗН-ын гишүүд ингэж асууж байна. Харин энэ зуур ИЗН-ын ивээн тэтгэгч М.Зоригт “АН-ын дэлүү” байхаас залхаж намаа АН-д нэгтгэхээр зүтгэж эхэлжээ. Тэрээр дэвшихээр бэлтгэж байгаа Сүхбаатар аймгийн ИЗН-ыг аймгийн АН-тай нэгтгэснээр тэртэй тэргүй цөөн ИЗН-чүүд улам цөөрчээ. Ивээн тэтгэгчгүй болж сандарсан ИЗН-ын шинэчүүл МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэлийг ивээн тэтгэгчээр татаад байсан юм. Өөрөөр хэлбэл намгүй дарга нар ИЗН-ын удирдлагад сүрхий нөлөөлж байна.

Харин үүнд албан ёсны дарга С.Оюун дурамжхан хандав. “Намын нэр, туг сүлд солигдоогүй тул С.Дэмбэрэл танд үнэмлэх өгөх боломж алга” гэв. Үнэмлэхгүй гишүүн, тэгээд дарга болно гэж байх уу?. Үндсэндээ ИЗН бол “Бодь” группын санхүүжилтээр тогтож байсан ба АН дахь “Зүүн хойд Ази” фракцийн нөлөөний нам байсан юм.

Д.Дэмбэрэл орж ирснээр ИЗН түүгээр дамжин Сү.Батболдын нөлөөний нам болж хувирах болсон тул АН-ынхан шууд нэгтгэхийг яаравчилжээ. 2000 оны сонгуулийн өмнө С.Дэмбэрэл Сү.Батболд нар нам бусчуудын эвсэл байгуулж, дараа нь Н.Энхбаярт хадаг барьж очсоноор Сү.Батболд өнөөгийн улстөрийн карьераа эхлүүлсэн ба хожим С.Дэмбэрэлд хариу барьж МҮХАҮТ-ын даргын суудалд нь хадсан юм. Өнөөдөр Сү.Батболдын дэмжлэгээр суудалдаа чулуужсан С.Дэмбэрэл ИЗН-ын нэг дарга болбол намаа гарцаагүй МАН руу чирнэ. Тиймээс ИЗН-ынхан Д.Энхбат, С.Дэмбэрэл, Э.Зоригт гурвын төлөө үзэл санаагаа алдахгүй байхыг хичээж байна, С.Оюун улстөрөөс холдох санаатайгаа зарлаад байгаа нөхцөлд бүртгэлийн “дөрөв номертой” бүтэн намаа “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” гэгч болгочихгүйг хичээж байгаа хэрэг. Үнэндээ наадуул нь мэдэхгүй байж магадгүй, ИЗН-ын гол шийдвэрийг М.Зоригт гаргадаг юм шүү дээ. Харин С.Оюун бол оюун санааны удирдагч нь.    
Салалт
Шинээр гэр бүл бологсдод олгох мөнгийг хамгийн найдвартай хүртсэн нь МАНАН-гийн гэр бүл юм. Тэрбум, хоёр тэрбум, хамгийн сүүлд гурван тэрбум. Гэхдээ яг гурав ч биш. Бага гэж үү? Үгүй дээ бүр их, 10 гаруй тэрбум.

2012 оны төсөв хэлэлцэхийн өмнө тодотголоор 2011 оны эхээр зэсийн үнэ өндөр байснаас хуримтлагдсан 651 тэрбумыг хувааж авсан. Үүнийг тэнцүү хуваагаагүй ч нэг гишүүнд дунджаар 8,5 тэрбум ноогдож байгаа биз? Схем нь яг 2012 оны төсвөөс гурван тэрбумыг авсантай ижил гээд л бодчих. Монгол банк Засгийн газраар дамжин мөнгөний нийлүүлэлт ихсэх нь гэж зүтгээд байгаагийн учир нь халамж дээр нэмээд энд дурдсан нэг их наяд төгрөг “инфляцийн цунами” үүсгэх гээд байгаад оршино.

Жилдээ 11,5 тэрбумыг ганцаараа захиран зарцуулах эрхтэй 76 гишүүнийг төрөөс төрсөн тэрбумтан гэж болно биз? Харин цалин нэмэх мөнгө байхгүй, гэр хорооллыг орон сууцжуулах мөнгө байхгүй, төмөр зам тавих мөнгө байхгүй. Чухам иймээс АН-ынхан салахдаа бидэнд мөнгөө мэдүүлсэнгүй гэх хөгшин эхнэрийн жендерлэг гомдол урсгасаар хаалгаа тас савав.

АН өөрийгөө парламентын сөрөг хүчин болгосноор сонгуульд амжилт олох байх гэж тооцож байна. Үнэндээ хамтарсан хэвээр сонгуульд орвол МАНАН нэг л нам байх болно. МАНАН дундаас сонголт хийх шиг шог юм байхгүй, тиймээс ядаж хэсэгхэн хугацаанд ч болов холхон саахалтын дайтай бор гэрээ шовойлгосон нь дээр. Ингэснээрээ МАНАН дараагийн сонгуулиар өөр хүчин орж ирэх боломжийг хаана. Хэрэв МАХН-МҮАН нэро дэвшигчид оноосон 28 хувийн “далд” босгыг давуулаад дор хаяж бүлэг болох хэмжээнд парламентад орж ирвэл сонгуулиар аль олон суудал авсантай нь эвсэхээс өөр замгүй, учир нь гурвалсан хүчин хүч тэнцүү бүрдээд Засгийн газраа байгуулж чадахгүй гацвал сонгууль дахих болно.
Ийм нөхцөлд ахиад МАНАН эвсэл сүүлийн вариант болно, гэтэл Ерөнхийлөгч чухам үүнийг л хүсэхгүй байгаа шүү дээ. Ийм нөхцөлд байдал бүр дордож тэнцүүгийн тэмдгийн нөгөө талд хоймсон бус гурамсан холбоо үүсэж болзошгүй юм.

Яг өнөөдөр парламентад нэгдмэл бодлого алдагдаад байна. Уг нь С.Баяр “мозг” нь байсан авч түүнийг саяын тоглолтоор хол жийжээ. Одоо бол их сайндаа АН салсан шалтгаар МАН-ынхан Сү.Батболдыг унагахыг оролдвол нам дотроо сүүлийн хамгаалалт хийнэ үү гэхээс АН-д “стандарт бус нөлөө” үзүүлж чадахаа байжээ. МАН-ын бага хурлынхан нэг шадар, таван сайд, зургаан дэд сайдын төлөө алалдсанаас бүтэн Засгийн газрын төлөө зүтгэх нь ашигтай. МАН лидергүйтжээ.

Нэгэнт олонх болсон, Засгийн эрхийг барьж буй МАН лидергүй болсон бол их хурал, Засгийн газрын алинд ч эмх журам тогтохгүй. Харин АН-ын фракцууд хэн нь олон нэр дэвшигч шургуулахаас шалтгаалж дотоодын дайндаа живэх нь гарцаагүй. АН-ын фракцууд амжилт олохын тулд Алтан гадасын эсрэг Ерөнхийлөгчийг тэнцвэржүүлэгч болгохыг оролдож, дэргэд нь цуглах болно.

Ийм нөхцөлд өнөөдөртөө цорын ганц зохион байгуулалттай, бодлого институц нь Ерөнхийлөгчийн институц болж байгаа бөгөөд цаашдаа ч бүр 2013 оныг хүртэл албан бусаар Ерөнхийлөгчийн хүчтэй нөлөөллийн улстөрийн бодлого л явагдах болно. Энэ бол де-факто Ерөнхийлөгчийн засаглал гэсэн үг юм.

Хэрэв зөвшөөрөхгүй байвал нэгтгэн дүгнээд үзье. Ерөнхийлөгч МАХН-МҮАН-ын эвслийг он гартал тогтоов. Дээрээс нь гол өрсөлдөгч МАН-ыг лидергүй болгож дөнгөснөөрөө өөртөө бүх хүчийг хуримтлуулсан төдийгүй АН-ыг Засгаас нь сугалж чадлаа. Дээрээс нь ИЗН-ыг ИЗНН болгохгүй байж чадсан байна. Түүний эсрэг хэнбугай ч, ямар ч бүлэглэл тэсэхгүй, тэр ч байтугай Н.Энхбаяраас айсан Т.Бадамжунай хүртэл С.Баяраас салж, Ерөнхийлөгчийг бараадахыг оролдох болов.

Өөрөөр хэлбэл МАН-д бутрал явагдаж, Ерөнхийлөгчийн үйлдлээр АН-ын нөлөөний хүрээний нам болон хувирч байна. Самгардсан Сү.Батболд хэдийгээр Ерөнхийлөгчтэй өрсөлдөх хамгийн бодат эрх мэдлийг атгасан ч юун сөргөлдөх, гол түшиц болох учиртай намаасаа айж эмээн сууж байна шүү дээ. Тун удахгүй МАН-ын бага хурал хуралдана, аягүй бол их хурал зарлагдана шүү. У.Хүрэлсүх унхиагүй даргатай сонгуульд орж ниргүүлбэл хамаг хариуцлагыг яг Д.Идэвхтэн шиг өөртөө үүрэх учраас санаачлагыг гартаа авахыг оролдоно. АН хэдийгээр сонгуулийн сүүлийн жил ҮЗХ хуралдахгүй гэсэн дүрэмтэй ч сая хийж л орхилоо. Стандарт бус Засгийн газар тарахад бүх зүйл стандарт бусаар л өрнөнө шүү дээ.  
Энэ стандарт бус байдал нь өөрөө Ерөнхийлөгчид Н.Энхбаярын “ван” байх үеийн хэмжээний эрх мэдэл, нөлөө олгож байна. Хэрэв тийм биш гэж мэтгэхийг оролдож байгаа бол сая 100 жилийн ойгоор хэлсэн үгнийх нь хариуд хэн ч ганхийсэнгүй дээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив